Thursday, December 27, 2007

2007 оны цоо эрүүл тойм

/егөө/
Эв эрүүл шүүгчийн сав саруул үг
2007 оны нэгэн шүүх хуралдаан дээр “Симба Батаа нь үнэг хөөж явахдаа огт санамсаргүйгээр улсын нисдэг тэргийг унагааж бие эрхтэнээрээ хохирсон хохирогч мөн болох” тухай ярьсан нь үнэхээр эв эрүүл шүүгчээс гарсан сав саруул ухаан байлаа. Ийм ухаалаг, мэргэн цэцэн шийдэл гаргадаг шүүгчийг манай галактикийн өөр аль ч гаригаас та олохгүй. Хөөрхий муу Батаа гишүүн, сонгогч та бидний төлөө амь үл хайрлан, хөдөө аж ахуйд ноцтой хохирол учруулагч махчин араатныг сөнөөн устгах урам зориг дүүрэн, дүүлэн нисэж явсан байна шүү дээ. Бидний амтархан иддэг тахиа, галуу, молтогчингуудыг зальт шар үнэг ихээр барьж хөнөөдөг болохыг шинжлэх ухааны академи баталж байгаа юм. Үнэг бол ардын дайсан, харин Батаа бол ард түмний үнэнч хүү дайчин цогтой тэмцэгч юм аа.
Эв эрүүл төмс
Брунейн султан саяхан “Уорлд стрит жоурнал”-д өгсөн ярилцлагадаа “Би сүүлийн үед зөвхөн Дархан-Уул аймгийн Хонгороос тусгай захиалгаар авчруулсан төмсийг идэж байгаа” хэмээн цохон тэмдэглэжээ. Аргагүй шүү дээ Хонгорын төмсийг Итали, Орос, Америк гээд мафиараа алдартай орны алах ялтай гэмт хэрэгтнүүдэд идүүлж туршихад ганц ч хүн үхээгүй төдийгүй бүгд цодойтол таргалсан юм чинь. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хонгорын төмсийг шинжлээд үзтэл цоо эрүүл гэсэн онош гарсан болой. Эв эрүүл, ганц ч дусал цианитгүйгээр барахгүй “А”, “Б”, “В”, “Г”, “Д”, “Й”, “К” амин дэмээр баялаг болох нь тогтоогдсон гээд л бод. Лондонгийн биржийн хамгийн сүүлийн арилжаанд нэг баррел “Хонгорика” сортын төмс мянган доллараар үнэлэгдэж дээд амжилт тогтоолоо. Эв эрүүл төмсний төлөө дэлхийн баячууд алалцаж байна цаана чинь.
Цоо эрүүл хүн л хөзөрт хорхойсдог
“Хөзөр бол цоо эрүүл хүний дурладаг тоглоом бөгөөд казинод хөзөр тоглох явдал нь гэмт хэрэг биш эрүүл хүний алжаалаа тайлах нэг хэлбэр юм” хэмээн Улсын их хурлын байнгын хороо дүгнэжээ. Үүн шиг эрүүл саруул дүгнэлтийг Улсын их хурал урьд хожид хийж байсангүй хэмээн манай нэгэн нэрт улстөр судлаач доктор дуу алдав. Энэ дүгнэлтийг баталгаажуулахын тулд улсын мөнгийг хөзрийн мөрийд алдсан гэх гурван эрхэм гишүүнийг сэтгэц мэдрэл наркологийн төвийн шинжилгээнд оруултал ямар нэгэн гаж зуршилгүй болох нь тогтоогджээ. Тэгэхээр хүн хэрэгт татах дон туссан өвчтэй юмнууд л хайран сайхан эрүүл гишүүдээр минь оролдож, алтан сайхан цагийг нь үрэн таран хийж байгаа аж.
Эрүүл уул уурхайтай согтуу монголчууд
“Уул уурхай шиг эрүүл саруул хөгжиж байгаа салбар алга” хэмээн манай хамгийн толгойтой гэгддэг улстөрчид батлан хэлж байгаа юм. Тэгтэл Баасан мэтийн өвчтэй, мэдрэлтэй юмнууд “Монголын уул уурхай эрүүл биш” хэмээн согтуурч, холион бантан хутгаж байна. Тэднүүсээс халдвар авсан монголын ард түмэн “Гадаадынхан зайлцгаа, монголын алт бол монголчуудын өмч!” хэмээн хавтгайдаа согтуурцгаав. Хэдэн эрүүл гишүүд нь согтуурсан ард түмнээ эрүүлжүүлэн сэнхрүүлэх гэж орой бүр телевизийн нээлттэй хэлэлцүүлэг, форум, ток шоунд оролцон, хүйтэн студид бээрч дагжин сууж, цээжээрээ даарсан нь хамрын шуухитнаа, бэлхүүсээрээ даарсан нь заг хүйтэн авч, зовж шаналж байна. “Монголчууд минь хэзээ юмыг ойлгодог болно доо?” хэмээн нэгэн эрхэм гишүүн үсээ зулгаан уйлж суусан тухай баттай эх сурвалжууд мэдээлжээ.
“Эрүүл нийгэм” өвчлөв
Батзандан, Магнай нарын цоо эрүүл залуус “Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн”-ийг байгуулан өвчний үүр уурхай болсон нам, төр, засаг, УИХ гэх мэтийн субъектүүдтэй цогтой тэмцэж байсан билээ. Гэвч МАХН, АН, ИЗН гэсэн гурван намын хамтран байгуулсан хорлон сүйтгэх хорьдугаар дивизийн нууц ажилтнууд “Эрүүл нийгэм”-ийн залуусын сүүтэй будаанд цианит натрийг сэм хийжээ. Энэхүү бохир заваан хорлон сүйтгэх ажиллагааны үр дүнд Батзандан, Магнай нар хүнд өвчилж, нам хэмээх өвчний уурхай, авилгалын уутыг байгуулан халуурч бүлээрч эхэллээ. Ард түмэн цогтой тэмцэгч нартаа хайртай учраас Хөх хотод аваачиж эмчилгээ хийлгэхээр хандив цуглуулж эхлээд байгаа гэнэ.
Өвчтэй хотын эрүүл хурал
Улаанбаатар бол яавч эрүүл хот биш гэсэн дүгнэлтийг сэтгэл мэдрэлийн эмч нар гаргажээ. Агаар, хөрс, ус гол гээд эрүүл юм нэг ч үлдээгүй учраас тэр. Хүнд өвчтэй хотыг эрүүлжүүлэхээр Мөнхбаяр хэмээгч баатар эр гарч ирэн гурван өдөр, гурван шөнө ам хуурайгүй хуралдаж, үзэг тавилгүй цаас эрээчиж, сэлэм амраалгүй толгой цавчиж байна. Улаанбаатарт тусаад буй хамаг өвчний нян болж буй Батбаяр хэмээгч улаан чаралбыг даран сөнөөвөл нийслэл маань эрүүлжинэ хэмээн хувьсгалын улаан зурхайчийн төлгөнд буусан аж. Чаралба хурдан сөнөж хот илаарших болтугай хэмээн нийслэлчүүд залбирч байна.
Авилгалтай эрүүлээр тэмцэх газар
Ерөнхийлөгч 500 саяыг аваагүй. Даш генерал бас “Би юу ч идээгүй, уугаагүй” гэж андгайллаа. УИХ-ын дөрвөн хөөрхөн гишүүн минь ч хүртэл бид юу ч аваагүй гэж байгаа. Монголд авилгал байгаа юу? гэвэл “Байхгүй ээ!” гэж хүн бүхэн хариулна. Тэгсэн хэрнээ Авилгалтай тэмцэх газар гэгчийг сүр дуулиантайгаар байгуулсан гэж байгаа. “Огт авилгалгүй газар Авилгалтай тэмцэх газрыг байгуулна гэдэг чинь өвчтэй хүний л хийх ажил даа” хэмээн өнгөц сэтгэдэг нэг нь бодож юуны магад. Эрүүл саруул сэтгэлгээтэй удирдлага маань харин Авилгалтай тэмцэх газар байгуулахдаа “Юмыг яаж мэдэх вэ, урьдчилан сэргийлье” гэж бодсон аж. Холын бодол шүү! Ёстой эв эрүүл хүнээс л гарах бодол.

Wednesday, December 19, 2007

ӨВЧИН СЭДЭРСЭН ТҮҮХ

(егөө)
-Эрхэм гишүүн эдгэрчээ таминь ээ! гэж байдаг чадлаараа чарласаар өрөөнөөс гарч ирсэн нарийн бичгийн дарга руу Шар хадны эмнэлгийн ерөнхий эмч итгэж ядсан харц чулуудлаа.
Үгүй тэгтэл эрхэм гишүүн нээрээ л эдгэчихжээ. Уг нь үүрийн таван жингээр хар дарж зүүдлэн “Бэлгэвч!” хэмээн чарлаж хөршүүдээ бүү хэл хорооллоо тэр аяар нь сэрээдэг байсан юм. Тэгтэл өнөө өглөө зургаан цаг дөчин таван минут хүртэл бөх гэгч нойрссоноор барахгүй орилж хашгиралгүй өндийжээ.
Босоод хөлдөө бэлгэвч углан шалан дээгүүрээ зөөлөн зөөлөн гишгэлэн ариун цэврийн өрөө рүүгээ ордог байсан бол энэ удаа гэрийн шаахайгаа хөлдөө эвтэйхэн өлгөж явсан аж. Хөнгөнөөр бие засахдаа давхар бэлгэвч өмсөж урьдчилан сэргийлэхээ умартаж, шүдээ угаахдаа сойзондоо бэлгэвч хөдөрсөнгүй. Өглөө бүр тогоочдоо шарсан зайдсандаа бэлгэвч углахыг сануулдаг байсан бол энэ удаа “Үгүй мөн сайхан үнэртэж байна аа” гэж хэлээд л өнгөрчээ.
Эрхэм гишүүн албан тасалгаандаа орж ирмэгцээ хэвлэлийнхнийг дуудаж, “Дох ба Бэлгэвч” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлгэдгээ мартаад жилмэрээ ч үгүй үндсэн ажлаа хийн суув. Энэ өдрийн УИХ-ын хуралдаан арай дэндүү уйтгартай сунжиралдаж, гишүүд нойрмоглон үе үе духаа ширээн дээрээ түсхийтэл буулгаж байлаа. “Хуралдаа ирдэггүй нөхдийг бүгдийг нь ДОХ-ын шинжилгээнд хүчээр хамруулаад, баруун аймгууд руу төлчнөөр хөөж явуулъя” гэж хашгиран эрхэм гишүүдийг хөгжөөхгүй болохоор аргагүй шүү дээ.
“Шударга засаг” хууль зүйн их сургуулийн арван гурав дахь төгсөлтийн мөнгөн хонхны баяр бас л бөөн гуниг. Баяр гэхээсээ илүү гашуудлын цуглааныг санагдуулж байх юм. Аргагүй л дээ, эрхэм гишүүн ирж цогтой халуун үгээ хэлээд, “Одоо хонхны баяраа сайхан хийгээд, орой бэлгэвчээ хэрэглэцгээе!” гэж уриалаагүй юм хойно.
Орой нь бүр аймшигтай юм боллоо. “Форум”, “Яах вэ?”, “Миний үг”, “Зочны цаг” гэхчлэн телевизийн бүх нэвтрүүлгүүд “Ток шоу” бус “Ток уйтгар” болж хувирлаа. Монголын өнцөг булан бүр дэх хоёр сая таван зуу мянган үзэгчид нэг л юмыг үгүйлэн дэмий л сувгаа солин гиюүрч суув. “Цагийн хүрд”-ийг ч тоож харах хүн гарсангүй. Маргааш өдөр нь гарсан бүх сонинууд ганц ч хувь борлосонгүй. Тэрхүү аймшигт оройноос хойш далан хоёрхон цаг өнгөрөхөд Монгол орон тэр чигтээ уйтгар гунигийн халдварын хар бараан сүүдэрт умбалаа.
Далан зургаан цаг тэг секунд өнгөрөөд байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, МАХН-ын удирдах зөвлөл хамтарсан хуралдаан хийж байв. Аргагүй шүү дээ. Хаа сайгүй хөмсгөө зангидсан хүмүүс болж, зүрх мэдрэлийн өвчин далан зургаан хувь нэмэгдчихээд байхад чинь! Хамтарсан зөвлөлийн гаргасан маш нууц тушаалын дагуу эрхэм гишүүнийг эмчилж эдгээсэн Шар хадны эмнэлгийн ерөнхий эмчийг улс төрийн гэмт хэрэгт татаж, өмнө өвчлөөд байсан “острый гондомохондроз” өвчнийг идэвхжүүлэгч бодис шингээсэн бялууг тагнуулын тусгай хэлтсийн ажилтнуудаар эрхэм гишүүнд идүүлэх нууц ажиллагааг эхлүүллээ. Маргааш өглөөний дөрвөн цаг тавин есөн минутад эрхэм гишүүн “Бэлгэвч!” хэмээн чарлан өндийж хорооллоо бүү хэл хотыг тэр аяар нь сэрээв.
-Эрхэм гишүүний өвчин сэдэрчээ! хэмээн нарийн бичгийн дарга байдаг чадлаараа чарласаар өрөөнөөс гарч ирлээ.

Friday, December 14, 2007

“МОБИ”-ТОЙ ЗАГАСНЫ ҮЛГЭР

(наргиа)
Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нь “Мобиком”-ын утсаа чагнангаа тор дэгээгээ шидлэн далайн эргийг өдөржин сахина. Эмгэн харин түүний утас руу нь амсхийх чөлөөгүй залгаж, “Олиггүй муу өвгөн чамайг.., оройн хоолны загасгүй ирвэл үү...” хэмээн дарамтална.
Нэгэн сайхан цэлмэг өдөр өвгөн аанай л далайн эрэгтээ очив. Давалгаа тогтуухан намилзаад маш дөлгөөхөн байна гэнэ. Анхан удаа шүүрдтэл ашиглагдсан карт гарав. Ахин нэг шүүрдтэл, “Таны шидсэн тор холбогдох боломжгүй байна. Та түр хүлээгээд дахин шиднэ үү?” гэж ялдамхан дуутай бүсгүй шивнэх шиг болжээ. Өвгөний дотор барайж, уушиг зүрх нь сагсайв. Гурав дахь удаагаа шидээд гутарч уурласандаа гуд гуд угзчив. Тэгтэл харин яасан гээч! Алтан загас баригдах нь тэр! Алтан тэр загас нь аль ч загаснаас анги гэнэ. Хүний хэлээр ярьдгаар барахгүй “Рremium gold” барьдаг лутаас лут амьтан байваа чи минь.
-Азай буурал ах минь! Алтан амийг минь өршөө. Ач буяны тань хариуг өгье. Амандаа багтах тоогоо хэлнэ үү? гэжээ. Өвгөн жаахан нэрэлхээд, өөвгөр дагзаа маажиж байснаа,
-Торчгор өвгөн ахад нь тоолдог ч бай, тоолдоггүй ч бай, юу ч хэрэггүй ээ. Алтан хөөрхөн загасхан минь Атлантын их далайдаа аалиараараа арвалз даа гээд арван зүг хорин зовхист атийтал нь шидэж орхив гэнэ ээ.
-Миний дугаар 9911 тэг тэг тэд шүү! Мессеж ч бичилгүй шууд дохиорой, би залгая гээд алтан хөөрхөн загас нь арилаад өгчээ, цаашаа.
Өвгөн жаахан мунхаг юм болохоороо өнөөх алтан загасны тухай, ач буяны хариуд амандаа багтах мөнгөө хэл гэснийг ч хүртэл ам хуурайгүй ярьж орхив.
-Мунхаг муу өвгөн чи! Миний утас нэгжгүй болоод, мэлийсэн гурав хоног өнгөрснийг мэдсээр байж, ядахдаа арав таван нэгж гуйдаг байгаа даа хэмээлээ гэнэ шүү. Хөөрхий өвгөн уймарч “тэг тэг хэд гэлээ байз” хэмээн мунгинасаар, эмгэн улам адган “эргүү гацаа”-гаар нь дуудав. Өвгөн удаж удаж арайхийн дугаарыг санав. Учирлаж хэлэх үгээ увайгүй эмгэнд сонсголтой биш, ухасхийн гэрээс гарав.
-Хүндэт өвгөн ах минь, явдал учир юунд вэ, ямар хэргээр залгаав? гэж мань загас асуув гэнэ. Өвгөн мунгинасан хэвээр, өөвгөр дагзаа маажиж,
-Ухаант алтан загас минь өршөө! Угийн шуналт эмгэн уршиг удлаа. Арав таван нэгжийг амины тань төлөөсөнд нэхсэнгүй гэнэ ээ... хэмээн түгдэчжээ.
Удаж төдөлгүй эмгэний утсанд тав ерэн зургаагаас мессеж нэг ирэв. Насаараа яриад ч барахгүй, найман тэг араас нь эгнэсэн бузгай их нэгжийг нэгмөсөн илгээсэн байлаа.
-Эргүү балай өвгөн чи иймхэн юм гуйгаа юу? Авсан утасны минь загвар хуучраад алсаас дуудлага ирэх бүрт ариун цэврийн өрөө рүү алцаганаж байгааг харахгүй байна уу? Амтай хэлтэй загас руугаа алгуурлаж мунгиналгүй залга! гэв.
Манай өвгөн мангуурав. Майжиг хөлөө солбиулж, матигар хавиргаа түнхэлзүүлэн махийтал зүтгэсээр гарав.
-Өнөөх шуналт эмгэн чинь өвгөн намайг зовоов. Саятан тэрбумтнууд барьдаг, санах ой нь агуу, алтан гадартай алмаз шигтгээтэй, “О-2” утсыг онцгойлж барьдаг болох гэнэ. Лайтай шуналтай яатуу биш ээ, эмгэн юм аа хэмээн амьсгаадав.
Таван цагийн дараа танхай эмгэн уурлав. Тогжгор өвгөнтэй утсаар толхилцох тоймгүй уйтгартай байна гэлээ. Топ модель Наомитай, толгой сайтай Билл Гейтстэй, том хөхтэй Самантатай, тоост хорвоогийн цуутан бүхэнтэй толгой өндийхгүй ярина яадгийм! гэж торчийсон өвгөнөө зандрав. Тогжигнох бүү хэл мөлхөх тэнхэлгүй, хөөрхий өвгөн арайхийн гарлаа.
-Буурай өвгөн ах минь будилалгүй хэл дээ гуйлтаа гэхэд нь хөөрхий мунхаг өвгөн хөлсөө шудран түгдэрлээ...
-Топ модель байтугай толгой улстөрч нэг бүртэй тохь таарсан цагтаа бүтэн өдрөөр биш бүр сараар ч ярьсан болно оо. Дугаарын жагсаалтыг явуулна. Дураараа залгаад чалчаарай хэмээгээд загас утсаа тасаллаа.
Таван өдрийн дараа танхай эмгэн уурлав.
-Бен Ладен дээрэмчинтэй би залгаж ярих уу? Билл Клинтон, Жорж Буш, Путин, Зя Минь бүгдээрээ цаг тутам над руу залгаж, мэнд ус мэдэх ёстой! Ёрын муу өвгөн чи ёолж дуулаад байлгүй ёдрын тэр загас руугаа яг одоо залга! хэмээн таахалзав.
Увайгүй эмгэн бас л уйдав. Ургах нарнаар чарлан сэрээв. Улаан сэлүүр нь сэрийсэн урагшгүй загасаа дууд. Манай гэрт ирээд маргад шилэн хоргонд маний дэргэд амьдраг. Магад их уурыг хүргэвэл Мадер дарсаар амтлаад шарж иднэ түүнийг чинь гэжээ. Мунхаг өвгөн мэлрэв. Мунгинаж чичирсээр гараад, алтан загас руу залгав.
-Энэ талаар чинь харин эгц шулуун хариулт алга аа. Эндэлгүй хэдхэн хормын дараа эргэж залгая даа, ах минь гээд мобитой алтан загас утсаа таслав гэнэ. Хэдэн хором бус бүтэн цаг өнгөрөхөд алтан хөөрхөн загас нь таг чиг. Мань өвгөн манарав, мойног салга хуруугаараа алтан загасны дугаар луу арай ядан залгав.
-Таны залгасан дугаар ашиглалтад байхгүй байна. Та дугаараа шалгаад дахин залгана уу? гэх ялдам хонгор бүсгүйн яруу дуу сонстлоо. Эвий өвгөн эргүүтээд, элийрч балайран салгалаад, эргээд гэртээ ортол эмгэн нь урвайн угтлаа. “О-2” утасны нь оронд оронцог болсон хуучин утас нь онгож гандан хэвтэж харагдлаа.

Monday, December 3, 2007

УТААТ МОНГОЛ

/фельетон/
“Аргалын утаа бургилсан малчны гэрт төрсөн би” гэсэн шүлгийг цээжээр дуржигнуулж чадвал тэр хүнийг монгол хэмээн үздэг. Бид өнө мөнхөд утаатай холбогдсон хувь заяатайгаа эвлэрсэн ард түмэн.
Та бодоод үз дээ! Тооноор нь утаа багтаж ядан бургилахад гэр дотор ямар байх вэ? Тэгэхээр монгол хүн төрмөгцөө эхийн цагаан сүүгээр бус, аргалын цэнхэр утаагаар амладаг болж таарах нь.
Япон, Солонгосоос төсөл хэрэгжүүлэн утаагүй зуух үнэгүй тараадаг боловч монголчууд аль их утаа саагиулдаг зуухыг Нарантуулаас үнэ зодон авч, гэртээ тавихыг илүүд үздэг. Тэгээд ч зогсохгүй, хуванцар сав, хаягдал дугуй, майжиг гутал гээд аль их утаа гаргадаг болгоныг хамж шимж, шилж сонгон шатаана. Нүүрсийг шингэрүүлээд утаагүй гал гаргаж болно гэж гадны зөвлөх нь хэлсээр байтал тэс зөрүүдлэнэ. Дэлхийн өнцөг бүрээс хамгийн хуучин, хамгийн утаатай тэргийг авчраад хотоороо хөндлөн гулд сүлжилдэн давхидаг. Зүгээр ч давхихгүй. Хаазаа чинээнд тултал гишгэн хар утаа олгойдуулж, цээж дүүрэн уушиглаж таашаал авна.
Нобелийн шагналт, амьтан судлаач Жорж Утоун гуай монголчуудын бодисын солилцоог судлаад үзтэл яасан гээч? Монгол хүн нүүрсхүчил, хар тугалгын давхар ислээр амьсгалж, хүчилтөрөгч ялгаруулдаг болохыг тогтоож, дэлхийн чих дэлдийв. Нэгдсэн үндэстний байгууллагын аюулгүйн зөвлөл шуурхай хуралдаж, даян дэлхийн хүмүүн төрөлхийтний сайн сайхны төлөө хамаг хорт утааг ховх сорж буй монгол хүнийг улаан номд бичиж, хамгаалалтад авахаар шийджээ.
Тэгтэл монгол сэтгүүлчид өөрсдөө “Улаанбаатар утаанд автаад, гамшгийн байдалд оржээ” хэмээж буй нь логикгүй тэнэг бичлэг юм. Нийслэлийн утааг арилгачихвал монгол хүн юугаараа амьсгалах болж байна аа?
Утааны ачаар монгол хүний үнэ цэнэ огцом өссөөр байгаа. Хэдэн монгол Сөүлд гарсан түймрээс хүн аварсныг ерөнхийлөгч нь хүртэл магтаж, бөөн шуугиан болсон. Хар нялхаасаа Улаанбаатарын утаанд эрчимжүүлсэн бэлтгэл хийгээгүй бол багтарч унаад өөрсдөө шатчих байсан шүү дээ. Сөүл, Токио, Лондон, Париж, Нью-Йоркийн гал унтраах ангиуд “Улаанбаатар хотод төрж өссөн хүнийг гал сөнөөгчөөр шалгалтгүй авна” гэсэн зарыг интернэтэд зай завсаргүй тавьжээ. Огцорсноосоо хойш хоёр жил лааз өшиглөсөн хөөрхий Элбэгдорж Торонтогийн Гал түймэртэй тэмцэх ангийн шөнийн ээлжийн ахлагчаар ажиллахаар болоод бөөн баяр дэгдэж явна.
Америкийн ерөнхийлөгч Жорж Буш Монгол дахь элчин сайддаа зарлигийн бичиг ирүүлэв. Түүндээ “Үүнээс хойш, түүнээс цааш эх орныхоо агаарыг цэвэршүүлэх үүднээс монгол хүнийг визгүй зорчуулсугай” гэжээ. Англи, Франц, Орос, Хятад бүгдээрээ энэ жишгийг дагахаар сэм хэлэлцэн тохирч байгааг Монголоос тэнд суулгасан тагнуулууд мэдээлж байгаа юм.
Харамсалтай нь сүүлийн өдрүүдэд манай улсаас барууны орнууд руу илгээсэн нууц ажилтнууд хялбархан баригдах болов. Учир юу вэ гэвэл, монголын тагнуулын салхин доогуур гарахад утаа сэнхийдгийг тэд мэдчихжээ.
Тэртээх хориод онд Улаанбаатар гэдэг нэрийг өгөхдөө Сүх жанжин дотроо холын бодол агуулсан юмсанж. Байшингийн орой дээр гэрэлтэх “Улаанбаатар” гэсэн чимэглэлийг “Утаанбаатар” болгон солих нь эдийн засгийн хувьд ашигтай гэдгийг тэр тооцсон хэрэг. Ердөө ганц үсэг солиод л болоо. Тэгэхэд оросууд Свердловскийг Екатеринбург, Ленинградыг Санкт-Петрбург болгохдоо ямар их зардал чирэгдэл гаргасан гэж санана аа?
“Утаагүй бол монгол чи хэн юм бэ, монголгүй бол утаа чи юу юм бэ” гэх нэгэн хип-хооп дууг нийслэлийн захирагч Батбаяр улаан хацраа бумбалзуулан үглэж дуулсан нь ард түмний зүрхэнд хүрч, хийтийн жагсаалтыг тэргүүлж байна.
Бид аргалын хөх утаан дотор төрдөг. Арцны цэнхэр майгаар бие эрхтэнээ ариулдаг. Утаан дээр хатаасан борцоо мэрж, улаан дүнсийг угсруулан нэрэх дуртай. Цэнхэр манан суунаглах алсыг ширтэж ухаанаа тэлдэг ард түмэн билээ.

Monday, November 19, 2007

ХУУЛИЙН БУРУУ

/фельетон/
Орчлонгийн хамгийн азгүй амьтан гэвэл намайг л хэлдэг байх даа. Миний сонголт ёр юм шиг дандаа буруу байна.
Ядахад, сонгож суусан микротой заавал нэг гай тохиолдоно. Уржигдар учирсан жолооч долоон удаа зам хазайн шатахуун цэнэглэж, чарлаач нь мөн долоон удаа зогсож мөнгө задлуулснаар барахгүй дордохын долоо дахь буудал дээр дугуй нь хагарснаас би ажилдаа бүхэл бүтэн долоон цаг хожимдлоо. Өчигдөр тэгтэл, хэрээ шиг хахирган чарлаачтай хэрнээ буудлаас ховхрохоо мэддэггүй хоргодоо жолоочтой таарч, үд хэвийж байхад ажлынхаа хаалгыг арайхийж татлаа. Захирал цоргитол муухай хараад, “Эцсийн удаа санууллаа шүү, нөхөөр” гэсэн юм. Өнөөдөр яасан гээч? Зам огт түгжирсэнгүй, чарлаач аядуу дуугарч, жолооч ухас ухасхийлгэн хурдалж байна. Баярласан гэж жигтэйхэн. Ажлын газар луу овоо дөхөж явтал тасхийтэл шүгэл тачигнах нь тэр. Лайтай цагдаа яах гээд байгаа нь бүү мэд, жолоочийг шаналаан хагас өдөр зогсоолоо. Ингээд л би дараагийн ажлаа хайх болсон доо, хөөрхий.
Нарантуулаас гутал сонгох боллоо. Хятад, солонгос, орос гээд түмэн “хэлийн” гутал шинжиж, амралтын өдрөө тэр чигт нь энэхүү сонголтын нарийн чимхлүүр ажилд үрлээ. Орой нар жаргаж байхуйд нэг гутал нүдэнд тусаатахлаа. Үзэж байтал нэг авгай хажуугаас, “Манайхан аягүй сайн оёдог болсон ш дээ” гэж байна. Цөс минь хөөрч “Үндэсний үйлдвэрээ дэмжье” гэж дотроо хэлээд, мөнгөө тооллоо. Жинхэнэ үхрийн ширээр, гараа гаргаж оёсныг нь бодохоос хамрын самсаа шархирч байсныг яана. Гутлаа ганц хоног өмстөл хөх төмөр хадааснууд хөдөө тийшээ матийн гарч ирээд хөл хага хатгаж байна. Хоёр хонотол улавч нь хумигдаж, хатуу цаас цухуйв. Гурав дахь өдрийн үдийн хугархайд өнөөх цаас нь норж овойгоод өмсөхийн аргагүй боллоо. “Үндэсний үйлдвэр”-ээ хог руу шидэж байхдаа бахархлын бус гомдлын нулимс дусааж билээ.
Амьтай голтой эр хүн юм хойно авгай сонгов. Гайтай юм шиг хамгийн ардчилсан үзэлтэйг нь сонгосноо хуримын маргааш мэдлээ. Хоолны махыг яг тэнцүү хуваан хөшиглөнө. Угаалга хийх боллоо гэхэд оймсыг өрөөсөн өрөөснөөр нь тэнцүү хуваарилна. Үйлийн үртэй амьтан өрөөсөн оймс үрэн хөөсрүүлж, нусаа татан суухдаа найз нартаа атаархан, дэмий л санаа алддаг даа. Тэд бол авгайгаа зарчихаад, телевиз ширтэн, буйдан дээрээ налайж байдаг.
Сонгуулийн тухайд бол ярихын ч хэрэггүй. Ардчилсан үзэлт авгайтайгаа зөрсөөр байгаад Энхбаярыг ерөнхийлөгчөөр сонгосон. Тэгтэл хамгийн шуналтай, хамгийн бузар нь болж таарсан. Улсын Их Хуралд бүр долоон дор. Хамгийн сүүлд, 2004 онд сонгосон гишүүн маань хууль хэлэлцэхийн оронд бэлгэвч ярихыг илүүд үздэг хүн байж таарлаа. 2000 оных бол улсын нисдэг тэргийг хувийнх гэж андуураад үнэг хөөдөг нөхөр байсан. 1996 онд юу ч дуугардаггүй хэлгүй Короляг сонгож байлаа.
За даа нэг, иймэрхүү л аж төрж байна даа. Азгүйгээсээ болоод би их гутардаг байж. Харин, “Аливаа даалгаврыг биелүүлэх хоёр, эсвэл түүнээс дээш хувилбар байвал хүн хамгийн бүтэлгүйг нь сонгодог” гэх Морфигийн хуулийг нэг цэлмэг өдөр олж уншсанаасаа хойш гутрахаа больсон. Гутрахгүйгээр барахгүй, бүр инээд хүрдэг болсон гэж байгаа. Надад биш хуулинд буруу байгаа юм чинь яах вэ дээ.

Saturday, November 3, 2007

Реклам

Маш сүртэй удиртгал хөгжим явна. Алсаас "Монел" гэсэн худалдааны тэмдэг наашилсаар томроод, дэлгэцний голд тогтоно. Эр эм хоёрын тэчъяадан амьсгаадах дуу гэнэт тодрон, хөгжимтэй холилдон чангарч, намсана. "Монел" худалдааны тэмдэг ч мөн адил хөгжмийн хэмнэлийг даган нэг гэрэлтэн, нэг бүүдийнэ. Эрэгтэй хүн сүрлэг хоолойгоор : "Монгол сексийг Монелийн зурагтаар" хэмээн хэлэхүйд, энэ уриаг бичсэн гал улаан туг гэрэлтэн, намирч харагдана.

/"Уран сайхны кино" шог зурагт зориулав/

Saturday, October 27, 2007

АРД ТҮМНИЙ УУРХАЙ

(шог өгүүллэг)
Сэд гуайгүй найр суманд байхгүй. Ямар л наадам зугаа, хурал ном болно бүгдийг ивээн тэтгэж,
-Дэлхийнхээ хишгийг нутгийн олон та нартайгаа хуваалцъя аа хэмээн буурьтай нь аргагүй үг хэлнэ.
-Уудаг архи нь Хар Чингис, унадаг унаа нь жийп... Өнөөх мээс гээчийг л авч зайдлах дутуу байна даа гэж сумын төвийн авгайчууд жиг жуг гэлцэнэ.
Хэдэн жилийн өмнө сумын тэргүүн баян Сэд гуай хайран сайхан мал сүргээ үрэн таран болгоод Хайрханы өвөрт алтны уурхайтай болоход, “Ээ дээ энэ Сэд нэг л биш, баяжихын дон шүглээд цагаан солио тусаж байна” гэж шуугицгааж билээ. Тун удалгүй түүний юуны төлөө зүтгэсэн нь түмэнд ил болсон доо. Хоёр жилийн дараагаас л сумын баячуудын бүгдийнх нь хөрөнгө зоорийг нийлүүлээд ч түүний хөлийн чигчий хуруунд нь дөхөж очихгүй боллоо гэсэн үг амнаас ам дамжсан санагдана.
Өнгөрсөн жил гай газар дороос гэгч болсон юм. Хаврын сэндроом гээч юмны халдвар суманд хугас өдрийн дотор газар авав. Чухам сэндроом нь байсан уу, дох нь байсан уу манай сумынхан ялгаж мэдэх биш сумын эрүүл мэндийн түшмэл Дунбулайд л хамгийн түрүүн халдлаа гэж дуулдсан юм даг. Дунбулайгаар удирдуулсан “Газар шорооны төлөө” хөдөлгөөнийхөн аравхан хормын дотор Сэд гуайн алтны уурхайг эзэлж авлаа.
Сумын засаг даргын тамгын газрын үүдэнд хуучин засаг дарга байгаад огцорсон Тогмид хөдөлгөөний жагсаалын өмнөх индэрт гарч,
-Нөхөд өө! Монголын газар шороо бол монголын нийт ард түмний өмч! Дан ганц луйварчин Сэдийн өмч биш ээ! гэх цог жавхаатай үгийг хэлэхүйд хөдөлгөөнд нэгдсэн олон түмэн:
-Зөв! Яг үнэн! хэмээн дуу дуугаа авалцан дэмжлээ. Тогмидын хадам ээж мэдрэл Баасан олны дундаас таягаа гозолзуулан,
-Нударган баян Сэдтэй хуйвалдан ард түмний алтаар гараа угаасан сумын даргыг огцруулъя! Нөхөд өө, хурай! гэнгүүт цөс нь хөөрсөн олон хурай хашгиран сумын тамгын газар луу дайрлаа.
Хөдөлгөөний дайралтууд энэ мэтчилэн өрнөх нь Гитлерийн Цахилгаан дайн л ийм гялс манас байсан байх даа гэмээр. Алтны уурхайн ерөнхий инженер цагаан толгойт эрийг, механик оператор хоёр бор залуугийн хамт баривчлан жагсаалынхны өмнө авчирч, индэр дээр гаргаж ирлээ. Жагсагчдын дундаас нэг нь:
-Наад муу зэвхий цагаан толгойт чинь аягүй бол эрлийз байгаа даа гэж чарлалаа.
-Яг үнэн. Нутгаасаа хөөж зайлуулъя! гэж Тогмид хүч нэмлээ. Мэдрэл Баасан мөн л таягаа гозолзуулан,
-Наад гурав чинь ганц ганц чумдаан л тэвэрч ирсэн цагаачид гэж чарласан бол түрүүчийн нөхөр:
-Зөв! Юутай ирсэн түүнтэйгээ л буцаг гэж чарлалаа.
Үдийн хугархайд эхэлсэн хөдөлгөөний дайралтууд нар шингэхийн алдад өмнөө байсан бүх саад тотгорыг зад цохисон байлаа. Мөлчигч Сэдийн бүх хөрөнгийг хураав. Сэд гуай шүрэн толгойтой халтар манан хөөргөө элгэндээ тэврэн, “Эцгээс минь үлдсэн юм. Энийг л үлдээчих таминь!” гэж сөгдөж байсан ч, мэдрэл Баасан гараас нь ховх татан авсан тухай сумын авгайчууд ярилцав. Хөдөлгөөний зохицуулах хорооны даргаар сонгогдсон сумын овгор балиус Гарам тэргүүтэй комисс зэвхий толгойт нарын гурван цагаачийг нэгд нэгэнгүй нэгжээд хэдэн хиртэй хувцсыг нь тэврүүлээд сумын нутаг дэвсгэрээс хөөн зайлуулсан байлаа. Цагаан толгойт инженер амандаа байсан алтан шүдээ “Танай сумд ирэхээс бүр өмнө хийлгэсэн” хэмээн зүтгэсэн боловч балиус Гарам түүнийг бялба зодсоноор барахгүй алтан шүдийг нь хадаасны бахиар чарлуулан байж булгалж аваад ард түмний алт хэмээн данслахыг харсан хүмүүс балиус Гарамын шударгыг гайхацгаана.
Удалгүй ард түмэн алтаа өөрсдөө ухаж авч чадахгүйгээ мэдлээ. Сумын бүх айл Хайрханы өвөрт жижиг гэрээ барьцгааж хонон өнжин шороо угааж үзээд гялайх ч юм ололгүй буцаж нүүцгээв. Шороог нь усаар угаах бус тусгай нарийн аргаар олборлодог орд байсан юмсанж.
Хөдөлгөөнийхний өдүүлсэн цахилгаан дайнаас хойш жил боллоо. Сумын шинэ дарга Тогмид хот хүрээ рүү дахин дахин явж Хайрханы өврөөс алт гаргаж чадах инженер хайх боловч, “Юу? Хайрханы өвөр өө? Өө больё, танай сумын балиус Гарам ална” гэцгээгээд сум руу зүглэх нохой ч олдохгүй.
Тэгж байтал ард түмний уурхайн хамаг байдаг машин тэрэг, тоног төхөөрөмжийг хэн нэг нь төмрийн хаягдалд урд хил рүү ачуулчихсан байлаа. Аргагүй шүү дээ. Манаачаар буулгасан айлдаа сумын дарга нар цалин өгч чадаагүйгээс хаяад нүүчихсэн юм чинь. Дунбулай түшмэл Сэд баяны жийпийг эмнэлэгт булаан авч өгсөн нь зэвэнд идэгдэн сул зогсоно. Гучин хэдийг цусалдаг их гарын жийпний идшийг төсвийн эмнэлэг яаж хүчрэх вэ дээ. “Уурхайд ажиллаж байхад мөн сайхан байж дээ” гэсэн ажилгүй залуус дэлгүүрийн үүдэнд чулуу нясалцгаана. “Уурхай байхад орлого мөн ч лут байж дээ. Лангуугаа хаахаас...” гэж Эрээний наймааны авгайчууд үглэнэ. Сум тас харанхуй. Аргагүй шүү дээ, ганц том цахилгааны мангасынхаа амыг барьчихсан юм хойно дизель станц түлшгүй мөнгөгүй таг.
...Сэд гуайгүй найр суманд байхгүй. Урьдын сайхан цагт хоймор заларч хүндлүүлдэг байсан бол тэр одоо аргалын дөрвөлжний өмнө сөхрөөд айлын авгайн гарыг дагуулан өлөн нүдээр харж шүлсээ залгин сөхөрч сууна. Зүүн талд зээглэн суух авгайчууд:
-Эвий, муу Сэд. Ингээд солиорчих гэж...
-Чухам аа, чухам. Хөөрхий минь баян тарган явахдаа айлын найран дээр мөн ч нүнжигтэй бэлэг барьдаг байсан юм шүү... Чааваас минь ийм болчих гэж... хэмээн шивэр авирхийнэ.

Tuesday, October 9, 2007

ОНИГОО

Шог зохиолч Цэрэнжамц нэг удаа шог зураач Байды найздаа:
-Ухаантай хүн нүхэнд унавал гараад ирдэг. Тэнэг хүн тэндээ үхдэг. Зальтай хүн нүхийг тойроод гарчихдаг гэж цэцэрхэв. Хоёр найз Өмнөговьд явж байтал Цэрэнжамц театрын тайзнаас хөгжимчдийн суудаг нүх рүү уначихжээ. Цэрэнжамц гэмтсэнгүй, харин цаг нь эвдэрчихсэн байв. Байды:
-Манай Цэрэнжамц ухаантай юм. Харин наад муу цаг чинь тэнэг гээд цагийг нь нүхэнд хаяулсан гэдэг.

-Чиний шүлэгт зүйрлэл дутаад байна гэж Цэрэнжамц гуай шавь найрагчийнхаа шүлгийг уншаад зөвлөгөө өгчээ. Маргааш нь,
-Биеэ үнэлэгч бүсгүй минь чи интернэт юм даа гэж шавь нь уншив.
-Дурак минь биеэ үнэлэгч интернэт хоёр юугаараа адилхан юм? гэж уурлав.
-Багш аа, тэр хоёр чинь хоёулаа аймаар олон үйлчлүүлэгчтэй ш дээ гэжээ.

Хөгжмийн зохиолч, баян хуурч Тэрбиш гуай ид залуу явж. Нэг өдөр хадам аав нь ингэж хэлж байна гэнэ.
-Хүргэн минь наад хөгжмөө аавдаа долоо хоног зээлдүүлээч.
-Та тоглож сурах гээ юу? Би заагаад өгөх үү?
-Үгүй л дээ, долоо хоног ч болов, чих амар аж төрөх гэсэн юм.

Хүрэлсүх гишүүн тойрогтоо уулзалт хийж байтал нэг өвгөн гараа өргөв.
-УИХ-ын гишүүнийг гахай гэж болох уу?
-Болохгүй. УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхэд харшилна.
-Тэгвэл, гахайны халдашгүй дархан эрхийн тухай хууль гэж байдаг уу?
-Тийм юм байдаггүй.
-Еэ гялай. Тэгвэл гахайндаа “Хүрэлсүх гишүүн” гэж нэр өгч болох юм байна.

Цагдаагийн малын хулгайн тасгийн захиалгаар ТИС-ийн багш нар хулгайчийг хараад л мэддэг робот зохион бүтээжээ. Тэгсэн чинь робот Говь-Алтайгаас 20 хулгайч барив. Өвөрхангайгаас 100-г барив гэнэ. Цагдаа нар баярлаад Увсын Тэс сум руу давхижээ. Гэвч харамсалтай юм болж, роботоо алдчихаад толгой гудгар ирцгээв.

Thursday, October 4, 2007

Wednesday, September 26, 2007

ЦАГААН ӨР

(өгүүллэг)
Найрын ахлаач, “Одоо хоёр хүүхэддээ бэлэг хадгаа барьцгаая аа” хэмээн өндөр дуугаар хэлмэгц хуучин цагийн мах сүүний дараалал шиг юм хөвөрлөө. Сархдад халамцаж улаан зээрд болсон эрчүүд хацарт нь ягаа бутарсан аманцар авгайчуул бэлэн цэцэн үг урсган, соронзон хальсны жижиг хөгжим, орны бүтээлэг, хивс гэхчлэн зүйл зүйлийн эд бараа бэлэгт барьж байна. Хуримаа хийж буй “хүүхдүүд” болох Галаа Сараа хоёрын нүд эрээлжлэн, чих дүнгэнэж хэнээс юу аваад байгаагаа мэдэхээ больж, гагцхүү хацар дээрээс нь үнсэх сахалтай сахалгүй хошуунуудаас айраг сархдын эхүүн үнэр ханхлахыг л мэдэрнэ.
-Таван хошуу мал аваарай миний хоёр хүү хэмээн нагчгар хамартай шар царайтай эрийг хашгирахад тэр хоёрын нүдний эрээлжлээ арилж, гэрийн зүүнтээ зээглэн суусан авгайчууд дуу алдах нь уу гэлтэй амаа ангайснаа бие биенийхээ чихэнд хошуугаа наан шивэр авирхийлцэхийг анзаарав.
Хуримын маргаашаас нүнжигтэй бэлэгний тухай яриа айл айлаар дамжих нь шинэ гэр бүлийн хоёрын чихийг ч ирж дэлсэнэ. Галаагийн садангууд бүгд аймгийн төвийн “ча” гэх өнчин ишиггүй, хөдөөнийхөн муу хэлдгээр “хорооны гуйлгачин” тул бэрийн талынхны нүнжигтэйг шагшин магтаж, хэлэх үгээ олж ядна. “Улаан хацартай хүүхэн аваад, төсвийн хэдэн цаас харахгүй олон малтай болж гэнэ” хэмээн Галаагийн ажлын газрынхан хүртэл цуурцгаалаа.
-Сараагийн буянд, танайх адуу, тэмээ, гурван үхэр, арваад богтой болсон шүү. Эгч нь хуримын бэргэний албанд тохоогдсон байсан болохоор хүмүүсийн амласан малыг бүртгээд биччихсэн шүү гэж бэргэн нь Галаа, Сараа хоёрт хурим өнгөрөөд хэд хонож байтал хэллээ.
-Худлаа хэлээд, нээрээ биччихсэн юм уу та? гэж Галаа гаднаа эргэлзсэн дүр үзүүлэвч цээжин дотор нь баяр бялхлаа. Хүн болсоор өөрийн гэх нохойтой ч байж үзээгүй, хорооны хүүхэд болохоор тэр шүү дээ.
-Өсч үржээд мянга түм болохоо байг гэхэд, хэдэн жилийн өвлийн идэш гэдэг чинь их юм байхгүй юу хэмээн бэргэн нь сургаж байна.
Өвөл ирж, ажлын газрынхан “Энэ жил өвлийн идшээ хаанаас авна аа, махны үнэ тэнгэрт хаджээ яана даа” гэж нааш цааш гүйлдэн амьсгаадаж эхэллээ. Харин Галаа, “Бэлэгт амласан үхрээ явуул гээд Сараагийн авгад хэл өгчихсөн” гэж дотроо бодон дээгүүр харан монцойтол алхаж байв. Ажлаа тараад гэртээ иртэл ээж нь тэднийхээс их доогтой мушийсаар гарч ирж таараад,
-Танай өвлийн идэш иржээ гэж хэлээд цааш явлаа. Ороод, Сараагийн мөр чичрэн мэгшүүлж байхыг хараад Галаа эхлээд гайхсанаа, очиж аргадах гэж оролдлоо. Түүний авга ишигний чинээ бяруу алж явуулсан байх агаад арьсанд боож хөлдөөсөн махыг гурван настай охин хөдөлгөн тоглож, сүүлнээс нь чирч ход ход хөхөрнө. Сараа:
-Танайхан миний ах дүүсийг шоолж байгаа даа. Би хүний нүүр яаж харах вэ? хэмээн сэтгэлээр унана. Галаагийн ээж уул нь тийм муухай зантай хүн биш ч, энэ явдлаас хойш худууддаа нэг л ёозгүй хандах боллоо. Галаа дотроо Сараагаа өмөөрөвч, хүүгийнх нь өвлийн идшинд тохуурхаж байгаа мэт бяруу өгч явуулахаар арга байж уу, зуугаад үхэртэй хүн юм гэнэ лээ шүү дээ гэж бодохоос ээждээ бас буруу өгч эс чадна. Тэр өвлийн идэш сар бололгүй дууссан билээ.
Дараа жилийн лайт өвөл ирдгээрээ ирлээ. Сараагийн санаа маш зовж байгааг Галаа ханийн зөнгөөрөө мэдэрнэ. Энэ удаа таван хошуу мал амласан өнөөх нагчгар хамарт нагацынд нь явж хүрлээ. “Цагаан өр”-ийг нэхэж авдаг ёстой юм гэж хөгшчүүд загнасан учраас тэр л дээ. Галааг унааны хөлсөнд хагас цалингаа өгөөд, нагацаас нь “Малаа дараа жил ав” гэсэн хариу аваад ирснээс хойш Сараа бүр нүднээс гарлаа.
Энэ явдлаас хэдэн жил өнгөрч өнөөх цагаан өрүүд овоо мартагдах янзтай болоод байтал Галаа хүүгийнхээ даахийг үргээх ёс хийлээ. Садангууд нь Сараагийн нүүрийг улсхийлгэн халуун бүлээн хошуутай бод бог амлана. Харин ча гэх ямаагүй “хорооны гуйлгачин” авгайчуул амаа ангайн гайхадгаа больчихсон, бие биенээ нудран жиг жугхийлцэж, шоолон хөхрөлдөж байлаа.

Thursday, September 20, 2007

НҮХНИЙ ХОРХОЙ

/фельетон/
Бид нүх ухахдаа гаргууд. Монголчуудын нүх малтаж байхыг хараад, шүд гүйцсэн бүдүүн бурхи атаархан шүүрс алдана. Дөчин шараар дөмөж татаад хөдөлгөөгүй ургаа хадыг монгол жаал солгой гараараа булга татаад, айл гэр, авдар шүүгээ болгон тоглодог.
Хаврын урь унаж, ичигсэд хөдлөх цагаар монголчуудын ходоодны мухар дахь “нүхний хорхой” сэрнэ. Зун намаржингаа хэрүүл болж, төслийн өчнөөн төгрөгөөр өнгөлсөн талбайгаа онги татан сэндийчиж эхэлнэ. Барууны мулгуу жуулчид үүнийг ойлгохгүй “пөөх, паах” хэмээн толгой сэгсэрцгээдэг. Жон хэмээх Америкаас ирсэн ах Сүхийн талбайг гаталж Засгийн ордон хүрэх гээд шуудуунд тулчихаж. Тэр Баянзүрхийн товчоо өнгөртөл тэрэг хөлслөн давхиж нүхийг тойрсон байдаг.
Нинжа нар монгол нутгийнхаа газар шороог уушиг сархинаг болтол нүх хонгил малтан нааш цааш сүлжилддэг. Шороо л болсон юм хойно, хааяа нэг нурах нь бий. Тэгэхэд нь “CNN”-ийнхэн дэлхий даяар “Гурван монгол алт хайж байгаад нурангинд даруулж үхлээ” гээд л сүр бадруулна. Алт хайгаагүй, харин нүхний хорхой нь хөдлөөд байж сууж чадахгүй байгааг тэд ойлгохгүй. Нүхний хорхойтой хүмүүс нүхнийхээ шороонд даруулж үхнэ үү, булуулж үхнэ үү тэдэнд ямар хамаа байна аа?
Нийтийн унаанд ороод та эргэн тойрноо ажаарай. Өмнө чинь суугаа тохьтой ах суудлын бүрээс рүү долоовор хуруугаа далд ортол шаачихсан, өрөмдөх мэт холхиулж суух нь харагдана. Тэнд нэг жаал зогсоод цонхны шилийг чихруулан маажиж дотор арзагануулна. Сандал ширээ, цонх хаалга, хана туурга бүх юманд нүх байх ёстой гэж монголчууд сэтгэдгээс тийнхүү дутууг нөхөж дундуурыг гүйцээх гэж хуруу хумсаа хугалдаг.
Монголчууд хашаа хороо, хэрэм бэхлэлтдээ бөөн хөрөнгө зарж байж сайхан хаалга хийдэг. Тэгсэн хэрнээ түүгээрээ хэзээ ч орж гарахгүй. Хана хэрэмнийхээ доогуур нь газар малтан нүх гаргаад түүгээрээ мөлхөж шургална. Хашаандаа бол хаалганаасаа зайдуухан нэг банзыг хуга цохиж нүх гаргаад түүн рүүгээ гүзээгээ шалбалан зүтгэсээр орж явчихна.
Монголчууд бохирын цооногоо заавал онгорхой орхино. Онгорхой нүх энд тэндгүй харлах нь сэтгэлд өег байдаг учраас тэр. Зарим нэгэн тэнэг жуулчин хөлөө хугалчихаад, цооногийн тагийг хаасангүй гэж засгийн газартай заргалдсан удаа бий. Бохирын цооногийн тагийг заавал хаах ёстой гэсэн заалт хуулинд орох ирээдүй тун бүрхэг. Нүхний хорхойтой эрхэм гишүүд нь нүхээ харж таашаал авах гээд тийм хуулийг хэзээ ч батлахгүй шүү дээ.
Орос ах нар далан жилийн турш, хөлсөө дуслуулан байж барьж өгсөн угсармал сууцыг монголчууд цонхыг нь харлуулж хаячихаад нүх рүү шургахыг илүүд үзнэ. Нийслэлийн “доод давхарт” мянга мянган хүн байгалийн жамаараа дуртай цагтаа согтож, хүссэн мөчдөө үхэж, тааваараа тарвалзан аж төрдөг. Нүхтэй хүн нүхэндээ жаргалтай гэдэг энэ ажгуу.
Бид өнгөрсөн цагт “хөрөнгөтний нийгэм” хэмээгч хар ангал нүхэн дээгүүр харайлгаж буй цагаан морьтонг шүтэн дээдэлж, олигтой том гэсэн байшингийнхаа хананд сийлдэг байлаа. Одоо тэгтэл гэдсээ нэвт гарсан ангалаар таслагдсан хүлэг морины цээж бөгс хоёрыг шүтэх боллоо. Энэ ч их учиртай.
Хамарт хос нүх байгаагүйсэн бол хүн амьтан бүтэж үхнэ. Судас битүү юм гэхэд цус хаагуураа гүйж амьдралыг тэтгэж, хөрс сиймхийгүй юм гэхэд ургамал хаанаас нь соёолох билээ.
Монголчуудын минь “нүхний хорхой” дундаршгүй байх болтугай.

Tuesday, September 4, 2007

“НОГООН ТОЛГОЙ” битгий л олдоосой

Сайн шог зураг гэдэг санаанаас гарах биш дээ. Ийм нэг шог зураг үзсэнээ би тод санадаг юм. Шинэ он гарч морин чаргаар өвлийн өвгөн айлчлан ирж явна. Гэвч нийслэлд орж ирүүт морь нь ухаан алдан унав. Орчин цагийн өвлийн өвгөн юм чинь гар утсаа гарган “Монголын нийслэлээс ярьж байна, морь маань угаартчихлаа” хэмээн цааш нь мэдээлж байх юм. Бас нэг зураг дээр муур хулганыг хөөгөөд гүйцсэнгүй. Гэтэл гөлчгийнүүд нь “Ээжийг минь яаж гүйцэхэв дээ” гэж хоолой нийлүүлэн дуулж байна. Ерөөс шог зурагт дандаа хачин юм дүрслэгдэж, шог зураач хачин юм сэтгэж байдаг хойно доо. Нэг үнээнээс эвэртэй унага гарчээ. Эзэн нь хачирхан гайхаж, халзан толгойгоо базаж байна. Харин үнээний цаанаас азарга цухуйн “Азарга үнээ хоёр зөвшилцөж болохгүй юу, тэнэг ээ” гэж хэлж байгаагаар дүрслэгджээ. Энэ мэтчилэн Алтангэрэлийн Амарсайханы шог зургууд сэтгэлд буусаар байх юм.
Шог зураач Амарсайхан бас шог өгүүллэг олныг бичсэн хүн. “Наян шилдэг улс төрч” гэдэг шог өгүүллэг зүгээр нэг марзан яриа мэт аясаар бичигдсэн гэмээр боловч одоо цагийн улс төр зохион байгуулалт гэгчийн цаад маапааныг эвтэйхэн чимхжээ. Сүүлийн үед юм бүхнийг л шалгаруулдаг явдал газар авсан. Үүний дотроос шилдэг улстөрчийг ямар шалгуураар шалгаад тодруулаад байгаад эрхгүй эргэлзэл төрсөөр. Амарсайханы энэ өгүүллэгт нэг сумаас наян шилдэг улстөрчийг шалгаруулж нэр хүндийн хонжоо хайсан сумын даргын тухай өгүүлнэ. Ямар ч байсан өнөөгийн шилдгүүдийг шалгаруулах явдал даамжирсаар ийм байдалд хүрэх юм билүү хэн мэдлээ. Ер нь энэ улстөрчийг шалгаруулна гэдэг нь хэнд хэрэгтэй юм бэ гэсэн бодол уншигчдад төрнө. Уг өгүүллэгт сүүлдээ шалгаруулах хүн олдохгүй сандарцгаана. Хэлгүй, дүлий төрөлхийн гажигтай хүн ч тоонд нь орчихсон явж байна. Эрүүл саруул сэтгэдэг тав зургаан хүн сумын даргад маш их төвөг уддаг бололтой. Иймээс тэднийг жагсаалтаас хасаж дахин өөр улстөрчдийг хайж оруулах гээд бөөн цаг үрнэ. Тэгээд “Даргын хадмын тулман хөхт цагаан ямааг шилдэг улстөрчдөд шалгаруулъя” гэсэн усан тэнэг санаа гарна. Гэвч хачин юм болж тэр нь дэмжигдэж, “Буянт мал ямар элдвийн хэл ам гаргах юм биш. Ерөөсөө малаасаа шалгаруулъя” гэсэн шийдэлд хүрч, хурдан зээрд азарга, шигшмэл малын улсын үзэсгэлэнгийн алтан медальт Дугарын улаан ухна хүртэл шалгарлаа. Хамгийн сүүлд хэлгүй Нямаа орсноор шилдэг улстөрчид бүрдэнэ. Сүүлд нь шилдэг улстөрчийн шагнал гардуулах ёслол болжээ. Шилдэг улстөрчийн алтан медалийнхаа эрээн туузыг улаан ухна амтархан идэж, даргын хадмын тулман хөхт цагаан ямаан дээр үе үе харайж байсныг эс тооцвол уг шагнал гардуулах ёслол сүр жавхлантай сайхан болж өнгөрлөө хэмээн өгүүллэг дуусаж байна. Хэл ам татлахгүй, ухааран сэтгэхгүй л байвал тэр сумын даргын санаанд нийцэж байгаа нь тэр!
Уран зохиол бол он цагийн тусгал байдаг. Шог зохиолч Амарсайхан цаг үеийнхээ өнгө төрхийг тун гярхай харж зохиол бүтээлээ туурвидаг ажээ. Амарсайханы “Ногоон толгой” гэдэг шог өгүүллэгийг уншихад цоо шинэ уран шог санааг дэвшүүлсэн байдаг. Толгойгоо гээнэ гэдэг бараг хүн бүхний л амны уншлага. Гэвч Амарсайханы тэр өгүүллэгт толгойгоо гээснээр амьдрал дээр хожиж байгааг дүрсэлжээ. Тийм юм гэж байх уу? гэвэл Амарсайханы өгүүллэгийг уншихад байж л таарлаа. Ногоорч тэнэгттэлээ архи ууж явдаг нэг нөхөр аль байдгаа гээгээд сүүлдээ толгойгоо ч гээжээ. Толгойгоо эрээд олсонгүй. Харин толгойгүй юм чинь толгой ангалзаж, шартана гэж байсангүй. Архины найзууд нь ирж шараа тайлахад нэгд амгүй, хоёрт өвддөг толгой нь байхгүй юм чинь уусангүй. Ингээд ажил дээрээ тогтвортой сууж, сайн алдрыг олжээ. Архины найзууд нь ч уулзахаа больжээ. Одоо болохоор тэр муу ногоон толгой битгий л олдоосой гэж хүсэж суудаг гэнэ.
Амарсайхан зохиол шог өгүүллэгийнхээ уран санааг тун чамбай бодож олжээ. Тэрбээр Монголын хошин шог бүтээлийн индэр болсон “Тоншуул” сэтгүүлд ажиллаж адармаа ихтэй шог хошин урлагт дурлаж шог зураг, шог зохиол туурвиад л байна. Олон жил урлагт авьяас билгээ зориулсан ахмадууд нь түүний бүтээлийг маш их үнэлдэг юм билээ. Төрийн шагналт зохиолч, зураач Ц.Доржготов “Амарсайхан гэдэг бидний туурайг хатаах сайн хүү “Тоншуул”-д гарч ирлээ” гэж ярьж явсан байхад, нэрт яруу найрагч, шог зохиолч И.Цэрэнжамц “Бидний хойч үе гараад ирж. Жишээлбэл, энэ Алтангэрэлийн Амарсайхан Тоншуулын Доржгогов юм уу даа. Өгүүллэг бичнэ, бас зурна” гэсэн байдаг юм билээ. Насны нар нь хэлбийж хэр баргийн юм санаанд нь таарахаа больсон тэр зөрүүд егзөр ахмад буурлуудад тоогдоно гэдэг тун ховорхон заяа биз ээ. Нөгөө талаар Амарсайханы бүтээлийг үнэлсэн том үнэлэлт болой.

Ц.БАЙДЫ
/"Улаанбаатар Таймс" сониноос/

Thursday, August 30, 2007

НОГООН ТОЛГОЙ

(өгүүллэг)
Өглөө сэртэл нэг л биш. Уул нь толгой янгинаж, дагз минь лантуугаар балбачихсан мэт өвдөж байдагсан.
Гэтэл өвчин огт мэдрэгдэхгүйгээр барахгүй хоосон оргих нь эвгүй. Сурсан зангаараа гал тогоо руу очиж ус залгилах санаатай өндиймөгц толинд тусах өөрийн дүрсээ хараад зог туслаа.
Еэ базарваань! Толгой минь байдаггүй ээ. Тэгсэн хэрнээ би толгойгүй мухар биеэ харж байх нь аймшигтай. Тэмтэрч үзлээ нээрээ алга.

-Аа аа, аа аа! Муухай бархирсаар буцаж орон дээрээ уналаа.
-Яав чи чинь, галзуурав уу? Хүүхэд айлгачихлаа гээд авгай угаалгын өрөөнөөс гүйж ирлээ.
-Чи харахгүй байна уу? Миний толгой алга!
-Хн! Ногоорч яваад л хаячихаа биз. Малгайгаа хамт гээгээгүй нь л яамай.

Миний дотор харанхуйллаа. Ийм л хүнтэй би арван жил ханилсан байна шүү дээ. Байтлаа толгой минь нэг муу үрчинхий үнэгний арьснаас дор болж таарах нь. Шулмын цаад шулам байж дээ гэх бодол цээж урлаа.
-Чиний толгойг нохой ч тоож шиншлэхгүй. Өрөөнд чинь л архичдын шүлс цэртэй холилдоод хэвтэж байгаа биз гэж цааш үглэхийг нь муухан сонсож, “Муу шулам эмгэн, бүр шүүр унаад нисдэг эмгэнээс ч долоон дор, үзээрийн муухай эмгэн” хэмээн дотроо харааж байсан ч гадагш гаргаж хэлж чадахгүй хэвтлээ.
-Хөөш, босооч чи! Үйлчлэгч шүүрдээд, хогийн саванд хаячихаас нь өмнө тэр өмхий ногоон толгойгоо олж аваач! гээд муу шулам чинь ширүүлж байна. Арга буюу босч хувцаслаад гарлаа.

Ажил дээрээ ирээд, навсархай өрөө рүүгээ орж, хайлаа. Байдаггүй ээ. Дөрвөн хөллөж байгаад ширээн доогуур сайн гэгч харлаа. Өрөөний муу дэвсгэрийн тамтаг дээгүүр нээрээ л бөөн шүлс цэр, тамхины иш үнс, архины бөглөө хөглөрсөн байдгийг анх удаа л анзаарлаа. Толгой минь алга аа.
За байз, өчигдөр чинь яалаа. Хамгийн сүүлд улаан Бадарч, бөглөө Сүхээ хоёрын авчирсан юм дуусч, ганц юм нэмэхээр бодол болж байсан бүүр түүр санаанд орж байна.
Бадарч руу залгалаа.
-Байна уу? Ёо, ёо. Хэн бэ?
-Би байна аа. Хөгшний чинь толгой байдаггүй ээ. Өчигдөр би өрөөнөөс яаж гарсан бэ?
-Юу? Ямар өрөө?

-Үгүй ээ. Манай өрөө л байхгүй юу.

-Нээрээ тийм билүү? Ёо, ёо. Шар, юу яах юм байна уу, үхлээ.

-Чи бушуу хүрээд ир. Хурдал гэм!

Улаан Бадарч, бөглөө Сүхээ хоёртойгоо нийлж үдээс өмнийн турш муу толгойгоо хайлаа. Олдохоосоо өнгөрсөн бололтой. Өрөөндөө буцаж орж ирээд хоёр үлхийсэн найздаа ганц шил юм задаллаа. Бөглөө Сүхээгийн магнайд хөлс бурзайгаад,

-Тэр муу толгой хаачаа л гэж. Олдоно. Миний найз олон юм бодолгүй шараа тайл гэж байна.
-Амгүй юм чинь яаж уухым? Юүлүүр авчраад юүлчих л дээ! гэж би дүрсхийлээ.

Нээрээ бодоод байхнээ нь толгойгүй юм чинь юу өвдөж, юугаараа шартах вэ дээ. Шил юмаа дундруулж халж байгаа хоёр найзаа харж суухаас биш надад хазахын заяа байхгүй болсон байлаа.
Хэд хонолоо. “Ногоон Лууяа согтуу явж байгаад толгойгоо гээсэн гэнэ” гэж аймаг даяар шуугив. Зарим нь бүр “Цаад ногоон чинь лонх хятад спиртээр толгойгоо өгчихсөн байхыг сийхгүй” гэж хүртэл цуурсан нь эхнэрийн чих дэлссэн байлаа.
Манай өрөөгөөр архины найзууд хөлхөх нь цөөрсөөр. Бүр улаан Бадарч, бөглөө Сүхээ хоёр ч үзэгдэхээ болилоо. Аргагүй шүү дээ. Би хүнтэй адилхан толгойтой, уух амтай биш дээ. Дэмий л ажлаа халтарлаж, гутарч суух боллоо.
Өрөө нэг ч тамхины ишгүй, дэвсгэр дээрээ ганц ч толбогүй цэмцийсэн ч нэг л уйтгартай.
“Өнөөх Лууяаг чинь ногоон толгой нь л уруу татаад байж. Одоо бүр төрөл арилжсан гэнэ шүү” гэж цуурцгаах болов. Хурал болгон дээр миний архи уусан тухай авч хэлэлцдэг байсан бол одоо магтаж эхэллээ.
-Тэр муу ногоон толгойг март гэж авгайг хэлэхэд нь миний уур хүрдэг байснаа сүүлдээ “Үгүй, нээрээ ч юм уу” гэж бодогдох болов. Хөдөлмөрийн аваргын тууз зүүж, аймгийн онцлох есөн хүний тоонд орж монцойдог юм байна. Нэг их удалгүй Төрийн захиргааны тэргүүний ажилтан цол тэмдэг, дараа нь Алтан гадас одонгоор энгэр цоолов.
-Хөдөлмөрийн баатар ч ойртлоо шүү гэж эхнэр баярлана. Тэр муу ногоон толгой гай болж нэг газраас гараад ирэх вий дээ гэж би харин айна.
Өглөө сэрэх бүрт нэг л биш мэдрэмж төрөх нь арилж өгөхгүй ч бушуухан энэ муу ёрын мэдрэмжээ бодлоосоо үлдэн хөөгөөд, “Бурхан минь, тэр муу ногоон толгойг хаа нэгтээ хэвтэж байвал чононд идүүлж хайрла” гэж залбирдаг болов.

Saturday, August 11, 2007

ШАЛГАЛТ

(шог өгүүллэг)
Дондог багшийг өглөө гэрээсээ гарахад авгай нь:
-Миний өвгөн, ээ дээ, биеэ бариарай гэж дахин дахин захиж байлаа. Түүний мэдлэгтэй сайн багш болохыг бүгд хүлээн зөвшөөрдөг хэдий ч сүүлийн арван жилд хорин сургууль дамжчихаад байгаа хүн. Золигийн шалгалтаас болж л сургуулийн хаалгыг тас савчихдаг зуршлаа өнөөдөр цэглэхээр шийдэв. ”Алийн болгон амьтанд адлуулж явахав. Энэ сургуульдаа цаашдаа суурьшиж ажиллая” гэж Дондогт бодогдлоо.
Шалгалт эхлэхэд Дондог ”биеэ л барих юм шүү” гэж өөртөө дахин дахин шивнэж байлаа. Хамгийн түрүүнд гал Гэрэлээ гэх, сурлагаар ч, урлагаар ч галтай охин инээмсэглэсээр босож ирлээ.
-Билет арван гурав, Шүүх хурлыг хойшлуулах... гэж эхлээд овоо дуржигнах аядсанаа мэддэг орос хэл дуусав бололтой таг боллоо. Нэмэлт асуултад хариулж чадсангүй. Ангидаа толгой цохидог сурлагатайг нь бодоод Гэрэлээд зуун оноо тавих ёстой боловч хуруу нь хөдөлж өгөх биш. Шүдээ чихартал зууж, хуруугаа нужигнатал хүчилж байгаад 95 ”А” гэж тавилаа. Гэрэлээгийн нүд томрон гайхаж байснаа царай нь хувьсгээд хаалга саван гарав. Түүний араас сурлага урлагт биш ам хэлэнд галтай Сувдаа босож байна.
-Хичээл ярихгүй шууд дүнгээ авна гээд толгойгоо хаяллаа.
-Юу...? гэх зуур Дондогийн гар чичирч, шүд шажигнан зуурч ирсэн боловч биеэ хүчлэн барилаа.
-За яагаад тэр билээ? гэж асуулаа. Сувдаа хэнэг ч үгүй толгойгоо хаялсаар жалир жалирхийлгэн бохь зажилж байх агаад,
-Ном авсан хүүхдүүдэд шууд ”ная бий” тавьдаг юм ш дээ гэж хэлээд бохио тасхийлгэн дуугаргав. Тэр өмнө энэ хичээлийг зааж байсан Ганаа багшийн номыг дөрвөн мянгаар авсан юм санж. Сувдаагийн сурлагын дэвтэрт 80 ”В” тавьж байхуйд гарын арван хуруу нь гадаа гудамжинд яваа хүнд дуулдахаар нужигнан дуугарч байснаар барахгүй гарын үсэг зурахад дэвтрийн цаас ширхийн урагдлаа.
Дондогт ”өнөөдрийн шалгалтыг яагаад ч давшгүй нь” гэх бодол зурсхийв. Дотроо буцалж буй уур хорслыг нуун оюутнуудын өмнө төв царай гаргахыг хичээлээ. Хартал Баатар босоод түүн рүү алхаж явна. “Энэ одоо яаж халаадаг бол!” гэхээс дотор арзганалаа.
-За, Баата-а-р! Нээрээ бэлэн гэж үү? гэж асуувал, Баатар нэрэндээ хэтэрхий жижигдсэн бор хүү өмнөөс зориг муутай харлаа. Оюутнууд ”яах нь вэ?” гэсэн байртай хаалганы завсраар шагайж, чих тавин чагнаж, бие биенээ нударч байгааг Дондог багш зөнгөөрөө мэдэрч байв. ”Хоёрдугаар дамжаанд дөнгөж арван гурван оюутан үлдсэн. Хүүхэд унагааж хэрхэвч болохгүй” гэх захирлын үг чихэнд шуугина. Юу ч мэдэхгүй, мулгуугийн цаад мулгуу, оюуны хомсдолыг унагаад өгөх юмсан гэх аазгай дотор загатнуулж байсан ч тэр яаж ч чадахгүйгээ мэдэж байлаа!
-Эрх зүй гэж.., зүйг хэлнэ... гээд Баатар таг боллоо.
-Ямар зүйг хэлнэ гэнэ ээ?
-Нөгөө юу яадаг.., юм оёдог зүү..! Билет сугалаад асуултаа бичиж суусан гурван оюутан түсхийтэл инээсэн бол Дондог дэмий л санаа алдлаа. Баатарын сурлагын дэвтэрт 60 ”D” гэсэн дүн тавьж байхдаа гар чичирч байсан ч итгэмээргүй тайвширчихсан байлаа. Тэгтэл өнөөх чинь нүдээ бүлтийлгэчихсэн,
-Багш аа, би ном худалдаж авсан шүү дээ гэж байна.
-Юу..? гэвэл,
-Бас баяраар танд бэлэг авахад тал мөнгий нь би гаргасан..! гэх нь тэр. Дондог өөрийн мэдэлгүй,
-Гар зайл! Муу оюуны хомсдол! хэмээн чарлачихсан байлаа. Дараа нь бас нэг гай нь таталдсан амьтан хүрч ирж 0 ”F” дүн тавиулаад гартал түүнтэй зөрөн сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгчээ дагуулан харайн орж ирлээ.
-Нэг хүүхэд унагана гэдэг чинь, сургууль дөрвөн зуун мянган төгрөгөөр хохирно гэсэн үг шүү дээ, Дондо-о-г гэж байна. Эрхлэгч захирлын үгэн дээр хошуу нэмж,
-Гэрэлээ ”өөр сургуульд шилжинэ” гэж уйлж над дээр ирсэн. Манай шилдэг оюутныг ингэх гэж байх уу?.. гэснээ уруул нь өмөлзлөө.
Дондог сургуулийн хаалгыг тасхийтэл саван хаалаа. Уур нь орой болтол гарсангүй. Үдэш авгай нь түүний дуртай цэцгэн буузыг хийн аргадаж, ”Монголд хуулийн дээд сургууль мундсан биш, өөр нэгэнд нь орчихно шүү дээ” гэж тайвшруулж байлаа.

Monday, August 6, 2007

НАЙДВАРТАЙ НЬ ДЭЭР

/шог өгүүллэг/
“Найдвартай нь дээр” гэдэг үгийг Монголд та дэлгүүр хоршоо, гудамж талбай, хөдөө гадаа, хаана ч сонсоно. Эрс тэс уур амьсгалтай, түүнийгээ дагаад хүн мал, зам харгуй, төр засаг нь хүртэл эрс тэс болчихсон орон учир ингэж ярихаас өөр аргагүй.
Балдан гуай найр хийхээр тооцоо хийж байна.
-За манайх чинь байз өө.., хоёр талын жаран зочин залах юм байна. Хүний нэгээр бодож, жаран шил архи бэлдэнэ ээ хө гэнэ. Тэгснээ л,
-Ээ, найдвартай нь дээр, зуун хорин шил архи базаадаг хэрэг! гэж хаширлана.
-Амьтны өмнө нүдний булай болж байхаар, тэр нь дээр гэж самган нь хүч нэмэгдүүлнээ болоогүй. Эцэст нь тэд хүний арваар тооцож зургаан зуун шил архи авахаар болно. Найдвартай нь дээр шүү дээ.
Миеэгомбо гуайн хүү Энхболдоор толгойлуулсан засгийн газар “Найдвартай нь дээр” хэмээх энэ зарчмыг ягштал мөрдөнө. Тэд:
-Ажилгүйчүүдийн тоо гучин хэдхэн мянга байгаа. Бид ажилгүйдлийн түвшинг тогтоон барьж чадлаа гэж сонгуулийн тойрогтоо очих бүртээ урнаар донгоддог. Тэгэх мөртлөө “Наян мянган ажлын байр бий болгоно” хэмээн зорилт тавина. Тойргийнх нь ард түмний толгой ёстой л “тойрог” болтлоо эргүүтнэ. Гучин мянган ажилгүй хүнтэй гэх, тэгсэн хэрнээ наян мянган ажлын байр гаргана гэх..? Ерөнхий сайд “найдвартай нь дээр” гэж байгаа юм байна аа л гэж ойлгоно.
Арван настай хүү хонио хариулахаар гарч байна. Эцэг нь хөмсгөө атируулан, бүртийх ч үүлгүй тэнгэрийг удаан гэгч шинжээд,
-Мөндөр цохиж мэднэ, найдвартай нь дээр гээд, хүүдээ хөвөнтэй дээл хөдрүүлнэ. Уг нь бол сүүлийн гурван жил мөндөр байтугай борооны ганц дусал ч унагаагүй тэнгэр шүү дээ. Хүүгийн эх тэндээс,
-Уул нь дөчин хэм хална гэсэн. Цаг уурынхан худлаа донгоссон байгаа дөө! гэж хошуу амаа билүүднэ. Ингээд л найдвартай нь дээр зуны дөчин хэмийн халуунд гурван давхар хөвөнтэй дээл өмсгөнө дөө.
Эрс тэс уур амьсгалтай Монголд “Тэс эсвэл үх” гэсэн хууль үйлчилнэ. Татвар буурлаа л гэнэ. Үйлдвэрийн захирал Дандар гуай хөмсгөө зангидан удаан гэгч бодол болсноо,
-Гэнэтийн ашгийн татвар авчихаж мэднэ! Орлогоо тас нууя, найдвартай нь дээр гэнэ. Ня-бо шаримгар шар бүсгүй нь нүдээ эргэлдүүлснээ,
-Ээ дээ, захирал минь найдвартай нь дээр, бүр алдагдалтай ажилласан болж тайлан тэнцлээ гаргах уу гэж ташуур өгнө.
Балбар гуай хороон дээрээ очиж түлээний бичгээ авчээ. Тэр дотроо “Тэс эсвэл хөлд” хэмээн үглэж байснаа, охин руугаа нухацтай харна.
-Ээ дээ, нэг л биш бүтэх л байгаа даа? Найдвартай нь дээр, хорооны даргыг таньдаг хүн юу билээ? хэмээнэ. Самган нь үүнийг сонсоод,
-Тэг охин минь, Дорж ах руугаа утасд гэснээ,
-Найдвартай нь дээр, лам багшдаа очиж даатгуулъя байз гээд таягаа шүүрэн гарч ниснэ.
Цэцэрлэгийн багш хүүхдүүдээр тоо бодуулж байна.
-Болд оо, ангид дөрвөн хүүхэд байжээ. Хэдэн сандал хэрэгтэй вэ?
-Тав багш аа!
-Хүүе ээ, яагаад тэр вэ?
-Багш аа, найдвартай нь дээр. Дутчихвал яах вэ? Ингэж хэлэхийг сонсоод багш: “Нээрээ найдвартай нь дээр, энэ жил ангидаа ахиухан сандал цохуулж авна аа” хэмээн бодол болно.
Долоон буудлын Долгор эмээд дуудагдаж ирсэн түргэний эмч:
-Та даралтны эмээ хоёрыг л давхарлаж уугаарай за юу гэж захихдаа дотроо “Найдвартай нь дээр, даралт нь буухгүй бол төвөг” гэж бодно. Эмээ эмчийг гарсны дараа,
-Найдвартай нь дээр, нилээд хэдийг уучихдаг хэрэг ээ гэж өөрөө өөртэйгөө ярингаа, хэдэн эм шүүрч аваад гөпхийтэл залгиж орхино. Ингээд л удалгүй дахиад л түргэн дуудна. Түрүүхэн л даралт ихэдлээ гээд дуудуулсан Долгор эмээ даралт цочир буурснаас ухаан алдаж унасан болохыг түргэний эмч үзээд нүд нь орой дээрээ гарчихна.
Ингэж л бид амьдарч байна даа. Өглөөд би “Зам түгжирч магад. Найдвартай нь дээр” гээд үүрийн дөрвөн цагт ажилдаа гардаг. Авгай харин, “Халаасны хулгайч хэцүү шүү! Найдвартай нь дээр, мөнгөө богино өмдөндөө нуу” хэмээн үглэсээр хоцордог доо.

Wednesday, August 1, 2007

Лайтай амьтан

(шог өгүүллэг)
Том дарга нар манай хэлтсийнхнийг “архичид” гэж нүд үзүүрлэнэ. Дарга цэрэг нь ялгагдахгүй эвтэй найртай болохоороо бид тэдэнд тэгж харагддаг юм л даа. Даваа гаригийн өглөөний хурал эхлэхэд манай дарга:
-Нөхөөд! Өнөөдрөөс эхлэн ажлын цагаар шар тайлахыг таслан зогсооё. Цаана чинь, дүүрэг даяар манайхныг ярьж байна гэх боловч хурлын төгсгөл рүү толгойгоо даран ярвайж байснаа,
-Үхэх нээ, ёо ёо. Алив, Болд оо, хүү минь ухасхий! Ганц юм олоод ир. Жижүүрт мэдэгдчихэв ээ гэнэ.
Ингэж он жилийг өнгөрөөж байтал хамт олны маань дундаас ногоон Гонгор тасарч, цойлдог боллоо. Түүний ааш авир өдөр хоногоор хувирч, бидэн рүүгээ “хар, яр” гээд байх болсон төдийгүй охид бүсгүйчүүдийг үсдэж чарлуулан бөөн хэрэг тарина. Даваа гаригийн хурал дээр дарга ярьж бид сонсдог байсан бол одоо Гонгор хаван гүйсэн царайгаа мэнчийлгэн:
-Муусайн шаарнууд, та нар юу юм? Надаас бусад нь архи уудаггүй юм уу, аан! хэмээн агсарна. Бид юун шараа тайлах манатай. Түүнийг аргадах гэж үйлээ үзнэ. Тэр бидэнтэй уухаа байснаар барахгүй хуулийн хэлтсийн согтуу Лууяа, төрийн санд ажиллаж байгаад хусагдсан улаан хамар Дорж мэтийн хүнд гаруудыг өрөөндөө цуглуулах боллоо.
Хамт олноороо эвтэй найртай байхад анзаарагддаггүй байж дээ. Одоо Гонгорыг орж ирэхэд “хоносон архи”-ны бөөлжис хутгам үнэр, хямд янжуурын нялхийсэн заваан бохь холилдон хонгилоор нэг ханхална. Цоожны нүх арайхийн олж, салгалсаар өрөөгөө онгойлгоход нь шүлс цэр, тамхины үнс болсон шал хальт харагдсанаа хаалга тасхийнэ.
-Энэ лайг яана даа гэснээ дарга толгойгоо сэгсрэн бодол болно. Бид бүгд нэг л мэдэхэд нийтээрээ архинаас жигшчихсэн байлаа! Он солигдоход манай хэлтэс дүүргийн тэргүүний хамт олноор шалгарав. Засаг дарга индэр дээрээс:
-Дутагдалдаа дүгнэлт хийж, архидан согтууралтыг ерэн дөрвөн хувь бууруулсан үлгэр жишээ хэлтэс хэмээн биднийг магтаад, даргад өргөмжлөл гардууллаа.
Орой нь бид даргын өрөөнд өргөмжлөлөө угаахчаа болов. Сэрчим өргөсөн хэдэн дуслыг тооцохгүй бол ширээ дүүргэн өрсөн архи дарс дундарсангүй. Дэмий л дүлий дүмбэ оргин сууцгаав. Өнөөх нялхийсэн заваан үнэр ханхийн ногоон Гонгор орж ирж, согтуу нүдээ эргэлдүүлэн,
-Муусайн шаарнууд, та нар юу юм? Надаас бусад нь архи уудаггүй юм уу, аан! хэмээн агсарлаа. Бид Гонгорыг аргадаж, ганц шил юм тэврүүлэн өрөө рүү нь оруулаад тарцгаав.
Даваа гаригийн хурлыг Гонгор өнөө л хэдэн үгээрээ нээнэ. Түүнийг аргадан, шилний шавхруу өгч гаргаснаар санаа түр амсхийнэ. Дарга Гонгорын тас саваад гарсан хаалга руу хялам хялам хийнгээ:
-Бусдыг нь архинаас жигшүүлэх гэж бурхан ийм хүмүүсийг ертөнц рүү илгээдэг юм аа даа, хөөрхий хэмээн үгээ эхэлснээ хэнгэнэтэл санаа алдана. Хүн төрөлхтөний сайн сайхны төлөө лайгаа эдэлж яваа Гонгорыг бид өрөвдөн шүүрс алдана. Дарга цааш үргэлжлүүлэн:
-За Болд оо, чи залуу хүн, юу алзах вэ. Цаад лайтай амьтныхаа ажлыг өөрийнхтэйгээ давхар амжуулаад байна шүү дээ. Манайх энэ жил нийслэлийн тэргүүний хамт олонд горьдлоготой байгаа шүү гэдэг боллоо.

Tuesday, July 24, 2007

ҮНЭР

(шог өгүүллэг)
Би тушаал дэвшиж хэлтсийн ахлах мэргэжилтэн боллоо. Чухам энэ суудлын төлөө яаж гүрийсэн гээч. Таван жил даргын дэргэд нэг ч удаа архи амсаагүй. Ажилдаа ганц хором ч хожимдож үзээгүй. Хэлтэст тавын таван зэгзгэр амьтан байгаа хэр нь нэг ч удаа гэр бүлийн асуудалд орооцолдолгүй явж иржээ. Дэвшсэний маргааш бичээч Должингийн хүү гэрлэж, хамт олон цайллаганд уригдлаа. Орлогч дарга надад дэвшсэний төлөө урмын үг хайрлаад,
-Болд оо, хүү минь ахлах болсон юм байна, нэг татчих хэмээн догиов. Би дотроо “Даргын дэргэд хальт гишгүүлэх нь. Тэгдэг байх аа” гэж муу санааллаа.
Манайхан надаас илт эмээх болсон нь мэдрэгдэж, өөдрөг сайхан байсаар хэд хонолоо. Нэг өглөө миний хар багын найз Лутхүү шил “Чингис” тэвэрчихсэн халамцуу орж ирлээ. Манай ангиас баян цатгалан гайгүй яваа цорын ганцхан хүн. Энэ жил нутгаасаа Улсын их хуралд сонгогдсоныг нь зурагтаар харж баярлаж сууснаас биш ингээд ороод ирнэ чинээ санасангүй. Барьц алдав.
-Ма-анай а-а-ажил дээр юм ууж болохгүй журам… гэж би ээрлээ. Хэн нь очоод алтан хошуу өргөчихсөн юм, дарга ороод ирчихсэн ард зогсож байна. “Би ч ингээд өнгөрлөө. Албан тушаал будаа” гэж бодогдлоо.
-Хүүе Болд оо, чи юу гэх чинь энэ вэ? Зочноо дээш нь суулга гэж дарга ориллоо. Багын найз минь хойморт заларч тэр өдөр манай хэлтсийнхэн бид хоёрын унаган нутаг Баян-Уул сумаар амьсгалав. Би халамцаад, хамт хурдан морь унаж явснаа дурсвал, Лутхүү маань цангинатал гийнгоолж байна. Өдөржин уртын дуу хадааж, хундага тавилгүй сархад хүртэж, хутга тавилгүй мах зооглолоо. Дарга минь:
-Эрхэм гишүүн, манай Болдоо хоёрын буянд хамт олны магнай тэнийв. Хорин жилийн ганд хатсан говьд бороо зүсрэх мэт боллоо гээд нулимсаа арчлаа. Миний ч бас хамрын самсаа шархираад явчихлаа.
-Таван жил ажиллахдаа ийм хамт олонтойгоо мэдээгүй явж гэж хэлэх гэтэл нүдний нулимс бүрхэж, хоймор суух найз, дарга хоёр минь аадар борооноор цонхны цаана суух мэт мэлэлзэн харагдав.
Энэ явдлаас хойш би хорвоог улам өөдрөгөөр харах боллоо. Өглөө өрөө рүүгээ орж ирээд хамт олноо тойруулан харах дэндүү аз жаргалтай санагдаж, бүгдийг нь барьж аваад үнсчихмээр бодогдоно. Тийм нэгэн бал бурам амтагдсан өглөө өнгөрч байтал ахин нэг баяр тохиов. Миний багын бас нэг найз орж ирлээ. Уулзаагүй мөн ч удаж дээ. Хар багын найз Багахүү минь шил “Чингис” өврөөсөө зориг муутай цухуйлгаад,
-Дарга даамлууд чинь аашлахгүй байгаа?.. энд болох уу гэж байна.
-Хүүе, чи юу гэх чинь энэ вэ? гэж би эртүүд дарга яасан яг түүн шиг ориллоо.
-Манай дарга гэж гүндүүгүй сайхан хүн бий. Даанч хөдөө явчихсан байгаа л даа, маргааш ирнэ гэснээ орлогч санаанд орж, урьж ирүүлэхээр хүн явууллаа. Орлогч гадуур ажилтай байсан тул би хойморт Багахүүтэйгээ заларч найр эхлүүлэв. Багахүү минь нөгөө ангийн нусгай Долзодтой дэр нийлүүлж, гурван зуугаад богтой тов хийтэл амьдарч яваагаа ярьж нутгийн бууц үнэртүүлэхэд нь, хэд хоногийн өмнө манай ангийн Лутхүү ирж гийнгоолсон тухай сонин дуулгалаа. Багахүүгийн нүд нь сэргээд ирлээ. Тэгэлгүй яахав дээ, бид гурав үй зайгүй өссөн юм чинь.
-Лутхүү минь Ерөнхийлөгчийг дагаад гадаадад яваа. Хэрвээ байгаа бол утас цохиод дуудчихгүй юу гэвэл Багахүүгийн минь нүд бүр гэрэлтэж,
-Би мэдээд байдаг байсан юм аа. Лутаа минь удахгүй Ерөнхийлөгч болно харж л байгаарай гэж байна. Хэлтсийнхэн дахиад л Баян-Уул сумын тухай ярианд автаж, “пөөх ямар гоё вэ” хэмээн эртүүдийнх шигээ дуу алдацгааж эхэллээ. Хэдэн ч шил архи зөөлгөсөн юм, хэдэн ч уртын дуу дуулсан юм бүү мэд. Нэг ухаан орвол орлогч ирчихсэн орилж байх нь нэг ойртож нэг холдон сонстож байсан юм.
Маргааш өглөө нь үлхийтлээ шартчихсан амьтан сууж байтал хурал хийхээр болоод пижигнээд явчихлаа. Дарга босож, хоолойгоо сүр бадруулан засаад,
-Миний эзгүйд, ажлын байранд архидсан ахлах мэргэжилтэн нөхөр Болдын тухай өнөөдрийн хурлаар авч хэлэлцэнэ гэхэд нь би нугдгасхийтэл цочив. Орлогч архины шилээр дүүргэсэн сагсыг дээр өргөн олонд харуулснаа хамраа чимхээд,
-Ийм юм гэж байх уу? Албан тасалгаанаас ямар муухай үнэр гарч байна гээч? Энэ балиар үнэр сарын дараа ч арилахгүйдэг ээ гээд толгой сэгсрэн шогширч байна. Ингээд ажлын байранд архидалт зохион байгуулан, архины үнэрийг албан тасалгаагаар нэг тархааж, байгууллагын нэр төрийг гутаасан миний бие хатуу донгодуулж, ахлах мэргэжилтний суудал дээрээсээ арай л ховх шидүүлсэнгүй хоцорлоо. Ингэж л би Эрхэм гишүүний уусан архи үнэртдэггүй, энгүүн ардынх бол албан тасалгааг нэгширтэл үнэртдэг болохыг хэзээ ч мартахгүйгээр ойлгож авсан хүн дээ.

Monday, July 16, 2007

ТАРВАГА

(өгүүллэг)
Надаас өндөр хүн манай эмнэлэгт бүү хэл аймагт байхгүй. Хэн ч харсан намайг нүд дүүрэн ханхар эр гэж хэлмээр. Үгүй тэгтэл намайг тарвага гэж хочлоод байгаа юм даа. Тэмээ, анааш ч юм уу, бүр кинг конг гэсэн ч болох шүү дээ.
Өчигдрөөс хойш авгай санаа зовсон харцтай,
-Тарвага царайлчихаад, битгий хошгирчихоорой! Тас гүрийгээрэй, за юу! гэж надад гуйх загнах хоёрын дундуур захиж байсан юм.
Би даргын өрөө рүү орохдоо шүдээ тас зууж, биеэ хөвчиллөө. Дарга шал худлаагаасаа, найрсаг гэгч нь,

-Ийшээ суу, Даваа. Танай тасгийн ажил давгүй шив дээ гэснээ, аймгийн дарга нар ирэхээр үзүүлдэг тавагтай чихрээ гарган тавьж байна. Би дотроо “Тэгнэ байх аа чи” гэж яргаад,

-Доржийн эмнэлэг над хоёр зуун мянгын цалин амласан. Тэгэхээр, баяртай дарга минь! гээд цонхоор харагдах хөвсгөр үүлний дээд үзүүр өөд харцаа шидэн гэдийлээ. Дарга:

-Хүү минь чи сайн эмч. Бид чамайг эрүүл мэндийн тэргүүнд тодорхойлсон. Энэ жил тэргүүн биш юм гэхэд яамны жуух баталгаатай гэж байна.
Би түүн рүү “Наадах нь чинь хуучирсан мэх, өмнө гурав унасан, одоо гэнэдэх өнгөрсөөн!” гэсэн харцаар харлаа.
-Миний толгойны буурлыг хар! Хэдхэн жилийн дараа чи энэ суудалд суулаа ш дээ! гээд дарга өрөөгөө тойруулан харж байна.
“Цаадах чинь тийм мэх хийж магад. Дотрын тасгийн эрхлэгч Хүрэл, сэхээний Дунгармаа хоёрыг ч бас тэгж байгаад торгоосон юм гэнэ лээ шүү” гэж эхнэр захисан болохоор, дотроо түс хийтэл инээгээд, дарга руугаа доогтой харлаа. Хөөрхий минь санаа алдаад, харц нь шал руу унаж байна аа. “Ингээд далаараа нам даруулав уу чи. Муу хөгшин төгцөг” гэж би дотроо баяслаа.
-Ээ дээ хүү минь, хувийн эмнэлэгт очно гэдэг чинь баян хүний зарц болноо гэсэн үг гэж арга барагдсан өнгөөр хэлэхэд нь миний дотор нэг юм огшоод явчих нь тэр! “Очиж очиж муу Доокоогийн зарц болох гэж үү!” гэж бодогдлоо.
-Хиг-хого-хого, хиг-хого-хого! Өөрийн мэдэлгүй хошгирч эхэлвээ. Дарга минь, хайр хүрмээр нүдэнд дулаахан болсон харагдана.
-Чи мэс заслыг урлаг болтол эзэмшсэн хүн. Мэс заслын урлаг чамаар дутна! гэж тэр дайран дээр давс нэмлээ.
Яг л даарсан хүний зогьсоо зогсдоггүйтэй ижил золиг юм болохоор, орой гэртээ ирэхэд, хүч суларсан хэдий ч хошгироо маань “хиго-хого, хиго-хого-хого” үргэлжилсээр. Авгай хаалгаа нээж, намайг хармагц,

-Чи даанч яав даа. Ингэдэг л хүн шүү дээ, энэ чинь гээд, хоёр хүүг хүргэж ирсэн бололтой дэргэдээ зогсох ээж рүү минь харж байна. “Эвий миний муу мөндөл, хошгир хошгир” гэсэн харцаар ээж минь намайг энхрийлээд гарч явлаа.

-Шинэ гутал авах минь ингээд өнгөрлөө. Жаран мянган төгрөгөөр чинь цагаалж хүрэх үү? Амьтны нүүр яаж харъя гэж бодож байна? гэснээр эхнэрийн үглэж дуулах эхлэв.

-Чи бол алтан гартай мэс засалч. Хаа холоос өвчтэй зовлонтой ардууд чамайг л гэж ирдэг шүү гэж дарга хэлсэн гэвэл, авгай зог туссанаа,
-Нээрээ миний хөгшнөөр хагалуулах гээд зэргэлдээ аймгаас хүртэл хүмүүс ирж байгаа шүү дээ гээд нүд нь өөр болж байна.
-Тэр холоос зориод ирэхэд нь хувийн эмнэлэгт орчихсон өмнөөс нь мөнгө нэхээд зогсоно гэдэг... гээд санаа алдвал авгай минь бүр бодолд орчихож.
-Анагаахын дээдийн шилдэг онц сурлагатан нь явсан байтлаа, хэл амтай дунд төгссөн Доокоогийн зарц болох гэж зүтгэсэн байна шүү дээ би чинь! гэсний дараа авгай:
-Хиг-хого, хиг-хого-хого! гээд сулхан ч гэсэн хошгирч эхэллээ шүү! Заяаны хань нэгэндээ уусдаг гэдэг энэ юм даа, хөөрхий.
Оройн хоолны дараа хүү минь:
-Аав аа, ээж өчигдөр миний хүү удахгүй унадаг дугуйтай болно гэсэн. Одоо тэгээд өнгөрлөө гэсэн үг үү? гээд жулганаж байна.
-Аав нь, хажуу айлын Жамба өвөө, Дулам эмээ хоёр шиг нь зовсон хүмүүсийг эмчлэх л гэж цалин багатай ажилдаа үлдэж байгаа юм. Тийм хүмүүст чинь мөнгө байхгүй шүү дээ гэлээ. Тэгээд би хоёр хүүдээ өөрийнхөө зүрхийг сугалан хүмүүсийн замыг гэрэлтүүлж өгсөн Данкогийн үлгэрийг уншиж өгөөд, зурагтаа асааж мэдээ харахаар суулаа. Нэг анзаартал, -Хиг-хого, хиг-хого, гэх сулхан хошгироо чих дэлслээ. Эргэж харвал хоёр хүү минь зэрэгцээд суучихсан хошгирч байна.
-Удам гэдэг хэцүү юм аа. Том болоод, чам шиг бага цалинтай ажил хийх байх даа гэж эхнэр хэлээд санаа алдлаа.

Tuesday, July 10, 2007

ХЭРВЭЭ ТЭД КОМИСС БОЛБОЛ

(наадмын наргиа)

Нэг. БӨХИЙН КОМИСС
Эрийн гурван наадмын топ төрөл бол бөх. Тийм ч учраас Ерөнхийлөгч Энхбаяр бөхийн комиссыг толгойлох нь мэдээж. Урьд өмнөх наадмуудад бөхчүүдийн хэн нь ч хамаагүй түрүүлдэг байсан бол энэ жилийн наадамд Ерөнхийлөгчид хамгийн өндөр хувийн санал өгсөн нутаг Ховд аймгийн Дарви сумын заан Бааяа түрүүлж, Увс аймгийн Давст сумын залуу бөх Нааяа үзүүрлэнэ. Дараагийн байруудыг мэдээж энэхүү шударга шалгуурынхаа дагуу шийднэ. Энхбаярт хамгийн бага хувийн санал өгсөн Хөвсгөл аймгийн бөхчүүдийг бүгдийг нь нэгийн даваанд унасанд тооцох юм. Наадмын бөхийн барилдааны сүр жавхаа бөхийн комиссын даргын өмсөж зүүснээс зуун хувь шалтгаалах учир Жагарын орноос торго авчруулна. Баяр наадмын бөхийн барилдаан нь нэг их чухал зүйл биш, хамгийн гол нь бөхийн комиссын даргын алхаа гишгээ, сууж байгаа, хэн рүү инээмсэглэж, хэнтэй толгой дохисон нь анхаарал татах тул телевизээр үүнийг л хоёр өдрийн турш шууд дамжуулна. Бөхийн хорхойтнууд бөхийн комиссын даргын царайны хувирлаас хэн унаж хэн давж байгааг тааварлан үзэх юм.

Хоёр. ХУРДАН МОРИНЫ КОМИСС
Энэ комиссийг Улсын их хурлын экс дарга Нямдорж толгойлно гэж зүтгэх нь ойлгомжтой. Тэрээр юуны өмнө “Курдан морь” гэхийг “Хурдан морь” гэж алдаатай бичиж яриад байгаа явдлыг залруулна. Энэ жилээс эхлээд “Курдан морьнэй комисс”, “Курдан морьнэй күүкэд”, “Гараанэй зуркай” гэх мэтчилэн алдаагүй цэвэр сайхан бичсэн бланк танилцуулгууд хэвлүүлж, пайз хаяг захиалан хийлгэж ашиглаж эхэлнэ. Олон түмний өмнө гуя хасаа, тэр бүү хэл ичимдэг эрхтэнээ ил гаргасан морь уралдаж байгаа нь даанч дэндүү байна гэж тэр уурлах нь мэдээж. Садар самууны сурталчилгаа ийнхүү цагаандаа гарч, гаарч байгааг энэ жилийн баяр наадмаас эхлээд таслан зогсоож хурдан морьдыг дотоож, биен тамирын өмд цамцтай уралдуулна. Морь үзэж баясахаар ирсэн охид бүсгүйчүүд ч гуя хас, гэдсээ ил гаргасан хувцас өмссөн байвал хурдан морины барианы талбай руу нэвтрүүлэхгүй. Уяачдын айраг түрүүгээ угаах найранд Гүндалайгийн үйлдвэрийн “Атилла”, “Лорд Чингис”, “Эзэн Чингис” зэрэг архийг хэрэглэхгүй байх журам мөрдүүлэх болно.

Гурав. СУРЫН КОМИСС
Эрийн гурван наадмаас хамгийн шоовдор нь болох сурын комиссын даргын суудал л хөөрхий экс Ерөнхий сайд Элбэгдоржид маань үлдэж байгаа юм. Энэ жил өөрийн талбайгаа хүртэл булаалгаад байгаа энэ спортыг огт талбай хэрэглэлгүйгээр явуулж чадах хүн ганц Элбэгдорж л байгаа юм байх. Экс Ерөнхий сайд сурын харвааг шинэ эриний хөгжил рүү үсэргэх төсөл боловсруулсан гэнэ.
Өдрийн дулааны хэм, агаарын чийгшилт, даралт, салхины чиг зэргийг компьютерээр хэмжиж тооцоолон бодсоны эцэст сумаа тавьдаг болсноор харваач бүр дөч онодог болох юм. Энэ нь хэн түрүүлсэн бэ гэдгийг нь компьютерээр тооцоолон бодож гаргахаас өөр аргагүй байдалд хүргэх нь ойлгомжтой. Яваандаа сурыг улам хөгжүүлж сумаа нумаар татаж харваж байгаа бүдүүлэг хоцрогдлыг арилгаж, харвах бус интернэтээр илгээчихдэг болно. Бүр их хөгжөөд ирэхээрээ халуун наранд хөлсөө гарган зогсдог бүтээмж муутай гар хөдөлмөрийг оргүй устгаж, сурчдыг сэрүүхэн танхимд компьютерийн ард суулгаад сурын тэмцээнээ явуулчихдаг болно гэж экс Ерөнхий сайд ярьж байгаа юм. Харин одоо сур харваж байгаа асар том талбайгаа ашиглан дэлхийд нэрээ дуурсгах компьютерийн үйлдвэр барихаар энэ баяр наадмын үеэр шав тавина.

Tuesday, July 3, 2007

Баамаа орлогчтой Аамаа

(шог өгүүллэг)
Би тэнгэрийн умдаг атгалаа. Би ч гэж дээ, тэнгэрийн умдаг л намайг атгачихсан хэрэг. Монгол улсын Тээврийн сайдын охин Нарангуатай сууж, жаргасаар хоёр сар боллоо би. Өчигдөр орой эхнэр надад:
-Аав чамд их сайн амтай байгаа. Яамандаа газрын дарга болгоно гэнээ гэж хэлсэн юм. “Тэнэг мулгуу би, бүхэл бүтэн улсын том яамны хэргийг яаж удирдаж явуулна даа” гэж бодон хөрвөөж хэвтсээр үүр цайлгалаа.
Өглөө нүд гялбуулсан хар тэргээр ажилдаа очив. Газрын орлогч дарга, их танил царай, тонтгор бөгс, товойсон хөхтэй охин миний өрөө тасалгаа, суух сандлыг зааж танилцуулаад,
-За амжилт хүсье аамаа ах аа, гэснээ гарч одлоо. “Өө золиг, хадам ээжийн дүү Долгор жаажаагийн охин баамаа байсан байна шүү дээ” гэж би орлогчоо танилаа. Хурлын заал шиг том өрөөнийхөө чамин тавилгыг тойруулан алмайрч хэсэг сууснаа, шууд өмнөө байх бичиг цаасыг судлах ажил руу шунган оров. Монгол улсын Тээврийн яамны Далайн тээврийн хэрэг эрхлэх газрын дарга надад хийх ажил толгойтой үснээс их байгааг цаг минут өнгөрөх тусам улам гүнзгий ухамсарлав.
Гурван сар өнгөрч, би нэлээд дадлага суугаад, ажил хэрэг урагштай, урамтай сайхан байв. Нэг өдөр яамны газрын дарга нарын хурал боллоо. Хөлөг онгоцны бүртгэлийн газрын дарга, хадам ээжийн маань эгч Дулмаа аажаа:
-Газрын шинэхэн дарга нар яамныхаа нэр хүндийг бодох тал дээр хэнэггүй, даан ч хайхрамжгүй байна гэснээ над руу эргэн харж байгаад:
-Жишээлбэл энэ хүргэн, эртүүд намайг гадны хүний дэргэд Дулмаа аажаа гэж авгайлан нүүр хийх газаргүй болгосон гэлээ. Дараа нь дэд сайд Банзар баниа босч ирэн, сонины сурвалжлагчийн дэргэд орлогч даргаараа аамаа хэмээн авгайлуулан, өөрөө орлогчоо баамаа гэж өхөөрдөөд, хэнэг ч үгүй сууж байсныг минь бас хэлэв. Тээврийн сайд хадам аав маань:
-Аажаа, баниа хоёрын хэлдэг бол тун зөв. Бид яаман дотроо бие биенээ авгайлалгүй яах вэ, харин яамнаас гараад иймэрхүү асуудлыг хэрхэвч гаргаж болохгүйг хатуу анхааруулъя гэж байна. Орой нь харьж явахдаа Дулмаа аажаагийн нөхрийн ах, өөрийнхөө жолооч Дэлгэр ааниад уураа гаргалаа. Би түүнийг ааниа гэж авгайлаагүйгээр барахгүй,
-Хөөш нөхөөр! Яагаад донслуулаад байна? гэж загнан гөлөлзүүлж хонзонгоо авлаа. Маргааш нь надаас болж бас нэг хэрэг мандлаа. Өчигдрийн хурал дээр баниагийн яриад байсан нөгөө сурвалжлагч сониндоо “Дөрөвдүгээр ангийг дунд дүнтэй төгссөн хүргэнээ газрын дарга болгожээ” гэсэн гарчигтайгаар авч өгсөн байна. Аав их ууртай байх бөгөөд,
-Өнөөдөр багтаан хэвлэлийн бага хурал хийлгэж энэ замбараагүй явдлыг цэгцэнд нь оруулна гэж байлаа. Хэвлэлийн бага хурал эхлэхэд хадам аав босч,
-Сайд нь ахыгаа дэд сайд, авгайгаа төрийн нарийн бичгийн дарга, хүргэнээ газрын дарга болгосны ачаар Монгол улсын Тээврийн яам өдөр шөнө, өглөө үдэшгүй бүтэн хорин дөрвөн цагаар ажиллаж байгааг цохон тэмдэглэхийг хүсч байна гэж үгээ эхэллээ. Сайд авгайтайгаа хөнжил дотроо, ахтайгаа хундага тулгахдаа, хүргэнтэйгээ шатар нүүхдээ цаг үргэлжид, нэг секунд ч тасралгүйгээр төрийн хэргийг хэлэлцэж байгааг тэр мэдэгдэв. Ийм хүчирхэг ажиллагаатай яамыг дэлхийн өөр аль ч улс өнөөг хүртэл байгуулж чадаагүй байгааг хэлэхэд сэтгүүлчид алга ташин, хашгиралдлаа.
Өнөөх сониныхон хадам аав бид хоёроос уучлалт гуйгаад, миний хөрөг өгүүллийг “Баамаа орлогчтой Аамаа” гарчигтайгаар нэгдүгээр нүүрэндээ нийтэллээ. Өгүүлэлд намайг бүх хичээлдээ дунд авдаг ч “Арван таван наст ахмад” зохиолоос салдаггүй, далайн тээврээр өвчилсөн хүү байсан, энэ газрын даргад тохирох цорын ганц хүн болох тухай өгүүлсэн байв. Секундын ч зогсолтгүй ажилладаг яам байдаг тухай дэлхийн хэвлэл, мэдээлэл тэр аяараа шуугив. Хадам аавын туршлага дэлхийд нэвтэрч, инхэнх орон яамны төрийн нарийн бичгийн даргын суудалд сайдын авгайг автоматаар томилдог заншил тогтоолоо.
Аль Жазира телевизийн “Дөрөвдүгээр анги төгсөөд Далайн тээврийн хэрэг эрхлэх газрын даргаар” нэвтрүүлгийг дэлхий даяар таван тэрбум шахам хүн үзсэн гэсэн судалгаа гарч, намайг танихгүй хүн Антрактидаас ч олдохоо болив. Би тэнгэрийн умдагт атгуулах бус, өөрөө түүнийг атгадаг боллоо.

Wednesday, June 20, 2007

ХОНГИЛ

(хошин өгүүллэг)
Бразилчууд банк руу газар доогуур хонгил ухаад жаран найман саяыг хулгайлжээ гэж рааживаар ярихыг дуулаад чарлаа Балдан, матигар Дандар хоёрын дотор арзаганав.
-Чингисийн удам байна даа, муусайн барзаалуудын дор оролтой биш! гэж Балдан эгдүүцнэ. Түүнийг ингэж дэгэнцэж байхуйд цаадхынх нь харц тэртээд харагдах сумын банкны дөрвөлжин цагаан байшин дээр очиж хургаад салж ядна.
-Эргүү мал минь, энд юу байдгийм? Хоёулаа хот явж банк ухна гэж Балдан ундууцлаа.
Хэд хоногийн дараа бүх бэлтгэлээ жин тан базаасан хоёр хөгшин Да хүрээний төв гудамжинд зогсож байлаа. Дандар байдгаараа матийн, огторгуйд тулсан шилэн барилга мөнгөлөг шаргал өнгөөр туяаран, тэнгэр дэх сэмжин үүл, дэргэдүүр нисэх том хар шувууны дүрс шилнээ үлгэрийн юм шиг солонготон хугарч нугарч байхыг харж зогсов.
-Ингэж байж сэжиг авахуулчихав, эргүү мал аа гэж өнөөх нь бачимдлаа.
-Өөрийгөө хичээ!.. Хот тэр аяараа чиний чарлахыг чагнаж байна шүү гэж алийн болгон дуугүй байхав, нөгөөх нь хариу барьж, хоёул толхилцсоор тэндээс хөдөллөө.
Чарлаа, матигар хоёрын ажил санасныг бодвол түргэн бүтэж байв. Банкны хажуугийн байшингийн нэг давхарт ажлын байр түрээслэв.
-Энэ чинь америк биш, орос ч биш барзаал ч биш! Хэн ч биднийг сэжиглэхгүй гэж Балданг чарлахад Богд уул доргих боловч нэг ч цагдаа ирж хоёр хөгшнийг шалгасангүй нь “Миний монгол шиг диваажинг хаанаас ч олохгүй” гэсэн бодлыг Дандарт төрүүлнэ. Анх бразилчууд шиг банкнаас хоёр зуун метр хол байр түрээслэх гэхэд “Эргүү мал аа, хорин жил ухах уу? Тэгээд!..” гэж Балдангийн уурладаг зөв байж дээ гэж тэр олзуурхана. Өглөө есөн цагт хоёр “сайн эр” ирж оффисоо онгойлгох бөгөөд Балдан:
-Чиний хомпүүтэр дээр ажиллах чадвар сул. Хүн ороод ирэхэд сэжиг авахуулна гэж загнаад, хамсаатнаа хонгил руу хөөн оруулах ба өөрөө хомпүүтэр дээрээ албаны царайтай сууж үлдэнэ. Дандар матийхаараа матийж, хонгилоо ухах зуураа “Балдан шиг машин уралдуулж тоглох байтугай, хомпүүтэр асааж ч мэдэхгүй муу мал! Ингээд шороо маажиж байхдаа таарсан барам” гэж өөрийгөө зүхнэ. Чарлаа Балдангийн хэдэн эр хонийг цугий нь өгч авсан герман өрөмний хүчинд хориодхон хоногт хонгил бэлэн боллоо.
Намрын эхэн сарын балжиннямтай билигт сайн шөнө банк руу орж, яг жаран найман сая доллар хувааж үүрээд гарах гэтэл Балдан “Муусайн барзаалуудаас заавал илүү гарна” гэж зүтгэсээр нэмж нэг саяыг тоолж аваад, хоёул сум руугаа арилав. Дандар арслантай хоёр авдраа дүүргээд, самганыхаа хөлийн авдар руу үлдсэн хэдийг нь хийх гэж байтал Балдан орж ирээд, “Мал минь, хотон дотроо нүх ухаад бул” наадхаа гэж загнасныг ёсоор болгов. Хоёр самган нь хаанаасаа ийм их гадаад мөнгө олж ирээв гэж хэл ам сугалчих гээд байх тул Балдан:
-Хэдэн сайхан эр хонь, сайн морь, гаанс хөөрөг гээд өчнөөн юмаа наймаалахыг хараагүй юу, эргүү малууд гэж чарлан чимээгүй болгов. Хоёр эр рааживаасаа чих салахаа байсан боловч мөнгө алдсан тухай чимээ ч алга. Балдан өдөр бүр ирж, монголд барзаалаас олон доллар шуусан тухай дэлхийн чих дэлдийхгүй байгаад бугшсан уураа Дандарт гаргана. Түүнийг мордсоны дараа цаадах нь самган руугаа Балдангийн бугшуулсан уурыг цацна. Самган нь хааяа “Америкт хорьдугаар тогтоол гарлаа гэж би урьд шөнө зүүдэллээ” гэх маягийн юм донгосож Балданг түсхийтэл уурлуулаад авна.
Сар өнгөрч байтал өнөөх банкны захирал, юуны ч гэнэв нэг намын дэд дарга Бат хэмээгч банкнаасаа мөнгө хулгайлж намдаа хандивласныг цагдаагийн шуурхай ажиллагаа наймхан цагт илрүүллээ гэж “Цагийн хүрд” мэдээлэв. Балдан, Дандар хоёул амаа ангайн мэл гайхлаа. Хэргийн газрыг зурагтаар сүр бадруулан үзүүлэх нь Дандарын матийсаар байж сарын өмнө дуусгасан хонгил яах аргагүй мөн. Герман өрөм нь ч дүрээрээ хэвтэх агаад түүн дээрээс намын дэд даргын ДНК гээч юм илэрсэн гэж цагдаагийн хурандаа ярилцлага өгч байна. Их хурлын байнгын хорооны дарга энэ намын хөрөнгийг улсын орлого болгож, сонгогдсон гишүүдийг нь буцаан татна гэж байна. Хулгайлагдсан долларын тоог найман сая гэж компьютерээр яг таг тооцооллоо гэж солиорохыг сонсоод Балдан бүр дэлбэрэхээ шахав.
Хоёр хөгшин шар махтайгаа хатлаа. Ямар ч гэмгүй Бат гэгч залуугийн шоронд шаналсан царай зүүдэнд орж ирээд унтахыг болив. Хэд хоногийн дараа нийслэлийн цагдаагийн газарт хэргээ хүлээн мөнгөө үүрсээр орж ирсэн хоёр хөгшнийг сонссон цагдаа нар элгээ хөштөл хөхөрлөө. Хамгийн том генерал нь нулимсаа гартал инээж байснаа, хэдэн шуудай мөнгөнөөс гаргаж үзэнгээ,
-Намаа аврах гэсэн сайхан сэтгэлийг ойлгож байна. Дахиж битгий ирээрэй, энд ажил ихтэй хүмүүс суудгийм гээд гаргалаа.
Гурав хоногийн дараа хоёр хөгшин өнөөх мөнгөө үүрсээр сумандаа шуудангийн машинаас урамгүй бууцгаав.
-Эргүү малаас боллоо. Чи л эхэлж банк руу гөлрөөд байлуу хэмээн Балдан бухимдана. Улсын энэ их мөнгийг буцааж өгье гэхээр бүгд цагдаагийнхан шиг шоолцгоогоод хэрэгсэх амьтан олдсонгүй нь тэр.
Малын буян байхад нүгэл хилэнцтэй мөнгөөр юугаа хийхэв. Яаж мэдэхэв нэхээд ирж ч мэднэ, буцааж булж хадгалах болов. Харин энэ удаа хотон дотроо бус зайдуухан нүх малтлаа.

Friday, June 15, 2007

ЗАСВАРЧИН МОНГОЛ

/фельетон/
Бодоод байх нээ, монголчууд бид элдэв засвар хийхэд яснаасаа дурладаг бахдам сайхан зантай хүмүүс аж. “Морь харах”-ыг соёлтойгоор хэлэхдээ “бие засах” хэмээнэ. “Бие тавируулах”, “бие амирлуулах” гээд арай өөрөөр хэлж болно оо доо. Тэгэхэд чинь заавал “засах” гэдэг үгийг сонгосон байгаа юм даа.
Орос хэлээр “ремонтировать тело”, англиар “fix the body” гээд хэлээд үз. Тэд “Түлхүүр бариад, эвдэрсэн биеийг эрэг боолтоор тогтоож янзлах юм байна” гэж ойлгоод нүдээ орой дээрээ гарган гайхна.
Өөр үгээр бэлээхэн хэлж болоод байгаа юмыг ингэж эерүүлж байгаа маань “засах” гэх энэ айхтар үгэнд бид үнэн голоосоо дуртай болохыг нотолж байна.
Энэ юу ч биш. Бид бүр эхийн хэвлийд байхаасаа л засахын сайхныг мэдэрч, амтанд нь ордог байх юм. Баруунд эмэгтэй хүн жирэмсэн болсон эхний өдрөөсөө л ямбалаад хэвтчихдэг байхад монгол бүсгүй тэнгэр шиг гэдэстэй хэрнээ гүү сааж, морь уургална. Эмнэг хангалын нуруун дээрээс тэпхийтэл шидүүлчихээд, тапхийтэл босно. Ингэж ээ, явтал хэвлий дэх үр нь тэс хөндөлдөөд, далжийчихсан байна. Тэгээд л Гэзэгт бариачийг дуудуулан бариулж, “засвар” хийлгэж сүйд болно.
Сурлагын дэвтрийнхээ дүнг засах хэмээх их гоё ажлыг монгол хүү бага сургуульд ормогцоо гаргууд сурна. Түүнийг онц сурдаг гэж аав ээж хоёр нь бүр итгэн үнэмшинэ. Хамаатан садан, найз нөхдөдөө “Миний хүү намайг дуурайсан, улаан онц сурлагатан” хэмээн бардсаар л. Арван нэгдүгээр ангиа төгсөх торгон агшинд л хүүгийн булхай илэрдэг. Хөөрхий хуурагдсан аав минчийтлээ уурлаад, тэлээгээ суга татах боловч яаж ч чадахгүй. Наймдугаар ангидаа үрийн зулай үнэрлээд томорчихсон “эр”-тэй юу ярих вэ дээ. Хожимдсон ухаарал болно.
Монгол нутгийн салхи шуурга нь хүртэл үг үсгийг засна. 1980-аад онд, Дорноговьд Майн нэгний баярын жагсаал болж байтал яасан гээч? Дарга нарын индэр дээрх “МАХН МАНДТУГАЙ!” гэсэн бичээсийн МАХН гэдгийн арын “Н” үсэг нь элсэн шуурганд зүлгэгдээд арилчихсан байлаа! Маханд дуртай монгол хөдөлмөрчин ард түмэн, индрийн өмнүүр баярын маршаар гарахдаа: “МАХ МАНДТУГАЙ, УРА!” хэмээн цог жавхлантай гэгч нь хашгиралдан өнгөрсөн гэдэг. МАХН-ын уриаг, МАХ-ны уриа болгон хувиргагч Говийн элсэн шуурга бол жинхэнэ монгол засварчин-шуурга мөнөөсөө мөн.
Монголчууд өөрсдөө байгуулсан засгийн газраа өөрсдийнхөө гараар засан тохинуулж, дайн тулаан, хувьсгал төгсгөл хийнэ. Баасан эгчээс эхлээд олон хүн төрийн алдааг засан хаврын салхинд хацраа холцруутуулан тэмцэж явна. Өчигдөрхөн шинээр тавьсан хар замаа хайр найргүй хага цохин дулааны шугамаа засна. Адуунд байгалийнхаа жамаар хэнд ч гэм хийлгүйгээр ургаж байсан дэлийг сумлаж хайчлан засна. Засахгүй, гар хүрэхгүй юм гэж ховор.
“Сэрэлт” киноны Бумаа авгай хуруугаа шүлсдэн дэвтэр дээрх үсгээ засч байх агшин монгол хүн бүрийн нүдэнд харагдан, сэтгэлд хоногшсон байдаг. Аргагүй шүү дээ. Засах хэмээх үйлдэл монгол хүний зүрх оюунд дэндүү ойрхон байдгаас тэр.
Саяхан монголчууд засч залруулах юмаа нэгээр нэмж хүүхэд өтгөсгүй баярлав. Учир юу гэвэл, Улсын их хурлын эрхэм дарга маань төрийн хуулийг засав. Энэ бол гайхамшиг! Хүн төрөлхтөний засвар, засал, заслагын соёлд оруулж буй үнэтэй хувь нэмэр билээ.
“Засварчин аавын хүү билээ, засмалын тоосонд өссөн билээ” хэмээх дуу шилдгийн жагсаалтыг сүүлийн далан зургаан сарын туршид тэргүүлж байна. Засварчин монголын үр садын залах засах их үйлс доор доороосоо ундарсаар.

Monday, June 11, 2007

МАЛЧИН БОЛ БУРХАН

(шог өгүүллэг)
Би хотын хүн л дээ. Гадаа цасаар шуурч байна уу, ногоо соёолж байна уу надад ер нь падгүй баймаар. Гэвч би тэнгэр хуйсганахаар л сандардаг болсон хүн.
Таван жилийн өмнө юм даа. Цэцэрлэгт явдаг хоёр хүүгээ авахаар очтол,
-Аав аа, ёштой баларшаан. Манай чэчэрлэг жөндөө их юм авчир гэшэн, лав олон чингистэй мөнгө болно доо гэсээр гарч ирлээ. Баянхонгор, Увсад зуд болж малчид хэцүүдсэн юм байх аа. Хүүхдүүдийнхээ зудын тусламжийг базаахад миний сарын цалингийн тал явчихлаа. Маргааш нь ажилдаа ирвэл цуглаан болж байна. Манай мэргэжилтэн сэнтэг Буниа босоод ирчихсэн,
-Мал сүргээ зудаас аврахад хүн бүр хоёр сарын цалингаа хандивлая гэж байна. Манайхан тал талаас нь ам амандаа бувтнан, зарим нь зөвтгөж, зарим нь буруушаана. Дарга хоолойгоо засч чимээгүй болголоо.
-За нөхөд минь, бусад газрын жишгийг харахад арван дөрөв хоногийн цалингаа хадивлаж байгаа. Жишгийг дагах нь зүйтэй гэж тэр нухацтай хэлж байна. Миний дотор харанхуйлаад явчихлаа. Дүүрсэн хэрэг, зориг муутай бослоо.
-Хаа байгаа Б… Б… Баянхонгорын мянгат малчны хувийн мал үхэх, өсөх нь б… бидэнд ер нь ямар хамаа байна аа? гэж хэлж орхиод суух хооронд хамаг биеийн хөлс асгарлаа.
Ингэж л би ажлаасаа халагдсан юм даа. Над шиг нийгмийн идэвхгүй, хувиа бодсон, бэртэгчингүүдээс улс орон цэвэршиж байгааг манай дарга хатуу сануулаад тойрохыг минь зурж өглөө.
Авгай бас цалингаа зудад хандивласнаар барахгүй намайг,
-Нарийндаа хатсан, түмний шившиг болсон амьтан гэж загнаад, тэр уурандаа гэрт байсан жаахан будааг зудын тусламжид аваачаад өгчихлөө. Манайх гэдэг айл балрав. Тэр нэг сарыг өлөн зэлмүүн, гэрлээ таслуулсан баргар амьтас арайхийн өнгөрөөсөн дөө. Би түүнээс хойш хар дарахаараа зуд гэж хашгирч босч ирдэг болсон юм. Авгай:
-Үхчихсэн биш, болж л таараа гэж загнаад, хадам ааваас зээл авч ТҮЦ-тэй болж намайг түүндээ суулгав.
Төсвийн хэдэн халтар цаасаар арайхийн гол зогоодгоо бодвол боломжийн амьдарч эхлэв. Тэгтэл яасан гээч, манайхыг, бас манайхтай бөөр нийлүүлэн барьсан арваад ТҮЦ-ийг бүгдийг нь хулгайч ухчихлаа. Би бодлоо. Увсын малчин хонио зудад өгөхөд улсаас тусалж, төсвийнхнөөс хандив цуглуулж болсон юм чинь хулгайд бараагаа өгсөн бид ч бас тусламж, хандив авч яагаад болохгүй гэж? Адилхан л хувийн хонь! хувийн бараа! Зуд ч гамшиг, хулгай ч гамшиг.
Бидний арваад хүн хороо, дүүрэг, хот гээд яваагүй, ороогүй газаргүй боллоо. Нөхөд маань шантрах боловч “бидний үйлс бүтнэ, харж л байгаарай” гэж би зоригжуулна. Ерөнхий сайд дээр орохоор хөөцөлдөж байтал бид хэдийг Шар хадны галзуугийн эмнэлэг рүү ачлаа. Эхнэр нулимсаа арчин,
-Найз нь, таньдаг эмчтэй шүү дээ. Ханийгаа түргэн эдгээнэ ээ. Миний найз ядраад л, бага зэрэг “юу яаж” байх шиг байна гэсээр намайг үдлээ.
Бид эмнэлэгт уйдах завгүй. “Малчин ч хүн, наймаачин ч хүн! Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг!” гэсэн лоозон барин жагсаж, тэмцлээ үргэлжлүүлж байлаа. Эхнэр намайг эргэхээр ирэхээрээ над руу их л сонжингуй хардаг боллоо.
-Бидний тэмцлийн үр дүн гарна, харж л байгаарай. Биднийг ерөнхий сайд хүлээж авна гэхэд минь буруу харж, сэмхэн нулимсаа арчина.
Жил өнгөрлөө. Үгүй ер нь ярилцаад, мэтгэлцээд, тунгаан бодоод байх нээ нь бидний тэмцэл буруу байх аж. Үндсэн хуулинд үлээдэг бохь, зуугийн ундаа, иштэй чихэр нь төрийн хамгаалалтад байна гэж заагаагүй шүү дээ. Бид эмчдээ:
-Малчин бол бурхан. Тийм болохоор тэр малаа оторлохын оронд наадамдаж, хадлан хадахын оронд найр хэсэлгүй яахав. Зуд болбол улсаас үнэгүй өвс, албан хаагчдын хармаанаас үнэгүй гурил авчих юм чинь! Харин наймаачин бид бол тамын амьтас. Бидний барааг хулгайч авах нь зөв. ТҮЦ-ээ манаагүй учир хохь нь тэр гэж хэллээ. Удалгүй биднийг эдгэрсэн гээд эмнэлгээс гаргасан даа.
Би одоо өглөө сэрмэгцээ л тагтан дээрээ гарч тэнгэр харж байгаа. Зуд эхэлбэл бурханд өгөх өргөлөө түргэн базаах гэж л тэр шүү дээ.

Friday, June 8, 2007

Боловсрол

(шог өгүүллэг)
Готов баян нийтийн жишгийг дагаж ганц хүүгээрээ малаа харуулж, охидоо боловсролтой болгоход мөнгө хайрлаагүй хүн. Баян аарагтаа бүү хэл сум аймагт цуутай баяны царай муутай шар охид эрдэм өвөртөлж ирэхээр хойно хойноосоо цувран одсоор арав гаруй жилийн нүүр үзэв. Эцгийн зорьсон хэрэг бүтэж, таван охин бүгд дээд боловсролтой хуульч болжээ.
Гэвч энэ намар охид нь гэнэт дэрхийтэл гэртээ ирцгээв. Том охин Цэцэгийнх нь ажиллаж байсан дэлгүүр мэргэжлийн худалдагчтай болж халсан гэнэ. Харин энэ хавар төгссөн отгон охин Навчаа нь зуны гурван сар хайгаад тохирох ажил олоогүй юм байх. Эмэг эхийнхээ балгаар эрхийн балай болчихсон, дунд охин Зулаа хэл амаа хазалж, таль түл дуугаран,
-Аав гэж нэг эрваа юм, морь унуулсаар байгаад майга болгочихсон. Загвар өмсөгчид тэнцсэнгүй гэж хошуугаа цорвойлгон байн байн гунганахад эмэг эх нь аргадан авч гарна. Готовын уур дүрэлзэж,
-Загвардахад бараагүй юм бол заавардахад нь үзээд алдаг. Эцгийн буян байхад гэж дотроо үглэсээр, сумын төв рүү давхилаа. Үд өнгөрсөн тул дарга албан дээрээ байсангүй, сумын төвийг гурав тойрон сураглалаа. Улаан хүрэн үйтэн хуар дээлтэйгээ адил өнгийн хөнгөн тэрэг хослуулан гангарсан Готов баянаар хорооны авгайчууд нүдээ хужирлана. Балбарын хуульч болоод ирсэн хүүгийн улаан хавтасны найрнаас засаг даргыг сэм дуудаж гаргасан Готов олны нүднээс зайдуу Хийморь толгойн ард очиж тэргээ унтраагаад, хар “Чингис”-ийн бөглөө мулталлаа. Даргадаа хундага барих зуураа,
-Зулаа маань хуульчийн үнэмлэхтэй, гүйлгүүр ухаантай. Удирдах ажилд яг тэнцэнэ хэмээн эрхийн балай охиноо худлаа магтлаа. Найрын идээнд зориг зэгсэн чангарсан дарга:
-Готов ах нохойтохгүй шүү гэснээ хяхтнуулан хөхрөөд,
-Цэцэг чинь л сурлагатай, даргад тохирох хүн. Гэхдээ үнэнийг хэлэхэд манай сум долоон мянган үхэртэй, долоон мянга долоон хуульчтай болчихоод байгаа. Худлаа гэвэл тайлан мэдээ үз гэж байна. Дүгэрийн охин улаан хавтастай хуульч сургуулийн гал тогоонд сав угааж, түшмэл Нямын хүү хууль зүйн зэрэг хамгаалсан Болдоо сумын уурын зууханд галчаар орж байгааг дарга Готовт учирлалаа. Тэгээд,
-Дүү нь хоншоортой шүү, Готов ах минь. Хоёр жил өвлийн идшээр харж үзсэн ачийг тань хариулалгүй яахав. Танай Цэцэгийг шинэ оноос тамгын газрын үйлчлэгчээр авъя. Яваандаа дарга болно биз гэлээ.
Үдийн саамны өмнө Готов гэрийн гадаа хөмөрсөн цагаан тогоог шамшийтал дайран, тэргээ чихруулан зогсоолоо. Гэрээрээ дүүрэн, ажилгүй шаагилдах хуульчид руугаа агсарч,
-Зулаа, Навчаа хоёр гүү саа, Цэцэг чи хувин ав, усанд яв. Чимгээ, Урнаа хоёр араг үүрээд аргал түү!.. Түргэлээч, муусайн үнээнүүд! Хуульчид та нар сумын үнээнээс ч олуулаа гэл үү… хэмээн чарлалаа. Зулаа:
-Яг ш дээ, гүү сааж харагдаач гэж хэлээд тэрий хадталаа алгадуулан, ээрч муурлаа.
Маргааш өглөө нь Готовын толгой ангалзтал өвдөж, хажуугаар нь ээж, эхнэр хоёрын эрүүний шөл огиудас хүргэнэ. Хар бор ажил хийвэл охидын хуруу мойногших юм байх. Ийн сууж байтал гадаа хөнгөн тэрэг өчигдрийнхөөс ч чанга чихарлаа. Хуульч охид нь эцэгтэйгээ хуулиар үзэлцэхээр аймгаас хүчирхийллийн эсрэг төвийнхнийг дуудуулсан нь энэ аж. Готов аймаг орж, сэнхэртлээ ном сонсоод, эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэж, цайгаа хүртэл өөрөө аягалж уудаг боллоо.
Готовын царай муутай шар охид хотод очоод төрөл арилжаад, сум бүү хэл аймагт байхгүй ганган дэгжин болоод ирсэн тухай амтай бүхэн ярьж байлаа. Тэднийхээр нутаг усандаа сурагтай, гайгүй сайн залуус бууж мордох боловч боловсролтой охидынх нь санаанд хэрийн хүн таарахгүй. “Энэ хэдийн царай ч дээ, гэртээ л өтлөх вий дээ” хэмээн Готов дотроо үглэх боловч, гадагш үл гаргана. Эхнэр, ээж хоёр нь гэр дүүрэн хуульчдын хоол ундыг санаанд нь тохиртол бэлдэх гэж зүдэрч байлаа.
Готов баяны нанчид хүртэх нь мэдэгдэм нэмэгдэж, ийм үедээ хуульчдаасаа жийрхээд холгүй нутаглах хүүгийндээ очиж хононо. Тэрээр хүүтэй болно гэж зүтгэсээр дөрөв дэх царай муутай шар охиноо төрүүлээд байгаа хүү, бэр хоёртоо:
-Ээ дээ, хүүхдүүд минь. Наад хэдийгээ л хуульч болгочихвуузай хэмээн захиж, ганц лонх халаасан нэрмэл балгаад, суугаа чигтээ хурхирдаг болов.

Monday, June 4, 2007

Хэвлэлийн эрх чөлөө

(шог өгүүллэг)
“Шуурхай” эхлэхэд ерөнхий редактор толгой сэгсрэн гасалж байснаа,
-Монголд хэвлэлийн эрх чөлөө тогтоод арван таван жил болж байна, гөлөг минь! гэж над руу хашгирлаа. Түүний араас редакцийнхан ухас ухасхийн босож миний нэвтрүүлгийг шүүрэн шанага болтол шүүмжиллээ. Эргэн тойронд буй шаар шавхрууг нохой мэт шиншилж олоод, түүнийг уудлан илчилж, жадны үзүүр шиг хурц нэвтрүүлэг хийхийг нийгэм шаардаж байгааг тэд надад ухааруулав. Хурлын төгсгөлд “ерөнхий” миний нүүр лүү чичилж байгаад:
-Чи энэ сурвалжлагч Балдууг хар! Яг чам шиг байхдаа төв хороог огцруулж явсан хүн. Ядахдаа түүний өлмийд хүрэх нэвтрүүлэг хийгээд орхи, гөлөг минь! гэж байна.
Долоо хоноод миний “Хөлдүү хорооллын хөх дууль” хэмээх асуудал хөндсөн нэвтрүүлэг цацагдлаа. Өглөө нь би ажилдаа ирэхдээ хөлөө газар хүргэсэнгүй. Сэтгэл өөдрөг гэдэг жигтэйхэн, нисчих гээд л. Бушуухан “шуурхай” нь эхлээсэй, намайг нэгэн дуугаар магтана даа гэхээс цаг явж өгдөггүй. Гэвч хурал эхлэхэд ерөнхий редактор:
-Чамд толгой гэж юм байна уу, гөлөг өө? гэж хашгирлаа. Нэвтрүүлэгтээ “огцорвол таарна” гээд аваад хаячихсан хотын даргаас бид цалингаа авдаг юм санж! “Хүү минь, шижигнүүлээд өгнө шүү дээ! Чамд чадал байна” хэмээн эртүүдийн хурлын дараа түүний хэлж байсан нь нүдэнд харагдаад, уйлмаар. Редакцийнхан тэр аяараа над руу заналтай гэгч нь харна. Балдуу ах намайг өмгөөлөх бололтой босч ирэхэд, би уярч, хамар шархирлаа. Тэгтэл,
-Манай хотын дарга уул нь “мужик” юм шүү дээ. Түүнийг арай дэндүү авлаа даа гээд тэр шогширч байна. Редакцийнхан ээлж дараалан босч миний нэвтрүүлгийг энэ удаа бүр юу ч үлдэхгүй болтол авлаа. Маргааш нь “сурвалжлагч нөхөр Хурцбаатар нь ажилдаа тэнцээгүй учир халсугай” гэсэн тушаалд ерөнхий редактор гарын үсэг зурах нь тэр.
Бага наснаасаа мөрөөдсөний эцэст хорин нэгхэн хоног хийж үзсэн сэтгүүлчийн ажил маань намайг галзууруулах дөхөв. Би хэдэн шөнө дараалан хар дарж зүүдэллээ. Балдуу ах миний зүүдэнд улаан дээлтэй чавганц болон орж ирж:
-Хэвлэлийн эрх чөлөө гэж мэдэх үү? гэж чанга чанга орилно. Бас ерөнхий редактор шулам эмгэнд хувилаад:
-Хүү минь, час хийсэн нэвтрүүлэг хий! Бид чамд найдаж байгаа шүү! аа-оо-уу-ауу… хэмээн муухай чарлана.
Миний бэлтгэсэн гайт нэвтрүүлгээс болж ерөнхий редактор хотын даргад дуудагдаж, дахин нэг бүдэрвэл суудлаасаа хусуулах сануулга авсан төдийгүй дээр доргүй яриа болж, хэл үг таталж, донсолж доргиж байлаа. Донсолгоо манай гэр бүл рүү ирэв. Төдөлгүй авгай ажилгүй болж, охин цэцэрлэгээсээ хасагдлаа. Аргагүй шүү дээ, авгай хотын тамгын газарт өрөө түрээслэн цайны газар ажиллуулж байсан юм. Харин намаржин хөөцөлдөж байж охиноо оруулсан цэцэрлэгийн эрхлэгч нь дулаан хангамжийн газрын даргын эхнэр юм санж. Яадгаа алдсан гурван амьтан уруу царайлж, гэртээ гиюүрч байтал ах орж ирлээ. Биднийг өрөвдөхөөр ирээгүй гэдэг нь түүний царайнаас илт.
-Муу ээжийн минь ТҮЦ-ийг буулгачихлаа. Чамаас болж байгаа юм хэмээн хашгирч, намайг хоёр сайн өшиглөөд, “Түй муу хэнхэг хог” гэж нулимаад хаалга саван гарав. Дараа нь хадам аав ирлээ. Уурласандаа нүүрний нь арьс чинэрч,
-Мунхаг амьтанд байр хөөцөлдөж, хотын даргаар гарын үсэг бараг л зуруулдгийн даваан дээр ингэж хэнхэглэдэг байна шүү. Заяа нь хаямар, насаараа айлын хармаа хэсмэр! гэж үглэнгээ эхнэрийн аягалж барьсан цайг миний нүүр рүү цацах нь уу гэлтэй далайснаа, буцаан шидээд гарч одлоо.
Тэр гайт явдлаас хойш аав ээж, ах дүүс, гэр бүлийнхэн маань амьтан хүнтэй хэл амаа ололцож, гэр орон, ахуй амьдралаа төвхнүүлэх гэсээр хэдэн жилийг авсан даа.
Би энэ жил Хурцбаатар нэрээ солиулж, Намуунбаатар болгосон. Өнөөх телевиздээ буцаж ороод, ажиллаж байна. “Хөлдүү хорооллын хөх дууль”-аа хийж, манаргаж явснаа бодвол “хэвлэлийн эрх чөлөө” гэдэг “нохой” үгний учрыг гадарлахтайгаа болжээ. Одоо би дулаан ашигласны төлбөрөө төлөөгүй эмээ нарыг чөлөөтэй шүүмжилж байгаа.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates