Tuesday, December 3, 2013

ДӨРӨВ ХОНОГИЙН “СУУЛТ”



/цуврал өгүүллэгийн гуравдугаар/

Хүдэр ажилдаа учиргүй их яардаг боллоо. Өглөөний цайгаа тухтай ууж ч чадахгүй, зүрх нь хөөрсөн хурдны морь шиг л тогтож ядан өндөлзөнө. Малгай, хүрмээ хам хум шүүрч аваад, ухасхийн гүйж гарах хүүгийнхээ араас ээж нь,
-Замаар болгоомжтой гараарай! Ухаангүй гүйж байж машин доогуур орчихвоо! гэж үглэсээр хоцордог. “Хүү минь барилгын ажилчин гэж дуудуулж, цалин авч байгаадаа ингэтлээ хөөрч догдолж, ажилдаа яарч байгаа биз дээ” хэмээн ээж бодно. Гэвч хүүгийн энэ их догдлолд өөр учир бий. Том хүмүүсийн зиндаанд ажиллаж, дарга даамал болгонд “Аливаад махруу, сайн хүү” гэж магтуулж байгаа нь ажилдаа ингэтлээ дурлах нэг шалтгаан болдог нь мэдээж. Харин хоёр дахь шалтгааныг Хүдэрээс өөр хэн ч мэдэхгүй. Томоогүй хүү энэ нандин нууцаасаа болоод учиргүй ичнэ. Дөнгөж долоодугаар ангийн балчир хүүхэд байтлаа эмэгтэй хүнийг бодож болно гэж үү? гэхээс нүүр халуу оргино.  
Хүдэр ажлын хувцсаа сольж өмсөөд зургаан давхар луу гарч ирвэл ажилчдаас хэн ч ирээгүй байлаа. Эгчмэд охины өчигдөр сандайлан сууж байсан цонхны тавцан дээр сууж үзэв. Зөрөх бүрт мэдрэгддэг содон үнэр нь анхилах шиг санагдаж зүрх булгилна. Гайхамшигтай сайхан мэдрэхүйд хамаг биеэ сул тавьж өгөөд, нүдээ анивал Тэргэлсарангийн дун цагаан шүд, хөөрхөн инээмсэглэл, хацрын хонхорхой тодрон харагдлаа.
-Хүүе ээ, чи чинь балай болчихоо юу? гэх дуунаар Хүдэр цочиж, ухасхийн бослоо. Тэргэлсарангийн доогтой харцтай тулгараад, царай час улайв. Саяын мөрөөдлийг минь мэдчихлээ гэх гэнэхэн айдас толгойд шууд орж ирснээс болоод маш их ичиж, өөрийн мэдэлгүй, 
-Аан..? гэх тэнэг авиаг амнаасаа унагаад, маанаг хүн шиг ангайж зогсов.                
-Мангар юм уу, чи? Ганцаараа маасайтал инээгээд сууж байхдаа яахав дээ.., гэж Тэргэлсаран Хүдэрийг зэмлэлээ. Тэгснээ тэсгэлгүй доогтой жуумайж, хацраа хонхойлгон инээмсэглэлээ.  
Үдийн завсарлага дөхөж байтал тоосго хүлээгдэж түр амсхийцгээв. Тэргэлсаран Хүдэрийн гиюүрч суусан цонх руу очсоноо дахиад л доогтой жуумайх нь адтай. Хүүгийн ухаан бодол энэ орчлонгоос тасраад өнөөх л гайхамшигтай мөрөөдөлдөө умбаж, эгчмэд охины сайхан бүхнийг сэтгэлдээ ургуулан, догдолж булгилж зогсов.   
-Яана аа, Мэргэжлийн хяналтынхан ирж байгаа юм уу даа? гэж охиныг дуу алдахад Чулуун гуай ирээд, цонхоор өнгийн доош харлаа. Хүдэр ч бас хэрэгт дурлав. Захирал Бэгз гуай, менежер Чимэгээ эгч хоёр албан хаагч бололтой гял цал хувцастай хүмүүстэй ярилцан зогсох нь харагдана. Менежер санаа зовнисон нүдээр дээш өлийн харснаа, цонхоор шагайж буй гурав дээр харцаа тогтоомогцоо царай нь бүр ч их барайчих шиг. Шалгалтынхан аашилж загнасан юм болов уу? гэж Хүдэр таалаа. Сургууль дээр нь дээд газраас шалгалт ирэхээр захирал хичээлийн эрхлэгч хоёр ч бас иймэрхүү царайтай болдгийг хүү мэднэ.
Тэр өдрийн ажил тарах дөхөж байтал Чимэгээ менежер Хүдэрийг өрөө рүүгээ дуудуулав. Захирал дарга нарын суудаг вагончик хэмээгчийн өмнө ирээд хүү хэсэг тээнэгэлзлээ. Шууд яваад орох хэцүү, хаалга тогшиж зөвшөөрөл хүсье гэхээр тэртэй тэргүй хаалга онгорхой.
-Эхэд нь учрыг нь хэлээд энэ хүүхдийг явуулахаас өөр арга алга даа гэж Бэгз захирал нухацтай хэлэх сонсогдоход Хүдэрийн толгой руу лүгхийтэл цохиод авах шиг болж, өмнөх газар, ар дахь барилга дайвалзаад явчихлаа.
-Ганц бие ядарсан эхийг өрөвдөөч! Энэ хүүг халчихвал эднийх дахиад л бөөн өрөнд баригдана. Тэгээд ч Хүдэр шиг ийм дуулгавартай, сайн ажилчин ахиад хаанаас ч олдохгүй. Уул уурхайн компаниуд хамаг ажилчдыг түүчихсэн шүү дээ гэж Чимэгээ эгч учирлаж буйг бүүр түүрхэн сонслоо.
Маргааш үд хэвийж байхад Хүдэр орон дээрээ гунигтай сууж байлаа. Өчигдөр түүнийг гэр лүүгээ уйлж гүйж ирэхэд, хөөрхий ээж нь гарч гүйн, Гүнжлхам найзтайгаа уулзаж, Чимэгээ дүүд нь хэлүүлж, гуйлгасан боловч “Ямар ч аргагүй” гэсэн хариу сонсчээ. Насанд хүрээгүй ажилчин авснаас болж компани том асуудалд орооцолдсон аж.
Нөгөөдөр нь Хүдэр гэрээсээ гарч, барилгын арын дэнж дээрх биеийн тамирын талбайд очиж суув. Ажил ид өрнөж буйг харсан хүү урт гэгч санаа алдлаа. Цалингаа хурааж, ээждээ гоё гутал авна гэж төлөвлөж байсан нь санаанд орж, цээж гэнэт бачуурав. Ээжийнх нь гутал хуучирч элэгдээд, яасан ч засал авахгүй болоод байгаа билээ.
Хүдэр өөрийн мэдэлгүй захирлын вагончик руу яваад орчихсон байлаа. Чимэгээ эгчийн царай хувьсхийгээд, Хүдэрийн ээжийн бие сайн эсэхийг асууж, барьц алдсан нь илт, хийх байхаа олж ядна. Бэгз захирал нааш эгцлэн харахаар нь,
-Та намайг ажиллуулаач дээ? Би ээжийгээ л баярлуулах гэсэн юм.., Цалингаа хураагаад гэрийн давхарлагаа, бас өвлийн түлшээ авах гэсэн юм! гэж Хүдэр уйлчих шахан учирлалаа. Захирал өрөвдөж байгаа нь илт хэдий ч, нүүрээ буруулж хажуу тийш харлаа. Чимэгээ эгч Бэгз гуай руу гуйсан нүдээр харсаар байсан ч захирал өнөөх л “Ямар ч арга байхгүй” гэдэг үгээ хэллээ.
Хүдэр өнөөх л талбайгаас барилга руугаа ширтэн суув. Алимаа эгч нь Чулуун гуайтай уралдах мэт шалмаг хөдлөн ханаа өрж байгаа нь харагдана. Чулуун ахын дэргэдээс танил ягаан алчуураар ороосон толгой шоволзоно. Тэргэлсаран тоосгоо зөөж ирээд буулгаж буй нь энэ. Барилгын нөгөө талд “Шингэн дуутай, шилэн нүдтэй, Шинээ мэргэн” гэж цоллуулдаг Шинэбаяр ах өргөгч цамхгаа жолоодон долоон давхар луу хавтан гаргаж байгаа нь харагдана. Угсралтын бригадынхан чанга дуугаар хашгиран заавар өгч, ажил ундарч байх аж. “Хүн бүхэн хөлсөө урсган зүтгэж байна. Ганц хүн л хийх ажилгүй гиюүрч байна” гээд бодохоор уйлмаар.
-Хөөе, Хүдэр ээ! гэх чанга дуунаар хүү бондгосхийтэл цочин эргэж харлаа. Бэгз захирал тэрэгнийхээ шилийг онгойлгон цээжээ гаргачихсан дуудаж байна. “Арай намайг буцаагаад...” гэж горьдож амжсан Хүдэр дороо нам хөшлөө.
-Бүтэн дөрөв хоног барилга руу ширтээд суучихдаг. Их эр юм аа, чи! Хувцсаа солиод, ажилдаа марш! гээд захирал инээлээ. Хүдэр чихэндээ итгэсэнгүй.
Өнөөх нэг л тоотой тоосгоо, нэг л замаараа зөөж явахдаа “Буцаагаад ажилд авч байгаа нь үнэн болов уу?” гэж итгэж ядаж, бас айж явлаа. Алимаа эгч нь “Зугуухан яв гэм” гэх өнөөх л үгээ өөриймсөг хэлж дуулдана. Тэргэлсаран зөрөх бүртээ хөөрхөн инээсээр л. Эгчмэд охины хацар дээрх хонхорхой, нүд, шүд, хөмсөг бүгд сайхан. Хүдэр энэ бодлоосоо ичээд дахиад л улайчихлаа.

Saturday, November 9, 2013

АНХНЫ ЦАЛИН



/цуврал өгүүллэгийн хоёрдугаар/
Хүдэрийг мяндсан олсоор тушчихжээ. Хөлөө өчүүхэн бага зайд зөөж тавих л боломжтой. Бээцэгнэн удаан гэгч урагшлана. Гар дээр нь ганц улаан тоосго тавиастай. Хүрэх газар тэртээ холд сүүмэлзэнэ. “Яаж тэнд хүрнэ дээ? Энэ их тоосгыг нэг нэгээр нь зөөж хэзээ дуусгана даа?” гэхээс зүрх шимширнэ. Ямар их шаналан бэ?
-Энэ чинь зүүд шүү дээ. Сэрж болно! гэх бодол зүүдний энэлэнд зүдэрсэн тархинд нь орж ирэх боловч сэрж яагаад ч чадахгүй. Тарчилсаар л.
Ээжийн данх хангир дангир дуугарах танил чимээнээр Хүдэр арайхийн сэрлээ. Хар дарсан зүүдний зүдгүүр цээж бачууруулсан хэвээр. “Би зүгээр л зүүдэлсэн. Шаналж зовох юм байхгүй!” гэж өөрийгөө тайвшруулахыг оролдлоо. Гэвч зүрхэн дээр хүнд хар юм дараастай хэвээрээ л байх аж.
Цагийн дараа Хүдэр барилга дээрээ ирчихсэн, тоосгоо зөөж явлаа. Нэг л замаар, нэг л хэмжээтэй тоосгыг, нэг л хэмээр зөөнө. “Өөр ажил хийлгэж болдоггүй юм байх даа?” гэж дотроо яргаж үзнэ. “Өөр ажил хийж болно. Хувинтай зуурмаг зөөх сонголт чамд бий” гэж хэн нэгэн тохуутай хэлэх шиг боллоо. Тэргэлсаран түүн рүү доогтой жуумайснаа цааш алхлаа. Түүний хөрш өнөөх эгчмэд охин ийм гоё нэртэй. Тэр түүнийг шоолсондоо ингэж жуумайгаад байгаа хэрэг биш, ерөөсөө л үргэлж инээмсэглэж явдаг зуршилтай.   
-Зуурмаг! хэмээн Алимаа эгч тэртээгээс чанга хэлэх дуулдлаа. Ажил арай өөрчлөгдөж, бага ч болов уйтгар гаргах цаг ирж буй нь энэ. Хүдэр том төмөр савтай зуурмагнаас хувинд хийн зөөж эхэллээ. Гэхдээ бас нэг л хувин зуурмагийг нэг л замаар зөөх ёстой.
-Анхаарал болгоомжтой ажилла. Сахилгагүйтэж болохгүй. Хамгийн гол нь тэвчээр сур! гэж Хүдэрийг анх ажилд авсан Чимэгээ эгч хэлдэг. Энэ эгч бол барилгад ажиллаж байгаа бүх хүний дарга нь. Бригадын даргыг ч хүртэл шоолж, онигоонд оруулж чаддаг хэрнээ Чулуун ах Чимгээ эгчийг харахаараа орчин тойрон дахь буруу зөрүү зүйлээ эмхэлж, хоолойгоо үл мэдэг засаад, нүүрэнд нь илт айж эмээсэн төрх тодрон, тэс өөр хүн болчихдог.  
-Тэвчээр. Тэвчээр. Тэвчээр чухал шүү! гэж тооны багш Ананд хэлдэг нь нүднээ тодорно. Энэ хоёр хүний хэлээд буй нь зүйтэй үг гэдгийг Хүдэр мэдэрдэг. Гэвч хааяа тэвчээр алдарна. Барилгын зэргэлдээ овоолсон элс рүү хоёр давхрын тагтан дээрээс байлдаантай киноны гол баатар шиг үсэрч үзмээр санагдана. Нэг бол Тэргэлсарангийн гэзэг рүү зуурмаг цацаж зүггүйтмээр. Тэвчээр алдруулах гээд байдаг бас нэг зовлон бий. Залуучууд түүнийг “нохойны нэрт”, “нохойны амьдаа” гэж тохуурхан дуудахад, аманцар эгч нар доогтой гэгч нь “хи хи, ха ха” хөхрөлдөн, савж унах нь холгүй болцгооно. Ийм үед ажлаа хаяад, хаашаа ч хамаагүй гүйчихмээр бодогддог. Гэвч энэ бүхнийг тэвчих л хэрэгтэй. Тэвчиж чадаж гэмээ нь цалин авч ээжийгээ магнай тэнийтэл баярлуулна гэдгээ Хүдэр дэндүү сайн мэдэрнэ. Тийм учраас тоосго зөөх гэдэг нэгэн хэмийн уйтгартай ажлыг дуулгавартай хийж, том хүн шиг томоотой байх ёстой. Хүүхэд зангаа хөдөлгөж, зүггүйтэж огт болохгүй. Тэвчээр.., тэвчээр.., тэвчээр л чухал.  
-Өнөөдөр цалин бууна. Чи намайг юугаар баярлуулах вэ? гэж Тэргэлсаран асууж, хувинтай зуурмаг зөөж яваа Хүдэрийн бодлыг сарниуллаа. Хүү бантаж, юу хэлэхээ мэдэхгүй түгдэрлээ.
-Нэг дор ажиллаж байгаа охиноо баярлуулж чадахгүй. Яасан голоо цохисон залуу вэ? гээд охин инээж байна. Эгчмэд охины нүд шүд, хамар хацар бүгд цаанаа л нэг аятайхан. Огт санаандгүй байтал гэнэт толгой руу харван орж ирдэг, энэ хачин бодлоосоо болоод хүү час улайчихлаа. Нэг хартал охин мушийж шоолсоор холдож байна. Алимаа эгч энэ яриаг сонсов бололтой,  
-Цалингаа эрээн мяраан цаастай элдэв шалдав юманд битгий үрээрэй. Ээждээ аваачиж өгөөрэй гэж хэлж байна. “Тэгэлгүй яах вэ. Би ээждээ л тус болох гэж ажил хийж байна” гэж Хүдэр дотроо хэллээ.
Үдийн хоолны дараа хүсэн хүлээсэн цалин буулаа. Нярвын өрөөний өмнө зогсож байгаа хүмүүсийн царай гэрэлтэнэ. Хар ярхийсэн муухай аашаараа зартай “адсага” Балдир гуай ч хүртэл инээмсэглэсэн зогсоно. Хүдэрийн ээлж ирэхэд, нярвын өрөөний босгоор алхлаа. Сэтгэл догдолж байна гэдэг жигтэйхэн. Гүррагчаа баатар сансарт нисэхдээ л ингэж баярлаж хөөрч байсан болов уу.
-Арван нэгэн өдрийн хөлс, хоёр зуун далан таван мянган төгрөг гээд нярав эгч шинэхэн хорьтуудыг тоолж эхлэхэд Хүдэр чихэндээ итгэсэнгүй. Буруу дуулчихаагүй байгаа даа гэж айлаа. Мөнгөө энгэрийн халаасандаа хийгээд гарч яваагаа бүүр түүрхэн мэдэв. Барьж үзэх нь бүү хэл, тоог нь ч хэлж үзээгүй их мөнгө өврөөс халуу оргиулна. “Салан палан гэж яваад мөнгөө хаячихвал ээж, хоёр дүүгээ баярлуулах бүү хэл юм болно” гэж бодохоос гэртээ харих замдаа Хүдэр энгэрээ дахин дахин дарж үзэж явлаа.
-Ээжийнх нь бүтэн сарын цалинг нэг бөгтрөх мөнгө байна шүү дээ! Арван хэдхэн хоногт ийм их цалин авчихлаа гэж үү? гэж ээж нь баярлах, гайхах зэрэгцсэн өнгөөр дуу алдлаа. Хүдэр баатрын дүртэй додигор зогсож байгаагаа өөрөө ч анзаарах сөгөө байсангүй. 
-Миний хүү ээждээ тустай, том эр болжээ! гээд ээж нь хүүгээ үнсээд, өөрийн эрхгүй урсан гарч ирсэн нулимсаа арчлаа.
-Манайх ийм их мөнгөтэй болсон юм чинь, гоё хоол хийх үү? гэж дүү нь шулганан асуух нь өхөөрдөм. “Тэгэлгүй яах вэ. Ээж бид хоёр одоохон гараад, хойд дэлгүүрт тавьсан өрөө дараад, мах гурил, ногоо авчирна. Дүүдээ гоё хоол хийж өгнө” гэж Хүдэр дотроо хэллээ.
Чухам ийм л гайхамшигтай агшнийг хүү энэ арван хэд хоногийн турш тэвчээртэй хүлээжээ. Ээжийгээ баярлуулах шиг бурханлиг сайхан мэдрэмж энэхэн дэлхийд өөр үгүй гэдгийг Хүдэр хүүгийн балчир оюун энэ л өдөр ийнхүү ухаарав. Есөн сарын нэгэн болтол гурван сарын зай бий. Дахиад хэдэн удаа ээжийгээ ингэж баярлуулна гээд бодохоор тэр лайтай улаан тоосгонуудыг зүүдэнд гарсан шиг нэг нэгээр нь зөөсөн ч яахав гэж бодогдоно. “Ижий минь баярлаж байна!” гэж бодохоос хүүгийн бяцхан зүрх аюулхайдаа багтахгүй булгилаж, ер бусын их баяр хөөр, догдлолд автан байлаа.

Monday, October 28, 2013

ӨРГӨГЧ ЦАМХАГ



/цуврал өгүүллэгийн нэгдүгээр/

Хүдэрийн нойр хулжжээ. Цаг хугацааг зогсоочихсон мэт гүн харанхуй шөнө орчныг бүхэлд нь нөмөрсөөр л. Цээжин дотор тийм гэх аргагүй сонин мэдрэмж хургана. Уушиг зүрх амаар гарчих шахан хөөрч, орноосоо суга үсрээд, одтой тэнгэрт нисчихмээр.
Нэг мэдтэл, үүлс баганадсан өндөр өргөгч цамхагт суугаад, том тэвшээр дүүртэл өрсөн улаан тоосгыг, наранд шүргэтэл дээр өргөөд, салхи исгэртэл залуурдан байшингийн оройд буулгаж байх юм. Цайрдсан зузаан төмөр данх дөчтийн савтай харшин танхийх дуунаар Хүдэр сэрвэлзэн нүдээ нээлээ. Харамсмаар. Өргөгч цамхаг зүүднийх байжээ. Элдвийг бодон хөрвөөж байсан хүү нойрондоо цохиулан нам унтаад, ээжийнхээ ус уудлах чимээнээр сэрсэн нь энэ аж. Үүр цайчихжээ. Чухам үүрийн гэгээг л тэсэн ядан хүлээж байсан болохоор, хүү ухасхийн өндийлөө.
-Хүүе! Хүү минь унтахгүй яагаа вэ? гэж эхийгээ дуу алдахад,
-Барилгын ажил эрт эхэлдэг гээ биз дээ? гэж сандарлаа. Үрийнхээ яарч хөвсөлзсөн сэтгэлийг ойлгож, дотроо өхөөрдсөн эх инээмсэглэх зуураа ус дүүргэсэн данхаа цахилгаан зуухан дээр тавилаа.
-Цаг болоогүй ээ, хүү минь. Жаахан ч болов унтаад ав. Өдөржин ажиллах болохоор ядарна шүү хэмээн хошуу цорвойлгон гуйх ээжийнхээ үгийг Хүдэр сонсохыг ч хүссэнгүй. Ухасхийн хувцаслаж эхэллээ. Долоодугаар ангиа дүүргэж, зуны амралтаа эхлүүлж буй хүү барилгад ажилчнаар орох болсон учраас ингэтлээ догдолж хөөрсөн хэрэг. Арван хоёрхон настай, хар нялхаараа үрийгээ хар бор ажилд нухлуулах гэж байгаадаа эхийн санаа зовнино. Гэвч хөөрхий ядарсан бүсгүй Өнөрмаад өөр арга даанч үгүй. “Харийн оронд хар ажил хийж, байрны мөнгө босгоно” гээд долоон жилийн өмнө явсан нөхөр нь сураг тасраад гурван жил болж байна. Тэндээ өөр хүүхэнтэй амьдарч байгаа болохыг дам хүнээс сонсоод, харин ч айж цочиж, уйлж орилоогүй. Он жилээр хүлээж цөхөрсөн учраас базаахгүй мэдээ сонсоно гэдэгтэйгээ эвлэрчихсэн байсан нь тэр болов уу.
Хүдэрийн ажиллах барилга гэрээс нь хоёрхон буудлын зайтай тул хоромхон зуурт л гүйж хүрсэн байлаа. Өчигдөр түүнийг бүртгэж авсан бүсгүй гайхсан, бас баярласан царайтай угтлаа. Ээжийнх нь найз Гүнжлхамын үеэл дүү Чимгээ гэх энэ сайхан зантай эгч,
-Ийм эрт гүйгээд ирдэг, яасан сайн хүү вэ! гээд инээснээ, хоёр хуудас дүүрэн зүйлийг нэгд нэгэнгүй цээжил гээд суулгачихлаа. Анги дэвших шалгалтаа дуусгаад санаа амарсан байтал, дахиад шалгалт өгөх болчихдог нь хачирхалтай. Ажил хийх гэж ирлүү, дүрэм цээжлэх гэж ирлүү гэж бухимдмаар. “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам” гэгчийг дор нь цээжилж, нэмэлт зөндөө тайлбар сонссоны дараа сая л сайхан зантай аниа Хүдэрийг дагуулан хүслэнт барилга өөд нь хамтдаа өгслөө. “Подъёмник” хэмээн нэрлэдэг өргөгч шатаар таван давхар луу гарч ирсэн тоосгыг өрлөгчинд зөөж хүргэх ажил хийнэ гэдгээ сонсоод, өчигдрөөс хойшхи сэтгэлийн хөөрөл унтарчих нь тэр! “Ээж нь хүүгээ барилгад ажилд оруулахаар ярьсан” гэхийг сонсоод, өргөгч цамхагт суугаад, олон гишгүүр араа хөшүүргийг залж, том хавтан, өрөөстэй улаан тоосго өргөж байна гэж өчигдөржин, урьд шөнөжин төсөөлөн бодсоор байсан билээ. “Би долоодугаар ангийн хүүхэд. Намайг яалаа гэж өргөгч цамхагт ажиллуулах вэ?” гэж бодохоос хачин их уйтгар төрнө. “Яагаад би ийм гэнэн юм бодоод, түүндээ өөрөө итгэчихэв ээ?” гэж дотроо өөртөө гоморхлоо.
Өрлөгчин Алимаа гэх мариалаг бор эгчийн туслахаар Хүдэр ажиллаж эхэллээ. “Тоосгыг заавал ингэж үүрнэ” гээд яаж үүрэхийг үзүүлж, биеэр нь хэд дахин хийлгэж алдааг заслаа. Бас заавал таван ширхэгээр зөөх ёстой. Түүгээр ч зогсохгүй подъёмноос хана хүртэлх хорьхон метр зайг заавал нэг замаар туулах ёстой юм гэнэ. Алимаа эгч мах шөлтэй хүн гэхэд итгэмээргүй шалмаг аж. Яг л робот шиг нэгэн хэмээр хөдөлж, ханыг ирийтэл өрнө. Хүдэр тоосгыг тав таваар нь үүрэн ирж түүний дэргэд, заасан цэгт хураана.
-Тээр! Чи амьсгаадаад эхэлчихлээ. Битгий өөрийгөө албадаж хурдан алхаад бай. Амархан ядарчихдаг юм! гэж өрлөгчин эгчийг зандрахад цээж бачуурч, самсаа шархираад явчихлаа. Хэдэн муу тоосгыг яаж ч зөөсөн энэ хүмүүст ямар хамаа байна аа? гэж гоморхон бодсоор буцаж алхлаа. Одтой тэнгэрт цойлчих шахан хөвсөлзөж хөвхөлзөж байсан их баяр догдлолоо эргэн санахаар уйлчих гээд болохгүй. Дэмий л буруу харан хэсэг зогслоо.
Алимаа эгээгээс жаахан цаахна өрлөг хийж буй ахын туслах, дунд сургуулиа хэдийнэ төгсчихсөн бололтой эгчмэд шар охин Хүдэртэй зөрөхдөө доогтой нь аргагүй инээнэ. “Би тоосгоо буруу үүрээд байгаа юм болов уу?” гэж бодлоо. Эгчийн зааснаар үүрэх үйлдлийг яв цав хийнэ. Гэвч охин инээсээр л. “Би эр хүн шүү дээ. Тэгсэн хэрнээ нэг муу турьхан охинтой адил тооны тоосго үүрсэн болохоор намайг шоолоод байгаа бололтой” гэж бодогдлоо. Тоосгоо таваар биш, арваар нь зөөж эхэллээ. Бас алхах хурдаа ч нэмлээ. Алимаа эгч ажилдаа улайраад мөддөө анзаарсангүй. Харин өнөөх шар охин улам доогтой жуумайж байна шүү. “Гайгүй дээ. Чамд ямар эр хүн гэдгээ үзүүлнэ дээ” гэхээс дотор бугшина. Хоёр гуравхан явалтын дараа амьсгаа давхцаад, нуруу чилээд, хөл гуйвав. Гэсэн ч танихгүй охины өмнө ядарснаа мэдэгдэхээс ичээд, “гүрийгээд” л байлаа. Хүдэрийн байдгаараа ядарсан болохыг Алимаа эгч гэнэт анзаарлаа. Энэ удаа маш уурлаж, учрыг удаан тайлбарлалаа. “Биендээ аль болох ачаалал өгөлгүйгээр, цөөн тоосгыг жигд хурдаар зөөх ёстой” гэх дүрэм ингэж л орой руу орлоо.
Үдийн хоолондоо Хүдэр шалчийтлаа ядарсан хүн очлоо. Маш томоор хөшиглөсөн, зөндөө их махтай гурилтай шөлийг хараад, арааны шүлс асгарсан ч “Энэ гоё хоолноос хоёр дүүдээ аваачиж өгөх юмсан” гэх бодол толгойноос салахгүй. Цэцэрлэгт үйлчлэгч хийдэг ээжийнх нь цалинг өрөнд суутгасан тул өчүүхэн жаахан элэг бөөр төдийхнийг нийлүүлж боосон “жижиглэн” хэмээгчээр хоол хийж идвэл дээдийн дээд “махтай хоол” тэр болчихоод байгаа билээ. Ажилчдын нирхийтэл инээлдэх дуу бодлыг нь сарниав. Өнөөх танихгүй охины “дарга” өрлөгчин Чулуун гэгчийн дуу ихтэйг яана. Өмнүүрээ улаан хөлтөн гишгүүлэхгүй, нохой гахайгаар хочлон пар пар инээнэ. Хочных нь ончтой гэдэг гайхмаар. “Наруто” гэсэн хочоор дуудуулсандаа уурлах залууг хараад Хүдэр инээдээ арай ядан барилаа. Том мурий ам, жаатгар нүдтэй, хөдөлж аяглаж буй нь яг л япон гэж андуурам залуу байх аж.
-Миний дүүгийн нэр хэн билээ? гэж хоолоо амтархан идэж буй шинэ хүүгээс шооч эр асуулаа. Дуугүй байх хэцүү, дуугарах нь бас сайн юманд хүргэхгүй гэдгийг мэдэрч, хэсэг зуур түгдрээд,
-Хүдэр гэж нэрээ чанга хэлээд тавьчихлаа. Чулууны жаатгар нүд сэргээд, бүр босч ирлээ шүү.
-Өө хөөрхий! Манай муу халтар нохойг бас Хүдэр гэдэг юм. Та хоёр амьдаа болж таарах нь! гэдэг байгаа. Хооллохоор цугларсан барилгачид элгээ дарж, зарим нь шалан дээр ойчтолоо хөхрөлдөнө. Чулууныг харахаас өшөө хүрмээр. Бушуухан гараад гэр лүүгээ гүйчихмээр. Харин өнөөх танихгүй охины царай дахь доогтой инээмсэглэл алга болоод, “дарга” руугаа үзэн ядсан харцаар цоргиж байгааг хүү анзаарлаа. Чухам энэ л түүний гарч гүйх хүслийг зогсоов уу гэлтэй.   
Орой гэртээ ирэхэд хоёр дүү нь шулганан угтлаа. Ажилчдын нүд хариулж байгаад гялгар уутанд хийж авсан гурилтай хоолны том гэгч хөшиглөсөн махнуудаа гаргаж өгөхөд хөөрхий, магнай тэнийтэл баярлах нь өрөвдмөөр. Махыг амтархан зажилж буй ч нүд нь дараагийн идэх махнаасаа салахгүй ширтэхийг ээж хараад нүднээсээ нулимс унагалаа. Хүдэрийн уур буцалж, оройжин хүрлийж суув. “Нохойны нэрт” гэж дуудуулдаг болсноо санахаас уйлмаар. Тоосгыг заавал таван ширхгээр, заавал ингэж үүрээд, заавал энэ замаар яваад, заавал энд өрөх ёстой гэж буй Алимаа авгайн хорсолтой дүр нүдэнд харагдахад хөмхийгөө зууна. Хөөрхий ээж нь юу болсныг асуун наана цаана гүйнэ. Санаа их зовнисон нь илт.
-Би ядарч зүдэрсэн ээжийнхээ төлөө, хоёр хөөрхөн дүүгийнхээ төлөө энэ бүх доромжлолыг тэвчих ёстой! Би цалин авч ээждээ нэмэр болох ёстой! гэж Хүдэр өөртөө тушаасаар маргаашийн ажилдаа ирлээ.
Гайхалтай нь энэ өдөр бүх зүйл өөр тийшээ эргэжээ. Чулуун ах өрлөгөө түрүүлж дуусгасан учраас Хүдэртэй хамт тоосго зөөх ажил хийлээ. “Тоосго зөөнө гэдэг доромжлол биш байж. Олон жил ажилласан хашир хүний ч хийдэг ажил байж” гэж бодохоос ичмээр. Хашир өрлөгчин Хүдэрт тоосгыг үүрч буулгах маш эвтэйхэн аргыг өөриймсгөөр заана. Түүгээр ч зогссонгүй “Мэрси” шоколад гаргаж Хүдэрийн халаас руу сэм хийгээд,  
-Өчигдрийн явдалд ахыгаа уучлаарай. Дүүгээ арай л хэтрүүлчихсэн дэг ээ гэдэг байгаа. Хүдэрийн дотор уужраад явчихлаа. Уржигдар шөнийн, нисчих дөхсөн сайхан мэдрэмж эргээд ирчих шиг. Чулууны уучлалт гуйсанд биш, “Хоёр хөөрхөн дүүдээ, бүтэн хайрцаг шоколадтай очих нь байна шүү дээ!” гэж бодохоос уушиг зүрх нь цээжиндээ багтахгүй баярлаж догдолж байлаа.

Sunday, July 14, 2013

Шог зураг

Монгол улсын бүх хуулиуд "УИХ-ын бүрэн эрх", "ЗГ-ын бүрэн эрх", "Засаг даргын бүрэн эрх" гэсэн бүлгээр эхэлж, "Иргэний үүрэг" гэсэн бүлгээр өндөрлөдөг. Зүй нь "Иргэний эрх" гэж эхлээд, "УИХ, ЗГ, Засаг даргын үүрэг" гэсэн бүлгүүдээр үргэлжлэх ёстой.


Monday, May 20, 2013

Онигоо

-Аав аа, түлхүүрээ өгөөч. 20 мянган долларын үнэтэй машинаар чинь найзууддаа гангарах гэсэн юм.
-Май 400 төгрөг.
-Яах гэж?
-50 мянган долларын үнэтэй автобусаар гангар.
 
Нарийн харамчаараа өөрийн сумандаа байтугай зэргэлдээ гурван суманд зартай "Нарийн" Нямаа гуай үхэх гэж байна гэнэ.
-Хань минь чи миний дэргэд байна уу?
-Байна.
-Хүүхдүүд?
-Хүүхдүүд бүгдээрээ дэргэд чинь зогсож байна.
-Ач зээ, ах дүү нар минь ирсэн үү?
-Ирсээн. Бүгд энд байна.
-Тийм бол цаад гал тогооны гэрлээ унтраагаач! Тог гүйгээд байна!
 
Худалдааны зөвлөх үйлчлүүлэгчийг ятгаж байна:
-Танай хажуугийн дэлгүүрт арай хямдхан оффис ширээ байгаа юм биш үү?
-Үгүй ээ. Манайх жинхэнэ оффис ширээ!
-Жинхэнэ гэхээрээ яадаг юм?
-Хоёр хүнийг даадаг.
-Аан..?!
-Захирал нарийн бичиг хоёрыг..!
 

Thursday, May 9, 2013

Онигоо бас хошигнол

Сонгуулийн сурталчилгаа хаах хугацаа дөхөв. Бат-Эрдэнэ аварга сурталчилгаа явуулахгүй чимээгүй суугаад л байх юм гэнэ.
-Яагаад чимээгүй суугаад байна аа, аварга аа?
-Элбэгдоржийн ядрахыг хүлээж байна аа.


-Чамд мөрөөдөл бий юу?
-Архинаас гарахыг л мөрөөддөг.
-Тэгээд гараач дээ!
-Гарчихвал би мөрөөдөлгүй яаж амьдрах юм бэ?


Далайн эргийн наран шарлагын газрын аврагч залуугаас сэтгүүлч ярилцлага авч байна.
-Таны ажлын хамгийн осолтой тал юу вэ?
-Хамгийн осолтой ажил бол живсэн эрчүүдийг аврах.
-Хүнд болохоор тэр үү?
-Үгүй ээ. Хиймэл амьсгаа хийх л аюултай.
-Аан..?!
-Эрчүүд сэргэмэгцээ хиймэл амьсгаа хийж буй аврагчийг озож байна гэж ойлгодог. Тэгээд л шууд "Зэвүүн гомо, зайл!" гэж харааж, зоддог.


Өглөө сэрмэгц чи санагддаг. Өдөржингөө чиний тухай бодол толгойноос салдаггүй. Шөнө унтахдаа ч чамайг бодоостой.
Гуйя, новш оо! Мөнгийг минь буцааж өгөөч!
 
 

Thursday, April 25, 2013

Оюутан охид хэнийг хүлээдэг вэ?

-Хэрвээ та манайд ажилд орвол царайлаг хөөрхөн оюутан охид таныг тэсэн ядан хүлээдэг болно! Бороотойд ч, цастайд ч хүлээнэ. Ирэхийг чинь хараад өмнөөс чинь гүйнэ. Орхиод явах гэвэл араас чинь гүйлдэнэ!
-Паах! Үнэн биз?
-Үнэн байлгүй яах вэ!
-Зөвшөөрлөө! Би ямар ажил хийх вэ?
-Автобусны жолооч.


Монгол жуулчид Тайландад очсон оройгоо зад найрлав. Сүүлдээ зодолдож ширээ сандал хэмхчээд эхэлсэн тул зочид буудлын хамгаалалтынхан ирж арайхийж унтуулав. Тас үсрээд, нам унтацгаасан болохоор шөнө цунами болохыг мэдсэнгүй. Өглөө нэг нь сэрж өндийв.
-Пээ! Ингэтлээ зодолдсон гэж үү?
Босоод гарах гэтэл хаалга байсангүй. Сандал ширээ, ор буйдан бүгд будаа.
-Яана аа. Ийм их юмыг төлөхөд бидний мөнгө хүрдэг л байгаа даа?
Өнөөх эр хонгил руу гартал зочид буудлын зүүн жигүүр тэр чигтээ нуржээ.

-Өө зө! Бүр буудал нураачихаж! Бид өнгөрч. Харийн шоронд хатжээ!
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates