Monday, December 27, 2010

Найз уралдаанд ороорой


“НАЙЗ...” СЭДЭВТ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Залуусын iD брэнд, Монголын Блогчдын Холбоо, Монки.мн сайт, Монголын Компьютер Графикийн холбоо, хамтран 2010оны 12 сарын 23-аас 2011оны 01 сарын 23 хүртэл өдрүүдэд Найз сэдвээр
  • Блог бичлэг /нийтлэл, шүлэг, өгүүллэг/
  • Чөлөөт бүтээл /фото болон гар зураг, 2D ба 3Dкомпьютер графикийн ажлууд, дуу болон миксүүд, гар урлал, видео гэх мэт юу чаддаг тэр авъяасаараа оролцох/
төрлүүдээр шилдгийг шалгаруулах уралдаан зарлаж байна.
Тус уралдааны гол зорилго нь залуусын өөрийгөө үнэлэх, илэрхийлэх, бусадтай санал бодол, хүсэл тэмүүллээ хуваалцах боломжийг интернэт орчинд дэмжиж шилдэг санаа, бүтээлч сэтгэлгээ, өрсөлдөх чадвар, найруулга, илэрхийлэл бүхий бүтээлүүдийг шалгаруулж шагнахад оршино.
Найз”уралдааны журам
1. Уралдаанд бүтээл ирүүлэгч нь аль ч улсад амьдардаг хэн ч байж болох бөгөөд нас, хүйс үндэс угсаа ялгаварлахгүй.

2. Бүтээл нь утга уянгын, шог хошин, элэглэл, шүүмжлэл гэх мэт ямар ч хэлбэрээр байх боломжтой бөгөөд уралдаанд оролцогчийн зөвхөн өөрийн бүтээл байна.

3. Бүтээл нь Монгол Улсын хууль тогтоомжуудад санаатай болон санамсаргүй харшлахгүй, аллага хүчирхийллийг дэмжихгүй, садар самууныг сурталчилахгүй, бусдын нэр хүнд хувийн нууцад халдахгүй, хуурахгүй, ялгаварлан гадуурхахгүй, турхирахгүй, дайрч доромжлохгүй, хувийн болон албаны нууцыг олонд дэлгэхгүй, зохиогчийн эрхэнд харшлахгүй байж нийтлэлийн ёс зүйг сайтар хангасан байна.

4. Блог бичлэгийн бүтээлийг компьютер дээр Unicode ашиглан бичиж www.monkey.mn сайтын уралдааны бүтээл хүлээж авах хэсэгт оруулна. Бүтээлээ оруулахдаа, тус сайтын Мэдээ нийтлэх цэсээр орж Найзуралдаан ангилалыг сонгож нийтэлнэ.

5. Чөлөөт бүтээлүүд болох богино болон урт хэмжээний аудио дуу болон микс, ремикс, видео бичлэг зэрэг бүтээлүүдийг Youtube.com вэбсайтад оруулж, embedcode-г монки.мн сайтад зааврын дагуу оруулан нийтлэнэ.
1. Фото, графикийн ажлуудыг Flickr.com зэрэг вэбсайтуудад оруулж монки.мн сайтад зураг оруулах зааврын дагуу нийтэлнэ.
Мэйлээр ирүүлсэн бүтээлийг http://www.facebook.com/iDbyUnitel нийтлэж like / /-ийн тоогоор тодруулна.
6. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг чөлөөтэй сэтгэсэн байдал, найруулга, уран сэтгэмж, шинэлэг санаа, өвөрмөц шийдэл, нийт уншигчдын сэтгэгдэл, үнэлгээг / / харгалзан Юнител корпораци, Монголын Блогчдын Холбоо, Монголын Компьютер Графикийн холбооны хамтарсан шүүгчдийн баг шүүнэ.

7. Уралдаанд ирэх бүтээлүүдийг 2010 оны 12-р сарын 23-оос 2011 оны 1-р сарын 23 өдрийг дуустал хүлээж авна.
8. Уралдааны эцсийн дүнг 2011 оны 1 сарын 31-нд танилцуулж байрыг тодруулна.

9. Уралдаанд төрөл тус бүрээр 3 байр шалгаруулж шагнана.
I байр2- Blackberry Curve гар утас + Монгол / Англи зурагт толь бичиг
II байр2- Live modem + Монгол / Англи зурагт толь бичиг
III байр2- iD азын мөнгөн дугаар + Монгол / Англи зурагт толь бичиг
10. Уралдаанд ирсэн бүтээлүүд нь зохиогчдын оюуны өмч байх бөгөөд зохион байгуулагчид тэдгээрийг ашиглах, хэвлэн нийтэлж олон нийтийн хүртээл болгох эрхтэй.
iD брэнд
Монголын Блогчдын Холбоо
Монголын Компьютер Графикийн Холбоо
www.monkey.mn

Monday, December 13, 2010

Килограмм цагаан будаа хэдэн ширхэг бол?

Хүнсний захаас баригдсан хоёр хулгайчийг шүүх хурал болж байна гэнэ. Эхнийхээс нь шүүгч асууж байна.
-Юу хулгайлсан бэ?
-Нэг жижиг шилтэй даршилсан өргөст хэмх хулгайлсан. Дотроо ердөө л зургаан ширхэг өргөст хэмх байсан.
-Мм...мм. За чамд хулгайлсан өргөст хэмхний чинь тоогоор зургаан сарын ял өгье гэж шүүгч хэлэв.
Шүүгч ингэж хэлмэгц хоёр дахь хулгайч ухаан алдаад уначихлаа гэнэ. Арайхийж сэргээгээд,
-Чи яав аа? гэж шүүгч асуув.
-Яана аа! Би нэг килограмм цагаан будаа хулгайлчихсан юм аа гэж гэнэ.

Галт тэрэг хөдөлсөн чинь араас нь нэг галзуу залуу гараа зангаад гүйгээд байх юм гэнэ. Дарга хөөрхийг маш их өрөвдөв. Галт тэргээ зогсоох тушаал өгөөд,
-Иш өвчтэй зовлонтой хүнд буян бололгүй яахав. Миний хүү гараа даллаад гүйгээд байх чинь галт тэрэгнээсээ хоцроо юу? гэж асуув. Галзуу маш ууртай,
-Юуны чинь хоцрох. Галт тэргийг вокзалаас хөөж явааг минь харахгүй байна уу? гэжээ.

АМЬДРАЛЫН ТЕОРЕМ

Бүгдийг мэдээд байдаг харин машинаа нь ажиллуулж чадахгүй байвал үүнийг онол гэдэг. Харин машин нь ажиллаад байдаг яагаад ажиллуулаад байгаагаа мэдэхгүй бол түүнийг практик гэдэг.
Үүнээс үүдээд хийх дүгнэлт:
Юу ч мэдэхгүй, машин нь ч ажиллахгүй байвал үүнийг онол практикийн нэгдэл гэнэ.

Wednesday, December 1, 2010

Задорновын ярианаас

М.ЗАДОРНОВ

АНГЛИ БҮСГҮЙ, ОРОС ҮЙЛЧИЛГЭЭ
Нэгэн англи бүсгүй гучин нэгний өдөр Лондон руугаа Аэрофлотын онгоцоор нисэхээр шийджээ. Английн компаниудыг бодвол Аэрофлот нь ямар ч гэсэн хямд байж л дээ.
Онгоцны буудлын гадаадынханд зориулсан тусгай танхим VIP-д бүсгүй орж явчихав. Бүртгэлийн тавцангийн ард нисэх буудлын ажилтан, жинхэнэ манай орос авгай улаа бутарч нүд нь манараад сууж байлаа. Гучин нэгэн, шинэ жилийн баярын өдөр. Тэгээд бас үдийн цай өнгөрчихөөд байгаа шүү дээ. Англи бүсгүй оросоор ус цас шиг ярьдаг хүн тул,
-Та чинь согтуу байна шүү дээ гэж эгдүүцлээ. Манай орос авгай ч яахав, манай маягаар л хариу барилаа.
-Хн, юу нь болохгүй байна?
-Би гомдол гаргана даа!
-Хэнд тэр вэ? Ээ базарваань! Чамайг дарга дээр оруулаад өгөх үү, тэгээд?
-Тэг! Оруулаад орхи намайг!
Согтуу авгай бүдчиж, англи бүсгүй ярвайн дагаж, явцгаасаар даргын өрөө рүү орж л дээ. Харин тэнд нь идээ будаа дүүрэн өрсөн ширээний ард дарга сууж байлаа. Яг л хээр тарвалзаж байгаа эр хүн шиг налайж, улаа бутруулж нүд нь мөн л манарсан байх аж. Зангиа нь хажуу тал дээрээ гарчихсан, пиджакаа зөрүүлж товчилсон харагдана. Англи бүсгүйд хаанаасаа жинхэнэ орос зан байх вэ дээ, чааваас.
-Паах! Та бас согтуу юу?! гэж чарлалаа.
-Юу? Би согтуу байна гэж үү?! хэмээн дарга үнэн сэтгэлээсээ гайхаад,
-Би ч харин гайгүй байна шүү. Та нисэх гэж байгаа экипажийнхаа нисгэгчдийг хараагүй байгаа шүү, харин ч! гэж цааш хэл ам орооцолдууллаа. Англи бүсгүй айснаасаа болоод энэ өдөр Лондон ниссэнгүй, шинэ жилээ Москвад угтлаа. Түүнд орос занг ойлгох ухаан байхгүй учраас тэр шүү дээ, чааваас.

ЗАРЧИМГҮЙ ЮМ!
Ялта хотын одон орны судлалын оргилд орон нутгийн нэгэн дарга гэр бүлийнхээ хамтаар морилжээ.
-Нөхөөд!.. Бидэнд өнөөдөр Сар луу дурандаж үзэх хүсэл төрлөө л дөө. Охины маань төрсөн өдөр болоод... хэмээн дарга үгээ зөөж тавин, дарга хүнд л байх буурь үзүүлэв. Одон орон судлаачид:
-Харамсалтай нь та хожимдчихсон байна. Сар хэдийнэ жаргачихсан гэж даргад тайлбарлав. Даргын царай хувьсхийж, машид эгдүүцэж байгаа бололтой.
-Яасан зарчимгүй юм бэ! Та нөхдөд намайг ирнэ гэж хэлээгүй юм уу? гэж уурссан гэдэг.

Wednesday, November 17, 2010

Уба, ума, Алтай гурав болиоч ээ!

Уран бүтээлчид бидний хийсэн "Тусгай салаа" кино ард түмэнд хүрсэн. Бид энэ бүтээлдээ жинхэнэ монгол хүмүүсийг, хүнлэг сайхан сэтгэлийг, монгол ухааныг гаргахыг зорьсон. Монгол амьсгалтай, монгол сэтгэлтэй, монгол кино болж чадсаныг бид биш саяар тоологдох үзэгчид хэлж байгаа.
Гэтэл гишүүн Алтай гэгчийн толгойлсон телевизүүдийн холбоо МҮОНТ-тэй шүүхдэлцэх гээд гүйж явна.
Тэдний гаргадаг солонгос олон ангит кино нь үзэгчгүй болж орлого нь хаагдаж хохирсон юм гэнэ. Алтай гуай таны хувийн телевизээр явдаг солонгос сериал монгол залуусыг ямар сэтгэлгээтэй болгож байгаа билээ?
Хэдхэн жилийн дараа монгол нутаг минь уба, ума гэж ярьсан, енгэнэтэл уйлдаг, солонгосоор сэтгэдэг монгол эрийн оронцгуудаар дүүрэх вий дээ.

Уба, ума, Алтай гурав аа. Болиоч ээ!

Monday, November 8, 2010

ТУСГАЙ САЛАА ҮЗЭГЧДЭДЭЭ БАЯРЛАЛАА

Уран бүтээлчид бидний бүтэн жилийн турш хөлсөө урсгаж, нойр хоолоо хасч байж хийсэн бүтээлийг шимтэн үзсэн эрхэмсэг үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүгдийн хэлсэн халуун дулаан үгнээс “Тусгай салаа”-ныхан бид асар их эерэг эрчмийг авлаа.

Орон нутагт аялдаг тээврийн тэрэгнүүд Тусгай салаагаа үзэхийг хүссэн зорчигчдын шаардлагаар замын буудалд цаг мөчийг тааруулан зогсолт хийдэг болсон гэж нэг хүн надад хуучилж билээ. Аль ч албан газар, байгууллага руу яваад ороход “Дэндэв өчигдөр мөн холиолоо шүү”, “Тэр Тамираа гэж балай хартай золиг юм аа” гэх яриа болж байх нь чих дэлсдэг байлаа. 1150 бээрийн алс, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаас Улсын тэргүүний уран сайханч, морь цоллооч Д.Атарбаян анд минь утасдлаа. “Тусгай салаа минь дуусчихлаа. Оройд хүлээх зүйлгүй, сэтгэл гансраад...” гэж хэлж байх юм. Бидний уран бүтээлийг орой бүр тэсэн ядан хүлээж, анхааран үзэж, шүүн хэлэлцэж байсан тань дараа дараагийн бүтээлээ хийх цэнэг болдог билээ.

ТУСГАЙ САЛААНЫ ДАЛД ФРОНТЫН ДАЙЧИД

Өөрсдийнхөө уран бүтээлийг дөвийлгөж, онгироо зан гаргалаа гэж уншигч та намайг бүү зэмлээрэй. Энд би Тусгай салааны далд фронтын дайчид болох уран бүтээлийн багийн тухай өгүүльюү гэсэн юм.

ИТГЭЛ ТӨРҮҮЛЭХ ЭРЧ ХҮЧ

Долоон настай хүү “Ерөнхий продюссер гэж хэн юм бэ?” гэж буурал ааваасаа асуухад, “Киноны удирдагч” хэмээн хариулахыг би нэгэн айлд сонссон юм. Өөр яаж оновчтой илэрхийлэх вэ гэж би хэсэг зуур бодоод ардынхаа ухааныг биширч билээ. Нээрээ л ерөнхий продюссер хийнэ гэдэг хэн хүний барж идэх ажил биш. Хамгийн чухал шалгуур бол ивээн тэтгэгчдэд итгэл төрүүлэхүйц хүн байх ёстой. МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь гэх нэрийг сонсоод хэнд ч итгэл төрдөг. Энэ хүн Монголын улс төр, бизнес, соёл урлагийн ертөнцөд өөрийн нэр хүндийг бий болгож чадсан. Түүний өөртөө итгэлтэй, эрч хүч дүүрэн төрх, цэгцтэй логиктой яриа нь аль ч том банкны захирал, ямар ч том компанийн эзэн, хэн бүхэнд бишрэх сэтгэгдэл төрүүлдэг. Зохиолыг хэнээр бичүүлэх, киног хэнээр найруулах гэдгээс эхлээд бүх багаа энэ хүн мэдэж сонгоно. Ивээн тэтгэгчээр ямар байгууллагыг оруулахаа шийднэ. Нийгэмд ямар мессеж хүргэх вэ, монголын үзэгчид юуг хүлээж байна вэ гэдгийг мэдрэх хэрэгтэй болно. Ингээд бодохоор эхэнд өгүүлсэн настан буурлын хоёр үгтэй тодорхойлолт яалт ч үгүй бодит байдалтай нийцнэ.

МҮОНТ-ийн захирал, Тусгай салааны Ерөнхий продюссер Ц.Оюундарь гэх эрхэм хүн байгаагүй бол “Хэцүү анги” ч, “Тусгай салаа” ч цаасан дээрээ л үлдэх байсан.

НҮДТЭЙ НАЙРУУЛАГЧ

Тусгай салааны Ерөнхий найруулагчаар Ж.Батбаяр ажиллаагүй бол Дэндэвт минь хэн тоглосон байх бол гэхээс би айдаг. Магадгүй хэт хошин тал руу хэтийлгээд холион бантан хутгачихаж ч мэдэх байсан. Найруулагч жүжигчднийхээ царай төрх, үг хэллэг бүх зүйлийг яв цав тохируулж сонгож чадсаны ачаар дүрүүд үзэгчдийн сэтгэлд хоногшлоо. Батбаяр маань үнэхээр нүдтэй найруулагч гэж магтъя даа. Бид хоёрын хооронд болсон нэг яриа санаанаас гардаггүй. Би Сүлдийн ээж Жавзмаагийн дүрийг зөөлөн ааштай, үрээ гэх эхийн сэтгэлээр Сүлдийг эрхлүүлж, дотроо уйлан нөхрөөсөө аядуу нам дуугаар гуйдаг байхаар тодорхойлсон байсан. Тэгтэл Батбаяр “Жавзмаа шөвөлзөх ёстой. Тэгж байж л Жавзмаа, Даваа хоёрын хооронд контраст гарч ирнэ” гээд өөрчилж билээ. Энэ шийдвэр зөв байснаа харуулсан. Энэ мэт маш олон зүйл дээр ерөнхий найруулагч маань бүтээлчээр хандаж, оновчтой санаануудыг гаргаж ирж байсан.

АЛТАЙ ШИГ ТҮШИГ

Мань мэтийн будааны хүүхэд нэрийг нь сонсоод биширдэг Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОНТ-ийн бурхан найруулагч Будын Жаргал гуайтай хамтарч ажиллах болсондоо би их баярлаж билээ. Киноны зөвлөх найруулагч Алтай шиг түшигтэй энэ хүн бидэнтэй хамт суугаад дүрийн сонголт хийж байхдаа “Дэндэвийг хэр баргийн хүн гаргаж чадахгүй шүү. Хэдүүлээ Дэндэвээ л зөв сонгоно шүү” гэж ахин дахин хэлж байсан. Өдөрт 10 сценийн зураг авалт хийнэ гэдэг хэр баргийн чадалтай залуу давахгүй хүнд ачаалал. Зураг авалтын үеэр Жаргал ах маань залуучуудаа дайрч унагахаар эрчтэй жавхаатай гүйж явдаг байж билээ.

ХОЁР ЭРКА

Тусгай салааны ерөнхий редактор Д.Эрдэнэцэцэг, гүйцэтгэх продюссер Л.Эрдэнэтуяа гэх хоёр бүсгүйг хоёуланг нь Эрка гэж дуудацгаадаг. Хоёр Эрка маань киноны туршид хэдэн пүүгийн жин хаясан бол доо. Эрдэнэцэцэг эгч маань 013 дугаар анги дээр очиж киногоо хянах, МҮОНТ дээр ирж Хүүхдийн нэвтрүүлгийн албаа залгуулах гээд хоёр тийшээ гүйнэ. Бас өөр гүйх ажил өчнөөн. Түвшингийн нүдний шил, Тамираагийн нүүрний будаг, Хурцын атгаж хагалах зүрх гээд бүх зүйлд хоёр Эрка маань гүйнэ. Эцэж цуцашгүй энэ хоёр бүсгүйн буянаар кино маань санхүүжиж, ажил маань урагшаа ахидаг байсан.

ДАЛД ФРОНТЫН ДАЙЧИД

Тусгай салааны уран бүтээлийн багийнхан өглөө зургаагаас шөнийн гурван цаг хүртэл ажиллахыг хараад жинхэнэ тусгай ангийн дайчид нүдээ орой дээрээ гарган гайхдаг байсан. “Хүн ингэж ажиллаж болох уу? Та нар эсвэл робот уу?” гэж асуудаг байлаа. Ажилдаа сэтгэлээ өгсөн бүтээлч хамт олон 60 гаруй хүний нөр их хөдөлмөрийн үр дүнд Тусгай салаа амилсан.

Олон ангит киноны зураг авалт гэдэг цагт хавчигдсан ажил. Хэдхэн мөчид камериа бэлтгээд, өндөр чанартай дүрс авах чадвартай, мэдрэмжтэй байх ёстой. Зураглаач Ж.Нямсүх, Б.Чинбат хоёр маань ийм байж чадсан.

Бүтэн долоо хоногоор өрөөнөөс гаралгүй ажиллаж байгааг нь хараад эвлүүлгийн найруулагч Ш.Мөнхбатыг би биширч билээ. Ажилдаа сэтгэлээ өгнө гэж үүнийг л хэлнэ. Шөнөжин сууж орой гарах хоёр ангиа бэлэн болгоод, суугаа чигтээ сандал дээрээ гуч дөчин минут нүдний хор гаргаад, дараагийн ангийн эвлүүлэгтээ орж байхыг нь би өөрийн нүдээр харсан. Эвлүүлгийн найруулагч Ж.Амартүвшин ч мөн ийм темпээр ажиллаж байсан.

Хошууч генерал М.Борбаатар, хурандаа Ц.Цэвээнсүрэн, хурандаа Л.Раднаасэд, хурандаа Д.Төмөрбаатар, хурандаа Ш.Эрдэнэбаяр, дэд хурандаа Л.Гантөмөр, ахмад Ц.Дашдаваа нар шиг сайн зөвлөхүүд байгаагүй бол ажил маань гацах байсан гэдгийг юуны түрүүнд хэлье.

Хөгжмийн зохиолч Б.Бат-Эрдэнэ буюу Аранзайтай бид энэ уран бүтээл дээр хамтарч ажилласандаа их баяртай байгаа. Аранзай маань киног чимсэн олон хөгжмийг бичиж, “Тусгай салаа”, “Хайрын зарлан” хоёр дуунд мөн жигүүр хайрласан. Бүтээлдээ үнэнчээр ханддаг энэ залуу хөгжмөө хүлээлгэж өгөөд л ажлаа дуусгачихаагүй, киноны эвлүүлэгт ирж, хөгжмүүдийг сонгох, хэрхэн тавих тал дээр зааж зөвлөж байсан. Зураач А.Баяраа ах минь их түшигтэй байсан. Зураач хүний мэргэжлийн ажиглалт харьцуулалт дүр сонголтод ямар үнэ цэнэтэйг би энэ хүнээс л олж харлаа.

“Монголчууд хоёр сар үзэх юмтай байлаа” хэмээн цахим хуудсуудад үзэгчид сэтгэгдэл бичиж үлдээжээ. Ард түмнийг үзэх юмтай байлгахын төлөө туслах найруулагч А.Амарбаясгалан, Б.Даваасүрэн, дууны найруулагч Б.Цогзолмаа, Д.Оргилбаяр, нүүр хувиргагч Б.Дагирмаа, гэрэлтүүлэгч Д.Отгонбаяр, тайз чимэглэлч Ч.Гантулга, жолооч Ч.Наранбат нар минь цаг наргүй хөдөлмөрлөсөн. Амь бие хайргүй зүтгэсэн гэж би хэлнэ. Тэдэнд маань БХЯ, ЗХЖШ-аас Иракт амь дүйж гавьяа байгуулсан дайчдад олгодог “Энхийн төлөө III” медаль шагнасан нь амь бие хайргүй гэдэг үгийн баталгаа болно.

Ингээд бидний “Тусгай салаа”-тай хоёр сарын турш хамт догдолсон үзэгч та бүхэндээ дахин баярлалаа.

Жич: Жүжигчдийнхээ тухай дараа дахин бичих болно оо.

Thursday, November 4, 2010

Арьс л чухал

Хүний хамгийн чухал эрхтэн юу вэ? гэж багш асуув.
Наташа:
-Гар.
-Яагаад?
-Бид гаргүй байсан гэхэд идэж чадахгүй байхсан.
Аня:
-Хөл.
-Яагаад?
-Хөлгүй байсан юм гэхэд бид явж гал тогоондоо орж чадахгүй.
Вовка:
-Багш аа, арьс!
Вовкаг ингэж хэлэхэд багш нь гүн амьсгаа авлаа. "Овоо доо Вовка, хүмүүжиж байна шүү. Шодой л гэх болов уу гэж айлаа ш дээ" гэж бодоод асуув.
-Яагаад?
-Хэрвээ арьс байгаагүй юм гэхэд бид шодойгоо гартаа барьж явахаас өөр аргагүй болох нь байна шүү дээ.


Багш логик сэтгэлгээ хөгжүүлэх асуулт тавьж байна гэнэ.
-Нэг нь хар, нөгөө хүрэн хоёр бүргэд нисч явна. Хүрэн нь баруун тийш эргэв. Асуулт: Би хэдэн настай вэ?
Хүүхдүүд толгойгоо гашилгацгаав. Вовка шууд л гараа өргөв.
-За Вовка, хариул даа.
-Та 32-той.
-Пөөх. Зөв хэллээ. Чи яаж миний насыг олов оо?
-Ийм тэнэг асуулт асууж байгаа хүн бүтэн солиотой л байж таарна. Манай ах 16-тай. Түүнийг аав хагас солиотой гэдэг юм. Бүтэн солиотой насыг олохын тулд 16-г хоёроор үржсэн юм аа, багш аа.

Monday, October 25, 2010

САЙД АА, ХҮҮХДҮҮДЭЭ АВ!

/шог өгүүллэг/
Хаврын сайхан өдөр над руу хайр гэнэт ирэв. Түүнтэйгээ уушийн газарт ороод хоёр биенээ ширтэн суулаа. Сэтгэл догдлоод л, үгээр хэлэхийн аргагүй сайхан. Тэр минь хайраа илчлэх гэсэн бололтой амаа дөнгөж нээтэл хорин дөрвөн цаг донхийж, тухалж суусан биднийгээ тууврын мал шиг шилбүүрдэж хөөлөө. Далаад онд төрсөнсөн бол хайртыгаа дагаад нийтийн бүжигт очихсон. Даанч тийм юм байхгүй. Зугаалъя гэтэл модод ургаж, навчис сэрчигнэж болох бүх цэцэрлэгийг хотын дарга асан зараад идчихсэн. Аравдугаар ангийн охин шиг орцонд зогсохоос ичиж, зочид буудалд өрөө авлаа. Тэгтэл хайр минь ганцхан тонгорч орон дээр унагаад, цэвэр дарчихаж билээ. Хайраа ч илчлэхээ мартсан. Ингэж л анхны охиноо олсон юм даа. Буудалд олдсоныг нь дурсаж охиндоо Буудалзул гэж нэр өгөв.
Энэ явдлаас жил хагасын дараа, намрын шаргал өдрөөр миний сэтгэл нээг их гэгэлзэв. Уушийн газар сууж гунигийг чинь үргээе гэж нөхөр хэллээ. Дөрвүүлээ наргивал уйтгар дөмөгхөн тайлагдана гэж би хошуу нэмлээ. Гэр бүлийн найзуудын хөгжилтэй яриа сэтгэл догдлуулаад нэг л сайхан. Уйтгар минь яг тайлагддагийн даваан дээр гайт хорин дөрвөн цаг донхийв. Ахиад жаахан л суувал болчих гээд байдаг.
-Зочид буудалд ороод ганц шил юм нэмчих үү? гэж нөгөө айлын эзэгтэйг хэлэхэд миний үстэй толгой арзайж, буудалд л орохгүй шүү гэж орилов.
-Буудал дэмий, манайд очъё гэж нөхөр минь санд мэнд хэллээ. Гэрт бол тасарсан ч санаа амар, ахиухан юм авъя гээд нөгөө өрхийн тэргүүн халаасаа тэмтэрч байна. Дөрвүүлээ дөрвөн шил архитай суугаад наргицгаав. Өглөөгүүр нөхрийнхөө ханхар цээжин дор сэрлээ. Арай л ханхар юм шиг санагдахаар нь тэмтрэв. Ээ бүү үзэгд! Хүний нөхөр тэврээд унтаж байна! Айлын аав ор андуурснаас болж Андуужин охин минь ийнхүү олдсон юм даа.
Гайт явдлаас хойш нөхөр минь хааяа халахаараа надад гомдол мэдүүлдэг боллоо. Аргагүй шүү дээ чааваас, андуурсан айлын аавыг таниагүй би ч бас буруутай. Андуурлаас хойш ахиад жил өнгөрөөд байтал үй зайгүй найз бүсгүй, Учралтын минь төрсөн өдөр тохиолоо.
-Халуураад буудалд оров оо! Айл руу бүүр ч явж болохгүй, андуурчихна шүү! гэж хань минь ахин дахин захилаа. Төрсөн өдрийн найр ид өрнөл дээрээ байтал лайт хорин дөрвөн цаг донхийх нь тэр. Зочид буудал руу явахгүй, гэр лүү бол бүр ч зүглэхгүй гэж намайг эрс зүтгэхэд найзууд минь урвайчихлаа. Гал Гэрэлээ нүдээ гялалзуулан босч ирээд,
-Өөр арга бий. Зоогийн газрын захирлыг найраад дотроосоо түгжүүлээд суучихдаг байхгүй юу гэв. Миний дотор онгойж, найзууд ч баярлан хашгирлаа. Найр хавтгайрч бүгд муудах тийшээ хандаж байтал захирал сандран гүйж ирээд,
-Цагдаа ирж явна. Гэрлээ унтраагаад чимээгүй сууцгаая гэж чарлалаа. Гайтай цагдаа зоогийн газрын цонхон дор ирээд нам зогсчихлоо. Бүгд амьсгал түгжин хүлээв. Явах шинжгүй холбоогоор яриад л байх юм. Гэнэт чихний араас халуун амьсгаа төөнөөд үнсэж үлгэж эхэллээ. Болиоч гэж чарламаар байвч цагдаа сонсчихвол биднийг эрүүлжүүлнэ, үүнээс долоон дор юм болно гэж айгаад гүрийлээ. Ингэж л Бүүмэд охин минь олдсон түүхтэй. Тас харанхуйд хэнийх гэдэг нь бүү мэд байсан учраас тийм нэр өгсөн юм.
Дараа жил нь дахиад л Учралтын төрсөн өдөр ирлээ. Бид хоёрын ямар дотно вэ гэдгийг мэдэх тул битгий яваач гэж нөхөр хэлж чадсангүй, Учралтын төрсөн өдрөөр учрал тохиодог шүү гэж анхааруулаад хоцорлоо.
-Ээ дээ, ноднингийнх шиг түгжүүлж л болохгүй шүү гэж ахин дахин захилаа. Төрсөн өдөр ид халуун дээрээ байтал хөөтэй хорин дөрвөн цаг донхийв. Зочид буудалд орохгүй, гэр лүү зүглэхгүй, бас зоогийн газарт түгжүүлэхгүй гэж би чарлалаа. Гал Гэрэлээ дахиад л нүдээ эргэлдүүлэв.
-Энэ хэсгийн цагдаа нарыг би бүгдийг нь танина гэж хэлэхэд нь эзэн ч бид ч тайвширч хаалгаа онгорхой орхиод наргилаа. Нэг мэдтэл цагдаа нар ирээд биднийг ч, зоогийн газрын эзнийг ч, танил талтай Гэрэлээг ч хүртэл ачиж байна. Эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх хүрэх замдаа би цагдаагийн дэслэгч залуухан хүүд ухаангүй дурлачих шиг санагдлаа. Нөхрөөсөө салаад тэр хөөрхөн залуутай суучихмаар. Тэр шөнө Дэслэгчтулга хүү минь олдсон юм.
Нөхөр минь их уурласан хэдий ч хүү төрсөн учраас баярлаад салъя сарния гэсэнгүй. Эгч нь чамд архины халуундаа л дурласан гээд хэлчихэж гэхэд дэслэгч хүү тэслэгч болтлоо уурлаж билээ. Дараа жилээс нь би Учралтын төрсөн өдөрт явахаа зогсоов. Хөөрхий нөхөр минь хүний голдуу дөрвөн хүүхдээ хүүе хаая гэх зуураа,
-Миний хань ухаантай шүү гэж намайг магтсан юм. Тэгтэл гай болж байгууллагын дарга Алтан гадас авчихлаа. Даргынхаа найрт очихгүй бол алдас болно гэж тэр минь хэлээд намайг түгшүүртэй харцаар үдлээ. Одонгийн найр оргил үедээ байтал лайт хорин дөрвөн цаг донхийв. Халуурахаар шийдсэн хамт олон маань зөвлөлдөж байна.
-Зочид буудалд бид багтахгүй. Даргын гэрт очиж хүндрүүлэх дэмий. Энэ газартайгаа найраад үргэлжлүүлэх үү гэлцэв. Аз болоход дарга,
-Ажлын газар луугаа явцгаая гээд ширээгээ цохилоо. Үүнийг сонсоод миний санаа амарч уужим амьсгаа авлаа. Дассан газрын даавуу зөөлөн гэж үнэн юмсанж. Тансаг зөөлөн даавуун дотор сэрээд харвал даргын тасалгааны арын амралтын өрөө байх нь тэр! Ингэж л Ажлынбайрмаа минь олдож би нөхөртөө арай л хөөгдсөнгүй, баруун нүдээ хөхөртөл цохиулсан даа.
Дараа жил нь Орцонд-Олдох хүүгээ олж зүүн нүдээ тэс цохиулав. Хөөгдөөгүй нь яамай даа гээд явж байтал Байгальбат хүү минь олдчихлоо. Туулын бургасанд байгалийн сайханд олдсон нь бат байсан учраас Байгальбат гэж нэрлэсэн юм л даа. Нөхөр нүд таглаад ханасангүй нэмж өгзгийг минь хөхөртөл өшиглөлөө. Тэр минь энэ удаа яагаад ч тэвчсэнгүй, өөрийн ганц Буудалзулаа авч үлдээд намайг хөөчихлөө. Нөхрийн минь долоон зөв. Долоон хүүхдийн зургаа нь хүнийх болохоор яаж ч тэсэх вэ дээ, чааваас. Би Андуужин, Бүүмэд, Дэслэгчтулга, Ажлынбайрмаа, Орцонд-Олдох, Байгальбат зургаан хүүхэдтэйгээ хөх тэнгэр дээвэртэй амьдарч явна. Өнөөдөр цас будраад хүйтрэх шинжтэй. Удахгүй Хонгилмаа гэдэг охин олдож ч мэднэ.
Эцсийн эцэст хууль зүйн эрхэм сайд Нямдорж танд хэлэх үг байна. Хорин дөрвөн цагт уушийн газар хаана гэсэн тэнэг хуулиас чинь болж энэ олон хүүхэд төрснийг долоон сайхан эцэг нь батална. Сайд аа, хүүхдүүдээ ав!

Friday, October 8, 2010

Тусгай салааны марш

video


Шүлгийг А.Амарсайхан

Хөгжмийг Б.Бат-Эрдэнэ

Дуучин Д.Даваадалай /Fire/

“Тусгай салаа”-ны марш

Харахад бид энгийн байлдагч

Хацар бор даруухан хөвгүүд

Харин цаанаа хат суусан эрчүүд

Халирах айдасгүй тусгайгийн дайчид аа

Жирийн бид эгэл цэргүүд

Жинхэнэ тангараг өргөсөн эрчүүд

Нээрээ бид тусгай салааныхан

Нэрээ гаргасан эрэлхэг цэргүүд

Тусгай салаа алхана

Тугийн дор жагсана

Тусгай салаа давшина

Тулсан саадыг давна

Тусгай салаа алхана

Тугийн дор жагсана

Тусгай салаа давшина

Тулсан саадыг давна

Оломгүй холд хөл эцэхгүй

Онцгой даалгавар биелүүлнэ бид

Салаа шагсаж тулаанд бэлэн байна

Саадыг давах саарахгүй авхаалжтай

Тусгай салаа алхана

Тугийн дор жагсана

Тусгай салаа давшина

Тулсан саадыг давна

Thursday, September 30, 2010

Тусгай салаа киноны дуу

Хайрын зарлан

Дуучин Г.Тэмүүжин
Шүлгийг А.Амарсайхан
Хөгжмийг Б.Бат-Эрдэнэ (Аранзай)

Зүсрэх бороотой, яргуйн дэлбээтэй хавраар
Зүглүүлж над руу учрал илгээв үү
Зүүдлээ ч үгүй тэр л харц
Зүрхний хайрын гэрэл байв уу

Дэрвэсэн хөвгүүний гэнэхэн сэтгэлээр
Дэгжин бүсгүйг ухаангүй ширтэв үү
Харц тулгаран чамтай учрахдаа
Дэврүүн хайрын баланд уусав уу

Бурмын амттай нойронд минь чи инээнэ
Булигласан энэ зүүд биелэх мөчийг мөрөөднө
Дугираг сарны толионоос хайр мишээнэ
Дурлалд ээрүүлсэн сэтгэлд чи минь хургана

Зөвхөн чамдаа зүрхээ өгөхөөр
Зөөлөн харцыг удтал хүлээв үү
Бусдаас чамайг харамлах сэтгэлийг
Бодол санаанд минь чи авчирлаа

Бурмын амттай нойронд минь чи инээнэ
Булигласан энэ зүүд биелэх мөчийг мөрөөднө
Дугираг сарны толионоос хайр мишээнэ
Дурлалд ээрүүлсэн сэтгэлд чи минь хургана

/клип нь энд байгаа/

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates