Tuesday, November 27, 2012

Афганд "болсон" онигоо

Манай хошууч, ахмад хоёр Афганистанд очиж, энхийг сахиулах үйлсэд бүтэн жил зүтгээд буцах гэж байж. Нутгийн ёс заншлыг гаргууд сайн мэддэг болсон нь мэдээж. Нэгэн өдөр уулын замаар явж байгаад гэр бүлийн хоёрыг хараад нүдээ бүлтэртэл гайхав. Эхнэр нь нөхрөөсөө арван алхам түрүүлээд, явж байснаар барахгүй, нөхөр нь хоёрын хоёр хүнд шуудайтай юм үүрээд, хөлсөө гоожуулан амьсгаадаж явах юм гэнэ. Тэсгэлгүй хошууч нь гэр бүлийн хоёр луу очоод, нөхрөөс нь асуув.
-Танай коран сударт чинь эхнэр нь нөхрийнхөө заавал ард нь явах ёстой гэж заасан байдаг биз дээ?
-Иш, хошууч минь. Коран судрыг бичиж байх үед минажүүлсэн талбай гэж байгаагүй юм шүү дээ.
-Энэ ч яахав ийм учиртай байж. ...Бас, ачааг эхнэр чинь үүрэх үүрэгтэй биз дээ?
-Хошууч минь, таны толгой ажилладаггүй юм уу? Мина тааралдвал хамаг эд хөрөнгө минь хайран болно биз дээ?

Monday, November 12, 2012

Булганаас ирчихлээ

Булганаар аялсан зургуудаасаа толилуулж байна. Болд намайг сураг тасарлаа гээд байхаар нь сураг гаргахаар шийдлээ. Тансран ламтны зүүн этгээдэд зорчсон тэмдэглэл гэдэг шиг, кинуу механикч Шаарийбуутаны өмнөд болон хойд этгээдэд зорчсон тэмдэглэл оршивай.
Өглөө 7 цагт босоод Булганы төвд байх энэ цэцэрлэгт суух сайхан шүү. Надад л лав Булганд амьдармаар санагдсан. Төвдөө ийм сайхан юм чинь, зуслангийн байшин барьж нерв мөнгөө үрэхгүй. Санаа амар. Булганаас төрсөн алдартнуудын хөшөө. Булган гэдэг анхдагч баатруудын нутаг гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх буйзаа.
Булган аймгийн Хөгжимт жүжгийн театр. Киноны хүүхдийн сеанс эхлэхийн өмнө. /Зургуудаа эргэж хартал дандаа үзэгч хүүхдийн зураг л дараад байж дээ/
21 дүгээр зууны киномеханикч Шаарийбуу. /Гэгээн дүрээрээ заларч буй нь. Бүрэгхангай сумын Соёлын ордны их танхимд/ -Чамд Сүлд таалагддаг уу?
-Тийм ээ. Хөөрхөн залуу шүү.
-Дэндэв ч бас царайлаг шүү тээ... /Иймэрхүү яриа болж байгаа нь. Бүрэгхангай сум/
Бүрэгхангай сум. Яруу найрагч Эрдэнэсолонго андын маань төрсөн нутаг. Хүүхдийн зохиолч Дашдондог гуай бас энд төрсөн юм билээ. Бүрэгхангай сумд байх Алдарт Дандар баатарын хөшөө. Халх голын дайнд самурай нарын эрлэг болж байсан хүн энэ суманд төржээ. 4 сарын 28-ны шуурга буюу байгалийн гоц аюултай үзэгдэл болохоос гучин минутын өмнө. Дашинчилэн сумын соёлын төв. Дашинчилэн сумын Мобинетийн өндөр хурдны интернэт төв. Сумдад ийм зүйл нээгдсэн нь их хэрэгтэй байлаа. Мобинетдээ баярлалаа гэж хэлье. Гэхдээ зарим сумдаа "өндөр хурд" нэрэндээ зохицохгүй байна лээ шүү. Цаашдаа анхаарна биз. /Рекламан дундуураа шүүмжлэв, хэ хэ/Яндаг фильм студийн нэрээрээ олонд танигдсан Болдбаатар багшийн минь нутаг. Баяннуур, Чинтолгой. Надад зураглаачийн урлагийн А үсэг заасан эрхэм хүний нутаг сэтгэл хөдөлгөөд, утсаар ярьж сэтгэл хөдлөлөө дарсан. Чинтолгой гээд багшийн минь дуу байдаг юм."Тусгай салаа"-ны үзэгчид. Гурванбулаг сум. Тэр дунд юм шиншилж яваа гөлөг бас кино үзнэ гээд. Тэгэхээр нь урд хайрцганд байсан цуйвангаасаа өгч хахуульдаад буцаачихсан. Баяннуураас Гурванбулаг орох замдаа Цогт Хунтайжийн хар балгаснаа үдлэв. Чулууг хэрхэн засч, хэрхэн өрлөг хийснийг хараад өвөг дээдсээ бишрэв. Цогт Хунтайжийн хар балгасны харуулын цамхаг. Манай жолооч харуулын цамхаг гэж тайлбарласан. Харин би суварганы үлдэгдэл юм болов уу гэж бодож байснаа түсхийтэл инээсэн. Цогт тайжийн үед юуных нь УИХ-ын гишүүд байхав. УИХ-ын гишүүд л нутагтаа суварга босгож сонгогчдоо хошгируулдаг биз дээ. /Ха ха. Наргиа байлаа/Хар балгасны дэргэд байх Хар бухын музейн үзмэрүүдээс. Гурванбулаг сумын иргэн Тас гуай үдийн зоогоо барих гэж буй байдал. 4 сарын 28-нд болсон шуурга ийм гай тарьсан байна билээ. Бид Баяннуур суманд шуурга өнгөрөөсөн. Гурванбулаг сумын ЗДТГ-ын орой дээрх далбааны талыг шуурга авчихсан байна билээ. Биднийг очиход ийм байсан. Хагас сайн өдөр хэрнээ орой гэхэд бүтэн далбаа болгоод сольчихсон. Ажил сайтай сум гэж санагдсан. "Сумын буудлын өглөө" хэмээх зураг оршивай. Гурванбулаг сумын сургууль ийм хөөрхөн буудал барьчихсан, явуулын хүмүүсээс тав арван төгрөг олоод байж байдаг юм билээ. Болоо ш дээ гэмээр санагдсан даа. Би тахиа жилтэй болохоороо хар үүрээр босоод хийх байхаа олж яддаг юм. Тэгээд л энэ тэрүүгээр явж зураг дарж, хүмүүстэй уулзаж цаг нөхцөөнө шүү дээ.
Гурванбулаг сумын байрны хүүхдүүд. Ундны усаа ингэж зөөдөг. Хөдөөний хүүхдүүд ажилтай шүү. Гурванбулаг сумынхан маш ажилсаг. Соёлын төвийн үйлчлэгч эгч бүтэн сайны өглөө ажилдаа ирээд, орчноо цэвэрлэж буй байдал. Соёлын төвийн эрхлэгч Бат-Очир их сүрхий залуу гэж санагдсан. Хүмүүсээрээ ажил хийлгэж чаддаг. Үзэгчдийн танхим руу ороход үйлчлэгч сандлын тоосыг нэг бүрчлэн чийгтэй алчуураар арчиж байсан. 14 сумаар явахад ийм зүйлийг бид хараагүй. Авзага Хайрхан уул. /Гурванбулагаас Могод орох замдаа зогсож авав. 2 хоногийн өмнө болсон шуурга замын бүх жалгуудыг цасаар дүүргэсэн, нэлээд бэрх зам туулсан даа/ Хорхог хийж амрах бэлтгэлээ гэнэдээд Гурванбулаг сумаас базаасан. Мах олддоггүй. Зардаг дэлгүүр нэг ч байхгүй. Хувь хүмүүс зөвхөн бүтэн мах зарна гэдэг. Тэр нь бидэндээ бүтэн жилийн хоол болчих гээд байдаг. Нэг эгчийг гуйсаар байж ямааны өрөөл мах авсан. Тэгтэл жинлэснийхээ дараа үнийг нь 3000 гэдэг байгаа. Асуутал алтан бөгстэй, мөнгөн цээжтэй ямаа болж таарав. Давхиад Могод дээр иртэл хонины мах зарна, 2200 гээд цагаан хоолойгоор нь зарлаж байдаг байгаа. Зураг дээр: Тогооны хорхог. Мэйд бай Дээгий. Манай багийнхан амралтын өдрөө Могодын рашаан дээр өнгөрөөж буй байдал. Жолооч Лхам, ажилтан Дэлгэрхангай нар. Дээгий маань шалмаг залуу шүү. Намайг гараа халааснаасаа гаргаж амжаагүй байхад, сургуулиар орж бүх ангиудаар зарлаад, соёлын төвийн оройд гарч анонсоо өлгөөд, сумын бүх гудамжаар тэрэгтэйгээ давхиад цагаан хоолойгоор зарлалаа хүргэчихдэг хүн дээ. /Яруу найрагч Оюун эгчийнхээ нутагт ирэнгүүтээ утасдтал, нэг шил шар Чингис и-мэйлээр илгээсэн юм. Эгээдээ баярласан шүү. Манай нутагт очвол дүү рүүгээ залгаарай/Мэргэжил нэгтэнтэйгээ хууч хөөрч, яргуйны ямааны мах идэж, нэг орой сайхан суув. Пүрэвсүрэн гуай Ленинградын горный-г төгссөн хүн юм билээ. Одоо рашаан судлаач, бас лам болчихсон. Энэ нохойнд бид алтан бөгстэй мөнгөн цээжтэй ямааны махныхаа өвдөл цөвдөл, яс үсийг сэтгэл харамгүй өгсөн. Тэгтэл надтай маш сайн найзалсан гэж байгаа. Нүүр ам долоочих гэхээр нь заримдаа хөлөөрөө түлхэж холдуулах хэрэг гарч байлаа.
Миний унаган мэргэжил геофизик л дээ. Тэгтэл хаячихсан мэргэжил минь хэрэг боллоо. Хуучны геофизикийн судалгааны төвд бид байрласан. Рашаан судлаач, бас лам Пүрэвсүрэн гуай биднийг их баяртай угтаж, орон байраар хангаж хоёр хоног амрах бололцоо олгосон. Могодын халуун рашаан. Энд хоёр хонохдоо рашаанд орох гээд амжаагүй. Түүнээс биш Могодын рашаанд орсон хүн насандаа хамуурдаггүй гэдэг юм билээ. Би орсон бол хэдэн үеэрээ хамуунаас айхгүй санаа амар байхгүй юу. Даанч хүйтэн зэврүүн байсан л даа.
Булганы Могод суманд миний шүтээн уулын нэртэй уул бас байдаг юм билээ. Баян-Уул. Нутгийнхан их шүтдэг хайрхан юм гэнэ лээ.
Орхон суманд байтал цасан шамарга тавьж эхэлсэн дээ. Орхон сумын төвөөс алсын уулс иймэрхүү харагдаж байсан.
Бугат орох замд. Зун үүгээр явах юмсан. Хөхөө донгодоод л. Хүүхнүүд өсөөд л, айраг исээд л, янзтай байх даа.Бугат суманд Тусгай салаа үзэхээр ирсэн хүүгийн шүдлэн үрээ. Даахин дор хүлэг, дахан дор эр гэдэг сэн. Удахгүй хүлэг болно доо. Хүү ч хүлэг баатар болно шүү дээ.
Бугат сумын үдэш. Сайхан байгальтай газар юм билээ. Бөөн модон дунд. Зусланд байгаа билүү, юу билээ гэж бодогдож байна лээ шүү.5 дугаар сарын 6-нд цэцэг ногоо дэлгэрэх байтал Ингэтийн даваа ийм л харагдаж байлаа. Гэхдээ өдий цагийн цас гэдэг шар тос шүү дээ. Удахгүй яргуй дэлгэрнэ дээ.Зуны сар гарчихаад байдаг. Зам гэдэг өвлөөрөө. Ингэтийн давааг давах гэж нэлээд будиллаа. Машины тарамбүлүүр гээч юм руу ус ороод зогчихоод байгаа байдал. Аль утас нь нороод богино холбоо үүсгээд байгаа нь мэдэгдэхгүй зовоосон шүү. Түүнээс биш манай жолооч, тэрэг хоёр цас шаварт яг л танк шиг л явж байлаа. Тэр өдөр энэ даваан дээр тав зургаан машин шаварт суусан сураг сумын төвд дуулдаж байна билээ.Нялх тугалууд үүрэглээд л. Нялх ногооны униар татаад л. Монголын минь хавар гайхалтай. Сэтгэлд нэг л дотно. Ингэтийн хавар иймэрхүү. Траахтур тачигнаад л. Тариалалт үргэлжлээд л. Сайхан байна лээ шүү. Ажилсаг хүмүүсийг харах үнэхээр бахдам. Сэлэнгэ мөрний үдэш. Ингэт Толгой /Сэлэнгэ сум/-д очихдоо Сэлэнгэ мөрнийхөө эрэгт ирж, ариун рашаанаас нь хүртэж, адис авлаа.
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates