Showing posts with label Амьдралын теорем. Show all posts
Showing posts with label Амьдралын теорем. Show all posts

Wednesday, February 6, 2013

Орчин үеийн зүйр үг

Мал саавал олгой тосдоно
МИАТ саавал толгой цусдана

Monday, October 10, 2011

Үлгэр судлалын тойм

Монгол ардын үлгэр: Сайн баатар дайсны хар мангасыг ялаад амарсайхандаа жаргажээ.
Орчин үеийн монгол үлгэр: Сайн баатар хар мангасын багажаар өөрийн авдраа уудална. Авдраас гарч ирсэн эрдэнэсийн 66 хувийг мангас, 34 хувийг сайн баатар авна. Гэхдээ нэг болзолтой: 34 хувийг нь сайн баатар мангасаас мөнгө зээлж эзэмших эрхтэй болно. Зээлээ төлж дуусахаараа амарсайхандаа жаргана.
Засгийн үлгэр: Сайн ухна муу ухнатай хамтарсан засгийн газар байгуулаад ойрын зуун жилд шийдээгүй асуудлыг шийдэж ард түмнээ амарсайханд нь жаргаана. Гэхдээ нэг болзолтой: үүнээс хойш түүнээс цааш бүх ухныг сайн гэж тооцно.
Америк ардын үлгэр:
Дайсны мангасууд мянгуулаа хэрнээ түмэн удаа буудаад сайн баатрыг онохгүй бүгд сохор. Сайн баатар ганцаараа боловч нэг л гох дарахад зуун дайсан ташраараа унадаг хэтэрхий цэцэн. Мөөм бөгс, гуя хас нь гялалзсан нэг бүсгүй гарч ирмэгцээ сайн баатрыг харангуут дурлаад, дурлангуут сээгсдээд амарсайхандаа жаргадаг.
Монголын шүүхийн үлгэр: Хэн нь мөлжүүртэй вэ, тэр нь сайн тал. (Жич: Сайн тал нь дандаа ялж амарсайхандаа жаргадгаараа Монгол ардын үлгэртэй ижил)
Эрүүгийн хуулийн үлгэр: Эрүүгийн хуулийн ... дүгээр зүйлийн дагуу сайн баатар хар мангасын 15 толгойны 14-ийг нь тас цавчиж бие эрхтэнээр нь хохироосныхоо төлөө эрүүгийн хариуцлага хүлээж засан хүмүүжүүлэхэд орж сайхан "засраад" амарсайхандаа жаргажээ.
Рекламын үлгэр: Шинэ "Лоск"-ийг худалдан авах юм бол хар мангасын есөн төрлийн хар толбыг оргүй арилгаж гялалзсан цэвэр болгоод дэргэдээ дайсангүй дээлэндээ толбогүй амарсайхандаа жаргана шүү! Нарантуул захын 65, 79, 14 дүгээр чингэлгээс шинэ "Лоск"-оо бөөндөж аваарай. Эхний 100 хүнд 50 хувийн хямдралтай.

УИХ-ын үлгэр: Улсын их хуралд луйварчин хүн сууна. Хэрвээ луйварчныг луйварчин хэмээн үзээд хэрэгт татах гэвэл бусад луйварчнаас зөвшөөрөл авах ёстой. Луйварчин луйварчнаа хэзээ ч луйварчин гэж хүлээн зөвшөөрөхгүй учраас УИХ-ын бүх луйварчин амарсайхандаа жаргадаг.

Saturday, April 2, 2011

Харилцан хамаарлын хуулиуд

Тэмдэгтүүдийн харилцан үйлчлэлийн теорем
Таны халаасанд мөнгөн тэмдэгт хичнээн ихээр хуримтлагдана, төдийчинээ танд замын тэмдэг үйлчлэхээ болино.

Эхнэр ба нохойны харилцан хамаарлын теорем

Хашааны банхар тарган байвал тэр айлын авгай хоол хийж чаддаггүй байх нь хууль. Байдгаараа ярвайсан хүүхдүүд гарч ирээд л, аягатай жонхуугаа нохойндоо өгөөд байдаг гэсэн үг.


Monday, December 13, 2010

Килограмм цагаан будаа хэдэн ширхэг бол?

Хүнсний захаас баригдсан хоёр хулгайчийг шүүх хурал болж байна гэнэ. Эхнийхээс нь шүүгч асууж байна.
-Юу хулгайлсан бэ?
-Нэг жижиг шилтэй даршилсан өргөст хэмх хулгайлсан. Дотроо ердөө л зургаан ширхэг өргөст хэмх байсан.
-Мм...мм. За чамд хулгайлсан өргөст хэмхний чинь тоогоор зургаан сарын ял өгье гэж шүүгч хэлэв.
Шүүгч ингэж хэлмэгц хоёр дахь хулгайч ухаан алдаад уначихлаа гэнэ. Арайхийж сэргээгээд,
-Чи яав аа? гэж шүүгч асуув.
-Яана аа! Би нэг килограмм цагаан будаа хулгайлчихсан юм аа гэж гэнэ.

Галт тэрэг хөдөлсөн чинь араас нь нэг галзуу залуу гараа зангаад гүйгээд байх юм гэнэ. Дарга хөөрхийг маш их өрөвдөв. Галт тэргээ зогсоох тушаал өгөөд,
-Иш өвчтэй зовлонтой хүнд буян бололгүй яахав. Миний хүү гараа даллаад гүйгээд байх чинь галт тэрэгнээсээ хоцроо юу? гэж асуув. Галзуу маш ууртай,
-Юуны чинь хоцрох. Галт тэргийг вокзалаас хөөж явааг минь харахгүй байна уу? гэжээ.

АМЬДРАЛЫН ТЕОРЕМ

Бүгдийг мэдээд байдаг харин машинаа нь ажиллуулж чадахгүй байвал үүнийг онол гэдэг. Харин машин нь ажиллаад байдаг яагаад ажиллуулаад байгаагаа мэдэхгүй бол түүнийг практик гэдэг.
Үүнээс үүдээд хийх дүгнэлт:
Юу ч мэдэхгүй, машин нь ч ажиллахгүй байвал үүнийг онол практикийн нэгдэл гэнэ.

Thursday, July 22, 2010

УИХ-аас ард түмэнд түгээх зар

Эрхэм хүндэт ард түмэн минь ээ!
Та бүхэн аугаа их нээлт хийе гэж хүсдэг байж таараа. Гэхдээ хэрхэн яаж нээлт хийхээ мэдэхгүй байгаа нь мэдээж. Тиймээс бид та бүхэндээ нээлт хийх аргыг зааж өгье. Энэ маш хялбархан.
Шинэхэн дугтуй нэгийг аваад, дотор нь долоон мянган доллар хий. УИХ-д гэж хаяглаад шуудангаар илгээ. Бид танд аугаа их нээлт хийх зааврыг найдвартай, шуурхай илгээнэ.

Жич: Бидний зааж өгөх энэ арга маш найдвартай! Биднээс Аристотель, Ньютон, Мендлеев, Дарвин нарын олон хүн энэ аргыг сурч нээлт хийсэн болно.
Дахин хэлье маш найдвартай шүү!

Thursday, March 4, 2010

Сонины мэдээ

Сонины мэдээ
Өчигдөр УИХ-ын хаврын чуулганы нээлтийн хуралдаан руу зэвсэглэсэн 76 луйварчин дайран оржээ. Тэд их хурлын даргаас хоцорсныхоо төлөө уучлалт гуйгаад суудалдаа сууцгаасан байна.

Монгол заншил
Зам барихдаа заавал талыг нь иднэ. Идсэн мөнгөөрөө ёр юм шиг үнэтэй жийп авна. Үнэтэй жийпээ муу зам дээрээ ёс юм шиг эвдэж дуусгана.

Monday, August 10, 2009

Оймс хүн хоёрын ижил болох торгон агшин

Өглөөн нарнаар оймс хүнтэй адилхан болдог. Ажилдаа гарах гээд оймсны шургуулгаа орвонгоор нь эргүүллээ ч хоёр ижил оймс олно гэж байдаггүй. Биентэйгээ яг ижилхэн хоёр хүн гэж олддоггүй шиг.

Monday, May 18, 2009

Ертөнцийн таталцлын хууль

Бүсгүйн хормойн ухлаадас хэдий чинээ гүн байна, төдий чинээ эр хүнээс зугтааж гүйхэд хялбар болдог боловч эрчүүдийн түүний араас гүйх хүслийг мөн төдий чинээ их болгодог.
Бүсгүйн энгэрийн ухлаадас хэдий чинээ гүн байна, төдий чинээ бүсгүйн амьсгал уужим болдог боловч эрчүүдийн амьсгалын тоог эрс нэмэгдүүлдэг.

Monday, February 9, 2009

76 ухнын хууль

37 ухна + 39 ухна = 76 ухна
39 ухна + 37 ухна = 76 ухна

Ухнуудын байрлалыг солиход ухнуудын нийлбэрт өөрчлөлт гарахгүй
/Хий Хаа гоорын теорем/

Wednesday, May 16, 2007

Буддын гүн ухаанд өөрчлөлт орлоо

Ертөнцөд хоёр биш гурван үнэн буй. Төрөх үнэн, үхэх үнэн. Энхбаяр авилгал аваагүй нь үнэн.

Wednesday, January 31, 2007

Уралдаан дуусаагүй шүү

Амьдралын теоремийн уралдаан маань цааш үргэлжилж байгаа гэж ойлгоорой. Гол нь шагналдаа биш гэж нэг нь бичсэн байсан. Нээрээ гол нь шагналдаа биш!
Бичсэнээ хүнд уншуулж, санал сэтгэгдэл солилцохдоо хамгийн гол кайф нь байгаа болов уу.

Тиймээс та бүхэн үргэлжлүүлэн теорем бичиж, комментод үлдээгээрэй. Сайн болсныг нь урмын үгтэй хамт би блогтоо тавьж байя.
7 хоногийн шилдэг теоремийг шалгаруулж, эзнийг нь олон нийтэд зарлаж байя.
Их баярлалаа.

Tuesday, January 30, 2007

Уралдааны дүн гарлаа

Уралдаанд оролцсон та бүхэндээ баярлалаа. Цахирмаа, Chariote хоёр бусдаасаа илүү их идэвх зүтгэл гаргалаа.

********
Баян болох боломж:
Та мөнгөтэй болонгуут бүсгүйчүүд гараад ирнэ. Бүсгүйчүүд гараад ирэнгүүт таны мөнгө дуусчихна. Мөнгө дуусангуут бүсгүйчүүд алга болчихно. Бүсгүйчүүд алга болонгуут мөнгө бий болно… Энэхүү гинжин тойргоос бүсгүйчүүдийг хасаж чадвал та баян болно.
/Нэр үл мэдэгдэх хүн/

*******
Эмэгтэй хүнд амьдралынх нь туршид 4 амьтан хэрэгтэй байдаг. Нэгд: мөрөн дээр нэг булга, хоёрт: гарааш дотор нэг ягуар, гуравт: орон дотор нэг бар, дөрөвт: энэ бүхний үнийг төлөх нэг илжиг.
/Chariote/

********
Худалч хүн гэж худлаа ярьж байгаагаа мэддэг хүнийг хэлдэг бол, үнэнч хүн гэж худлаа ярьж байгаагаа мэддэггүй хүнийг хэлдэг.
/Цахирмаа/

Гэсэн 3 теорем их сайн гэж үзлээ.

Энэ гурваас ажлынхаа сэтгүүлч, зохиолч хэдэн хүний саналыг авсны үндсэн дээр тэргүүн байрын шагнал гарын үсэгтэй номоо Chariote-д гардуулахаар шийдлээ.

Та бүхэндээ баярласнаа дахин хэлье.

Номоо 99160246 утсаар асууж байгаад ирж авна уу? Эсвэл Хэвлэлийн хүрээлэн дээр ирж намайг асуусан ч болно.

Thursday, January 25, 2007

Амьдралын теорем

“Мөнгөө яаж өсгөх вэ”, “хаана хадгалуулах вэ”, “хувьцаа авах уу”, ”бонд авах уу” гээд түмэн зүйлийн зовлон таныг шаналааж байна уу?
Тэгвэл та мөнгөө ХЗХ-нд хадгалуул.
Тэгснээр “мөнгөө яаж буцааж авах вэ” гэсэн цор ганцхан зовлон л танд үлдэх болно.

Tuesday, January 23, 2007

Амьдралын теоремууд


  • Хэрвээ нас барсны чинь дараа хүмүүс чамайг үргэлж дурсаж байгаасай гэж бодож байгаа бол их өр тавьж үлдээ.

  • Эрчүүд ажилдаа баярт явж байгаа юм шиг явах нь тун ховор. Гэхдээ тэд ажлаасаа буцаж ирэхдээ баяраас ирж байгаа юм шиг ирцгээдэг.

  • Цалин чинь таалагдахгүй байна уу? Тэгвэл түүнийгээ авгайдаа өгчих.

  • Эхнэрийнхээ үрж байгаагаас илүү гаргаж олдог хүнийг бизнесмен гэдэг.

  • Мөнгийг бүгдийг нь хөдөлмөрлөж олж болдоггүй учраас, заримыг нь хумслахаас өөр аргагүй болдог.

/Газар газраас түүж орчуулсаар тав болгов/


Ийм теорем зохиох уралдаан зарлаж байна. Kомментод бичнэ үү. Түрүүлсэн хүнд гарын үсэгтэй “Өөхөнд хулдсан егөө” шог өгүүллэг, зургийн номоо дурсгая.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates