Tuesday, December 27, 2011

Интернэт, Дамба-Очир хоёрын ач

Интернэтийн ач
Сууж байтал шарсан тахианы шүлс гоожим сайхан үнэр анхилна. Гэхдээ чи тахиагаа шарах гэж бус чанах гэж тавьснаа гэнэт санана.

Дамба-Очирын ач
Дамба-Очир гишүүний өрөө рүү залуухан загвар өмсөгч бүсгүй гүйн орж ирээд тэврэв. Сэтгэл догдлолоо барьж дийлэхгүй байгаа бололтой.
-Эрхэм гишүүн ээ, танд хязгааргүй их баярлалаа гэж хэллээ гэнэ. Гишүүн гайхаж байснаа асуув.
-
Юу билээ, та чинь манай тойргийн сонгогч билүү?
-Үгүй ээ. Өв залгамжлагч!
-Юу..?
-Баян хужаатай суугаад, хэзээ үхэх бол доо гэж шаналж байтал ашгүй таны тавьсан Лүнгийн замын цоорхой тус боллоо.

Friday, December 16, 2011

Тусгай салааны Сүлдийн шинэ дуу

Тусгай салааны Сүлд маань хөдөлмөрлөөд л. Уран бүтээл хийгээд л байна. Сүлд нэрээрээ дуулж эхлээд байгаа. Их олон нэрний дундаас өдрийн бодол шөнийн зүүд болж байж Сүлд хэмээх энэ сайхан нэрийг хүүдээ өгч билээ.

Monday, December 5, 2011

Живлээ. Амь авраарай!

Төсөв өө гэж. Биднийгээ бэлэн мөнгөнд живүүлчихдэг болж дээ, хөөрхий.

Thursday, November 3, 2011

Шинэ жилийн бэлэг

Буянгийн Жагаа Эрхүүд дөнгөж нэгдүгээр курсийн оюутан байх үе. Нэг удаа их өлсөв гэнэ. Өрөөнийхөө Баатар гэгч оюутныг дагуулаад дэмий л гудамжаар алхжээ. Тэгтэл таван давхрын цонхноос хиам өлгөчихсөн байна гэнэ. Жагаа "Чи авираад хиамыг аваад ир, би хүн харж байя" гэжээ. Баатар авирч яг хиаманд хүртэл цагдаа хүрч ирээд,
-Юу хийж байгаа юм бэ, хоёр новш оо? гэж асуув. Жагаа бодож байснаа,
-Бид хоёр шинэ жилийн бэлэг тарааж яваа юм аа гэж гэнэ.
-Юу хуцаад байна аа? Одоо чинь хавар шүү дээ! гэж цагдаа дүрсхийтэл уурлав. Жагаа тайван гэгч Баатар луугаа гэдийн хараад,
-Тээр шүү! Шинэ жил болоогүй гэж чамд хэлээд байгаагүй билүү. Хиамаа аваад буугаад ир, харьж өөрсдөө идье гэжээ.

Monday, October 31, 2011

"Утаат Монгол" фельетоны орос орчуулга

"Орос" гэсэн нэрээр блог бичдэг нэгэн эрхэм миний "Утаат монгол" фельетоныг орчуулжээ. Орчуулгыг эндээс үзнэ үү? Монголчуудын тухай бичдэг хүн байгаа юм. Би энэ хүнтэй хараахан танилцаж амжаагүй байгаа.

Monday, October 10, 2011

Үлгэр судлалын тойм

Монгол ардын үлгэр: Сайн баатар дайсны хар мангасыг ялаад амарсайхандаа жаргажээ.
Орчин үеийн монгол үлгэр: Сайн баатар хар мангасын багажаар өөрийн авдраа уудална. Авдраас гарч ирсэн эрдэнэсийн 66 хувийг мангас, 34 хувийг сайн баатар авна. Гэхдээ нэг болзолтой: 34 хувийг нь сайн баатар мангасаас мөнгө зээлж эзэмших эрхтэй болно. Зээлээ төлж дуусахаараа амарсайхандаа жаргана.
Засгийн үлгэр: Сайн ухна муу ухнатай хамтарсан засгийн газар байгуулаад ойрын зуун жилд шийдээгүй асуудлыг шийдэж ард түмнээ амарсайханд нь жаргаана. Гэхдээ нэг болзолтой: үүнээс хойш түүнээс цааш бүх ухныг сайн гэж тооцно.
Америк ардын үлгэр:
Дайсны мангасууд мянгуулаа хэрнээ түмэн удаа буудаад сайн баатрыг онохгүй бүгд сохор. Сайн баатар ганцаараа боловч нэг л гох дарахад зуун дайсан ташраараа унадаг хэтэрхий цэцэн. Мөөм бөгс, гуя хас нь гялалзсан нэг бүсгүй гарч ирмэгцээ сайн баатрыг харангуут дурлаад, дурлангуут сээгсдээд амарсайхандаа жаргадаг.
Монголын шүүхийн үлгэр: Хэн нь мөлжүүртэй вэ, тэр нь сайн тал. (Жич: Сайн тал нь дандаа ялж амарсайхандаа жаргадгаараа Монгол ардын үлгэртэй ижил)
Эрүүгийн хуулийн үлгэр: Эрүүгийн хуулийн ... дүгээр зүйлийн дагуу сайн баатар хар мангасын 15 толгойны 14-ийг нь тас цавчиж бие эрхтэнээр нь хохироосныхоо төлөө эрүүгийн хариуцлага хүлээж засан хүмүүжүүлэхэд орж сайхан "засраад" амарсайхандаа жаргажээ.
Рекламын үлгэр: Шинэ "Лоск"-ийг худалдан авах юм бол хар мангасын есөн төрлийн хар толбыг оргүй арилгаж гялалзсан цэвэр болгоод дэргэдээ дайсангүй дээлэндээ толбогүй амарсайхандаа жаргана шүү! Нарантуул захын 65, 79, 14 дүгээр чингэлгээс шинэ "Лоск"-оо бөөндөж аваарай. Эхний 100 хүнд 50 хувийн хямдралтай.

УИХ-ын үлгэр: Улсын их хуралд луйварчин хүн сууна. Хэрвээ луйварчныг луйварчин хэмээн үзээд хэрэгт татах гэвэл бусад луйварчнаас зөвшөөрөл авах ёстой. Луйварчин луйварчнаа хэзээ ч луйварчин гэж хүлээн зөвшөөрөхгүй учраас УИХ-ын бүх луйварчин амарсайхандаа жаргадаг.

Monday, September 26, 2011

Уралдааны дүн гарав

Хэсэг завгүй байж, уралдаанаа дүгнэлгүй удсанд хүлцэл өчье.
Хошин оньсогын зөв хариулт: "Заан бөөстдөг. Харин бөөсөнд заантах боломж хэзээ ч үгүй"

Зиа, уралдаанд Нугжий түрүүллээ. .........гэсэн утсаар холбоо бариад шагналаа ирж аваарай.

Жич: Шагналаа ирээд авчихлаа. Тийм учраас утсаа арилгав.

Wednesday, September 14, 2011

Оньсого таах уралдаан

Оньсого:

Заан бөөс хоёр юугаараа ялгаатай вэ?

Жич: Таасан хүнийг зохиогчийн гарын үсэгтэй "Хэцүү анги" романаар шагнана.


Wednesday, August 31, 2011

Үнээ яагаад галзуурсан бэ?

Өвөрхангайд үхрийн галзуу өвчин гарчээ. Үхэрчин Дагдан гуайгаас сэтгүүлч бүсгүй асуув.
-Дагдан гуай. Яагаад зөвхөн үнээ галзуураад байна аа?
-Бух үнээн дээр жилд ганц удаа харайдгийг та мэдэх үү?
-Мэднэ.
-Үнээг өглөө, үдэш хоёр удаа саадгийг мэдэх үү?
-Мэднэ ээ... Гэхдээ, үнээ галзуурахад энэ ямар хамаа байна аа?
-Таны мөөмний толгойг нөхөр чинь өглөө ч оролдоод л, үдэш ч оролдоод л байдаг. Тэгсэн хэрнээ дээр чинь жилд ганц удаа гарвал та ч бас галзуурна аа даа?

Monday, August 29, 2011

Шинэ блог нээжээ

Миний хоёр хүү блог нээчихжээ. Хоёр ихэр маань одоо есдүгээр ангид орж байгаа юм.
Та бүхэн зочлоорой.
РС тоглоом тоглодог бол хүчээ сориорой.
http://www.defender-clan.blogspot.com/

Monday, August 1, 2011

Лувсангийн концерт

Дагдан, Довдон хоёр зохиолын дуунд нугасгүй дуртай гэнэ. Шинэ тоглолтыг алгасалгүй үзэж, нэг нэгнийгээ ээлжилж даана. Дагдан Довдон руугаа залгаад,
-Ирэх хагас сайнд Жавхлан тоглоно гэнэ ээ. Хөгшин чинь хоёр тасалбар авчихлаа гэв.
-Үгүй ээ, хөгшин чинь амжихгүй хагас сайнд Лувсан тоглолттой гэсэн гэж найз нь хариулжээ. Дараагийн хагас сайн дөхөж байтал Дагдан дахиад л Довдон руу залгав.
-Энэ хагас сайнд Батсүх гавьяат дуулна гэнэ ээ. Үзэх үү? гэж асуув.
-Ээ, хөгшин чинь амжихгүй. Хагас сайнд Лувсан дахиад л тоглолттой гэв. Түүний дараагийн хагас сайнд Хишигбаяр, Дэлгэрмаа хоёрыг үзэх санал тавьтал Довдон дахиад л Лувсан тоглолттой гэв. Дагдангийн тэвчээр алдрав.
-Лувсан гэж хэн юм бэ? Мэдэхгүй л юм байна зүгээр гэж уурлав. Довдон нь харин сэмхэн шивнэж,
-Чш чимээгүй. Би ч гэсэн мэдэхгүй ээ. Лувсанг тоглолтоо хийхээр явахаар нь хөгшин чинь эхнэртэй нь уулздаг юм байхгүй юу гэжээ.

Monday, July 18, 2011

Сэрэмжлүүлэг!!!

Миний эзэмшдэг байсан amarhan_a@yahoo.com хаягийг хакердчихлаа. Ингээд энэ хаягаа ашиглан хүмүүс рүү мөнгө хүссэн захидал илгээж, залилан хийх оролдлого хийж эхэлснийг анхаарна уу? Би Испанид биш Монголдоо байгаа болно оо.

Англи болон бусад хэл дээр доорх агуулга бүхий захидал авбал бүү итгээрэй!!!


----- Forwarded Message -----
From: altangerel amarsaihan (amarhan_a@yahoo.com)
To:
Sent: Thursday, July 7, 2011 7:01 PM
Subject: Hi

Hope you get this on time, sorry I didn't inform you about my trip in Spain for a Program, I'm presently in Madrid and am having some difficulties here because i misplaced my wallet on my way to the hotel where my money and other valuable things were kept. presently i have limited access to internet, I will like you to assist me with a loan of 2,800 Euros to sort-out my hotel bills and to get myself back home.

I have spoken to the embassy here but they are not responding to the matter effectively, I will appreciate whatever you can afford to assist me with, I'll Refund the money back to you as soon as I return, let me know if you can be of any help. I don't have a phone where I can be reached. Please let me know immediately.

Best regards

Wednesday, June 29, 2011

НЭРЭЛХҮҮ ДАМШИГ

(хошин өгүүллэг)
Зах нь үл харагдах говийн дунд дугуйтай ганц хүнийг хармагцаа Лутаа өвгөний нүд оройдоо гарав. Хурц наранд шарагдаж, халууцаж ядарсан шар толгойтой эр дөрөөгөө арай ядан жийж, жолоогоо замын элсэнд мурилзуулан зүтгэнэ. Гадаадын жуулчин бололтой энэ залуугийн шар царай, нүцгэн булчингууд наранд түлэгдээд, нүд хальтрам улаан ягаан болсон харагдана. Хүүхнийх шиг урт, буржгар үс нь ширэлдэн даахирч, шанааг нь дагаад шороотой хөлс урсжээ.
-Аймаг ортол гурван зуун килмээтэр. Энэ амьтан яана даа? гэж өвгөн үглэв.

-Доонийчихоод яг миний хүү шиг юм гээч. Нялх амьтан цангаж яваа. Аваад явъя! хэмээн Лут
аа гуайн самган Долгор орь дуу болов. Аймаг орохоор өвгөний унаанд дайгдсан Намшир гуай харин толгой сэгсэрлээ.
-Наадуул чинь ингэж зовлогоо зовоож амардаг улс гэсэн. Сүүтэй цай өгөхөөр уухгүй, хар ус залгилчихаад явдаг барамнууд гэнэ лээ! гэж хэллээ. Ингээд Намшир “Ээ дээ, дэмий дээ” гэж үглэн, Лутаа, Долгор хоёр тэс зөрж зүтгэсээр хөөрхий ядарсан залууг машиндаа авч явах шийд гаргав. Өмнө нь гарч, зам хөндөлдөн зогсоход шар толгойтой залуу инээмсэглээд, мэндэлж байгаа бололтой хоёр үг хэлээд мэхийж байна. Лутаа гуай хуучин цагт орос гийлоогч нартай ойр дотно найзалж явсны хэрэг юу билээ, эдэнтэй хэл нэвтэрч ядах юмгүй гэж бардаад,
-Здравствуй, друг! Давай поедем на машине гээд жуулчин руу харлаа. Цаадах нь нүдээ том болгож, юу ч ойлгохгүй байгаа шинжтэй.

-Наадах чинь орос биш англи жуулчин. Яаж ойлгох вэ? гэж Намшир уцаартай дуугарлаа. Эмгэн өвгөн хоёр харь хэлтэй залууд тэрэгний ачаан дээр дугуйг чинь тавиад, өөрийг чинь арын суудалдаа аваад явна гэж дохиогоор ойлгуултал залуу,
-Өө, но но! гэж чанга хашгирч, гараа зангалаа. Тэгснээ хоёр дугуйт унаагаа заагаад, би өөрөө дугуйгаараа явна гэж байгаа бололтой дохио үзүүлж, хан янхийсэн харь аялгатай хэлээрээ баахан ярьж тайлбарлалаа.
-Ална ч гээд байгаа юм уу, тална ч гээд байгаа юм уу бүү мэд гэснээ Лутаа гуай толгой сэгсэрлээ. Долгор харин уурлаж,

-Нүгэл гэм. Юуны чинь алах. Номхон томоотой хүү байна даг! гэж өвгөнөө зэмлэлээ. Лутаа гуай залуу жуулчны царай руу харан бодол болж байснаа,
-Хөөрхий минь, замын зардалгүй гэдгээ учирлаад байгаа юм биш үү? гэж сэрхийтэл сэтгээд, хашгиран босч ирэв.
-Яаг тийм байж таарах нь! гэж гэж самган нь дуу алдлаа. Өвгөн,

-Деньги не надо! гэж хэлэнгээ өврөө ухан, зузаан бор түрийвчээ гаргаж, арван мянгатын дэвсгэрт харуулаад, гар хуруугаа гозолзуулан дохиж эхэллээ. Сохор зоос ч авахгүй гэдгээ өвгөн сайн гэгч тайлбарлаж, балай хүн ч ойлгохоор дохиж үзүүллээ.
Жуулчин залуу дахиад л толгой сэгсэрч, өнөөх “Но но”-гоо хэлэн, улам олон үг шулганан зогсоно.

-Хөөрхий минь, биднийг дээрэмчин тонуулчин гэж айгаад байх шиг байна гэж Долгор эмээ шивнэхэд,

-Магадгүй шүү! Харц нь айсан шинжтэй. Биднийг цагдаад хэлээд сүйд хийх юм биш үү? Орхиод явцгаая! гэж Намшир уулга алдлаа.

-Мы не бандиты! гэж Лутааг тайлбарлахад, найз өвгөний нь тэвчээр барагдав.

-Орос биш гэж мэдсээр байж л оросоор донгосоод байх юм аа, чи! гэж ундууцлаа.

-Чи тэгээд англи хэл мэдэх юм уу? гээд Лутаа гуай дүрсхийтэл уурлав. Барилцаад авах нь холгүй. Хөөрхий залуу, хоёр өвгөн рүү айсан харцаар ширтэн, бүжин нүдээ бүлтэлзүүлнэ. Долгор гуай үүнийг нь харж зогссоноо залууг өрөвдөж,

-Миний муу доёгор хүү хүний газар ингэж л зүдэрч яваа байх даа гээд нулимсаа арчлаа. Америкт сурдаг бага хүүгээ санаснаас болоод цээж нь бачуурсан нь энэ. Эмгэн залууг арын суудалд суу гэж эелдэг дохиод, толгойг нь иллээ. Залуу гуйсан харцаар ширтээд,

-Но но.., гэснээ бас л баахан юм ярилаа. Гурван хөгшин ойлгосонгүй.
-Наад хүү чинь нэрэлхээд байна аа! Миний найз монхор Коля бас нэрэлхүү гэж дүүрчихсэн золиг байгаагүй юу! Би мах сүү өгөхдөө хүчээр тэргэнд нь тавьж явуулдаг байсан шүү дээ! гэж Лутаа хөгшин хашгирлаа.


-Яг үнэн. Нэрэлхээд байгаа ухаантай юм байна! гэж Долгор эмгэн хэлээд, дугуйг нь шүүрч аваад, ачаа өөдөө өргөлөө. Залуугийн цэнхэр нүд айдсаар дүүрч, дугуйнаасаа зуурч, цахдан чирэгдэнэ. Лутаа гуай түүн рүү инээмсэглэж, далыг нь эелдэг алгадаад,
-Хүү минь, нэрэлхээд нэрээ иддэггүй юм аа. Өвөөгийнхөө тэргэнд тухтай суугаад яв! Энэ жилийн ноолуураар авсан цоо шинэ эд дээ! гэж хэлэх зуураа залууг ухасхийн хөлдөж аваад, хүүхэд шиг өргөн хойд суудалдаа шидлээ.
-Ээ дээ, хэдүүлээ хэрэгт орчих юм биш үү! гээд, Намшир зогсоо зайгүй үглэнэ. Хүчинд автагдан орос тэргэнд суусан англи залуу замын турш Монголыг тойрох дугуйн аялал хийж яваагаа учирлаж, би буцаад яг энэ газартаа ирж цааш аялах гэж өчнөөн чирэгдэл болно гэж тайлбарлаж явлаа. Харамсалтай нь гурван хөгшин нэг ч үг ойлгосонгүй. Лутаа гуай,

-Нэрэлхээд нэрээ иддэггүй юм аа, хүү минь гэх өнөөх үгээ хэлж, тарган хонины чанасан мах, нуугисан сайхан айргийг ам руу нь цутган дайлж явлаа. Намшир гуай байн байн уулга алдаж,

-Ээ дээ, буулгачихсан нь дээр биш үү? гэж үглэж байлаа.
Аймгийн зочид буудлын үүдэнд ирж зорчигчоо буулгасан хөгшид гараа занган баяртай гээд, буржгар шар толгойтой харийн хүүгийн хацар дээр үнсээд хөдөлцгөөв.
-Нэрэлхүү ч дамшиг бол доо! гэж Лутаа гуай хэллээ.

-Яг л миний хүү шиг гэж Долгор уулга алдаад, нулимсаа арчлаа. Харь хэлийн залуу харин, тус болох гэж үнэн сэтгэлээсээ зүтгэсэн, цагаан цайлган хөгшдийн сэтгэлийг бодож, дотроо буцлах бухимдлаа хүчлэн барьж зогслоо. Орос тэрэг булан тойрон далд ороход, толгой эргүүлэн дөнгөж сая ирсэн зам руугаа хараад, “Буцах унаа олохоос доо” гэж өөртөө хэлээд санаа алдлаа.

Thursday, June 16, 2011

Хэцүү анги роман боллоо

"Хэцүү анги" кино зохиолоо роман болгохоор бодолд дарагдаж, кейборд нүдэж, хоёр он дамнан суулаа. Бичээд, хэвлүүлчихлээ. Та бүхэнд энэ шинэ бүтээлээсээ хэсэгчлэн хүргэж байна. Бүтнээр нь уншихыг хүсвэл номын дэлгүүрүүдээс асуугаарай. Мөхөс наддаа ухаантай зөвлөгөө хэлж, тусалж дэмжиж, номыг минь редакторласан Б.Галаарид анддаа баярласнаа энэ хуудсаар дамжуулан хэлье. Номын дизайныг Т.Анхбаяр бүтээлээ. Хавтасны дизайнаа би өөрөө фотошоп дээр хонон өнжин нүдэж байж хийсэн. Номдоо үзэгчид, уран бүтээлчид, жүжигдэдээ хандаж бичсэн талархал, үзэгчдийн сэтгэгдэл, "Хэцүү анги" хийгдэх үеийн гэрэл зургуудаас оруулсан байгаа.


Ардын үрсийн төлөө алд биеэ гамнаагүй
Аав ижий хоёртоо номон хадаг өргөмү

Бөмбөрийн нүргээ, нийтийн орилоон ханыг зад татах нь уу гэлтэй. Бүжиглэж буй залуус сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй дуу дуугаа авалцан чарлана. Тойргийн төвд гурван хүү бүжгийн гайхамшигтай уран хөдөлгөөн хийж, олныг доргиож, охидыг солиоруулах дөхөж буй нь энэ. Хөвгүүд хөл дээрээ бус гарын алга тохой, дал мөрөн дээрээ эргэлдэн бүжих нь амьд хүн биш амилуулсан зураг мэт. Зогсолтгүй анивчих хурц цагаан гэрэл бүжигчдийг энд нэг тэнд нэг, хэвтээ нэг суугаа нэг болгож тасалдсан дүрсээр зурна.

Гэрэл гэнэт солигдож, өнгө өнгөөр туяарахад нэг хөвгүүн нь бүжгээ өөрчилж, оньсон хүний татвалзсан хөдөлгөөн үзүүлж эхэллээ. Нөгөө хоёр нь үл үзэгдэгч олсноос огцом огцмоор татан урагшилж, уян налархай хөдлөх нь гавьяат цолтон ч атаархам эвсэлтэй. Танхим дахин доргиж, улам хүчтэй орилолдох чимээ хадлаа. Ая дуусахад нийтийг бишрүүлж байсан гурван хүү тойргоос гарч, зайдуу байх ширээ рүүгээ явлаа. Залуус өөрийн мэдэлгүй нүд унагаж, сая болж өнгөрсөн гайхамшигт бүжигт үнэнхүү уярч ууссан болох нь царайнаас нь илт мэдрэгдэнэ. Танхим дахь охидын ихэнх нь дэврүүн дурлалын мананд автсан гэхэд хилсдэхээргүй ажээ.

Гурван хүү бол нийслэлийн Оч цогцолбор сургуулийн арвын “Д” ангийн сурагчид. Тэдний арай биерхүүг нь Тэмүүн гэнэ. Онигордуу нүд, цагаан царайтай жирийн л нэг хүү гэмээр боловч цаанаа охидыг татах нэгэн нууцлаг зүйл түүнд байдаг. Дэгжин засалттай тас хар үс, нумарсан хар хөмсөгтэй царайлаг хүү нь Билгүүн. Тэр хоёрыг дагалдан баясагч сэргэлэн нүдтэй, намхавтар нуруутай хөвгүүний нэр Дөлгөөн. Эцэг эхчүүд нь ярилцаж, тохирсон юм шиг ойролцоо дуудлагатай нэр өгснийг багш сурагчгүй гайхдаг. Гурван хүү ч биенээ нэрээр нь сонгоогүй, санамсаргүй найзалсан гэж хүн болгонд батлан ярьдаг хэдий ч ихэнх хүүхэд үүнд итгэдэггүй. Чамирхаж, нэр хүндээ өсгөх гээд нэрээ солиулсан гэсэн цуурхал сургууль дээр тарсан удаа ч бий. Гэхдээ энэ гурвын хэлдэг үнэн. Тэдний ижил юм шиг нэрийн давхацсан шалтгаан нь ч, биентэйгээ найзалсан түүх нь ч цэвэр тохиолдол билээ.

Дөлгөөн их яриасаг нэгэн бололтой, байнга гараа савчуулж, амаа ангалзуулж байгаа харагдана. Явъя хэдүүлээ, гээд Тэмүүн босоход, цаад хоёр нь түүний үгийг зөвшөөрч, даган өндийцгөөв. Дөлгөөн ширээн дээрээс лаазтай ундаагаа шүүрч авахад Билгүүн түүнийг орхи гэж загналаа. Хүү гомдож хошуугаа унжуулсан ч ундаагаа тавьсангүй. Хоёр найзынхаа араас даган, явуут дундаа ундаагаа сорсноо тэсгэлгүй өнөөх зогсоо чөлөөгүй яриагаа эхэлж байх дуулдана. Тэмүүн доогтой мушийж, инээж явна.

-Өнөөдөр хөөрхөн охин олон ирж шүү гэж Билгүүн хэлэхэд, Дөлгөөн,

-Аан? гээд амаа ангайлаа.

-Битгий тэнэг юм шиг аан гэж байгаач! гэж Билгүүн уцаарлалаа. “Аан..?” гэдэг бол Дөлгөөний сурчихсан зуршил. Билгүүн яаж загнаад ч найз нь ийнхүү аан гэж ангайсан хэвээрээ л өдийг хүрсэн. Дөлгөөн гэмшиж нурмайн, хормын төдийхөн дуугүй болсноо ахиад л ам нээлээ...
***
...Наймдугаар сарын сүүлчийн өдрийн шаргал наран дээш хөөрлөө. Нийтийн тээврийн түрэмгий шар тэрэгний дохио зүрх хагартал хангинана. Өт хорхой шиг олон унаа уулзварт шавааралджээ. Нээлттэй цонхоор өглөөний нар ээж, бяцхан болжморууд модны мөчирт ирийтэл суугаад хэн нэгний тухай ярилцах мэт шулганалдана.
Сүнжид алчуур барин тоос арчиж зогслоо. Шүүгээний орой өөд зүтгэх бүрт нь үйлчлэгчийн цэнхэр өмдөн доорх хуучирч элэгдсэн хоёр шаахай нь нумарна. Бичгийн шүүгээг цэвэрлэж дуусаад, ханан дахь цаг руу хяламхийн, хурлын ширээг бушуухан арчиж эхлэв.

-Яадаг билээ. Захирал юм бодчихгүй байгаа даа. Есөөс өмнө яагаад ч арчиж дуусашгүй нь. Зулаа гээч урвалзсан охинд даашинз хасч өгөх гэсээр байтал оройтсон. Өглөө унтчих гэж байх уу хэмээн дотроо үглэж байлаа. Бага охин нь хичээлийн шинэ жилийн баярт өмсөх гоёлоо хоцрогдсон загвартай гэж голж, уйлан дуугарснаас ажил ундарч нойр хугасалсан нь энэ билээ. Энд нь ч ингэж танаас гарга, тэнд нь ч ийм оруулга хий хэмээн хошуугаа цорвойлгон эрхэлж, яг хэлснээр нь оёсоор байтал буруу гэж гонгиноод байсан тул хэрүүл зодоон хийхдээ тулж дахин ханзалснаа бодоод мушийв.
Хаалга онгойн, Тунгалаг захирлыг орж ирэхэд, Сүнжид амандаа, яадаг билээ ширээг нь арчсангүй гэж үглэж амжаад гэмшсэн харцтай мэндэлж, уучлалт гуйх шалтаг олохгүй тэвдлээ.

-Сүнжид ээ, чи чинь яасан хачин хүн бэ? гэхийг сонсоод цэвэрлэгч хирдхийн цочлоо.

-Хүүе яадаг билээ! Ю...юу болоов, захирал аа?

-Чи чинь, дээд сургууль төгссөн багш хүн байна шүү дээ.
-Тийм.
-Тэгээд хэлэхэд яадаг хүн бэ?

Захирлыг ийнхүү зэмлэхэд нь хариу үг олдсонгүй. Дээд боловсролтой гэдгээ хэлж, бичиг баримтаа үзүүлээд, арай дөмөгхөн ажил гарвал хийнэ шүү гэж захиралдаа хэлээч хэмээн охид нь үглэж байсныг саналаа...

***
...Хаалга торхийтэл онгойж, хичээлийн эрхлэгч нэгэн охиныг дагуулан орж ирэхэд ангийнхан нүдээ том болгон алмайрснаа дэрхийтэл босцгоов. Нуруулаг царайлаг, хөөрхөн алаг нүдтэй, даруухан байрын охин руу ангийн бүх хүүхдийн харц чиглэжээ. Ширээн дээр сандайлж суугаад, хөгжим сонсож байсан Тэмүүний чихэвчийг Билгүүн мулт татаад, чихэнд нь амаа тулгаж,
-Хараач, нөгөө охин чинь! гэж шивнэлээ. Тэмүүн охиныг хармагцаа царай хувьсхийн барьц алдлаа. Яг л уржигдар оройных шиг дэн дун болж, хаана юу хийж байгаагаа ч мэдэхээ больчихов. Нэг мэдтэл хий юм хайж, цүнхээ уудалсан болоод зогсож байлаа. Хүүхдүүдийн хэллэгээр “тасархай” царайлаг шинэ охиныг хөвгүүд сэм ширтэж, харин ганц нэг охин атаархсан харц шидэлж эхэлжээ. Энэ яриа бол шоргоолж шиг цээжээрээ тасархай биетэй гэх бус бусдаасаа хол тасархай царайлаг гэдэг утгыг илэрхийлж байгаа болох тухай Тэмүүн хичээл дээр мэтгэлцэж байсан удаатай.

-Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ? гэж эрхлэгчийг мэндлэхэд,

-Сайн. Багш аа, та сайн байна уу? гэж хүүхдүүд зэрэг дуржигнуулав.
-Сууцгаа. Та бүхэнд ангийн шинэ сурагчийг танилцуулъя. Энэ бол Гэрэл. Дөчин дөрөвдүгээр сургуулиас шилжиж ирж байгаа. Ангийн дарга шинэ сурагчид суудал хуваарилж өгөөрэй, ойлгов уу гэснээ эрхлэгч үүд рүү зүглэлээ. Билгүүн багш аа, асуулт байна, болох уу гэсээр босч ирэхэд эрхлэгч эргэн зогслоо.
-Манай ангийг дааж авах зоригтой багш олдохгүй байгаа гэж үнэн үү? хэмээн хоржоонтой асуухад, ангийн хүүхдүүдэд асуулт таалагдсан бололтой дэмжин, эсэн бусын дуу авиа гаргаж, доогтой инээлдлээ. Хүүгийн хэлдэг хэрэг дээрээ үнэн. Сургууль даяар “Хэцүү анги” гэж зард гараад буй энэ хэдэн хүүхдээс багш нар зугтааж байгаа. Ав гэж тулгахад ажлаасаа гарна гэж уйлсан хүн ч бий. Ангийг хэнд даалгах вэ гэдэг асуулт удирдлагын шүдний өвчин болсон. Эрхлэгч үгээ бодон, мм-мм.., гэж урт амьсгаа аваад, танай ангийг багштай болгох тал дээр өнөөдөртөө багтааж сургуулийн захиргаа шийдвэр гаргана гээд гарч явахад бүх хүүхдийн анхаарал охин дээр эргэн төвлөрлөө. Шинэ сургууль, шинэ хүүхдүүдийн дунд ороод охин барьц алдсан бололтой, ичиж улайж байснаа,

-Сайн байцгаана уу? гэж дуулдах төдий мэндэллээ. Сурагчид түүнтэй мэндлэхийн оронд чимээгүй харцгаана. Зарим охидын атаархсан харц хэвээр, хөлөөс нь толгой хүртэл нэвт шувт сонжиж байна. Охин балмагдаж гүйцээд яахаа ч мэдэхээ больсон зогслоо. Сувд босч, ангийн дарга руу очиж нудраад,

-Хүүе ээ, Нарантуяа! Шинэ охиныг “байдал”-д оруулчихлаа ш дээ. Суудал хуваарилж өгөөч! хэмээн сэм шивнэн хэллээ. Нарантуяа түрүүнээс хойш чимээгүй сууж танихгүй охиныг ичээсэндээ үнэн голоосоо гэмшин босч ирээд, аа-аа.., хэмээн түгдэрч, ангийг тойруулан харж байснаа,

-Энд байсан хүүхэд шилжсэн. Чи энд сууж болно гээд, гэмшсэн бантсан хоёрын дундуур санд мэнд дуржигнуулж, чиний нэрийг Гэрэлээ гэсэн байхаа гэлээ. Энэ нь нэрийг нь лавлахдаа биш танихгүй охинтой үг сольж, сэтгэл санаагаар дэмжих гэж байгаа нь илэрхий. Сувдын дотор онгойж, урт амьсгаа авах нь ангийн бүх хүүхдэд дуулдлаа.
Сувд бол ийнхүү хүн болгонд тус болох гэж үнэн голоосоо чармайдаг сайхан сэтгэлтэй охин. Тэмүүн, Билгүүн, Дөлгөөн гуравтай нэг байранд тоглож өссөн хар багын найз нь. Гурван хөвгүүний хувьд Сувд хамгийн том дарга болдог. Хичээл номоо хий, шөнө орой битгий тэнэ гэх зэргээр ээжүүдээс нь илүү залж зааж байдаг хүн.

Зүүн гар талын эгнээнд харалдаа ширээнд ирж суухдаа Гэрэл Тэмүүнтэй санамсаргүй харц мөргөлдөхөд хоёул ичиж улайлаа. Шинэ байранд хэд дайралдсан хүү мөн шив. Ямар ч гэсэн ганц ч болов зүс таних хүн байна шүү. Хоёр банди хоргооход ирж болиулаад байсныг бодоход даруухан томоотой хүүхэд байх. Тэгээд бас таарахаараа улайчихдаг. Арай.., гэж Гэрэл бодсоноо өөрөөсөө ичээд түрүүчийнхээс илүү улайчихлаа.

Гурав дөрвөн алхам хол зайд сууж байгаа ч Тэмүүнд Гэрэлийн зүгээс халуу дүүгээд байх шиг санагдана. Охины зүрхнээс үүссэн ер бусын соронзон орны үйлчлэлд орсон мэт бүх бие нь цахилгаанжиж, толгойтой үс босчихов уу гэлтэй хуйхаа дагаад дагзаар нь эрвэгнээд ч байх шиг.
Билгүүн толгойгоо эргүүлж, найзынхаа ухаан мэдрэлгүй болж, орчин тойрноосоо тасарчихсан суугааг ажиж мушийгаад, нүүрний ширээнээс эргэн харж буй Дөлгөөн рүү нүдээ ирмэснээ дурлалд автсан найз руугаа дохин, хэлээ гаргаж даажин хийлээ. Дөлгөөн Тэмүүн рүү, бас охин руу ээлжлэн бүлтийтэл ширтэж, нүдэнд нь баяр гийсэн харагдана. Ямар сонин учрал вэ, энэ охин манай ангид орчих гэж. Надтай харц тулгараад улайчихлаа. Намайг таньж байх шиг байна гэж бодохоос Тэмүүний зүрх чанга цохилов. Хаалга тархийтэл хүчтэй саван нээх чимээ амттай бодлыг нь сарниачихлаа.
-Хүүхдүүд ээ, дуулиан! гэж чарласаар сэгсгэр засалттай богино үстэй сэргэлэн байрын охин харайн орж ирлээ. Энэ сурагчийг хүүхдүүд дуулиан Цэнгэл гэж хочилно. Захирал өрөөнийхөө зузаан хананы цаана хэн нэгэн багшид аминчилж хэлсэн үг хүртэл түүний чихэнд хүрчихсэн байдаг. Хүүхдүүд түүн рүү шоолж мушийсан, алмайрч гайхсан, зүгээр л залхсан, янз бүрийн дүрээр харлаа...

***
...-За Сүнжид багш аа, энэ бол таны даах арвын “Д” ангийн хамт олон. Манай сургуулийн авьяастай сурлагатай шилдэг сурагчид. Та бүхэнд амжилт хүсье гээд эрхлэгч гарч явахад хүүхдүүд гайхсан, үл тоосон зүсэн зүйлийн харцаар багшийг нэвт шувт цоргилоо. Цэнгэл тэргүүтэй хэсэг охин гутал хувцас руу харан, уруул дээрээ доогтой инээд тодруулсан бол Ганаа шоолон амаа мурийлгаж, нүдээ эргэлдүүлж харагдана. Билгүүн ууртай царайтай сууна. Багш хүүхдүүдийн тийм ч баяртай биш байгааг мэдрээд, сандарч мэгдсэн царайтай болчихлоо.
-Би та бүхний ангийн багш болж байгаадаа баяртай байна аа. Ангийн сурагчидтай танилцах, зохион байгуулалтын ажлаа бүгдээрээ завсарлагаа, хичээлийн дараа хийе. Одоо уран зохиолын хичээлдээ орцгооё гээд, цүнхнээсээ шохой гарган самбарт бичих гэснээ, өмнөө цагаан төмөр самбар байхыг олж хараад, шохой руугаа нэг самбар луу нэг харан самгардчихлаа. Хүүхдүүд багш барьц алдахыг мэдээд дооглон жуумайжээ. Зарим нь хэлээ гаргасан харагдана. Сувд санаа зовж,

-Багш аа, наана чинь үзэг нь байгаа! гэхэд Сүнжид багш дотроо “Тунгалаг захирал хурал хийхдээ ийм самбарт үзгээр бичиж байгааг зөндөө харсан байж, ингэж мунгинахдаа яахав дээ” гэж өөрийгөө зэмлэж амжаад, бандгар цагаан үзгийг авч, самбарт он сар бичих зуураа, за хичээлээ эхэлье хүүхдүүд ээ гэлээ. Эцэг эхчүүдийн хандиваар ийм самбартай болсон анги сургуульд хэдхэн байдгийн нэг нь арвын “Д” билээ.

Тэмүүн шинэ багш, уран зохиолын хичээл, доогтой жуумалзах хүүхдүүд гээд юуг ч анхаарах сөгөөгүй байлаа. Шинэ охиноос цацраад байгаа өнөөх ер бусын татах хүчний үйлчлэлд ороод, дахиад л орчноосоо тасарчихсан суув. Гэрэлийн амьсгалах нь хүртэл түүнд мэдрэгдэж, тархин дотор нь охины үйл хөдлөл бүрийг дамжуулах үүрэгтэй хяналтын дэлгэц суулгачихсан гэлтэй. Тэмүүн урт гэгч амьсгаа аваад, хичээлдээ анхаарах гэж өөрийгөө хүчиллээ. Санасныг бодвол шинэ багш хичээлийг сайн заадаг аж. Асууж ярилцаж, хүүхдүүдэд хэлж өгч байгааг нь сонсоод, “Хүнийг хувцсаар нь биш толгойгоор нь үнэлж сурмаар даа!” гэсэн Сувдын үг санаанд нь орлоо...

***
...Их хотод шинэ өглөө ирлээ. Орцны жижүүрүүд орчноо цэвэрлэн зогсоно. Сүү зардаг эмээ сүүдрэвч дор суугаад гарч орох хүмүүсийн гар луу горьдон харна. Сав суулга барьсан хүн үзэгдэхэд нүдэнд нь оч гийгээд, баяртай мэндлэн угтаж өнөөдөр сайхан сүүтэй ирсэн гэх дандаа хэлдэг цайлган үгээ хэлээд, цагаан сүүгээ уудална. Гэрэл орцноос гарч ирээд, эмээгийн дэргэдүүр гараад хичээлдээ алхлаа. Сүүний эмээгийн хоёр нүднээс хамаагүй залуу хэдий ч, цог жавхаа нь хавьгүй буурсан хоёр нүд орц руу бас горьдон харж байснаа нуруулаг охиныг дагуулан гөлөрлөө. Гэрэлийн аав цагаан уутаа дэргэдээ тавиад, хүнсний дэлгүүрийн арын шигүү буйлсны завсраар охиноо харж суугаа нь энэ.
Гэрэл хөөрхөн инээн утсаар ярьсаар өмнүүр нь өнгөрлөө. Охиныхоо энэ инээдийг хараад аавын сэтгэлд нар гийчих шиг. Гал нь буурсан хоёр нүднээс нь бөөн бөөн нулимс бөмбөрөн уналаа.
Миний охин улам л царайлаг болоод байх юм аа. Жаахан гунигтай болчихоо юу даа. Би гэж хүний оронцог ингээд л сууж байдаг. Энэ архи гээч муухай хорыг сэдсэн хүнийг тамд тарчилгаасай билээ! Сайн ханьтай, сайхан охинтой, үлгэрийнх шиг жаргалтай амьдарч байж дээ. Архи гээч адын ундаа хүнээс бүхнийг булаах юм даа! Дориун хувцас олоод, ус цасанд орчихоод охин хань хоёр дээрээ хүрээд ирэх юмсан. Хонгилын хүмүүст хувцас өгдөг буянтай хүмүүс байдаг юм гэсэн надтай тааралддаггүй юм байх даа гэж бодож суулаа. Түүний нулимс асгарсаар л...

***
...Билгүүн уулын орой өөд мацуулан хаазалж, Ямахагаа чадмаг жолоодон өгсөнө. Зулаа мотоцикл гадарладаг болохоор ийм өгсүүрт хөнгөн араагаараа ухасхийтэл зүтгэдэг хүчирхэг эд байна шүү гэж биширч явлаа. Аавынх нь цэнхэр Планета-3 бол өдийд нэгдүгээр араатайгаа чарлаж байхсан. Билгүүний ард суух бүрд ааваа санах юм даа гэж түүнд бодогдлоо.
Хайртай хос уулын оройд гарч хүчирхэг унаагаа тавиад, ийш тийш харуулдан зогслоо. Намрын улирал дундаа орсон болохоор ой гайхамшигтай. Тод шар, улбар шар, улаан, ягаан, хөх, ногоон, хар ногоон гээд зүс бүрээр алаглан харагдах нь агуу их зураач тосон будгаар өнгө холиод таталчихсан гэмээр. Хөх тэнгэр цэлийгээд, гайхамшигтай сайхан. Миний Монгол нутаг минь гэж Зулаа дотроо дуу алдлаа.

-Эндээс ой ямар гайхамшигтай харагддаг юм бэ? Сэтгэл сэргэчихлээ.

-Харин тийм ээ. Хамаг уур уцаар мартагдчихлаа.

Билгүүнийг мэддэггүй хүн бол энэ жаахан юмтай гэж бодмоор. Амандаа юм хэлж ганцаараа яриад л. Орчноосоо тасраад л. Энэ ингэхэд юунаас ингэж бухимдаад байгаа юм бол оо асуучих уу гэж Зулаа бодсоноо өмнөө унасан шар навчийг аваад үнэрлэж үзлээ. Хөрс чийг бас ногоон навчных шиг өтгөн шүүсний үнэр гарах нь гайхмаар. Харахад хатчихсан хэрнээ.
Найз залуу нь Зулаагийн асуух гээд байгааг мэдсэн юм шиг сэтгэлийн зовлонгоо ярьж эхэллээ.

-Ангид бөөн тэмцэл зөрчил. Хөдөөний тэнэг багшаас болоод манай анги хоёр хуваагдчихсан.

-Яахаараа багш ангийг хуваачихдаг билээ?

-Тэмүүн бид хоёр тэр багшийг үзэн ядаад, харин ангийн хүүхдүүд өмөөрөөд байгаа юм. Хачин балай хөдөөний үгээр “Хүүе яадаг билээ” гэж уулга алддаг тэнэг авгай. Тааг хөдөө...
Зулын царай хувьсхийн, гүн цочролд орлоо. Тэр дотроо арай ч дээ гэж үглэлээ. Тэгснээ биш байлгүй дээ. Биш л байгаасай гэж бурхнаас ч юм уу хэнээс ч юм гуйж эхэллээ. Тийм байх ёсгүй. Өөр хүн байлгүй дээ гэж горьдоно. Өөрийн мэдэлгүй, чи аль сургуульд сурдаг юм бэ? гэж лавлан асууснаа шал өөр л сургууль хэлнэ дээ, харж л байгаарай, яалаа гэж тийм байх вэ гэж зүрхэндээ шивнэж байлаа.

-Оч цогцолбор сургууль гэж хариулахад нь Зулаа хиртхийлээ. Тархи руу нь хүнд лантуугаар лүгхийтэл цохичих мэт. Яг л Их бүрдийн домог кинон дээр гардаг шиг орчлон дайвалзан хөрвөөлөө. Билгүүн ямар нэгэн зүйл үргэлжлүүлэн ярих боловч Зулаа огт сонсохгүй болсон зогсоно.

Гэр хорооллын шөнө ямар их чимээ шуугиантай өнгөрдгийг Зулаа өмнө анзаардаггүй байж. Өөрийн хашааны банхар болоод хөршүүд, өмнө хойд гудамжны ноход яасан ч их боргож хуцдаг юм бэ. Хэнийд ч юм бүү мэд ачааны тэрэгтэй хүмүүс ирж хашааны гөлмөн төмөр хаалгыг нь пүн пүнхийлгэн нүдэж чанга чангаар дуудаж, тэрэгний дохио үргэлжлүүлэн чихэнд чийртэй янгинуулна. Арын гудамж хавиас хөгжмийн нүргээн сонсогдож хүмүүс чангаар хөхрөлдөх нь хэн нэгний төрсөн өдрийн ч юм уу найр болж байгаа бололтой. Зулаагийн нойр хулжиж нааш цааш хөрвөөн хэвтэж буй нь энэ.
Оч сургууль гэж өөрийн хоёр чихээрээ гарцаагүй сонссон хэрнээ нэг л итгэж өгөхгүй. Биш байгаасай гэсэн горьдлогодоо автан хэвтсээр. Сургууль хэд хэдэн аравдугаар ангитай. Өөр анги байгаасай гэж огт найдваргүй зүйлд итгэх гэж хүчлэнэ.
Уулын оройд зогсож байснаа Зулаа гэнэт бие эвгүйрхлээ гэхэд Билгүүн сандарч бараг л шууд эмнэлэгт аваачна гэж зүтгэсэн хэдий ч элдэв арга саам хэрэглэсээр арван гуравдугаар хорооллын байр луу хүргүүлээд хоцорсон. Орц руу ороод чимээгүй нулимсаа арчин удаан гуниглаж зогссоноо Гантуяагаа дуудаж оройжингоо уйлж, найзыгаа зовоож сууж байгаад гэр лүүгээ ирсэн билээ.
Өглөөгүүр Зулаа хэсэгхэн унтаад сэрэхэд нь аль хэдийнэ ээж эгч хоёр нь босчихсон байлаа. Ээж нь гарах гэж байгаа харагдана. Зулаа өндийгөөд, биш байгаасай гэсэн горьдлогодоо хөтлөгдөн асуулаа.

-Ээж ээ. Танай ангид Билгүүн, Тэмүүн гэдэг хүүхэд байдаггүй тийм үү?
-Байдаг. Байдгаар барах уу, ээжийг нь дорд үзэж, шар махтай хатаагаад байгаа хоёр хэцүү хүүг чинь Тэмүүн, Билгүүн гэдэг юм шүү дээ.
Зул буцаж хэвтлээ. Нэгэнт иймээс цааш яахав. Өчигдөр л тийм гэдгийг мэдчихсэн болохоор цочирдоод байх зүйл байсангүй. Цэцэг харин Билгүүн гэх нэрийг сонсоод дотор нь харанхуйлчих шиг боллоо. Сүнжид толь руу харж хувцсаа засаж байсан тул хоёр охиныхоо царайны хувирлыг анзаарсангүй...

Thursday, June 9, 2011

Таньдаг нүүр!

Самдан гуайн охин тоть авна гэж хэдэн өдөр гонгинов. Амьтны дэлгүүрт очтол торыг нь хар даавуугаар битүүлж бүтээсэн ганцхан тоть үлдсэн байх юм гэнэ. Танил худалдагч байж таараад, "Энэ тотийг янхны газрынхан тэжээж байсан юм. Шинэ тоть ирэхийг хүлээсэн нь дээр" гэж түүнд сэм шивнэв. Гэвч охин нь шалан дээр савж унаад, тийчилж чарлаад байсан тул өөр аргагүй болж тотийг худалдаж авчээ. Гэртээ ирээд, тотины торыг бүтээсэн даавууг хуулав гэнэ. Тоть:
-Пөөх, янхны газар шинэ байртай болжээ! гэж хашгирав. Тэгснээ охиныг хараад,
-Өө зө, шинэ хүүхэнтэй болчихож! Царай муутай шаримгар вэ? гэж чарлалаа. Ээж уулга алдан амаа дарахад, тоть түүн рүү харж нүдээ том болгов.
-Паах, борлуулалтын менежерийг бас сольчихоо юу?!
Ингээд эцэст нь тоть царай нь цайчихсан зогсоо Самдан гуайг олж харав.
-Өө, Самдан гуай. Ашгүй дээ, таньдаг нүүр! Үйлчлүүлэгч хуучнаараа байна! гэжээ.

Monday, May 30, 2011

Бие засахдаа уншдаг хүмүүст анхааруулга

Уучлаарай. Соёлын талаар асуудалтай хоёр бичлэг оруулчихлаа.

Эмчийн анхааруулга:
Жорлонд суунгаа унших дуртай хүмүүст анхааруулъя. Таны энэ зуршил их хортой. Залуудаа баангаа уншдаг байсан хүмүүс тавь гараад ирэхээрээ эсрэгээрээ уншингаа баадаг болдог гэнэ. Өөрөөр хэлбэл унших гэхээр л баачихдаг зуршилтай болно гэсэн үг.


Онигоо:
Долоон буудлын овгор "шөвөг" Ганбаа томроод баян захирал болж гэнэ. Нэгэнт л баян захирал болсон юм болохоор буруу рультэй тэргээ, зөв рультэй "Ланд-200"-гаар солив гэнэ. Машинаа аваад хэд хонож байтал нь дэлгүүрээс утасдав.
-Сайн байна уу, Ганбаа гуай. Тэргэнд чинь ямар нэгэн асуудал гараагүй биз? Та тэргэндээ дасч байна уу?
-Дасах нь ч дасчихлаа. Зөв рулинд нэг том дутагдал байна аа.
-Уучлаарай, ямар асуудал гараа вэ?
-Цонхоороо нулимлаа л гэж санах юм. Тэгээд харахаар л эхнэрийнхээ энгэр лүү нулимчихсан байх юм аа.

Monday, May 23, 2011

"Нээлтийн ёслол"



"Монголиан Экономи" сэтгүүлтэй хамтран ажиллаж эдийн засгийн сэдвээр шог зургууд туурвиж эхлээд байна. Хөгжлийн банк гэгчтэй холбоотой нийтлэлийг http://mongolianeconomy.mn/ сэтгүүлийн сайтаас уншаарай.

Monday, April 25, 2011

Булганаар аялж явмой

Булганд аялж яваа зургуудаасаа нийтэллээ. Савангийн хайрцгаар авсан зургууд шүү. Ажил амралт хослуул гээд төв хороо маань нөүтбүүкийг минь хураагаад авчихсан. Сайхан амраад л явж байна даа. Булган аймгийн ард түмэндээ "Тусгай салаа 2" киногоо хүргэж, киномеханикч Шаарийбуугийн ажлыг хийгээд явж байна. Сайхан газар үзээд, сайхан хүмүүстэй танилцаад, Сайхан сумыг үзээд, сайхан хүүхэн хараад л явж байна даа. Сайхан уул. Миний нэртэй уул байдаг гэж санаагүй явж дээ хэ хэ. Сайхан сумын Сайхан-Уул багийн төвд. Ирээдүйн тусгай салааны цэргүүдтэй. Хоёр ихэр хүү хараад өөрийн хоёр ихрээ санаад уйлах дөхсөн.Хануйн голын хуучин гүүрэн дээр гарч үзэв. Тусгай салааны үнэнч үзэгчид. Баян Агт сум. Урантогоо уул. Манай жолооч Лхам, ажилтан Дээгий хоёр. Цаана нь Хутаг Өндөр сум харагдаж байна. Лхам ах маань социализмын үед Урал мотортой, 31-ийн туслах кробтой, автобус бөгстэй тэрэг барьж, камаз чиргүүл хоёрыг чирч будаа зөөдөг байсан хашир жолооч. Би замын сүлжээний газрын зурагтай очсон чинь "Наадхаараа яах юм? Миний толгойд газрын зураг байхад чинь" гэсэн. Нээрээ л замын лавлах гэмээр тархитай хүн дээ.Миний өгүүллэгт гардаг "улаан" Балдангийн хэдэн адуу усанд орж байна билээ. Сэлэнгэ мөрөн мину Сэлэнгэ мөрний хөвөөнөө Сэргэлэн бага насаа дурсан зогсохуйд... Энэ бол Гуртын гүүр. /Гуртын гэж хэлснийг Уртын гэж эндүү сонссон байна билээ, хэ хэ/ Энэ гүүрийг миний авга ах Жамбалдорж маань барилцсан юм. Авгын минь хөлс хүч орсон гээд бодохоор бахархал төрж байна лээ шүү.

Сэлэнгэ мөрний эрэг Цагаан булангийн элс. Тээр цагаан байшингийн цаана Сэлэнгэ мөрөн бас халхад алдартай Гуртын гүүр байгаа.

Мянганы замын босоо тэнхлэг. Хатгалаас бараа зөөх гэж тавьсан зам шүү дээ. Чигээрээ давхисаар байгаад Булган ороод ирнэ шүү дээ. Ер нь Булган их сайхан нутаг юм аа. Явсан газар болгон модтой, устай нууртай голтой.
Булган аймгийн Төлүүгийн даваан дээр байдаг "Монгол хоол"-ны газрын алдар цуутай том бууз. Энэ бууз нийслэлийн зоогийн газруудын буузыг тавыг нийлүүлсэнтэй дүйцэхээр том. Тэгээд хонины ориг махыг гараар татаж хийсэн юм билээ. Амт гэж янзтай. Ороод хүний 8 ширхгийг захиалсан, менежер залуу 4-ийг, жолооч 3-ыг, би 4-ийг идээд л ямар ч зай завсаргүй цадсан , үлдсэн буузаа уутанд хийж аваад цааш явсан гэж байгаа. /Муу хүн идсэнээ гэдэг юм яадгийм/

Tuesday, April 12, 2011

Хөршийн эхнэртэй хамжаад ч болоогүй

Нэгэн эр гэрлээд таван жил болоход хүүхэд гарсангүй тул эмнэлэгт хандав. Эмч түүнд нэг шил өгөөд, энэ шилэнд үрийн шингэнээ авч ирж шинжилгээ хийлгэ гэжээ. Маргааш нь өнөөх эр хоосон шилтэй ирлээ гэнэ. Эмч яагаад үрийн шингэнээ авчраагүйг асуув.
-Би эхлээд баруун гараараа оролдоод дийлээгүй. Аргаа бараад хоёр гараараа үзтэл бас л бардаггүй. Эхнэр ирээд баруун гараа чилээгээд, зүүн гараараа оролдоод чадаагүй. Амаараа үзсэн бас л болдоггүй. Эцэст нь уурлаад шүдээрээ хүртэл зулгаасан.
Эмч байдгаараа ангайлаа. Зовлонт эр цааш ярив.
-Тэгээд гарын бядтай хүн хэн билээ гэж бодлоо. Хөршийн эхнэр булиа Долгорыг гуйлаа. Долгор баруун зүүн гараараа ээлжилж, хөлсөө гартал үзсэн. Байдаггүй. Хоёр гардаад ч чадаагүй. Амаараа оролдтол бас л болоогүй. Эцэст нь бас л уурлаад шүдээрээ үгтээсэн. Тэгээд ч бараагүй!
Эмчийн нүд орой дээрээ гараад, асуув.
-Аан..?! Хөршийн эхнэр чинь хүртэл хамжсан гэж үү?
-Тэр юу ч биш. Аймгийн арслан Балдан ч чадаагүй. Энэ новшийн шилний чинь таглааг хага цохихоос нааш онгойхгүй туучий байна лээ!

Saturday, April 2, 2011

Харилцан хамаарлын хуулиуд

Тэмдэгтүүдийн харилцан үйлчлэлийн теорем
Таны халаасанд мөнгөн тэмдэгт хичнээн ихээр хуримтлагдана, төдийчинээ танд замын тэмдэг үйлчлэхээ болино.

Эхнэр ба нохойны харилцан хамаарлын теорем

Хашааны банхар тарган байвал тэр айлын авгай хоол хийж чаддаггүй байх нь хууль. Байдгаараа ярвайсан хүүхдүүд гарч ирээд л, аягатай жонхуугаа нохойндоо өгөөд байдаг гэсэн үг.


Monday, March 14, 2011

"Тусгай салаа 2" нээлтээ хийнэ

"Тусгай салаа 2" киноны нээлт "Өргөө"-д 16-ны өдөр болно. Та бүхэндээ клип, трэйлерийг нь толилуулж байна.




Monday, March 7, 2011

ХУУЧИН ХҮҮ & ТУНГАЛАГ ТАМИР


/mix роман хэмээгч хошигнол/

Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллэг, Ч.Лодойдамбын
“Тунгалаг Тамир” романаар амилуулан бүтээв

Олноо өргөгдсөний дөтгөөр оны зуны эхэн сарын нэгэн өдөр Их Тамирын хойд замаар гуч орчим насны хар хүн нилээд ачаатай морин тэрэг хөтлөөд явж байв. Ханхар дөрвөлжин мөрөндөө утаа болсон нөүтбүүк хөндлөн үүрч, даахирсан бүдүүн хар гэзгээ хуучин флэшний дарайсан оосроор шуужээ.
Энэ хүнийг Эрдэнэ гэдэг. Засагт Хан нэтворкийн Олгонууд комунитигийн гишүүн хүн. Хэдэн өдөрчийн турш аглаг хээрээр аялж яваа тул нэтэд орж, төрсөн ганц дүү “Цахиур” хэмээгч Төмөртэйгөө чаатлаагүй уджээ.
Эрдэнийн гэр бүл Тайхар чулууны өмнө ирэв.
-Хотод очмогц өөрийн гэх домайн, бас амь зуулгын таван цаас эргэлдүүлэх ТҮЦ-тэй болгож өгч хайрла хэмээн Долгор чанга үглэн гуйж, Тайхар чулуунд залбирахуйд,
-Иш..! Юун ч богинохон сэтгэх юм билээ дээ. Бичиг үсэгтэй “Бичээс Эрдэнэ” алдар нэртэйн хэрэг юу билээ, ТҮЦ биш ТУЗ бодно шүү хэдүүлээ гэж хар хүн хэллээ. Тэр Таван толгойн ТУЗ-д гишүүн болно гэдэгтээ бат итгэж нутгаасаа гарсан хүн.
-Ээж ээ, Тайхар чулуунаас надад утасгүй интернэт гуйгаад өгөөч гэж Батыг хэлэхэд эцэг нь цочлоо.
-Хүүхэд ээ гэж! Шинэ сэргэг юмыг дор нь мэдэх юм аа. Утасгүй интернэт гэнэ үү? Гэхдээ үнэ гэж тамтаггүй юм байгаа вий гэж шүдний завсраар сийгүүлэв.
-Хэдэн он бэ? Та, одоо..! Таны найдвартай гээд байдаг утастай суурин интернэттэй чинь адилхан үнэтэй гэж Бат хэлэх нь нэлээд уцаарласан шинжтэй.
“Тэгвэл авдаг хэрэг ээ. Муу дүүтэйгээ газрын хаанаас ч мессенжердэх нь байна шүү дээ. Төмөрт захивал модемийг нь хусаад л ирнэ дээ” гэж Эрдэнэ дотроо бодлоо.

Хөдөөгийн байдал шалдар булдар, нэтийн хурд ороо босоо, дэрстэй шанд, гацаатай сүлжээг дагаж, хааяа нэг хар РС-ний ард хараал урсана. Дөрвөн зүгт утас сунайн уйтгартай, ээдрээ зангилаа чивчирнэ. Зуны лүгхийм халуун хуванцар бүрээсийг хайлтал шарж, чаатчин хүний сэтгэлийг бухимдуулна.
Айлын хаяагаар сүлжээний утас тасарчээ. Yүгээр түүгээр хэдэн засварчин оодогнон давхина.
Хөлд орохоос аваад, үс цайхыг хүртэл нэг шугамыг өгсөн уруудан нүүж, дахин холболт, шинэ монтажны зардалд шатсаар, энэхүү ертөнцийг эцэслэнэ.
Гавж Жамбал хоймор сууж, блог гэдэг чинь бор шаргал үстэй бүсгүй гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж нэт заавал утастай байх хуультай гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр сарыг улируулна.
Тэртээ уулыг өнгөрвөл сүлжээгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш кабель утас хүрэхгүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө төмөр тасдаж, үдэш цонх цоолсоор нэг нас барна.

Хүний нутаг гүний газар чөдрийн ганц морио алдсан эр “Явгарсан болохоос үхсэн биш” гэж дотроо хэлээд тэртээд харагдах зуслангийн хаус руу очив. Итгэлт баян унаа гуйн, уруу царайлах Эрдэнэ лүү ёозгүй харц шидээд,
-Тайшир, Тарлан бух, Таваг хар, Ноцдог дэгээ гээд Засагт ханы хөх эрчүүдийг хэцүү гэдэг дээ. Эр улс бие биедээ хал балгүй салвал дээр байхаа гэж хамраараа дуугарлаа. Энэ үеэр гаднаас Галсан сүр сархийн орж ирээд,
-Ээ ах минь, өртөөний зангиас и-мэйл иржээ гэж чарлав.
-Тэр золигийг чинь хэнээрээ дуудуулдаг билээ хэмээн Луу гүний цуутай баян халаглалаа. Өнөөх унааны гуйлгачин, явуулын эр би дуудаад өгөх үү гэж хэлэхийг сонсоод, Итгэлтийн нүд оройдоо гарч,
-Үгүй, та юу даа? гэж өөрийн мэдэлгүй дуу алдлаа.
Цагийн дараа баяны хаяанд бор гэрээ барьсан Эрдэнэ нэт холбуулах гэж уураа барж, уушгаа уран зогслоо. Орон сууцны контоороос ирсэн монтажчингууд ган хоолойгоор утас сүвлэхэд алд тутамд арван мянга, хананд шураг тогтооход ширхэг бүрт таван мянга гэх зэргээр капиталист овсгоо гаргах нь адтай. Балиус хутгаараа бор гэрийнх нь эсгий бүрээсийг нэвт сүлбээд утас сүвлэх нь сүвээ цоо хатгаад ган татлага шургуулаад байх шиг өвтгөнө.
-Яасан том нүхэлдэг туучий вэ? Дусаал гоожиж, хавсрага сийгэх юм биш үү? гэж Долгор шөвөлзвөл тоож харах шинжгүй. Зартай шилийн сайн эр дүү нь Арабын шэйхийн ордноос шууж ирсэн тансаг хивсэн дээгүүр нь гуталтайгаа туучихад сая Эрдэнийн тэвчээрийн хязгаар зад татагдаж хоёр залууг цочтол нь орилж гутлыг нь тайлуулав. Гэтэл гай болж гэрээр дүүрэн шивэр шингээд, түмэн хүж асааж, мянган сан тавивч арилахгүй зовоож, сар жилээр гай удлаа. Уур нь хүрсэн Эрдэнэ хүүгийнхээ үгэнд орж, суурин интернэтийн шугамын утсыг салгаж, хол гэгч шидээд, вайрлестэй болж санаа амрав.

Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж хатируулсаар хүрч ирэв. Цагаан даавуу алчууртаа нэтийн утас залгадаг бахь шургуулжээ. Ширэлдсэн хар кабель утасны сэрвийсэн хэдэн үзүүр араас чирэгдэж, тэртээх уулын цаагуур далд оржээ. Олонд зарагдаж бор ходоодоо бошийлгож явдаг түүнд байнга оршин суух хаяг гэж байх биш, хоног төөрүүлсэн айл бүхэндээ шинээр сүлжээ тавиулж нэтэд холбогдох гэж зардал чирэгдэл болдог учраас амьдрал тэгшрэх заяагүй, элдэв ороолдсон утас чирч явдаг нь энэ. Урагдаж навтарсан хар ханцуйг сугалдаргалж, утсанд холгогдож улаан нялга болсон бугуйгаа гаргажээ.
Тав хийтэл мориноосоо буун, тас хийтэл нөөтбүүкээ нээгээд, тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нүүрнийхээ хөлсийг арчиж, нусаа хүр хийтэл нийгээд нэтэд оров. “Eror 596. Танай байрны дээвэр дээрх холбох төхөөрөмж цахилгааны саатлаас ажиллахгүй байна. Уучлаарай” гэх амны уншлага хэдэн үгийг үзээд уушиг зүрх нь амаараа гартлаа уурлаж бухимдлаа. Гэрт ороод, “Өнөөдөр бас л сүлжээ тасалджээ. Балдангийнх эсгийгээ хийж байна. Цэндийнх хонио хужирлаж байгаа. Дамба пиав сорохоор явсан” гэх хэв ерийн хэдэн үгийг ах зах хүмүүстээ сонин болгон ярьж, гавж гуай гэж доогуур харан, зайсан гуай гэж дорой дуугарсаар зуухны хажууд сууна. Авгай хүүхдээс аяга тараг, хэсэг хусам олж идээд, тэндээс гарч, баян Балжирын хүүгийн десктопт NBA 2010 суулгаж өгч айраг олж уугаад, нэг үдийг өнгөрүүлнэ. Дэндэв тайжийнд РС форматалж, гэдэс олж идэн нэг үдшийг дуусгана.

Эрдэнэ удалгүй тушаал суга дэвшиж, Итгэлт баяны “Хоовон хөх Майнинг” корпорацийн ерөнхий захирлын албанд томилогдлоо. Эзэн захирал хоёр тэр үдшээ хутга тавилгүй мах гүзээлж, хундага тавилгүй виски цөлж, үүр хаяартал шоудав. Хэдэн давхар хаусныхаа улаан модон вакум цонхийг хайр найргүй цоолж, суурин интернэтийн түг түмэн утас оруулсныг хараад шинэ захирал жуумайх нь цаанаа л нэг ёжтой.
Толгой эргүүлэм орооцолдож, нүд эрээлжлэм мушгирсан олон кабель руу Итгэлт төө цагаан хаш соруултай гаансаараа заагаад,
-Дундаа нүхтэй улаанаар нь Павловтой чааталдаг юм. Хажуудаа одтой бөөрөнхий кабелиар нь засгийн газар луу тайлангаа шиддэг ухаантай. Чам шиг бичиг үсэгтэй хүнд бол ч ичмээр дамшиг даа гэснээ бяцхан ичингүйрч, үл ялиг улайлттай сууж харагдав.
-Бэлтэй, буянтай хүн байна даа, утасгүй интернэттэй болооч гэж Эрдэнэ халаглалаа.
Хэдэн сарын дараа “Хүрээ” Дугарынд найрлаж суухдаа Итгэлт “Улснэтийн вайрлэстэй болсон чинь сайхан юм аа. Тамирын бургасанд Норжмаатай юу яахын зуурт Билл Гейтстэй саадгүй чааталдаг боллоо” гэж бардаж суусан ажгуу.

Хуучин хүү хул морио давиран шогшуулсаар Хустайн хөтлөөр давж явлаа. Хэдийгээр ухаан сэргэлэн боловч, зүүн google-ийн захад хүрсэнгүй, баруун yahoo-гийн тэртээ гарсангүй, зөвхөн кабель сунгаж хүрсэн ганц өртөө эргэн тойрон газрын дотор оршин суусан тул юуг үзэж мэдэж, юуг сонсох ажээ.
Өтгөс, хуучид энэ хоёрын үгнээс бус үнэн юмгүй, өвөлжөө, зуслан, хаваржаа, намаржаа энэ дөрвөөс өөр явах газаргүй гэж санаж, хөмөрсөн тогооны доторхтой адил хөдөөгийн бүдүүлэг байдалд хүмүүжнэ.
Хайран, хайран, хөөрхий, хөөрхий.
Гэтэл хуучин хүүгийн нэг нөхөр нь хувьсгалын бууг тавьсан өдрөөс эхлэн, хөмөрсөн тогооны дотор гэрэл тусч, нэг аймаг улс сэргэв.
Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж, таван далай таван тивийг танин шинэ сүлжээнд хамтдаа холбогдох замыг нээв.
Кабельтай монгол wireless монгол болов
Хуучин хүү шинэ хүү болов
Юутай завшаан, юутай баяр!

Thursday, March 3, 2011

Бүр бурзайлгаж үйлчилнэ!

Ээ улаан туг. Нэг мэдсэн чинь цагаан сар өнгөрчихөж.

Ууц нийлүүлнэ
Цагаан сараар хэдхэн хоног хэрэглэсэн бараг шинэ шахуу ууцыг хямд үнээр хуушуурын гуанзны тосны хэрэгцээнд яаралтай нийлүүлж байна. /Яарахгүй бол үнэр орох гээд байгааг анхааруулъя/
БЗД-ийн өндөр настан А.Амарсайхан
Хаяг: Сэгс цагаан богд уул
Утас: 9900....

Оймсыг тэвш тэвшээр нь авна
Цагаан сарын бэлгэнд цугларсан хужаа оймс, цамцыг НЭГ тонныг нь НЭГ зуун төгрөгөөр авч байна. Өөрийн унаагаар очиж авъя.
Сэргэлэн сумын уурын зуух

Шинээр бооно
Олон хүний халаас дамжиж цаас нь муудсан чихрийг шинэ цаасаар боох үйлчилгээ явуулж байна.
“Ороомог” ХЭАА

Бурзайлгаж үйлчилнэ
Цагаан сараар өндөр настнуудын “бурзайсан” мөнгийг дараагийн цагаан сар хүртэл хоёроос гурав дахин өсгөж бүр бурзайлгаж үйлчилнэ.
“Бүр бурзай” хадгаламж зээлийн хоршоо

Эрэн сурвалжилна
Цагаан сарын үеэр айлд мартсан эд зүйлсийг эрэн сурвалжлах үйлчилгээг хөнгөн шуурхай хэрэглэгчдийн сэтгэл ханатал явуулж байна.
“Чоно” эрэн сурвалжлах алба

Өндөр шагналтай
Шинийн нэгний өглөө гэрээсээ зүгээ гаргахаар гарсан, улаан торгон дээлтэй, метр далан сантиметр өндөртэй, халамцуу эмээг харсан хүн 99-99 дугаарын утсаар мэдэгдэнэ үү? Өндөр шагналтай.

Жич: Зарын бодит үнэнийг би хариуцахгүй. УИХ, Засгийн газар бүр хариуцахгүй!

Wednesday, February 23, 2011

Боожгооны үзүүр дэх нүүр!

Бага ангид эцэг эхийн төлөөлөл мянгат малчин Балдан гуай ирж, нээлттэй хичээлд суув. Урнаа багш хүүхдүүдэд амьд жишээтэй бодлого бэлдсэн байв.
-Сумын заан Дорж цагт 5 сав жимс түүдэг. Бага эмч Мядаг цагт 3 сав жимс түүдэг. Тэд хоёулаа ой руу яваад 2 цаг жимс түүжээ. Нийт хэдэн сав жимс түүсэн бэ? гэж багш асуув. Хүүхдүүд 16 гэж зэрэг хариулав. Балдан гуай толгой сэгсрээд,
-Хн, ганц сав жимстэй ирвэл их юм! Донтой Доржийг дуртай Мядагтай эзгүй ойд оруулчихаад байхад яг жимс түүж харагдаач! гэж дүрсхийтэл уурлав гэнэ.

Африкийн дунд сургуульд зааны тугал, могойн зулзага хоёр нэг ангид сурдаг байв. Могойн зулзага нэг өдөр зааны тугалыг,
-Нүүрэн дээрээ боожгоотой! Еэ еэ бөөвөө, гэж шоолов. Зааны тугал эргэж хараад,
-Чи тэгвэл, боожгооны үзүүр дэх нүүр! гэжээ.

Tuesday, February 22, 2011

Энтертайнментийн эрэлд GOGO

Г.Амартүвшин
Бурхан хүний ертөнцийг бүтээхдээ хэрэгцээ гэдэг дээр нь хязгааргүй гэх тодорхойлолт хийсэн гэдэг. Материаллагийг нь ч яах вэ, ингэсгээд орхичиход нэг өдөр болох л байлгүй гэж бодох юм. Харин оюуны хэрэгцээг тоочихоор ёстой л шуналын шулам нь мөрөн дээр суучихаад тархи амраахгүй нь сонин.



Гудамжаар алхахад хүн бүр л бодлого боловсруулж, эсвэл улстөржсөн байдалтай алхах болж. Би ч ялгаагүй дээ, ажил руугаа орж ирмэгц нөгөө уул уурхайн салбараар юу болж байна, шинэ мэдээлэл гарч уу гээд л. Үгүй бол Сангийн яам цоорхой төсвөө яаж нөхөх гэж байгаа бол, удахгүй хувьцаа эзэмшигч болно, яавал дээр вэ гэхчилэн бас л чухал царайлж эхэлдэг. Өглөөнөөс үдэш хүртэл шүү. Хэдийгээр хийх ёстой ажил ч гэсэн хааяа ч болов тархиа сэргээж, дуртай дуугаа сонсох юм уу, блогчдын нийтлэлийг уншдаг. Гэхдээ дунд сургуульд байхдаа англи хэл заалгаж байсан минь яамай даа. Хэрвээ бага зэрэг гадарладаггүй байсан бол гадаад сайтууд ухаад ч нэмэргүй. Гэтэл тархиа сэргээхээс гадна гоо сайхны таашаал авмаар байдаг. Тэр болгон ном худалдаж авах боломжгүй байтал юм уншмаар болоод. Байгаль дэлхий гэдэг хязгааргүй ертөнцийн сонин хачнаас судлах дуртай ч, үсрээд л Google-ийг ашиглахаас хэтрэхгүй. Хүний ганц дутагдал нь мэдээллээр цангахыг ёстой нэг тэвчихгүй дээ. Гэхдээ болоогүй ээ, аль болох нэг дороос өөрийгөө зовоолгүй, бүхнийг мэдээд, дуртай дуунуудаа дарааллаад нэг сүлжээнээс сонсчих санаатай, даврахыг нь яана. Өөрөөр хэлбэл манайд энтертайнментийг жинхэнэ утгаар нь харуулсан, ийм сонирхолтой хүмүүсийг нэгтгэчихээр зүйл дутагдаад байсан юм. Гэхдээ энэ нь шар мэдээлэл биш. Энтертайнмент гэдэг нь их өргөн агуулгатай, тайлбар хийе гэвэл багагүй цаг зарцуулах тул хамгийн энгийнээр хүмүүс чөлөөт цаг гарвал, эсвэл сөрөг энергиэс гарахын тулд таашаал авдаг ямар нэгэн зүйлээ хийх гэж ойлгож болно. Манайхан үүнийг ихэнхдээ хэн нэгэн одын хувийн амьдрал, сенсааци тарьсан үйлдэл мэтээр ойлгодог. Энэ нь энтертайнментийн нэг хэсэг хэдий ч, мэдлэг боловсрол, хүмүүжил ухамсар, сэтгэлзүйд нөлөөлдөг эерэг зүйлсийг нь тэр бүр нийтэд хүргэдэггүй аж.
3D киног яах вэ, үзэхээрээ л нэг болсон. Ёстой сонирхолтой эд дээ. Харин олон хэмжээст зургийг сонин сэтгүүл дээрээс үзэж байсан ч, хамгийн шилдгүүдийг нь нэг дороос харсан удаагүй. Харин саяхан waw.gogo.mn-ээс харлаа. Улаанбаатарын аль нэг томоохон гудамжинд ийм бүтээл байвал хэн ч байсан явах замаасаа хазайж, заавал дээгүүр нь алхах байсан даа. Зүгээр л цахим хуудаснаас харахад толгой эргэж, хөл алдмаар юм шиг санагдаж байгаа юм чинь, бодитоор нь үзвэл ёстой янзтай байх аа. Манайхан үүнийг сонирхох хэрэгтэй. Хэрвээ үүнийг зөв таниулж, урлаг гэдэг талаас нь ойлгуулж чадвал орон сууцны хана туурган дээр элдэв зүйл сараачин, хамаа замбараагүй будаг цацдаг залуус нийлж байгаад Энхтайваны талбайд маш гоё 3D бүтээл туурвиж ч магадгүй юм. Тэгээд баар, пабад суухаас өөр хийх юмгүй гэж адлуулдаг залуус тэнд очиж сонирхож байг.
Трапецан өмдөөр гангарч, гитар дарсан шигээ “Улаанбаатарын үдэш”-ийг аялдаг байсан 70-80-аад оны “орцны найзууд” алтан үеэ дурсахын тулд “River Sound”, “Эргэн дурсахуй”-д орохоос өөр цугларах газар манайд тэр бүр байхгүй. Тэр үеийн бэлгэ тэмдэг болж байсан “Smokie”, Эдит Пиаф, “Modern Talking” эсвэл Сан Ремогийн “ориг” бичлэгүүд одоо олдоно гэвэл, бараг бүтэхгүй дээ. Гэхдээ youtube.com-оос үзэж болох ч, хурд багатай интернеттэй бол хүлээхийн зовлон гэж нэг юм бий. Тэгээд ч чанартайг нь олох гэсээр байтал овоо ажил өрнөнө. Харин waw.gogo.mn-д үүнийг эцсийн бүтээгдэхүүн болгож оруулсан байна лээ. Дуу, дүрсний гаралт нь ч ярих юмгүй сайн.
Гэрэл зураг гэдгийг урлаг талаас нь аваад үзвэл маш нарийн мэдрэмж шаардсан, сонирхолтой зүйл. Аппарат бариад дахин давтагдахгүй агшныг буулгахаар хичээдэг сонирхогч олон бий. Зарим нь олон жил зураг дарсаар мэргэжилтнүүдээс дутахгүй болсон байдаг ч, дөнгөж сонирхож эхлээд, өчигдөрхөн аппарат хэргэслээ авсан нэгэн ч байна. Гэтэл объект сонгох мэдрэмжтэй хэрнээ техникийн туршлага дутуу бол хүндрэлтэй. Хэрэв тийм бол waw.gogo-ийн электрон номын санд ороод үзэхэд илүүдэхгүй.
Амьдрал жижигхэн ч сонирхолтой, хөгжилтэй, гэм хоргүй зүйлээр дүүрэн байвал илүү хялбар, стрессгүй үргэлжилнэ. Байрныхаа ханыг зочиндоо биш өөртөө зориулан чимэглэж, ядруухан орцтой ч саламгүй амттай хоол хийгээд л, эсвэл бүр базаад шидсэн цаас хүртэл хөлбөмбөг шиг харагдахаар байвал ямар вэ. Мөрөн дээрх бөндгөр дотор уг нь гайхалтай шийдлүүд байнга төрж, хөгжиж байдаг ч дэндүү давчуу нийгмээс биш хэтэрхий завгүй зуршлаас болж нээж гаргаагүй юм байна гэдгийг сая л ойлголоо. Гэхдээ нэг зүйлийг зөвлөхөд заавал өөрөө өөрийгөө нээх гэж бясалгаад байлгүй хааяа бас “будаа идэх” хэрэгтэй байх. Тэгээд ч шинийг сэдэж, бүтээж туурвих чинь үнэн чанартаа бусдын төлөө л байдаг юм.
Ингээд бодохоор энтертайнмент гэдэг зүйл даанч өргөн утгатай байгаа биз. Тэгвэл манайд анх удаа энтертайнментийн их дэлгүүр үүд хаалгаа нээж байна. Худалдан авагч, хэрэглэгчид энэхүү дэлгүүрээс хүссэн үйлчилгээгээ, тодруулбал мэдээллээ үнэгүй авах боломжтой. Ертөнцийг өөдрөгөөр харж, гоозүйн боловсрол эзэмшиж, таашаал аван, ертөнцийг таньж мэдэхийг хүссэн бүх насныхан waw.gogo.mn гэх энтертайнментийн их дэлгүүрт нэвтэрч болох нь ээ.

Thursday, February 17, 2011

Хайр аа, гэж

Валентин ламтны баярын өдөр ёс алдаж архины онигоо гаргасандаа хүлцэл өчөөд ийм нэг зүйлийг нийтэлж байна. Юнителийн дизайнер Ийдоо гэдэг залуугийн бүтээл шүү. Хөөрхөн санагдаад.

Monday, February 14, 2011

Архи аа, гэж

Нэг нөхөр архиджээ. Туугаад байж, туугаад л байж. Нэг мэдтэл хөл дээрээ ч зогсож чадахаа болив. "Миний хэмжээ хэтэрчээ, гэртээ харья" гэж бодов гэнэ. Баарнаас гарах санаатай алхах гэсэн чинь яагаад ч хөл дээрээ тогтдоггүй! Дүүрсэн хэрэг гээд мөлхөв. Жаахан мөлхөж байгаад дахиад л өндийх гэж үзтэл буцаад л уначихлаа гэнэ. Мөлхөөд байж, мөлхөөд байж. Арайхийж гэртээ ирээд авгайдаа баригдахгүйн тулд сэмхэн хувцсаа тайлаад унтжээ. Өглөө нь авгай нь сэгсэрч сэрээгээд,
-Өмхий гуйлгачин чинь ахиад л ногоороо юу? Битгий уу, гэж хэд хэлдэг юм бэ, чамд! гэж чарлав. "Шөнө ирэхдээ огт хар авахуулаагүй л юмсан. Шулам чинь хаанаасаа мэдчихэв ээ" гэж нөхөр бодоод,
-Би уугаагүй ээ. Чамд хэн хэлээв? гэж гүрийв.
-Баарнаас утасдаж байна, ногоон оо! Чи тэнд дахиад л тахир дутуугийн тэргэнцрээ мартсан байна гэж эхнэр нь чарлалаа гэнэ.

Шөнө дунд. Нэгэн эр гэртээ шал согтуу ирэв гэнэ.
-Хөөе эхнээр. Хүүе гэм! гэж хашгирав. Чимээ алга.
-Хөөе хүүр ээ! Би дахиад л уучихлаа. Харааж зүхээд өгөөч! гэж дахин хашгирав. Эхнэрийн тэвчээр барагдаад,
-Өмхий ногоон минь, хол очоод үхэж далдраач!
-Ээ ашгүй дээ. Ор наана чинь байгаа юм уу? Хөгшин чинь ороо хайгаад олдоггүй ээ. Ойртохоор дахиад нэг хараагаад орхиорой, орны толгой мөргөчихнө шүү!

Monday, January 31, 2011

Зурагт ном

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр ийм нэгэн гарын авлагыг зурагт өгүүллэг хэлбэртэй хийлээ. Хөдөөгийн олон түмэнд зориулагдсан болой. /Хэсгээс нь нийтэллээ/







 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates