Showing posts with label Хөрөг. Show all posts
Showing posts with label Хөрөг. Show all posts

Thursday, September 4, 2014

ТАТАХ ХҮЧ


/хөрөг дурсамж/
Цэднээ ахындаа очно
Чанга орилон уйлах хүүг ээж нь өглөө бүр тэвэрсээр, аймгийн төвийг хөндлөн туулдаг байлаа. Нэгдэл дундын үйлдвэрийн арын хашаанаас гарч, хойд хорооллын өмнөх айхтар том жалгыг гаталж, Алтай чуулгын өмнүүр өнгөрч, хоёрдугаар сургуулийн өмнөх цэцэрлэгт хүрэх бүхий л замын турш “Цэцэрлэгт явахгүй! Цэднээ ахындаа очно оо!” гэх хүүгийн чанга дуу хадна.    
-Сайндаа л долоо хоног уйлна биз. Сурчихдаг юм гэж багш нар нь хэлнэ. Гэвч хүү замын турш өнөөх л үгээ давтан уйлсаар л. Сар шахам чарласны эцэст арайхийж дуугүй явдаг болсон гэдэг. Цэднээ гэдэг бол хүүгийн эцэг Алтангэрэлийн төрсөн ах. Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн тэргүүний адуучин, Аймгийн аварга Цогтын Цэднээ гэгдэж, мандаж явсан сайн малчин.  
-Миний буурал ээж тэнгэрт гарчихсан. Тэгээд л би цэцэрлэгт явж байгаа юм! гэж цэцэрлэгтээ нилээн дасаж, цагааширсан хойноо хүү ярьж, багшийгаа уйлуулж байж. Хүүг гурван нас хүртэл нь харж, эрхлүүлсэн буурал ээж бол Мулзгар гэдэг хөгшин байлаа. Өндөр Бэгз гэж Баян Ааргийнхан цоллодог, Гүн худгийн хойхно Тогтын салаанд өвөлждөг, зундаа Цавын худаг руу бууж зусдаг хүн бол эрх хүүгийн өвөг эцэг нь.  
Дөрөвхөн настай хүүг Баян-Уул руу юу тэгтлээ татдаг байсан юм бол оо? Ухаан ороогүй, юугаа ч мэдэхгүй нялх амьтан шүү дээ. Үүнийг бодох бүртээ би гайхдаг. Дөчин тав хүрсэн хойноо л учрыг бага сага ухаарахтайгаа болж явна.           

Айсан ч зүтгээстэй
Дөнгөж ухаан ормор аядаж байхдаа Цэднээ ахындаа очоод, үнхэлцгээ хагартал айсан минь санаанд тодхон үлджээ. Хавар оройхон аав минь сааралдуу өнгөтэй “Иж Планета-2” мотоциклтой байснаа унаад, намайг өмнүүрээ суулгаад Баян-Уул нутгаа зорьсон хэрэг. Замдаа бөхөнтэй таарч, араас нь хэсэг давхихад, “Бариад авъя л даа, аав аа!” гэж хашгирч их л зугаатай явсаар ахынд хүрч билээ. Миний ой ухаанд үлдэж хоцорсон хамар толгойг эргээд төсөөлөхөөр авгынх Хоёр худагт хаваржиж байсан юм уу даа гэж санагддаг.
Маргааш өглөө нь сэрээд хартал гэрт хэн ч байдаггүй. Сандран хувцаслаад шагайвал ойр хавь амьд амьтан алга. Дотор бачуураад нулимс урсахдаа тултал тээр хол аавын мотоцикл байгаа нь танигдав. Тэнд худаг байдгийг өчигдөр мэдсэн болохоор тийш гүйчихлээ. Ойртож явтал баахан үхэр өмнөөс гараад ирэх нь тэр. Шорон эвэр шөвөлзөөд л, дүрлийсэн том нүд ууртай эргэлдээд л. Яах аргагүй намайг идэх нь ээ!
Уйлж эхэллээ. Өглөө бүр аймгийг цочоодог байсан шигээ чангаар чарлаж байтал ахынтай айл аж төрдөг Буурал Жүүжээ ирж, “үхэрт идүүлэхээс” аварлаа. Тэр хөгшин толгойгоо сэгсрэн доогтой инээгээд,
-Малаас айдаг хөгийн ч хүн бол доо гэж билээ.
Төд удалгүй зун боллоо. Цэцэг ургаж, цэцэрлэг амарлаа. Үхрээс үнхэлцгээ хагартлаа айж байсан өнөөх хүн чинь “Аав аа, Баян-Уул руу Цэднээ ахындаа очъё л доо” гэж шалгааж эхэлсэн юмдаг.       

Морь унаж чадна
Сумын наадмыг морьтой үзэх сайхан. Худалдаа бэлтгэлийн ангийн ня-бо Лхагваа гуай улаан тугаа жишүүдүүхэн бариад, эмээл дээрээ хазгайдуухан суугаад, бор морио бөмбөлзтөл жороолуулсаар хурдан морь гаргана. Ямар ч гоё морь, яасан ч гоё хүн байсан юм. Хүмүүс хэний ямар хүлэг өнгөтэй байгааг шинжих гэж мэлмий чилээж байхад, би Лхагваа гуайг л ширтэж нүдээ баясгадаг байж.
Наадамд ирсэн хүн байна даа, гуанзанд орж будаатай хуурга амтлана. Сумын төвийн айлуудаар морьтой хэсэх догь. Доржсүрэн Агаагийн хашаанд хэзээ язааны малчин хүн шиг ган дөрөөгөө ханхийлгэн бууж, морио уян зогсоно.
-Энэ Амарыг ээ. Чөдрөө уруу нь харуулаад ганзагалж байснаа бодвол унаанд сүрхий болчихож! гэж Агаагийн аав Манжуулыг хэлэхэд тэнгэрт дахиад нэг нар мандчих шиг болно. Эв хавгүй хөдлөхийг минь харсаар үзсээр байсан ч урам өгөх гэсэндээ тийн хэлсэн нь мэдээж. Хөдөө маягаар цай шоржигнуулан оочих зуураа Янжмаа эгчид “Хавчиг хавийн ногоо сонин байсан юмсан, ойрдоо хатах шинжтэй” гэж томчуудын үгийг зээлдэн хээв нэг ярина.
Ахын Түмэннасан, Агаагийн Атарбаян, Нааяагийн Отгон, Цагааны Мөнхөө гээд үеийн хүүхдүүд бүгдээрээ хурдан морь унана. Би л ганцаараа ийм эрхгүй. Цүнцгэр хүрэн мориныхоо амыг татан, атаархан харсаар хоцорно. Дөрөвдүгээр анги төгссөн жил хүрэн морьтойгоо наадмын талбайгаар энэ тэрийг шохоорхон, сэлгүүцэж байтал адуучин Шар хэмээх Дашбалжир ах намайг дуудлаа. Хурдны морь хөтөлчихсөн, нилээн тэвдсэн байртай харагдана. Намайг Алтангэрэлийн хүү гэж таньж байгаа шинж огт үгүй.
-Хурдан морь унаж чаддаг уу? гэж асууж байна.
-Чадна... гэж зориг муутай хэлээд тавьчихлаа. Намайг хөлдөж мордуулах гэхээр нь өөрөө ганцхан үсрээд л тээгээд мордчихлоо. Адуучны эргэлзсэн харц нь өөрчлөгдөөд, тоосон шинжтэй болчихлоо. Миний ганц гарамгай зүйл ямар ч өндөр моринд тээж мордох. Төвийн хүүхэд болохоор биеийн тамирт эвсэлтэй, савлуурт овоо хэд суниадаг, үсрэлт сайтай учраас тэр. Хурдан морь зайдлаад хөдөлдгийн даваан дээр “Хүүе!” гэх Цэднээ ахын дуу ард гарлаа.
-Наадах чинь аймгийн хүүхэд! Яаж чаддаг юм..! гэхэд, морины хүүхэд олдохгүй сандарч явсан адуучин Шар,
-Өөрөө чадна л гэсэн шүү дээ! гээд морио унуулчих санаатай зүтгээд байсныг эргэн санахад инээдтэй. Авгатай тааралдаагүй юм гэхэд би гараан дээр сугарч үлдээд, хурдан хээр мориор нь биш эмнэлгийн бор тэргээр давхиж ирэх байсан нь мэдээж. Ингэж л би Дашбалжир ахын хурдан мориор тоглох шахсан удаатай.  
Сумын төвийн айлд морьтой бууж, догь хүн болсноо харуулах гэсэндээ, хурдны морьдоо хэлхэж хөтөлсөн нутгийн хөглөгөр хөх ах нартай дөрөө харшуулан хатируулах гэсэндээ, хурсан олны хамрын самсаа шархируулан барианд орох хөрслөг бор хөвгүүдийг биширч, өөрийгөө тийм болсноор төсөөлөн мөрөөдөх гэсэндээ би өвөг дээдсийн нутаг руу тэгтлээ зүтгэдэг байсан болов уу.

Амттай яриа
Авга ахынд зочин ирэхгүй өдөр гэж үгүй. Адуугаа Цахирын араас оллоо, ангид ноосоо тушаачихлаа гэлцээд, Хамтын хүчийнхэн бууж мордоно. Алтангадас, Хүйсийн говиос ч хүн ирнэ. Бэргэн эгч Баасанжав будаатай цайгаа аягалж, шимийн архиа сөгнөж, зочдоо дайлна. Аймгийн хүүхэд миний хувьд ирсэн хүн болгон нэгэн шинэ ном гэсэн үг. Буурал Жүүжээ, Гүнсэн Бамба, Дампил Ааниа, Юндэн Гөөгөө, Цээсүрэн Манжаа, Түвдэнням Өмбөө гэх нэрнүүд нь содон агаад сонсголонтой.   
Цагаан Жаажаа улаан тамхиа сонингийн цаасанд төө илүү урт ороон татаж суух нь гойд сонин төрх болон нүдэнд тусна. Урт тамхит Жаажаа, “Уржигдрын бороо Улаан тээгт овоо сайн цохьсон. Гурван хуруу чийгтэй болсон” гэж ярингаа урт тамхиа улалзуулан сорно. Ус чийгийг хуруу гээд байдаг нь ямар учиртай юм бол оо? гэж хорооны би гайхна. Бодоод учрыг нь олохгүй. Тэсгэлгүй Түмэннасангаас асууж, шоолуулж байж мэдэж авна.
Чантуу ах жижигхэн нүдээ улам онийлгон инээж, хүн явуулахдаа гаргууд. “Идэр хорьд гаргаад хонио хайчилдаг юм билүү дээ, яадаг юм билээ дээ? гээд л сууж байна” хэмээх нь яг л Идэр Ааниа. Цэднээ ах мөчөөгөө өгөхгүй. Өмнөөс нь Дампил Ааниагийн хоолой төрхийг элэглэн үзүүлж, Ганганы худгийн сониныг хуучилна. Дуугарах, нүд амаа хөдөлгөх нь аргагүй адилхан. Нацаг Нааяа бас л хамраараа дуугаран, хүн дуурайж ярихдаа гаргууд. “Эдний аав нь ногоон мотоциклоо унаад л. Намын давааны тарвага гүй мөн сайхан болжээ гээд ороод ирэх болж байгаа даа” гэж аавын минь дуу хоолойгоор ярина. Гэрээ саначихсан би аавыгаа нээрээ ирчих ч юм болов уу гэж горьдоно.
Нутгийн зоны амар амгалан, өөдрөг сайхан хууч яриа нь сэтгэлийг ер бусын соньхон мэдрэмжээр хөглөж, монгол амьдралын эгэлгүй содон хэмнэлийг бяцхан тархинд минь нэвчээдэг байж дээ. Ирсэн явсан хүмүүсийн яриаг сонсоод л, хонон өнжин суумаар санагддаг байж. Зуны амралтаа эхлэнгүүт ээжийн өгсөн ууттай чихрийг, эртүүд ахынхаас сүүтэй ирсэн саванд хийж таглаад, Баян-Уул явах замын унаанд сууна гэж зүтгэдэг байсны бас нэгэн учир энэ юм уу.

Номхон морь
Баян Ааргийнхаа бор толгодын дундуур цогиулж явах гэдэг миний хувьд тэнгэрийн мэдрэмж. Үргэж бусгаад байхгүй номхон, хүүхдэд ноолуулаад сурчихсан цүдгэр хээр морьд л надад оногдоно. Тэглээ гээд голохгүй дөрөөн дээрээ бөгтийн босч, байдаг чадлаараа ороолгон, салхи шуугитал цогиулна. Ингэж явахдаа Эрийн сайн Хан Харангуй баатар болоод, үүлтэй тэнгэрийн доогуур үзүүртэй модны дээгүүр дүүлэн нисч яваа юм шиг баярлаж бахдана.
Аавын нагац Нямаа ахынх айл саахалт бол сайхан. Адуунд нь аавын цагаан морь явдаг болохоор тэднийх рүү гүйж очоод, Нямаа ах, Анжаа хоёрт,
-Цагаан морио унамаар байна! гэж зориг гарган хэлнэ.
-Айхтар ам хатуутай. Чамайг аваад нисчихнэ! гээд Чулуунбаатар ах халгаахгүй. Номхон зээрд морио надад ноолуулна. Цагаан морь ялаархан тургилж, хөлөө цавчлаад л тэнгэрийн хүлэг шиг харагддаг байж. Хоёр жилийн дараа унаанд арай дөнгүүр болсны шан хүртэж, цагаан морио унадаг болж билээ. Цэднээ ах намайг очихоор Цагаан мэнгэт, Ойдовын хээр гэх аль номхон морьдоо барина.
-Энэ золиг морин дээр байдгаараа бөхийчих юм. Унаа унаж сурахгүй ээ! гээд толгой сэгсэрнэ. Юндэн Ажаагаас авсан гэдэг хонь шиг номхон хүрэн морь бас миний унаа болсон. Тэгнээд явж байсан шуудай аргал ойчиход үргэх ч үгүй. Уруу газар хамаагүй давхиад, хүзүү рүү нь эмээлтэйгээ ойчиход эргэж хараад, намайг хүлээх мэт зогсож л байна. Харин тав зургадугаар ангид ороод, чөдөртэй морь дөхүүлээд ирэх дайны болоход минь Шархүүгийн хээр, Бор үрээ гээд хөнгөн хөлтэй, амаа булаан ухасхийсэн сүрхий морьдыг “жолоодох эрх” өгсөн юмдаг.
Ярдаг хашин аашгүй, эзнээ хаа ч явгалахгүй, сэтгэл сайтай хүн шиг түшигтэй номхон морьд нь намайг татсан учраас л гэрээ саначихсан хэрнээ Баян-Уулдаа хоргоддог байсан юм болов уу даа.      
   
Урсгал сөрсөн ухаан
Сэтгүүлч хүн болохоор олон аймгаар явж, мянгат малчин олон айлд зочилж үзжээ. Бүгдээрээ л үйтэн хуараар өөрийгөө өвч хулдсан, эрээн цоохор хүмүүс байх. Гэр нь ч бас нүд эрээлжлэм цоохор. Мянгат малчдын жишиг болсон моодны урсгал гэлтэй. Харин Баян-Уул сумын Баянхайрхан багийн мянгат малчин Цэднээ ах минь тэр моодны урсгалыг дагадаггүй сөрдөг хүн. Өмссөн дээл нь хар хүрэн, улаан хүрэн дагнасан өнгөтэй. Өргөө гэр нь бас эгэл даруухан. Эдийг шинжихдээ гоё сайхныг нь биш, эдэлгээ даах бөхийг нь харна.  
“Хувцсыг гоёх гэж биш жавар сөрөх гэж өмсдөг. Гэрийг хүний нүд хужирлах гэж биш тухтай аж төрөх гэж барьдаг” гэж авга ах минь хэлдэг. Нэг өвөл говийн аймагт болох уулзалтад буудаггүй булга, түрэг нэхий хүрмээр гангарч гараад, энэ үгийн үнэ цэнийг голдоо ортол ойлгож билээ. Хурд хүчний гайхамшиг гэгддэг албаны жийп цасанд сууж унтраад, осгохын даваан дээр айлын бараа харсан. Говийн малчныд авга ахынх шиг даруухан орос даавуу гадартай сэгсүүргэн дээлэнд хулдуулаад, чичирч суухдаа авгын үгийг чихээрээ биш яс махаараа сонссон.       
Цэднээ ахын адууны зүс хүртэл даруухан. Хээр голдуу. Зүсний сайханд хууртаж цоохор, алаг, халиун морьд цуглуулдгийг таашаахгүй. “Хоёр хоногийн унаар даах хүчгүй, хорь дотор давхих хурдгүй согоо шиг гоё амьтнаар юугаа хийхэв” гэж ёжтой хэлнэ. Гоё мориор гангардаг моодны урсгалыг бас л сөрж байгаа нь тэр.
Нэгдэл малчиддаа унааны морь олгоход авга ах хэдэн зуун адууны дундаас гоё морь шилэхийн оронд шар үсээ ч хаяж чадаагүй, хазгай сүүлтэй, номхон үрээ сонгосон. “Нэгдлийн түмэн адуунаас очиж очиж ийм ч юм олж харах гэж!” хэмээн зарим нэг нь шоолж байлаа. Тэгтэл өнөөх шар үстэй үрээ нь сумандаа хоёр жил дараалан түрүүлж, Цэднээгийн Хондон гэх зартай хүлэг болсон.
Цэднээ ах минь ийм л хүн. Аливааг бусдаас өөр нүдээр хардаг, амьдралд өөр ухаанаар ханддаг эгэл малчин. Авга ахын минь урсгал сөрсөн ухаан, алдрай жаалхан намайг Баян Богдын өврийн хадархаг бор толгод руу тэгтлээ соронздон татдаг байсан юм болов уу.

Татах хүч
Зуны амралт эхлэнгүүт л зүрх хөөрч тогтож ядан, авч нисдэг морь шиг л аавынхаа нутаг руу тэмүүлнэ. Очихоороо бэтгэртлээ гэрээ санадаг хэрнээ л авгынх руу явах гэж учиргүй дурлана. “Хэд хоногоос Даваасүрэн ах чинь Баян-Уул явна. Тэгэхээр нь шууд Цэднээ ахындаа хүргүүл” гэж аав гуйгаад нэмэргүй, замын тэргэнд суугаад алга болно. Авга ахын хүүхдүүд “Амар ирлээ” гэж баярлаад л, хөгшин ээж минь “Иш хөөлхий дөө” гэж үнсээд угтдагсан.    
Дамдинбазар ахынхаас хонь туух гээд, үеэл Түмэннасантай хамт Жүүжээгийн танк зээрд, хүрэн морь хоёрыг унан Баян Богдоо давж үзсэн минь санаанаас гардаггүй. Өгсөх тусам Шарга, Хүйсийн говь далай шиг цэлэлзэн зэрэглээтээд, Сутай Хайрхан нүүрэн дээр юм шиг ойрхон цэнхэртсэн. Явсаар оройд гарахад таван аймаг, тавин сумын нутаг алган дээр тавьсан мэт тодрон харагдах нь гайхамшиг байсан. Хараа тэлж ухаан уужрах шиг л болж билээ. Нутгийн Хайрханы оройд төрсөн тэр тэнгэрлиг мэдрэмж насан туршид намайг хөтөлсөн.
Ухаан ороогүй хэрнээ “Цэцэрлэгт явахгүй. Цэднээ ахындаа очно!” гэж цамнаж, өвөг дээдсийн нутаг руу татагддаг байсныхаа учрыг би тайлсан. Баян Богд Хайрхан минь намайг хардаг, Баян Ааргийн хүрэн хөх чулууд нь сэтгэл соронзоддог, бахим хүчирхэг хөлтэй номхон хүрэн морь тархинд үүрсдэг болохоор би Баян-Уулдаа тэмүүлдэг байж. Онигор бор нүднээс нь ухаан уугисан хөх өвгөд минь хүүгээ хүлээдэг учраас тэгтлээ догдлон яардаг байж.

Зургийн тайлбар: Авга ах Ц.Цэднээ, түүний гэргий Б.Баасанжав

А.АМАРСАЙХАН

Улаанбаатар 2014

Wednesday, May 12, 2010

ХӨШӨӨ ЭЭЖ

Хүмүүн цадиг цувралаас
/хөрөг/
Хөшөө ээж гэхийг анх сонсоод мэл гайхдаг байж билээ. Авга ахын хүүхдүүд бүгдээрээ хөгшин ээжийг тэгж дуудна. Би чихэндээ итгэхгүй дахин лавлан чагнана. Яахын аргагүй хөшөө ээж л гээд байна.
Хөгшин ээж урд хойд хормой нь элэгдэн сэмэрч, түмэн өнгийн нөхөөс тавьсан хүрэн даалимбан тэрлэгнээс салахгүй. Монгол бахиал хэмээн хөдөөгийнхөн нэрлэдэг арзгар ултай цэрэг хар гутлыг, тэр-рр тар-рр хийлгэн чирч, эв хавгүй алхана. Энд тэндээ нугалаа гарч, түрий нь эргэсэн тэр гутал нь онгож гандаад, хог дээр хаясан гутлаас ялгаагүй харагдана. Үхрийн баас, айраг цагаа наалдан хатсан түүнийгээ хөгшин ээж хэзээ ч арчиж тосолж үзээгүй. Арчаад тослоод өгье гэвэл “Бүл гэм” хэмээн үнэн голоосоо уурлаж, шувт татан авдаг. “Боль гэм” гэхийг тийнхүү яагаад ч юм “бүл гэм” гэж хэлнэ.


Намайг дөрөвдүгээр анги төгссөн жил авга ахынх Илийн Хүнхэрт зусахаар буулаа. Таван бээрийн цаана сумын төвийн ёотон цагаан, цэнхэр, ягаан барилгууд тоглоомын юм шиг жижгэрч, өнгө сүлэлдэн харагдах энэ зуслангаас айлууд сүүгээ зөөж тушаадаг байсан юм. Шинэ нутагт буугаад хоёр гурав хоноод байтал хөгшин ээж саахалтынх руу айлчин хийх боллоо. Бэргэн шинээр оёсон торгон дээл, цоо шинэ цагаан ултай савхин гутлыг хөгшин ээжид өмсүүлэх гээд ядчихлаа. Гуйж үзлээ, загнаж зандарч үзлээ. Цаадах нь буруу ишилсэн сүх мэт зөрүүдэлж, өөрийн дээлээ нэхнэ. Авга ах хөмсгөө зангидсан сууна. Бэргэний тэвчээр барагдаж,
-Муу ёр байгаа даа, гээд нулимсаа арчлаа. Гомдохоос ч биш яахав дээ. Далан хэдтэй хөгшин буурай хадам ээждээ олигтой хувцас өмсүүлдэггүй гэж нутаг усныхан хэнийг муу хэлэх вэ, мэдээж бэргэнийг л муулж таарна шүү дээ. Авга ах харин,
-Өөрөө мэдэг ээ. Тэр бахиал даалимбан тэрлэгийг нь гаргаад өг гээд цайгаа оочиллоо. Авга ахын том охин Гангаа баруун талын улаан авдраа дахин уудалж, шинэвтэр улаан даалимбан тэрлэг, ганц хоёр л өмссөнөөс хэтрээгүй бололтой тас хар бахиал гутлыг гаргаж ирэхэд хөгшийн ээжийн санаа амарч, өнөөхийг өмсөөд, тэр-рр тар-рр хийтэл алхсаар айл руу явсан даа, хөөрхий.
Тэр өдрийн маргаан үүгээр дууссангүй. Тамтаг болтлоо элэгдсэн дээл, хаях цаг нь хэдийнэ болсон бахиал гутлыг яаж ээждээ өмсүүлээд байх вэ илүү гэрт оруулж, бараан доогуур нуулаа. Саахалт Нацаг Нааяагийнд гийчин хийгээд буцаж ирсэн хөгшин ээж, хүүхдүүдэд чихрийн хувь тараагаад их л урамтай байна.
-Одоо наад шинэ дээл гутлаа өмс. Хуучин чинь хаяхаас өөр аргагүй болсон гэж учирлалаа. Авга ч хэдэн удаа хэллээ, бэргэн ч зөөлөн дуугарч эвтэйхэн гуйлаа. Гэвч хөгшин ээж тэс зөрүүдэлсээр. Сүүлдээ енгэнэтэл уйлж эхлэхэд нь миний сэтгэл хиртхийж, дотор харанхуйлж билээ.
-Аль гэм, тэр дээл гутлыг минь! Та нар яахаараа хүний үгэнд ордоггүй юм? Миний үгийг сонсдог хүн гэж байна уу? гээд л уйлсаар байлаа.
Яаж хэлээд ч ойлгохгүй өөрийнхөөрөө зүтгэх далан зургаатай ээждээ бэргэн бууж өгөхөөс өөр арга байсангүй. Орой болоход хөгшин ээж өнөөх л нөхөөс болсон тэрлэгний тамтаг, гандсан гутлын оронцогтойгоо тугал зэллэж зогссон юм. Тугал гэхээс авгын хэдэн тугал биднийг харахаараа ороолж чавхдаад, яагаад ч ойртуулахгүй. Харин хөгшин ээж,
-Өөв, өөв, хэмээн зөөлөн дуугарч, наанаас нь гутлаа чирэн алгуур ойртоход бараг л хүзүүгээ өгөх нь холгүй хөдөлгөөнгүй зогсож байгаад баригдаж, зэлнээ чагтлуулна.
Үүрээр төмөр хувин хүрд хүрдхийтэл дуугаран үнээ сааж эхлэх чимээ зэлнээс сонсогдоно. “Татаарай... Тавиарай!” гэж бэргэн хааяа чанга хэлнэ. Хөгшин ээж гутлаа тэр-рр тар-рр хийтэл чирэн, тугалаа татаж зогсдогсон. Үнээ саасны дараа зэлээ цэвэрлэж, үхрийн нойтон баас зөөж хатаана. Тэгээд хам хум унд уув уу, үгүй юу араг үүрч савар бариад, хэдэн тугалаа тавьж туугаад гарч одно. Араг дүүрэн аргал түүгээд тэр-рр тар-рр хийтэл алхсаар ирдэгсэн.
-Та бие амар сууж байгаач. Хүүхдүүд зэл цэвэрлээд, аргалаа түүчихнэ гэж бэргэн яаж хэлээд ч үгэнд орохгүй. Сурсан ажлаа хийсээр.
Долоо төгссөн жил хөгшин ээжийн тэнхээ муудсан юм байлгүй ус үүрч, аргал буулгахдаа биднээр туслуулдаг болсон юмдаг. Боль гээд байхад зөрүүдэлсээр хоёр арвын сав үүрэн худаг руу ирнэ. Ангидаа овоо чадалтайд тооцогддог би, авгын нэг ах хүү Түмэннасантай дамжилдан чүү чаамай өргөж өнөөх хоёр сав усыг нь үүрүүлнэ. Харин хөгшин ээж тэр хүнд усандаа түүртсэн шинжгүй, аанай л тэр-рр тар-рр хийтэл гутлаа чирэн алхсаар худгийн хойд дэнжээр давж оддогсон.
-Молцийхоор хоёр дөчит ус ганзагалаад ирсээн. Та боль гэж авга өдөр болгон гуйна. Хөгшин ээж тэс зөрүүдлэнэ.
Юмны учир ойлгох болсон гэж намайг тоож, бэргэн хууч хөөрнө. Хөгшин ээж зуухны баруун талд байх, өөрийн өмчний хуучин яйжиг сандалдаа суугаад, эмтэрхий шаазан аягандаа өрөмтэй дэвтээсэн боов идэж сууна. Чих хатуу тул бид хоёр юуны тухай яриад байгааг сонсохгүй, “Хөөлхий дөө, энэ мөн том болж байна шүү” хэмээн над руу харж нуухтсан нүдээрээ инээнэ.
-Хөгшин ээжид чинь ядахдаа аягыг нь солиод өгчихье гэхээр заавал аль эмтэрхий муу аяганд ууна гэж зүтгэх юм. Хадам эхээ ад үздэг гэж намайг амьтан муу хэлж байгаа даа гээд бэргэн санаа алдана.
-Чамайг ирэхийн өмнөхөн зузаан эсгий сонгоод, шинэ гудас өнгөлөөд өгсөн чинь хуучин навтсаа нэхсээр байгаад буцааж дэвсүүлсэн гэж эмэг эхийг минь надад ховлоно. Ингэж зөрүүдлээд байгаа хүнийг ачид нь ховлохгүй гээд ч яахав дээ. Хир даг болсон хуучин гудсаа дэвсээд, тэрлэгээ хошуулдан нөмрөөд унтахаар хэвтэж байдгийг нь би нүдэндээ дүрслэн бодоод санаа алдаж билээ. Маргааш нь хөгшин ээжтэй хоёулахнаа үлдээд, ярих гэж оролдсон минь санаанаас ер гардаггүй.
-Хөгшин ээж ээ!
-Өөв, хүү минь.
-Та шинэ дээл гутлаа өмсөж бай л даа. Амьтан хүн Цэднээ ахыг, бас бэргэнийг муу хэлнэ шүү дээ!
Хөгшин ээж минь сонсож байгаа шинжгүй амаа ангайж байна. Нэлээд удаан өмнөөс харж байснаа,
-Аан? гээд нуухтсан нүдээрээ инээлээ. Би дахин байдаг чадлаараа чихэнд нь өнөөх үгээ хашгирлаа. Хөгшин ээж минь энэ үгний учрыг яагаад ч ухаж ойлгохгүй байгаа шинжтэй над руу харж, нүдээрээ инээснээ,
-Хөөлхий дөө! гэж билээ.
Дээд сургуульд орсны хоёр дахь зунаа би хамгийн сүүлчийн удаа хөгшин ээжийг харсан. Хоёр жилийн цэргийн албанаас халагдсан үеэл ах Түмэннасантай би шуудангийн тэргээр цуг буулаа. Хөгшин ээж Түмэннасанг тэвэрч аваад асгартал уйллаа. Удаан гэгч уйлахад нь гэрт байсан хүмүүс бүгд чимээгүй болж, өрөвдөн харж байсан. Хайртай ач нь цэрэгт яваад алга болчихсон хоёр жил түүнд магадгүй хорин жил шиг удаан өнгөрөө биз дээ. Хөөрхий минь тэнхээ нь муудаад, өглөө тугал татахаас эхэлдэг өнөөх ажлуудаа хүчрэхээ байснаа яриад, аяганд дэвтээсэн нойтон боовоо хүлхээд сууж байж билээ. Тэр жилээс хойш би дадлага, энэ тэр гээд авгынд очилгүй тав зургаан жил болсон. Аав ээж хоёрыг яваад очихоор хөгшин ээж минь нуухтай нүдээрээ инээдэг.
-Хүү цэрэгт явсан уу?
-Тийм ээ.
-Ирэх болоогүй юу?
-Болоогүй ээ гэх яриа болдог байсан гэдэг. Сургуульд сурдаг, зуны амралтаараа очих боломжтой ч хот хүрээ хэсээд алга болчихдог хүүгээ ингэж л хэлэхгүй бол золгосонгүй гэж гомдох байсан учраас л тэр байх. Намайг Оросод явж байхад хөгшин ээж минь бурхан болж билээ. Дөрөв таван жил болоход зав гаргаад, очоод золгочих минь яав даа гэж би одоо харуусдаг.
Хүрээлэн буй хүн зон өөрийнх тухай юу бодож, юу ярьж байгааг хөөрхий хөгшин ээж минь яаж ойлгохов дээ. Түүний үед хатан хүн л торгон дээл, савхин гутал өмсдөг байсан. Их үнэтэй чамин зүйлийг эдэлж хэрэглэвэл хүүгийнхээ хайран мөнгийг үрэн таран хийчихнэ гэж айгаа биз. Чухам ийм л учраас зөрүүдэлж, тэмээний утас тэвнэнд сүвлээд, тамтаг болсон дээлэн дээрээ тэс өөр өнгийн даавууны өөдсөөр нөхөөс тавьж, навтас болсон гудсан дээр хажуулж, эмтэрхий аяганд хусам долоодог байсан. Ямар сайндаа л гэрээр дүүрэн гийчид ирээд байхад айлын хүүхдийн шээсэн дээрээ унагасан тал боорцгийг авч үмхэж бэрийнхээ нүүрийг түлж байхав дээ, хөөрхий.
Үхтэл үр харам гэдэг. Хөгшин ээж минь үхэн үхтлээ үрийнхээ ариун цагаан хөдөлмөрийн шимийг өөрөөсөө харамласан. Энэ хүний өгөөмөр сэтгэл мулгуу ач миний оюун бодолд асар том гэрэлт хөшөө болон үлдэж дээ. Хөгшин ээж гэх үгийг авгын хүүхдүүд түргэн хэлээд байгаа нь “Хөшөө ээж” гэж сонсогдож байгааг би сүүлд мэдсэн. Хөгшин ээж минь бурханы орондоо хөшөө мэт амгалан залраад, нуухтай нүдээрээ инээж л суугаа даа.


Monday, May 11, 2009

ШУГАМ

"Хүмүүн цадиг" хэмээх нэртэй
цувралыг ийнхүү эхлүүлж байна.
Үүндээ өөрийн мэдэх эгэл болоод эгэл
биш хүмүүсийн тухай өгүүлэх юм.


“Солиотой амьтан”
Сургуульд “солиотой амьтан” буй болсон тухай шуугицгаав. Хэд хоноход долоо, найм, есдүгээр ангиуд туушдаа түгшүүрт автсан байлаа. Шугам зургийн хичээлд тахир гурав авбал дээдийн заяа боллоо хэмээн гутарцгаана. Шинэ багш, галзуу солиотой нөхөр ангийн гучин найман сурагчид хавтгайд нь “0” дүн тавьсан тухай хүүхдүүд нүдээ орой дээрээ гарган ярилцана. Зэргэлдээ болоод дээд ангиас хамгийн гоё зурдаг гэгддэг хэдхэн хүүхэд л “3” дүн авсан нь дээд үнэлгээ боллоо гэлцэв.
Манай ангид шугам зураг орох өдөр ойртсоор. Би өмнөх багшийн өгсөн даалгаврыг аль хэдийнэ хийчихсэн байсан ч ахиж шинээр зурахаар шийдлээ. Байдгаараа хичээж бүтэн гурван цаг суусан санагдана. Хатуу дүнтэй, шинэ багштай тулахаар биеэ хөвчилж, бэлтгэлээ базааж буй нь тэр.
Залуу зохион бүтээгчдийн дугуйланд явж, долдугаар ангийн хүүд ахадсан нарийн шугам зураг дээр ажиллаж байдаг болохоор энэ хичээлийг мэднэ гэдэгтээ зуу биш сая хувь итгэлтэй байлаа. Тэрхүү солиотод миний өөдөөс хэлэх үг олдохгүй гэж бодогдох боловч битүүхэндээ айдас гэхэд биш, нэг л хачин мэдрэмж төрнө.
Гурав хасах
Баасан гариг болж, шугам зургийн багш анги руу орж ирлээ. Үл ялиг долгиотсон халимгаа нямбай самнасан, шар царайтай, бас ч үгүй бүргэд гэж хэлж болохоор хамартай эр дэрхийтэл боссон сурагчид руу ширүүн гэгч харж билээ. Одоо ч түүний харц нүдэнд харагдах шиг болдог. Нэвт цоргисон харцтай хоёр нүдэнд нь багагүй эрч хүч мэдрэгдэж байж дээ.
Нэрсийн дарааллаар хамгийн түрүүнд Алтанцэцэг гэх онц сурлагатан, сүрхий гялалзуур охин ажлаа үзүүллээ. Түүний зураг руу намын хорооны нэгдүгээр дарга л ингэж харж чадна даа гэмээр хямсгар ихэмсэг харц чулуудаад, ярвайснаа өнөөх алдар суут дүнгээ дугуйруулав. Хүүхдүүд жиг жуг гэлцээд явчихлаа. Алтанцэцэг тоосон шинжгүй жуумайн, шилнийхээ цаанаас инээмсэглэсээр суудал руугаа чиглэхэд, багш нэрийг минь дуудлаа.
Харин миний зургийг хармагцаа зогтуслаа шүү. Толгой өндийн над руу харж байна. Улаан балаа эрээчих мэт хий эргэлдүүлэх зуураа бодолхийлж байснаа “3-” гэсэн дүн тавьчихлаа. Хамгийн дуртай энэ хичээлд таваас өөр дүн авч үзээгүй хүнд энэнээс илүү доромжлол гэж юу байх вэ? Би дэлбэрэхэд бэлэн болоод түүн рүү эгцэлж хараад зогсчихсон байв.
-Хэмжээний сумны урт хэдэн миллиметр байх ёстой билээ? Чинийх урт биш үү? Бас зарим үсэг чинь стандартын бус байна гэж тэр хэллээ. Суухаар эргэхэд нүднээс нулимс цийлэгнээд, цээжин дотор минь хүчил хүнцэл гээд орчлонгийн бүх хорт бодисыг холин буцалгаж буй мэт хор шар бургилж билээ.
“Хүйтэн дайн”
Энэ бол 1983 он байлаа. Дэлхий дахинд “хүйтэн дайн” гэгч өрнөж, Рейган, Андропов хоёр ид үзэлцэж байсан үе. Д.Цэдэн-Иш хэмээх тэр шинэ багш бид хоёрын хооронд ч хүйтэн дайн дэгдлээ. Андроповыг хөнөөхийн тулд Рейган цөмийн пуужин базааж байсан бол, Цэдэн-Иштэй дайтахын тулд би шугам зургийн номноос салахаа болилоо. Номоо үзэж суухдаа гэнэт хор шар дүрсхийгээд, шүдээ зууна.
Хэдэн зураг шалгуулсны эцэст дүн маань “5-” болж ахилаа. Хүүхдүүд онц дүн авчихлаа шүү дээ гэж бахархан дуу алдацгааж байхад би бас л өөлүүлэх алдаа хийсэндээ уйлчих шахсан амьтан суудалдаа дөхөж явсан юм.
Өөрийн ангийн төдийгүй зэргэлдээ ангийн ганц нэг онц сурлагатан шугам зургаа зуруулах гэж намайг тойлно. Арав хорин хүний зураг хийхээс өөр аргагүй болно. Зургуудыг шалаараа нэг тарааж цацчихаад тушьлэнэ. Зураасыг нь нэг нэгээр таталж, тойруулж шидлэн хатаасаар шөнө дунд хүргэнэ.
-Хүний хүүхдийн зураг зураад, хичээлээ хаялаа хэмээн аав ээж үглэнэ.
Удалгүй багш учиргүй хатуу дүнгээ зөөлрүүлж, наанатай цаанатай хандах болж, би өрөөлийн олон зурагтай ноцолдох ажлаасаа салж билээ. Мэдээж хэрэг багшийн ийм галзуу солиотой хатуу дүн захирал эрхлэгч нарт таалагдаагүйгээс зэмлэж, зандарч, дарамт шахалт үзүүлсэн байх гэж одоо бодогддог. Гэхдээ хүнийг бүрмөсөн хүмүүжүүлнэ гэж юу байхав, багшийн хатуу шаардлага хэвээр үлдсэнсэн.
Муруй зураас
Шугам харандаа зодолдуулсаар нэг жилийг үзэж, наймдугаар ангид дэвшлээ. Хатуу багшийн гарт орсных манай ангийнхан шугам зурагтаа эрс сайжирлаа. Би нэгэн хичээлд нэвт нүхтэй цилиндр хэлбэртэй эд анги зурснаа шалгуулав. Хажуугийн проекц дээр нэвт гарсан нүхний амсар муруйгаар дүрслэгдсэнийг багш улаан балаар эгц шугам болгон засчихлаа.
-Энэ яахаараа муруй болчихдог билээ? гэж сүртэй асууж байна. “Багш хүн эндүүрч болно гэж үү?” хэмээн би мэл гайхлаа. Бид хоёр маргаж эхлэв. Би зөвөө батлахаар шохой аван самбарт зурж эхэлтэл багшийн тэвчээр алдрах нь тэр!
-Балай юм уу, чи! Юу гэж муруй байх вэ! гэж тэр чарлалаа. Миний ч уур дүрсхийж,
-Үгүй муруй гарна! Та өөрөө балай юм уу? гэж шазуур заалаа.
Эрхлэгчийг дуудуулж, багшийг балайгаар дуудсан сурагчид арга хэмжээ авахуулах болов. Манай ангийн охидоос ганц нэг нь уйлж байна. Надад ч “Сургуулиас хөөчих болов уу...” гэсэн айдас төрөв.
Эрхлэгчийн албан тушаалыг хашдаг Г.Цэвэгсүрэн багшийг ирэхэд би шалдаа буугаад байлаа. Их нэр хүндтэй, энэ бурхан шиг хүний өмнөөс сургуулийн захирал ч үг хэлдэггүй байсан болов уу. Цэвэгсүрэн багш намайг өрөөндөө авч ороод, сурагч хүн багшийг хэрхэн хүндлэх ёстой болоод, их юм мэдчихсэн мэт санагдах нь бидний насны онцлог болох тухай удаан ярьж сэнхрүүлж билээ.
Хичээл тармагц яаран гэртээ ирээд, ном ухаж үзвэл яах аргагүй миний зөв байлаа. Сайн нягталж хараагүйгээс санамсаргүй гаргасан энэ алдаагаа багш ч бас мэдсэн байж таараа. Гэхдээ хэн нь ч дахиж энэ тухай ярилгүй чимээгүй өнгөрсөн дөө.
Хожмын эргэцүүлэл
Эхэндээ би багшийг буруугаа улаан цайм дараад өнгөрсөн жудаггүй хүн гэж бодох болсон. Гэвч түүний зөв байсныг амьдралын дэнс шүүн тунгаажээ. Багш хүнд өндөр шалгуур тавьж, хатуу хариуцлага тооцдог асан тэр цагт энэ санамсаргүй алдаа нь түүнийг ажлаас нь холдуулж мэдэх байсан. Тэгсэн юм гэхэд нэг сургуулийн бүхэл бүтэн хэдэн үеийнхэн шугам зургийн ер бусын сайн сургалтыг мэдэхгүй өнгөрсөн байхсан. Түүний хатуу шалгуурт зурах дөртэй болсон хүүхдүүдээс олон сайн инженер төрж гараад, зам, барилга, уул уурхай, үйлдвэр, их дээд сургууль, хаа сайгүй мэдлэгээ гайхуулж явна.
Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийн инженерийн бэлтгэл тэнхимд манай сургуулиас 1986 онд таван хүн очсон. Тэгтэл тавуул таван өөр ангид шугам зургаар толгой цохиж, оюутны шилдэг бүтээлийн үзэсгэлэнд зургаа тавиулж байлаа. “Выполнил: ” гэсний ар дахь танил нэрүүдийг хараад сургуулиараа, бас багшаараа бахархах сэтгэгдэл төрж билээ. Тэнхимийн шугам зургийн багш хижээл эмэгтэй “Монголд шугам зургийг үнэхээр зааж чадах юм аа” гэж хэлж байсан.
Шугам зураг хэмээх агуу ухаанд үнэн голоосоо хайртай, инженерийн эриний бүх хүн шугам зургийг ягштал мэддэг байх ёстой гэсэн үзэлтэй нэгэн багш тийнхүү гэнэт гарч ирэхэд, захирал, багш, сурагч, эцэг эх, хэн ч ойлгохгүй байж дээ гэж одоо бодогддог. Бүгд түүнийг галзуу солиотой, хэнхэг хэнээтэй, ер бусын амьтан хэмээн адалж байж.
Гэвч цаг хугацаа хэмээгч асар хүчирхэг шалгуур түүний хэн байсныг хэдийнэ тодотгосон байх юм. Цэдэн-Иш хэмээх энэ ер бусын сайн багш бидний зургийн дэвтэрт ер бусын тод шугам үлдээжээ.

Monday, December 1, 2008

“TV-1”-ийнхээн! Та нар шүү!

“360 градус” гэхээр Монголын төв хөдөө хаана ч андахгүй. “25 дугаар суваг” телевизээр цацагддаг хошин мэдээллийн хөтөлбөр найман настай балчраас наян настай буурлууд шимтэн үздэг нэвтрүүлэг болж чаджээ. Хаана л бүтэхгүй болохгүй зүйл байна вэ тэр бүхнийг “360” хошин мэдээ хөндөж байдаг. Энэ нэвтрүүлгийг ардын жүжигчин Цэрэндагва, Мэндбаяр нарын шавь Кино урлагийн дээд сургуулийн төгсөгч, оюутан залуус эфирт амилуулдаг юм.

Зарим он нь хуучирсан бол хүлцэл өчье. Ойрд юм бичээгүй болохоор, аргаа бараад хувийн архив руугаа дайрлаа. Тоншуулд 2006 онд нийтлэгдэж байсан эд байгаа юм.



ЧШ! ЧИМЭЭГҮЙ, ЗУРАГ АВЧ БАЙНА!
Сургуулийн бага дунд ангийн бололтой хүүхдүүд хорж зогсох хонь мэт шахцалдан бөөгнөрч нам гүм зогсоно. Нусаа шоржигнотол татсан нэгэн рүүгээ муухай харж, “Чш, чимээгүй!” гэж шивнэн нударч байна. Барагцаагаар гурав дөрвөн анги дүүргэхээр хүүхдүүд байх хэдий ч нэгэн зүйл рүү шимтсэнээс болж ийнхүү томоотой зогсох аж. Кино үйлдвэрийн баруунтайх 15 дугаар байрны өмнөх талбайд “360 градус” хошин мэдээллийн хөтөлбөрийн зураг авалт явагдаж байгаа нь энэ байлаа.
“TV-1”-ийнхний зураг авалт ихэвчлэн Кино үйлдвэрийн ойр тойронд “байнгын үзэгчдийн” нүдний өмнө ийнхүү явагдана. Эхний үед хүүхдүүд өмнө хойгуур гүйж зурганд орчих гээд зовоодог байснаа нэвтрүүлгийн зураг авалтыг саатуулж, чимээ гаргаж болохгүй гэдгийг сайн ойлгон, аль болох саад хийлгүй үзэхийг хичээдэг болжээ. Дараа нь харин энэ бүхэн нэвтрүүлэг болж эх орны өнцөг бүр дэх дараагийн “ээлжийн” үзэгчдэдээ хүрнэ.
“360” хошин мэдээллийн хөтөлбөр явсны дараа “Та нар сак шүү!”, “TV-1-ийнхэн! Та нар шүү!” гэсэн мессежүүд цуварна. Утасдаж санал бодлоо хэлнэ. Нойр хоолоо умартан ажилласан залуу уран бүтээлчдэд юугаар ч сольшгүй хамгийн том урам болно.
БҮГДЭЭРЭЭ ХЭЛЭЛЦВЭЛ БУРУУГҮЙ
Зохиол гэдэг нэвтрүүлгийн зүрх, хөдөлгүүр нь байх нь мэдээж. “TV-1”-ийн хошин мэдээний зохиолыг КУДС-ийн 2003 оны төгсөгч Ж.Бэгзсүрэн бичдэг. Тэр бас теле зохиомжуудаа найруулна, дүрүүдэд нь тоглоно, хөтөлнө.
Зурганд гарахаасаа өмнө “360”-ынхан Асалбек, Баярсайхан, Гомбосүрэн, Мөнхбаяр, Нямдаваа, Нямбаяр, Хүсэлт-Энх гээд бүх жүжигчид зохиол дээрээ ярилцаж, санаа бодлоо солилцоно. Энэ үеэр зохиолоо улам сайжруулах илүү өвөрмөц санаа их гардаг. Зураг авалтын үеэр ч “сак” санаа орж ирэх нь бий.
Эдний хошин мэдээг илүү сонирхолтой амьдралтай болгож байдаг нэг хөдөлгөгч хүч нь үзэгчид. Тэднээс маш олон янзын санаа оноо захиа болон мессежээр ирнэ. Зарим нь өөрсдөө ажил болгон студи рүү нь ирж, “Тэр болохгүй байна, энэ болохгүй байна. Энийг заавал гарга!” хэмээн шахаанд оруулах гэж зүтгэнэ.
Саяхан гэхэд л үзэгчийн санааны дагуу ТҮЦ хоморголон ачсанаас болж гутал засч ар гэрээ тэжээдэг хөөрхий эр зовлонд унаад байгаа тухай, энэ компанит ажлын ард том бизнесүүдийн хатгаас байж магадгүйг үзүүлсэн зохиомж хийжээ. Нэвтрүүлгийн дараа урьд өмнөхөөс олон үзэгч утасдаж үнэхээр зүйтэй асуудлыг хөндлөө хэмээн санал сэтгэгдлээ илэрхийлжээ. Хүн их явдаг байгууллагын үүд бараадан үйлчилгээ явуулж суугаа хөөрхий гуталчныг шил толь болсон барилгаас лухгар босс гарч ирээд эндээс зайл хэмээн шатны уруу өнхрүүлэн шидэж байгаа зохиомж байндаа туссан нь тэр.
Нэг өдөр “Толгойтын эцсээс явна аа. Ах нь 70 дөхсөн өвгөн хүн...” гэсээр нэгэн үзэгч студид иржээ. Эхлээд “25 дугаар суваг” телевиз дээр очиж эднийхийг заалган хоёр өдрийн явдал болсон аж. Таяг тулсан хөгшин хоёр хуудас санаа бичиж ирснийг нь газрын тухай, оршуулга айл руу түрж орж ирсэн тухай мэдээ болгон “чулуу болгож” байжээ. Энэ мэтээр бүгдээрээ оролцож бүгдээрээ хэлэлцэж санаа бодлоо нэмэрлэж байж хошин мэдээнүүдийг бүтээдэг.

АЛХАМ ТУТАМД ХОШИН ШОГ...
Ядруухан эрийг булиа эр зодож байгаа зохиомжийн хэсгийн зураг авалт явагдаж байв. Тэгтэл хаанаас ч юм зохиолд огт байгаагүй “сайн дурын жүжигчин” зургийн талбай руу ороод ирэх нь тэр! “Хөөе, хөөе! Чи болиоч! Наад муугаа зодож яах нь вэ? Боль гэж байна шүү!” гэж ирээд л нэгэн авгай жүжигчин рүү дайрч, барьж зодох нь холгүй байсан аж.
Сансрын Туннелийн ойролцоо тэтгэврийн зөрүүний тухай хошин мэдээний зураг авалт явагдаж, тагжгар эмгэний дүрд хувилсан жүжигчин Бэгзсүрэн, булиа өвгөнд хувилсан Тэмүүлэнг үүрээд арай ядан майзагнан алхаж явлаа. Тэгтэл бас л зохиолд байгаагүй хоёрын хоёр “дүр” гараад ирэв. Тэрүүгээр алхаж явсан өвгөн, эмгэн хоёр маш ундууцаж, “Хөөш чи наад эмгэнийхээ голы нь тасаллаа, гэм! Болиоч!” гэж загнаж байснаа зураг авалт явж байгааг мэдээд ичиж мушийсаар бушуухан холджээ.
Зураг авалтын үеэр “үйлдвэрлэлийн осол” их гарна. Савлуураас зүүсэн шуудай дотор хамгийн жинтэй нь болох Тэмүүлэн ороод байтал шуудай дийлэхгүй цум үсрэв. Өндрөөс унаж доош өнхөрсөн жүжигчин “Техниктэй тулдаа л гайгүй гарлаа” гээд бөөн инээдэм болж. Жүжигчин Бэгзээг дүн өвлөөр чармай нүцгэн овоонд мөргөн зураг авахуулсны дараа “Хатгаа авч, “үйлдвэрлэлийн осол” гарах вий” гэж бусад нь айв. Гэвч яагаа ч үгүй өнгөрч. Тэр үед түүний тэвчээрийг биширч байснаа нөхөд нь ярьж байсан юм. Жүжигчин Г.Батболд траншейны нүх рүү орохдоо доош хянуур харсан чинь картон цаас дэвссэн их л “тохилог” харагдав гэнэ. Тэгэхээр нь үсрээд буучихаж. Шилбээр татсан шалбааг цүлхийж, бас нэг “үйлдвэрлэлийн осол” бүртгэгджээ.
ЯЛААГ ЗААН БОЛГОХ ИД ШИД
Хошин зохиомжит нэвтрүүлэг хийж байгаа болохоор уран сэтгэмж шаардана. Хотын төвд орших өндрөөшөө гурван метр хүрэхгүй бяцхан овгорыг уурхайгаас ухаж гаргасан шороогоор босгосон гуч дөчин метрийн өндөртэй сүрлэг далан болгож харагдуулахын тулд их ур ухаан гарах нь мэдээж. Эрхэм сайд дарга нарт хахууль атгуулсаар Монголын газар шороог мэддэг болчихсон хятад данжаад уурхайнхаа өндөр далан руу хөөрхий монголчуудыг асга хайрга нураан түлхэж байгаа тухай хошин мэдээг та лав үзээ байлгүй. Хотын төв дотор авсан зураг шүү дээ.
Жүжигчин Д.Тэмүүлэн: “Энэ бүхэн сайн эвлүүлэгч, зураглаач хоёрын л чадал” гэж хэлж байсан юм. Энэ мэт ялааг заан болгосон зохиомжууд нь эвлүүлэгч Б.Хэрлэнчимэг, энэ жил Радио телевизийн дээд сургуулийг төгссөн зураглаач Д.Нармандах хоёрын сэтгэлгээний урыг шалгаж байдаг. Эмэгтэй хүн телевизийн оператор байна гэдэг хэцүү. Өвлийн хүйтэнд бүтэнд өдөржин гадаа зураг авч зогсох гэдэг хэрийн эр ч давахгүй ажил. Зузаан бээлий хийчихвэл камераа мэдрэхгүй, нимгэн бээлий болохоор нэвт хайрч гар мэдээгүй болтлоо даарна.
ШИНЭ БҮТЭЭЛГЭЭ ГАРГААРАЙ...
“TV-1”-ийн найруулагч Багшийн дээдийн ойролцоо зогсож байж. Хажууд нь нэг хүн ирээд зогсож байснаа, “Гүй тэр! Энэ хараач” гэж. Хартал замын тэмдэг хазайгаад ганц хадаасан дээр тогтож байна гэнэ. “Энэ одоо гэр хорооллын хэн нэгнийд очиж буузны жигнүүр юм уу лаазны таг болох гээд байж байна” гэжээ. Ингэж л замын тэмдгийг ховх татаж аваачаад, хадаасаар нэгд нэгэнгүй нүхлэн жигнүүр хийж байгаа тухай хошин мэдээ төрөв. Энэ зохиомжийг нь инээдтэй болсон тухай хүмүүс их ярьдаг. Уран бүтээлийн санаа хаанаас ч олддогийн нэг жишээ.
Гудамж талбай хаа ч явж байсан санаа ургаад ирнэ. Болохгүй юм бүрт л нүд хурц байхын төлөө чармайна. “Танай “Тоншуул”-ынхныг ирлээ гэхээр шинэ бүтээлгээ бүтээгээрэй хэмээн сандардаг шиг “360 градус”-ынхан ирлээ, яана аа? хэмээн түргэн авдаг болоод байгаа” хэмээн эвлүүлэгч Хэрлэнчимэг хэлээд инээсэн юм. Найман шарга зах дээр зураг авч байтал нь “Та нар биднийг шүүмжлэх гээд байна” хэмээн захын ченжүүд бөөн шуугиан тарьж, нэгэн эмээ ирж “Энэ хүүхдүүд чинь ёстой зөв юм хийдгийм” гэж цаадуулаас нь өмөөрч байснаас эхлээд ийм тохиолдол их. Тэр өдөр Найман шарга дээр хүмүүс хоёр тал болж хэрэлдээд хоцорч байжээ.
“TV-1”-ийн жүжигчин залуус өөрсдийгөө тайзан дээр сорьж, энэ оны 11 дүгээр сард “Томдсон гутал” нэртэй хошин шоу тоглолтоо МҮЭСТО-нд зохион байгуулсан нь амжилттай болж, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Хөтөлд аялан тоглосон байна.
Эхний үедээ сурч дадаагүй болохоор нэвтрүүлгээ студидээ хонож өнжин бэлддэг байсан бол одоо гэртээ үзэгдэх нь ихсээд байгаа аж. “TV-1”-ээр овоглосон энэ шижигнэсэн залуус алхам тутамдаа сурч, үргэлж шинэ соргог өвөрмөц байхын төлөө уран бүтээлээ туурвиж явна.

Saturday, July 26, 2008

ТИВИЙГ АЧААЛСАН НҮҮДЭЛ


/хөрөг/

Уншигч авхай та, Батзандан гэхээр иргэний хөдөлгөөний Батзандан гэж бодож, цухалдавзай. UBS телевизийн кинонд дуу оруулдаг жүжигчин Батзандангийн хөрөг юм шүү. Агуу их Лодойдамбын "Тунгалаг Тамир" романыг уншиж МР-3 CD болгон, олны хүртээл болгосон эл жүжигчнийг та бүхэн дуу хоолойгоор нь мэдэх биз ээ.

Жавар үргээсэн хөлс
Идэр ес. Дөчин хэмийн хүйтэн тачигнана. Сумын улаан булан халаалтгүй учир гадаанаас ялгаагүй. Тоглолт үзэхээр үстэй дээл, эсгий гуталтай ирсэн үзэгч дагжиж чичрэн сууж харагдана. Гэтэл жүжигчид дан цамц, савхин шаахайтай тоглох нь үргэлж зунаараа байдаг Жагарын орон гэгчийг тайзнаа цогцлоосон мэт, хачин сэтгэгдэл төрүүлнэ. Арын эгнээнд суух буурал сахалтай өвгөн тайзан дээрх жүжигчдийг заан “Гүй мөн сонин юм аа. Даарахгүйгээр барахгүй, бүр халууцаад хөлс нь дусалж байна” гэж гайхлаа. Нээрээ, жүжигчний шанааг даган хөлс урсаж байлаа! Ховд аймгийн “бэсрэг” хэмээх театрын жүжигчдийг үзэгчид биширсэн нь энэ.
…1991 онд Ховдын театр бутрахад тулж, орон тоогоо цомхотгохоор шалгаруулалт хийлээ. Энэ самуун олон сайхан чадалтай уран бүтээлчийг ажилгүй болгов. Хөгжимт драмын театрын жүжигчин Батзандан өөрөө хэдийгээр шалгаруулалтад тэнцсэн ч, театраа орхиж бэсрэг театр байгуулахаар шийдэв. Сайхан, баритон хоолойтой найз Баярсайхан нь уртын дуучин гэргий Ичинхорлоогийн хамтаар цомхотголд өртчихөөр нь “Ийм сайхан уран бүтээлчдийг хаяж байгаа бол, би эдэнтэй нийлж юу чаддагаа харуулна” гэж дотроо шаралхсан нь тэр.
“Бэсрэг”-ийнхэн гэртээ тоглолтын зохиол бичиж, театраас гадуур бэлтгэл сургуулиа хийж байлаа. 1991 оны намар болсон тоглолтод нь театрын танхимд багтаж шингэхгүй олон хүн цугларав. Онигооноос сэдэвлэж бичсэн “Нулимстай инээд” хошин үзүүлбэрүүд нь үзэгчдийг хөгжөөж, түүнтэй зэрэгцээд монгол бүжгийн хэмнэл үзэгчдийг догдлоож, баритон хоолой хүнгэнэн, уртын дууны шуранхай хадаж, дуу хуур инээд наргиа цолгиж байлаа. Гурван цагийн тоглолт хүмүүсийн хувьд хоромхон зуурт өнгөрөв. Аймгийн Хөдөө аж ахуйн техникумын багш Бишээ жүжигчид рүү ирж, баяр хүргэхдээ “Гуравхан хүн гурван цаг тоглочихдог байх гэж?” хэмээн хэлж байв. Бэсрэг театрын бүрэлдэхүүн анхны тоглолтоосоо их урам, их эрч хүч олж авлаа.
Гурван давхар дулаан барилгатай, гуч хоноод буух бэлэн цалинтай улсын театрыг орхин, гурван жүжигчинтэй, гучин ам метр түрээсийн өрөөний булан ч үгүй бэсрэг театр руу Батзандан нүүсэн юм. Хийж бүтээх гэсэн их тэмүүлэл, бас хор шар нь энэ нүүдлийн учир шалтгаан болов.

Тэнхээ бэлэглэсэн алга ташилт

1991 онд байгуулагдсан бэсрэг театрыг бэрхшээл угтсан юм. Бүх юм ховор. Өдөр тутмын хувцсаа тайзны гоёл болгоно. Жижиг хэрэглэлдээ гэрийнхээ сав суулгыг ашиглана. Аялан тоглолтоор их явж гэмээ нь театр амьдардаг. Тэгтэл тэднийг шатахуунгүй, гэрэлгүй сум угтана. Унаа тэрэг гуйна. Урлагийн нүүрээр шатахуун цохуулна. Жүжгийн үеэр тог унтрахад жүжигчид яриан дундуураа лаагаа асаагаад л үзэгдлээ үргэлжлүүлнэ. Хүмүүс жүжигт нь тог унтарч лаа асаахыг төлөвлөсөн мэтээр ойлгоно.
Сумуудын гуанз, буудал нь хувьчлалын шуурганд өртөөд оргүй болчихсон. Уртын дууны буянд богино ходоодоо бошийлгох өдөр олон. “Уртын дуучинтай байхад, ямар ч айлд ороход айх юмгүй” гэж жүжигчид наадам наргиа болно.
Сумын овгорууд их түвэг удна. Гавьяат Банзрагчийг хүртэл зодчихож байсан улстай харьцах гэдэг хүнд. Яваандаа овгоруудын аргыг олох болов. Суманд орж ирмэгцээ “Танай сумын овгор хэн бэ?” гэж асууж сураглаж байгаад, шууд л овгорын гэрт нь буучихна. Өөртэй нь хүний ёсоор харьцаж, өөрийг нь гээд хүрээд ирж байгаа болохоор овгор бас тэдэнтэй хүн шиг харьцаж, хамгаалалтдаа авч, айх аюулгүй болно.
Алтайн их уулсыг цас дарж, зам даваа хаагдаад байхад Говь-Алтай аймгийн Цогт сум Дөтийн даваагаар арайхийн давж явсан жолооч нь “Би яах гэж та нартай явав даа” гээд, уйлж байсан гэдэг. Өдөржин цас ухаж үйл тамаа эдэлсэн жолооч арга байж уу. Бэсрэг театрын жүжигчид холын аян, өдөр хоногийн уртад ижил дасал болсон жолооч бор залуугаа аргадах гэж ихэд сандарч байв.
Хэдий ядарч зүдэрч яваа ч, үзэгчдийн нижигнэсэн алга ташилт тэдэнд цасанд боогдсон давааг давж, дараагийн сум руу нүүх тэнхээг өгнө. Нүүдэл өдөр ирэх бүр газар ахисаар.

Дүнкүгээс Сталин хүртэл

Бэсрэг театр 10 жилийн ойгоо тэмдэглэж, хамтран тоглож, хатуу хөтүү бүхнийг хамт туулсан гэргий, бэсрэг театрын бүжигчин Оюунтунгалагийнхаа тайлан тоглолтыг Ховд хотод хийлээ. Дараа нь нийслэлийг зорив. Улаанбаатар телевизэд ирж, кино албаны дуу оруулагч жүжигчнээр ажиллаж эхэллээ. Урлагийн тайзан дээрх бас нэгэн нүүдэл нь энэ болсон юм.
Тэр 4000 кинонд дуу оруулаад байна. Солонгосын “Тэ Жан Гүм”-ийн Дүнкүгээс эхлээд Генерал Исмус Сталин хүртэл түүний хоолойгоор ярьжээ. Нэг киноны 5 дүрд зэрэг дуу оруулах энүүхэнд. Дуу оруулж буй дүрүүдээс нь гурав нь нэг дор хоорондоо ярих нь таарна. Тэр бүрийг ажралгүй дүрүүдээ бие биенээс нь салгаж дуугарна гэдэг жүжигчнээс их ур чадвар нэхдэг. Түүнийг хүмүүс тослог сайхан хоолойтой гэдэг. Багадаа тенор хоолойгоор дуу дуулж явсан уу гэхээс эр хадуун хоолойгоор кинонд дуу оруулна гэж зүүдлээ ч үгүй явж.
2006 онд тэрээр Ариунхүслэн найруулагчтай хамтран Чадраабалын Лодойдамбын “Тунгалаг Тамир” романыг радиод уншиж, MP-3 CD гаргасан юм. Энэ бүтээлийг өгүүлэхүйн урлагийн томчууд өндөр үнэлдэг. Гавьяат жүжигчин Равдан гуай “Уг бүтээл бол, өгүүлэхүйн урлагийн түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал” хэмээн үнэлсэн байдаг.
Цэдэнгийн Батзандан хэмээх энэ уран бүтээлчийн нүүдэл дуусаагүй. Тэрээр тивийн энтэй урын сангаа бодолдоо ачаалан улам өөдөө тэмүүлэн, нүүсээр явна.



















Жич: Ц.Батзандангийн "Тивийг ачаалсан нүүдэл" хэмээх CD хэвлэлтэд бэлэн болчихоод байна. Миний бие уг CD-ний хавсралт номд орж буй хөргийг бичсэн маань энэ юм аа.
Урлагт ээлтэй та бүхнийг энэ уран бүтээлийг ивээн тэтгэж хамтран ажиллахыг энэ дашрамд урьж байгаа юм шүү.

Monday, July 21, 2008

ТИВИЙГ АЧААЛСАН НҮҮДЭЛ

/хөрөг/

Уншигч авхай та, Батзандан гэхээр иргэний хөдөлгөөний Батзандан гэж бодож, цухалдавзай. UBS телевизийн кинонд дуу оруулдаг жүжигчин Батзандангийн хөрөг юм шүү. Агуу их Лодойдамбын "Тунгалаг Тамир" романыг уншиж МР-3 CD болгон, олны хүртээл болгосон эл жүжигчнийг та бүхэн дуу хоолойгоор нь мэдэх биз ээ.

Мангастай учирсан нь
Хот руу сургуульд явна гэхээс сэтгэл догдлоно. Хотын тухай хүмүүсийн яриа аймшигтай. Тэр үед “Тоншуул” сэтгүүлд Рейган гэж мангас байдаг тухай бичдэг байсны адил юм ярина. Дээрэмчин, тонуулчинтай, тэд нар нь хөдөөний хүнийг анддаггүй, мөнгө татдаг, зодож нүддэг, айлгадаг чичрээдэг тухай л ярьцгаана. Очоод яаж амьд явна даа л гэж бодогдоно.
Харин хотод ирээд өнөөх дээрэмчидтэй азаар нэг их олон дайралдаагүй гэдэг. Нэг өдөр ангийн андууд Сосорбарам, Оюунбат нартай айлд очихоор явав. Чихэр, жигнэмэг идчихсэн шиг, их л додигор алхаж явж. Тэдэн дотроо Сосорбарам хамгийн ганган. Костюм өмсөж, зангиа зүүсэн, хүзүүндээ гинжтэй. Яриандаа халчихсан явтал, хэдэн нөхөр өмнөөс нь ирээд “Цагаан худгийнхныг таних уу?” гэж. Оюунбат руу муухай хараад “Чи нааш ир!” гэсэн тушаал буулгалаа. Цаадах нь зориг муутай дөхлөө. Батзандан айсандаа гартаа байсан жигнэмгээ идсээр дуусгаснаа ч мэдсэнгүй. Сосорбарам гинжээ таслуулж, гоё костюмаа ялигүй ханз татуулснаар энэ уулзалт өндөрлөжээ.
Энэ явдлаас хойш хотын овгорууд гэдэг чинь бидэнтэй адилхан хүүхэд байдаг юм байна гэж үзэв. Сумын цолтойг нь ч унагачихаж байсан юм чинь, бариад авахад учир бий вий гэж бодогдоно. Хотын хүүхэд намайг арай ч хүчрэхгүй дээ гэж бардам боддог боллоо.

“Амь дүйсэн шөнө”
Жек Лондоны “Амь дүйсэн шөнө” зохиолоор оюутнууд жүжиг бэлдэж байв. Тэгтэл дүүрэг даяар тог унтарчихлаа. Байрандаа иртэл хийх юм олддоггүй. Жүжигтээ хэрэглэж байсан цэрэг хувцсаа өмсөөд, хаалганыхаа бариулыг сугалж бариад, харанхуй хонгилд гарав. Монгол хэлний ангийн оюутнуудын өрөө онгорхой байхаар нь орж явчихлаа. Цонхоор сарны гэрэл туссан байна. Зохиолынхоо баатрын хоолойгоор “Та нар яагаад гэрэл унтарсныг мэдэж байна уу?” гэж асуугаад, бариулаа буу мэт өмнөө барилаа. Нэг охин “Аа битгий маягла. Үүдний харуул л байна шүү дээ” гэж байна. “Гэрэл Улаанбаатар даяар унтарсан. Бид та нарыг бүгдийг чинь ална! Бид олуулаа” гэж бүр сүртэйгээр хэлээд, шугамын радионы утсыг суга татан унтраав. Тэгтэл нөгөө охид хоорондоо “Биш байна шүү дээ, биш байна…” хэмээн шивнэлдэж, цааш цонх руугаа хуйлраад л, биш болоод ирлээ. “Та нарын цус ханыг будна. Амьдралынхаа хамгийн сайхан юмыг бодоорой. Ээж аавтайгаа уулз. Хайртдаа баяртай гэж хэл!” гэхэд охид бүгд амьсгалах ч сөгөөгүй болов. “За бодсон уу? Одоо хамгийн наана байгаа хүнийг буудна!” гэсний дараа тэр охин “Ээ, ээ, ээ” гэж байснаа муужран унав. Дараагийн охин ч мөн адил уналаа. Тэгмэгц л хэргийн эзэн гараад зугтаачихлаа.
Байранд бөөн үймээн болох нь тэр. Түргэн тусламж, байрын зөвлөлийн дарга хоёр зэрэг ирлээ. Буутай хүн орж ирсэн гэхийг сонссон хүүхдүүд айдаст автав. Тэгтэл тэдний дундаас нэг оюутан “Хөөе, түрүүн Батзандан л хүн айлгаад яваад байсан шүү дээ” гэлээ.
Охид уйлалдаад тайвширдаггүй. Цэрэг хувцсаа буцааж өмсөөд, бариулаа барьж ирж байгаад, үгээ нэг бүрчлэн давтаж үзүүлсний дараа ч охид итгэхгүй л байлаа. “Худлаа, шал ондоо дуутай хүн байсан шүү дээ” гээд л уйлалдаад байх нь тэр!
Сүүлд нь асууж үзэхэд тэнд байсан бүх хүүхдэд “Цонхоор үсэрье. Хэмхрээд ч гэсэн амьд үлдье” гэсэн бодол нэгэн зэрэг орж ирсэн байдаг. Энэ явдал тоглоом биш болж мэдэх байсан нь тэр. Хаалганы бариул сарны гэрэлд гялалзаад яг бууны ам шиг харагдаж, шугамын радиогоор явж байсан Зангад гуайн дуу гэнэт тасрахад охидод бүх холбоо тэр аяараа тасарчих шиг санагдсан аж.
Дараа нь тэр охидын ээж аавыг нь иржээ гэж сонсохоороо нуугдаж зугтах хэцүү ажилтай болж, зүдрэв. “Амь дүйсэн шөнө”-ийг бусдад мэдрүүлснийхээ шанд өөрөө орон доогуур амь дүйн хэвтэх болов.

“Бригадын дарга”
Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нэгэн айл хүндэт зочдыг дайлж байна. Яавч эвэртэн туурайтны шинжгүй жижигхэн бор залууг “Бригадын дарга та, дээшээ” хэмээн хүндэлж, зочдын магнайд суулгалаа. Хамгийн хүндтэй зочны идээ болох казыг гэрийн эзэн түүнд өргөн барив. Жинхэнэ бригадын дарга бус “Хөдөө нутгийн бэр” жүжгийн бригадын дарга Гомбод тоглосон хүү айлд дайлуулж байгаа нь энэ байлаа.
Ховд аймгийн хөгжимт драмын театрынхан шинэ хүнээ ихэд хүндэтгэж угтсан байдаг. Будаг нь ханхалсан шинэ жүжигчинг “Хөдөө нутгийн бэр” жүжгийн туслах найруулагчаар томилсон нь Батзанданг тийнхүү бригадын дарга болгосон аж. Ховдын театрынхан ид бүтээн туурвиж, “Далан худалч” жүжгээрээ улс даяар гайхагдаж байсан үе тул “бригадын дарга” энд ихийг сурч, ихийг мэдэрсэн байдаг.
1984 он ирж, цэрэгт татагдлаа. Карантин дээр байхад нь Эрдэнэтийн 110 дугаар ангийн офицер Сампилдондов ирж, Батзанданг авч явлаа. Урлагийн мэргэжилтэй хүн хайсаар байж олсон нь тэр байв. Эрдэнэтийн цэргийн ангийн улаан буланд “Хөдөө нутгийн бэр”, “Болор толь”-ийг найруулж тавилаа. Нөгөөх бригадын даргадаа өөрөө тоглосон хэвээр. Багш нараасаа хол, өөрийн мэдлээр ажиллана гэдэг сайхан ч юм шиг санагдаж байсан гэдэг. Эрдэнэтийн “Алтан цамхаг” театрын тоглолтыг анги бүрэлдэхүүн ирж үнэгүй үзнэ. Энэ театр нь Соёлын яамны “Ардын театр” гэрчилгээ автлаа мандаж байв.
Армид байхад нь золгүй учрал тохиож, “Тоосой хээр чинь үхлээ гэсэн захидал” ирэв. Тэрээр үнэхээр тэсч чадалгүй уйлсан гэдэг. Гай үүгээр дууссангүй савлуураас эвгүй бууж, астмалит өвчтэй болов. Ангийн найз Сосорбарам нь гэргий Нинжтэйгээ хамт Батзанданг асарч, гэртээ байлгаж, их тус болж байж. “Эмнэлгээс үүрч гаргаж байсныг нь хэзээ ч мартахгүй” гэж тэр ярьдаг.

/Үргэлжлэл бий/

Monday, July 7, 2008

ТИВИЙГ АЧААЛСАН НҮҮДЭЛ

/хөрөг/

Уншигч авхай та, Батзандан гэхээр иргэний хөдөлгөөний Батзандан гэж бодож, цухалдавзай. UBS телевизийн кинонд дуу оруулдаг жүжигчин Батзандангийн хөрөг юм шүү. Агуу их Лодойдамбын "Тунгалаг Тамир" романыг уншиж МР-3 CD болгон, олны хүртээл болгосон эл жүжигчнийг та бүхэн дуу хоолойгоор нь мэдэх биз ээ.

Өрөмний дуурь
Намарт тэднийх голдуу Хар-Ус нуурын хөвөө Лүнгийн хоолойн орчимд нутаглана. Ховд нутгийнхан Хар-Ус нуурыг далай гэнэ. Зун болохоор далайн хавь нөхцөлгүй хална. Ялаа шумуул нь хүн байж суухын аргагүй. Тиймээс малчид ийшээ намарт л орж ирнэ.
Намар хоолой руу орж ирээд байх нэг өглөө Батзандан нойроо харамлан босохгүй хэвтэв. Ээж нь “Хүүе гэм, хонь бэлчээд холдчихлоо. Боохой хонь сүйдэлчихнэ!” гэж үглэж дуулан татаж чангаасан боловч нэмэр болсонгүй. Ээж нь аргаа бараад бага дүүг нь босгож хонины араас явуулжээ. Гэрийнхэн нь өглөө босоогүй хүүг шийтгэхээр шийдэв. Тогоотой шинэ өрмөө саванд уудалж далд хийгээд, “Хонинд явдаг сайн дүүд чинь хамаг өрмөө өгчихөлгүй яах вэ?” гэцгээв. Уурандаа багтрах шахсан хүү гараад харайлгачихаж. Далайн хөвөөнд очиж уураа даран жаахан суув. Усны шувууд дээгүүр нь эргэлдэн ганганалдах нь онгоц шиг том харагдана. Лүнгийн хоолойн хөлгүй ус ногоороод л. Тэгтэл гэнэт зүггүйтэх санаа ороод ирэх нь тэр! Ус авахаар гаргасан зэгсний завсар луу хөлийн мөрөө гаргаж, шууд явсаар далай руу орчихсон мэт харагдахаар болголоо. Тэгээд усанд живсэн хүний толгой мэт харагдана гэж тооцон том довон баархай олоод усанд хаялаа. Зэгсэн дотроос эргэн харвал нөгөө баархай яг л хүний толгой мэт харлаж байлаа.
…Түүний мөрийг тэмээнд сав тохоод, ус авахаар ирж явсан эгч нь түрүүлж олж харав. Айсандаа ухаангүй шахам болсон эгч нь гэр лүүгээ гүйхээрээ очоод “Цаад Батзандан чинь усанд үйгээд үхчихэж!” гээд, орь дуу болов. Тэднийхэн сандралдаж, дэмий л эрэг рүү гүйн ирцгээж мөрийг үзэж, “Батзандаа-аан!” хэмээн дуудаж, сүйд болцгоож, ээж нь ухаан алдан унаж байв. Ийм шидийн юм сэдэж дөнгөдөг нь түүний хожим сэтгэлгээ сайтай жүжигчин найруулагч болж чадах юм аа гэдгийг харуулаад байсан хэрэг гэж түүний найзууд ярьдаг.

“Өвчин” авчирсан зуслангийн найз
Ховдын төвийн арван жилийн сургуулийн урлагийн үзлэгт “Хэрлэн”-г дуулж томров. Үзэгч хонь гуай нарын өмнө дуулж явснаа бодвол “шат ахиж тушаал” дэвшиж, аймгийн төвийн сургуулийн тайз руу нүүсэн нь энэ байлаа.
Удалгүй бас нэг уралдаанд өөр дуу дууллаа. Батзандангийн ангид боловсролтой сэхээтний хүүхэд олон. Ганболд, Төмөр-Очир, Батаа, Хүрэлбаатар гээд хүүхдүүд бусдыгаа удирдан шог гараа, жүжигчилсэн тоглолтууд хийнэ. Харин хонин сүргийн театрын дуучинд маань энэ бүхэн тэс өөр ертөнцөд ороод ирчихсэн мэт хачин чамин этгээд мэдрэмжийг буй болгоно. Жүжиг гэдэг чинь гоё юм аа гэж бодоод л тэдний тоглолтыг үзээд л явдаг байлаа.
1978 онд, аравдугаар ангид байхад нь “Зуслангийн найзууд” кино гарч их содон дурсамж үлдээсэн байдаг. Хүүхдүүд энэ киног хэд дахин үзэж, баатруудаар нь бахархав. Кино гарсан өдрөөс эхлээд Батзандан жүжигчний мэргэжлээр “өвдлөө”. Ямар азтай хүүхдүүд ингээд кинонд тоглочихдог байна аа хэмээн бодогдож, өөрийгөө тэр хүүхдүүдийн оронд кинонд тоглож байгаагаар төсөөлөн мөрөөдөж, нойр хоолоо умартав.

Тархин доторх кино
Уран зохиолыг Шоовдой багш нь сайхан заана. “Тэхийн зогсоол”, “Сэгс цагаан богд”-ийг цээжлүүлнэ. Зохиолын яруу тансгийг тэр үедээ нэг их сүрхий мэдээгүй ч, хожмоо уран зохиолыг унших мэдрэмж бий болох суурь дэвсгэр болсон гэж тэр хэлдэг.
Бямбажав гэгч багш цөөхөн хоног уран зохиолын хичээл орохдоо хүүхдүүдийг бишрүүлчихэв. Зохиол ярина гэж үнэхээр ургуулна. Тархин дотор “кино гарч”, дүрүүд нь нүдний өмнө тодрон гарч ирнэ. Хүүхдүүд амьсгаа даран чагнана. “Чеховын “Дугтуйтай хүн”-ийг ярьж байсан нь одоо ч нүдэнд илхэн” гэж Батзандангийн ангийн найз, одоо дуучин болсон Төмөр-Очир нь хэлдэг.
“Шүхэрч Буниа”, “Хоньчин Найдан”-г нулимс дуслуулан уншина. Малчны хүүхэд болохоор ахуй нь дэндүү ойр. Гэрээ санахаараа өнөө номоо бариад авна. “Хос тогоруу” зохиолоос нутгийнх нь дэрс шанд, сэмжин үүлтэй хөх тэнгэр, тогорууны үүр, өндөг гээд л бүх зүйл харагдана. Хөдөө байгальтай ойр өссөн болохоор ийм ном сэтгэлд дотно.

Жолоочтой, том дарга
Кинонд тоглодог хүн болох юмсан гэж нууцхан мөрөөдөөд явж байтал нь нэг азтай учрал тохиов. Зөвлөлтийн мэргэжилтэн Гончаров, театр судлаач Дашдондог нар Ховд аймагт буув. Кино драмын ангид хүүхэд шалгаруулж авах гэнэ гэх сураг аймгаар тарж, хүүхдүүд хоорондоо сонин болгон ярьж, дотроо битүүхэн догдолцгоов. Өнөөх жүжиг ший тоглодог хүүхдүүд бүгдээрээ шалгуулахаар дараалалд зогслоо. Баярлах найруулагч хүүхдүүдэд этюд судалбар гэж ийм юм байдаг, яаж хийдэг вэ гэхчлэн зааж, өөрсдөөр нь тоглуулж, чиг өгсний дагуу нь бэлдээд, шалгалтад орж явчихлаа. Хөдөөний хүүгийн бэлдсэн этюд хорооны хүүхдийнхээс тэс өөр болж багш нарын анхаарлыг татав. Жижигхэн бор хүүгийн дотор асах авьяасыг тэр том хүмүүсийн гярхай нүд хажуугаараа өнгөрөөчихөөгүй нь энэ байлаа.
Шалгалтад тэнцээд, Багшийн дээд сургуулийн кино драмын анги авчих нь тэр! Хичээл тарах яагаа ч үгүй, дөрвөн сарын 17-н байсан болохоор түүнээс хойш багш нар бараг л зөнгөөр нь дүн тавиад өгчихдөг болов. Шавь нь ийм хүндтэй сургуульд явах болчихоор, хэн хөлөөс нь чангаахыг бодох вэ дээ.
Батзандангийн амьдрал сайхнаар шийдэгдэх болсонд сургууль даяараа баярлана. Ангийн багш Бямбацэрэн нь мотоциклдоо сундалдан нааш цааш давхиж бичиг баримтыг нь бүрдүүлж байлаа. “Чи жолоочтой, том дарга болжээ, багшийн араар гэдийж суугаад явж байгаа чинь яг дарга аа, дарга!” гэж түүнийг найзууд нь цаашлуулна. Тэгж байтал уралдаант шалгалт ирчихлээ. Шалгалтын зохион байгуулагчид түүнтэй ижил кино драмын анги авсан Оюунчимэгтэй хамт суулгачихлаа. Ижил хуваарьтай болохоор шалгалтын комиссынхон өрсөлдөгчид гэж эндүүрсэн хэрэг. Сургуулиа авчихсан байсан хоёр найз найрамдалтай. Нэгнийхээ бичсэн рүү харж, зарим асуултыг нь нийлж хийсээр шалгалтаа давчих нь тэр.

Жич: Зураг дээр "Тэргүүний сургач" гэчихжээ, тэр үедээ тэгж бичдэг байсан юм уу, гэтэл "ариал мон" фонт ч харагдаад байх шиг. Юу ч гэсэн "Тэргүүний сурагч" гэж залруулж уншина уу?

/үргэлжлэл бий/

Saturday, July 5, 2008

ТИВИЙГ АЧААЛСАН НҮҮДЭЛ

/хөрөг/

Уншигч авхай та, Батзандан гэхээр иргэний хөдөлгөөний Батзандан гэж бодож, нэрвтвүүзэй. UBS телевизийн кинонд дуу оруулдаг жүжигчин Батзандангийн хөрөг юм шүү. Агуу их Лодойдамбын "Тунгалаг Тамир" романыг уншиж МР-3 CD болгон, олны хүртээл болгосон эл жүжигчнийг та бүхэн дуу хоолойгоор нь мэдэх биз ээ.


Хачин үзэгчтэй дуучин
Батзандангийн аав Цэдэн гуайнх Жаргалантхайрхан ууланд гарч зусаад, намарт бэл рүү уруудаж, голд орж ирнэ. Мал нь Алтайн уулсын сэрүүн хярыг санаж буцаж гүйх гээд тогтохгүй тул аав хүү хоёр хотныхоо захад хонио манаж, гадаа унтана. Бас болоогүй, хонио бэлчээгээд алдчихаас сэргийлж, ямаа барьж хотны захад уяна. Хонь бэлчихэд уяатай ямаа ижлийнхээ хойноос майлж аав хүү хоёрыг сэрээж, нэг ёсны дохио болдог учраас тэр. Тийм л нэгэн намрын өглөө ямаа майлав. Аав нь босч хониныхоо хойноос явахыг, бас нүүр лүү гэгээ тусч байгааг хүү бүүр түүрхэн мэдсэн ч, нойрондоо дийлдэн буцаж унтав. Тэгтэл аавынх нь асаалттай орхисон хүлээн авагчаар “Тэнгэрт түгсэн оддын тэртээд…” хэмээн Цэрэндолгор гавьяатын сайхан дуу явж эхэллээ. Хүү зүүдлэв. Ээж нь нэг их дэгжин хувцас өмсчихсөн Цэрэндолгор гавьяатын хоолойгоор дуулж сууна. Нэг хартал ээж нь биш, эгч нь мөнгөн даруулга, оюу сувдан шигтгээ гялбуулан байна. Зүүдлээд байна уу даа, гэж хүү зүүдэн дотроо бодно. Тэгсэн хэрнээ сэрж чадахгүй. Ээж, эгчийнх нь хоолойн сайхан, хувцасны гоё чаминг үгээр хэлэхийн аргагүй.
Ийнхүү зүүд нойрноос нь хүртэл хүлээн авагч уяатай. Хүү орон дотроо ч, зэлэн дээрээ ч, хонины бэлчээрт ч хүлээн авагчаасаа салахгүй. Оросоо, Банзрагч, Зангад, Цэрэндолгор гээд сор болсон суутнуудын дуу байнга явна. Эд нар шиг мундаг дуучин болох юмсан гэж мөрөөднө. Хонины хишигтэй өдрөө бэлчээрт очоод хоолойныхоо чадлаар дуулдаг байлаа. Алтайн уулсын хормойг эмжсэн хөх чулууд тайз нь болно. Хөхрөн суваргалах Жаргалантхайрхан уул нь хөвөн цагаан үүл, элин халих шувуудтайгаа тайзны арын амьд засал болно. Үзэгчдийн хувьд л жаахан тиймхэн. Хонин сүрэг нь үзэгч болох агаад дуу эхэлмэгц толгой өндийлгөн сонсмор аядаж байснаа удалгүй ногоогоо зулгаагаад таг болчихно. “Тэр үеийн миний хэр дуучин явсан тухай хонь мал, унаж явсан морь минь л их юм ярих байх даа” гээд Батзандан инээдэг.
Тэрээр зүүд мөрөөдөлдөө урлаг руу нүүж эхэлсэн хүн.

Өмхий ногоо
Аав нь морь уяна. Албан бичигт Жидхүүгийн Цэдэн гэж явдаг ч нутгийнхан Цэдэн адиа гэж авгайлна. Харин тэдний сумдаа түрүүлж байсан, айргийн таваас буудаггүй хурдан ажнайг “Тоосой хээр” гэж шагшицгаана.
Батзандан өглөө эрт “Миний хүү мориндоо яваарай” гэх дуунаар сэрнэ. Морьдоо харахаас л хайр хүрээд байх учир услах хоорондоо хөтөлж аваачаад сэмхэн идүүлнэ. Аавынхаа хөлс хөдөлмөр болж байж тааруулж буй уяа сойлгыг эвдэж байна гэдгээ жаахан хүү ухаарахгүй. Уяанд өлдөөд адайр болчихсон морио эвий минь гээд илэх гэж байгаад толгойноосоо хазуулж ч үзэж байв.
1967 оны намар, хар багаасаа мал маллах, хурдны морь унах эрдэмд суралцсан хөдөөний бор хүү бас өөр эрдэм байдгийг биеэрээ мэдрэхээр сумын төв орлоо. Аав нь байранд оруулж өгөөд явахдаа “За хүү минь хоолоо л үлдээж болдоггүй юм шүү” гэж захиад явав. Хүүгээ өлсөнө гэж бодсоноос тэр. Гэтэл таван минутын дараа л ногоотой хоол гээч юмны барааг харав. Манжингийн муухай үнэртэйг яана! Шар будаатай, манжинтай шөл яаж хүчлээд ч хоолойгоор давсангүй. “Аавд очоод хэлээд өгөөч” гэж хамт сургуульд ирсэн бүл ах Жамсрангаа гуйлаа.
Аз болоход аав нь арай буцчихаагүй дэлгүүрт байжээ. Цэдэн адиа хүү дээрээ ирээд, “Хүүе, гэдэс гүзээ чинь өвдөнө. Наад юмаа асга!” гэж санд мэнд хэлж байв.
Мал ахуйдаа санаа зовж байвч, аав нь хүүдээ хоргодлоо. Хоёул сумын дэлгүүрээр орж жаал боов чихэр цуглуулсны эцэст аргагүй хагацах боллоо. Батзандангийн нулимс өөрийн эрхгүй гарч байна.
-Миний хүү яагаав?
-Зүгээр ээ.
-Тэгээд яагаад нүдээ арчаад байна аа?
-Шороо ороод оо.., гэсэн яриа аав хүү хоёрын хооронд боллоо. Хоёулаа бие биенээсээ холдож чадахгүй, азнаж азнаж аав нь нэг юм мордов. Тэгсээр тэгсээр нэг жил сургууль завсардаж ч үзэв. Дараа жил нь харин овоо гайгүй, хэд хэдэн найз олж, өнөөх өмхий ногоог бага багаар идчихтэйгээ болж, ер нь дасах шинж орсон гэдэг.

/үргэлжлэл бий/

Monday, January 28, 2008

МАЛЧИН БОЛООГҮЙ ХҮН

/хөрөг/
Өрхийн тэргүүн
Ухаа Аргалантад нэгэн айл нутаглана. Шилүүстэй сумын хурган дарга нар энэ айлд буусан тухайгаа “Цэнддоо хүүхдийнх өвс тэжээл хангалттай, мал нь сайн өвөлжиж байна” хэмээн нэгдлийн даргадаа илтгэнэ. Тэр өрхөд сургуульд орох болоогүй шөвгөр шар хүү, хүүгийн хөгшин ээж хоёр бүртгэлтэй. Сумаас “Соёл бригадын малчин Цэнддоод төдөн кило мах, тэдэн литр сүү тушаах албан ноогдол оногдуулсан болно. Энэ бүхнийг та сайн дурын үндсэн дээр тушаах ёстой” гэсэн улаан тамгатай бичиг ирнэ. Аавынхаа гэрт бус хөгшин ээж дээрээ байх хүүгийн нэрээр Шилүүстэйд нэгэн өрх данслагдсан нь эднийх байлаа.
1970 онд өрхийн тэргүүн гуай найман нас хүрч сургуульд орсноор сумын төвд нүүж ирлээ. Энд кино гэж нэг айхавтар гоё юм гарах. Тавин мөнгөний үнэтэй. Цэнддоо гарсан кино бүрийг үзэх сонирхолтой бол хөгшин ээж нь “Дайн байлдаан, алаан хядаантай киног хүүхэд үзэх муу” хэмээн хорино. Хааяа л нэг мөнгө өгнө. Хүү, хөгшин ээжийнхээ хөлд суух арга сэднэ.
-Энэ өрхийн чинь тэргүүн би билүү, та билүү?
-Иш, миний хүү байлгүй яахав!
-За тэгвэл мөнгөө би барьж байя гэсэн яриа хийж үзсэн нь ч бий.
1980 онд өрхийн тэргүүн Улаанбаатарт суралцахаар одоход “Одоо танайхыг танаар нэрлэнэ” гэж сумын удирдлагууд хэлэхэд хөгшин ээж “Юу ярьж байгаа юм? Миний хүүг амьд байхад” хэмээн уурласан гэдэг. “Монгол улсын түүхэнд хоёр өрхийг зэрэг толгойлсон анхны хүн дээ, би” гээд Цэнддоо инээдэг.
Кино механикч
Хөгшин ээжээс тавин мөнгө ивэлгэх арга саам ховордсоор. Кино механикчийн хоёр хүү нэг ангид сурдаг байсныг мань эр дааж аван, хичээл давтуулдаг болов. Механикчийн хүүхдүүдийн талаар багш нарын ам ч сайжирлаа. Ингээд кинонд үнэгүй орох эрхтэй болох нь тэр. Удалгүй тэрхүү кино механикч Очиржав гуайн хичээллүүлдэг “Өсвөрийн кино механикч” дугуйланд элсэн суралцаж, кино гаргадаг болж “томров”. Дунд ангийн сурагч “өсвөрийн кино механикч” дотуур байрнаасаа уригдаж залагдан, оройн кино гаргах болов. Долоо хоногт ганцхан удаа бүтэн сайнд гардаг кино гэгч тэр чухал юмыг хэзээ ч үзэх бүрэн эрхтэй хүн суманд ганц Цэнддоо л байж.
Малчин бүү бол...
Хөгшин ээж нь “Сургууль соёлын мөр хөө. Миний хүү, малчин болж энд үлдэх ёсгүй” гэж байнга захина. Дал наяад онд мал өсгөх ажилд улс онцгой анхаарал тавьж байлаа. Орон даяар сумдын сургуулийн гуравдугаар улирлын амралтыг урт болгож малчдын хүүхдүүдийг социалист өмчийг өсгөн үржүүлэх нөхцлийг бүрдүүлнэ.
Цэнддоогийн өвөлжөөний баруун оройгоос сумын төв ил харагдана. Хурганы уут үүрээд хонь хариулж явахдаа сумын төв рүү байн байн дурандаж мөсөн дээр гулган тоглох хүүхдүүдийг харж, “Ямар азтай нь сумын төвийн айлын хүүхэд болж төрдөг байна аа” гэж атаархана. “Нам засаг ямар энэрэнгүй бус байна аа” ч гэж бодно. Хөгшин ээжийн хэлсэн үгийг “нам засаг” ийнхүү яс маханд нь шингэтэл мэдрүүлсэн хэрэг. Тэрхүү сарын “амралт” бүтэн жил шиг л санагдаж, арайхийн нэг юм дуусдаг байв. Тэгээд ч дулаан дотуур байранд бэлэн хоол идчихээд, “нийгмийн халамж”-д байгаа хүүхдүүд малаас зугтаадаг болох нь мэдээж. Цэнддоогийн “Голын тэртээх гацааны хавар” номоос энэ бүхэн нүдний өмнө дурайн тодордог.
Арын хаалга
Далаад оны хүүхдүүд ном их уншина. Цэнддоо ч мөн адил номноос салахгүй. Нэг өдөр хүү сумынхаа номын санд анх орж үзээд, ийм олон ном байдаг аа гэж гайхан, лусын санд ороод ирчихсэн юм шиг л санаж алмайрч байж. Сумын номын сангийн эрхлэгч Марууш гуай Цэнддоод их сайн. Номын сангийн эрхлэгч ном уншдаг хүнд сайн байхаас ч яахав, дуртай номоо шилж, хоногоор авч уншдаг болов. Анх удаа арын хаалга гэдэг юмны бариулыг атгаж үзсэн хэрэг.
Номтой холбоотой сонин түүх түүний амьдралд их. Аймгийн сургуульд ирж ном уншдаг олон хүүхэдтэй найз болсны нэг, Эрдэнэхайрхан сумын Бат-Очир гэх хүү “номын хулгай бол хулгай биш” гэх үг дуулаад сумын номын сангаасаа шуудай ном хулгай хийсэн паянтай. Тэр “социалист өмч хулгайлсан” хэрэгт татагдах дөхсөнөө ярина. Номыг нүдэнд харагдтал ярьж өгөх найз ч таарна. Хоёр сумын зааг Хужиртайн голд зусаж байхад нь Отгон сумын хүү тааралдаж Наваансүрэнгийн “Минжий Хангай”-г хоёр өдөр хонины ээлж тааруулж ярьж өгсөн нь санаанаас гардаггүй. Сүүлд нь тэр номоо аваад унштал тэр нөхрийн ярьж өгсөнд ерөөсөө хүрээгүй гэдэг. Өнгөтөөр ярина гэдэг л тэр байж.
Хүндтэй бас хөдөлмөр өдөртэй
“Монцамэ” агентлагт насаараа сурвалжлагчаар ажилласан Цэрэннамжил гуай тэр үед Шилүүстэйд багш хийж байж. Түүний удирддаг уран зохиолын дугуйланд Цэнддоо явж, шүлэг бичнэ. Удалгүй “Пионерийн үнэн” сонинд шүлгээ нийтлүүлэв. Аймгийн зохиолчдын номд шүлэг нь орж хөл газар хүргэлгүй хөөр болж байсан нь санаанаас нь гардаггүй. Ном сонинд бүтээл оруулна гэдэг их том хэрэг байсан учир сурагчид, багш нарын дунд хүндтэй. Түүгээр ч барахгүй Эвлэлийн хороогоор дамжин бичлэгийн шагнал нь ирж бас “хөдөлмөр өдөр”-тэй золгов. Найзууддаа чихэр авч өгч томордог боллоо.
Ер нь яаж яваад зохиолч болчихсон бэ? гэх жижүүрийн асуултад Цэнддоо их хоржоонтой хариу барьдаг. “Хүмүүс, тэр ч эмээ минь, энэ ч өвөө минь над уран зохиолын авшиг өгсөн гэцгээдэг. Над бол тийм юм байхгүй” гэж хэлээд инээнэ. “Бас одооны хүмүүс харц малчин гаралтай гэхээ болиод тайж угсаатай гэж намтар түүхээ ярих нь их болсон. Харин би бол ядуу малчин ардын л хүүхэд” гэнэ.
Ухаа Аргалант гэх түүний бага нас өнгөрсөн өвөлжөө нь их сайхан газар. Завхан голын хойд эргийг эмжин орших хүрэн уулсын бараг оройд шахам урагшаа харсан задгай аман дахь өвөлжөөнөөс нь Дэлгэр, Гуулингийн тал цэлийн униартаж, цаахнатай нь Алтайн нурууны салбар уулс номин цэнхэртэн дүнхийнэ. “Тэр өндрөөс нэг их гоё цэлийсэн тал харагддаг. Шөнө түүгээр гэрэл гялалзаад л машин явна. Өдөр нь тоос татаад л. Хүн мөрөөдөмтгий болохгүй байхын аргагүй. Алсад Сэрхийн нуруу нэг их гоё хөх цэнхэр уул харагдана. Үлгэрийн юм шиг. Тийшээ явж үзэх юмсан, хөв хөх чулуутай, хөв хөх өвс ургамал ургадаг байх даа гэж боддог байж” хэмээн бага нас, нутгаа дурсах дуртай.
“Тэнэг”
Аравдугаар ангиа төгсөөд, конкурс гэгчид орж МУИС-ийн сэтгүүл зүйн анги авлаа. Тэгтэл бөөн шуугиан тарих нь тэр! Бүхэл бүтэн аймгийн тэр олон хүүхдээс хоёрдугаар байрт шалгарчихаад дотоодын хуваарь авдаг “тэнэг” хэмээн цоллуулав. Ардчилсан Герман, Ташкентийн их сургуулийн хууль зүйн анги гээд гадаадын хуваарь байсныг тоогоогүй хэрэг. Зарим нэг багш нь уурлан “Үгүй чи чинь, тийм сайхан хуваарь байсаар байтал авдаггүй янзын хүүхэд вэ” хэмээн загнаж зандарч ч үзжээ.
Филатоваг үл тоов
Их сургуульд шүлэг зохиолоо үргэлжлүүлэн бичсээр. Тавдугаар курсдээ “Цог” сэтгүүлийн “Оч” буланд зурагтай шүлэгтэйгээ гарч бөөн баяр болов. Шагналаа авч найзуудаа дайлж баярлаад таваг хагалсан хэргээр цагдаад баригдлаа. Өнөөх нь гай болж “Хүүхдийн төлөө фонд”-ын таваг болж таарав. Ингээд л “Цэдэнбал Филатоваг үл тоомсорлосон хэрэг” үүсч, сургуулиас хөөхдөө тулж, Дулам, Долгоржав багш нар нь хөөцөлдсөний хүчинд арай гэж нэг жилийн чөлөө болж байв.
Хойтон нь Цэдэнбал, Филатоватангууд нь хувь заяаны шоглоомоор ч юм шиг унахад, Түдэв гуай Цэнддоог “Үнэн” сониндоо авав. Хэдий амаргүй үе байсан ч Түдэв эрхлэгч Ху намын төв хэвлэлд өөр уур амьсгал оруулахаар зүтгэж, Цэрэнжав, хоёр Батмөнх нарын сэтгүүлчид, гэрэл зурагчин Цацралт, шог зураач Цогтбаяр зэрэг залуусаар цус сэлбэж байсан нь тэр.
Тэгж байтал анхны номыг нь Д.Сүрэнжав гуай өлгийдөж “Шинэ нахиа” нэртэй гурван залуугийн шүлгийн хамтарсан түүвэр болгон хэвлүүлэв. Дараа нь “Амь халуун” хэмээх анхны бие даасан шүлгийн номоо хэвлүүлсэн байдаг. Харин ерээд онд “Үг” сонинд очсоноор фельетон бичиж эхэлжээ. “Харахад эсрэг тэсрэг юм шиг боловч яруу найраг, шог зохиол хоёр чинь их ойрхон эд шүү дээ” гэж тэр хэлдэг.
Цөлөгдөх юм хийсэн нь...
Ажилд орсон жилээ Октябрийн баярын жагсаалд явж байтал Байды гуай түүнд “За, энэ талбай дээр чинь уул нь ингэж жагсаж байх газар биш, цам харайж байх ёстой юм ш дээ” л гэж. Шинэ залуугийн нүд орой дээрээ гарчихаж. Надаар үг алдуулах гээд байгаа юм биш байгаа гэж ч хүртэл бодогдсон гэдэг. Яваандаа “Тоншуул”-ынхантай танилцав. Тийшээ орж аймаар хэрнээ чагнаад зогсоод баймаар цууралтыг нь сонсоно.
Цэнддоо 1989 онд “Малыг малчдад” нийтлэлээ бичээд, их айсан гэдэг. “Хөдөлмөр” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Ганболдод бичсэнээ аваачиж өгөөд, намайг Москва руу явсан хойно л тавиарай гэж захижээ. Буцаад, онгоцны буудалд буутал нь нэг танил нь гүйж ирээд, “За, зарим нь их буруу гээд, зарим нь зөв гээд л байна” гэхэд нь дотор палхийж, “Би ч буруу юм хийчихэв үү дээ” гэж бодогдов. “Ингэж чөлөөтэй юм шиг хөдөлгөж байгаад л, гэнэт сэхээтний төөрөгдөл гээд л буцаагаад алчихдаг юм шүү” гэж хашир нэг нь айлгана. Нээрээ нялх нойтон хүүхэдтэй минь цөлчих вий гэж их айна. Тэгж байтал 90 он гарч ардчилсан хөдөлгөөн эхэлж санаа амраав. Нэгдэлжих хөдөлгөөнийг мэдэхгүй 1962 онд төрсөн залуу, сэтгүүлчийн мэдрэмжээр энэ өгүүллийг бичсэн хэрэг. Нэгдэл гэдэг юм ерөөсөө л болохгүй байна гэдэг санааг нь хүмүүс их талархаж хүлээж авсан байдаг.
“Зөв юмыг түрүүлж дуугарч, зориг гаргаж чадсандаа бахархаж явдаг. Энэ бүх үзэл бий болоход 1984 онд Баабартай танилцсан маань их нөлөөлсөн” гэж тэр ярина. Тэр үед Польшид сурдаг гэх залуу оюутнуудтай уулзаж, гар бичмэлүүдээ уншуулж явсантай ойртож танилцсан хэрэг.
...Монголд фельетон гэгчийг бий болгосон шог зохиолчийн тухай өгүүлэхэд ийм байх юм. Сүүлийн жилүүдэд “Өдрийн сонин”-ы орлогч эрхлэгчийн цаг наргүй албыг залгуулах зуураа энэ хүн “Хаврын арван долоон учрал”, “Ерээд оны Тунгалаг Тамир”, “Голын тэртээх гацааны хавар”, “Марко Поло Монголд байсан нь”, “Соёлоор довтлох морьтон” гээд олон ном туурвиж, уншигчдадаа хүргэжээ. Бямбажавын Цэнддоо хөгшин ээжийнхээ захиасыг биелүүлжээ. Тэр малчин болоогүй хүн.
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates