Saturday, July 26, 2008

ТИВИЙГ АЧААЛСАН НҮҮДЭЛ


/хөрөг/

Уншигч авхай та, Батзандан гэхээр иргэний хөдөлгөөний Батзандан гэж бодож, цухалдавзай. UBS телевизийн кинонд дуу оруулдаг жүжигчин Батзандангийн хөрөг юм шүү. Агуу их Лодойдамбын "Тунгалаг Тамир" романыг уншиж МР-3 CD болгон, олны хүртээл болгосон эл жүжигчнийг та бүхэн дуу хоолойгоор нь мэдэх биз ээ.

Жавар үргээсэн хөлс
Идэр ес. Дөчин хэмийн хүйтэн тачигнана. Сумын улаан булан халаалтгүй учир гадаанаас ялгаагүй. Тоглолт үзэхээр үстэй дээл, эсгий гуталтай ирсэн үзэгч дагжиж чичрэн сууж харагдана. Гэтэл жүжигчид дан цамц, савхин шаахайтай тоглох нь үргэлж зунаараа байдаг Жагарын орон гэгчийг тайзнаа цогцлоосон мэт, хачин сэтгэгдэл төрүүлнэ. Арын эгнээнд суух буурал сахалтай өвгөн тайзан дээрх жүжигчдийг заан “Гүй мөн сонин юм аа. Даарахгүйгээр барахгүй, бүр халууцаад хөлс нь дусалж байна” гэж гайхлаа. Нээрээ, жүжигчний шанааг даган хөлс урсаж байлаа! Ховд аймгийн “бэсрэг” хэмээх театрын жүжигчдийг үзэгчид биширсэн нь энэ.
…1991 онд Ховдын театр бутрахад тулж, орон тоогоо цомхотгохоор шалгаруулалт хийлээ. Энэ самуун олон сайхан чадалтай уран бүтээлчийг ажилгүй болгов. Хөгжимт драмын театрын жүжигчин Батзандан өөрөө хэдийгээр шалгаруулалтад тэнцсэн ч, театраа орхиж бэсрэг театр байгуулахаар шийдэв. Сайхан, баритон хоолойтой найз Баярсайхан нь уртын дуучин гэргий Ичинхорлоогийн хамтаар цомхотголд өртчихөөр нь “Ийм сайхан уран бүтээлчдийг хаяж байгаа бол, би эдэнтэй нийлж юу чаддагаа харуулна” гэж дотроо шаралхсан нь тэр.
“Бэсрэг”-ийнхэн гэртээ тоглолтын зохиол бичиж, театраас гадуур бэлтгэл сургуулиа хийж байлаа. 1991 оны намар болсон тоглолтод нь театрын танхимд багтаж шингэхгүй олон хүн цугларав. Онигооноос сэдэвлэж бичсэн “Нулимстай инээд” хошин үзүүлбэрүүд нь үзэгчдийг хөгжөөж, түүнтэй зэрэгцээд монгол бүжгийн хэмнэл үзэгчдийг догдлоож, баритон хоолой хүнгэнэн, уртын дууны шуранхай хадаж, дуу хуур инээд наргиа цолгиж байлаа. Гурван цагийн тоглолт хүмүүсийн хувьд хоромхон зуурт өнгөрөв. Аймгийн Хөдөө аж ахуйн техникумын багш Бишээ жүжигчид рүү ирж, баяр хүргэхдээ “Гуравхан хүн гурван цаг тоглочихдог байх гэж?” хэмээн хэлж байв. Бэсрэг театрын бүрэлдэхүүн анхны тоглолтоосоо их урам, их эрч хүч олж авлаа.
Гурван давхар дулаан барилгатай, гуч хоноод буух бэлэн цалинтай улсын театрыг орхин, гурван жүжигчинтэй, гучин ам метр түрээсийн өрөөний булан ч үгүй бэсрэг театр руу Батзандан нүүсэн юм. Хийж бүтээх гэсэн их тэмүүлэл, бас хор шар нь энэ нүүдлийн учир шалтгаан болов.

Тэнхээ бэлэглэсэн алга ташилт

1991 онд байгуулагдсан бэсрэг театрыг бэрхшээл угтсан юм. Бүх юм ховор. Өдөр тутмын хувцсаа тайзны гоёл болгоно. Жижиг хэрэглэлдээ гэрийнхээ сав суулгыг ашиглана. Аялан тоглолтоор их явж гэмээ нь театр амьдардаг. Тэгтэл тэднийг шатахуунгүй, гэрэлгүй сум угтана. Унаа тэрэг гуйна. Урлагийн нүүрээр шатахуун цохуулна. Жүжгийн үеэр тог унтрахад жүжигчид яриан дундуураа лаагаа асаагаад л үзэгдлээ үргэлжлүүлнэ. Хүмүүс жүжигт нь тог унтарч лаа асаахыг төлөвлөсөн мэтээр ойлгоно.
Сумуудын гуанз, буудал нь хувьчлалын шуурганд өртөөд оргүй болчихсон. Уртын дууны буянд богино ходоодоо бошийлгох өдөр олон. “Уртын дуучинтай байхад, ямар ч айлд ороход айх юмгүй” гэж жүжигчид наадам наргиа болно.
Сумын овгорууд их түвэг удна. Гавьяат Банзрагчийг хүртэл зодчихож байсан улстай харьцах гэдэг хүнд. Яваандаа овгоруудын аргыг олох болов. Суманд орж ирмэгцээ “Танай сумын овгор хэн бэ?” гэж асууж сураглаж байгаад, шууд л овгорын гэрт нь буучихна. Өөртэй нь хүний ёсоор харьцаж, өөрийг нь гээд хүрээд ирж байгаа болохоор овгор бас тэдэнтэй хүн шиг харьцаж, хамгаалалтдаа авч, айх аюулгүй болно.
Алтайн их уулсыг цас дарж, зам даваа хаагдаад байхад Говь-Алтай аймгийн Цогт сум Дөтийн даваагаар арайхийн давж явсан жолооч нь “Би яах гэж та нартай явав даа” гээд, уйлж байсан гэдэг. Өдөржин цас ухаж үйл тамаа эдэлсэн жолооч арга байж уу. Бэсрэг театрын жүжигчид холын аян, өдөр хоногийн уртад ижил дасал болсон жолооч бор залуугаа аргадах гэж ихэд сандарч байв.
Хэдий ядарч зүдэрч яваа ч, үзэгчдийн нижигнэсэн алга ташилт тэдэнд цасанд боогдсон давааг давж, дараагийн сум руу нүүх тэнхээг өгнө. Нүүдэл өдөр ирэх бүр газар ахисаар.

Дүнкүгээс Сталин хүртэл

Бэсрэг театр 10 жилийн ойгоо тэмдэглэж, хамтран тоглож, хатуу хөтүү бүхнийг хамт туулсан гэргий, бэсрэг театрын бүжигчин Оюунтунгалагийнхаа тайлан тоглолтыг Ховд хотод хийлээ. Дараа нь нийслэлийг зорив. Улаанбаатар телевизэд ирж, кино албаны дуу оруулагч жүжигчнээр ажиллаж эхэллээ. Урлагийн тайзан дээрх бас нэгэн нүүдэл нь энэ болсон юм.
Тэр 4000 кинонд дуу оруулаад байна. Солонгосын “Тэ Жан Гүм”-ийн Дүнкүгээс эхлээд Генерал Исмус Сталин хүртэл түүний хоолойгоор ярьжээ. Нэг киноны 5 дүрд зэрэг дуу оруулах энүүхэнд. Дуу оруулж буй дүрүүдээс нь гурав нь нэг дор хоорондоо ярих нь таарна. Тэр бүрийг ажралгүй дүрүүдээ бие биенээс нь салгаж дуугарна гэдэг жүжигчнээс их ур чадвар нэхдэг. Түүнийг хүмүүс тослог сайхан хоолойтой гэдэг. Багадаа тенор хоолойгоор дуу дуулж явсан уу гэхээс эр хадуун хоолойгоор кинонд дуу оруулна гэж зүүдлээ ч үгүй явж.
2006 онд тэрээр Ариунхүслэн найруулагчтай хамтран Чадраабалын Лодойдамбын “Тунгалаг Тамир” романыг радиод уншиж, MP-3 CD гаргасан юм. Энэ бүтээлийг өгүүлэхүйн урлагийн томчууд өндөр үнэлдэг. Гавьяат жүжигчин Равдан гуай “Уг бүтээл бол, өгүүлэхүйн урлагийн түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал” хэмээн үнэлсэн байдаг.
Цэдэнгийн Батзандан хэмээх энэ уран бүтээлчийн нүүдэл дуусаагүй. Тэрээр тивийн энтэй урын сангаа бодолдоо ачаалан улам өөдөө тэмүүлэн, нүүсээр явна.



















Жич: Ц.Батзандангийн "Тивийг ачаалсан нүүдэл" хэмээх CD хэвлэлтэд бэлэн болчихоод байна. Миний бие уг CD-ний хавсралт номд орж буй хөргийг бичсэн маань энэ юм аа.
Урлагт ээлтэй та бүхнийг энэ уран бүтээлийг ивээн тэтгэж хамтран ажиллахыг энэ дашрамд урьж байгаа юм шүү.

12 comments:

Anonymous said...

Маш сайхан хөрөг болжээ.Хүн хичээж зүтгэж бэрхшээл саадыг туулж байж л амжилтанд хүрдэг. Тунгалаг Тамир романыг сонссон. Үнэхээр сайхан уншсан байна лээ.
Сайхан хүний тухай сайхан бичлэг уншихаар сэтгэл дагаад сайхан болчихдог юм. За баахан сайхан гэчихлээ,сайхан үгийг хэд ч хэлсэн яадгийн.
Баярлалаа

Arsun said...

Маш сайхан хөрөг болжээ.Хүн хичээж зүтгэж бэрхшээл саадыг туулж байж л амжилтанд хүрдэг. Тунгалаг Тамир романыг сонссон. Үнэхээр сайхан уншсан байна лээ.
Сайхан хүний тухай сайхан бичлэг уншихаар сэтгэл дагаад сайхан болчихдог юм. За баахан сайхан гэчихлээ,сайхан үгийг хэд ч хэлсэн яадгийн.
Баярлалаа

A.Амарсайхан said...

Алтанганад:
Миний нэр бас сайхан. Тэгэхээр сайхан гэдэг үгийг олонтой газар дахин дахин хэлж байгаарай.

Арсунд:
Миний нэр бас сайхан. Тэгэхээр сайхан гэдэг үгийг олонтой газар дахин дахин хэлж байгаарай.

Anonymous said...

Маш сайхан хөрөг болжээ.Хүн хичээж зүтгэж бэрхшээл саадыг туулж байж л амжилтанд хүрдэг. Тунгалаг Тамир романыг сонссон. Үнэхээр сайхан уншсан байна лээ.
Сайхан хүний тухай сайхан бичлэг уншихаар сэтгэл дагаад сайхан болчихдог юм. За баахан сайхан гэчихлээ,сайхан үгийг хэд ч хэлсэн яадгийн.
Баярлалаа B.B /Sanaa neg bna/

A.Амарсайхан said...

В.В-д:
Баярлалаа. Хөрөг бичиж байгаа хүн маань их мундаг хүн юм л даа.

Anonymous said...

Ц.Батзандан guaid ajliin amjilt husye :)

A.Амарсайхан ahad ta ugaasaa lag bichdeg hun :)

zuud said...

Сайхан хүний тухай, Амарсайхан ахын
сайхан бичлэг уншисан сэтгэл сайхан болчихлоо.

Mongolian State University of Agriculture said...

Хөрөг сайхан болжээ. Миний аавын нутгийн хүн юм байна. Одоо харин хотод хувийн студи байхгүй юм уу? Энэ хүнд Ховд багадна, Улаанбаатарын сая хүнтэй зах зээлд байр сууриа олж амжилттай ажиллаж чадна гэдэгт итгэж байна.

Дeстини said...

Хайран бүтээлийн хаагуур нь зөрчих вөө. Энэ CD-г олж авахсан. Гадаадаас яаж авахыг мэдэх үү?

sanakae said...

Блогийн загвараа солиод сайхан болжээ.

gegeen said...

manaihan ch tsoglog shuu. saikhan bainaa. amarhansaikhan baina uu.

www.gegeen.com

A.Амарсайхан said...

Аноним, Зүүд, Дестайни, Эрдэнэболор, Санакае, Гэгээн нарт:

Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Би интернэтээс хол, амараад байна аа. Бичлэг ч нэмж чаддаггүй ээ. Одоо Говь-Алтай, Ховд явлаа. Тэнд очоод бичлэг нэмэхийг хичээе ээ.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates