/хөрөг/
Уншигч авхай та, Батзандан гэхээр иргэний хөдөлгөөний Батзандан гэж бодож, нэрвтвүүзэй. UBS телевизийн кинонд дуу оруулдаг жүжигчин Батзандангийн хөрөг юм шүү. Агуу их Лодойдамбын "Тунгалаг Тамир" романыг уншиж МР-3 CD болгон, олны хүртээл болгосон эл жүжигчнийг та бүхэн дуу хоолойгоор нь мэдэх биз ээ.
Хачин үзэгчтэй дуучин
Батзандангийн аав Цэдэн гуайнх Жаргалантхайрхан ууланд гарч зусаад, намарт бэл рүү уруудаж, голд орж ирнэ. Мал нь Алтайн уулсын сэрүүн хярыг санаж буцаж гүйх гээд тогтохгүй тул аав хүү хоёр хотныхоо захад хонио манаж, гадаа унтана. Бас болоогүй, хонио бэлчээгээд алдчихаас сэргийлж, ямаа барьж хотны захад уяна. Хонь бэлчихэд уяатай ямаа ижлийнхээ хойноос майлж аав хүү хоёрыг сэрээж, нэг ёсны дохио болдог учраас тэр. Тийм л нэгэн намрын өглөө ямаа майлав. Аав нь босч хониныхоо хойноос явахыг, бас нүүр лүү гэгээ тусч байгааг хүү бүүр түүрхэн мэдсэн ч, нойрондоо дийлдэн буцаж унтав. Тэгтэл аавынх нь асаалттай орхисон хүлээн авагчаар “Тэнгэрт түгсэн оддын тэртээд…” хэмээн Цэрэндолгор гавьяатын сайхан дуу явж эхэллээ. Хүү зүүдлэв. Ээж нь нэг их дэгжин хувцас өмсчихсөн Цэрэндолгор гавьяатын хоолойгоор дуулж сууна. Нэг хартал ээж нь биш, эгч нь мөнгөн даруулга, оюу сувдан шигтгээ гялбуулан байна. Зүүдлээд байна уу даа, гэж хүү зүүдэн дотроо бодно. Тэгсэн хэрнээ сэрж чадахгүй. Ээж, эгчийнх нь хоолойн сайхан, хувцасны гоё чаминг үгээр хэлэхийн аргагүй.
Ийнхүү зүүд нойрноос нь хүртэл хүлээн авагч уяатай. Хүү орон дотроо ч, зэлэн дээрээ ч, хонины бэлчээрт ч хүлээн авагчаасаа салахгүй. Оросоо, Банзрагч, Зангад, Цэрэндолгор гээд сор болсон суутнуудын дуу байнга явна. Эд нар шиг мундаг дуучин болох юмсан гэж мөрөөднө. Хонины хишигтэй өдрөө бэлчээрт очоод хоолойныхоо чадлаар дуулдаг байлаа. Алтайн уулсын хормойг эмжсэн хөх чулууд тайз нь болно. Хөхрөн суваргалах Жаргалантхайрхан уул нь хөвөн цагаан үүл, элин халих шувуудтайгаа тайзны арын амьд засал болно. Үзэгчдийн хувьд л жаахан тиймхэн. Хонин сүрэг нь үзэгч болох агаад дуу эхэлмэгц толгой өндийлгөн сонсмор аядаж байснаа удалгүй ногоогоо зулгаагаад таг болчихно. “Тэр үеийн миний хэр дуучин явсан тухай хонь мал, унаж явсан морь минь л их юм ярих байх даа” гээд Батзандан инээдэг.
Тэрээр зүүд мөрөөдөлдөө урлаг руу нүүж эхэлсэн хүн.
Өмхий ногоо
Аав нь морь уяна. Албан бичигт Жидхүүгийн Цэдэн гэж явдаг ч нутгийнхан Цэдэн адиа гэж авгайлна. Харин тэдний сумдаа түрүүлж байсан, айргийн таваас буудаггүй хурдан ажнайг “Тоосой хээр” гэж шагшицгаана.
Батзандан өглөө эрт “Миний хүү мориндоо яваарай” гэх дуунаар сэрнэ. Морьдоо харахаас л хайр хүрээд байх учир услах хоорондоо хөтөлж аваачаад сэмхэн идүүлнэ. Аавынхаа хөлс хөдөлмөр болж байж тааруулж буй уяа сойлгыг эвдэж байна гэдгээ жаахан хүү ухаарахгүй. Уяанд өлдөөд адайр болчихсон морио эвий минь гээд илэх гэж байгаад толгойноосоо хазуулж ч үзэж байв.
1967 оны намар, хар багаасаа мал маллах, хурдны морь унах эрдэмд суралцсан хөдөөний бор хүү бас өөр эрдэм байдгийг биеэрээ мэдрэхээр сумын төв орлоо. Аав нь байранд оруулж өгөөд явахдаа “За хүү минь хоолоо л үлдээж болдоггүй юм шүү” гэж захиад явав. Хүүгээ өлсөнө гэж бодсоноос тэр. Гэтэл таван минутын дараа л ногоотой хоол гээч юмны барааг харав. Манжингийн муухай үнэртэйг яана! Шар будаатай, манжинтай шөл яаж хүчлээд ч хоолойгоор давсангүй. “Аавд очоод хэлээд өгөөч” гэж хамт сургуульд ирсэн бүл ах Жамсрангаа гуйлаа.
Аз болоход аав нь арай буцчихаагүй дэлгүүрт байжээ. Цэдэн адиа хүү дээрээ ирээд, “Хүүе, гэдэс гүзээ чинь өвдөнө. Наад юмаа асга!” гэж санд мэнд хэлж байв.
Мал ахуйдаа санаа зовж байвч, аав нь хүүдээ хоргодлоо. Хоёул сумын дэлгүүрээр орж жаал боов чихэр цуглуулсны эцэст аргагүй хагацах боллоо. Батзандангийн нулимс өөрийн эрхгүй гарч байна.
-Миний хүү яагаав?
-Зүгээр ээ.
-Тэгээд яагаад нүдээ арчаад байна аа?
-Шороо ороод оо.., гэсэн яриа аав хүү хоёрын хооронд боллоо. Хоёулаа бие биенээсээ холдож чадахгүй, азнаж азнаж аав нь нэг юм мордов. Тэгсээр тэгсээр нэг жил сургууль завсардаж ч үзэв. Дараа жил нь харин овоо гайгүй, хэд хэдэн найз олж, өнөөх өмхий ногоог бага багаар идчихтэйгээ болж, ер нь дасах шинж орсон гэдэг.
/үргэлжлэл бий/
Баавгай болохсон
1 week ago
8 comments:
tany ene hurugnuudiig unshih durtai shuu, ih saihan bichih yum, nudend haragdtal.
Germani pioneriin lagert bidentei neg nogoo idej suraagui mongol huuhed amraad, zussen pomidor amnaasaa yarvaij gargaad, 'yamar muuhai pyalbaisan ed ve geed', bid icheed german huuhduud gaihaj haraad baisan sanaand orchloo. Saihan bichjee.
яг одоо нэг ийм сайхан хүний унших л дутуу байлаа, бүр мэдсэн юм шиг эхэлсэн байна шүү.
Сайхан ч бичиж ... дараагийн хэсгийг нь хүлээж байгаа шүү.
Тэлмэнд:
Урам өгсөнд баярлалаа.
Гангад:
Яах вэ дээ, германууд бидэн шиг хонины сүүл зүсээд үмхчихэж чадах биш. Үндэсний л онцлог шүү дээ. Бид оросуудын хажууд мах идэхээр "Как ты жуёшь так много мяса без хлеба?" гэж ирээд л гайхдаг байсан.
Алтарганад:
Гүй харин тийм. Хүн бүхэн улс төржөөд байх юм. Бүр залхаад ганц ч болов улстөргүй юм нийтэлье гэж зүтгэлээ.
Урлагийнхан энэ хүнийг танинаа. Одоо бидний үзээд байдаг олон ангит кинонуудад ч сайхан дуу оруулсан байдаг шүү. Үргэлжлэлээ хурдлахгүй бол тэсэхгүй нь шүү.
MW-д:
Олон ангит болон цөөн ангит, тэр ч байтугай ганц ангит кинонуудын баатрууд бүгд энэ хүний дуу хоолойгоор хэлд орсон байдаг юм аа.
Ene huniig harin sain tanih yum bnaa.
Kinond bas goyo duu oruuldag shuu. Manai hajuu ailiin hun bga yum.
Цолмонд:
Өө за. Сонин юм байна. Айл хүний амь нэг гэдэг биз дээ.
Post a Comment