Showing posts with label Шог өгүүллэг. Show all posts
Showing posts with label Шог өгүүллэг. Show all posts

Wednesday, April 4, 2012

ШРЕКИЙН ШИНЭ АДАЛ ЯВДАЛ

Холивудын супер од Шрек ахаараа амилуулан өгүүлмой

Эрт урьдын цагт юмсанжээ. Шрек учиргүй их гутарч гэнэ. “Надаас муухай амьтан энэ хорвоо дээр байна уу? Хамар - заан гишгэчихсэн юм шиг палига, арьс - матрынх мэт үзээрийн ногоон, гүзээ - эрхэм гишүүнийх шиг шалхагар, нүүр - ерөнхийлөгч Очирбатаас ч бажгар...” хэмээн бодохоос өр зүрх нь өмрөв. Энэ тухайгаа Пионад ярьтал, гүнжтэн ч бас сэтгэлээр навс унажээ. Ийнхүү хоёул гуниглаж ахуйд эрдэм номд төгс нэвтэрсэн профессор Дамболдорф абугай тааралдаад, “Өмхий намгийн усаар өглөө бүр цай чанаж уудаг учраас ийм үзэшгүй муухай зүс царайтай болжээ” гэж айлдав гэнэ.
Ингээд шинэхэн гэрлэсэн хос цэвэр цэнгэг усыг хэрхэн яаж олж уух вэ гэж өдрийн бодол, шөнийн зүүд болцгоожээ. Өмхий намгийнхаа усыг өчнөөн давхар орос самбайгаар шүүж хүртэж үзсэн боловч тусыг эс олов. Төрж өссөн нутаг, Төөлүүртэйн өмхий намгаа орхиод нүүе гэтэл Шрек яагаад ч чадсангүй. “Өмхий ч гэсэн нутаг минь, өөвгөр ч гэсэн гэр минь” хэмээн шүлэг найраг хайлж, харууслын дуу гиншиж, давхраат алаг нүднээсээ сувдан дусал мэлмэрүүлж буй хань нөхрөө хараад Пиона гүнжийн сэтгэл уярав. Энэ өдрөөс эхлээд амраг хос Долоон буудлын Долгор эмээгийн ТҮЦ-ээс савласан цэвэр ус авч уудаг болжээ.
Савласан цэвэр усыг сар жилээр хүртэвч нэмэр болсонгүй. Тэгтэл Сайр шандын усаар сая живаа тогоо цай чанаж уусан, хашир туршлагатай, мэргэн сайд Сатай гуай “Жинхэнэ “цэвэр ус” гэгчийг үйлдвэрлэхэд эх үүсвэр чухал!” гэж сургаал айлджээ. Шрек, Пиона хоёрын сонгож уудаг байсан “цэвэр ус”-ыг зүгээр л крантнаас “олзворлоод” шүүж савладаг байсан болж таарав. Шугамаар дамжин ирдэг усыг мөнгө төлж ууж байснаа мэдээд Шрек “Өө, май гаад!” гэж дуу алдаж гэнэ. Цэвэр усыг олзворлохын тулд гүний усны хайгуул хийж, нөөцийг нь хэмжиж бөөн ажил болдог төдийгүй, хамгийн чухал нь олборлох гэж буй усаа маш нарийн шинжилж “цэвэр ус” байж чадах уу гэдгийг нь тогтоодог болохыг сонсов. Усаа ийнхүү цэвэр тунгалаг эх үүсвэрээс олборлож савладаг хэдхэн үйлдвэр байдаг гэдгийг тэд энэ бүхний дараа л ойлгож гэнэ.
Үүнээс хойш Шрек хамгийн үнэтэй, хамгийн чамин савтай усыг хүртэх болов. Гэвч нүүрнийх нь бажгар хэвээрээ. Батга бажгараа маажиж удаан явсны эцэст үүнд нэгэн том учир шалтгаан байсныг мэдэв. Өнөөх үнэтэй, чамин савтай усыг нь дөрвөн зуун бээрийн цаанаас усны тэргээр ачиж ирээд, Улаанбаатарт савладаг байсан болж таарав. Тэр холоос төмөр торхонд тээгдэж, цалгиж халгиж, зовлон үзэхдээ хөөрхий ус байгалийн чанараа гээчихдэг байсан аж.
Үүгээр ч зогсохгүй өөр олон шалгуур “Цэвэр ус”-нд тавьдгийг Шрек, Пиона хоёр мэдэв. Хүчил шүлтийн тэнцвэрт харьцаа буюу “pH” үзүүлэлт, эрдэст бодисын агууламж гээд олон шалгалтанд “цэвэр ус”-нууд ээлж дараалан бүдэрсээр хоёрхон брэнд л тунаж үлдлээ гэнэ. “Ваа-аа-аав!” гээд, Шрек амаа ангайв. “Ус сонгоно гэдэг чинь ямар нарийн чимхлүүр ажил вэ?” гэж Пиона гүнж дуу алдав. Үхэхээс бусдыг үзсэн өвгөн буурал профессор Дамболдорф энэ удаа цагаан сахлаа имрээд инээмсэглэв. “Хэн бүхний гарын дор байдаг зүйлээр хийж болох туршилтыг та хоёрт үзүүлье” гэж тэр өгүүлэв гэнэ. Хоёр усанд “Липтон” цайг уусгаж үзэв. Нэгэнд нь цай маш түргэн уусч байх нь тэр! Түүгээр ч зогсохгүй шалгарсан тэр ус нь хүүхдийн сүүн тэжээл “NaNa”-г дор нь уусгаад, найруулчихлаа гэнэ, хүйтэн хэрнээ шүү! Бусад усанд нь “NaNa”-г хийгээд үзтэл бөөгнөрчихөв. “Усны хатуулаг чанар гэж үзүүлэлт их чухал. Савласан уснуудаас хамгийн зөөлөн нь аль нь вэ гэдгийг та хоёр харлаа шүү дээ!” гээд профессор Дамболдорф инээмсэглэв.



Тэр нэгэн цэлмэг өдрөөс эхлээд Шрек, Пиона хоёр “Тэрэлж” хэмээх нэг л брэндийн цэвэр усыг сонгож хэрэглэх болжээ. Шрекийн палига хамар нарийсч, шулуун болоогүй ч гэдэс дотор нь өвдөж, өнжин хонон “00”-д суудгаа болив. Хоол нь шингэхгүйгээс цаг үргэлж өмхийгөөр хэхэрч, хойд хормойгоо ховсхийтэл унгадаг байсан зовлонт өдрүүд түүх болон улирлаа гэнэ. Матрынх шиг ногоон арьс нь цагаан болоогүй ч нүүрээр нь батга шавахаа болив. Эрүүл байж, хоёр биенээ байгаа чигээр нь хайрлах шиг аз жаргал хорвоод байхгүй гэдгийг Шрек бие сэтгэлээрээ мэдэрчээ. Ингээд ерөөлөөр учирсан амраг Шрек, Пиона хоёр өмхийгөөр хэхрэхгүй, өвчинд ороогдохгүй, өнгөр батгаа маажихгүй, өнө мөнхөд амарсайхандаа жаргаж гэнэ ээ!


Усны өдөрт зориулав

Гэрэл зургийн тайлбар: Илжиг элбэгдорждуулав.
Илжиг хэлрүүн: "Тээ-ээ-ээр! Ингээд л миний царай байдаггүй юм!"

Wednesday, June 29, 2011

НЭРЭЛХҮҮ ДАМШИГ

(хошин өгүүллэг)
Зах нь үл харагдах говийн дунд дугуйтай ганц хүнийг хармагцаа Лутаа өвгөний нүд оройдоо гарав. Хурц наранд шарагдаж, халууцаж ядарсан шар толгойтой эр дөрөөгөө арай ядан жийж, жолоогоо замын элсэнд мурилзуулан зүтгэнэ. Гадаадын жуулчин бололтой энэ залуугийн шар царай, нүцгэн булчингууд наранд түлэгдээд, нүд хальтрам улаан ягаан болсон харагдана. Хүүхнийх шиг урт, буржгар үс нь ширэлдэн даахирч, шанааг нь дагаад шороотой хөлс урсжээ.
-Аймаг ортол гурван зуун килмээтэр. Энэ амьтан яана даа? гэж өвгөн үглэв.

-Доонийчихоод яг миний хүү шиг юм гээч. Нялх амьтан цангаж яваа. Аваад явъя! хэмээн Лут
аа гуайн самган Долгор орь дуу болов. Аймаг орохоор өвгөний унаанд дайгдсан Намшир гуай харин толгой сэгсэрлээ.
-Наадуул чинь ингэж зовлогоо зовоож амардаг улс гэсэн. Сүүтэй цай өгөхөөр уухгүй, хар ус залгилчихаад явдаг барамнууд гэнэ лээ! гэж хэллээ. Ингээд Намшир “Ээ дээ, дэмий дээ” гэж үглэн, Лутаа, Долгор хоёр тэс зөрж зүтгэсээр хөөрхий ядарсан залууг машиндаа авч явах шийд гаргав. Өмнө нь гарч, зам хөндөлдөн зогсоход шар толгойтой залуу инээмсэглээд, мэндэлж байгаа бололтой хоёр үг хэлээд мэхийж байна. Лутаа гуай хуучин цагт орос гийлоогч нартай ойр дотно найзалж явсны хэрэг юу билээ, эдэнтэй хэл нэвтэрч ядах юмгүй гэж бардаад,
-Здравствуй, друг! Давай поедем на машине гээд жуулчин руу харлаа. Цаадах нь нүдээ том болгож, юу ч ойлгохгүй байгаа шинжтэй.

-Наадах чинь орос биш англи жуулчин. Яаж ойлгох вэ? гэж Намшир уцаартай дуугарлаа. Эмгэн өвгөн хоёр харь хэлтэй залууд тэрэгний ачаан дээр дугуйг чинь тавиад, өөрийг чинь арын суудалдаа аваад явна гэж дохиогоор ойлгуултал залуу,
-Өө, но но! гэж чанга хашгирч, гараа зангалаа. Тэгснээ хоёр дугуйт унаагаа заагаад, би өөрөө дугуйгаараа явна гэж байгаа бололтой дохио үзүүлж, хан янхийсэн харь аялгатай хэлээрээ баахан ярьж тайлбарлалаа.
-Ална ч гээд байгаа юм уу, тална ч гээд байгаа юм уу бүү мэд гэснээ Лутаа гуай толгой сэгсэрлээ. Долгор харин уурлаж,

-Нүгэл гэм. Юуны чинь алах. Номхон томоотой хүү байна даг! гэж өвгөнөө зэмлэлээ. Лутаа гуай залуу жуулчны царай руу харан бодол болж байснаа,
-Хөөрхий минь, замын зардалгүй гэдгээ учирлаад байгаа юм биш үү? гэж сэрхийтэл сэтгээд, хашгиран босч ирэв.
-Яаг тийм байж таарах нь! гэж гэж самган нь дуу алдлаа. Өвгөн,

-Деньги не надо! гэж хэлэнгээ өврөө ухан, зузаан бор түрийвчээ гаргаж, арван мянгатын дэвсгэрт харуулаад, гар хуруугаа гозолзуулан дохиж эхэллээ. Сохор зоос ч авахгүй гэдгээ өвгөн сайн гэгч тайлбарлаж, балай хүн ч ойлгохоор дохиж үзүүллээ.
Жуулчин залуу дахиад л толгой сэгсэрч, өнөөх “Но но”-гоо хэлэн, улам олон үг шулганан зогсоно.

-Хөөрхий минь, биднийг дээрэмчин тонуулчин гэж айгаад байх шиг байна гэж Долгор эмээ шивнэхэд,

-Магадгүй шүү! Харц нь айсан шинжтэй. Биднийг цагдаад хэлээд сүйд хийх юм биш үү? Орхиод явцгаая! гэж Намшир уулга алдлаа.

-Мы не бандиты! гэж Лутааг тайлбарлахад, найз өвгөний нь тэвчээр барагдав.

-Орос биш гэж мэдсээр байж л оросоор донгосоод байх юм аа, чи! гэж ундууцлаа.

-Чи тэгээд англи хэл мэдэх юм уу? гээд Лутаа гуай дүрсхийтэл уурлав. Барилцаад авах нь холгүй. Хөөрхий залуу, хоёр өвгөн рүү айсан харцаар ширтэн, бүжин нүдээ бүлтэлзүүлнэ. Долгор гуай үүнийг нь харж зогссоноо залууг өрөвдөж,

-Миний муу доёгор хүү хүний газар ингэж л зүдэрч яваа байх даа гээд нулимсаа арчлаа. Америкт сурдаг бага хүүгээ санаснаас болоод цээж нь бачуурсан нь энэ. Эмгэн залууг арын суудалд суу гэж эелдэг дохиод, толгойг нь иллээ. Залуу гуйсан харцаар ширтээд,

-Но но.., гэснээ бас л баахан юм ярилаа. Гурван хөгшин ойлгосонгүй.
-Наад хүү чинь нэрэлхээд байна аа! Миний найз монхор Коля бас нэрэлхүү гэж дүүрчихсэн золиг байгаагүй юу! Би мах сүү өгөхдөө хүчээр тэргэнд нь тавьж явуулдаг байсан шүү дээ! гэж Лутаа хөгшин хашгирлаа.


-Яг үнэн. Нэрэлхээд байгаа ухаантай юм байна! гэж Долгор эмгэн хэлээд, дугуйг нь шүүрч аваад, ачаа өөдөө өргөлөө. Залуугийн цэнхэр нүд айдсаар дүүрч, дугуйнаасаа зуурч, цахдан чирэгдэнэ. Лутаа гуай түүн рүү инээмсэглэж, далыг нь эелдэг алгадаад,
-Хүү минь, нэрэлхээд нэрээ иддэггүй юм аа. Өвөөгийнхөө тэргэнд тухтай суугаад яв! Энэ жилийн ноолуураар авсан цоо шинэ эд дээ! гэж хэлэх зуураа залууг ухасхийн хөлдөж аваад, хүүхэд шиг өргөн хойд суудалдаа шидлээ.
-Ээ дээ, хэдүүлээ хэрэгт орчих юм биш үү! гээд, Намшир зогсоо зайгүй үглэнэ. Хүчинд автагдан орос тэргэнд суусан англи залуу замын турш Монголыг тойрох дугуйн аялал хийж яваагаа учирлаж, би буцаад яг энэ газартаа ирж цааш аялах гэж өчнөөн чирэгдэл болно гэж тайлбарлаж явлаа. Харамсалтай нь гурван хөгшин нэг ч үг ойлгосонгүй. Лутаа гуай,

-Нэрэлхээд нэрээ иддэггүй юм аа, хүү минь гэх өнөөх үгээ хэлж, тарган хонины чанасан мах, нуугисан сайхан айргийг ам руу нь цутган дайлж явлаа. Намшир гуай байн байн уулга алдаж,

-Ээ дээ, буулгачихсан нь дээр биш үү? гэж үглэж байлаа.
Аймгийн зочид буудлын үүдэнд ирж зорчигчоо буулгасан хөгшид гараа занган баяртай гээд, буржгар шар толгойтой харийн хүүгийн хацар дээр үнсээд хөдөлцгөөв.
-Нэрэлхүү ч дамшиг бол доо! гэж Лутаа гуай хэллээ.

-Яг л миний хүү шиг гэж Долгор уулга алдаад, нулимсаа арчлаа. Харь хэлийн залуу харин, тус болох гэж үнэн сэтгэлээсээ зүтгэсэн, цагаан цайлган хөгшдийн сэтгэлийг бодож, дотроо буцлах бухимдлаа хүчлэн барьж зогслоо. Орос тэрэг булан тойрон далд ороход, толгой эргүүлэн дөнгөж сая ирсэн зам руугаа хараад, “Буцах унаа олохоос доо” гэж өөртөө хэлээд санаа алдлаа.

Monday, March 7, 2011

ХУУЧИН ХҮҮ & ТУНГАЛАГ ТАМИР


/mix роман хэмээгч хошигнол/

Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллэг, Ч.Лодойдамбын
“Тунгалаг Тамир” романаар амилуулан бүтээв

Олноо өргөгдсөний дөтгөөр оны зуны эхэн сарын нэгэн өдөр Их Тамирын хойд замаар гуч орчим насны хар хүн нилээд ачаатай морин тэрэг хөтлөөд явж байв. Ханхар дөрвөлжин мөрөндөө утаа болсон нөүтбүүк хөндлөн үүрч, даахирсан бүдүүн хар гэзгээ хуучин флэшний дарайсан оосроор шуужээ.
Энэ хүнийг Эрдэнэ гэдэг. Засагт Хан нэтворкийн Олгонууд комунитигийн гишүүн хүн. Хэдэн өдөрчийн турш аглаг хээрээр аялж яваа тул нэтэд орж, төрсөн ганц дүү “Цахиур” хэмээгч Төмөртэйгөө чаатлаагүй уджээ.
Эрдэнийн гэр бүл Тайхар чулууны өмнө ирэв.
-Хотод очмогц өөрийн гэх домайн, бас амь зуулгын таван цаас эргэлдүүлэх ТҮЦ-тэй болгож өгч хайрла хэмээн Долгор чанга үглэн гуйж, Тайхар чулуунд залбирахуйд,
-Иш..! Юун ч богинохон сэтгэх юм билээ дээ. Бичиг үсэгтэй “Бичээс Эрдэнэ” алдар нэртэйн хэрэг юу билээ, ТҮЦ биш ТУЗ бодно шүү хэдүүлээ гэж хар хүн хэллээ. Тэр Таван толгойн ТУЗ-д гишүүн болно гэдэгтээ бат итгэж нутгаасаа гарсан хүн.
-Ээж ээ, Тайхар чулуунаас надад утасгүй интернэт гуйгаад өгөөч гэж Батыг хэлэхэд эцэг нь цочлоо.
-Хүүхэд ээ гэж! Шинэ сэргэг юмыг дор нь мэдэх юм аа. Утасгүй интернэт гэнэ үү? Гэхдээ үнэ гэж тамтаггүй юм байгаа вий гэж шүдний завсраар сийгүүлэв.
-Хэдэн он бэ? Та, одоо..! Таны найдвартай гээд байдаг утастай суурин интернэттэй чинь адилхан үнэтэй гэж Бат хэлэх нь нэлээд уцаарласан шинжтэй.
“Тэгвэл авдаг хэрэг ээ. Муу дүүтэйгээ газрын хаанаас ч мессенжердэх нь байна шүү дээ. Төмөрт захивал модемийг нь хусаад л ирнэ дээ” гэж Эрдэнэ дотроо бодлоо.

Хөдөөгийн байдал шалдар булдар, нэтийн хурд ороо босоо, дэрстэй шанд, гацаатай сүлжээг дагаж, хааяа нэг хар РС-ний ард хараал урсана. Дөрвөн зүгт утас сунайн уйтгартай, ээдрээ зангилаа чивчирнэ. Зуны лүгхийм халуун хуванцар бүрээсийг хайлтал шарж, чаатчин хүний сэтгэлийг бухимдуулна.
Айлын хаяагаар сүлжээний утас тасарчээ. Yүгээр түүгээр хэдэн засварчин оодогнон давхина.
Хөлд орохоос аваад, үс цайхыг хүртэл нэг шугамыг өгсөн уруудан нүүж, дахин холболт, шинэ монтажны зардалд шатсаар, энэхүү ертөнцийг эцэслэнэ.
Гавж Жамбал хоймор сууж, блог гэдэг чинь бор шаргал үстэй бүсгүй гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж нэт заавал утастай байх хуультай гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр сарыг улируулна.
Тэртээ уулыг өнгөрвөл сүлжээгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш кабель утас хүрэхгүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө төмөр тасдаж, үдэш цонх цоолсоор нэг нас барна.

Хүний нутаг гүний газар чөдрийн ганц морио алдсан эр “Явгарсан болохоос үхсэн биш” гэж дотроо хэлээд тэртээд харагдах зуслангийн хаус руу очив. Итгэлт баян унаа гуйн, уруу царайлах Эрдэнэ лүү ёозгүй харц шидээд,
-Тайшир, Тарлан бух, Таваг хар, Ноцдог дэгээ гээд Засагт ханы хөх эрчүүдийг хэцүү гэдэг дээ. Эр улс бие биедээ хал балгүй салвал дээр байхаа гэж хамраараа дуугарлаа. Энэ үеэр гаднаас Галсан сүр сархийн орж ирээд,
-Ээ ах минь, өртөөний зангиас и-мэйл иржээ гэж чарлав.
-Тэр золигийг чинь хэнээрээ дуудуулдаг билээ хэмээн Луу гүний цуутай баян халаглалаа. Өнөөх унааны гуйлгачин, явуулын эр би дуудаад өгөх үү гэж хэлэхийг сонсоод, Итгэлтийн нүд оройдоо гарч,
-Үгүй, та юу даа? гэж өөрийн мэдэлгүй дуу алдлаа.
Цагийн дараа баяны хаяанд бор гэрээ барьсан Эрдэнэ нэт холбуулах гэж уураа барж, уушгаа уран зогслоо. Орон сууцны контоороос ирсэн монтажчингууд ган хоолойгоор утас сүвлэхэд алд тутамд арван мянга, хананд шураг тогтооход ширхэг бүрт таван мянга гэх зэргээр капиталист овсгоо гаргах нь адтай. Балиус хутгаараа бор гэрийнх нь эсгий бүрээсийг нэвт сүлбээд утас сүвлэх нь сүвээ цоо хатгаад ган татлага шургуулаад байх шиг өвтгөнө.
-Яасан том нүхэлдэг туучий вэ? Дусаал гоожиж, хавсрага сийгэх юм биш үү? гэж Долгор шөвөлзвөл тоож харах шинжгүй. Зартай шилийн сайн эр дүү нь Арабын шэйхийн ордноос шууж ирсэн тансаг хивсэн дээгүүр нь гуталтайгаа туучихад сая Эрдэнийн тэвчээрийн хязгаар зад татагдаж хоёр залууг цочтол нь орилж гутлыг нь тайлуулав. Гэтэл гай болж гэрээр дүүрэн шивэр шингээд, түмэн хүж асааж, мянган сан тавивч арилахгүй зовоож, сар жилээр гай удлаа. Уур нь хүрсэн Эрдэнэ хүүгийнхээ үгэнд орж, суурин интернэтийн шугамын утсыг салгаж, хол гэгч шидээд, вайрлестэй болж санаа амрав.

Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж хатируулсаар хүрч ирэв. Цагаан даавуу алчууртаа нэтийн утас залгадаг бахь шургуулжээ. Ширэлдсэн хар кабель утасны сэрвийсэн хэдэн үзүүр араас чирэгдэж, тэртээх уулын цаагуур далд оржээ. Олонд зарагдаж бор ходоодоо бошийлгож явдаг түүнд байнга оршин суух хаяг гэж байх биш, хоног төөрүүлсэн айл бүхэндээ шинээр сүлжээ тавиулж нэтэд холбогдох гэж зардал чирэгдэл болдог учраас амьдрал тэгшрэх заяагүй, элдэв ороолдсон утас чирч явдаг нь энэ. Урагдаж навтарсан хар ханцуйг сугалдаргалж, утсанд холгогдож улаан нялга болсон бугуйгаа гаргажээ.
Тав хийтэл мориноосоо буун, тас хийтэл нөөтбүүкээ нээгээд, тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нүүрнийхээ хөлсийг арчиж, нусаа хүр хийтэл нийгээд нэтэд оров. “Eror 596. Танай байрны дээвэр дээрх холбох төхөөрөмж цахилгааны саатлаас ажиллахгүй байна. Уучлаарай” гэх амны уншлага хэдэн үгийг үзээд уушиг зүрх нь амаараа гартлаа уурлаж бухимдлаа. Гэрт ороод, “Өнөөдөр бас л сүлжээ тасалджээ. Балдангийнх эсгийгээ хийж байна. Цэндийнх хонио хужирлаж байгаа. Дамба пиав сорохоор явсан” гэх хэв ерийн хэдэн үгийг ах зах хүмүүстээ сонин болгон ярьж, гавж гуай гэж доогуур харан, зайсан гуай гэж дорой дуугарсаар зуухны хажууд сууна. Авгай хүүхдээс аяга тараг, хэсэг хусам олж идээд, тэндээс гарч, баян Балжирын хүүгийн десктопт NBA 2010 суулгаж өгч айраг олж уугаад, нэг үдийг өнгөрүүлнэ. Дэндэв тайжийнд РС форматалж, гэдэс олж идэн нэг үдшийг дуусгана.

Эрдэнэ удалгүй тушаал суга дэвшиж, Итгэлт баяны “Хоовон хөх Майнинг” корпорацийн ерөнхий захирлын албанд томилогдлоо. Эзэн захирал хоёр тэр үдшээ хутга тавилгүй мах гүзээлж, хундага тавилгүй виски цөлж, үүр хаяартал шоудав. Хэдэн давхар хаусныхаа улаан модон вакум цонхийг хайр найргүй цоолж, суурин интернэтийн түг түмэн утас оруулсныг хараад шинэ захирал жуумайх нь цаанаа л нэг ёжтой.
Толгой эргүүлэм орооцолдож, нүд эрээлжлэм мушгирсан олон кабель руу Итгэлт төө цагаан хаш соруултай гаансаараа заагаад,
-Дундаа нүхтэй улаанаар нь Павловтой чааталдаг юм. Хажуудаа одтой бөөрөнхий кабелиар нь засгийн газар луу тайлангаа шиддэг ухаантай. Чам шиг бичиг үсэгтэй хүнд бол ч ичмээр дамшиг даа гэснээ бяцхан ичингүйрч, үл ялиг улайлттай сууж харагдав.
-Бэлтэй, буянтай хүн байна даа, утасгүй интернэттэй болооч гэж Эрдэнэ халаглалаа.
Хэдэн сарын дараа “Хүрээ” Дугарынд найрлаж суухдаа Итгэлт “Улснэтийн вайрлэстэй болсон чинь сайхан юм аа. Тамирын бургасанд Норжмаатай юу яахын зуурт Билл Гейтстэй саадгүй чааталдаг боллоо” гэж бардаж суусан ажгуу.

Хуучин хүү хул морио давиран шогшуулсаар Хустайн хөтлөөр давж явлаа. Хэдийгээр ухаан сэргэлэн боловч, зүүн google-ийн захад хүрсэнгүй, баруун yahoo-гийн тэртээ гарсангүй, зөвхөн кабель сунгаж хүрсэн ганц өртөө эргэн тойрон газрын дотор оршин суусан тул юуг үзэж мэдэж, юуг сонсох ажээ.
Өтгөс, хуучид энэ хоёрын үгнээс бус үнэн юмгүй, өвөлжөө, зуслан, хаваржаа, намаржаа энэ дөрвөөс өөр явах газаргүй гэж санаж, хөмөрсөн тогооны доторхтой адил хөдөөгийн бүдүүлэг байдалд хүмүүжнэ.
Хайран, хайран, хөөрхий, хөөрхий.
Гэтэл хуучин хүүгийн нэг нөхөр нь хувьсгалын бууг тавьсан өдрөөс эхлэн, хөмөрсөн тогооны дотор гэрэл тусч, нэг аймаг улс сэргэв.
Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж, таван далай таван тивийг танин шинэ сүлжээнд хамтдаа холбогдох замыг нээв.
Кабельтай монгол wireless монгол болов
Хуучин хүү шинэ хүү болов
Юутай завшаан, юутай баяр!

Monday, October 25, 2010

САЙД АА, ХҮҮХДҮҮДЭЭ АВ!

/шог өгүүллэг/
Хаврын сайхан өдөр над руу хайр гэнэт ирэв. Түүнтэйгээ уушийн газарт ороод хоёр биенээ ширтэн суулаа. Сэтгэл догдлоод л, үгээр хэлэхийн аргагүй сайхан. Тэр минь хайраа илчлэх гэсэн бололтой амаа дөнгөж нээтэл хорин дөрвөн цаг донхийж, тухалж суусан биднийгээ тууврын мал шиг шилбүүрдэж хөөлөө. Далаад онд төрсөнсөн бол хайртыгаа дагаад нийтийн бүжигт очихсон. Даанч тийм юм байхгүй. Зугаалъя гэтэл модод ургаж, навчис сэрчигнэж болох бүх цэцэрлэгийг хотын дарга асан зараад идчихсэн. Аравдугаар ангийн охин шиг орцонд зогсохоос ичиж, зочид буудалд өрөө авлаа. Тэгтэл хайр минь ганцхан тонгорч орон дээр унагаад, цэвэр дарчихаж билээ. Хайраа ч илчлэхээ мартсан. Ингэж л анхны охиноо олсон юм даа. Буудалд олдсоныг нь дурсаж охиндоо Буудалзул гэж нэр өгөв.
Энэ явдлаас жил хагасын дараа, намрын шаргал өдрөөр миний сэтгэл нээг их гэгэлзэв. Уушийн газар сууж гунигийг чинь үргээе гэж нөхөр хэллээ. Дөрвүүлээ наргивал уйтгар дөмөгхөн тайлагдана гэж би хошуу нэмлээ. Гэр бүлийн найзуудын хөгжилтэй яриа сэтгэл догдлуулаад нэг л сайхан. Уйтгар минь яг тайлагддагийн даваан дээр гайт хорин дөрвөн цаг донхийв. Ахиад жаахан л суувал болчих гээд байдаг.
-Зочид буудалд ороод ганц шил юм нэмчих үү? гэж нөгөө айлын эзэгтэйг хэлэхэд миний үстэй толгой арзайж, буудалд л орохгүй шүү гэж орилов.
-Буудал дэмий, манайд очъё гэж нөхөр минь санд мэнд хэллээ. Гэрт бол тасарсан ч санаа амар, ахиухан юм авъя гээд нөгөө өрхийн тэргүүн халаасаа тэмтэрч байна. Дөрвүүлээ дөрвөн шил архитай суугаад наргицгаав. Өглөөгүүр нөхрийнхөө ханхар цээжин дор сэрлээ. Арай л ханхар юм шиг санагдахаар нь тэмтрэв. Ээ бүү үзэгд! Хүний нөхөр тэврээд унтаж байна! Айлын аав ор андуурснаас болж Андуужин охин минь ийнхүү олдсон юм даа.
Гайт явдлаас хойш нөхөр минь хааяа халахаараа надад гомдол мэдүүлдэг боллоо. Аргагүй шүү дээ чааваас, андуурсан айлын аавыг таниагүй би ч бас буруутай. Андуурлаас хойш ахиад жил өнгөрөөд байтал үй зайгүй найз бүсгүй, Учралтын минь төрсөн өдөр тохиолоо.
-Халуураад буудалд оров оо! Айл руу бүүр ч явж болохгүй, андуурчихна шүү! гэж хань минь ахин дахин захилаа. Төрсөн өдрийн найр ид өрнөл дээрээ байтал лайт хорин дөрвөн цаг донхийх нь тэр. Зочид буудал руу явахгүй, гэр лүү бол бүр ч зүглэхгүй гэж намайг эрс зүтгэхэд найзууд минь урвайчихлаа. Гал Гэрэлээ нүдээ гялалзуулан босч ирээд,
-Өөр арга бий. Зоогийн газрын захирлыг найраад дотроосоо түгжүүлээд суучихдаг байхгүй юу гэв. Миний дотор онгойж, найзууд ч баярлан хашгирлаа. Найр хавтгайрч бүгд муудах тийшээ хандаж байтал захирал сандран гүйж ирээд,
-Цагдаа ирж явна. Гэрлээ унтраагаад чимээгүй сууцгаая гэж чарлалаа. Гайтай цагдаа зоогийн газрын цонхон дор ирээд нам зогсчихлоо. Бүгд амьсгал түгжин хүлээв. Явах шинжгүй холбоогоор яриад л байх юм. Гэнэт чихний араас халуун амьсгаа төөнөөд үнсэж үлгэж эхэллээ. Болиоч гэж чарламаар байвч цагдаа сонсчихвол биднийг эрүүлжүүлнэ, үүнээс долоон дор юм болно гэж айгаад гүрийлээ. Ингэж л Бүүмэд охин минь олдсон түүхтэй. Тас харанхуйд хэнийх гэдэг нь бүү мэд байсан учраас тийм нэр өгсөн юм.
Дараа жил нь дахиад л Учралтын төрсөн өдөр ирлээ. Бид хоёрын ямар дотно вэ гэдгийг мэдэх тул битгий яваач гэж нөхөр хэлж чадсангүй, Учралтын төрсөн өдрөөр учрал тохиодог шүү гэж анхааруулаад хоцорлоо.
-Ээ дээ, ноднингийнх шиг түгжүүлж л болохгүй шүү гэж ахин дахин захилаа. Төрсөн өдөр ид халуун дээрээ байтал хөөтэй хорин дөрвөн цаг донхийв. Зочид буудалд орохгүй, гэр лүү зүглэхгүй, бас зоогийн газарт түгжүүлэхгүй гэж би чарлалаа. Гал Гэрэлээ дахиад л нүдээ эргэлдүүлэв.
-Энэ хэсгийн цагдаа нарыг би бүгдийг нь танина гэж хэлэхэд нь эзэн ч бид ч тайвширч хаалгаа онгорхой орхиод наргилаа. Нэг мэдтэл цагдаа нар ирээд биднийг ч, зоогийн газрын эзнийг ч, танил талтай Гэрэлээг ч хүртэл ачиж байна. Эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх хүрэх замдаа би цагдаагийн дэслэгч залуухан хүүд ухаангүй дурлачих шиг санагдлаа. Нөхрөөсөө салаад тэр хөөрхөн залуутай суучихмаар. Тэр шөнө Дэслэгчтулга хүү минь олдсон юм.
Нөхөр минь их уурласан хэдий ч хүү төрсөн учраас баярлаад салъя сарния гэсэнгүй. Эгч нь чамд архины халуундаа л дурласан гээд хэлчихэж гэхэд дэслэгч хүү тэслэгч болтлоо уурлаж билээ. Дараа жилээс нь би Учралтын төрсөн өдөрт явахаа зогсоов. Хөөрхий нөхөр минь хүний голдуу дөрвөн хүүхдээ хүүе хаая гэх зуураа,
-Миний хань ухаантай шүү гэж намайг магтсан юм. Тэгтэл гай болж байгууллагын дарга Алтан гадас авчихлаа. Даргынхаа найрт очихгүй бол алдас болно гэж тэр минь хэлээд намайг түгшүүртэй харцаар үдлээ. Одонгийн найр оргил үедээ байтал лайт хорин дөрвөн цаг донхийв. Халуурахаар шийдсэн хамт олон маань зөвлөлдөж байна.
-Зочид буудалд бид багтахгүй. Даргын гэрт очиж хүндрүүлэх дэмий. Энэ газартайгаа найраад үргэлжлүүлэх үү гэлцэв. Аз болоход дарга,
-Ажлын газар луугаа явцгаая гээд ширээгээ цохилоо. Үүнийг сонсоод миний санаа амарч уужим амьсгаа авлаа. Дассан газрын даавуу зөөлөн гэж үнэн юмсанж. Тансаг зөөлөн даавуун дотор сэрээд харвал даргын тасалгааны арын амралтын өрөө байх нь тэр! Ингэж л Ажлынбайрмаа минь олдож би нөхөртөө арай л хөөгдсөнгүй, баруун нүдээ хөхөртөл цохиулсан даа.
Дараа жил нь Орцонд-Олдох хүүгээ олж зүүн нүдээ тэс цохиулав. Хөөгдөөгүй нь яамай даа гээд явж байтал Байгальбат хүү минь олдчихлоо. Туулын бургасанд байгалийн сайханд олдсон нь бат байсан учраас Байгальбат гэж нэрлэсэн юм л даа. Нөхөр нүд таглаад ханасангүй нэмж өгзгийг минь хөхөртөл өшиглөлөө. Тэр минь энэ удаа яагаад ч тэвчсэнгүй, өөрийн ганц Буудалзулаа авч үлдээд намайг хөөчихлөө. Нөхрийн минь долоон зөв. Долоон хүүхдийн зургаа нь хүнийх болохоор яаж ч тэсэх вэ дээ, чааваас. Би Андуужин, Бүүмэд, Дэслэгчтулга, Ажлынбайрмаа, Орцонд-Олдох, Байгальбат зургаан хүүхэдтэйгээ хөх тэнгэр дээвэртэй амьдарч явна. Өнөөдөр цас будраад хүйтрэх шинжтэй. Удахгүй Хонгилмаа гэдэг охин олдож ч мэднэ.
Эцсийн эцэст хууль зүйн эрхэм сайд Нямдорж танд хэлэх үг байна. Хорин дөрвөн цагт уушийн газар хаана гэсэн тэнэг хуулиас чинь болж энэ олон хүүхэд төрснийг долоон сайхан эцэг нь батална. Сайд аа, хүүхдүүдээ ав!

Tuesday, July 13, 2010

НАЧИН НАЙРУУЛАХ КОМИСС

(шог өгүүллэг)
Чанга яригчаар бөх тайлбарлагчийн хүдэр хоолой хүнгэнэж, цаана нь “Ар хөвчийн унага” шуранхайлна. Аймгийн наадмын гурвын даваанд хүч үзэж буй сумын заан Баатарням харин энэ бүхнийг сонсохтой манатай учраа бөхдөө толгойгоо уургалуулж, зүүн гараа газар тулан гурван хөллөөд унахад бэлэн болжээ. Тайлбарлагч: “Сумын заан ч аралтай бяртай тулдаа л тогтож байна даа” гэх нь дуулдана. Баатарнямтай долдугаар ангийн сурагч, чөрийсөн хар хүүхэд барилдаж байх агаад зааныг барьцаар ааглан дараад буй нь эр ямааны хүзүү өөд цоройж байгаа ишиг шиг л харагдаж байлаа.
Аймгийн цолтон төрүүлэх зорилгоор сумын засаг даргын захирамжаар байгуулагдсан “Начин төрүүлэх ажлыг зохион байгуулах комисс”-ын дарга, сумын орлогч мурий Пэрэнлэй дэвжээ рүү гараад ирчихсэн өнөөх хүүд нэг хуруугаа гозойлгон харуулж байна. Хүү тоосон шинжгүй зааныг мушгин дарлаа. Баатарнямын хөлс цувж, амьсгаа нь тагларан, бөхчүүлийн хэлдгээр мах болжээ. Одоо энэ хоёрын барилдах нь үхсэн голиог шоргоолж чирэн нааш цааш хөдөлгөж байгаа гэлтэй харагдана. Пэрэнлэй хуруугаа нэг нэгээр нэмэх боловч хүү үл тоосон хэвээр. Хурууны тоо долоо хүрч, жаал хүү сая бууж өгөв. Хүүгийн дээрээс их л сүртэй дарж унасан заан маань босох ч тэнхэлгүй аахирдан хэвтэхүйд, тайлбарлагч: “Сумын заан Баатарням ч бяртай байгаа юм байна даа” гэж хүнгэнүүлэв.
Дөрвийн давааны өмнө начин төрүүлэх комиссынхон сэм зөвлөлдлөө. Комиссын орлогч, тамгын газрын түшмэл, бас тэгээд зааны хүргэн ах Дугар уурлан,
-Дөнгөж гурвын даваанд долоон зуун мянга!.. Дэмий гонзгой, махан овоо гээд Баатарням руу хялайвал, мурий Пэрэнлэй:
-Долоон зуун мянга биш ээ, долоо хоног компүүтэр тоглуулах юм аа, хэ хэ, гээд цааш үргэлжлүүлэн,
-Энэ янзаар бол төсөв хэмнэх нь бололтой. Одоо энэ даваанд заан, аймгийн арслан Зоригттой оноолт таарна. Гурван зуун мянгаар найрчихсан гээд маадгар байна.
Дөрвийн даваанд сумын заан маань, Зоригт арсланг хэвтүүлээд, тайлбарлагчаар бяртай байгаагаа магтуулсаар цүндэгнэн гүйж ирэв. Гэтэл гай газар дороос гэгчээр Улсын начин Балт гуайн барилдаан нэг л биш. Балт начнаар Баатарнямыг тавын даваанд амлуулахаар, нэг сая төгрөгт тохиролцсон тул сумынхны санаа зовинон дап дупхийн өндөлзөнө. Комиссын мэдэлд засаг даргын сангаас өгсөн зургаан хөхүүр айргийг хоёрхон хоногт хоослоод, “маргааш барилдах гэж байж, битгий” гэж гуйсаар байтал дөчийн савтай нэрмэлийг өчигдөр орой ганцаараа гударчихсан Балт начинг хаанахын ч бүү мэд, шагай шиг бор залуу махалж байна аа. Хар хөлс нь чийхарч, бие нь хөшсөн Улсын начин маань хашир хүн тулдаа буйр зааж, хамраасаа цус гаргаад, эмч рүү алхах зуураа комиссын даргыг дохин дуудлаа.
Пэрэнлэйг салбага далбага, мурги сайрга гэсээр очиход, тэр:
-Цаад залуугаа хэдээр ч хамаагүй найр! Би баршгүй нь гээд амьсгаадаж байна. Начин ч удаан “эмчлүүлж”, Пэрэнлэй ч залууг шургуу гуйх агаад үг хэлэх болгонд цаадах нь толгой сэгсрэн гэдийж байгааг комиссынхон сэтгэл түгшин харж байлаа.
Шагай шиг бор залуу, Улсын начин Балтыг толгой дээрээ өргөн гаргаж ирснээ тоос манан хадтал шидэхэд Пэрэнлэйн дотор харанхуйлав. Уурандаа багтран “Муу дурак!” хэмээн хашгичих сумын дарга нь нүдэнд харагдаж “Очоод, яаж шүү, даргын өрөөнд орно доо” гэж тэр бодож байсан бол, Дугар наанаа гутарсан дүр үзүүлэвч “Гарзны бага дээр, яамай даа” гэж дотроо баярлалаа.
Энэ үед өглөөнөөс хойш газрын гаваар орчихоод байсан Баатарням зааны аав, комиссын зөвлөх, улаан Дамдин улаан зээрд болчихсон хүрч ирэв. Тэр “хн-х” гэж нэг зогьссоноо,
-Аавд нь запас мэх бий гэж байна. Дугар түүн рүү “Яг л чамд запас мэх байгаач, муу согтуу толгой” гэсэн харцаар хартал, боодол арван мянгат гаргаж өргөнгөө хэл амаа орооцолдуулж,
-Энэ байна, миний запас мэх. Бууж өгөхгүй нохой байгаа бол, улаан Дамдин энүүгээрээ цохиод унагачихъя л даа гэхэд мурий Пэрэнлэйн нүд сэргэн, улаан Дамдинг тэвэрч аван алдсанаа “охиом” гэж хоолойгоо засан биеэ барьж,
-Төсөв зузаарсан болохоор өөрөөр үзнэ ээ, хэдүүлээ гэж байна. Комиссынхон шуурхай зөвлөлдөөд, наадмын өмнө ярьж үзэхэд “Сая таван зуугаас огт буухгүй” гэж гүрийгээд байсан аймгийн хурц арслан, цочдог Нямаа руу даргаа явууллаа.
Наадмаас гурав хоногийн дараа өглөөний есөн цаг тэг минутад сумын засаг даргын өрөөнд комисс ажлаа тайлагнав. Даргын хоёр нүд өрөөг нэвт шувт сүлбэж, комиссынхон далдичин шал ширтэж, нусаа татлана. Хамаг юмны лай ланчиг, хөөрхий мурий Пэрэнлэй дээр л тохогддог хойно, толгой маажсаар босож ирлээ.
-Дарга минь, би зүүн хөлд орохоор ярьж тохирсон чинь, заан андуураад баруун хөлд нь гүйгээд.., Нямаа арслан цочоод.., хөлөө татчихсан чинь, Баатарням суначихсан юм байхгүй юу гэж учирлалаа. Сумын дарга уурандаа багтарч, “Муусайн дуракууд!” хэмээн хашгичиж эхэллээ.
Арван найман цаг тэг минутад тайлангийн хурал өндөрлөв. Хурлаас дараа жилийн аймгийн наадамд начин төрүүлэх комиссыг мөн л орлогчоор толгойлуулан зохион байгуулж нэн шуурхайлан бэлтгэл ажилдаа орох шийдвэр гаргалаа.

Tuesday, February 9, 2010

УУЦ БОЛООД ӨВЧҮҮНИЙ УЧИР

(шог өгүүллэг)
Эв хамт нийгмийн ялалт өөд дайчин цогтой давшиж байх үедээ бид энхрий хайрт удирдагч нараа “бух дарга”, “бяруу дарга”, “төлгөн дарга”, “хурган дарга” хэмээн ангилж зүйлчилдэг байлаа. Ийм ангилал гарсан нь учиртай. Тэрхүү галвын үеийн хурдаст нойрссон “бух дарга”-ын алтан шарилд малталт хийж үзэхүл, цагаан сараар бухын өвчүүний ард заларсан байдалтай жанч халсан дүр зураг тодорсон. Энэ баримт “бух дарга” бухын өвчүү, “бяруу дарга” бярууны өвчүү тавьж цагаалдаг байсныг баталдаг. Тэгэхээр монголчууд төлөгний ууц тавих эрхтэй даргыг “төлгөн дарга”, хурганы ууцаар цагаалдаг даргыг “хурган дарга” гэж байжээ.

Ерээд онд Монголд ялсан ардчилсан хувьсгал хүн бүрт эрх чөлөө өгснөөр зөвхөн дарга нар сэмхэн тэмдэглэдэг байсан цагаан сарыг ард нийтээрээ өргөнөөр тэмдэглэсэн. Ууц, өвчүүг дарга л тавих эрхтэй байсан хуучны бурангүй ёсыг халж, хэн хүссэн нь соёолон шарын өвчүү, шүд гүйцсэн ирэгний ууцтай цагаалах хууль ёсны эрхтэй болсон. Монгол улсын үндсэн хуулинд “иргэн бүр нийгмийн гарал үүсэл, шашин шүтлэг, яс угсаа ялгаваргүйгээр цагаан сараар ууц эсвэл өвчүү тавих эрх эдэлнэ” хэмээн заасан.
Гэвч иргэн бүр ууцтай цагаалах эрхийг амьдралд хэрэгжүүлэх зам шулуун дардан байсангүй. Улсын их хурлын эрхэм гишүүд улсын сангаас идэж уусан мөнгөөрөө ууц өвчүүг чөлөөтэй худалдаж авч дөнгөж байсан бол ууж идэх бололцоогүй угсаа энгийн ардууд ууц өвчүүний төлөө алтан амиа барьцаалах ч энүүхэнд болсон билээ. Хувиараа эрхлэх аж ахуй гэгч ерээд онд борооны дараах мөөг шиг олноороо төрснөө, гэнэт алга болсон. Үүний учир нь тэр аж ахуйн эзэд, захирлууд цагаан сарын шинийн нэгэнд хүн шиг ууцтай золгох гэж хамаг хөрөнгөө шавхаад, шинийн хоёронд дампуурч байснаас үүдэлтэй.

Энэ удаагийн их хуралд сонгогдсон гишүүд хэдий луйварчин ч гэсэн буянтай, нинжин сэтгэлтэй, ард түмнээ гэсэн бодолтой луйварчид болохоо батлан харуулаад байна. Учир юу гэвэл тэд цагаан сарын өмнө ард түмэндээ өвгөд өтгөс, балчир нялх гэж ялгалгүй далан мянган төгрөг олголоо. Дараа жил ч олгоно гэж ярьж байгаа. Далан мянган төгрөг гэдэг дажгүй томхон эр хурганы ууц авахад хүрэлцэнэ гэдгийг УИХ-ын ажлын алба судалж тогтоосон тухай албаны эх сурвалжууд өгүүлж байгаа юм. Тэгэхээр энэ жилээс эхлээд Монгол улсын хөгшид төдийгүй хүүхдүүд ууцтай шинэлэх эдийн засгийн чадамжтай боллоо. Шалгарсан манлай удирдагчдын буянаар “хүн бүр ууцтай шинэлж болно” гэсэн хуулийн заалт эдийн засгийн утгаа олох сайхан бололцоо бүрдлээ.
Цагаан сараар ууцтай шинэлэнэ гэдэг тал бүрийн ашигтай. Зуд турханд нэрвэгдээд буй үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа хэрэг юм. За тэгээд хэд хоног тавьж, хүнд үзүүлсэн ууцаа хаячихалтай биш идэхээс өөр аргагүй. Дан өөх идсэнээс болоод элэг цөс өвдөж, эмнэлэгт хэвтэнэ. Ингээд бодохоор ууц авснаар малчид төдийгүй эмч сувилагч нар болон үндэсний эмнэлгүүдийг ч бид дэмждэг болж таарч байна.
Цагаан сарын ширээнд ууц тавих нь эдийн засгийн асар хэмнэлттэй. Одооны хүүхдүүд өөх үмхэж огт чаддаггүй тул танай ширээн дэх ууц бүтнээрээ үлдэнэ. Мөн түүнчлэн ширээний хамаг зайг эзэлчихдэг тул идэж болдог хүнс ширээнд өчүүхэн орно. Тэгээд ч ирсэн гийчид цул өөх тосыг хараад огиудас нь хүрч, ширээн дэх хиам, зууш, бууз гээд бусад зүйлд хүрэхгүй байх магадлал өндөр. Ууц болоод өвчүүний нарийн учрыг өгүүлэхэд ийм болой.
Тэгэхээр цагаан сарын ширээнд ууц байна гэдэг таны бэл бэнчинг гайхуулж, эрх чөлөөг илэрхийлдэг төдийгүй, танай гэр бүлийн эдийн засагт асар хэмнэлт авчирдаг ажгуу.

Wednesday, September 30, 2009

ИТГЭЛТ БАЯН ЛАЙ ЭДЭЛСЭН ҮЛГЭР

/шог өгүүллэг/
Эрт урьд бус энэ манай цагт Итгэлт баян хэмээгч нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай хүү аж төрдөг байжээ. Тамирын голын ногоон хөндийд жалга довынхоо зон олныг цуглуулж, хорин суурь хонио хяргуулсан шиг жаргаж суув гэнэ.
-Одоо ямаа боож идээд, орой цүү хаяна хэмээн гэгээ татуулан хэлж байтал нь гай газар дороос гахай модон дотроос, мэргэжлийн хяналт гэнэтхэн ирэв.
-Иргэн Итгэлт та ажлын байрны дүгнэлт гаргуулсан уу? гэж байцаагч Балдан төрийн төмөр нүүрээ атируулан асуулаа. Итгэлт ээрч түгдрэв, ир мохож гөлийв.
-Нэг хонинд ноогдох нэгж талбайн хэмжээ нилээдгүй дутжээ! гээд байцаагч толгой сэгсэрлээ. Луу гүний баян Итгэлт, лүүнд булхсан гөлчгий мэт бүлтгэнэж, Балдан байцаагчийн өлмийг долоолоо. Долоогоод долоогоод нэмэр болсонгүй, хан ноёнд айлтгаж, хар гэрт хориулна гэж хангинаад, халуун хошуутай зуун бодоор торгов.
-Үтэр түргэн ажлаа хаа, үнэмлэх бичгээ бүрдүүл! гэж байцаагч ууртай тушаалаа.
Хөөрхий Итгэлт санаа алдав.
-Ямаагаа боож идээд, явцгаах уу даа, таминь! гэх сулхан дуу унагалаа. Боодгоо хам хум шалзлаад, болгоож идэхийг завдтал нь хорио цээрийн Хорол байцаагч ирэв.
-Нийтэд хоолоор үйлчлэхэд нийцүүлсэн бичиг чинь хаа байна? хэмээн Хорол хорсолтой асуулаа. Итгэлтийн нүдний цог голойж, нүүрний гал бөхөв.
-Хүнсний малыг үйлдвэрт бус ил задгай төхөөрнө гэнэ ээ? Маханд байх нянгийн тун магад хориор хэтэрчээ! гэж байцаагч часхийн чарлалаа. Үйлийн үртэй Итгэлт үржлийн наян богоор торгуулсны дараа сая Хорол байцаагчийн нурууг харав.
Боодгоо хураалгаж, богоо дундруулсан Итгэлт гэртээ урамгүй ирэв. Ширмэл олбогтоо атиран, ширмэн тогоогоо өнгөлзөв. Пор пор буцлах махыг хүлээн, гүд гүд шүлсээ залгив. Ийн суух зуур “Эрдэнийг дагуулан мордож, бичиг цаасыг нь бүтээе” гэж тэр бодлоо. Хотны ноход боргож, хойд зүгээс дөрөө ханхийв. Лагс алхаатай, лугс дуутай нэгэн хоолой засаад орж ирэх нь барилгын хяналтын байцаагч Цахиур Төмөр ажгуу. Баруун талд байх бар хээтэй олбогт тухлахыг урьсан боловч байцаагч сонссонгүй шууд ханцуй шамлаад хана унь тоолж, баганын голчийг хэмжив. Төмөр байцаагч хилэнтэй харцаар цоргиод,
-Баталсан зурагт тав байтал таны гэр яахаараа найман ханатай байдаг билээ? гэлээ. Итгэлтийн гэрийг буулгав. Луу гүний цуутай баян аргагүйн эрхэнд адуу эрэхээр одсон Эрдэнийнд хоног төөрүүлэв.
Маргааш өглөөний мандах улаан нарнаар Итгэлт Эрдэнийг дагуулан зүүн зүгт хөдөллөө. Аймаг руу ордог арслан сийлбэртэй аранзал хаалган дээр Бадарч тахар хөндөлдөв.
-Иргэн Итгэлт та яахаараа тогтоосон хурдыг хэтрүүлдэг билээ! Таны морь жолоодох эрхийг хассугай! гэж баргил дуугаар бархираад, бах тав нь ханасан байдалтай эмээлт моринд нь эзэн хүн шиг мордоод галигуулж одов. Явган нүцгэн таваргаж, янтай цаасаар хөөцөлдсөөр сарыг бараад ирэхэд нь хорин суурь хонины нь ноос харгана бутаар нэг хөглөрсөн байлаа.
Хамаг ноосоо хаяснаа бодож, харуусаж суусан Итгэлтийнд эмийн эрхийг хамгаалах эрхэмсэг хатад бууцгаав.
-Эрдэнийг эзгүйд Долгорыг яасан..? Долоон сарын өмнө Дулмааг бас яасан..? хэмээн учир шалгаан шаагилдаж, ухаж төнхөж байцаав. Энэ зунжингаа Итгэлт эрүүгийн цагдаа, эрхийн хорооны үүд сахив. Ном сонины хуудсанд заларч, ноцтой мэдээнд цоллууллаа. Шар хэвлэлийн баатар, шар сэмжтэй од болоод, эргэж гэртээ ирэхэд нь эхнэр нь салаад талийсан байлаа.
Хяруу унаж намар дундрав. Мангуудын баян Паалуутай хоршиж, Ангарын хот руу үхэр шар гаргах панз наймаа бодов. Нянгийн шинжилгээ, няхуур үзлэг, гүний гааль, гүрний хяналт, хорио цээр, холын гувчуур, мал эмнэлэг, мах бэлтгэл, хөдөө ахуйн яам, хүнс хөхүйн тамга гэх наян газраар харайлгаж насыг баржээ, хөөрхий. Нааш цааш гүйх хооронд наяын сүүдрийг зооглож, найгал болтлоо өтөлсөн байв. Найман буман цаасыг, нягталж гүйцээх гэвэл нэгэн биеийн нас үл хүрэхийг ухаарч, буцаж гэртээ харив. Сүлд нь буусан Итгэлт сүүтэй цайгаа оочлон сүг оргин суух болжээ.
Үнэн худлыг бүү мэд, үлгэр ингээд дууслаа. Луу гүний цуутай баян өнөө цагт төрсөн бол нээрээ л ингэж зовох байж, нэгэн биеэ үрэх байж. “Хүмүүнлэг ардчилсан” нийгмийг хүртэж ердөө амтлаагүй Итгэлт азтай хүн!

Monday, March 30, 2009

ХӨРӨНГӨ

(шог өгүүллэг)
Дэлгүүрт хулгай орчих вий гэхээс гозон Нанзаагийн нойр хүрсэнгүй. Үүрээр жаахан зуур дугхиймээр аядсан боловч дэлгүүрийнхээ хаалгыг түгжихээ мартчихаж гэж хар дараад муухай орилон босч ирэв. Орилох дуунд цочиж сэрсэн эхнэр нь Нанзааг эргүү маанагаар дуудлаа. Зүтгэсээр чүдэнз зурвал тав хагас болж байна.
-Юугаа гөлрөөд суучихав аа, унтаач гэх авгайнх нь уцаартай үг Нанзаагийн чихний хажуугаар өнгөрөхөд тэр ухасхийн хувцаслаад гарч харайлаа. Дэлгүүрийнхээ үүдэнд яаран ирээд хаалга цонх, цоож цуургаа гар чийдэн тусган нэгд нэгэнгүй шалгаж үзэв. Том хар цоожийг баруун тийш, жижиг цагаан цоожийг зүүн тийш ялимгүй хазайлгаж орхисон нь огт хөдлөөгүй, хаалганы даруулга зузаан төмрөөс ороож тогтоосон адууны хялгас яг янзандаа байна. Энэ бүхнийг харж сэтгэл тайвширсан Нанзаа сая л томоо гэгч амьсгаа авлаа.
Харин дэлгүүрийн үүд рүү чиглэн дурайх арзгар ултай хятад гутал, хадаас нь иржийсэн орос цэрэг гутлын мөрийг санаандгүй хараад тэр дуу алдлаа. Сайтар нягтлаад үзвэл довжоон дээр суусан бололтойгоор барахгүй ганц шил юм мултлаад бөглөөг нь үлдээсэн байна. Шалчийтал зажилсан хямд янжуурийн иш, сонинд палбийтал бүдүүн ороосон улаан тамхины үлдэгдэл довжоонд наасныг хараад ногоон Луузан, согтуу Бадарч хоёр ирж гэж таниад, дахин дотор уужирч томоо гэгч амьсгаа авлаа. Гэр лүүгээ пар пар алхлан буцахдаа Нанзаа зүрхээ даран, “Уух газраа олж ядсан хоёр ногоон чинь уушиг зүрх амаар гаргачих дөхлөө” гэж үглэж явлаа. Нанзаагийнх дэлгүүр нээгээд байгаа нь энэ юм.
Шинэ дэлгүүрийн нээлтээс хойш долоо хонож байтал хамаатны охин нь худалдагчийн ажлаа хаяад зугтаачихлаа. Нанзаа хичээлээ тармагц л дэлгүүртээ ирээд, охины хөдөлгөөн бүрийг дагуулан харж, “Шилэн лангуун дээр их юм овоолбол даахгүй. Цахилгаан жингийн товчин дээр аяар дар, элэгдчихнэ. Хариулт илүү өгчихвүүзэй” гэх мэтчилэн үглэж яншаад байсан болохоор аргагүй шүү дээ. Гозон Нанзаа уул нь насаараа хүүхдийн шуугиан чагнаж, чихээ хув болтол элээсэн газар зүйн багш хүн л дээ. Солонгос гэгчид ажиллаад хэдэн жил болж байгаа хоёр охин нь мөнгө явуулаад, “Дэлгүүр нээж аж амьдралаа өөд тат” гэснээс л ийм зовлонтой ажилд хутгалдаад байгаа юм.

Маргаашаас нь хамаатны бус хар элгийн хүн худалдагчаар ажиллуулах болсноор Нанзаа бүр дордлоо. Хичээлийн завсарлагаа бүрээр дэлгүүр лүүгээ дэгдэж ирэх бөгөөд буцахдаа: “Цахилгаан данхаа салгасан уу? САПУ худалдааны төв шиг юм болох вий дээ. Ээ дээ, утас маасалбал аюултай шүү” гэж сануулна.
Дэлгүүр ажиллаад сарын нүүр үзэв. Нанзаагийн нойр хүрэхгүй, шөнө бүр дөрөв таван удаа гүйн ирж дэлгүүрийнхээ лац ломбыг шалган, ойр орчны мөрийг шинжилсэн хэвээр. Нэг үүрээр тэр жаахан зуур дугхиймээр аядаад худалдагч бүсгүй орлогын мөнгөнөөс сэмхэн авч халаасандаа нууж байна гэж хар дараад чарлан босч ирлээ. Авгай нь уурлаж аашилдгаа больчихсон:
-Миний өвгөөн, дөнгөж зургаа болж байна. Амар даа гэсэн боловч энэ үг мөн л Нанзаагийн чихний хажуугаар өнгөрч, дэлгүүрээ эргэх гэж байгаа бололтой чимээгүй гарч явлаа.
Тэр бүтэн сарын турш нойргүй дап дупхийсээр бүр турж гүйцлээ. Өндөр нуруутайг хэлэх үү, шонд дээл өлгөчихсөн юм шиг л горзойтол алхалж явах болов. Дэлгүүр нээсний гучин хоёр дахь өглөөнөө Нанзаа багш сурагчдаар хяналтын ажил хийлгэж сууснаа хоромхон зуур зүүрмэглээд:
-Хүүе, үер! Дэлгүүр үерт явлаа! хэмээн муухай чарлан босч ирснээс, “Хөрөнгөтэй хүн унтаж чаддаггүй гэж үнэн юм аа” хэмээн сум даяар ярилцав. Говийн суманд юуных нь үер болохов дээ. Үд өнгөрөхөд энэ яриа Солонгост суугаа охидынх нь чихэнд хүрч, маргааш нь гэхэд л Нанзаагийн эхнэр дэлгүүрээ зарлаа. Хэдийгээр гай зовлон авчирсан дэлгүүрийг далд оруулсан ч Нанзаа нойргүй хэвээр. Дэлгүүрээ зарж олсон хорин сая төгрөгөө дэрэн доогуураа хийн хэвтэх боловч хорьдугаар тогтоол гарлаа гэж зүүдлэн, муухай хашгиран босч ирсээр л байлаа.
Авгай нь Солонгост суух хоёр охинтойгоо хэдэн өдөр утсаар ярьж зөвлөлдөөд арга чаргаа барж, сумын хийдийн ловон Дандгай ламтныг залж, үзүүлж харууллаа. Ловон ламтны айлдсаны дагуу гай зовлон авчирсан хорин сая төгрөгөөр сумын хийдийн өмнө алтан суварга бариуллаа. Тэгсэн хэдий ч Нанзаагийн нойр хүрэхгүй хэвээр. Урьд нь дэлгүүрээ эргэж байсан шигээ шөнө бүр суваргыг эргэн, ойр орчинд нь мөр ажигладаг болов.
Гозон Нанзаа нойргүй хоёр сар болсноос бүр турж гүйцлээ. Одоо тэр уурганы бөгсөнд дээл гогдоод өлгөчихсөн юм шиг л туялзаж явах боллоо.

/Жич: Анд маань өмнө бичсэн өгүүллэгээс хэдийг сонгоод, "Эднийг заавал дахиж нийтэлж хүмүүст хүргэ" гэсэн тушаал буулгасныг ёсоор болгож байна/

Wednesday, February 4, 2009

Од болохын учир

/шог өгүүллэг/

Ард түмэн тэднийг мартчих гээд байгаа учраас хөөрхий улстөрчид байнга хэрэг төвөгт орж, сонин хэвлэлийн од болохоос өөр аргагүйд хүрдэг байх юм. Мартагдана гэдэг улстөрчийн хувьд үхэл учраас тэр.
Олны нүд хаашаа чиглэнэ, тэнд дэвхэрч цовхорч өөрийгөө сануулж байдаг мэдрэмжтэй улстөрч бол Гүндалай. Хэд улирсан хашир гишүүнд гадаад руу сэмхэн гарчих нүх сүв, танил тал байж л таараа. Гэтэл гэгээн цагаан өдрөөр онгоцны буудал дээр баригдаж цамцаа уруулж, хацраа маажуулж, бөөн шуугиан болно. Цууд гарч од болж байгаа нь энэ. Ард түмэн “Хөөрхий, гишүүн минь” хэмээн шогширч, бүтэн намаржингаа ганцхан Гүндалайг л яриастай. Яриа татрах үест аргаа өөрчилж, Ард түмний нам байгуулан гудамжинд гуагална. Тэгснээ гэнэт больж, хуучин нам руугаа нутаг гүйсэн адуу шиг таварган ирж сэтгүүлчдийг уйлуулна. Арга ядахад бэлгэвчний аян зарладаг давхар мэхтэй. Сүүлийн сар түүнд шуугиан тарих аян шалтаг олдохгүй толгой ихэд гашилсан юм. Дахиад завьтай алга болъё гэтэл Хөвсгөл далай тэс хөлдүү. Аргаа барахын алдад сэрхийтэл мэргэн санаа ирж, “Ерөнхийлөгчид дэвшинэ!” гэж чарлалаа. Зүүдэнд ч ерөнхийлөгч болж үзэгдэмгүй хүн ингэж том донгодохоор өнөөх ард түмний чих байдгаараа дэлдийж, бүгдийн анхаарал түүн рүү чиглэлээ. Гүндалай гэх нэрийг үргэлж цуурайтуулж, торомгортоо давхраа зүсүүлж, сортгортоо бэлгэвч тохож явдгийн хүчинд тэр Их хурлын гишүүний сэнтийд мөнхөд залаастай байна.
Улстөрчдийн үр хүүхэд хүртэл сануулах үйл хэрэгт татагдан орж байна. Нарантуул захын эзний хүүхдүүд эцгийнхээ нэрийг дуурсгахын тулд хар тамхи угзарч үзэв. Өмнө зөвхөн алаан хядаантай дэлгэцнээс л олж хардаг байсан тэр зүйлийг ард түмэн сортойтлоо гайхах нь гарцаагүй хэрэг. Энэ хэргийн шүүх хурлын тов хойшилсныг зарлах тоолонд Сайхансамбуу гэдэг нэр улс орон даяар цуурайтаж байсан юм. Ийм далайцтай сурталчилгааны ачаар тэр Их хуралд гарсан. “Эс эс” хэмээх уушын газартаа ах дүү амраг садангуудыг хороо хориноор нь хоморголон хордуулж нэрээ дуурсгасан нь эрхэм гишүүн сануулах ажилдаа мэргэшиж буйг гэрчилсэн билээ.
Цахиур Төмөр шиг арван дөрөвхөн адууны хэрэгт орооцолдож од болдог үе өнгөрсөн болохыг мэдэрч чадсан ухаантай хүү бол Хүрэлсүх. Тэр хэдэн аймгийн адууг сууриар нь хуу хамаад авчих мөнгө болох арван дөрвөн тэрбумын хэрэгт холбогдон нэр хүндээ суга өсгөж, намын чухал албанд суга дэвшсэнийг түмэн олон бүлтийтэл харсан билээ.
Ерөнхий сайдыг хар л даа. Мартагдахгүйн тулд эрүүл мэндийн дэд сайд, царайлаг бүсгүйтэй холбоотойтой ч юм шиг, холбоогүй ч юм шиг баахан бичүүллээ. Хүмүүс уйдаад, жиг жуг яриа татрах аятай болмогц загвар өмсөгч охинтой учир ургасан гэгдэж шуугиулахыг оролдов. Энэ ажиллагаа нь бас л нэг их шальтай болсонгүй. Ард түмэн түүнийг ахиад л мартагнах шинжтэй. Эцэст нь хөөрхий, аргаа бараад мориноос унаж од боллоо шүү дээ!
Арвин гишүүн ширээгээ ахин дахин балбаж, тэр тоолонгоор нь ард олон цочин сэрж түүний нэрийг эргэн санаж байсан. Нямдорж дарга хашир хүн болохоор сонгуулийн жил хууль засч од болон гялалзсан. Ийм ухаалаг алхмынхаа хүчинд тэд дахин сонгогдсоноор барахгүй, нэг нь сайд, нөгөө нь дэд хорооны даргын суудалд авираад, аж амьдралаа улам ахиулан дэвжүүлж сууна. Гантөмөр тун гайхамшигтай санаа олсон байдаг. Том хар тэрэгний эсрэг аян зарласнаар тэр ард түмэнд өөрийгөө таниулсан. Эрхэм гишүүд одоо хотынхны нүдэнд харагдахын тулд намхан хар тэрэг нэмж нэг нэгийг авцгаалаа. Энэ аянаараа Гантөмөр нэг сумаар хоёр туулай буудаж, гишүүн ч болсон, хос тэрэгтэй ч болсон.
Үнэг Батаа гэгч улстөрч сануулах үйлсэд тулгуур дохио гэх сурганы шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлснээрээ түүхэнд үлдсэн. Үнэг гэж хэлэх, үнэгний зураг харагдах, үнэгтэй үлгэр унших тоолонд л Батаа гэдэг нэр сэртхийтэл толгойд орж ирнэ. Даанч өнгөрсөн сонгуульд тойрог олдоогүй болохоос нэр дэвшсэн юм гэхэд тэр заалттай сонгогдох байлаа. Үнэг бүх үлгэрт гардаг тул Батаа гэх нэрийг ард түмэн хэдэн зуун улирсан ч мартахгүй. Цагаан толгойн номын “Ү” үсэгний дэргэд үнэгний зураг хаддаг байснаа больж, Батаагийн зургийг нийтэлдэг болох оновчтой санааг зураач нар олоод байна.
Ийнхүү эрхэм улстөрчид маань ой тогтоол муутай, мартамхай биднээс болж элдэв муугаар хэлүүлж, онигоонд орж, зовж шаналж явна. Улс төрийн товчоо, Төв хорооны гишүүдийн нэр овог, албан тушаалыг нэг ч үсэг гээлгүй цээжлүүлж, шалгалт авдаг асан хуучин сайхан цагийн туршлагаа эргэн сэргээе. Далан зургаахан хүнийг цээжилж ядах юу байх вэ. Эрхэм гишүүдээ зовоохоо больцгооё, ард түмэн минь ээ.

Wednesday, June 4, 2008

ХОНГИЛЫН СОНГУУЛЬ

(шог өгүүллэг)
Хөгшин залуу, эр эм арван хэдэн хүн нэг гэрт байх тул амь нэгтэй. Нэг гэр гэдэг нь Сүхийн талбайн ойролцоо байх дулаан дамжуулахын нэгэн хонгил л доо. Хүн ахтай дээл захтай байдаг ертөнцийн хууль хонгилд ч мөн адил үйлчилнэ.
Хонгилын дарга, хутга Батаа хир даг болсон навсархай хүрэмнийхээ энгэр лүү гараа шургуулан,
-Муу өтнүүд минь, олсон мөнгөө бүгдий нь гарга хэмээн цаад хэдийгээ жижигрүүлдэг боловч бөөрлөж босгосон шилтэй юмаа хуваах дээрээ тулахаараа бүгдэд тэгш хандана. Хувь ноогдсон жаахан юмандаа халж, ертөнцийн эрээн барааныг мартан жаргахдаа тэдэн шиг эв найртай сүрэг хорвоод үгүй байлаа.
Нэг л үдэш дарга тэр чигтээ нойрсов. Хорвоогийн өглөө ирдгээрээ ирж хонгилын иргэдийн дотор бүрзийдгээрээ бүрзийн сэрцгээнэ. “Муу өтнүүд, бушуу бос. Босоод!” гэх даргын сөөнгө хоолой үгүйлэгдэнэ. Нус Догоо ширэлдэж даахирсан толгойгоо гэлжийлгэн санаа алдаад,
-Багшийн дээдийн хонгилын дарга, шөвөг Самбууг манай руу нүүж ирж бидний дарга бол гэж гуйя гэвэл тархи Гамбаа түүн рүү муухай харж үгийг нь таслав.
-Дотроосоо даргаа сонгоно! Сонгууль явуулъя гэж өчигдрөөс хойш бодлоо гэж тэр нухацтай хэлж байна. Тархи Гамбаа бол цагтаа зэрэг дэв хамгаалах шахаж явсан, хог ухахдаа шил савнаас урьдаар сонины тасархай цуглуулдаг хүн тул бусад нь түүнийг битүүхэндээ хүндэтгэнэ.
Сонгуулийн ажил өдөр ирэх тутам эрч хүчээ авлаа. Шаг Баагий:
-Хэрвээ би даргаар сонгогдвол, миний найз бидэнд юмаа таван төгрөгөөр хямд өгнө. Бид эдийн засгийн хямралаас гарна гэсэн бол, нударга Дорж:
-Намайг сонговол бид нийтээрээ нударган зодоон сурч бусад хонгилынхныг айлган татвар авдаг болно. Бид ядуурлаас гарна гэж байна. Тархи Гамбаа сонгогдвол хичээл зааж оюуны хоосролыг арилгана гэнэ. Ходоод Дууяа маш гоё хүнс байдаг хогийн цэг зааж өгнө гэв.
Сурталчилгаа цаг минут тутамд эрчимжнэ. Хамгийн сүүлд нус Догоо нэрээ дэвшүүлснээр арван хэдүүлээ хүүхэд хөгшидгүй цугаараа нэр дэвшигч боллоо.
-Үргэлж мөнх сонгууль болж байдаг болоосой гэж хонгилын сонгогчид мөрөөднө. Шаг Баагийгийн үнэгүй тараасан чангаас чанга найруулсан юмыг татаж, ходоод Дууяагийн өгсөн томоос том зүсэм бялуу долоож, сожоо Дагвын бэлэглэсэн зуут, тавьтын дэвсгэртийг хармаалж энэ хэдэн өдөр хонгилынхон ёстой л бялуурч байлаа. Сонгуулийг товлосон өдрийн өмнөх орой сурталчилгааг албан ёсоор хаах гэж байтал цагдаа нар ирж өнөө хэдийг гэрээс нь суга суга татан хөөж явуулах нь тэр. Удалгүй цэвэрхэн хувцастай баахан эрхэм хар тэрэг хөлөглөн ирж, хонгил байсан газар тууз хайчлан, шав тавьцгаав. Дулааны шугамыг өөрчилж, цамхаг босгох болсон нь энэ байлаа...
Хахир өвөл мартагдаж нялх ногоо соёолсон урьхан өдөр ирэв. Нэг хонгилд аж төрж байсан хоёр найз Сэлбийн эрэг дээр санаандгүй тааралдлаа. Нударга Дорж нулимсаа арчин,
-Манайхан ихэнх нь сураггүй болсон. Би энүүхэн энд өөр хонгилд байгаа, саяхан нус Догоогоо татаж авсан. Дээрэлхүүлээд хэцүү байгаа.., хөөрхий тархи Гамбаа согтоод, гудамжинд хөлдөөд бурхан болчихсон.., гэхэд нь, ходоод Дууяа бас эхэр татуулан,
-Дуулсаан, дуулсан гэж арайхийн хэлээд, нулимсанд халтартсан хацраа шударлаа.

Monday, April 21, 2008

ХАЛААСНЫ ӨРӨӨ

/шог өгүүллэг/
Идэр ес гээч нь ид дундаа байсан үе. Хичээлээ тараад иртэл хуучин муу богц, алимны хайрцагтай хэдэн номыг минь үүдэнд гаргаад шидчихсэн байна. Намайг бараадан нүүж явдаг муу дүү минь ботгон нүдэндээ нулимс цийлэлзүүлээд чичрэн зогсох нь өрөвдмөөр. Тавин хэм чисхийсэн хүйтэнд утаатай тэнгэрээс өөр хучлагагүй хонож, хорин хуруу хоёр чихээ нэгд нэгэнгүй хөлдөөж, голдоо ортол даарч үзсэнийхээ дараа би “халаасны өрөө” гэдэг үгийн утгыг ухаарч билээ. Ийм өрөөнд түр орогнон суух, ядарсан ялаануудыг дуртай цагтаа халж сольж болдог болохоор “халаасны өрөө” гэдэг нэр үүссэн юмсанж. Халж сэлгэхийн “хал” нь энэ үгийн язгуур болдог гэсэн үг.
Би хөгширсөн хойноо ч оюутан хэвээр, үйл лайгаа эдэлж яваа хүн л дээ. Анх гэнэн амьтан айлын хажууд халаас шиг жижиг өрөөнд аж төрдөг болохоор ийнхүү “халаасны өрөөний айл” гэдэг нэр томъёо үүссэн юм байх хэмээн бодож, тэнэгтэж маанагтаж явжээ. Энэ үгийн цаад санааг эрдмийг сурахаар зориг шулуудсан анхны лайт өвлөө тийнхүү ясандаа тултал мэдэрч билээ.
Удалгүй бас өөр утга олж мэдэв. Энэ зовлонт явдлын дараа ахин нэг халаасны өрөө оллоо. Батга шавсан барзгар хар нүүр, том улаан хамартай эрхэм тэр гэрийн эзэн болно. Нэгэн орой эхүүн нясуун юмыг ханхлуулан, өрөө рүү маань орж гарч байснаа, тэсгэлгүй чин сэтгэлийн яриагаа эхэллээ. “Халаасны өрөө гэдгийн жинхэнэ утгыг мэдэх үү?” гэх асуултыг түүний амнаас сонсоод, зүрх шууд зогсон, сандалдаа лагхийн суулаа. Батгатай эрхэм миний цус харвахад дөхөөд буй цонхийсон царайг анзаарсан ч үгүй,
-Гэрийн эзний дотрыг халаасны төлөө хөөгдчихөлгүй толгой хоргоддог өрөө учраас “халаасны өрөө” гэдгийм даа хэмээн өөрөө, өөрийнхөө асуултад хариулж байна. “Дахиад л халуулж сэлгүүлэх нь дээ” гэхээс үнхэлцгээ хагартлаа айж байсан миний дотор цэлмэчих шиг болж, “ёо, ёо” гэж сэм дуу алдлаа. Дүүгээ бушуухан ганц шил юманд гүйлгэчих нь тэр! Энэ яриа болсноос хойш би гэрийн эзний дотрыг байн байн баяртайяа халаах боллоо. Нээрээ л дотор халаасны ачаар амар жимэр аж төрдөг болохоор “халаасны өрөө” гэж нэрлэх нь долоон зөв шүү дээ.
Удалгүй тэрхүү “дотор халаасны” өрөөндөө удаан оршин сууж чадахгүйгээ мэдэрдэг юм байна. Батга царайт долоо хоног тутамд шил юм гаргуулдаг байснаа, давтамжаа аажмаар ойртуулсаар. Сүүлдээ бүр давраад, “Өдрийн нэгийг заавал авахуулна!” гэж агсамнах болов. Мөнгө ч тэсэхээ байлаа. Би ч бас тэссэнгүй. Нэг л мэдэхнээ тэвчээр алдарч, “Битгий хуц! Муу, батга царайлсан архичин!” хэмээн хашгирчихсан байлаа. Бид тэр оройдоо “дотор халаасны” өрөөнөөс хөөгдсөн юм.
Дараа нь бас нэг халаасны өрөөнд сөгдөж гуйж байж толгой хоргодлоо. Гэрийн эзэн огт батгагүй цэвэрхэн царайтай эрхэм. Зан гэж хайлсан тугалга. Гурван өрөө байрныхаа хоёр жижиг өрөөний нэгэнд дүү бид хоёрыг, нөгөөд нь дөнгөж нас биенд хүрсэн болов уу гэмээр жижигхэн, хөөрхөн оюутан охиныг суулгана. Тэрээр намайг оруулахдаа, “Уг нь ганц бие оюутан охин оруулсан бол ч…” гэж өөртөө хэлээд, шүлсээ гүдхийтэл залгисан юм.
Эр хүн л болсон юм хойно, би нэг орой халамцуу ирлээ. Угаалгын өрөө рүү яваад ортол, ээ бүү үзэгд! Юу харсан гэж санана, өнөөх цэвэрхэн царайт эрхэм чинь оюутан охиныг шалан дээр дараад уначихсан уухилж байна! Нүв нүцгэн!
-Охин шигээ хүүхдийг яана гэнэ ээ, чи! гэж би бархирлаа. Муу ухныг ховх татаад, хоёр нүдний нь тэхий дундуур нулиад хаячихлаа. Маргааш өглөө нь дүү бид хоёр, нөгөөх оюутан охинтой халаасны өрөөнөөсөө хамтдаа хөөгдөв өө, хөөрхий.
Оюутан охин уйлж байна аа. Би өрөвдөөд нулимсыг нь арчих гэлээ. Тэгтэл тэр над руу хорсолтой харцаар цоргиод, “Намайг чамтай хардаад, хөөчихлөө. Хөгшин илжиг ээ! Дахиад хаанаас ийм үнэгүй халаасны өрөө олох юм?” гэж чарлаад, маажиж малтах нь холгүй байна. “Үнэгүй гэнэ ээ?” гэж би дуу алдсанаа, дотор огшоод явчихлаа. Дүү бид хоёр өмнөх айлдаа дотор халаасны төлөө толгой хоргодож байсан бол, энэ охин цэвэрхэн царайт эрхмийнд хөнжил халаасныхаа төлөөсөнд “үнэгүй” аж төрж байсан юмсанж. Халаасны өрөөний бас нэг том утга нь “хөнжил халаасны” өрөө байж дээ.
Өөр юу эсийг үзэхэв. Нэг удаа сүнстэй өрөөнд орчихдог байна. Шөнө бүр улаан дээлтэй, хүйт даасан нүдтэй, үхдэл царайтай хүүхэн орж ирээд, “хай, кони чива, аригато” гээд хөнжлөөс татаад уушиг зүрх амаар гаргачих гээд байсан тул аргагүйн эрхэнд нүүсээн. Монгол залууд дурласан, улаан дээлтэй япон бүсгүй яг тэр өрөөнд амиа егүүтгэсэн түүхтэй аж. Хөөрхий хүүхнийг Халаа сан гэж дууддаг байж. Тэгээд яахав дээ, “Халаа саны өрөө”-нд орчихсон нь тэр.
Амьдрал гэдэг баян юм аа. Монгол хэл минь амьдралаас дутахгүй баян ажээ.
Өнөө шөнө би бас л гудамжинд хонож байна. Тэр өвлийг бодвол арай дулаахан, хаврын шороон шуурга нөмөрч унтана, гэж байгаа. Маргааш бас нэг шинэ халаасны өрөө олно. Шинэ өрөө олно гэдэг “халаасны” хэмээх энэ гайхамшигт үгийн бас нэгэн шинэ, сайхан утгыг олно гэсэн үг ээ.

Monday, February 25, 2008

ЗОЛГҮЙ УЧРАЛ

(шог өгүүллэг)
Ес эхлэхээс өмнө цочир хүйтэрсэн боловч тэнгэр тогтуун сайхан байлаа. Сургуульд хотоос арга зүйч нар ирэх юм гэнэ гэсэн яриа сумын төвөөр хаврын түймэр адил түргэн тархлаа. Тэр оройдоо, шөнө дунд дөхөж байхад жээп гээч гялгар тэрэг хөлөглөсөн хоёр эрхэм залрах нь тэр. Сумын зочид буудлыг хувьчилж аваад, гурав дахь хоног дээрээ найрлаж байгаа улаан Дүүлээ ихэд мэрийж байж хөл дээрээ тогтон зочдыг угтав. Тэр буудлынхаа үүдэнд зогсоод
-Миний буудлын анхны зочид… хэмээн хамрынхаа самсаа түмбэлзүүлэн эхэр татуулж байснаа енгэнэтэл уйлан хоёр зочны нэгийг тэврэн авч нус, шүлсээ хацарт нь нааж эхэллээ. Яг энэ мөчид амжиж харайлгаж ирсэн сургуулийн захирал түүний бүснээс зулгаан
-Наад хүмүүс чинь хот газрын эрдэмтэн магаастарууд. Дүүлээ минь, соёлтой бай гэж чихэнд нь шивнэтэл хэрэг бишдэх нь тэр. Улаан Дүүлээ
-Хотын луйварчингуудад дойллуураар үйлчилнээ хэмээн цуурайтуулав. Сумын төвийн бүх ноход команд авсан мэт зэрэг зэрэг борголдож, Дүүлээгийн дуу газарт нэг, тэнгэрт нэг хадна. Аргаа барсан захирал айсандаа бүлтэгнэн зогсох хөөрхий хоёрт
-За, та хоёр манайд хонохоос гэлээ.
Маргааш өглөө нь нөгөө хоёр захирлын хамт сургуулийн гол хаалганы дэргэд зогсож байлаа. Урьд шөнө орох оронгүй бүлтэгнэж байснаа ор тас мартсан эрхмүүдийн харц дээгүүр, царай ихэмсэг байх аж. Сумын төвийнхөн өвлийн идшээ бэлтгэж, үхэр мал нядлан, нусаа арчих ч завгүй байдаг үе. “Дорж өчигдөр манайд ирж үхэр төхөөрч өгөөд явсан юмсан. Дээлээ сольж ирдэг л байгаа даа” хэмээн захирал санаа зовинож байлаа. Булан тойроод хоёр хүн айсуй. Сургуулийн үйлчлэгч Должин сэвс нялаад хатаачихсан хормойгоо өшигчин, багш Дорж цустай ханцуйгаа хаялан, хоёул гангар гунгар гэсээр ирж явснаа зог тусаад таг гөлөрлөө. Араас нь түрүүчийн хоёртой адил энд тэндээ цус сэвс наасан сурагчид цувах нь тэр! Захирал сургуулийн ёолкон дээр дурандуулж буй муу сурсан сурагч шиг улайж, нүүр хийх газраа олж ядна. Харин зочдын царай хувхай цайж, нүд нь орой дээрээ гарсан харагдана. Ерөнхийлөгч тэргүүн хатагтайтайгаа гэгээн дүрээрээ заларч байгаатай учирсан гэлтэй үл таних хүмүүсийг гайхан алмайрсан сурагчид өмнөх замаа харахгүй довжоонд бүдрэн улаан нүүрээрээ газар алгадан пис пас унана.
Төслийн ажлаар яваа гэх энэ хоёр эрхмийн эмэгтэйнх нь үнэгэн шүүбний огтор хормой дороос шилэн оймстой гуя гялалзаж, эрэгтэйнх нь задгай энгэрээр цасан цагаан цамц, хээнцэр зангиа харагдана. Үнэгэн лоовууз, үстэй дээл, нохой гуталтай багш нар хувцаснаасаа ичээд, захиралтай адил час улайчихсан зогсож байлаа. Панз Норовын авгай Нараа тэргүүтэй хэдэн бүсгүйн хор шар хөдлөөд буцаж гүйлээ. Удалгүй алт мөнгө, булга савхиараа гоёчихоод ирцгээв.
Хэдэн үеэрээ зүггүй гэж сум даяар зартай Доржийн удмын юм нь хөдөлж хими биологийн багш өндөр Гончигт
-Хотын хүүхнүүд чармай нүцгэн бие дээрээ шүүб өмсдөг моодтой болсон гэнэ гэж хэллээ. Гончигийн хоёр нүд хотын эмэгтэйн хөл дээр очоод наалдчихлаа.
Арга зүйч нар багш нарын хичээлд сууна гээд, Гончиг багшийн хичээлийг эхэлж сонгов. Гончиг багш хорин гурав дахь жилээ хүүхэд бужигнуулж байгаа хашир бурхи боловч, сүүлийн арван жил төвийн арга зүйчийн бараа хараагүй тул дадлага хийж байгаа оюутан шиг л сандарчихлаа. Тэр дэн дун гэсээр хичээлээ дуусгаад, завсарлах хонх дуугарахад сая сэхээ орлоо. Хартал нөгөө хоёр маань ихэмсэг дүртэй сууж л байв. Өндөр Гончигтой зөрөн, англи хэлний багш, энэ жил төгсөж ирсэн жаахан хүүхэн нөгөө ангид орж ирэв. Тэр самбартайгаа ч юм уу, сурагчидтайгаа ч юм уу, бүү мэд, ямар нэгэн юмтай яриад буруу хараад зогсчихлоо. Энэ ангид хичээлийн төгсгөл рүү орж ирсэн эрхлэгч, арга зүйчдийг суусан чигтээ тэс хөлдсөнийг мэдэж, илжгээ хулгайд алдсан хужаа шиг муухай чарлаж байснаа тас гэдрэгээ саван унажээ.
Дуудлага өгөөд дөрвөн цаг болсны дараа аймгаас эмч ирэхэд эрхлэгч хэдийнэ сэргэчихсэн, харин нөгөө эрхмүүд ихэмсэг дүртэй суусан чигтээ л байв. Сталин багшийн хөшөө мэт сүрлэг дунхайх тэднийг эмч хэд хэд нясалж үзээд
-Одоо эмч биш цагдаа хэрэгтэй болжээ гэлээ. Орой тийшээ цагдаагийнхан ирэхэд талийгаачдыг тойруулан өрсөн паяльникууд хүнгэнэлдэн угтав.
Тэр оройдоо мөрдөн байцаалт эхэллээ. Сургууль дотор хасах дөчин хэм хүйтэн байдгаа мэдсээр байж өрөөндөө зочдын гадуур хувцсыг өлгүүлсэн захирлыг баривчлав. Хичээл дээр нь хүн хөлдөж байхад анхны тусламж үзүүлээгүй химийн багш, хэлний багш хоёрыг хам хэрэгтнээр татлаа. Насныхаа талыг хүүхэдтэй хэрэлдэж, хэл ам нь үсний хутга шиг болчихсон өндөр Гончиг арга зүйчид хоёрдугаар цагийн хичээл дээр хөлдсөн болохыг хими биологийн шинжлэх ухаанаар батлаад, ачигдаж явснаасаа хойш хорь хоноод, аймгийн мөрдөнгөөс суллагдаж ирлээ. Заргалдах байтугай мэдүүлэг ч өгч чадахгүй бүтэн хорь хоног уйлж суугаа хэлнийн багш Чимгээ хэргийн гол буруутан нь юм гэнэ хэмээн сум даяар шуугилдав. Гурван сарын дараа сумын уурын зуухыг худалдаж авсан Догсом баяныг зуухны галчтай хамт гавлаад ачив. Захирлын бүл дүү улсдаа нэртэй өмгөөлөгч төвөөс ирж, энэ хэрэгт сургууль буруугүй, уурын зуух буруутай болохыг баримтаар нотолсон нь энэ байлаа. Бүтэн нэг жил өнгөрлөө. Сумын төвийнхний мөнгөтэй хүн алзахгүй биз гэсэн яриа ортой болохоо харуулав. Догсом баян холын хамаатан галч залуугаа дагуулан царай нь цонхийж чийг ханхлуулсан амьтан буцаж ирэв. Ингээд шатдаггүй нүүрс уурын зууханд нийлүүлсэн Хар хужирын уурхайн захирлыг зөрүүлэн ачаад явчихлаа.
Долоон жил өнгөрч, сумын төвийнхөн дотор өнөөх гайт хэргийг дурсдаг хүн байхгүй болоод байлаа. Хаврын сүүлч рүү анхны бороо орсон өдөр хэргийг золгүй учрал гэж үзээд хэрэгсэхгүй болгосон тухай радиогоор ярьж эхлэв. Яг энэ үеэр сумын сургуульд бас нэгэн арга зүйч ирлээ. Гончиг багш нээлттэй хичээлээ заахынхаа хажуугаар, хичээлд нь сууж буй төвөөс ирсэн гуалиг бүсгүй рүү очиж, мини юбкний хормойноос доош бүтнээрээ ил гарсан булбарай зөөлхөн гуян дээр нь гараа тавьж, амьд эсэхийг нь дахин дахин шалгаж байлаа.
2000 он

Monday, February 11, 2008

МЯНГАН ТӨГРӨГ

(шог өгүүллэг)
Банжаа хөгшин мал харахаар сумын төвийн чанх өмнө орших толгодын орой дээр гарч суулаа. Эргэж хармагцаа огло харайн босов. Сургуулийн хаалганаас эхэлсэн урт оочер мушгиран сунаж, сумын төвийн нөгөө зах руу талийсан нь Ленин багшийн бунханг ачиж ирээд сургуулийн хашаанд тавьчихсан мэт харагдана. Банжаа гуай:
-Ээ, Богд минь. Сургуулийн цалин буух нээ гэж амандаа хэлээд ухасхийлээ. Газрын уруу хад чулуу тачигнуулан дүүлж буй хөгшнийг алсаас харсан манлай уяач, ганган Дүүлээ адуу гэж андуурч:
-Миний хурдан зээрд чөдрөө тасдчихаа шив. Чоно нохойноос үргэв үү гэж үглэнгээ дурангаа хайн, өвөр түрийгээ ухан, мунгинаж байтал нь хөгшний бараа аль хэдийнээ тасарсан байлаа.
Банжаа гуай самганыгаа “төсвийнхөнд мөнгө зээлдүүлснээс гээчихсэн нь дээр” гэж үглэсээр байхад тоолгүй, тооны багш шар Даваад мянган төгрөг зээлдүүлчихсэн нь араасаа бөөн балаг чирээд байгаа юм. Түүнээс хойш сургуулийн цалин хэд хэд буусан боловч, Даваа сохор зоос авчирсангүй. Зуны эхэн сард сургуулийн амралтын мөнгө буухад хөгшин бүтэн өдөржин сургуулийн хаалга сахиад хоосон харьснаас гэрт нь дайн гарах дөхсөн юм. Эмгэн нь түүн рүү улайрсан бух шиг дайрч ирэхэд, өвгөн хий мурьж, хоёул давхар унахдаа тогоотой сүү дайрч унагаснаар барахгүй олон үе дамжин өвгөнд ирсэн галуун хүзүүтийг нядаачихсан билээ. Тэр оройн зодооныг гэрийн гаднаас чагнасан хамар хашааны Пагам авгай сумын төвөөр нэг тарааж орхисны балгаар “Галын хайчаар балбуулсан Банжаа чанга уйлжээ, Жаажаа эмээ аргадаад ганцын зэрэг үнсжээ” гэж сургуулийн хүүхдүүд дуулдаг болж, зургадугаар ангид сурдаг зээ охин нь: “Та хоёр онигоотой юмнаас болоод манай ангийн Болдоо надтай үерхэхээ больчихлоо” гэж уйлж ирээд, өвгөн эмгэн хоёрт учир зүггүй туньж, зуны гурван сар зовоож, одоо л нэг мартагнах янзтай байгаа билээ.
Тогтож ядан аахилж, пар пар ханиалгах хөгшнийг сургуулийн үүдэнд оочерт зогсох том бага гарын наймаачид ёозгүй харна. Төв хаалганы довжоон дээр Данигай панз ам дүүрэн алтан шүд гялалзуулан, пан пан дуугарч, хуучин цагийн намын үүрийн дарга адил ихэмсэг гэдийж зогсоод,
-Хойд хаалга, аваарын шатыг чадалтай хүмүүсээр мануулъя! гэхчилэн олон түмнийг зохицуулна.
-Зөв! Бүх нүх сүвийг мана! Бас сайн морьтой хүн хэрэгтэй, янзага Довчин гарч зугтвал гүйцэгдэхгүй шүү та минь гэж хүмүүс ам амандаа шуугилдав. Нар баруунаа хэлбийж, цугласан олон ид чилж байх үед сургууль цалингаа тавьж эхэллээ. Хамгийн түрүүнд цалингаа тоолсоор гарч ирсэн нийгмийн ухааны шинэхэн багш бүсгүйг ТҮЦ-ийнхэн бүчиж авлаа. Бүсгүй өрөө төлсөөр нэг ч төгрөггүй болоход галзуу Мядаг сарын эхэнд зээлээр өгсөн гутлын үнэ хэмээн, түнтийтэл уурлан, гутлыг нь мулт татан тайлж авлаа. Баян Жамбалын авгай арван гурван ширхэг алимны үнэ, мянга гурван зуун төгрөгөө нэхэж,
-Хоёр зуун борлонтой баян нагацаар чинь төлүүлнэ гээд бүсгүйг заамдаж аваад хоёр нүцгэн хөлөөр нь зам татуулан чирч одов. Хөөрхий багш нар мөнгөө элгэндээ тэврэн, нярвын өрөөнд хэсэг зуур зогсоод, санаа алдан, гадагшаа дэлгүүрийн эзэд рүү очиж байлаа.
Банжаа гуай хамгийн түрүүнд шар Давааг барьж авахаар хаалганы дэргэд мяраан зогсоно. Дахиад л дуу шуугиан боллоо. Балин хамрынхаа хоёр талаар найман эгнээ улаан зам татуулан маажуулсан ченж Самдан бархирч байна. Түүнийг галзуу Мядаг маажчихжээ. Мядаг, Самдан хоёул шар Даваагаас тавин мянгын авлагатай, хэн нь түүний цалинг авахаа шийдэж байгаа болохыг сонссон хөгшин: “Мядаг, хөөрхий минь, галзуу юм шиг ч гэсэн цайлган охин. Сургуулийн энэ сарын цалингаас мөнгөө олж ирэхгүй бол улаан тамхиа хасуулах гээд байгаа гэж үнэнээ хэлээд гуйвал үгүй гэхгүй” хэмээн бодоод, Мядаг руу дөхлөө. Хэн нэг нь:
-Банкны эрхлэгч Банзар Даваагийн цалинг бүгдийг нь өрөнд суутгачихсан гэх нь дуулдлаа. Банжаа гуай: “Хурга Ядам шиг уруу царайлчихаад, хүний тамхи гувшиж явалтай биш” гэж бодогдон, сэтгэлээр уначихлаа. “Хэн нэгнээс мянган төгрөг зээлье. Хариад самгандаа худлаа хэлчихдэг хэрэг” гэсэн мэргэн санаа өвгөний толгойд харван орж ирж, мөнгө зээлчих боломжийн хүн хайн, тойруулан харлаа. Тэгтэл цагаан тоос хуйлран, газар доргиж, морьтой явган хүмүүс нижигнэн хөдлөв. Биеийн тамирын багш янзага Довчин зугтаачихжээ. Тэрбээр хол тасархай цахилж явна. Гүйцэхгүй гэдгээ мэдэрсэн олон хий хашгирч гуагачин нэхэж явснаа ганц нэгээрээ цувран хөөхөө больж байна. Үүнтэй зэрэгцэн сургуулийн дээвэр дээр цэнхэр утаа хаялан мотор асч, гурвалжин шар юм далбилзан хөөрлөө. Хүмүүс дэмий л:
-Хэн бэ? Хэн бэ? гэж бие биенээсээ асууцгаана.
-Захирал л байна, золиг гэж Банжаа алслан нисэх, муухай дуутай шар юмны доороос дүүжилсэн сандал дээрх хүнийг дагуулан дурандангаа ууртай хэлэв. Захирлаас авлагатай хүмүүсийн нэг нь:
-Марз уулын орой мөргөөд сөнөөсэй! гэж хараав.
-Нүгэл гэм, захирал үхчихвэл өрийг нь хэн бидэнд төлөх вэ? гэж бусад нь түүнийг загналаа. Хоёр ч багш ирж цалингаа авсангүй. Дэлбэртлээ уурласан хэдэн хүн тэр хоёрыг чирч ирж, цалинг нь “авахуулахаар” явлаа. Гэгээ тасарч тэнгэрт ганц хоёр од үзэгдэх үед Банжаа гуай гудамжны ноход шуугиулан гэр өөдөө алхаж байв.
-Мядагт самардуулбал, хүүхдүүд “Галзуу Мядагт самардуулаад Банжаа чанга уйлжээ” гэж дуулна. Зээгийн ангийнхан ч бас дуулж таараа. Тэгж нялх амьтныг нүүр хийх газаргүй болгон зовоож байснаас хурга Ядамтай зэрэгцээд, хүний тамхи руу шунгалж явдаг болсон нь дээр гэж түүнд бодогдов. Хөгшин хурдаа нэмэн түргэн түргэн алхаллаа. Арван хэдэн хүний хонгоны маханд соёогоо шигтгэж, “Долгор эмчийн зуудаг хар” хэмээгдэн сум даяар зард гарсан бяруу шиг том хар нохой түүн рүү дайрч ирэхэд нам өшиглөж унагаалаа. Банжаа гуай “Муу улиан чамайг” гэж үглэнгээ хашааныхаа хаалгыг пижигнүүлэн чанга чанга балбалаа.

/Анх хэвлэлд нийтлүүлсэн өгүүллэг минь болой/

Thursday, August 30, 2007

НОГООН ТОЛГОЙ

(өгүүллэг)
Өглөө сэртэл нэг л биш. Уул нь толгой янгинаж, дагз минь лантуугаар балбачихсан мэт өвдөж байдагсан.
Гэтэл өвчин огт мэдрэгдэхгүйгээр барахгүй хоосон оргих нь эвгүй. Сурсан зангаараа гал тогоо руу очиж ус залгилах санаатай өндиймөгц толинд тусах өөрийн дүрсээ хараад зог туслаа.
Еэ базарваань! Толгой минь байдаггүй ээ. Тэгсэн хэрнээ би толгойгүй мухар биеэ харж байх нь аймшигтай. Тэмтэрч үзлээ нээрээ алга.

-Аа аа, аа аа! Муухай бархирсаар буцаж орон дээрээ уналаа.
-Яав чи чинь, галзуурав уу? Хүүхэд айлгачихлаа гээд авгай угаалгын өрөөнөөс гүйж ирлээ.
-Чи харахгүй байна уу? Миний толгой алга!
-Хн! Ногоорч яваад л хаячихаа биз. Малгайгаа хамт гээгээгүй нь л яамай.

Миний дотор харанхуйллаа. Ийм л хүнтэй би арван жил ханилсан байна шүү дээ. Байтлаа толгой минь нэг муу үрчинхий үнэгний арьснаас дор болж таарах нь. Шулмын цаад шулам байж дээ гэх бодол цээж урлаа.
-Чиний толгойг нохой ч тоож шиншлэхгүй. Өрөөнд чинь л архичдын шүлс цэртэй холилдоод хэвтэж байгаа биз гэж цааш үглэхийг нь муухан сонсож, “Муу шулам эмгэн, бүр шүүр унаад нисдэг эмгэнээс ч долоон дор, үзээрийн муухай эмгэн” хэмээн дотроо харааж байсан ч гадагш гаргаж хэлж чадахгүй хэвтлээ.
-Хөөш, босооч чи! Үйлчлэгч шүүрдээд, хогийн саванд хаячихаас нь өмнө тэр өмхий ногоон толгойгоо олж аваач! гээд муу шулам чинь ширүүлж байна. Арга буюу босч хувцаслаад гарлаа.

Ажил дээрээ ирээд, навсархай өрөө рүүгээ орж, хайлаа. Байдаггүй ээ. Дөрвөн хөллөж байгаад ширээн доогуур сайн гэгч харлаа. Өрөөний муу дэвсгэрийн тамтаг дээгүүр нээрээ л бөөн шүлс цэр, тамхины иш үнс, архины бөглөө хөглөрсөн байдгийг анх удаа л анзаарлаа. Толгой минь алга аа.
За байз, өчигдөр чинь яалаа. Хамгийн сүүлд улаан Бадарч, бөглөө Сүхээ хоёрын авчирсан юм дуусч, ганц юм нэмэхээр бодол болж байсан бүүр түүр санаанд орж байна.
Бадарч руу залгалаа.
-Байна уу? Ёо, ёо. Хэн бэ?
-Би байна аа. Хөгшний чинь толгой байдаггүй ээ. Өчигдөр би өрөөнөөс яаж гарсан бэ?
-Юу? Ямар өрөө?

-Үгүй ээ. Манай өрөө л байхгүй юу.

-Нээрээ тийм билүү? Ёо, ёо. Шар, юу яах юм байна уу, үхлээ.

-Чи бушуу хүрээд ир. Хурдал гэм!

Улаан Бадарч, бөглөө Сүхээ хоёртойгоо нийлж үдээс өмнийн турш муу толгойгоо хайлаа. Олдохоосоо өнгөрсөн бололтой. Өрөөндөө буцаж орж ирээд хоёр үлхийсэн найздаа ганц шил юм задаллаа. Бөглөө Сүхээгийн магнайд хөлс бурзайгаад,

-Тэр муу толгой хаачаа л гэж. Олдоно. Миний найз олон юм бодолгүй шараа тайл гэж байна.
-Амгүй юм чинь яаж уухым? Юүлүүр авчраад юүлчих л дээ! гэж би дүрсхийлээ.

Нээрээ бодоод байхнээ нь толгойгүй юм чинь юу өвдөж, юугаараа шартах вэ дээ. Шил юмаа дундруулж халж байгаа хоёр найзаа харж суухаас биш надад хазахын заяа байхгүй болсон байлаа.
Хэд хонолоо. “Ногоон Лууяа согтуу явж байгаад толгойгоо гээсэн гэнэ” гэж аймаг даяар шуугив. Зарим нь бүр “Цаад ногоон чинь лонх хятад спиртээр толгойгоо өгчихсөн байхыг сийхгүй” гэж хүртэл цуурсан нь эхнэрийн чих дэлссэн байлаа.
Манай өрөөгөөр архины найзууд хөлхөх нь цөөрсөөр. Бүр улаан Бадарч, бөглөө Сүхээ хоёр ч үзэгдэхээ болилоо. Аргагүй шүү дээ. Би хүнтэй адилхан толгойтой, уух амтай биш дээ. Дэмий л ажлаа халтарлаж, гутарч суух боллоо.
Өрөө нэг ч тамхины ишгүй, дэвсгэр дээрээ ганц ч толбогүй цэмцийсэн ч нэг л уйтгартай.
“Өнөөх Лууяаг чинь ногоон толгой нь л уруу татаад байж. Одоо бүр төрөл арилжсан гэнэ шүү” гэж цуурцгаах болов. Хурал болгон дээр миний архи уусан тухай авч хэлэлцдэг байсан бол одоо магтаж эхэллээ.
-Тэр муу ногоон толгойг март гэж авгайг хэлэхэд нь миний уур хүрдэг байснаа сүүлдээ “Үгүй, нээрээ ч юм уу” гэж бодогдох болов. Хөдөлмөрийн аваргын тууз зүүж, аймгийн онцлох есөн хүний тоонд орж монцойдог юм байна. Нэг их удалгүй Төрийн захиргааны тэргүүний ажилтан цол тэмдэг, дараа нь Алтан гадас одонгоор энгэр цоолов.
-Хөдөлмөрийн баатар ч ойртлоо шүү гэж эхнэр баярлана. Тэр муу ногоон толгой гай болж нэг газраас гараад ирэх вий дээ гэж би харин айна.
Өглөө сэрэх бүрт нэг л биш мэдрэмж төрөх нь арилж өгөхгүй ч бушуухан энэ муу ёрын мэдрэмжээ бодлоосоо үлдэн хөөгөөд, “Бурхан минь, тэр муу ногоон толгойг хаа нэгтээ хэвтэж байвал чононд идүүлж хайрла” гэж залбирдаг болов.

Saturday, August 11, 2007

ШАЛГАЛТ

(шог өгүүллэг)
Дондог багшийг өглөө гэрээсээ гарахад авгай нь:
-Миний өвгөн, ээ дээ, биеэ бариарай гэж дахин дахин захиж байлаа. Түүний мэдлэгтэй сайн багш болохыг бүгд хүлээн зөвшөөрдөг хэдий ч сүүлийн арван жилд хорин сургууль дамжчихаад байгаа хүн. Золигийн шалгалтаас болж л сургуулийн хаалгыг тас савчихдаг зуршлаа өнөөдөр цэглэхээр шийдэв. ”Алийн болгон амьтанд адлуулж явахав. Энэ сургуульдаа цаашдаа суурьшиж ажиллая” гэж Дондогт бодогдлоо.
Шалгалт эхлэхэд Дондог ”биеэ л барих юм шүү” гэж өөртөө дахин дахин шивнэж байлаа. Хамгийн түрүүнд гал Гэрэлээ гэх, сурлагаар ч, урлагаар ч галтай охин инээмсэглэсээр босож ирлээ.
-Билет арван гурав, Шүүх хурлыг хойшлуулах... гэж эхлээд овоо дуржигнах аядсанаа мэддэг орос хэл дуусав бололтой таг боллоо. Нэмэлт асуултад хариулж чадсангүй. Ангидаа толгой цохидог сурлагатайг нь бодоод Гэрэлээд зуун оноо тавих ёстой боловч хуруу нь хөдөлж өгөх биш. Шүдээ чихартал зууж, хуруугаа нужигнатал хүчилж байгаад 95 ”А” гэж тавилаа. Гэрэлээгийн нүд томрон гайхаж байснаа царай нь хувьсгээд хаалга саван гарав. Түүний араас сурлага урлагт биш ам хэлэнд галтай Сувдаа босож байна.
-Хичээл ярихгүй шууд дүнгээ авна гээд толгойгоо хаяллаа.
-Юу...? гэх зуур Дондогийн гар чичирч, шүд шажигнан зуурч ирсэн боловч биеэ хүчлэн барилаа.
-За яагаад тэр билээ? гэж асуулаа. Сувдаа хэнэг ч үгүй толгойгоо хаялсаар жалир жалирхийлгэн бохь зажилж байх агаад,
-Ном авсан хүүхдүүдэд шууд ”ная бий” тавьдаг юм ш дээ гэж хэлээд бохио тасхийлгэн дуугаргав. Тэр өмнө энэ хичээлийг зааж байсан Ганаа багшийн номыг дөрвөн мянгаар авсан юм санж. Сувдаагийн сурлагын дэвтэрт 80 ”В” тавьж байхуйд гарын арван хуруу нь гадаа гудамжинд яваа хүнд дуулдахаар нужигнан дуугарч байснаар барахгүй гарын үсэг зурахад дэвтрийн цаас ширхийн урагдлаа.
Дондогт ”өнөөдрийн шалгалтыг яагаад ч давшгүй нь” гэх бодол зурсхийв. Дотроо буцалж буй уур хорслыг нуун оюутнуудын өмнө төв царай гаргахыг хичээлээ. Хартал Баатар босоод түүн рүү алхаж явна. “Энэ одоо яаж халаадаг бол!” гэхээс дотор арзганалаа.
-За, Баата-а-р! Нээрээ бэлэн гэж үү? гэж асуувал, Баатар нэрэндээ хэтэрхий жижигдсэн бор хүү өмнөөс зориг муутай харлаа. Оюутнууд ”яах нь вэ?” гэсэн байртай хаалганы завсраар шагайж, чих тавин чагнаж, бие биенээ нударч байгааг Дондог багш зөнгөөрөө мэдэрч байв. ”Хоёрдугаар дамжаанд дөнгөж арван гурван оюутан үлдсэн. Хүүхэд унагааж хэрхэвч болохгүй” гэх захирлын үг чихэнд шуугина. Юу ч мэдэхгүй, мулгуугийн цаад мулгуу, оюуны хомсдолыг унагаад өгөх юмсан гэх аазгай дотор загатнуулж байсан ч тэр яаж ч чадахгүйгээ мэдэж байлаа!
-Эрх зүй гэж.., зүйг хэлнэ... гээд Баатар таг боллоо.
-Ямар зүйг хэлнэ гэнэ ээ?
-Нөгөө юу яадаг.., юм оёдог зүү..! Билет сугалаад асуултаа бичиж суусан гурван оюутан түсхийтэл инээсэн бол Дондог дэмий л санаа алдлаа. Баатарын сурлагын дэвтэрт 60 ”D” гэсэн дүн тавьж байхдаа гар чичирч байсан ч итгэмээргүй тайвширчихсан байлаа. Тэгтэл өнөөх чинь нүдээ бүлтийлгэчихсэн,
-Багш аа, би ном худалдаж авсан шүү дээ гэж байна.
-Юу..? гэвэл,
-Бас баяраар танд бэлэг авахад тал мөнгий нь би гаргасан..! гэх нь тэр. Дондог өөрийн мэдэлгүй,
-Гар зайл! Муу оюуны хомсдол! хэмээн чарлачихсан байлаа. Дараа нь бас нэг гай нь таталдсан амьтан хүрч ирж 0 ”F” дүн тавиулаад гартал түүнтэй зөрөн сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгчээ дагуулан харайн орж ирлээ.
-Нэг хүүхэд унагана гэдэг чинь, сургууль дөрвөн зуун мянган төгрөгөөр хохирно гэсэн үг шүү дээ, Дондо-о-г гэж байна. Эрхлэгч захирлын үгэн дээр хошуу нэмж,
-Гэрэлээ ”өөр сургуульд шилжинэ” гэж уйлж над дээр ирсэн. Манай шилдэг оюутныг ингэх гэж байх уу?.. гэснээ уруул нь өмөлзлөө.
Дондог сургуулийн хаалгыг тасхийтэл саван хаалаа. Уур нь орой болтол гарсангүй. Үдэш авгай нь түүний дуртай цэцгэн буузыг хийн аргадаж, ”Монголд хуулийн дээд сургууль мундсан биш, өөр нэгэнд нь орчихно шүү дээ” гэж тайвшруулж байлаа.
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates