Monday, February 25, 2008

ЗОЛГҮЙ УЧРАЛ

(шог өгүүллэг)
Ес эхлэхээс өмнө цочир хүйтэрсэн боловч тэнгэр тогтуун сайхан байлаа. Сургуульд хотоос арга зүйч нар ирэх юм гэнэ гэсэн яриа сумын төвөөр хаврын түймэр адил түргэн тархлаа. Тэр оройдоо, шөнө дунд дөхөж байхад жээп гээч гялгар тэрэг хөлөглөсөн хоёр эрхэм залрах нь тэр. Сумын зочид буудлыг хувьчилж аваад, гурав дахь хоног дээрээ найрлаж байгаа улаан Дүүлээ ихэд мэрийж байж хөл дээрээ тогтон зочдыг угтав. Тэр буудлынхаа үүдэнд зогсоод
-Миний буудлын анхны зочид… хэмээн хамрынхаа самсаа түмбэлзүүлэн эхэр татуулж байснаа енгэнэтэл уйлан хоёр зочны нэгийг тэврэн авч нус, шүлсээ хацарт нь нааж эхэллээ. Яг энэ мөчид амжиж харайлгаж ирсэн сургуулийн захирал түүний бүснээс зулгаан
-Наад хүмүүс чинь хот газрын эрдэмтэн магаастарууд. Дүүлээ минь, соёлтой бай гэж чихэнд нь шивнэтэл хэрэг бишдэх нь тэр. Улаан Дүүлээ
-Хотын луйварчингуудад дойллуураар үйлчилнээ хэмээн цуурайтуулав. Сумын төвийн бүх ноход команд авсан мэт зэрэг зэрэг борголдож, Дүүлээгийн дуу газарт нэг, тэнгэрт нэг хадна. Аргаа барсан захирал айсандаа бүлтэгнэн зогсох хөөрхий хоёрт
-За, та хоёр манайд хонохоос гэлээ.
Маргааш өглөө нь нөгөө хоёр захирлын хамт сургуулийн гол хаалганы дэргэд зогсож байлаа. Урьд шөнө орох оронгүй бүлтэгнэж байснаа ор тас мартсан эрхмүүдийн харц дээгүүр, царай ихэмсэг байх аж. Сумын төвийнхөн өвлийн идшээ бэлтгэж, үхэр мал нядлан, нусаа арчих ч завгүй байдаг үе. “Дорж өчигдөр манайд ирж үхэр төхөөрч өгөөд явсан юмсан. Дээлээ сольж ирдэг л байгаа даа” хэмээн захирал санаа зовинож байлаа. Булан тойроод хоёр хүн айсуй. Сургуулийн үйлчлэгч Должин сэвс нялаад хатаачихсан хормойгоо өшигчин, багш Дорж цустай ханцуйгаа хаялан, хоёул гангар гунгар гэсээр ирж явснаа зог тусаад таг гөлөрлөө. Араас нь түрүүчийн хоёртой адил энд тэндээ цус сэвс наасан сурагчид цувах нь тэр! Захирал сургуулийн ёолкон дээр дурандуулж буй муу сурсан сурагч шиг улайж, нүүр хийх газраа олж ядна. Харин зочдын царай хувхай цайж, нүд нь орой дээрээ гарсан харагдана. Ерөнхийлөгч тэргүүн хатагтайтайгаа гэгээн дүрээрээ заларч байгаатай учирсан гэлтэй үл таних хүмүүсийг гайхан алмайрсан сурагчид өмнөх замаа харахгүй довжоонд бүдрэн улаан нүүрээрээ газар алгадан пис пас унана.
Төслийн ажлаар яваа гэх энэ хоёр эрхмийн эмэгтэйнх нь үнэгэн шүүбний огтор хормой дороос шилэн оймстой гуя гялалзаж, эрэгтэйнх нь задгай энгэрээр цасан цагаан цамц, хээнцэр зангиа харагдана. Үнэгэн лоовууз, үстэй дээл, нохой гуталтай багш нар хувцаснаасаа ичээд, захиралтай адил час улайчихсан зогсож байлаа. Панз Норовын авгай Нараа тэргүүтэй хэдэн бүсгүйн хор шар хөдлөөд буцаж гүйлээ. Удалгүй алт мөнгө, булга савхиараа гоёчихоод ирцгээв.
Хэдэн үеэрээ зүггүй гэж сум даяар зартай Доржийн удмын юм нь хөдөлж хими биологийн багш өндөр Гончигт
-Хотын хүүхнүүд чармай нүцгэн бие дээрээ шүүб өмсдөг моодтой болсон гэнэ гэж хэллээ. Гончигийн хоёр нүд хотын эмэгтэйн хөл дээр очоод наалдчихлаа.
Арга зүйч нар багш нарын хичээлд сууна гээд, Гончиг багшийн хичээлийг эхэлж сонгов. Гончиг багш хорин гурав дахь жилээ хүүхэд бужигнуулж байгаа хашир бурхи боловч, сүүлийн арван жил төвийн арга зүйчийн бараа хараагүй тул дадлага хийж байгаа оюутан шиг л сандарчихлаа. Тэр дэн дун гэсээр хичээлээ дуусгаад, завсарлах хонх дуугарахад сая сэхээ орлоо. Хартал нөгөө хоёр маань ихэмсэг дүртэй сууж л байв. Өндөр Гончигтой зөрөн, англи хэлний багш, энэ жил төгсөж ирсэн жаахан хүүхэн нөгөө ангид орж ирэв. Тэр самбартайгаа ч юм уу, сурагчидтайгаа ч юм уу, бүү мэд, ямар нэгэн юмтай яриад буруу хараад зогсчихлоо. Энэ ангид хичээлийн төгсгөл рүү орж ирсэн эрхлэгч, арга зүйчдийг суусан чигтээ тэс хөлдсөнийг мэдэж, илжгээ хулгайд алдсан хужаа шиг муухай чарлаж байснаа тас гэдрэгээ саван унажээ.
Дуудлага өгөөд дөрвөн цаг болсны дараа аймгаас эмч ирэхэд эрхлэгч хэдийнэ сэргэчихсэн, харин нөгөө эрхмүүд ихэмсэг дүртэй суусан чигтээ л байв. Сталин багшийн хөшөө мэт сүрлэг дунхайх тэднийг эмч хэд хэд нясалж үзээд
-Одоо эмч биш цагдаа хэрэгтэй болжээ гэлээ. Орой тийшээ цагдаагийнхан ирэхэд талийгаачдыг тойруулан өрсөн паяльникууд хүнгэнэлдэн угтав.
Тэр оройдоо мөрдөн байцаалт эхэллээ. Сургууль дотор хасах дөчин хэм хүйтэн байдгаа мэдсээр байж өрөөндөө зочдын гадуур хувцсыг өлгүүлсэн захирлыг баривчлав. Хичээл дээр нь хүн хөлдөж байхад анхны тусламж үзүүлээгүй химийн багш, хэлний багш хоёрыг хам хэрэгтнээр татлаа. Насныхаа талыг хүүхэдтэй хэрэлдэж, хэл ам нь үсний хутга шиг болчихсон өндөр Гончиг арга зүйчид хоёрдугаар цагийн хичээл дээр хөлдсөн болохыг хими биологийн шинжлэх ухаанаар батлаад, ачигдаж явснаасаа хойш хорь хоноод, аймгийн мөрдөнгөөс суллагдаж ирлээ. Заргалдах байтугай мэдүүлэг ч өгч чадахгүй бүтэн хорь хоног уйлж суугаа хэлнийн багш Чимгээ хэргийн гол буруутан нь юм гэнэ хэмээн сум даяар шуугилдав. Гурван сарын дараа сумын уурын зуухыг худалдаж авсан Догсом баяныг зуухны галчтай хамт гавлаад ачив. Захирлын бүл дүү улсдаа нэртэй өмгөөлөгч төвөөс ирж, энэ хэрэгт сургууль буруугүй, уурын зуух буруутай болохыг баримтаар нотолсон нь энэ байлаа. Бүтэн нэг жил өнгөрлөө. Сумын төвийнхний мөнгөтэй хүн алзахгүй биз гэсэн яриа ортой болохоо харуулав. Догсом баян холын хамаатан галч залуугаа дагуулан царай нь цонхийж чийг ханхлуулсан амьтан буцаж ирэв. Ингээд шатдаггүй нүүрс уурын зууханд нийлүүлсэн Хар хужирын уурхайн захирлыг зөрүүлэн ачаад явчихлаа.
Долоон жил өнгөрч, сумын төвийнхөн дотор өнөөх гайт хэргийг дурсдаг хүн байхгүй болоод байлаа. Хаврын сүүлч рүү анхны бороо орсон өдөр хэргийг золгүй учрал гэж үзээд хэрэгсэхгүй болгосон тухай радиогоор ярьж эхлэв. Яг энэ үеэр сумын сургуульд бас нэгэн арга зүйч ирлээ. Гончиг багш нээлттэй хичээлээ заахынхаа хажуугаар, хичээлд нь сууж буй төвөөс ирсэн гуалиг бүсгүй рүү очиж, мини юбкний хормойноос доош бүтнээрээ ил гарсан булбарай зөөлхөн гуян дээр нь гараа тавьж, амьд эсэхийг нь дахин дахин шалгаж байлаа.
2000 он

25 comments:

Chimi said...

Өнөө цагийн байдлыг хошин шогоор бичжээ. Хаана ч ямар ч хариуцлага байхгүй. Үнэн үг хатуу ч бодууштай.

ZAYA said...

Хэхэ үнэн төрх байна шүү.
Боловсролын яамны бодлого боловсруулах хэдэн нөхдийг наад сумын чинь сургуульд аваачиж, хичээлд суулгах юмсан. Хөлдөөд хөшөөд, хөшүүн бодлогоо өөрсдөө мэдэрвэл таарна.

A.Амарсайхан said...

Чими-д:
Боловсролыг ч, шүүхийг ч хоёуланг нь чимхсэн ухаантай. Нэг үеэ бодвол хариуцлага гээч юмыг нэг тогтоох оролдлого эхэлж байна уу даа, гэмээр болоод байгаа. Гэхдээ ах намын сонгуулийн шоу ч байж мэдэх.

Заяад:
Хүүе, яах нь вэ, хөөрхийсүүдийг. Шууд газар дээрээ хөлдөөд үхчихнэ шүү дээ.

Төрболд said...

Өнөөгийн нийгмийн бодит байдал. Тэр хоёр товариш хөлдөж үхсэн нь хохь болж байна. Харин хариуцлагаас танилтай бас money-той нь мултар ч байна. Тэгэсгээд л борооны дараах солого шиг бүх зүйл балран арилж байх шив. Харин хөдөөний сургуулиуд үнэхээр ийм байдаг байхшүү. Хөөрхий хүүхдүүд нь даарснаас болоод бараг бүгд хууч өвчинтэй болж байгаа даа.

Anonymous said...

Tanii nuguu utaa geed utaanaas bolood uur ailiin ehneriin uwurt anduuraad untsan bdag uguullegtei adil ene shuuhiinheniig bolon odoogiin ene hariutslagagui bdliig sain shuumjilsen bna aa.

Anonymous said...

Sain bna uu ta!

Tani blog deerh bichleguudig bugdiig ni unshsaan! Daraagin bichleguudiig huleej suuna. Unshigchdiig hugjuuhiin zeregtsee bodlogoshruulj chaddag avyas, chadvar; hudulmurt tani amjilt husie!

A.Амарсайхан said...

Төрөөд:
Борооны дараах солонго гээд түрүүлж нийтэлсэн хувилбарыг уншаад бичжээ дээ. Би сольчихлоо. Анхны хувилбараар нь хүмүүс уншиг гээд. Яг 2000 онд яаж бичсэн тэр чигээрээ байгаа нь энэ.

Яамныхан өөрсдийнхөө ухсан нүхэнд өөрсдөө уначихаж байгаа ухаантай юм аа.

Анонимд:
Шүүх бол харин, иймэрхүү л янзтай байгаа даа. Гэмт хэрэгтэнд цаазаар авах ял оноох гээд ярьж маргаж, судалж байтал нөгөө хүн нь байгалийнхаа жамаар хөгшрөөд үхчихэж байгаа тухай нэг юм бичих санаа төрөөд байгаа.

Цогтоод:
Баярлалаа. Урам гэдэг бүхнээс агуу гэж нэгэн юм мэддэг эрхэм айлдсан байдаг.

Дeстини said...

yasan shooch yum be, zohiolch oo? Hed saihan tas tas huhurch avav. Ug ni hun amitan hulduud suid bolood baihad chini gej bodson bolovch er bolsongui. Ter bulbarai huuhen tegeed guya iluuleed l khicheeld suugaad baina uu? Manai ohin tend suragch baisan bol iiiiiyyuuuu geed nudee darsan daa.

A.Амарсайхан said...

Destiny-д:
Үгүй тэр чинь шалгаж байгаа юм байхгүй юу даа. Хашир үзэхгүй бол болохгүй шүү дээ. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэдэг.

meesh said...

Хахахахаа ойрд орж ирээгүй сайхан инээлээ шүү.
Блогтоо ч хальт бичлэг хийлээ Чебурашкагийн талаар
хээххэхэ нээх сүртэй юм бичсэн юм шиг.

Arsun said...

ha ha, Gonchigoo bagsh bas ih hashiraa.

бж said...
This comment has been removed by the author.
бж said...

Manai tsagdaa shuuh gej neg iimerhuu... Odoo bol bur ch il tod boltson yum bish uu? Mungutei hun yamar ch hergees multarchihdag gajig togtoltsootoi.
Ter hotoos irsen busguichuul yasan chiireg bainaa? Mani met bol dah degtii l umsuhgui bol mashinaas buugaad l hulduh baih daa... hehe

A.Амарсайхан said...

Мийш-д:
Ойрдоо завгүй байгаад байна аа, даа? Блогтоо бичлэг хийхээ больсон байсан. Ах нь ч гэсэн, жишин морь харах ч завгүй. Ойрдоо баримтат кинон дээр ажиллаад.

Арсунд:
Гончигоос илүү хашир хүн байдаг гэдэг шүү.

Ганаа БЖ-д:
Ганган хүн хавар намарт үхдэг гэдэг үг бий билүү. Манай авгай бас намайг загнаад байгаа, энэ үгийг хэлээд. "Хэтэрхий эрт ноосон өмдөө нимгэлэх гээд байна. Нэртэйгээр нь мини юбка өмсөөд яваач" гэж ирээд л, тас намжирдсан. /Уржигдар/

бж said...

Mini yubka umsuud uzeech, Amraa...

A.Амарсайхан said...

Ганаа БЖ-д:
Намайг мини юбка өмсвөл Богд уулын бүх согоо үргээд, Сибирь лүү дайжчих вий гэж айж байна.

бж said...

Oyutan baihad neg udaa uls tunhaglasnii bayaraar koncert toglovoo. Tegsen huvguud "Hunt nuur" hiigeed balladag baina shd. Haanaas tiim huvtsas olson yum, laag huurhun hungiin huvtsas umssun baij bilee.
Haha, baki baki bulchinlag guyatai huvguud, tsav tsagaan hungiin huvtsas umschihsun... Amraa neg tiimerhuu l tusuulugduj baina.

Idea said...

Ах авьяасаараа ан хийж амьтдыг алгуурхан чимхээд л базлаад л явна уу.
Тэр сумын зочид буудлын Дүүлээ сайхан гар байна шүү, бялдуучилж эд нар мэдэхгүй, бас их сэргэлээн хэдэн ногоон салгачих санаатай.

Хөдөө ажлаар явж байхад яг л иймэрхүү байдаг, бүгд нэгнээ таньдаг ижий ахай болчихсон, юухэн хээхнээ илүүчилж бие биедээ нөөлөгшдөг, хаа ч очсон халаалт тохь муутай, өөрсдөө өлчийж дэрчийж байгаа ч хотын улсыг чадах ядахаараа бөөцийлөөд л.

Их хурлын эрхэм гишүүдийг нутаг усны угшилаар нь биш яг тэр тойрогт сүүлийн 10 жил тасралтгүй амьдардсан хүмүүсээс сонгодог болох юмсан гэж бодогддог шүү.

Тэгэхгүй тэр нутагт төрснөөс цаашгүй, ядаж л хөрч даарч үзээгүй, хотын дулаан байшинд шигдчихээд хааяа нэг ганган жийп хөлөглөж очоод хурал хийдэг, худлаа амладаг нөхдүүд хөдөөг хөгжүүлнэ гэж лөөлөө юм дөө.

Томилолтоор яваад ирэхээрээ би нэг хэсэгтээ л эвгүй оргиод, очсон газар, уулзсан хүмүүс бодогдоод сэтгэл хоосроод байдаг байж билээ. Одоо ч дөжирч байна доо, миний дөжрөх ч яамай, шийдвэр гаргагч түшээдийг л дөжрөөхгүй байх талаас нь үе үе аргазүйчээр илгээж, амьдралын гүнд оруулж байх юмсан.

A.Амарсайхан said...

Ганаа БЖ-д:
Би нэг тиймэрхүү биш ээ. Янзын хөөрхөн харагдах байх. Миний хөл чинь шугам шиг эгц шүү дээ.

Айдаад:
Яг тийм. Уурын зуухны захирал нь сумын даргын хадам, сургуулийн захирал нь уурын зуухны захирлын бөл дүү нь байх жишээтэй. Сургуулийн паараар үлгэн салган "амьтай" ус эргүүлээд л байхад сард сая төгрөг хийчихнэ. Хөлдөөхгүй л бол болчихно. Түүнийгээ тэгээд "халаасан" гэж ярьж, "халаалтын" хөлс нэхэмжилнэ.

Хүүхдүүд "Яаж сурах вэ?" гэж бодохын оронд, "Яаж 4 цаг тэсэх вэ?" л гэж бодно. Хүүхдүүд сурчихдаг юм билээ. Багаасаа чийрэгжилтийн тусгай бэлтгэл хийж буй нь тэр. Хөдөөний хүүхэд өлчир шүү.

Anonymous said...

хэрэг замхраад хэрэгсэхгүй алга болдог нь манайд гэм биш зан болсон юм чинь.
Яг үнэнийг л бичсэн байна

A.Амарсайхан said...

Алтарганад:
Нээрээ шүү. Замхраад алга болчихгүй шийтгүүлчихвэл, амьтан хүний нүд орой дээрээ гарч байна шүү дээ цаана чинь.

3apaa said...

Шат шатандаа хүн шиг ажлаа хийчих сэтгэл ч юм уу? хариуцлага ч юм уу? аль эсхүл ухамсар ч юм уу? байхгүй... Соц нийгэмийн муу үр дагаврын үргэлжлэл арилахгүй л юмдаа. Харин зах зээл эхэлсэнээр овоо өөр болоод... Ядаж хувиа хичээж сурч байгаа нь авууштай.

A.Амарсайхан said...

Зараад:
Тийм шүү. Хувиа хичээгээд сурчихна гэдэг чинь том амжилт. Ядахдаа л хичээл дээр нь сууж байгаа бүсгүйг хөлдөж үү, үгүй юу, гэдгийг шалгаад сурчихаж байна гэдэг чинь агуа их дэвшил шүү.

Мика /美香/ said...

Амараа ахаа, танитай холбогдмоор байна яахуу?? Утас энэ тэрийг чинь мэдмээр л байна. Та боломжтой бол надруу мэйл бичээрэй.

A.Амарсайхан said...

Микад:
"Холбогдмоор" гэдгийг аль утгаар нь ойлгох вэ? Ха ха ха. Бага байхад "Багшаа, энэ Амараа чинь намайг Баяраатай холбож дооглоод байна" гээд л бөөн юм болдог байж. Одоо тэгтэл энэ үг шал өөр утгатай болж дээ.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates