Monday, February 11, 2008

МЯНГАН ТӨГРӨГ

(шог өгүүллэг)
Банжаа хөгшин мал харахаар сумын төвийн чанх өмнө орших толгодын орой дээр гарч суулаа. Эргэж хармагцаа огло харайн босов. Сургуулийн хаалганаас эхэлсэн урт оочер мушгиран сунаж, сумын төвийн нөгөө зах руу талийсан нь Ленин багшийн бунханг ачиж ирээд сургуулийн хашаанд тавьчихсан мэт харагдана. Банжаа гуай:
-Ээ, Богд минь. Сургуулийн цалин буух нээ гэж амандаа хэлээд ухасхийлээ. Газрын уруу хад чулуу тачигнуулан дүүлж буй хөгшнийг алсаас харсан манлай уяач, ганган Дүүлээ адуу гэж андуурч:
-Миний хурдан зээрд чөдрөө тасдчихаа шив. Чоно нохойноос үргэв үү гэж үглэнгээ дурангаа хайн, өвөр түрийгээ ухан, мунгинаж байтал нь хөгшний бараа аль хэдийнээ тасарсан байлаа.
Банжаа гуай самганыгаа “төсвийнхөнд мөнгө зээлдүүлснээс гээчихсэн нь дээр” гэж үглэсээр байхад тоолгүй, тооны багш шар Даваад мянган төгрөг зээлдүүлчихсэн нь араасаа бөөн балаг чирээд байгаа юм. Түүнээс хойш сургуулийн цалин хэд хэд буусан боловч, Даваа сохор зоос авчирсангүй. Зуны эхэн сард сургуулийн амралтын мөнгө буухад хөгшин бүтэн өдөржин сургуулийн хаалга сахиад хоосон харьснаас гэрт нь дайн гарах дөхсөн юм. Эмгэн нь түүн рүү улайрсан бух шиг дайрч ирэхэд, өвгөн хий мурьж, хоёул давхар унахдаа тогоотой сүү дайрч унагаснаар барахгүй олон үе дамжин өвгөнд ирсэн галуун хүзүүтийг нядаачихсан билээ. Тэр оройн зодооныг гэрийн гаднаас чагнасан хамар хашааны Пагам авгай сумын төвөөр нэг тарааж орхисны балгаар “Галын хайчаар балбуулсан Банжаа чанга уйлжээ, Жаажаа эмээ аргадаад ганцын зэрэг үнсжээ” гэж сургуулийн хүүхдүүд дуулдаг болж, зургадугаар ангид сурдаг зээ охин нь: “Та хоёр онигоотой юмнаас болоод манай ангийн Болдоо надтай үерхэхээ больчихлоо” гэж уйлж ирээд, өвгөн эмгэн хоёрт учир зүггүй туньж, зуны гурван сар зовоож, одоо л нэг мартагнах янзтай байгаа билээ.
Тогтож ядан аахилж, пар пар ханиалгах хөгшнийг сургуулийн үүдэнд оочерт зогсох том бага гарын наймаачид ёозгүй харна. Төв хаалганы довжоон дээр Данигай панз ам дүүрэн алтан шүд гялалзуулан, пан пан дуугарч, хуучин цагийн намын үүрийн дарга адил ихэмсэг гэдийж зогсоод,
-Хойд хаалга, аваарын шатыг чадалтай хүмүүсээр мануулъя! гэхчилэн олон түмнийг зохицуулна.
-Зөв! Бүх нүх сүвийг мана! Бас сайн морьтой хүн хэрэгтэй, янзага Довчин гарч зугтвал гүйцэгдэхгүй шүү та минь гэж хүмүүс ам амандаа шуугилдав. Нар баруунаа хэлбийж, цугласан олон ид чилж байх үед сургууль цалингаа тавьж эхэллээ. Хамгийн түрүүнд цалингаа тоолсоор гарч ирсэн нийгмийн ухааны шинэхэн багш бүсгүйг ТҮЦ-ийнхэн бүчиж авлаа. Бүсгүй өрөө төлсөөр нэг ч төгрөггүй болоход галзуу Мядаг сарын эхэнд зээлээр өгсөн гутлын үнэ хэмээн, түнтийтэл уурлан, гутлыг нь мулт татан тайлж авлаа. Баян Жамбалын авгай арван гурван ширхэг алимны үнэ, мянга гурван зуун төгрөгөө нэхэж,
-Хоёр зуун борлонтой баян нагацаар чинь төлүүлнэ гээд бүсгүйг заамдаж аваад хоёр нүцгэн хөлөөр нь зам татуулан чирч одов. Хөөрхий багш нар мөнгөө элгэндээ тэврэн, нярвын өрөөнд хэсэг зуур зогсоод, санаа алдан, гадагшаа дэлгүүрийн эзэд рүү очиж байлаа.
Банжаа гуай хамгийн түрүүнд шар Давааг барьж авахаар хаалганы дэргэд мяраан зогсоно. Дахиад л дуу шуугиан боллоо. Балин хамрынхаа хоёр талаар найман эгнээ улаан зам татуулан маажуулсан ченж Самдан бархирч байна. Түүнийг галзуу Мядаг маажчихжээ. Мядаг, Самдан хоёул шар Даваагаас тавин мянгын авлагатай, хэн нь түүний цалинг авахаа шийдэж байгаа болохыг сонссон хөгшин: “Мядаг, хөөрхий минь, галзуу юм шиг ч гэсэн цайлган охин. Сургуулийн энэ сарын цалингаас мөнгөө олж ирэхгүй бол улаан тамхиа хасуулах гээд байгаа гэж үнэнээ хэлээд гуйвал үгүй гэхгүй” хэмээн бодоод, Мядаг руу дөхлөө. Хэн нэг нь:
-Банкны эрхлэгч Банзар Даваагийн цалинг бүгдийг нь өрөнд суутгачихсан гэх нь дуулдлаа. Банжаа гуай: “Хурга Ядам шиг уруу царайлчихаад, хүний тамхи гувшиж явалтай биш” гэж бодогдон, сэтгэлээр уначихлаа. “Хэн нэгнээс мянган төгрөг зээлье. Хариад самгандаа худлаа хэлчихдэг хэрэг” гэсэн мэргэн санаа өвгөний толгойд харван орж ирж, мөнгө зээлчих боломжийн хүн хайн, тойруулан харлаа. Тэгтэл цагаан тоос хуйлран, газар доргиж, морьтой явган хүмүүс нижигнэн хөдлөв. Биеийн тамирын багш янзага Довчин зугтаачихжээ. Тэрбээр хол тасархай цахилж явна. Гүйцэхгүй гэдгээ мэдэрсэн олон хий хашгирч гуагачин нэхэж явснаа ганц нэгээрээ цувран хөөхөө больж байна. Үүнтэй зэрэгцэн сургуулийн дээвэр дээр цэнхэр утаа хаялан мотор асч, гурвалжин шар юм далбилзан хөөрлөө. Хүмүүс дэмий л:
-Хэн бэ? Хэн бэ? гэж бие биенээсээ асууцгаана.
-Захирал л байна, золиг гэж Банжаа алслан нисэх, муухай дуутай шар юмны доороос дүүжилсэн сандал дээрх хүнийг дагуулан дурандангаа ууртай хэлэв. Захирлаас авлагатай хүмүүсийн нэг нь:
-Марз уулын орой мөргөөд сөнөөсэй! гэж хараав.
-Нүгэл гэм, захирал үхчихвэл өрийг нь хэн бидэнд төлөх вэ? гэж бусад нь түүнийг загналаа. Хоёр ч багш ирж цалингаа авсангүй. Дэлбэртлээ уурласан хэдэн хүн тэр хоёрыг чирч ирж, цалинг нь “авахуулахаар” явлаа. Гэгээ тасарч тэнгэрт ганц хоёр од үзэгдэх үед Банжаа гуай гудамжны ноход шуугиулан гэр өөдөө алхаж байв.
-Мядагт самардуулбал, хүүхдүүд “Галзуу Мядагт самардуулаад Банжаа чанга уйлжээ” гэж дуулна. Зээгийн ангийнхан ч бас дуулж таараа. Тэгж нялх амьтныг нүүр хийх газаргүй болгон зовоож байснаас хурга Ядамтай зэрэгцээд, хүний тамхи руу шунгалж явдаг болсон нь дээр гэж түүнд бодогдов. Хөгшин хурдаа нэмэн түргэн түргэн алхаллаа. Арван хэдэн хүний хонгоны маханд соёогоо шигтгэж, “Долгор эмчийн зуудаг хар” хэмээгдэн сум даяар зард гарсан бяруу шиг том хар нохой түүн рүү дайрч ирэхэд нам өшиглөж унагаалаа. Банжаа гуай “Муу улиан чамайг” гэж үглэнгээ хашааныхаа хаалгыг пижигнүүлэн чанга чанга балбалаа.

/Анх хэвлэлд нийтлүүлсэн өгүүллэг минь болой/

22 comments:

Жаагий said...

Amaraa ahad sar shiniin mend ailtgaya.

Hvvhed baihdaa iimerhvv zviliig halit mederch baiv shvv

artagnan- артаньян said...

Хахаха тэр хар нохойг нам өшиглөж унагадаг нь ёстой гоё шигтгээ байна.

Anonymous said...

Сайхан шинэлсэн үү .
Энэ чинь яг л үнэнийг бичсэн байна ш дээ. Хэдэн жилийн өмнө л манай цалин буухаар зээлээр юм зарсан, үйлчилсэн хүмүүс дансаа бариад л сахиад суудаг байсан.Сүүлд цалингийн зээл гэж нэг юм гараад гар дээр нь цалин нь ирэхгүй банк авчихаад өрөө төлөх мөнгөгүй, хэцүүхэн юм болдог байжээ. Одоо дээрдээ боловуу яагаа бол .

Амраа чи зав байвал манайхаар зочилж байгаарай.
Хаяг маань
www.altargana.blog.banjig.net

ZAYA said...

Амараа ах минь сар шинэдээ сайхан шинэлэж байна уу?
Хамаг хүчээ тэр нохойд үзүүлсэн байна ш дээ. Галзуу хүнээс нохой айдаг гэдэг билүү хэ хэ хэ. Гоё бичсэн байнаа.

A.Амарсайхан said...

Жаагийд:
Хар багаасаа багшилж, хатуу хөтүүг үзсэн нэгэн хүүгийн тухай яриад байдаг юм. Чи байсан юм уу?

Артаньянд:
Тэр нохой чинь манай садангийн нохой. Долгор эмчийн зуудаг хар гээд сум даяараа алдартай хар нохой байлаа. Би тэр сумд багшилж явжээ.

Лакид:
Хүүе, зочлолгүй яахав. Азийн чоно нэгийг сөгнөөд, Хонгорын төмсөөр хийсэн нийслэл зуушаа ахиухан базаагаад хүлээж байгаарай.

Заяад:
Ухаандаа сэтгэл санаа шулуудсан болохыг хэлээд байгаа юм.

Anonymous said...

Манайхаар орж урмын сайхан үг үлдээсэнд гялайлаа. Чи ч архаг болохоор чононд ч , хоронд ч ажрахгүй юм аа.
Энүүхэндээ гэхэд албан ёсоор "гэртээ" урьсан ганц хүн маань чи шүү.
Зав чөлөөгөөрөө сараачихчаан аяддаг юм.
Танайх шиг амин чухал, сонирхолтой, хэрэгцээтэй юм ховор оо.
Энэ блогоор зочлох бүрдээ сэтгэл хангалуун гардаг шүү.

Дeстини said...

Hetsuu ue baisan baihdag shuu. Oyutan baigaad neg jil nutagtaa irehed delguurt davs l baij bilee. Aimaar ue, gehdee maniahan hurdan ter baidlaas garsan bolovch amidral deeshlehgui l baina.

A.Амарсайхан said...

Лакид:
Их баярлалаа. Танайд чинь харин ч хэрэгцээтэй юм их байна билээ. Тэр урт гүүрийг киноноос л хардаг болохоос нэрийг нь сонирхож байгаагүй. Өөрөө Лос Анжелост оччихсон юм шиг л болсон шүү. Бас тэр бүсгүй гомдоодог эрчүүдийн тухай бичлэгийг чинь уншаад "Би хэдэн бүсгүйг гомдоож вэ?" гэж хүртэл бодож байна лээ шүү. Залуу байхад дэвхэрч цовхорч холбирч хөрвөж л явж дээ.

Дистайнид:
Тэр үеэ бодвол шал өөр болох гээд л байна. Энэ чинь 1996 оны үеийн "зураглал". Одоо тэгтэл багш нар компанийн ажилтнуудтай цалингаараа зэрэгцчихээд байна даа.

jagdag said...

Сар шинэ сайхан уу?

Анх хэвлүүлсэн гэхэд тун дорвин эхлэж байсан байна ш дээ. Багш нарын дунд, багш нартай дэндүү ойр өссөн болохоор багштай холбоотой зүйл унших миний хувьд их сайхан байдаг юм.

Уран бүтээлийн өндөр амжилт хүсье!

oyunaa said...

He he. Sayahaniig boltol bj l bsan uzegdel shuu dee. Bi buur ni-bo hiideg bsan bolohoor humuus utasdaad tsalin chine hezee buuh gej bna gej asuugaad salahgui ehendee shinedeed todiid ediid buuna geed helchihdeg bj bilee. Suuldee ch ajilchidtaigaa niileed hudlaa yarij humuusiig tooruulne shuu dee. Hoorhii niyarav egch maani l baahan hund sahiulaad haashaa ch yabj chaddaggui onjdog bj dee. Shoniin tsagaar ajillana odor tsalingaa abahgui naimaachdaas bultagsad shono ochij tsalingaa abiya geed untuulahgui hund nohtsold ajilj bna shuu gedeg bj bilee. Bi zarim ajiltantaigaa huivaldaad baiguullagadaa ortei tul suutgachihsan gej heleed barigdaad har bagaasaa hudlaa yarisan muuhai huuhed ter ajiltan chine chamd ingej hellee geed hediig ogson geed humuust aimaar zaginuulaad uilj ch yavlaa...(gantshan bagsh ch bish tosviin buh ajilchid iimerhuu l amidarch blaa shuu dee odoo ch gesen neg ih saijraagui l bgaa bh ene chine 2 hon jiliin omno l iim bsan sh dee)

A.Амарсайхан said...

Жагдагт:
Би ч гэсэн багшийн гэр бүлд, аав ээжийн найз нар гэхээр дандаа багш нар байж. Өөрөө ч багшийн тушаалтайгаар улсад зүтгэж, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлжээ.

Оюунаад:
Сайн ня-бо байжээ. Миний ажиллаж байсан сумын ня-бо бас л иймэрхүү "гэмт үйлдэл" хийж л байгаа дуулддаг байсан. Би анхныхаа цалинг авах гээд нярвын өрөө рүү орох гэтэл үүдээр нь дүүрэн тохиролцооны дэлгүүрийнхэн байхаар нь нүд орой дээрээ гарах шахаж байж. Нярвын хамаатан худалдагч нар нь болохоор өрөөнд нь зэрэгцээд суучихсан өрөө цуглуулна шүү дээ. Тэгээд багш нарын олимпиадад ирээд бусад сум, аймгийн төвийн сургуулиуд бүгд ийм байдаг болохыг мэдэж билээ.

Энэ өгүүллэгийг Багануурт жүжиг болгож тайзан дээр тавьсан, "Цахиур Төмөр", "Улс төр", "Тоншуул", "Ардын эрх" гээд олон сонин нийтэлж надад их урам хайрлаж байж дээ.

бж said...

Mundag bichjee. Ene chini ih tugeemel dur zurag shuu, neeree. Odoo ch baisaar l baigaa. Neg tanil egch maani Ereen luu naimaand yavdag, ireed buh baraagaa zeeleer taraachihaad tsalingii ni sahij baij munguu olj avdag gej yaridag yum.

meesh said...

Анхны юм гээд хэвлүүлэх гэж гүйж байхад хөгжилтэй юм тохиолдоо л биз дээ.

Unknown said...

Хаха ёстой лайтай бичиж

Anonymous said...

h

sanakae said...

Валентины баярын мэнд хайр нь ариун хайрт нь мөнх байг

A.Амарсайхан said...

Ганаа Бж-д:
Нээрээ энийг "Монгол кредитийн систем" гэж эрдэм шинжилгээний нэр өгөөд, сайн судлаад, доктор моктор хамгаалбал таарах юм шиг байгаа юм.

Мийш-д:
Сонинд өгсөн чинь таг болчихсон. Яваад л байлаа. Яасан бэ? гэж асуух хэцүү. Тэгтэл хоёр сарын дараа, нэгэн цэлмэг өдөр жижүүр авгай "Амараа багш аа, тантай хүн уулзъя гэж байна" гээд нүд нь орой дээрээ гарчихсан гүйж ирсэн. Тэгтэл сонины эрхлэгч зургийн аппаратаа унжуулчихсан зогсож байна. Зургийг минь дараад мундаг танилцуулгатай хэвлэсэн. Орой нь хоёул ганц гожин юм мулталсан чинь "Чиний юмыг чинь нэг их тоохгүй уншиж амжихгүй яваад байсан юм. Тэгтэл гайгүй юм байна шүү. Одоо юм бичээд бай" гэсэн. Ингээд л аймгийн сонинд part time-аар ажиллах гэрээ хэлцэлд хоёр тал баяр ёслолын байдалтай гарын үсэг зурж, "Алтангэрэл овогтой Амарсайхан нь "Цахиур Төмөр" сонины сурвалжлагч тул үнэмлэх олгов. Эрхлэгч Д.Сэрээтэр" гэсэн гал улаан үнэмлэх гардаж авсан даа.

Амгаад:
Лайтай коммент үлдээжээ, лайтай их баярлалаа.

Анонимд:
ХХL

Өсөннэмэхэд:
Танк юу

Санакаед:
Ерөөл бат оршиг. Аманд чинь шар тос түрхье.

Arsun said...

Sain baina uu? Amarsaihaan. Blogiig chini unshij chadahgui bainaa. 1000 togrog gej haragdaal naaguur ni We can't find "http://page.... gesen yum garch irj haachihaad baih yum. Bas tumee-33 ingechiheed, gaihaad l baina.

Chandmani said...

1000 tu'gruguu gej... ;)))

A.Амарсайхан said...

Арсунд:
Яасан юм болоо? Оросууд арай хятадууд шиг блогспотыг блоклодог болж байгаа юм биш байгаа? Би сет ап руугаа орж л байхан толгойгоо эргүүлэхээс.

Чандманьд:
Харин тийм ээ. Хэрэгтэй цагт мөнгө шүү. Ялангуяа оюутнуудад бол ч.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Нээрээ л хөдөөнийхөн маань нэгээс нөгөд чиглэсэн өрийн хэлхээнд орчихсон байдагсан. Хөдөөнийхөн ч хаа очиж гэм хоргүйдээ. Хотынхон л...

A.Амарсайхан said...

Бум-Эрдэнэд:
Тийм шүү. Малчид нь хавар гарах гэж буй ноолуураа намар зараад идчихнэ. Үүнийгээ "нуруун дээрээс нь" зарах гэж ярьдаг. Өр тавьсаар байгаад цайчихсан хүмүүс ч байна. Худалдагч нар "Тэр нэг юманд ёстой өгөхгүй" хоорондоо ярилцдаг ч, нэг л мэдэхэд панааланд нь орчихдог. Яаж ийж байгаад л салгаад байна шүү дээ.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates