Showing posts with label Хошин өгүүллэг. Show all posts
Showing posts with label Хошин өгүүллэг. Show all posts

Wednesday, June 29, 2011

НЭРЭЛХҮҮ ДАМШИГ

(хошин өгүүллэг)
Зах нь үл харагдах говийн дунд дугуйтай ганц хүнийг хармагцаа Лутаа өвгөний нүд оройдоо гарав. Хурц наранд шарагдаж, халууцаж ядарсан шар толгойтой эр дөрөөгөө арай ядан жийж, жолоогоо замын элсэнд мурилзуулан зүтгэнэ. Гадаадын жуулчин бололтой энэ залуугийн шар царай, нүцгэн булчингууд наранд түлэгдээд, нүд хальтрам улаан ягаан болсон харагдана. Хүүхнийх шиг урт, буржгар үс нь ширэлдэн даахирч, шанааг нь дагаад шороотой хөлс урсжээ.
-Аймаг ортол гурван зуун килмээтэр. Энэ амьтан яана даа? гэж өвгөн үглэв.

-Доонийчихоод яг миний хүү шиг юм гээч. Нялх амьтан цангаж яваа. Аваад явъя! хэмээн Лут
аа гуайн самган Долгор орь дуу болов. Аймаг орохоор өвгөний унаанд дайгдсан Намшир гуай харин толгой сэгсэрлээ.
-Наадуул чинь ингэж зовлогоо зовоож амардаг улс гэсэн. Сүүтэй цай өгөхөөр уухгүй, хар ус залгилчихаад явдаг барамнууд гэнэ лээ! гэж хэллээ. Ингээд Намшир “Ээ дээ, дэмий дээ” гэж үглэн, Лутаа, Долгор хоёр тэс зөрж зүтгэсээр хөөрхий ядарсан залууг машиндаа авч явах шийд гаргав. Өмнө нь гарч, зам хөндөлдөн зогсоход шар толгойтой залуу инээмсэглээд, мэндэлж байгаа бололтой хоёр үг хэлээд мэхийж байна. Лутаа гуай хуучин цагт орос гийлоогч нартай ойр дотно найзалж явсны хэрэг юу билээ, эдэнтэй хэл нэвтэрч ядах юмгүй гэж бардаад,
-Здравствуй, друг! Давай поедем на машине гээд жуулчин руу харлаа. Цаадах нь нүдээ том болгож, юу ч ойлгохгүй байгаа шинжтэй.

-Наадах чинь орос биш англи жуулчин. Яаж ойлгох вэ? гэж Намшир уцаартай дуугарлаа. Эмгэн өвгөн хоёр харь хэлтэй залууд тэрэгний ачаан дээр дугуйг чинь тавиад, өөрийг чинь арын суудалдаа аваад явна гэж дохиогоор ойлгуултал залуу,
-Өө, но но! гэж чанга хашгирч, гараа зангалаа. Тэгснээ хоёр дугуйт унаагаа заагаад, би өөрөө дугуйгаараа явна гэж байгаа бололтой дохио үзүүлж, хан янхийсэн харь аялгатай хэлээрээ баахан ярьж тайлбарлалаа.
-Ална ч гээд байгаа юм уу, тална ч гээд байгаа юм уу бүү мэд гэснээ Лутаа гуай толгой сэгсэрлээ. Долгор харин уурлаж,

-Нүгэл гэм. Юуны чинь алах. Номхон томоотой хүү байна даг! гэж өвгөнөө зэмлэлээ. Лутаа гуай залуу жуулчны царай руу харан бодол болж байснаа,
-Хөөрхий минь, замын зардалгүй гэдгээ учирлаад байгаа юм биш үү? гэж сэрхийтэл сэтгээд, хашгиран босч ирэв.
-Яаг тийм байж таарах нь! гэж гэж самган нь дуу алдлаа. Өвгөн,

-Деньги не надо! гэж хэлэнгээ өврөө ухан, зузаан бор түрийвчээ гаргаж, арван мянгатын дэвсгэрт харуулаад, гар хуруугаа гозолзуулан дохиж эхэллээ. Сохор зоос ч авахгүй гэдгээ өвгөн сайн гэгч тайлбарлаж, балай хүн ч ойлгохоор дохиж үзүүллээ.
Жуулчин залуу дахиад л толгой сэгсэрч, өнөөх “Но но”-гоо хэлэн, улам олон үг шулганан зогсоно.

-Хөөрхий минь, биднийг дээрэмчин тонуулчин гэж айгаад байх шиг байна гэж Долгор эмээ шивнэхэд,

-Магадгүй шүү! Харц нь айсан шинжтэй. Биднийг цагдаад хэлээд сүйд хийх юм биш үү? Орхиод явцгаая! гэж Намшир уулга алдлаа.

-Мы не бандиты! гэж Лутааг тайлбарлахад, найз өвгөний нь тэвчээр барагдав.

-Орос биш гэж мэдсээр байж л оросоор донгосоод байх юм аа, чи! гэж ундууцлаа.

-Чи тэгээд англи хэл мэдэх юм уу? гээд Лутаа гуай дүрсхийтэл уурлав. Барилцаад авах нь холгүй. Хөөрхий залуу, хоёр өвгөн рүү айсан харцаар ширтэн, бүжин нүдээ бүлтэлзүүлнэ. Долгор гуай үүнийг нь харж зогссоноо залууг өрөвдөж,

-Миний муу доёгор хүү хүний газар ингэж л зүдэрч яваа байх даа гээд нулимсаа арчлаа. Америкт сурдаг бага хүүгээ санаснаас болоод цээж нь бачуурсан нь энэ. Эмгэн залууг арын суудалд суу гэж эелдэг дохиод, толгойг нь иллээ. Залуу гуйсан харцаар ширтээд,

-Но но.., гэснээ бас л баахан юм ярилаа. Гурван хөгшин ойлгосонгүй.
-Наад хүү чинь нэрэлхээд байна аа! Миний найз монхор Коля бас нэрэлхүү гэж дүүрчихсэн золиг байгаагүй юу! Би мах сүү өгөхдөө хүчээр тэргэнд нь тавьж явуулдаг байсан шүү дээ! гэж Лутаа хөгшин хашгирлаа.


-Яг үнэн. Нэрэлхээд байгаа ухаантай юм байна! гэж Долгор эмгэн хэлээд, дугуйг нь шүүрч аваад, ачаа өөдөө өргөлөө. Залуугийн цэнхэр нүд айдсаар дүүрч, дугуйнаасаа зуурч, цахдан чирэгдэнэ. Лутаа гуай түүн рүү инээмсэглэж, далыг нь эелдэг алгадаад,
-Хүү минь, нэрэлхээд нэрээ иддэггүй юм аа. Өвөөгийнхөө тэргэнд тухтай суугаад яв! Энэ жилийн ноолуураар авсан цоо шинэ эд дээ! гэж хэлэх зуураа залууг ухасхийн хөлдөж аваад, хүүхэд шиг өргөн хойд суудалдаа шидлээ.
-Ээ дээ, хэдүүлээ хэрэгт орчих юм биш үү! гээд, Намшир зогсоо зайгүй үглэнэ. Хүчинд автагдан орос тэргэнд суусан англи залуу замын турш Монголыг тойрох дугуйн аялал хийж яваагаа учирлаж, би буцаад яг энэ газартаа ирж цааш аялах гэж өчнөөн чирэгдэл болно гэж тайлбарлаж явлаа. Харамсалтай нь гурван хөгшин нэг ч үг ойлгосонгүй. Лутаа гуай,

-Нэрэлхээд нэрээ иддэггүй юм аа, хүү минь гэх өнөөх үгээ хэлж, тарган хонины чанасан мах, нуугисан сайхан айргийг ам руу нь цутган дайлж явлаа. Намшир гуай байн байн уулга алдаж,

-Ээ дээ, буулгачихсан нь дээр биш үү? гэж үглэж байлаа.
Аймгийн зочид буудлын үүдэнд ирж зорчигчоо буулгасан хөгшид гараа занган баяртай гээд, буржгар шар толгойтой харийн хүүгийн хацар дээр үнсээд хөдөлцгөөв.
-Нэрэлхүү ч дамшиг бол доо! гэж Лутаа гуай хэллээ.

-Яг л миний хүү шиг гэж Долгор уулга алдаад, нулимсаа арчлаа. Харь хэлийн залуу харин, тус болох гэж үнэн сэтгэлээсээ зүтгэсэн, цагаан цайлган хөгшдийн сэтгэлийг бодож, дотроо буцлах бухимдлаа хүчлэн барьж зогслоо. Орос тэрэг булан тойрон далд ороход, толгой эргүүлэн дөнгөж сая ирсэн зам руугаа хараад, “Буцах унаа олохоос доо” гэж өөртөө хэлээд санаа алдлаа.

Monday, November 9, 2009

АЖИЛ ХИЙВЭЛ ДУУСТАЛ

/хошин өгүүллэг/
Монголчууд давс байвал уусгаж бардаг, ажил хийвэл дуусгаж салдаг хөдөлмөрч ард түмэн. Гадаадын харалган түүхчид биднийг залхуу хэмээн бичдэг нь яах аргагүй гүтгэлэг. Бид үүсгэсэн үйлсээ хэрхэн дуусгаж ирснийг жишээ баримтаар нотлон өгүүлсү.
Ерээд онд бугыг дуусгах бүх ард түмний аян эхэлсэн байдаг. Цагдаа нар буга намнаачдыг хоморголон хорьж эрүү шүүлт тулгаж, чоно санаатай зарим нэгэн буга балар тайгад орж бүгсэн. Гэвч бид шантарч няцаагүй. Тэрхүү нөр их ажлыг асар богино хугацаанд үзэл суртлын өндөр түвшинд, нэр төртэйгөөр дуусгасан. Одоо манай нутагт нэг ч ширхэг буга байхгүй. Дашзэвэг нарын эдийн засагчид эвэр сүүл, чив засаа Эрээний зах зээлд үнэтэй болсноос манай буга дууссан гэж эндүү ташаа дүгнэлт хийдэг. Энэ бол шал худлаа. Бид ажил эхэлбэл барж байж л салдаг учраас бугаа дуусгаж чадсан хичээнгүй ард түмэн. Түүх сөхөөд үзье. Өвөг дээдэс минь дэлхийг эзэлж дуусгана гэж хэлсэн. Хэлсэндээ хүрч л байсан.
Гучин онд бид сүм хийдийг нурааж дуусгах их аяныг эхлүүлсэн. Тэр үед одооных шиг эвдэн сүйтгэгч хүчит оньсон тэрэг “Бультай зур” огт байгаагүй. Бошгыг халах залуучуудын эвлэлийн галтай цогтой залуус махан гараараа чулуун ханыг өм цөм цохисоор, долоон зуун сүмийг долоохон хоногт нураасан. Сүмийг дуусгах аяныг эсэргүүцэх дэд хөтөлбөрийг Архангайн Тариатын хүрээний лам нар санаачилсан байдаг. Тэд монголын бүх хуягт тэргийг хүлж, эсэргүүцэл илэрхийлэх уриалга гаргасан билээ. Удалгүй замын цагдаад бүртгэлтэй бүх хуягт тэргийг нэг бүрчлэн суран бугуйлаар дангинатал хүлж дуусгасан.
Тавиад онд хувийн малыг нэгдэлд хураалгаж дуусгах хөдөлгөөн өрнүүлж бүх малыг нийгэмчилж санаа амарсан. Ерэн онд нийгмийн малыг буцааж хувьчлах аяныг улс орон даяар эхлүүлж, муусайн нэгдлүүдэд өнчин ишиг ч үлдээлгүй бүх малыг хувьчилж дуусгасан түүхтэй. Үүнтэй нэгэн адил Тужийн нарсыг ерэн онд хөрөөдөж дуусгаснаа одоо буцаагаад нөхөн суулгаж байгаа. Ургамагц нь ахин дуусгана гэж байгаа.
Эв хамтын нийгмийг цогцлоон байгуулах он жилүүдэд бүх хүнээ бичиг үсэгтэй болгож дуусгах зорилтыг өмнөө тавьсан. Найман настай балчраас наян настай буурлыг толгой дараалан уншуулж бичүүлж дуусгасны учир Юнеско алтан үсэгтэй жуух бичгээр манай улсыг шагнаж байлаа. Өнөө цагт энэ бахдам амжилтаа шүд ахиулахаар бүх хүн амыг дээд боловсролтой болгож дуусгах зорилт тавиад ажиллаж байна. Хоёр сая хүндээ зориулж хоёр зуун мянган дээд сургууль байгуулсан. Цаашдаа иргэн бүрт нэг дээд сургууль оногдуулах зорилт тавьж байна.
Ороо бусгаа цагт амжилттай өрнөсөн бас нэг ажил бол дэлгүүрийн барааг дуусгах аян байсан юм. “Бид бүгдийг цөлмөж чадсан. Давсыг л харин дангаар нь гударч бардаггүй юм билээ” хэмээн ардчиллын алтан хараацайн нэг Элбэгдорж дурсамжийн номондоо өгүүлсэн байдаг.
Нийслэлийн газрыг дуусгах ажлыг хоёр гурван дарга хоёр гуравхан шөнийн дотор амжуулсан. Иргэд унтаад босох зуурт л тоглоомын талбайд нь тоосгон байшин барьчихсан билээ.
Хүн төрөлхтний заналт дайсан, тахлыг өдөөгч тарвагыг дуусгах тэмцэлд эр сүвтэй болгон нэгдсэн. Түвдэнгийн Борын залуу халаа цогтой тэмцэгч охид ч гартаа буу барин боссон. Энэ дайны жилүүдэд уул тал, даваа гүвээ бүхэнд буу тас нясхийж, тэнэсэн сум толгой дээгүүр шунгинаж байсан юм. Сая живаагаар тоологдох тарвагыг дуусгахад ад мөрийн авьяастай монголчууд ердөө л тавхан жилийг зарцуулсан.
Монголын саруул ухаант малчид бэлчээрээ дуусгахын тул ямаагаа өсгөсөөр байна. Улсын их хурлын зөв мэргэн бодлогоор ямаанд мөнгө тараасны хүчинд бэлчээр ойрын гурав дөрвөн жилд дуусна гэсэн баяртай мэдээтэй. Бэлчээр дуусгах ажилтай зэрэгцээд усыг дуусгах үйлс ид өрнөж байна. Онгийн гол, Улаан нуурыг Эрэлийн алтчид ухаж ширгээсэн бол, Завхан голыг засгийн газар боож тасалсан. Эрээн нуурыг зөвхөн дуунд л үлдээж, Түйн голыг төнхөж эхлэв. Энэ эрчээ алдалгүй зүтгэвэл удаж төдөлгүй усаа дуусгана.
Эрдэс баялгийг дуусгах ажлыг бид улсын хөгжлийн бодлого болголоо. Алтыг дуусгах их үйлсэд аж ахуйн нэгжүүдээс гадна түм буман жирийн иргэн түмпэн түчигнүүлэн зүтгэж байна. Алтаа дуусмагц зэсээ гаргана. Зэсээ дуусахаар нүүрсээ зөөнө.
Ингээд бодохоор бид дуусгасаар ирсэн, дуусгасаар ч байгаа, ирээдүйд ч дуусгасаар байх бахдам үйлстэй хүмүүс. Давс хийвэл уустал, ажил хийвэл дуустал гэх өвгөдийн сургаал санаандгүй үг биш ажээ.

Monday, March 9, 2009

НАЙРАГЧИЙН ХАЙР

/егөөдөл/
Би судлаач хүн л дээ. Наян жилийн турш шүлэгч найрагчдын хайрын хандлагыг дагнан судалж байна.
Уншаад байтал, “Халиун согоо шиг хөөрхөн чамдаа Хангайн буга шиг би чинь ирлээ... Марал буга шиг чамайгаа...” гэхчлэн бүсгүй хүнийг эм хүйсийн бугатай зүйрлүүлсэн шүлэг найраг тун олон юм. Сайхан бүсгүйг согоо хэмээн магтлаа гээд бод доо. Бүсгүйн сайхныг магтах гээ юу, эсвэл согоог сайхан гэх гээд байна уу? Захын нэг муу согоо хамгийн гоо амрагаас нь илүү царайлаг санагдаад байгаа учраас, амраг минь согоо ч байсан болоосой гэж найрагч харууссан байна. Найрагчид эмэгчин бугыг гуа сайхны дээд хэмээн шүтдэг, түүнд бүсгүй хүнээс илүү хайртай байх нь.
“Моторын дуу” киноны Даржааг санацгаая. Ханан дээр хадсан галбир гуа эмэгтэйн зургийг хараад “Намрын шаргачин шиг сайхан амьтан аа!” хэмээн дуу алддаг. Яг үүн шиг бүсгүй хүний гоо сайхныг намрын шаргачингаар зүйрлэн илэрхийлсэн шүлэг зохиол бас л цөөнгүй. Тэд намрын тарган шаргачингийн гуя хасыг хараад гижиг нь хүрч, тэсч ядан тэчъяаддаг гэсэн үг. Зохиолчдын жин дарах хэсэг нь эмэгчин зээрэнд унаж тусдаг болж таарах нь.
Чононгоо хэмээх дууг цэцэрлэгийн мөлхөө ангийн багачуудаас эхлээд, тэтгэврийн суугаа дамжааны өтгөс уяран сонсож байна. Энэ дууг зохиогч нь хатагтай чонод яалт ч үгүй ухаан алдан дурлажээ. Хамгийн ялдам энхрий эмэгтэй түүнд гичий чонын үзэсгэлэн гоог санагдуулж байна шүү дээ.
Амьдралд тар түрхийх явдал байлгүй яахав. Амрагаа матартай зүйрлэн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх яруу найрагч мэр сэр байдаг. Хэрэг дээрээ тэд матрыг боддог гэдгээ өөрийн мэдэлгүй илчилжээ. Манай яруу найрагчдаас хар тивд очиж матарт бариулж нас нөгчсөн дуулдвал, хөөрхий, хайр сэтгэлдээ шатаад гүйж очсоныг цаад тэнэг эм матар нь ойлгосонгүй гэж бодоорой. Харь улсын матар монгол хэл мэдэхгүй шүү дээ, чааваас.
“Хун цэн шиг бүсгүйтэй Хуртай зунаар учирлаа” хэмээн нэгэн яруу найрагч дуу алджээ. Яасан овсгоотой, цог зальтай эр вэ? Тэнгэрийн жигүүртнийг газарт унатал нь хошгируулсан байна! Энэ баримт яруу найрагчид хурмастад цойлж, жигүүртэнд хайраа илчилдэг болохыг нотолж байна. Гэтэл энэ юу ч биш аж.
Бас нэгэн шүлэгт “Дэнгийн эрвээхэй шиг тогтворгүй Дэндүү хөнгөмсөг бүсгүй чи...” гэсэн нь бий. Энэ баримт судлаачдын толгойг олон жилийн турш эргүүлж байгаа. Найрагч эрвээхэй хоёр хэрхэн яаж биенээ таалах вэ? Найрагчдын бие эрхтэн хэт жижгэрч байна уу, эсвэл эсрэгээрээ эрвээхэйн бие хаа аварга том болоод байна уу? Учрыг олох тун ярвигтай. Ийнхүү найрагч эрвээхэйд хайртай болохыг баталсан нь шинжлэх ухаанд томоохон нээлт болсон юм.
“Учиг сүвлэх сүмбэн хуруу Уянга өргөх лимбэн хуруу” гэх найргийн мөрүүд юуг өгүүлнэ вэ? Амьтай голтой хүний хурууг хөх төмөр, хөндий модоор орлуулна гэсэн үг. Энгийн эрчүүд энхрий ялдам хуруугаар илбүүлж таалуулан хайраа илчилдэг байхад, найрагч эрчүүд хурдан бууны сүмбэ, хулсаар цоргисон лимбэ хоёроор маажуулан уярдаг болж таарах нь, ээ бүү үзэгд! Араатан жигүүртэн яая гэх вэ, эд хогшилд хайр сэтгэлтэй болох гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Тэднийг харсан сайхан бүсгүй болгондоо дурладаг, хүүхэмсэг гэлцдэг. Энэ бүх яриа шинжлэх ухааны үүднээс няцаагдаж байна. Найрагчид хүүхэмсэг биш, согоосог, шаргачинсаг, гичийсэг, матарсаг, хунсаг, эрвээхэйсэг, түүгээр ч барахгүй сүмбэсэг, лимбэсэг хүмүүс ажээ.
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates