Wednesday, September 30, 2009

ИТГЭЛТ БАЯН ЛАЙ ЭДЭЛСЭН ҮЛГЭР

/шог өгүүллэг/
Эрт урьд бус энэ манай цагт Итгэлт баян хэмээгч нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай хүү аж төрдөг байжээ. Тамирын голын ногоон хөндийд жалга довынхоо зон олныг цуглуулж, хорин суурь хонио хяргуулсан шиг жаргаж суув гэнэ.
-Одоо ямаа боож идээд, орой цүү хаяна хэмээн гэгээ татуулан хэлж байтал нь гай газар дороос гахай модон дотроос, мэргэжлийн хяналт гэнэтхэн ирэв.
-Иргэн Итгэлт та ажлын байрны дүгнэлт гаргуулсан уу? гэж байцаагч Балдан төрийн төмөр нүүрээ атируулан асуулаа. Итгэлт ээрч түгдрэв, ир мохож гөлийв.
-Нэг хонинд ноогдох нэгж талбайн хэмжээ нилээдгүй дутжээ! гээд байцаагч толгой сэгсэрлээ. Луу гүний баян Итгэлт, лүүнд булхсан гөлчгий мэт бүлтгэнэж, Балдан байцаагчийн өлмийг долоолоо. Долоогоод долоогоод нэмэр болсонгүй, хан ноёнд айлтгаж, хар гэрт хориулна гэж хангинаад, халуун хошуутай зуун бодоор торгов.
-Үтэр түргэн ажлаа хаа, үнэмлэх бичгээ бүрдүүл! гэж байцаагч ууртай тушаалаа.
Хөөрхий Итгэлт санаа алдав.
-Ямаагаа боож идээд, явцгаах уу даа, таминь! гэх сулхан дуу унагалаа. Боодгоо хам хум шалзлаад, болгоож идэхийг завдтал нь хорио цээрийн Хорол байцаагч ирэв.
-Нийтэд хоолоор үйлчлэхэд нийцүүлсэн бичиг чинь хаа байна? хэмээн Хорол хорсолтой асуулаа. Итгэлтийн нүдний цог голойж, нүүрний гал бөхөв.
-Хүнсний малыг үйлдвэрт бус ил задгай төхөөрнө гэнэ ээ? Маханд байх нянгийн тун магад хориор хэтэрчээ! гэж байцаагч часхийн чарлалаа. Үйлийн үртэй Итгэлт үржлийн наян богоор торгуулсны дараа сая Хорол байцаагчийн нурууг харав.
Боодгоо хураалгаж, богоо дундруулсан Итгэлт гэртээ урамгүй ирэв. Ширмэл олбогтоо атиран, ширмэн тогоогоо өнгөлзөв. Пор пор буцлах махыг хүлээн, гүд гүд шүлсээ залгив. Ийн суух зуур “Эрдэнийг дагуулан мордож, бичиг цаасыг нь бүтээе” гэж тэр бодлоо. Хотны ноход боргож, хойд зүгээс дөрөө ханхийв. Лагс алхаатай, лугс дуутай нэгэн хоолой засаад орж ирэх нь барилгын хяналтын байцаагч Цахиур Төмөр ажгуу. Баруун талд байх бар хээтэй олбогт тухлахыг урьсан боловч байцаагч сонссонгүй шууд ханцуй шамлаад хана унь тоолж, баганын голчийг хэмжив. Төмөр байцаагч хилэнтэй харцаар цоргиод,
-Баталсан зурагт тав байтал таны гэр яахаараа найман ханатай байдаг билээ? гэлээ. Итгэлтийн гэрийг буулгав. Луу гүний цуутай баян аргагүйн эрхэнд адуу эрэхээр одсон Эрдэнийнд хоног төөрүүлэв.
Маргааш өглөөний мандах улаан нарнаар Итгэлт Эрдэнийг дагуулан зүүн зүгт хөдөллөө. Аймаг руу ордог арслан сийлбэртэй аранзал хаалган дээр Бадарч тахар хөндөлдөв.
-Иргэн Итгэлт та яахаараа тогтоосон хурдыг хэтрүүлдэг билээ! Таны морь жолоодох эрхийг хассугай! гэж баргил дуугаар бархираад, бах тав нь ханасан байдалтай эмээлт моринд нь эзэн хүн шиг мордоод галигуулж одов. Явган нүцгэн таваргаж, янтай цаасаар хөөцөлдсөөр сарыг бараад ирэхэд нь хорин суурь хонины нь ноос харгана бутаар нэг хөглөрсөн байлаа.
Хамаг ноосоо хаяснаа бодож, харуусаж суусан Итгэлтийнд эмийн эрхийг хамгаалах эрхэмсэг хатад бууцгаав.
-Эрдэнийг эзгүйд Долгорыг яасан..? Долоон сарын өмнө Дулмааг бас яасан..? хэмээн учир шалгаан шаагилдаж, ухаж төнхөж байцаав. Энэ зунжингаа Итгэлт эрүүгийн цагдаа, эрхийн хорооны үүд сахив. Ном сонины хуудсанд заларч, ноцтой мэдээнд цоллууллаа. Шар хэвлэлийн баатар, шар сэмжтэй од болоод, эргэж гэртээ ирэхэд нь эхнэр нь салаад талийсан байлаа.
Хяруу унаж намар дундрав. Мангуудын баян Паалуутай хоршиж, Ангарын хот руу үхэр шар гаргах панз наймаа бодов. Нянгийн шинжилгээ, няхуур үзлэг, гүний гааль, гүрний хяналт, хорио цээр, холын гувчуур, мал эмнэлэг, мах бэлтгэл, хөдөө ахуйн яам, хүнс хөхүйн тамга гэх наян газраар харайлгаж насыг баржээ, хөөрхий. Нааш цааш гүйх хооронд наяын сүүдрийг зооглож, найгал болтлоо өтөлсөн байв. Найман буман цаасыг, нягталж гүйцээх гэвэл нэгэн биеийн нас үл хүрэхийг ухаарч, буцаж гэртээ харив. Сүлд нь буусан Итгэлт сүүтэй цайгаа оочлон сүг оргин суух болжээ.
Үнэн худлыг бүү мэд, үлгэр ингээд дууслаа. Луу гүний цуутай баян өнөө цагт төрсөн бол нээрээ л ингэж зовох байж, нэгэн биеэ үрэх байж. “Хүмүүнлэг ардчилсан” нийгмийг хүртэж ердөө амтлаагүй Итгэлт азтай хүн!

20 comments:

Gansukh B said...

хаха гоё бичжээ

Anonymous said...

odoo ch jir hun biznes hiihed hetsuu boljee, dan tataastai bj l

Badman said...

Энэ цагт төрөөгүй, амьдраагүй Итгэлт баян ч азтай дамшиг даа. Аз хүү байвуул ёоз хүүгээр цохино ч билүү. Билүү гэдэг чинь чулуу билүү. Чулуу гэдэг чинь одоо Долингорын түшмэлд боож өгдөг авилгал билүү. Авилгалаар чинь харин төрийн түшмэд цодойж түц ажиллуулж үзэлгүй тэрбумтан болдог ч билүү. Билүү гэдэг чинь чулуу билүү, гайтай билүүнээс болоод ганцаар тогтохгүй мөрт холбож сээгий үлдээлээ ч билүү.

Pearle Deppsu said...

Заа тэгээд бичиг цаасыг нь гүйцээлээ гэхэд хажуу айлын ахаас авхуулаад орж ирээд л мөнгө гуйна шүү дээ. зүс мэдэх мэдэхгүй түмэн хүний мөнгө гуйсан гуйлтын цаанаас цухуйна гэдэг хэцүү хэцүү.

Хөөрхий эхнэрүүд л муу нэр авч, харамч, нарийндаа хатсан нэр зүүнэ байхдаа

A.Амарсайхан said...

Гансүхэд:
Баярлалаа

Анонимд:
Жирийн байтугай Луу гүний цуутай баян хүртэл махаа зулгааж байна шүү дээ наана чинь

Бэдмэнд:
Билүү гэдэг чинь чулуу биш, одоо цагт лааны тосоор билүү хийдэг болсон цаг. Ийм билүүг Эрээнинград хотод их зардаг гэсэн

Дэрсүд:
Дэрсү баян хүний авгай гэхээрээ нарийн ширийн зовлонг сайн мэдэж байна шүү

Chandmani said...

Өнөө цагийн дүр төрх яалт үгүй мөн болой...

Итгэлт баян ч яахав бас юмтай хүн... Харин юмгүй бөгөөд юмтай болохыг хүссэн хэн нэгэн "амьтан" байвал бүүр ч өрөвдсөөр дүр зураг гарна даа...

"Ядарсан амьтанд дарга мундахгүй" болох байх даа...

Anonymous said...

Эрт урьд бус энэ манай цагт Итгэлт баян хэмээгч нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай хүү аж төрдөг байжээ. Тамирын голын ногоон хөндийд жалга довынхоо зон олныг цуглуулж, хорин суурь хонио хяргуулсан шиг жаргаж суув гэнэ.
-Одоо ямаа боож идээд, орой цүү хаяна хэмээн гэгээ татуулан хэлж байтал нь гай газар дороос гахай модон дотроос, мэргэжлийн хяналт гэнэтхэн ирэв.
-Иргэн Итгэлт та ажлын байрны тодорхойлолт гаргуулсан уу? гэж байцаагч Балдан төрийн төмөр нүүрээ атируулан асуулаа. Итгэлт itgel togs ene bn hemeen ali divangalbid bichigdeed ahin update hiigdeegui ajil merhejliin nomnoos ch iluu amidrald bielegdekh ajliin bairnii todorhoilolt uzuulev. Kharin ajliin bairnii dugneltiin tuhaid bel benchingeer zodoj avsan belcheeriin zovshoorloo, nom unshilguigeer bichij togtooson mergejliin khyanaltiinkhan ch medekhgui noos kgyargakh technolody-n zaavriin khamt nogookh baitsaagchid uzuulev.
Baitsaagch getel bantsandaa -Нэг хонинд ноогдох нэгж талбайн хэмжээ нилээдгүй дутжээ! nemj oguulie tanaid nermeleesee naashaa yavuulaach khemeen nyaluunaar tal zasav. Луу гүний баян Итгэлт, лut ovsgootoi tul nermel deer nemj jaahan noos ogood l nemegdel belcheeree msg bichuuleed l zovshooruulchihev.
Harin getel Itgelt bayanii хам хум шалзalsan Боодгiig ni khotoos irsen baitsaagch идэхийг завдтал нь хорио цээрийн Хорол байцаагч ирэв.
-Нийтэд хоолоор үйлчлэхэд нийцүүлсэн бичиг чинь хаа байна? хэмээн Хорол хорсолтой асуулаа. Итгэлтийн нүдний цогtoi gyalalzaj:
-Хүнсний малыг tokhoorokhdoo khiideg microbiologiin, medrekhuin erkhtenii, nyan sudlaliin gekh met maliin laboratory-daa khiij dugnelt gargan mergejliin khyanaltaar batalgaajuulan bichgiig mon standart-d nemj oruulakh sanal, sudalgaa, ur dungiin khamtaar neleed nukhatstai taniltsuulav. Хорио цээрийн Хорол байцаагч l kharin khetdee bus oirdoo khiij bolovsruulakh ajliinkhaa sanaag khodookh bayan Itgeltees avan kholgiin joloo nutgiin zug zalavaa khoorkhii... gejuu? /za za zavgui bolchikhlo. kkkkk/

ITGELT gej iim l khumuusiin toloolol doo, ali ch niigemd, yamarch kharankhuid.

A.Амарсайхан said...

Анонимд:
Лодойдамба гуайн Итгэлт ийм л хүн л дээ. Аль ч нийгэмд аргаа олчих хүн. Одоогийн манай байж байгаа нөхцөл бизнест дарамт болж байгааг л үзүүлэх гэсэн санаагаар Итгэлтийг өөрчилчихсөн юм аа.

huder said...

uuchlaarai jaahan nurshuu boljee omnoh niitleluudee bodvol

A.Амарсайхан said...

Хүдэрт:
Шүүмжлэлийг хүлээн авлаа. Эргээд харъя аа.

Unknown said...

Гоё өгүүллэг байна. Нээрээ энэ шудрагаар бизнес хийж яваа зүдэрсэн хүмүүст иймэрхүү гай их тохиолддог юм шиг байгаан. Тэгээд л өнөө авилга гээчийн хөрс бүрэлдэх юм даа.

Оогий said...

Ааааяаааа яааа яааа күй ээ мөн бэркэээ

A.Амарсайхан said...

Мэндхүүд:
Том компаниуд мэргэжлийн хяналтынхныг дагуулж явдаг, ярьж хөөрдөг, боодог хорхог, амралт архи хүүхэн шууханд мэргэшсэн тусгай ажилтантай байдаг гэсэн

Оогийд:
Бэрх ээ бэрх

санаа said...

ай даа итгэлт азтай маа даа.. манай хяналтынхан... тэгээл сүржин нэртэй даржин хэдэн стандартуудаа шинэчилж барихгүй тоглоомын газарт нэг ширээ 4м кв-д байх ёстой ч гэдэг билүү инээдтэй инээдтэй юм яриад л хүрээд ирдэг хүмүү сшүү дээ

алтаргана said...

нээрээ мөн ч олон шат дамжлага туулж нэг юм байгуулаад дуусахгүй байнга л түгшүүрийн дохио хүлээгээстэй байх юм билээ.Манай найз ариун цэврийн улсын байцаагч байлаа, тэрнийг дагаж мөн ч олон ресторан бааранд дайлуулав даа, хааяа юм идмээр уумаар бол дуудчихдаг, зүгээр нэг газар яваад ороход л дайлж цайлаад...бизнэс эрхлэлж байгаа улсууд их дарамттай харагддаг байлаа.

A.Амарсайхан said...

Санаад:
4 метр квадратад чинь УИХ-ын далан зургаан үхэр, үхэрчин хүү Цэрэндоржтойгоо багтана ш дээ

Алтарганад:
Чи минь яасан гэнэн юм бэ? Ариун цэврийн байцаагч дагаад дайлуулж явдаг. Цаадуул чинь байцаагчийг дайлахдаа наанаа худлаа инээчихээд, цаанаа болохоор гал тогоондоо ороод хоол руу чинь шүлсээ хаячихаад хоёр гурав хутгачихаад аваад ирдэг байхгүй юу

алтаргана said...

хүүш нээрээ тэгдэг юмуу арай үгүй байлгүй, уг нь бодсон чинь тэгж хариугаа авахад ч болохгүй юм байхааргүй л байх, гэхдээ би ямар дарамталдаг байсан биш тэр байцаагчдаа л шүлсээ идүүлнэ биз, хэхэ ...бодсон чинь дотор муухайрч байх чинь

хөөрхий муу итгэлт баян ядаж тэгж чадаа болуу

A.Амарсайхан said...

Алтарганад:
Худлаа ярьсан юм өө.

iin said...

энд сууж байгаа би хүртэл ёоо гээд бөглөртөл бичсэн байна шүү

A.Амарсайхан said...

Ийнд:
Сургийг нь дуулсан хүн бөглөрөх гэж байхад, амьдралыг нь үздэг муусайн бизнесменүүд хөөрхий, хөөрхий

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates