/фельетон/
Эрхэм гишүүн хурдан удамтай байж гэмээ нь сонгогч таны хүсэлтийг үтэр түргэн биелүүлэх нь мэдээж. Хурдан түшээг гадаад зургаан шинжээр нь таньж ирсэн уламжлалаа мартсаны улмаас монголчууд сонгуульд хулхидуулсаар л байна. Гүзээ, толгой, шүд, идэш, ууш, туурай зэргээр нь гишүүдийн хурдыг шинждэг.
Эртний сударт гүзээний шинжийг гишүүнийг ялгах хамгийн чухал шалгуур гэж өгүүлжээ. Боос гүзээ, мийс гүзээ гэх хоёр янз гүзээ бий. Боос гүзээ цүндгэр байдаг бол мийс гүзээ Мэнэнгийн тал мэт хавтгай байна. Боос гүзээтэй гишүүн хэвтрээсээ босож ч үл чадах тул таны төлөө хөнгөн шаламгай гүйж чадахгүй, лазагнасаар дөрвөн жилийг бардаг. Мийс гүзээтэй гишүүн тоос татуулан сунайх хулан тахь мэт хурдан байдаг тул үг дуугүй сонговол зохино. Даанч ийм гишүүн өдрийн од шиг ховор болжээ.
Ембүү толгой, өмбүү толгой, усан толгой, ухна толгой, тэнэг толгой гэх таван янзын толгойн шинжийг мэргэд онцолж авч үздэг. Ембүү толгойг сэгсэрч үзэхүл зоос цуглуулдаг вааран гахай мэт хангир жингэр дуугардаг бол өмбүү толгойд юу ч хэлээд нэмэргүй. Төмөр-Очирын үед өмбүү толгойтой гишүүд дийлэнх байсан. Дэмбэрэлийн үед ухна толгойн хэв шинж их хурал руу түрэн орж ирсэн түүхтэй. Усан толгойтой гишүүн чуулган үймүүлж элий балай бурдгаараа ялгардаг. Харин тэнэг толгойтой гишүүн нэн ховор. Хөөрхийг бусад гишүүд хочилж нүд үзүүрлэдэг учраас “тэнэг толгой” гэх нэр үүссэн гэлцдэг. Ийм шинжийн гишүүд тойргийнхоо төлөө чин сэтгэлээсээ зүтгэж, өөрийгөө умартдаг. Тэгэхээр ийм толгойтонтой учирвал тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг. Тэр таны төлөө жигүүртэй мэт хурдлах болно. Тэнэг толгойг нясалж үзэхэд болсон тарвас мэт пүдхийж дуугардгаараа ялгардаг.
Гишүүдийн шүдийг хол шүд, хонин шүд, сийрэг шүд, шигүү шүд гэж ангилдаг. Эрхэм гишүүний шүд ойгүй хол зайтай байх тусам түүний завсраар майгүй том амлалт сийгэх нигуур буй. Эх орны хишиг, эрдэнийн хувь гэхчлэн хэдэн саяар сийгээд байх нь гишүүний шүд ямаршуу болохыг илтгэж буй хэрэг. Огт юу ч амлахгүй байгаа бол тэр шигүү шүдтэй гишүүн. Шигүү шүдтэнг сонгосноороо та хулхидуулахгүй. Юу ч амлаагүй юм чинь юундаа хулхидуулах вэ? Хурдан гишүүний соёо нь бууран тэмээнийх мэт агаад, зайгүй шигүү байдгийг анхаарч шинжих хэрэгтэй.
Хурдан түшээд идэш бага, морь харах нь бяцхан хол хэмээн сурвалж бичигт дурьдсан байдаг. Тэгэхээр нэр дэвшигч тойрогт ирэхдээ сумын даргаар хорхог хийлгэж идэж буй эсэхийг сайтар ажиглаж шинжээрэй. Сумын ядруухан төсвөөс төлөг цохуулж зажлахаа сийхгүй байгаа этгээд улсын хөлгүй сангаас тэрбумыг гувчуулж гудрахыг юман чинээнд бодохгүй гэсэн үг. Хорхог огт амсахгүй, морь огт харахгүй байх ахул гайхам хурдтайн шинж болно.
Хурдан түшээ архийг тагшаар ганц мөсөн хөнтөрдөггүй. Эхэлж жаахан балгаад, тамшаалж амтлаад дахиж ууж амраад, мөн дахин бага зэрэг уух болой. Сөгнөсөн архийг огт уухгүй байвал их зантайн шинж. Гулгуулж орхивол архаг болохын шинж. Балгаад ярвайвал голлоо гэсэн үг. Ярвайхгүй бол донтох хандлагатай байж магадгүй.
Нэр дэвшигч уулзалт дээр үг хэлж зогсохуйд туурайн шинжийг сонждог. Туурайгаа үе үе цавчаад, байн байн солбиж тавиад байгаа бол гишүүн хурд муутай, худлаа хэлдгийн шинж. Ийм гишүүнийг сонговол хулхидуулна гэсэн үг.
Энэ бүхнээс үзвэл эрхэм түшээд хөнгөн шаламгай хурдтай чанараа бие галбиртаа агуулдаг байх юм. Хөлдөө салхитай, хүзүүндээ мөлжүүртэй, мийс гүзээтэй, луус духтай хурдан удмын гишүүнийг сонгоод хүсэл мөрөөдөл бүхнээ сэтгэлчлэн бүтээж, хүмүүнлэг ардчилсан нийгэмдээ тааваараа жаргах эсэх сонгогч танаас л шалтгаална. Шинжихүй тань ончтой, сонгохуй тань мэргэн байх болтугай.
Давхцал
3 weeks ago
18 comments:
Аятайхан болжээ... хэхэ хүүхнүүдийг шинжих талаар бичихгүй юм уу... тэр л их сонин байна :)
xuuxnuudiig shinjix talaar neeree bicheech xo xexe
Хэхэ, ёстой гоё бичжээ. Хүүхэн нтр гээд энэ дээрх 2 залуу ямар дуртай 2 вэ :P
Чандманьд:
Сонин байгаа сэдвийг удахгүй хөндье дөө
Чулуунд:
Хүүхнүүдийг шинжих талаар зөвлөгөө авах хүмүүс надад бүртгүүлээд төлбөртэй сургалтад хамрагдаж болох юм байна. Нээрээ ингээд бизнесийн шинэ санаа төрчихлөө
Дэрсүд:
Баярлалаа. Дээрх хоёр яах вэ, горимын санал тавих эрхтэй
Гишүүн болдым уу гэснээ болилоо. Надад ямар ч хурдан гишүүний шинж бүрдээгүй байна. Бүрдэх цагийг нь иртэл бултаараа амар сайхандаа жаргах уу даа гэсэн.
Ийм шинжийг агуулсан хүмсүүд энэ удаагийн ууж иддэг ангийхан дотор бий болов уу?
(Хүүхэн шинжинэ гэнэ үү.)
erhem gishuud moridiin hoorond ijil tustei zuils ih bna shuu
erhem gishuud moridiin hoorond ijil tustei zuils ih bna shuu
Бэдмэнд:
Бүрдүүлэх талаас нь одооноос бодолцох хэрэгтэй
Жаагийд:
Энэ шинжийг дараагийн сонгуульд сайн харах гэж байгаа
Түмэннастад:
Телевизээр байнга гарч байдгаараа бас адилхан юм байна
Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэж Монгол улсад Мэдээлэл шуудан харилцааны салбар үүсэж хөгжсөний 88 жилийн ойд зориулан Мэдээллийн технологийн үндэсний парк, Монголын Блогчдын Холбоо, Монки.мн сайт хамтран насанд хүрэгчдийн дунд зохион байгуулж буй блог нийтлэл богино өгүүллэгийн уралдаанд оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.monkey.mn/news/208/read эндээс уншина уу.
Монкид:
Хөөе хөөе, та андуураад байна. Би шүүгч шүү нөхөөр
Ах минь одоо цаадуул чинь таныг энийг олоод умшчихвал өөрснийгөө уяад унана даа, хол шүдтэй нэг нь шүд мүд хийлгэж мэгээд...яадаг билээ
Ганзод:
76 хувь хэвлүүлээд орны үүдний номын дэлгүүрт тавьчихсан. Зарагдаад дуусч байгаа байх өө
Saihan bichjee. Taalagdlaa
Баянмөнхөд:
Урам өгсөнд баярлалаа
хахахахахахаха
Сэгсгэрт:
хэхэхэхэхэхэ
за тэгэхээр сонгуулиар ийнхүү шинжих нь дээ. хаха... тун дажгүй фельетон.
Post a Comment