Monday, April 21, 2008

ХАЛААСНЫ ӨРӨӨ

/шог өгүүллэг/
Идэр ес гээч нь ид дундаа байсан үе. Хичээлээ тараад иртэл хуучин муу богц, алимны хайрцагтай хэдэн номыг минь үүдэнд гаргаад шидчихсэн байна. Намайг бараадан нүүж явдаг муу дүү минь ботгон нүдэндээ нулимс цийлэлзүүлээд чичрэн зогсох нь өрөвдмөөр. Тавин хэм чисхийсэн хүйтэнд утаатай тэнгэрээс өөр хучлагагүй хонож, хорин хуруу хоёр чихээ нэгд нэгэнгүй хөлдөөж, голдоо ортол даарч үзсэнийхээ дараа би “халаасны өрөө” гэдэг үгийн утгыг ухаарч билээ. Ийм өрөөнд түр орогнон суух, ядарсан ялаануудыг дуртай цагтаа халж сольж болдог болохоор “халаасны өрөө” гэдэг нэр үүссэн юмсанж. Халж сэлгэхийн “хал” нь энэ үгийн язгуур болдог гэсэн үг.
Би хөгширсөн хойноо ч оюутан хэвээр, үйл лайгаа эдэлж яваа хүн л дээ. Анх гэнэн амьтан айлын хажууд халаас шиг жижиг өрөөнд аж төрдөг болохоор ийнхүү “халаасны өрөөний айл” гэдэг нэр томъёо үүссэн юм байх хэмээн бодож, тэнэгтэж маанагтаж явжээ. Энэ үгийн цаад санааг эрдмийг сурахаар зориг шулуудсан анхны лайт өвлөө тийнхүү ясандаа тултал мэдэрч билээ.
Удалгүй бас өөр утга олж мэдэв. Энэ зовлонт явдлын дараа ахин нэг халаасны өрөө оллоо. Батга шавсан барзгар хар нүүр, том улаан хамартай эрхэм тэр гэрийн эзэн болно. Нэгэн орой эхүүн нясуун юмыг ханхлуулан, өрөө рүү маань орж гарч байснаа, тэсгэлгүй чин сэтгэлийн яриагаа эхэллээ. “Халаасны өрөө гэдгийн жинхэнэ утгыг мэдэх үү?” гэх асуултыг түүний амнаас сонсоод, зүрх шууд зогсон, сандалдаа лагхийн суулаа. Батгатай эрхэм миний цус харвахад дөхөөд буй цонхийсон царайг анзаарсан ч үгүй,
-Гэрийн эзний дотрыг халаасны төлөө хөөгдчихөлгүй толгой хоргоддог өрөө учраас “халаасны өрөө” гэдгийм даа хэмээн өөрөө, өөрийнхөө асуултад хариулж байна. “Дахиад л халуулж сэлгүүлэх нь дээ” гэхээс үнхэлцгээ хагартлаа айж байсан миний дотор цэлмэчих шиг болж, “ёо, ёо” гэж сэм дуу алдлаа. Дүүгээ бушуухан ганц шил юманд гүйлгэчих нь тэр! Энэ яриа болсноос хойш би гэрийн эзний дотрыг байн байн баяртайяа халаах боллоо. Нээрээ л дотор халаасны ачаар амар жимэр аж төрдөг болохоор “халаасны өрөө” гэж нэрлэх нь долоон зөв шүү дээ.
Удалгүй тэрхүү “дотор халаасны” өрөөндөө удаан оршин сууж чадахгүйгээ мэдэрдэг юм байна. Батга царайт долоо хоног тутамд шил юм гаргуулдаг байснаа, давтамжаа аажмаар ойртуулсаар. Сүүлдээ бүр давраад, “Өдрийн нэгийг заавал авахуулна!” гэж агсамнах болов. Мөнгө ч тэсэхээ байлаа. Би ч бас тэссэнгүй. Нэг л мэдэхнээ тэвчээр алдарч, “Битгий хуц! Муу, батга царайлсан архичин!” хэмээн хашгирчихсан байлаа. Бид тэр оройдоо “дотор халаасны” өрөөнөөс хөөгдсөн юм.
Дараа нь бас нэг халаасны өрөөнд сөгдөж гуйж байж толгой хоргодлоо. Гэрийн эзэн огт батгагүй цэвэрхэн царайтай эрхэм. Зан гэж хайлсан тугалга. Гурван өрөө байрныхаа хоёр жижиг өрөөний нэгэнд дүү бид хоёрыг, нөгөөд нь дөнгөж нас биенд хүрсэн болов уу гэмээр жижигхэн, хөөрхөн оюутан охиныг суулгана. Тэрээр намайг оруулахдаа, “Уг нь ганц бие оюутан охин оруулсан бол ч…” гэж өөртөө хэлээд, шүлсээ гүдхийтэл залгисан юм.
Эр хүн л болсон юм хойно, би нэг орой халамцуу ирлээ. Угаалгын өрөө рүү яваад ортол, ээ бүү үзэгд! Юу харсан гэж санана, өнөөх цэвэрхэн царайт эрхэм чинь оюутан охиныг шалан дээр дараад уначихсан уухилж байна! Нүв нүцгэн!
-Охин шигээ хүүхдийг яана гэнэ ээ, чи! гэж би бархирлаа. Муу ухныг ховх татаад, хоёр нүдний нь тэхий дундуур нулиад хаячихлаа. Маргааш өглөө нь дүү бид хоёр, нөгөөх оюутан охинтой халаасны өрөөнөөсөө хамтдаа хөөгдөв өө, хөөрхий.
Оюутан охин уйлж байна аа. Би өрөвдөөд нулимсыг нь арчих гэлээ. Тэгтэл тэр над руу хорсолтой харцаар цоргиод, “Намайг чамтай хардаад, хөөчихлөө. Хөгшин илжиг ээ! Дахиад хаанаас ийм үнэгүй халаасны өрөө олох юм?” гэж чарлаад, маажиж малтах нь холгүй байна. “Үнэгүй гэнэ ээ?” гэж би дуу алдсанаа, дотор огшоод явчихлаа. Дүү бид хоёр өмнөх айлдаа дотор халаасны төлөө толгой хоргодож байсан бол, энэ охин цэвэрхэн царайт эрхмийнд хөнжил халаасныхаа төлөөсөнд “үнэгүй” аж төрж байсан юмсанж. Халаасны өрөөний бас нэг том утга нь “хөнжил халаасны” өрөө байж дээ.
Өөр юу эсийг үзэхэв. Нэг удаа сүнстэй өрөөнд орчихдог байна. Шөнө бүр улаан дээлтэй, хүйт даасан нүдтэй, үхдэл царайтай хүүхэн орж ирээд, “хай, кони чива, аригато” гээд хөнжлөөс татаад уушиг зүрх амаар гаргачих гээд байсан тул аргагүйн эрхэнд нүүсээн. Монгол залууд дурласан, улаан дээлтэй япон бүсгүй яг тэр өрөөнд амиа егүүтгэсэн түүхтэй аж. Хөөрхий хүүхнийг Халаа сан гэж дууддаг байж. Тэгээд яахав дээ, “Халаа саны өрөө”-нд орчихсон нь тэр.
Амьдрал гэдэг баян юм аа. Монгол хэл минь амьдралаас дутахгүй баян ажээ.
Өнөө шөнө би бас л гудамжинд хонож байна. Тэр өвлийг бодвол арай дулаахан, хаврын шороон шуурга нөмөрч унтана, гэж байгаа. Маргааш бас нэг шинэ халаасны өрөө олно. Шинэ өрөө олно гэдэг “халаасны” хэмээх энэ гайхамшигт үгийн бас нэгэн шинэ, сайхан утгыг олно гэсэн үг ээ.

31 comments:

saihan sanaa said...

арай ч дээ аймаарийм бэ... би л халаасны өрөөнд сууж л байсан.. харин ч ийм зовлон үзээгүй шүү...

өө юу билээ энэ чинь хошиг өгүүллэг билүү хэхэхэ

david santos said...

Great posting.
I loved this post and this blog.
Have a nice day

A.Амарсайхан said...

Сайхан санаад:
Хайлсан тугалга шиг хүн таарч дээ. Ха ха. Одоо хотынхон маань соёлжиж байгаа байх өө.

To David:
Манай нэг бөх өөрөө монгол бичиг мэдэхгүй байж, хүүдээ монгол бичгийн хичээл заагаад "Эгцхэн бич, эгцхэн бич" гэж зөвлөж байсан гэдэг. Би яаж вэ? Эгцхэн биччихсэн байна уу?

meesh said...

Утгыг бол гоё гаргажээ...Хахахахаах

A.Амарсайхан said...

Мийш-д:
Өөр утга бас байж мэдэх. Сайн бодоод хэлж туслаарай.

Bibby said...

korea emegtei bish, japan bolgood "halaa san"-ii uruu gevuul zugeer bishu, za za iluu ugelchlee hehe, uchigdurhun unshjiisan halaasnii uruu 1,2,3 gsn bichleguudiig emhetgeed goy bolgochjee,

A.Амарсайхан said...

Бибби-д:
Нээрээ Халаа сан зүгээр сонсогдож байна шүү. Баярлалаа.

A.Амарсайхан said...

Бибби-д:
Халаа сан болгоод засвар хийчихлээ. Их баярласан шүү.

Э. Баярсайхан said...

Оюутан гэж юу билээ.
Ядуу л гэдэг билээ.
Тэд чинь халаасаа хоослон барин өрөө хөлсөлдөг байхгүй юу.
Тэгээд л халаасны өрөө болчихгүй юу.

хэ хэ. Санаа нэмэрлэх аядав.

A.Амарсайхан said...

Баярсайханд:
Нээрээ, бас нэг санаа байна шүү. Халаасны эрлэг өрөө гэдэг юм уу даа.

byambaa said...

hehe.

sanaag bol dor ni avah yum doo.
mundag yum oo.
amjilt husey ee.

Gegeen is Welcoming said...

hehe, halaa sanii oroond orson heseg ni unen yum u, haaya ch chamaig davaaduulaad bn u, gej bodogdood baidiin shuu, hehe.

www.gegeen.com

A.Амарсайхан said...

Бямбаад:
Санаа өгөх юм нийтэлсэнд баярласан шүү.

Гэгээнд:
Ха ха, энэ чинь шог зохиол шүү дээ. Даваадуулж л бичдэг эд. Гэхдээ цаанаа бол амьдралын бодит үнэн заавал байж байдаг.
Халаа сан гэж бодит хүн биш л дээ. Бибби надад санаа өгсөн. Бямбаагаас асуусан чинь монгол залуучууд царайлаг болохоор япон хүүхнүүд маш их дурладаг гэж ярьсан. Монгол адуучинд хайртай болсон, монгол цагдаад дурласан тухайгаа гэхчилэн япон хүүхнүүд байнга ярьдаг юм билээ.

Anonymous said...

:-)

Anonymous said...

neeree manai zaluuchuud chin tsarailag biluu, alii neg haraatiidaa :P

A.Амарсайхан said...

Анонимд:
,.-) /Далайн дээрэмчин ингэж инээдэг/

Анонимд:
Би хүнээс иш татаж хэлсэн шүү. Японд байдаг хүнээс. Хэ хэ.

sanakae said...

Өрөөний гэрээ 6 сард дуусна даа.
Тэгээд л ахиадл нэг хэсэг адал явдал бас ядаргаа эхлэнэ дээ.

A.Амарсайхан said...

Бусад нь ч яахав. Халаа сан-ы өрөөнд орчиховзой.

Ганаа_бж said...

Hnnnnnn. /Chuhal tsarailav/.

Neeree bodood baisan chini iim olon utgatai baih ni ee.

Сумьяа said...

Халаасны өрөө байтугай гэртээ ч сайхан амьдарч чадхаа байсан цөвүүн цаг шүү дээ. Хэцүү хэцүү

A.Амарсайхан said...

Ганаа БЖ-д:
Цаашаа бодоод байвал дахиад ч өөр утга гарч ирж мэдэх юм билээ. Гарсаар ч ирсэн, гарсаар ч байгаа, гарсаар ч байх болмой.

Сумъяад:
Гэртээ таван минут унтах гэхээр хаалга нүдээд, үнэгүй ном тараах юм, сонгогчдын бүртгэл хийнэ гэх юм. Бриж Ганхуяг орчуулгын номны нүүрэн дээр зургаа тавьчихсан тарааж явах, Сайханбилэг болохоор өөрийнхөө гэгээн дүрээр комикс бүтээлгэчихсэн 3333-аар дөрвүүлээ төгссөн Моби, Юни, Жимо, Скай дөрвөн утас жагсаагаад биччихсэн нэрийн хуудасны хамт өгсөн гэж байгаа.
Өөрийн өмчний орон сууцанд, өөрийнхөө орон дээр, өөрийнхөө худалдаад авсан хөнжил дотор унтаж болохгүй юм аа, болохгүй юм.

ZAYA said...

Халаасны өрөө нээрээ л олон утгатай юм байна.
Хүний бүтээл орчуулчихаад өөрийнхөө зургийг гадар нүүрэн дээр нь тавиад байхдаа ч яахав дээ. /Манайд бас ирсэн/
Ном гаргагч нар ард түмнийг халааслах санаатай даг шүү.

A.Амарсайхан said...

Заяад:
Би өөрийнхөө бичсэн номны нүүрэн дээр зургаа тавиад байгаа хүмүүсийг даруу бус зантай гэж боддог байсан. Гэтэл одоо хүний бүтээл орчуулчихаад нүүрэн дээр нь зургаа тавьж "томордог" болжээ, харин.

Arsun said...

Songuuli o'ngortol amraahgui l dee.

A.Амарсайхан said...

Арсунд:
Харин тийм бололтой юм аа. Ойртох тусам хаалга тогших нь улам ихсэх байх аа.
Өнөөдөр байрныхаа мөнгийг тушаахаар Сансар үйлчилгээний төв орлоо. Үүдээр нь баахан хөгшчүүл цуглачихсан сонгууль яриад л сүйд. Сонгуулиар сэрж, сонгуулийн зүүдээр нойрсдог цаг иржээ, хөөрхий. 4 жил гэдэг яасан ч хурдан юм бэ.

BATZORIG said...

saihan oguuulleg bolj dee. amjilt husyee

A.Амарсайхан said...

Батзоригт:
Баярлалаа.

Anonymous said...

Ooroo l zohioson bololtoi. Japan helend l useg baidgui shd. Teheer yamar yumniih n Halaa san baihav. Bultruush.

A.Амарсайхан said...

Анонимд:
Зохиол уншчихаад зохиожээ гээд байдаг чинь харин сайхан онигоо болох нь ээ. Би болсон явдал бус, зохиол бичээд байна шүү дээ. Хэ хэ

Anonymous said...

Ahaa goy bolson bna.
Bi harin teer jil oyutan bhdaa 3n uruu bair sariin 150,000T uur hulsulj avaad. Tegeed jijig 2 uruuguu uur oyutand sariin 50,000 aar tus tusd ni hulsluud zao harmaa tuntger oyutan blaa shdeeee kkkkkkk.
bi tegeed ter 2-gaa harin ch HARMAANII URUU gej duudah durtai.
boljaaagaaazdee uuruu harmaanii uruunii uneeer gal togoo, tom uruutei bas davuu erhtei. Bairnii munguu harin haltuur hiigeed olchihno gijaagaan.

A.Амарсайхан said...

Анонимд:
Надтай харин, 15 уулаа нийлээд, гурван өрөө хөлсөлдөг, хүн бүр сард 10 хан мянгыг төлдөг оюутнууд ч тааралдаж байлаа. Тааралдах ч гэж дээ, нэг оюутан тэгж ярьж байсан.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates