Monday, October 25, 2010

САЙД АА, ХҮҮХДҮҮДЭЭ АВ!

/шог өгүүллэг/
Хаврын сайхан өдөр над руу хайр гэнэт ирэв. Түүнтэйгээ уушийн газарт ороод хоёр биенээ ширтэн суулаа. Сэтгэл догдлоод л, үгээр хэлэхийн аргагүй сайхан. Тэр минь хайраа илчлэх гэсэн бололтой амаа дөнгөж нээтэл хорин дөрвөн цаг донхийж, тухалж суусан биднийгээ тууврын мал шиг шилбүүрдэж хөөлөө. Далаад онд төрсөнсөн бол хайртыгаа дагаад нийтийн бүжигт очихсон. Даанч тийм юм байхгүй. Зугаалъя гэтэл модод ургаж, навчис сэрчигнэж болох бүх цэцэрлэгийг хотын дарга асан зараад идчихсэн. Аравдугаар ангийн охин шиг орцонд зогсохоос ичиж, зочид буудалд өрөө авлаа. Тэгтэл хайр минь ганцхан тонгорч орон дээр унагаад, цэвэр дарчихаж билээ. Хайраа ч илчлэхээ мартсан. Ингэж л анхны охиноо олсон юм даа. Буудалд олдсоныг нь дурсаж охиндоо Буудалзул гэж нэр өгөв.
Энэ явдлаас жил хагасын дараа, намрын шаргал өдрөөр миний сэтгэл нээг их гэгэлзэв. Уушийн газар сууж гунигийг чинь үргээе гэж нөхөр хэллээ. Дөрвүүлээ наргивал уйтгар дөмөгхөн тайлагдана гэж би хошуу нэмлээ. Гэр бүлийн найзуудын хөгжилтэй яриа сэтгэл догдлуулаад нэг л сайхан. Уйтгар минь яг тайлагддагийн даваан дээр гайт хорин дөрвөн цаг донхийв. Ахиад жаахан л суувал болчих гээд байдаг.
-Зочид буудалд ороод ганц шил юм нэмчих үү? гэж нөгөө айлын эзэгтэйг хэлэхэд миний үстэй толгой арзайж, буудалд л орохгүй шүү гэж орилов.
-Буудал дэмий, манайд очъё гэж нөхөр минь санд мэнд хэллээ. Гэрт бол тасарсан ч санаа амар, ахиухан юм авъя гээд нөгөө өрхийн тэргүүн халаасаа тэмтэрч байна. Дөрвүүлээ дөрвөн шил архитай суугаад наргицгаав. Өглөөгүүр нөхрийнхөө ханхар цээжин дор сэрлээ. Арай л ханхар юм шиг санагдахаар нь тэмтрэв. Ээ бүү үзэгд! Хүний нөхөр тэврээд унтаж байна! Айлын аав ор андуурснаас болж Андуужин охин минь ийнхүү олдсон юм даа.
Гайт явдлаас хойш нөхөр минь хааяа халахаараа надад гомдол мэдүүлдэг боллоо. Аргагүй шүү дээ чааваас, андуурсан айлын аавыг таниагүй би ч бас буруутай. Андуурлаас хойш ахиад жил өнгөрөөд байтал үй зайгүй найз бүсгүй, Учралтын минь төрсөн өдөр тохиолоо.
-Халуураад буудалд оров оо! Айл руу бүүр ч явж болохгүй, андуурчихна шүү! гэж хань минь ахин дахин захилаа. Төрсөн өдрийн найр ид өрнөл дээрээ байтал лайт хорин дөрвөн цаг донхийх нь тэр. Зочид буудал руу явахгүй, гэр лүү бол бүр ч зүглэхгүй гэж намайг эрс зүтгэхэд найзууд минь урвайчихлаа. Гал Гэрэлээ нүдээ гялалзуулан босч ирээд,
-Өөр арга бий. Зоогийн газрын захирлыг найраад дотроосоо түгжүүлээд суучихдаг байхгүй юу гэв. Миний дотор онгойж, найзууд ч баярлан хашгирлаа. Найр хавтгайрч бүгд муудах тийшээ хандаж байтал захирал сандран гүйж ирээд,
-Цагдаа ирж явна. Гэрлээ унтраагаад чимээгүй сууцгаая гэж чарлалаа. Гайтай цагдаа зоогийн газрын цонхон дор ирээд нам зогсчихлоо. Бүгд амьсгал түгжин хүлээв. Явах шинжгүй холбоогоор яриад л байх юм. Гэнэт чихний араас халуун амьсгаа төөнөөд үнсэж үлгэж эхэллээ. Болиоч гэж чарламаар байвч цагдаа сонсчихвол биднийг эрүүлжүүлнэ, үүнээс долоон дор юм болно гэж айгаад гүрийлээ. Ингэж л Бүүмэд охин минь олдсон түүхтэй. Тас харанхуйд хэнийх гэдэг нь бүү мэд байсан учраас тийм нэр өгсөн юм.
Дараа жил нь дахиад л Учралтын төрсөн өдөр ирлээ. Бид хоёрын ямар дотно вэ гэдгийг мэдэх тул битгий яваач гэж нөхөр хэлж чадсангүй, Учралтын төрсөн өдрөөр учрал тохиодог шүү гэж анхааруулаад хоцорлоо.
-Ээ дээ, ноднингийнх шиг түгжүүлж л болохгүй шүү гэж ахин дахин захилаа. Төрсөн өдөр ид халуун дээрээ байтал хөөтэй хорин дөрвөн цаг донхийв. Зочид буудалд орохгүй, гэр лүү зүглэхгүй, бас зоогийн газарт түгжүүлэхгүй гэж би чарлалаа. Гал Гэрэлээ дахиад л нүдээ эргэлдүүлэв.
-Энэ хэсгийн цагдаа нарыг би бүгдийг нь танина гэж хэлэхэд нь эзэн ч бид ч тайвширч хаалгаа онгорхой орхиод наргилаа. Нэг мэдтэл цагдаа нар ирээд биднийг ч, зоогийн газрын эзнийг ч, танил талтай Гэрэлээг ч хүртэл ачиж байна. Эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх хүрэх замдаа би цагдаагийн дэслэгч залуухан хүүд ухаангүй дурлачих шиг санагдлаа. Нөхрөөсөө салаад тэр хөөрхөн залуутай суучихмаар. Тэр шөнө Дэслэгчтулга хүү минь олдсон юм.
Нөхөр минь их уурласан хэдий ч хүү төрсөн учраас баярлаад салъя сарния гэсэнгүй. Эгч нь чамд архины халуундаа л дурласан гээд хэлчихэж гэхэд дэслэгч хүү тэслэгч болтлоо уурлаж билээ. Дараа жилээс нь би Учралтын төрсөн өдөрт явахаа зогсоов. Хөөрхий нөхөр минь хүний голдуу дөрвөн хүүхдээ хүүе хаая гэх зуураа,
-Миний хань ухаантай шүү гэж намайг магтсан юм. Тэгтэл гай болж байгууллагын дарга Алтан гадас авчихлаа. Даргынхаа найрт очихгүй бол алдас болно гэж тэр минь хэлээд намайг түгшүүртэй харцаар үдлээ. Одонгийн найр оргил үедээ байтал лайт хорин дөрвөн цаг донхийв. Халуурахаар шийдсэн хамт олон маань зөвлөлдөж байна.
-Зочид буудалд бид багтахгүй. Даргын гэрт очиж хүндрүүлэх дэмий. Энэ газартайгаа найраад үргэлжлүүлэх үү гэлцэв. Аз болоход дарга,
-Ажлын газар луугаа явцгаая гээд ширээгээ цохилоо. Үүнийг сонсоод миний санаа амарч уужим амьсгаа авлаа. Дассан газрын даавуу зөөлөн гэж үнэн юмсанж. Тансаг зөөлөн даавуун дотор сэрээд харвал даргын тасалгааны арын амралтын өрөө байх нь тэр! Ингэж л Ажлынбайрмаа минь олдож би нөхөртөө арай л хөөгдсөнгүй, баруун нүдээ хөхөртөл цохиулсан даа.
Дараа жил нь Орцонд-Олдох хүүгээ олж зүүн нүдээ тэс цохиулав. Хөөгдөөгүй нь яамай даа гээд явж байтал Байгальбат хүү минь олдчихлоо. Туулын бургасанд байгалийн сайханд олдсон нь бат байсан учраас Байгальбат гэж нэрлэсэн юм л даа. Нөхөр нүд таглаад ханасангүй нэмж өгзгийг минь хөхөртөл өшиглөлөө. Тэр минь энэ удаа яагаад ч тэвчсэнгүй, өөрийн ганц Буудалзулаа авч үлдээд намайг хөөчихлөө. Нөхрийн минь долоон зөв. Долоон хүүхдийн зургаа нь хүнийх болохоор яаж ч тэсэх вэ дээ, чааваас. Би Андуужин, Бүүмэд, Дэслэгчтулга, Ажлынбайрмаа, Орцонд-Олдох, Байгальбат зургаан хүүхэдтэйгээ хөх тэнгэр дээвэртэй амьдарч явна. Өнөөдөр цас будраад хүйтрэх шинжтэй. Удахгүй Хонгилмаа гэдэг охин олдож ч мэднэ.
Эцсийн эцэст хууль зүйн эрхэм сайд Нямдорж танд хэлэх үг байна. Хорин дөрвөн цагт уушийн газар хаана гэсэн тэнэг хуулиас чинь болж энэ олон хүүхэд төрснийг долоон сайхан эцэг нь батална. Сайд аа, хүүхдүүдээ ав!

24 comments:

Anonymous said...

Амараа ах ч сайхан бичих юмаа.

Болорхон said...

хи хи хи ийм эхнэртэй /нөхөртэй/ болчихвол яана аа... Нямдорж "Монголын үрсийг маш олон" болгож байгаа юм байна даа.

Badman said...

Хиа хиа хиа.

Нэг хүүхэн шинэхэн төрсөн хүүхэддээ "Шуудзассан" гэсэн нэр өгчээ. Учрыг нь асуутал шуудан зөөгч, засварчин, сантехникч гурвын хэнийх нь хүүхэд болохыг мэдээгүй учраас ийм нэр хайрласан гэсэн онигоо буй заа.

пета said...

хэхэ хөгжилтэймаа

A.Амарсайхан said...

Анонимд:
Баярлалаа

Болорхонд:
Гэхдээ нөхөр нь хөөрхий, авгайгаа буцааж гэртээ авна л даа. Цаад хүн нь гайгүй эр байгаа юм. Хоёрдугаар ангийг нь бичнэ ээ

Бадмаад:
Хо хо хо

Петад:
Бас цаанаа эмгэнэл бий. Энэ балай хуулиас болж би байнга бухимддаг юм. Хүнтэй хоёр үг солиод тааваараа арван минут суучихаж болохгүй. Хойт Солонгост байгаа юм уу хаашаа юм. Нямдорж өөрөө Хойд Солонгостоо очиж амьдарвал таарна

ZAYA said...

12 -с хойш ирж байгаа нөхөр юу хийж байдаг ойлгомжтой болох шив. кккк

Дэндэв said...

Хахахаха
Агаа алаад хаясан байна

A.Амарсайхан said...

Заяад:
Төрсөн өдөрт явсан гэргий 12-оос оройтвол бас юу хийж байдаг нь тодорхой болох шив, ККККК

Дэндэвт:
Хэхэхэ. Дүү амьдруулаад хаячихаж

Төгөлдөр said...

Хэхэ мөн уужуу дотортой эрээ.

Badman said...

Өчдөр кануун дээр Дэндэв нөгөө Дэлгэрмаа нэрт Анужинг Сүлдийн гэрээс хөөж гаргах мөчид элэг хөштлөө инээв. Ойрд ингэж инээсэнгүй удсан байна шүү.

A.Амарсайхан said...

Төгөлдөрт:
Нямдорж хуулиа өөрчлөхгүй бол бид чинь хүний дийлэнх хүүхдүүдээ хүүе хаая гээд л уужуу доторлоод суугаад байх нь шүү дээ

Бэдмэнд:
Миний ханьд бас их таалагдсан. Баахан инээсэн.

Anonymous said...

Цаад нөхөрт нь наана нь Буудалзул байвч цаана нь бас хэд хэдэн
Буудалцэцэг, Буудалбат, Буудалсүрэн, Анчиныхүү, Хөршийнхүү, Найзынхүү

гэхмэтчилэн түм түмэн хүүхдүүд байгааг мэдэлгүй, хөөрхий авгай гэнэдэж дээ гэнэдэж

Mendee said...

Анх энэ өгүүллэгийг Өнөөдөр сонины сайтаас нь уншаад эмэгтэй хүн л бичсэн байна гэж бодсон. Тэгсэн чинь доор нь А.Амарсайхан гэдэг байгаа. хэхэ:.

A.Амарсайхан said...

Анонимд:
Нөхөр нь хөөрхий бодь амьтан. Хүйтрэх янз орохоор авгайгаа буцаагаад гэртээ аваад оччихно доо. Өөрт бас цаанаа юм байгаа болоод ч хүний дөрөв тавыг тэвчээд байсан ч юм билүү

Мэндсайханд:
Эмэгтэй хүний дотор нь орж үзээд

Чепак said...

haha
Bi sonin deer garsaniig ni unshaad uhtelee ineelee shd ee humuus galzuursiin baih daa l gej bodson baih

Nuhur bol unen bodi hun baina doo gehdee tesne tesne gehed ain

Tanii kinonii tuhai end heleltseed l baina
http://biznetwork.mn/topic/show?id=21762&page=2

Anonymous said...

Hi Amaraa bi ch ter solongosiin olon angit tsuvraluudiig uzdeggui yu. Chinii bichsen 2 kino l harin Mgl chuudiig huduu hotgui baildan daguulj chadj bna daa bayar hurgie bicheed bai hu. harin neg muuhan ch hamaagui dur bodooroi hehehe
Nyamdorj ug ni huulia zasch baina geed boon hel amand orj bgaad dahin said bolj ireed harin guuli bolson shig bgaa yum daa ho

A.Амарсайхан said...

Чепакт:
Баярлалаа хө. Урам өгнө гэдэг сайхан.

Киноны тухайд тэр залууг монтажийн өрөөндөө аваачаад монтажийн найруулагчтайгаа долоо хонуулах юмсан. Манай найруулагч миний л мэдэхийн сүүлийн гурав дөрвөн сар гэртээ очоогүй. Бараг л унталгүй сууж байгаа гэж хэлж болно.

Анонимд:
Баярлалаа. Ядахдаа нэр ч байхгүй болохоор ямар дүр бодох вэ, хэ хэ.

Javhlan said...

Орчин цагийн Үнсгэлжин юм аа даа. Үлгэрийнх нь 12-оос өмнө гэртээ харьдаг биз дээ. Бичээд байгаарай. Намрын бороотой өдөр нар тэнгэрт гартал инээлгэлээ

Anonymous said...

xaxaxaxa

A.Амарсайхан said...

Жавхланд:
Баярлалаа. Бичээд байна аа

Анонимд:
Хохохохо

anjigai said...

Сайн уу? Энэ нэрнүүд чинь лавлахад хайхад байхгүй байна шүү. Хүүхдүдээ ядаж улсад бүртгүүлээд мөнгө төгрөгөөр нь амьдраачээ. Ямар хайшаа юм.

Гоё гоё

A.Амарсайхан said...

Анжигайд:
Иргэний бүртгэл дээр очоод шөнөжин оочерлоод, шүүлгэсэн чинь байхгүй байна уу? Хэ хэ

Badman said...

Мөнгө гэдэг хайр сэтгэл, хүний амьдрал, үр хүүхдээс ч илүү эрхэм болж дээ. Кануунаас харахад

A.Амарсайхан said...

Бадманд:
Түр зуурын сэтгэл хөдлөл байж дээ. Сарнай үр хүүхэд нөхөр минь гээд буцаад ирлээ.
Орж ирээд л гэрээ цэвэрлэхгүй яадаг хүн бэ гэж байгаа биз дээ

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates