“360 градус” гэхээр Монголын төв хөдөө хаана ч андахгүй. “25 дугаар суваг” телевизээр цацагддаг хошин мэдээллийн хөтөлбөр найман настай балчраас наян настай буурлууд шимтэн үздэг нэвтрүүлэг болж чаджээ. Хаана л бүтэхгүй болохгүй зүйл байна вэ тэр бүхнийг “360” хошин мэдээ хөндөж байдаг. Энэ нэвтрүүлгийг ардын жүжигчин Цэрэндагва, Мэндбаяр нарын шавь Кино урлагийн дээд сургуулийн төгсөгч, оюутан залуус эфирт амилуулдаг юм.
Зарим он нь хуучирсан бол хүлцэл өчье. Ойрд юм бичээгүй болохоор, аргаа бараад хувийн архив руугаа дайрлаа. Тоншуулд 2006 онд нийтлэгдэж байсан эд байгаа юм.
ЧШ! ЧИМЭЭГҮЙ, ЗУРАГ АВЧ БАЙНА!
Сургуулийн бага дунд ангийн бололтой хүүхдүүд хорж зогсох хонь мэт шахцалдан бөөгнөрч нам гүм зогсоно. Нусаа шоржигнотол татсан нэгэн рүүгээ муухай харж, “Чш, чимээгүй!” гэж шивнэн нударч байна. Барагцаагаар гурав дөрвөн анги дүүргэхээр хүүхдүүд байх хэдий ч нэгэн зүйл рүү шимтсэнээс болж ийнхүү томоотой зогсох аж. Кино үйлдвэрийн баруунтайх 15 дугаар байрны өмнөх талбайд “360 градус” хошин мэдээллийн хөтөлбөрийн зураг авалт явагдаж байгаа нь энэ байлаа.
“TV-1”-ийнхний зураг авалт ихэвчлэн Кино үйлдвэрийн ойр тойронд “байнгын үзэгчдийн” нүдний өмнө ийнхүү явагдана. Эхний үед хүүхдүүд өмнө хойгуур гүйж зурганд орчих гээд зовоодог байснаа нэвтрүүлгийн зураг авалтыг саатуулж, чимээ гаргаж болохгүй гэдгийг сайн ойлгон, аль болох саад хийлгүй үзэхийг хичээдэг болжээ. Дараа нь харин энэ бүхэн нэвтрүүлэг болж эх орны өнцөг бүр дэх дараагийн “ээлжийн” үзэгчдэдээ хүрнэ.
“360” хошин мэдээллийн хөтөлбөр явсны дараа “Та нар сак шүү!”, “TV-1-ийнхэн! Та нар шүү!” гэсэн мессежүүд цуварна. Утасдаж санал бодлоо хэлнэ. Нойр хоолоо умартан ажилласан залуу уран бүтээлчдэд юугаар ч сольшгүй хамгийн том урам болно.
БҮГДЭЭРЭЭ ХЭЛЭЛЦВЭЛ БУРУУГҮЙ
Зохиол гэдэг нэвтрүүлгийн зүрх, хөдөлгүүр нь байх нь мэдээж. “TV-1”-ийн хошин мэдээний зохиолыг КУДС-ийн 2003 оны төгсөгч Ж.Бэгзсүрэн бичдэг. Тэр бас теле зохиомжуудаа найруулна, дүрүүдэд нь тоглоно, хөтөлнө.
Зурганд гарахаасаа өмнө “360”-ынхан Асалбек, Баярсайхан, Гомбосүрэн, Мөнхбаяр, Нямдаваа, Нямбаяр, Хүсэлт-Энх гээд бүх жүжигчид зохиол дээрээ ярилцаж, санаа бодлоо солилцоно. Энэ үеэр зохиолоо улам сайжруулах илүү өвөрмөц санаа их гардаг. Зураг авалтын үеэр ч “сак” санаа орж ирэх нь бий.
Эдний хошин мэдээг илүү сонирхолтой амьдралтай болгож байдаг нэг хөдөлгөгч хүч нь үзэгчид. Тэднээс маш олон янзын санаа оноо захиа болон мессежээр ирнэ. Зарим нь өөрсдөө ажил болгон студи рүү нь ирж, “Тэр болохгүй байна, энэ болохгүй байна. Энийг заавал гарга!” хэмээн шахаанд оруулах гэж зүтгэнэ.
Саяхан гэхэд л үзэгчийн санааны дагуу ТҮЦ хоморголон ачсанаас болж гутал засч ар гэрээ тэжээдэг хөөрхий эр зовлонд унаад байгаа тухай, энэ компанит ажлын ард том бизнесүүдийн хатгаас байж магадгүйг үзүүлсэн зохиомж хийжээ. Нэвтрүүлгийн дараа урьд өмнөхөөс олон үзэгч утасдаж үнэхээр зүйтэй асуудлыг хөндлөө хэмээн санал сэтгэгдлээ илэрхийлжээ. Хүн их явдаг байгууллагын үүд бараадан үйлчилгээ явуулж суугаа хөөрхий гуталчныг шил толь болсон барилгаас лухгар босс гарч ирээд эндээс зайл хэмээн шатны уруу өнхрүүлэн шидэж байгаа зохиомж байндаа туссан нь тэр.
Нэг өдөр “Толгойтын эцсээс явна аа. Ах нь 70 дөхсөн өвгөн хүн...” гэсээр нэгэн үзэгч студид иржээ. Эхлээд “25 дугаар суваг” телевиз дээр очиж эднийхийг заалган хоёр өдрийн явдал болсон аж. Таяг тулсан хөгшин хоёр хуудас санаа бичиж ирснийг нь газрын тухай, оршуулга айл руу түрж орж ирсэн тухай мэдээ болгон “чулуу болгож” байжээ. Энэ мэтээр бүгдээрээ оролцож бүгдээрээ хэлэлцэж санаа бодлоо нэмэрлэж байж хошин мэдээнүүдийг бүтээдэг.
АЛХАМ ТУТАМД ХОШИН ШОГ...
Ядруухан эрийг булиа эр зодож байгаа зохиомжийн хэсгийн зураг авалт явагдаж байв. Тэгтэл хаанаас ч юм зохиолд огт байгаагүй “сайн дурын жүжигчин” зургийн талбай руу ороод ирэх нь тэр! “Хөөе, хөөе! Чи болиоч! Наад муугаа зодож яах нь вэ? Боль гэж байна шүү!” гэж ирээд л нэгэн авгай жүжигчин рүү дайрч, барьж зодох нь холгүй байсан аж.
Сансрын Туннелийн ойролцоо тэтгэврийн зөрүүний тухай хошин мэдээний зураг авалт явагдаж, тагжгар эмгэний дүрд хувилсан жүжигчин Бэгзсүрэн, булиа өвгөнд хувилсан Тэмүүлэнг үүрээд арай ядан майзагнан алхаж явлаа. Тэгтэл бас л зохиолд байгаагүй хоёрын хоёр “дүр” гараад ирэв. Тэрүүгээр алхаж явсан өвгөн, эмгэн хоёр маш ундууцаж, “Хөөш чи наад эмгэнийхээ голы нь тасаллаа, гэм! Болиоч!” гэж загнаж байснаа зураг авалт явж байгааг мэдээд ичиж мушийсаар бушуухан холджээ.
Зураг авалтын үеэр “үйлдвэрлэлийн осол” их гарна. Савлуураас зүүсэн шуудай дотор хамгийн жинтэй нь болох Тэмүүлэн ороод байтал шуудай дийлэхгүй цум үсрэв. Өндрөөс унаж доош өнхөрсөн жүжигчин “Техниктэй тулдаа л гайгүй гарлаа” гээд бөөн инээдэм болж. Жүжигчин Бэгзээг дүн өвлөөр чармай нүцгэн овоонд мөргөн зураг авахуулсны дараа “Хатгаа авч, “үйлдвэрлэлийн осол” гарах вий” гэж бусад нь айв. Гэвч яагаа ч үгүй өнгөрч. Тэр үед түүний тэвчээрийг биширч байснаа нөхөд нь ярьж байсан юм. Жүжигчин Г.Батболд траншейны нүх рүү орохдоо доош хянуур харсан чинь картон цаас дэвссэн их л “тохилог” харагдав гэнэ. Тэгэхээр нь үсрээд буучихаж. Шилбээр татсан шалбааг цүлхийж, бас нэг “үйлдвэрлэлийн осол” бүртгэгджээ.
ЯЛААГ ЗААН БОЛГОХ ИД ШИД
Хошин зохиомжит нэвтрүүлэг хийж байгаа болохоор уран сэтгэмж шаардана. Хотын төвд орших өндрөөшөө гурван метр хүрэхгүй бяцхан овгорыг уурхайгаас ухаж гаргасан шороогоор босгосон гуч дөчин метрийн өндөртэй сүрлэг далан болгож харагдуулахын тулд их ур ухаан гарах нь мэдээж. Эрхэм сайд дарга нарт хахууль атгуулсаар Монголын газар шороог мэддэг болчихсон хятад данжаад уурхайнхаа өндөр далан руу хөөрхий монголчуудыг асга хайрга нураан түлхэж байгаа тухай хошин мэдээг та лав үзээ байлгүй. Хотын төв дотор авсан зураг шүү дээ.
Жүжигчин Д.Тэмүүлэн: “Энэ бүхэн сайн эвлүүлэгч, зураглаач хоёрын л чадал” гэж хэлж байсан юм. Энэ мэт ялааг заан болгосон зохиомжууд нь эвлүүлэгч Б.Хэрлэнчимэг, энэ жил Радио телевизийн дээд сургуулийг төгссөн зураглаач Д.Нармандах хоёрын сэтгэлгээний урыг шалгаж байдаг. Эмэгтэй хүн телевизийн оператор байна гэдэг хэцүү. Өвлийн хүйтэнд бүтэнд өдөржин гадаа зураг авч зогсох гэдэг хэрийн эр ч давахгүй ажил. Зузаан бээлий хийчихвэл камераа мэдрэхгүй, нимгэн бээлий болохоор нэвт хайрч гар мэдээгүй болтлоо даарна.
ШИНЭ БҮТЭЭЛГЭЭ ГАРГААРАЙ...
“TV-1”-ийн найруулагч Багшийн дээдийн ойролцоо зогсож байж. Хажууд нь нэг хүн ирээд зогсож байснаа, “Гүй тэр! Энэ хараач” гэж. Хартал замын тэмдэг хазайгаад ганц хадаасан дээр тогтож байна гэнэ. “Энэ одоо гэр хорооллын хэн нэгнийд очиж буузны жигнүүр юм уу лаазны таг болох гээд байж байна” гэжээ. Ингэж л замын тэмдгийг ховх татаж аваачаад, хадаасаар нэгд нэгэнгүй нүхлэн жигнүүр хийж байгаа тухай хошин мэдээ төрөв. Энэ зохиомжийг нь инээдтэй болсон тухай хүмүүс их ярьдаг. Уран бүтээлийн санаа хаанаас ч олддогийн нэг жишээ.
Гудамж талбай хаа ч явж байсан санаа ургаад ирнэ. Болохгүй юм бүрт л нүд хурц байхын төлөө чармайна. “Танай “Тоншуул”-ынхныг ирлээ гэхээр шинэ бүтээлгээ бүтээгээрэй хэмээн сандардаг шиг “360 градус”-ынхан ирлээ, яана аа? хэмээн түргэн авдаг болоод байгаа” хэмээн эвлүүлэгч Хэрлэнчимэг хэлээд инээсэн юм. Найман шарга зах дээр зураг авч байтал нь “Та нар биднийг шүүмжлэх гээд байна” хэмээн захын ченжүүд бөөн шуугиан тарьж, нэгэн эмээ ирж “Энэ хүүхдүүд чинь ёстой зөв юм хийдгийм” гэж цаадуулаас нь өмөөрч байснаас эхлээд ийм тохиолдол их. Тэр өдөр Найман шарга дээр хүмүүс хоёр тал болж хэрэлдээд хоцорч байжээ.
“TV-1”-ийн жүжигчин залуус өөрсдийгөө тайзан дээр сорьж, энэ оны 11 дүгээр сард “Томдсон гутал” нэртэй хошин шоу тоглолтоо МҮЭСТО-нд зохион байгуулсан нь амжилттай болж, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Хөтөлд аялан тоглосон байна.
Эхний үедээ сурч дадаагүй болохоор нэвтрүүлгээ студидээ хонож өнжин бэлддэг байсан бол одоо гэртээ үзэгдэх нь ихсээд байгаа аж. “TV-1”-ээр овоглосон энэ шижигнэсэн залуус алхам тутамдаа сурч, үргэлж шинэ соргог өвөрмөц байхын төлөө уран бүтээлээ туурвиж явна.
Давхцал
4 weeks ago
22 comments:
Тийм шүү. Би ч гэсэн 360 граадуусийг үзэх дуртай. Гол хэлэх гэсэн нийгмийн шинжтэй санаагаа хошин хэлбэрээр хүргэдэг тул үзэгчдэд ч их хүрдэг. Хэвлэлийн Хүрээлэнгийн судалгаагаар рейтинг нь ч өндөр байдаг нэвтрүүлгүүдийн нэг.
Гоёо нэвтрүүлэг шүү дээ би ч бас үзэх дуртай
Батзоригт:
Өө тийм. Судалгаагаар нээрээ гайгүй гардаг гэж байлуу.
Үлэмжид:
Авьяастай залуучууд шүү.
Маш хөдөлмөрч хүүхдүүд байдгиймдаа. Би хоёр нэвтрүүлэг хамт хийж байсын.
Уйгагүй хийдэг байхаа. Харин ойрноос бизнес шинжтэй болоод байгаа юм шиг санагддын
Заримдаа худлаа маасраад байдгыг эс тооцвол нэг хэсэгтээ үнэхээр сайн байсан шүү. бүүр дуу хоолой болж байлаа. хэт маасраад байхаар нь үзэхээ больчихсон шд.
Зараад:
Хөдөлмөрчийн зэрэгцээ, хийж буй ажилдаа дуртай, хайртай байдал мэдрэгддэг.
Санакаед:
Монголын ТВ бизнесийн нэг том алдаа даа. Мэдээг рекламтай, шоуг ч бас рекламтай холиод холимог хуурга хийгээд байгаа. Үзэгчээ л алдахын цондон доо.
Дэрсүд:
Нэг загварт хэт баригдаад ирэхээр юм тийм хандлагатай болдог байх. Хэт маасраад байгаа талаар ялангуяа зохиолч нар их шүүмжлэлтэй ханддаг юм аа.
Уг нь сайн штээ...Тэр маазарч байгаа нь гэсэн дажгүй заримдаа хэт илүүддэг нь үнэн...Бизнесийн гэдгийг хүлээн зөвшөрөөхөөс арга байхгүй тэр залуус тэрүүгээр нь л хоолоо олж идэж байгаа шт... Зарим нэг шүүмж нь үнэхээр нүдээ олсон байдаг шүү...
Өнөөдөр гэхэд цас орж байна замын хальтаргаа ихсэнэ давс элс жохон асгачаа болдогийг гоё шүүмжилж байж билээ.Нэг нь барилгын түрдэг тэргэн дээр жохон элс хийгээд дээр суучихсан нөгөөх нь түрчихсэн.Дээр суусан нь амны халбагаар элснээсээ аваад зам дээр хаяж байгаа хэсэг үнэхээр шүүмжилж чадаж байгаа шүү... Иймэрхүү зүйл их байхын хэрээр нийгэм эрүүл байдаг байх гэж боддог шт....
hodolmorch zaluus shig sanagdlaa
Мийшд:
Хэтрүүлэг, багасгал гэдэг тэр дээ. Ганц тэвш элс юу болохов дээ гээд хэлэх нэг өөр, ганц тэвш элсийг нь түрдэг тэрэг болгоод, хүрзийг цайны халбага болгочихоор ёжтой инээд болчихож буй нь тэр.
Гэгээнд:
Их бодож тунгааж, ярилцаж байж нэвтрүүлгүүдээ бэлтгэдэг юм билээ. Хөдөлмөрч гэхээс өөр юу хэлэх вэ.
360-ИЙГ ҮЗЭЭД 360 БОЛДИЙШ ДЭЭ.
ТЭД МОНГОЛЫГ Ч 360 ЭРГҮҮЛЭЭД ЯВЖ БАЙЖ МАГАДГҮЙ. БИ ДЭЛХИЙГ 360 ЭРГҮҮЛЭЭРЭЙ ГЭЖ ХЭЛСЭН ШҮҮҮҮ.
ӨӨ АМРАА АХАА ТА ОДОО МАНАЙД ИРЭХЭЭРЭЭ АЯГҮЙ АЯКҮҮ ШААРДСАН СЭЭГИЙ ҮЛДЭЭГЭЭД ЯВЧИХИЙН.
ТЭРИЙГ ЧИНЬ ОЙЛГОХ ГЭЖ ТАРЧИЛДАГ ШҮҮ.
Тарчлаанд:
36000 эргэчихдэг юм биш үү. Далан зургаа ч гэлүү.
Hi
tanias guih zuil bna yaj holbogdoh uu
Зараад:
Өөрөө мэйл хаягаа үлдээхгүй болохоор чинь би яаж холбогдох вэ
Мэйлээ үлдээчих ах нь холбогдъё
Tegeed edgeeriin zohioliig ooroo bichideg uu? (neg tiimerhuu sejuur garaad yavchlaa ;D )
Барималчид:
Би бичдэггүй ээ. Зарим нэг хөтөлбөр нь миний бүтээлийг тэр чигээр нь уншиж байгаа юм харагддаг л юм. Блогоос чинь юм аваад хийж болох уу, гээд асууж л байдаг. Би энэ хөргийг 2006 онд бичээд, Тоншуулд нийтлүүлж байсан юм аа.
Oo tegvel 360graaduus gedeg nevtruuleg baidag bh ny...Yuotube-dvel baij magadguin bna,tee
Түмээд:
Би ч гэсэн цагтаа Монголын нэртэй жүжигчнийг энэ хэн бэ гэж асууж, хүмүүсийн нүдийг бүлтийлгэж явлаа. Хэ хэ. Олон жил өөр газар аж төрөхөөр төсөөрчихдөг юм билээ.
Үнэхээр шударга бас соёлтой шүүмжилдэг гэж боддог юм. Сая Монголд очоод нэгэн дугаарыг нь үзсэн, үнэхээр тэдний хийх бүтээх нь бүр ч их чанартай, өөрсдөө ч чадварта, туршлагатай болсон нь харагдаж байсан. Залуусдаа уран бүтээлийн амжилт хүсье!!!
Эрхцаст:
Чамтай санал нэг байна.
Goy nevtruuleg shuu, neg dugaariig n yoroosoo martdaggui iin, UIH-n gihuun geed hav har tsaraitai boltson, yagaad gesen chin zun naadam gesch yavsaar bgaad geed, odoo buur nudend haragdchlaa
Post a Comment