Wednesday, May 12, 2010

ХӨШӨӨ ЭЭЖ

Хүмүүн цадиг цувралаас
/хөрөг/
Хөшөө ээж гэхийг анх сонсоод мэл гайхдаг байж билээ. Авга ахын хүүхдүүд бүгдээрээ хөгшин ээжийг тэгж дуудна. Би чихэндээ итгэхгүй дахин лавлан чагнана. Яахын аргагүй хөшөө ээж л гээд байна.
Хөгшин ээж урд хойд хормой нь элэгдэн сэмэрч, түмэн өнгийн нөхөөс тавьсан хүрэн даалимбан тэрлэгнээс салахгүй. Монгол бахиал хэмээн хөдөөгийнхөн нэрлэдэг арзгар ултай цэрэг хар гутлыг, тэр-рр тар-рр хийлгэн чирч, эв хавгүй алхана. Энд тэндээ нугалаа гарч, түрий нь эргэсэн тэр гутал нь онгож гандаад, хог дээр хаясан гутлаас ялгаагүй харагдана. Үхрийн баас, айраг цагаа наалдан хатсан түүнийгээ хөгшин ээж хэзээ ч арчиж тосолж үзээгүй. Арчаад тослоод өгье гэвэл “Бүл гэм” хэмээн үнэн голоосоо уурлаж, шувт татан авдаг. “Боль гэм” гэхийг тийнхүү яагаад ч юм “бүл гэм” гэж хэлнэ.


Намайг дөрөвдүгээр анги төгссөн жил авга ахынх Илийн Хүнхэрт зусахаар буулаа. Таван бээрийн цаана сумын төвийн ёотон цагаан, цэнхэр, ягаан барилгууд тоглоомын юм шиг жижгэрч, өнгө сүлэлдэн харагдах энэ зуслангаас айлууд сүүгээ зөөж тушаадаг байсан юм. Шинэ нутагт буугаад хоёр гурав хоноод байтал хөгшин ээж саахалтынх руу айлчин хийх боллоо. Бэргэн шинээр оёсон торгон дээл, цоо шинэ цагаан ултай савхин гутлыг хөгшин ээжид өмсүүлэх гээд ядчихлаа. Гуйж үзлээ, загнаж зандарч үзлээ. Цаадах нь буруу ишилсэн сүх мэт зөрүүдэлж, өөрийн дээлээ нэхнэ. Авга ах хөмсгөө зангидсан сууна. Бэргэний тэвчээр барагдаж,
-Муу ёр байгаа даа, гээд нулимсаа арчлаа. Гомдохоос ч биш яахав дээ. Далан хэдтэй хөгшин буурай хадам ээждээ олигтой хувцас өмсүүлдэггүй гэж нутаг усныхан хэнийг муу хэлэх вэ, мэдээж бэргэнийг л муулж таарна шүү дээ. Авга ах харин,
-Өөрөө мэдэг ээ. Тэр бахиал даалимбан тэрлэгийг нь гаргаад өг гээд цайгаа оочиллоо. Авга ахын том охин Гангаа баруун талын улаан авдраа дахин уудалж, шинэвтэр улаан даалимбан тэрлэг, ганц хоёр л өмссөнөөс хэтрээгүй бололтой тас хар бахиал гутлыг гаргаж ирэхэд хөгшийн ээжийн санаа амарч, өнөөхийг өмсөөд, тэр-рр тар-рр хийтэл алхсаар айл руу явсан даа, хөөрхий.
Тэр өдрийн маргаан үүгээр дууссангүй. Тамтаг болтлоо элэгдсэн дээл, хаях цаг нь хэдийнэ болсон бахиал гутлыг яаж ээждээ өмсүүлээд байх вэ илүү гэрт оруулж, бараан доогуур нуулаа. Саахалт Нацаг Нааяагийнд гийчин хийгээд буцаж ирсэн хөгшин ээж, хүүхдүүдэд чихрийн хувь тараагаад их л урамтай байна.
-Одоо наад шинэ дээл гутлаа өмс. Хуучин чинь хаяхаас өөр аргагүй болсон гэж учирлалаа. Авга ч хэдэн удаа хэллээ, бэргэн ч зөөлөн дуугарч эвтэйхэн гуйлаа. Гэвч хөгшин ээж тэс зөрүүдэлсээр. Сүүлдээ енгэнэтэл уйлж эхлэхэд нь миний сэтгэл хиртхийж, дотор харанхуйлж билээ.
-Аль гэм, тэр дээл гутлыг минь! Та нар яахаараа хүний үгэнд ордоггүй юм? Миний үгийг сонсдог хүн гэж байна уу? гээд л уйлсаар байлаа.
Яаж хэлээд ч ойлгохгүй өөрийнхөөрөө зүтгэх далан зургаатай ээждээ бэргэн бууж өгөхөөс өөр арга байсангүй. Орой болоход хөгшин ээж өнөөх л нөхөөс болсон тэрлэгний тамтаг, гандсан гутлын оронцогтойгоо тугал зэллэж зогссон юм. Тугал гэхээс авгын хэдэн тугал биднийг харахаараа ороолж чавхдаад, яагаад ч ойртуулахгүй. Харин хөгшин ээж,
-Өөв, өөв, хэмээн зөөлөн дуугарч, наанаас нь гутлаа чирэн алгуур ойртоход бараг л хүзүүгээ өгөх нь холгүй хөдөлгөөнгүй зогсож байгаад баригдаж, зэлнээ чагтлуулна.
Үүрээр төмөр хувин хүрд хүрдхийтэл дуугаран үнээ сааж эхлэх чимээ зэлнээс сонсогдоно. “Татаарай... Тавиарай!” гэж бэргэн хааяа чанга хэлнэ. Хөгшин ээж гутлаа тэр-рр тар-рр хийтэл чирэн, тугалаа татаж зогсдогсон. Үнээ саасны дараа зэлээ цэвэрлэж, үхрийн нойтон баас зөөж хатаана. Тэгээд хам хум унд уув уу, үгүй юу араг үүрч савар бариад, хэдэн тугалаа тавьж туугаад гарч одно. Араг дүүрэн аргал түүгээд тэр-рр тар-рр хийтэл алхсаар ирдэгсэн.
-Та бие амар сууж байгаач. Хүүхдүүд зэл цэвэрлээд, аргалаа түүчихнэ гэж бэргэн яаж хэлээд ч үгэнд орохгүй. Сурсан ажлаа хийсээр.
Долоо төгссөн жил хөгшин ээжийн тэнхээ муудсан юм байлгүй ус үүрч, аргал буулгахдаа биднээр туслуулдаг болсон юмдаг. Боль гээд байхад зөрүүдэлсээр хоёр арвын сав үүрэн худаг руу ирнэ. Ангидаа овоо чадалтайд тооцогддог би, авгын нэг ах хүү Түмэннасантай дамжилдан чүү чаамай өргөж өнөөх хоёр сав усыг нь үүрүүлнэ. Харин хөгшин ээж тэр хүнд усандаа түүртсэн шинжгүй, аанай л тэр-рр тар-рр хийтэл гутлаа чирэн алхсаар худгийн хойд дэнжээр давж оддогсон.
-Молцийхоор хоёр дөчит ус ганзагалаад ирсээн. Та боль гэж авга өдөр болгон гуйна. Хөгшин ээж тэс зөрүүдлэнэ.
Юмны учир ойлгох болсон гэж намайг тоож, бэргэн хууч хөөрнө. Хөгшин ээж зуухны баруун талд байх, өөрийн өмчний хуучин яйжиг сандалдаа суугаад, эмтэрхий шаазан аягандаа өрөмтэй дэвтээсэн боов идэж сууна. Чих хатуу тул бид хоёр юуны тухай яриад байгааг сонсохгүй, “Хөөлхий дөө, энэ мөн том болж байна шүү” хэмээн над руу харж нуухтсан нүдээрээ инээнэ.
-Хөгшин ээжид чинь ядахдаа аягыг нь солиод өгчихье гэхээр заавал аль эмтэрхий муу аяганд ууна гэж зүтгэх юм. Хадам эхээ ад үздэг гэж намайг амьтан муу хэлж байгаа даа гээд бэргэн санаа алдана.
-Чамайг ирэхийн өмнөхөн зузаан эсгий сонгоод, шинэ гудас өнгөлөөд өгсөн чинь хуучин навтсаа нэхсээр байгаад буцааж дэвсүүлсэн гэж эмэг эхийг минь надад ховлоно. Ингэж зөрүүдлээд байгаа хүнийг ачид нь ховлохгүй гээд ч яахав дээ. Хир даг болсон хуучин гудсаа дэвсээд, тэрлэгээ хошуулдан нөмрөөд унтахаар хэвтэж байдгийг нь би нүдэндээ дүрслэн бодоод санаа алдаж билээ. Маргааш нь хөгшин ээжтэй хоёулахнаа үлдээд, ярих гэж оролдсон минь санаанаас ер гардаггүй.
-Хөгшин ээж ээ!
-Өөв, хүү минь.
-Та шинэ дээл гутлаа өмсөж бай л даа. Амьтан хүн Цэднээ ахыг, бас бэргэнийг муу хэлнэ шүү дээ!
Хөгшин ээж минь сонсож байгаа шинжгүй амаа ангайж байна. Нэлээд удаан өмнөөс харж байснаа,
-Аан? гээд нуухтсан нүдээрээ инээлээ. Би дахин байдаг чадлаараа чихэнд нь өнөөх үгээ хашгирлаа. Хөгшин ээж минь энэ үгний учрыг яагаад ч ухаж ойлгохгүй байгаа шинжтэй над руу харж, нүдээрээ инээснээ,
-Хөөлхий дөө! гэж билээ.
Дээд сургуульд орсны хоёр дахь зунаа би хамгийн сүүлчийн удаа хөгшин ээжийг харсан. Хоёр жилийн цэргийн албанаас халагдсан үеэл ах Түмэннасантай би шуудангийн тэргээр цуг буулаа. Хөгшин ээж Түмэннасанг тэвэрч аваад асгартал уйллаа. Удаан гэгч уйлахад нь гэрт байсан хүмүүс бүгд чимээгүй болж, өрөвдөн харж байсан. Хайртай ач нь цэрэгт яваад алга болчихсон хоёр жил түүнд магадгүй хорин жил шиг удаан өнгөрөө биз дээ. Хөөрхий минь тэнхээ нь муудаад, өглөө тугал татахаас эхэлдэг өнөөх ажлуудаа хүчрэхээ байснаа яриад, аяганд дэвтээсэн нойтон боовоо хүлхээд сууж байж билээ. Тэр жилээс хойш би дадлага, энэ тэр гээд авгынд очилгүй тав зургаан жил болсон. Аав ээж хоёрыг яваад очихоор хөгшин ээж минь нуухтай нүдээрээ инээдэг.
-Хүү цэрэгт явсан уу?
-Тийм ээ.
-Ирэх болоогүй юу?
-Болоогүй ээ гэх яриа болдог байсан гэдэг. Сургуульд сурдаг, зуны амралтаараа очих боломжтой ч хот хүрээ хэсээд алга болчихдог хүүгээ ингэж л хэлэхгүй бол золгосонгүй гэж гомдох байсан учраас л тэр байх. Намайг Оросод явж байхад хөгшин ээж минь бурхан болж билээ. Дөрөв таван жил болоход зав гаргаад, очоод золгочих минь яав даа гэж би одоо харуусдаг.
Хүрээлэн буй хүн зон өөрийнх тухай юу бодож, юу ярьж байгааг хөөрхий хөгшин ээж минь яаж ойлгохов дээ. Түүний үед хатан хүн л торгон дээл, савхин гутал өмсдөг байсан. Их үнэтэй чамин зүйлийг эдэлж хэрэглэвэл хүүгийнхээ хайран мөнгийг үрэн таран хийчихнэ гэж айгаа биз. Чухам ийм л учраас зөрүүдэлж, тэмээний утас тэвнэнд сүвлээд, тамтаг болсон дээлэн дээрээ тэс өөр өнгийн даавууны өөдсөөр нөхөөс тавьж, навтас болсон гудсан дээр хажуулж, эмтэрхий аяганд хусам долоодог байсан. Ямар сайндаа л гэрээр дүүрэн гийчид ирээд байхад айлын хүүхдийн шээсэн дээрээ унагасан тал боорцгийг авч үмхэж бэрийнхээ нүүрийг түлж байхав дээ, хөөрхий.
Үхтэл үр харам гэдэг. Хөгшин ээж минь үхэн үхтлээ үрийнхээ ариун цагаан хөдөлмөрийн шимийг өөрөөсөө харамласан. Энэ хүний өгөөмөр сэтгэл мулгуу ач миний оюун бодолд асар том гэрэлт хөшөө болон үлдэж дээ. Хөгшин ээж гэх үгийг авгын хүүхдүүд түргэн хэлээд байгаа нь “Хөшөө ээж” гэж сонсогдож байгааг би сүүлд мэдсэн. Хөгшин ээж минь бурханы орондоо хөшөө мэт амгалан залраад, нуухтай нүдээрээ инээж л суугаа даа.


34 comments:

Soronzon said...

Гэгээн сайхан дурсамж байна.
Сэтгүүл зүйн багш хүн гэсэндээ дүрслэл сайтай, зураглалтай бичжээ.
Таны энэ торгомсог дурсамжийг уншаад "Хөшөө ээж" тань бурханы орноо баярлан мишилзэж суугаа нь лавтай.

Unknown said...

хүний сэтгэлд ингэж хөрөгөө үлдээж чаддаг сайхан хөгшчүүд байх юм аа

anjigai said...

Би өмнө нь нэг удаа хэлбэрээс ангижрах тухай бичиж байсан юм.

Танай хөгшин ээж бол хэлбэрээс ангижирч чадсан хүн л байсан юм болов уу даа. Элдэв чамирхал эдлэхийн үнэнээр л явсан байх.

Миний муу өвгөн аав, хөгшин ээж хоёр нүдэнд харагдах шиг.

Хэлбэрээс ангижирч агуулгар амьдардаг байсан сайхан хөгшчүүлээ бид залгамжилж чадах болов уу? Бөөн хэлбэрдсэн өвөгчүүл болох болов уу?

Bold said...

Гайхалтай. Уншиж эхлэнгүүт л хөтөлж яваад дуусчихлаа. Богинохон ч юм шиг товчхон ч юм шиг энэ бичлэгийг олон жил сэтгэлдээ тээж, ширгээж явж бичсэн байх. Хүний сэтгэлд шууд хүрч байна.

Anonymous said...

Gaihaltai bichjee. Neg zuil helehed, ah duu 2-iin huuhduudiig uueel, egch duu 2-iinhiig bul geed baih shig baidag yum. Magadgui nutag nutagt oor baidag baij magad.

A.Амарсайхан said...

Соронзонд:
Харж байдаг болов уу, гээд бодохоор хамар шархираад л байна. Өглөө 6 гаас босоод гэнэт бичмээр санагдаад уйлсаар байж бичиж дуусгасан юм. Олон жил бичих юмсан гэж бодож явсан даа, хөөрхий.

Аримад:
Ааваас зураг нь ирэх байх. Тэгэхээр нийтэлнэ ээ. Зургийг нь хайсан чинь хөгшин ээжийн минь зураг олддоггүй. Манайд хоёр ээжийн хамт авахуулсан зураг байдаг байсан юм. /Аав өргөмөл болохоор хоёр хөгшин ээжтэй. Энэ хүн бол аавын төрсөн ээж нь/

Анжигайд:
Хөгшчүүлийн гүн ухааныг яг хэллээ шүү чи. Нээрээ л тэдэнд хэлбэр огт хэрэггүй байсан санагдана.

Болдод:
Магтсанд баярлалаа.

Тийм ээ. Их олон жил бодож явсан үгүүд өнөө өглөө гэнэт үер мэт асгардаг гэнэ. Би бодоод л байдаг байсан юм.

Анонимд:
Урам өгсөнд баярлалаа. Энэ талаар би тодруулъя аа. Би эндсэн ч байж болох. Нагацын хүүхдүүдийг бөөсөө хувааж идэх бөл гээд байдаг шүү нээрээ.

Von voyage said...

сэтгэл их хөдөллөө. эрхгүй аавыг минь санагдуулчихлаа. яг л ийм хүн байсан даа. аавыгаа дахин ойлгох шиг боллоо. баярлалаа.

A.Амарсайхан said...

Чинсээд:
Нээрээ л хөгшчүүдийн нийтлэг дүр төрх ч байж мэдэх юм. Их арвилж хямгадах гэсэн бодолтой хүмүүс байдаг даа

ZAYA said...

Бурханы оронд одсон хөгшин ээжтэй минь эгээ л адил юмсанж.
Дотор минь харууслаар дүүрч ирэв.
Манай нутагт ээжийн ээжийг хөгшин ээж гэж дууддаг.

A.Амарсайхан said...

Заяад:
Манай нутагт яадгийг сайн судалъя. Авгын хүүхдүүд л "хөшөө ээж" гэдэг байсан юм даг.

bbatzorig said...

saihan dursamj baina shuu!

A.Амарсайхан said...

Батзоригт:
Урмын үг хэлсэнд баярлалаа.

Arsun said...

Хөгшин аав ээж минь санаанд буулаа. Сайхаан байна шүү. Хөгшин аав минь дүлий хүн байсан юм. Хашгирч ярихгүй бол болохгүй. Мааниа уншихаар дүлий болохоор тэр үү дүнгэнэтэл уншдагсан. Тэр нь хар аяндаа цээжлэгдэнэ.

A.Амарсайхан said...

Арсунд:
Орчноо сонсохгүй. Ойлгохгүй сууна гэдэг хэцүү байдаг байсан даа гэж одоо боддог юм. Эргэн тойрон хүмүүс яриад л.
Хөөрхий хаяа нээх сүрхий ярих гээд л юм асууна. Буцаагаад хариулахаар тийм, үгүй гэх ганц хоёр үгнээс өөр зүйл сонсохгүй.

ghgh said...

Minii hugshin EEJ jijighen sumandaa l suuj bgaa. Surguulia tugschuud tani deeree ochinoo. Saihan niitlel bna

Tsolmon said...

Yostoi saihan niitlel baina. Buh yum nudend haragdah shig bolloo. Manai buural aaw ch bas iim l hun bsan da. Uuriin erhgui nulimas melmerch baina. Tanii bichij bsan uyiin tani setgel medregdej baina. Ih saihan bichjee.

A.Амарсайхан said...

Тошилд:
Заавал очиж сэтгэлээ онгойтол ярилцаарай

Цолмонд:
Уйлж байж бичсэн болохоор их олон хүн уйлж уншиж байна. Мессеж бичиж, утсаар хүмүүс ярьж байна. Сонинд заавал нийтлүүл гэнэ. Гэхдээ жижигхэн сонинд нийтэлснээс хамаагүй олон хүнд хүрчихлээ дээ

Дэндэв said...

Ай даа. Сайхан монгол хөгшид минь. Хоног хоногоор цөөрсөөр л байна даа.

A.Амарсайхан said...

Дэндэвт:
Ухаантай хөгшчүүл нүдэнд харагддаг юм шүү. Зөндөө олон нь бурханы орондоо морилчихож дээ.

Д.Цэрэнбат said...

ee dee!

Миний блог said...

Та чинь яаж байна аа. Хөгшөө ээжийг хөшөө гэж сонсоод. Үнэндээ би хөгшөө ээж хөгшөө аавыгаа хараагүй л дээ харин бүх ах эгч нар байнга ярьдаг болохоор нь би ч гэсэн хөгшөө ээж хөгшөө аав гээд яриад сурчихсан юм.
Үүнийг уншаад хоолой зангирлаа Болдог бол Ээж Аав тайгаа хурдан очиж уулзах юмсан даа.

Anonymous said...

une tsenetei, hoich uyed maani surgamjtai, hunii setgeliig uneheer ih hodolgoson saihan bichleg boljee minii buurai emee ch gesen oort bgaa heden malaa zaraad heden achaa osgoh geed hot hureend irj bsan ni bii ur huuhduude osgoj osgoj buhnee zoriulj bsandaa ooroo medeed zartsuulah hedheen togrog oort ni ogdoggui mortloo urgelj l nagats egch nar maani bas l zoruudii ni gaihaj argaa barj suudagsan. amjilt husiidaa ahdaa setgeliig mini hurtsalj bodlii mini alsruulj ogsond.

A.Амарсайхан said...

Цэрэнбатад:
Хэ хэ

Лхагвасүрэнд:
Яах аргагүй "хөшөө ээж" гэж хэлдэг байсан.

Анонимд:
Нээрээ хөгшчүүдээ дурсахаар их юм бодогдох юм даа

Болорхон said...

Аавын ээжийг бурхан болоход би бараг хувцсаа тайлалгүй 7 хоног дэргэд нь сахиж гар хөлийг нь бүлээцүүлж өгсөөр байтал нэг л орой явчихсан... халуун гараар л барьж байхгүй бол хөрчихөөд байсан туранхай мойног хуруунуудыг нь атгаж суухад аавыг дуудаад дуулдахтай үгүйтэй миний хүү ээжийгээ төрсөн нутаг тийш нь зүглүүлж тавиарай гэж хэлээд амьсгал нь мэдэгдэхгүй болсон юм... одоо хүртэл нүдэнд харагдаж цээжрүү нэг юм шимширтэл зурдаг.

Харин ээжийн ээжээр одоо хүртэл улаан цурав охиноо асруулж харуулчихаад өөрөө хүний нутагт алхаж явна... утсаар ярихаас халгаад байдаг юм... байнга л хэзээ ирэх вэ би хүлээж тэсэхгүй шүү дээ, энэ нялх амьтан бид хоёрыг л хуураад байх юм би чамайг яваад гурван жил тэслээ одоо хир тэсэх билээ гээд уйлахаар нь хэлэх үг олддоггүй юм.... амьдад нь л очино доо гэж өөрөө өөртөө хэлчихээд л явж байна... амьдад нь л очино доо...

A.Амарсайхан said...

Болорхонд:
Хөгшин нь ч яах вэ, санаж байгаагаа хэлж уйлж байдаг юм. Нялх хүүхэд хэцүү. Миний хоёр хүү ээжийгээ сурч байхад "ээжээ санаад байна" гэж хэлэхгүй ч нүдэнд нь бичээстэй байдаг байж билээ.

Anonymous said...

Buural eejiin dur shuud orj irj baina. Ingetelee sanaj uguilj baigaagaa ogt anzaaraagui yavsan u yasan. Uilj uild ongoiloo.
Gaihaltai goy bichleg boljee.

Anonymous said...

МАШ САЙХАН САНАГДЛАА. ХӨГШИН ЭЭЖ МИНЬ САНААНД ОРЧЛОО.
ДЭЭР ҮЕИЙН ХҮМҮҮС ЮМААР ИХ ДУТМАГ БАЙДАГ БАЙСАН БОЛОХООР АЛИВАА ЮМЫГ МАШ ИХ АРИВЛАН ХЭМНЭДЭГ ЮМ ШИГ САНАГДДАГ.
БАЯРЛАЛАА.

A.Амарсайхан said...

Анонимд:
Баярлалаа.

Анонимд:
Хөөрхий минь юм бүхнийг хямгадах гэдэг хүн байсан. Тарганд элсэн чихэр хийхээр бүл яасан их хийдэг юм гээд л загнах гэнэ.

Anonymous said...

Sainuu Amaraa,
Bi avga ah Damdinjaviin ohin Baigalsuren baina.Onoodor anh udaa blogoor chin orj ireed uzej suuna.
Ene zurgiig haraad mun ene bichlegiig unshaad setgel ih hudluj nulimastai nudeer unshij suuna.Aaviigaa bolon hediigeer neg ch udaa uulzaj harj baigaagui ch gesen hushuu eejiigee dursan suuh saihan baina.Aav mini ih dursan yaridag baij bilee...
Za duudee ajiliin amjilt husie.
Nalaihaas egch ni

A.Амарсайхан said...

Байгалсүрэн эгчид:
Авга ахтайгаа хамт Баян-Уул руу явдаг байснаа их санадаг даа. Нутагтаа очно гээд л хүрээд ирдэгсэн. Хөгшчүүдийн тухай их юм ярьдаг байж билээ.

Anonymous said...

aav mini neg irehdee nutgiin chuluun teerem ovortood irjiij bilee...

za duugiinhee ajild ni amjilt husie. Eej aavdaa mend hurgeerei.

A.Амарсайхан said...

Байгалсүрэн эгчид:
Би Алтайгаас 12-нд нисэж ирсэн. Цүнхэнд хоёр хөл мах хийгээд, өргөж үзээд 15-аас хэтэрчихсэн болов уу гэлцэж байхдаа Дамдинжав ахыг дурсан ярьж байсан. Хөөрхий минь хөдөө тээрмийн чулуу хийж бэлдэж авснаа онгоцонд өвөртөө хийгээд орчихсон гэсэн. Ачаанд өгвөл талийж өгнө шүү дээ. Тэр үед 10 кг ачаа л үнэгүй зөвшөөрдөг байсан санагдана.

Батхуяг said...

Үнэхээр сэтгэл хөдөлгөм сайхан нийтлэл байна. Танд сайн сайхныг хүсье.

Jamts Dash said...

Эрхээ бариад суугаагаараа бурхан болсон ээж минь нүдэнд харагдаад байх юм...

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates