Monday, January 28, 2008

МАЛЧИН БОЛООГҮЙ ХҮН

/хөрөг/
Өрхийн тэргүүн
Ухаа Аргалантад нэгэн айл нутаглана. Шилүүстэй сумын хурган дарга нар энэ айлд буусан тухайгаа “Цэнддоо хүүхдийнх өвс тэжээл хангалттай, мал нь сайн өвөлжиж байна” хэмээн нэгдлийн даргадаа илтгэнэ. Тэр өрхөд сургуульд орох болоогүй шөвгөр шар хүү, хүүгийн хөгшин ээж хоёр бүртгэлтэй. Сумаас “Соёл бригадын малчин Цэнддоод төдөн кило мах, тэдэн литр сүү тушаах албан ноогдол оногдуулсан болно. Энэ бүхнийг та сайн дурын үндсэн дээр тушаах ёстой” гэсэн улаан тамгатай бичиг ирнэ. Аавынхаа гэрт бус хөгшин ээж дээрээ байх хүүгийн нэрээр Шилүүстэйд нэгэн өрх данслагдсан нь эднийх байлаа.
1970 онд өрхийн тэргүүн гуай найман нас хүрч сургуульд орсноор сумын төвд нүүж ирлээ. Энд кино гэж нэг айхавтар гоё юм гарах. Тавин мөнгөний үнэтэй. Цэнддоо гарсан кино бүрийг үзэх сонирхолтой бол хөгшин ээж нь “Дайн байлдаан, алаан хядаантай киног хүүхэд үзэх муу” хэмээн хорино. Хааяа л нэг мөнгө өгнө. Хүү, хөгшин ээжийнхээ хөлд суух арга сэднэ.
-Энэ өрхийн чинь тэргүүн би билүү, та билүү?
-Иш, миний хүү байлгүй яахав!
-За тэгвэл мөнгөө би барьж байя гэсэн яриа хийж үзсэн нь ч бий.
1980 онд өрхийн тэргүүн Улаанбаатарт суралцахаар одоход “Одоо танайхыг танаар нэрлэнэ” гэж сумын удирдлагууд хэлэхэд хөгшин ээж “Юу ярьж байгаа юм? Миний хүүг амьд байхад” хэмээн уурласан гэдэг. “Монгол улсын түүхэнд хоёр өрхийг зэрэг толгойлсон анхны хүн дээ, би” гээд Цэнддоо инээдэг.
Кино механикч
Хөгшин ээжээс тавин мөнгө ивэлгэх арга саам ховордсоор. Кино механикчийн хоёр хүү нэг ангид сурдаг байсныг мань эр дааж аван, хичээл давтуулдаг болов. Механикчийн хүүхдүүдийн талаар багш нарын ам ч сайжирлаа. Ингээд кинонд үнэгүй орох эрхтэй болох нь тэр. Удалгүй тэрхүү кино механикч Очиржав гуайн хичээллүүлдэг “Өсвөрийн кино механикч” дугуйланд элсэн суралцаж, кино гаргадаг болж “томров”. Дунд ангийн сурагч “өсвөрийн кино механикч” дотуур байрнаасаа уригдаж залагдан, оройн кино гаргах болов. Долоо хоногт ганцхан удаа бүтэн сайнд гардаг кино гэгч тэр чухал юмыг хэзээ ч үзэх бүрэн эрхтэй хүн суманд ганц Цэнддоо л байж.
Малчин бүү бол...
Хөгшин ээж нь “Сургууль соёлын мөр хөө. Миний хүү, малчин болж энд үлдэх ёсгүй” гэж байнга захина. Дал наяад онд мал өсгөх ажилд улс онцгой анхаарал тавьж байлаа. Орон даяар сумдын сургуулийн гуравдугаар улирлын амралтыг урт болгож малчдын хүүхдүүдийг социалист өмчийг өсгөн үржүүлэх нөхцлийг бүрдүүлнэ.
Цэнддоогийн өвөлжөөний баруун оройгоос сумын төв ил харагдана. Хурганы уут үүрээд хонь хариулж явахдаа сумын төв рүү байн байн дурандаж мөсөн дээр гулган тоглох хүүхдүүдийг харж, “Ямар азтай нь сумын төвийн айлын хүүхэд болж төрдөг байна аа” гэж атаархана. “Нам засаг ямар энэрэнгүй бус байна аа” ч гэж бодно. Хөгшин ээжийн хэлсэн үгийг “нам засаг” ийнхүү яс маханд нь шингэтэл мэдрүүлсэн хэрэг. Тэрхүү сарын “амралт” бүтэн жил шиг л санагдаж, арайхийн нэг юм дуусдаг байв. Тэгээд ч дулаан дотуур байранд бэлэн хоол идчихээд, “нийгмийн халамж”-д байгаа хүүхдүүд малаас зугтаадаг болох нь мэдээж. Цэнддоогийн “Голын тэртээх гацааны хавар” номоос энэ бүхэн нүдний өмнө дурайн тодордог.
Арын хаалга
Далаад оны хүүхдүүд ном их уншина. Цэнддоо ч мөн адил номноос салахгүй. Нэг өдөр хүү сумынхаа номын санд анх орж үзээд, ийм олон ном байдаг аа гэж гайхан, лусын санд ороод ирчихсэн юм шиг л санаж алмайрч байж. Сумын номын сангийн эрхлэгч Марууш гуай Цэнддоод их сайн. Номын сангийн эрхлэгч ном уншдаг хүнд сайн байхаас ч яахав, дуртай номоо шилж, хоногоор авч уншдаг болов. Анх удаа арын хаалга гэдэг юмны бариулыг атгаж үзсэн хэрэг.
Номтой холбоотой сонин түүх түүний амьдралд их. Аймгийн сургуульд ирж ном уншдаг олон хүүхэдтэй найз болсны нэг, Эрдэнэхайрхан сумын Бат-Очир гэх хүү “номын хулгай бол хулгай биш” гэх үг дуулаад сумын номын сангаасаа шуудай ном хулгай хийсэн паянтай. Тэр “социалист өмч хулгайлсан” хэрэгт татагдах дөхсөнөө ярина. Номыг нүдэнд харагдтал ярьж өгөх найз ч таарна. Хоёр сумын зааг Хужиртайн голд зусаж байхад нь Отгон сумын хүү тааралдаж Наваансүрэнгийн “Минжий Хангай”-г хоёр өдөр хонины ээлж тааруулж ярьж өгсөн нь санаанаас гардаггүй. Сүүлд нь тэр номоо аваад унштал тэр нөхрийн ярьж өгсөнд ерөөсөө хүрээгүй гэдэг. Өнгөтөөр ярина гэдэг л тэр байж.
Хүндтэй бас хөдөлмөр өдөртэй
“Монцамэ” агентлагт насаараа сурвалжлагчаар ажилласан Цэрэннамжил гуай тэр үед Шилүүстэйд багш хийж байж. Түүний удирддаг уран зохиолын дугуйланд Цэнддоо явж, шүлэг бичнэ. Удалгүй “Пионерийн үнэн” сонинд шүлгээ нийтлүүлэв. Аймгийн зохиолчдын номд шүлэг нь орж хөл газар хүргэлгүй хөөр болж байсан нь санаанаас нь гардаггүй. Ном сонинд бүтээл оруулна гэдэг их том хэрэг байсан учир сурагчид, багш нарын дунд хүндтэй. Түүгээр ч барахгүй Эвлэлийн хороогоор дамжин бичлэгийн шагнал нь ирж бас “хөдөлмөр өдөр”-тэй золгов. Найзууддаа чихэр авч өгч томордог боллоо.
Ер нь яаж яваад зохиолч болчихсон бэ? гэх жижүүрийн асуултад Цэнддоо их хоржоонтой хариу барьдаг. “Хүмүүс, тэр ч эмээ минь, энэ ч өвөө минь над уран зохиолын авшиг өгсөн гэцгээдэг. Над бол тийм юм байхгүй” гэж хэлээд инээнэ. “Бас одооны хүмүүс харц малчин гаралтай гэхээ болиод тайж угсаатай гэж намтар түүхээ ярих нь их болсон. Харин би бол ядуу малчин ардын л хүүхэд” гэнэ.
Ухаа Аргалант гэх түүний бага нас өнгөрсөн өвөлжөө нь их сайхан газар. Завхан голын хойд эргийг эмжин орших хүрэн уулсын бараг оройд шахам урагшаа харсан задгай аман дахь өвөлжөөнөөс нь Дэлгэр, Гуулингийн тал цэлийн униартаж, цаахнатай нь Алтайн нурууны салбар уулс номин цэнхэртэн дүнхийнэ. “Тэр өндрөөс нэг их гоё цэлийсэн тал харагддаг. Шөнө түүгээр гэрэл гялалзаад л машин явна. Өдөр нь тоос татаад л. Хүн мөрөөдөмтгий болохгүй байхын аргагүй. Алсад Сэрхийн нуруу нэг их гоё хөх цэнхэр уул харагдана. Үлгэрийн юм шиг. Тийшээ явж үзэх юмсан, хөв хөх чулуутай, хөв хөх өвс ургамал ургадаг байх даа гэж боддог байж” хэмээн бага нас, нутгаа дурсах дуртай.
“Тэнэг”
Аравдугаар ангиа төгсөөд, конкурс гэгчид орж МУИС-ийн сэтгүүл зүйн анги авлаа. Тэгтэл бөөн шуугиан тарих нь тэр! Бүхэл бүтэн аймгийн тэр олон хүүхдээс хоёрдугаар байрт шалгарчихаад дотоодын хуваарь авдаг “тэнэг” хэмээн цоллуулав. Ардчилсан Герман, Ташкентийн их сургуулийн хууль зүйн анги гээд гадаадын хуваарь байсныг тоогоогүй хэрэг. Зарим нэг багш нь уурлан “Үгүй чи чинь, тийм сайхан хуваарь байсаар байтал авдаггүй янзын хүүхэд вэ” хэмээн загнаж зандарч ч үзжээ.
Филатоваг үл тоов
Их сургуульд шүлэг зохиолоо үргэлжлүүлэн бичсээр. Тавдугаар курсдээ “Цог” сэтгүүлийн “Оч” буланд зурагтай шүлэгтэйгээ гарч бөөн баяр болов. Шагналаа авч найзуудаа дайлж баярлаад таваг хагалсан хэргээр цагдаад баригдлаа. Өнөөх нь гай болж “Хүүхдийн төлөө фонд”-ын таваг болж таарав. Ингээд л “Цэдэнбал Филатоваг үл тоомсорлосон хэрэг” үүсч, сургуулиас хөөхдөө тулж, Дулам, Долгоржав багш нар нь хөөцөлдсөний хүчинд арай гэж нэг жилийн чөлөө болж байв.
Хойтон нь Цэдэнбал, Филатоватангууд нь хувь заяаны шоглоомоор ч юм шиг унахад, Түдэв гуай Цэнддоог “Үнэн” сониндоо авав. Хэдий амаргүй үе байсан ч Түдэв эрхлэгч Ху намын төв хэвлэлд өөр уур амьсгал оруулахаар зүтгэж, Цэрэнжав, хоёр Батмөнх нарын сэтгүүлчид, гэрэл зурагчин Цацралт, шог зураач Цогтбаяр зэрэг залуусаар цус сэлбэж байсан нь тэр.
Тэгж байтал анхны номыг нь Д.Сүрэнжав гуай өлгийдөж “Шинэ нахиа” нэртэй гурван залуугийн шүлгийн хамтарсан түүвэр болгон хэвлүүлэв. Дараа нь “Амь халуун” хэмээх анхны бие даасан шүлгийн номоо хэвлүүлсэн байдаг. Харин ерээд онд “Үг” сонинд очсоноор фельетон бичиж эхэлжээ. “Харахад эсрэг тэсрэг юм шиг боловч яруу найраг, шог зохиол хоёр чинь их ойрхон эд шүү дээ” гэж тэр хэлдэг.
Цөлөгдөх юм хийсэн нь...
Ажилд орсон жилээ Октябрийн баярын жагсаалд явж байтал Байды гуай түүнд “За, энэ талбай дээр чинь уул нь ингэж жагсаж байх газар биш, цам харайж байх ёстой юм ш дээ” л гэж. Шинэ залуугийн нүд орой дээрээ гарчихаж. Надаар үг алдуулах гээд байгаа юм биш байгаа гэж ч хүртэл бодогдсон гэдэг. Яваандаа “Тоншуул”-ынхантай танилцав. Тийшээ орж аймаар хэрнээ чагнаад зогсоод баймаар цууралтыг нь сонсоно.
Цэнддоо 1989 онд “Малыг малчдад” нийтлэлээ бичээд, их айсан гэдэг. “Хөдөлмөр” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Ганболдод бичсэнээ аваачиж өгөөд, намайг Москва руу явсан хойно л тавиарай гэж захижээ. Буцаад, онгоцны буудалд буутал нь нэг танил нь гүйж ирээд, “За, зарим нь их буруу гээд, зарим нь зөв гээд л байна” гэхэд нь дотор палхийж, “Би ч буруу юм хийчихэв үү дээ” гэж бодогдов. “Ингэж чөлөөтэй юм шиг хөдөлгөж байгаад л, гэнэт сэхээтний төөрөгдөл гээд л буцаагаад алчихдаг юм шүү” гэж хашир нэг нь айлгана. Нээрээ нялх нойтон хүүхэдтэй минь цөлчих вий гэж их айна. Тэгж байтал 90 он гарч ардчилсан хөдөлгөөн эхэлж санаа амраав. Нэгдэлжих хөдөлгөөнийг мэдэхгүй 1962 онд төрсөн залуу, сэтгүүлчийн мэдрэмжээр энэ өгүүллийг бичсэн хэрэг. Нэгдэл гэдэг юм ерөөсөө л болохгүй байна гэдэг санааг нь хүмүүс их талархаж хүлээж авсан байдаг.
“Зөв юмыг түрүүлж дуугарч, зориг гаргаж чадсандаа бахархаж явдаг. Энэ бүх үзэл бий болоход 1984 онд Баабартай танилцсан маань их нөлөөлсөн” гэж тэр ярина. Тэр үед Польшид сурдаг гэх залуу оюутнуудтай уулзаж, гар бичмэлүүдээ уншуулж явсантай ойртож танилцсан хэрэг.
...Монголд фельетон гэгчийг бий болгосон шог зохиолчийн тухай өгүүлэхэд ийм байх юм. Сүүлийн жилүүдэд “Өдрийн сонин”-ы орлогч эрхлэгчийн цаг наргүй албыг залгуулах зуураа энэ хүн “Хаврын арван долоон учрал”, “Ерээд оны Тунгалаг Тамир”, “Голын тэртээх гацааны хавар”, “Марко Поло Монголд байсан нь”, “Соёлоор довтлох морьтон” гээд олон ном туурвиж, уншигчдадаа хүргэжээ. Бямбажавын Цэнддоо хөгшин ээжийнхээ захиасыг биелүүлжээ. Тэр малчин болоогүй хүн.

19 comments:

meesh said...

Яах аргагүй энэ салбарт, сэтгүүлзүйд хүндтэй байр эзлэх хүн гэж бодож явдаг юм.

peakfinder said...

Cenddoo guain zohioluudiig unshih ih durtai ch namtar tuuhig n' sain meddeggui baisan yum. Saihan horog boljee. Bayarlalaa.

Дeстини said...

Yostoi goyo bichleg baina, minii gadarlah huduunii amidral nudend haragdah shig bolloo. Unuu ugluu bosood hartal ened uchirgui ih tsas orson baina. Deerees ni salhitai baisan bolohoor 40-50cm tsas baishingiin orchim hungarlan togtjee. Tsas tseverleh zuur bi bas malchdiin amidraliin talaar bodoj baisan yum. Tegtel bas iim negen bichleg orood irsen baina. Ih sonin yum aa.

Anonymous said...

Аааа энэ найрууллын эзэн та байсийм бий вииий...... энд хальт дурдагдаж байгаа Монцамэгийн Цэрэннамжил гэдэг хүн чин манай авгайгийн ахынх нь авгайгийн аав нь юм шд. Угаасаа Завханы Шилүүстэйн хүн.

ZAYA said...

Сайн хөрөг болсон байнаа. Фельетон гэдгийг сайн мэдэхгүй ч жирийн хүн бол тэр бүр бичээд байдаггүй гэдгийг нь гадарлана.
Цэнддоо гээд Сонин дээр нийтлэл их гардаг боловч намтар түүхийг мэддэггүй байжээ.
баярлалаа.

ZAYA said...

"Хөгшин ээж" гээд биччихсэн байх юм. Аль нутаг юм болоо? Манай нутагт хөгшин ээж гэдэг нь ээжийн ээж буюу нагац ээжийг хэлдэг.

Anonymous said...

Та яг түүний тухай өнгөтөөр бичсэн байна. Сайхан болжээ.

Anonymous said...

Гоё бичсэн байна. "Завхан голын хойд эргийг эмжин орших хүрэн уулсын бараг оройд шахам урагшаа харсан задгай аман дахь өвөлжөөнөөс нь Дэлгэр, Гуулингийн тал цэлийн униартаж, цаахнатай нь Алтайн нурууны салбар уулс номин цэнхэртэн дүнхийнэ." Нутгийн минь цэнхэр уулс нүдэнд харагдаж байна шүү.
Ай хөөрхий нутгаа санаад нулимас унагах дөхдөг болжээ.

ZAYA said...

Өө, тийн, Завханд Шилүүстэй гэж байдаг ш дээ.
Сая санаад ороод ирлээ.

Barimalch said...

Saihan oguulel boljee, nairuulgiin olon yanziin uran shigtgee gargasan baina.

A.Амарсайхан said...

Мийш-д:
Тийм шүү. Фельетоны мастер даа.

Пийкфиндерт:
Цэнддоо гэхээр фельетон, фельетон гэхээр Цэнддоо гэдэг нэр санаанд буудаг гэх үү дээ.

Дистайнид:
Би ч өөрөө хөдөөний амьдрал бага зэрэг мэдэх болохоор гайгүй бичлэг болж гэж дарга томчуудад магтуулсан ухаантай.

Артагнанд:
Бид ингээд л садангууд болчих юм аа.

Заяад:
Манай нутгийнхан ч, "хөшөө ээж" гэцгээдэг. Хөгшин ээж гэсэн нь гуйваад. хэ хэ

Анонимд:
Урам өгсөнд гялайлаа.

Цолмонд:
Нас нэмж буйн шинж дээ.

Заяад:
Тийм, Завханы Шилүүстэйн хүн. Би түүнтэй нутгийнх нь тухай хуучлаад. /Би Шилүүстэйд хэд хэд очиж байж/ Гуугл Ийрт-ээр хараад, энд нэг өвсний Фондын хашаа байдаг, эндээс Отгонтэнгэр хайрхан ингэж харагддаг гээд л.

Барималчид:
Тогооч хүн хоолоо өөрөө амталсаар байгаад, хийж буй хоолныхоо амтыг тэр бүр мэдэрдэггүй гэлцдэг. Бид ч бас бичсэн юмныхаа амтыг уншигчдын сэтгэгдлээр мэддэг. Асуудал хөндсөн өгүүлэл бичээд, аль болох олон хүн харааж зүхэж загнаж байвал сайн боллоо гэж бодох ч үе байдаг.

A.Амарсайхан said...

Артагнанд:
Сонинуудад өмнө нийтлэгдэж байсан юмыг маань хүмүүс "Өө энэ чинь, чинийх байсан юм уу" гэцгээдэг. Би бяцхан онгироод л, "Тийм ш дээ" гээд гэдийдэг. /Ха ха, онгирчихлоо ш дээ/

Anonymous said...

Амраа яагаад надад хариу бичдэггүйм гээд гомдол тавих гэсэн чинь миний соммент алга байна ш дээ, хааччихсан юм бол доо.
За яахав дахиад биччихье.
Бм Цэнддоогийн фельетонд их дуртай. Тэр малчин болоогүй нь зөв болсон шүү.

A.Амарсайхан said...

Лакид:
Зарим нь зөв гээд байгаа. Буруу гэх ч хүн бий. Нэг нь уншчихаад "Малчин болсон бол өдийд мянгат малчин, Улсын сайн малчин, Хөдөлмөрийн баатар, Ардын малчин ч болох байсан юм билүү, хэн мэдлээ" гэж байна билээ.

Анонимд:
За за. Мөнгө олно оо. Гэхдээ завтай болохоороо.

Anonymous said...

За манайд сайн малчин зөндөө бий,харин сайн фельетонч хэд бий билээ дээ, бараг нэг хоёр гурав гээд болчих гээд байгаа юм биш үү.

A.Амарсайхан said...

Лакид:
Бууж өглөө.

бж said...

Saihan niitlel boljee.
News.mn-eer oroh toolondoo ene hunii bichsen zuilsiig amtarhan unshdag bolood baigaa.
Odoo unshihad bur ch iluu sonirholtoi baih bolov uu gej bodoj baina. Hen be gedgiig ni medeed avsan bolohoor...

бж said...

Bagsh nariin bayariin mend hurgeye. Erdem tugeeh ih uilsed chini ulam ih amjilt huseye.

A.Амарсайхан said...

Ганаа БЖ-д:
Баярлалаа. Тийм ээ, Цэнддоо ах Ньюс мн-тэй гэрээтэй ажиллаж байгаа юм байна лээ. Эрдэм түгээгээд л байна. Үр дүн нь хэзээ гарах юм бол доо.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates