Monday, January 14, 2008

МОНГОЛ БАНХРЫН ХУЦАЛТ

(фельетон)
Уул уурхайн тал дээр монголчууд нэвтэрхий толь л гэсэн үг. Ёстой дэндүү мэднэ дээ! Оксфордын их сургууль төгссөн хэдэн инженер нийлээд, хэдэн сар сууж байж хийх тооцоог захын нэгэн билэг танхай малчин сонинд ороосон улаан дүнсээ уугиж дуусах зуурт цээжээрээ бодож орхино. Тэгээд “Энэ ордыг ухаж зэс гаргаад зарвал олсон мөнгөөрөө уртаашаа гучин ширхэг Улаанбаатар хотыг худалдаж авах юм байна” хэмээн шарласан шүднийхээ завсраар сийгүүлнэ.
Долоон буудлын Долгор эмээ долоон долоо - дөчин есөн жилийн өмнө долдугаар анги төгссөн хүн. Түүнийг Сүхийн талбай дээрх жагсагчдын дунд байхад нь телевизийн сурвалжлагч ярилцлага авч л дээ.
-Та хэний талын хүн бэ?
-Би ардчиллын талын хүн! Ардчилал зах зээлээ хамгаалан тэмцэж байна! Ашигт малтмалын ашгаас ард түмэнд өгөх ёстой, манай төр гадаадын компаниудад ямар ч хяналт тавихгүй байна. Уул уурхай гэдэг бол... гэж ирээд л торохгүй дуржигнуулав.
-Ашгийг ард түмэнд хуваарилах гэдэг чинь коммунист зарчим, бас социализмын үед л бүх үйлдвэр уурхайг төр хянаж захирч байсан юм биш үү? Та тэгэхээр ардчиллын талын хүн мөн гэж үү хэмээн сурвалжлагч гайхлаа.
-Аа, энэ муу гадаадын тагнуул телевизийн сурвалжлагч байна! Хөөе манай талынхаан, энэ эх орноо худалдсан янхныг гөвшөөд өг! хэмээн бархирмагц Долгор эмээгийн талынхан сурвалжлагч бүсгүйн нүүрийг маажиж, хувцсыг урж, микрофоныг нь хуга цохиод хөөж явуулав.
Долоон буудлын Долгор эмээгийн яриад байгаа “ашгийг ард түмэнд хуваарилах” агуу том санааг социализм коммунизмын эдийн засгийн онол судалж өд сөдөө ургуулаад хожим зах зээлийн эдийн засаг гэгчийг нэвтэрхий мэддэг болсон ихийг мэдэгч аугаа их эрдэмтэд дэвшүүлж байгаа гэлцэнэ.
“Бөх мэддэггүй хүнийг хэн монгол гэдгийм” гэх үг хуучирч одоо Уул уурхай мэдэхгүй бол монгол биш гэх болж. Эрүүл мэндийн экс сайд Гүндалай нь уул уурхайн нарийн ширийн юмыг уурхайчин аавын гэрт төрөөд насаараа уурхайд зүтгэсэн хүн шиг л мэдэж ярих нь бахдалтай.
-Монгол орны газрын баялаг бол ард түмний өмч! Тийм учраас орд газруудын ашгаар бэлгэвч аваад ард түмэндээ үнэгүй тараая! Уул уурхай гэдэг бол... гэх мэтчилэн цогтой халуунаар илтгэж ард түмний нижигнэсэн алга ташилтаар шагнуулсаар явна.
Эрүүл мэндийн сайдаа сэнтийд нь залахдаа Уул уурхайг мэддэг эсэхийг нь гол шалгуур болгосон нь сод монгол хүмүүнээс өөр хэн ч бодож оломгүй туйлын зөв шийдэл байж. Аль ч талаас нь бодоод үзэхэд ДОХ-ын нян шүдний чигчлүүр дээр хэдэн секунд амьдрах чадвартайг мэдэх нь Монголын эрүүл мэндийн сайдад огт хэрэггүй, зэс алт хоёрын аль нь үнэтэйг мэддэг байх нь нэн чухал.
Их хурлын далан зургаан эрхэм мэргэн гишүүнийг ч бас энэ шалгуураар сонгожээ. Тэд багш, эмч, хуульч, худалч, бариач, илээч гэх зэрэг янз бүрийн мэргэжлийн хүмүүс байдаг хэдий ч уул уурхайн асуудлаар хэдэн жилийн лекц уншиж дөнгөх мэдлэгтэй улс.
Гоц ухаант гишүүд маань алт зэсийн үнийн гэнэтийн өсөлтийн ашгийн албан татвар хэмээх хосгүй гайхамшгийг бодож олсноор Монголд ашигт малтмалын хайгуул хийдэг Канадын арван хэдэн компани ганцхан өдрийн дотор бирж дээр нэг тэрбум хол давсан доллар алдаж дэлхийн чихийг дэлдийлгэсэн гэж байгаа. Тэрхүү хосгүй гайхамшигт татварыг генекологч мэргэжилтэй мэргэн гишүүн сэтгэснийг цэцэн билигт гишүүд нэгэн зэрэг дуу алдан дэмжиж, тэр мөнгөнөөсөө хүүхдийн арван мянгаа өгье гэж баярлацгаасан билээ. Даанч амны хишиг нь ардаа гарсан муусайн юмнуудын аз дутаж алт зэсийн үнэ сар бололгүй огцом унаад харганын ноос түүж эсгий хийхийн үлгэр болоод өнгөрлөө хөөрхий.
Бөхийг нэвтэрхий мэддэг бөхийн улаан фэнүүдийн дундаас бөхийг бүүр илүү мэддэг хүн л бусдынхаа хүндэтгэлийг хүлээж цойлон, удирдагч болдог. Уул уурхай ч үүнтэй адил гэдэг нь мэдээж. Элбэгдорж хэмээх алаг нүдтэй хөөрхөн залуу Уул уурхайн тулгамдсан асуудлаар хурц илтгэл тавьж олны талархлыг хүлээж байгаа.
-Монгол орны газрын хөрсөн доорх баялаг бол ард түмний юм. Чиний ч юм, миний ч юм. Уул уурхай гэдэг бол... хэмээн илтгэх нь наран ургаж, сар мэлтрэх мэт. Юун Ленин багш, юун Фидель Кастро! Энэ хоёр Элбэгээгийн дэргэд будааны хүүхдүүд байхгүй юу. Олны тэгж сайн мэддэг юмыг ярьж тэднийг бишрүүлнэ гэдэг бол яах аргагүй сод хүний шинж.
-Тогтвортой байдлын гэрээ гэж юм байх ёсгүй! Бид энийг хэзээ ч хийлгэхгүй ээ, нөхөд өө! гэж түүнийг хэлсний нь дараа дайснууд өөрийнх нь гарын үсэгтэй ийм гэрээг гаргаж ирж хар пий-аар хийсэн л дээ. Ер нь их мэддэг хүмүүс хааяа яль шалигүй юмыг мартаж будилах чинь байдаг л зүйл. Уул уурхайг хэт мэддэг, Уул уурхайг элэг зүрхнээсээ хайрладаг хүмүүсийн өмнө Уул уурхай яриад яваад байгаа Ганбаатар, Батзандан, Магнай мэтийн хүүхдүүд ч 2008 оны сонгуульд юм дуулгана даа. Аргагүй шүү дээ олны тэгж их анхаарах сэдвийг урьдчилан мэдэрч чадаж байгаа юм чинь. Тэдний араас Уул уурхайг их мэдэгч жаахан хүүхдүүд шоволзтол гарч ирцгээж байгаа.
...Гудамжинд зуны халуун пүнхийж, улиасны унгирал хамар аманд наалдах нь бухимдал төрүүлнэ.
-Уул уурхайн ашгийн татвар 30 байгаа нь буруу! 20 болгох ёстой!
-Үгүй ээ, маанаг минь! Саяын 68 болгосон чинь зөв байхгүй юу!.. гэх траншейны хоёр хүүгийн маргаан чих дэлсэх нь сэтгэл сэргээж түрүүний бухимдлыг оргүй үлдэн хөөлөө. Сэрүү татаад, улиасны унгирал хацрыг минь зөөлөн илбэж байх шиг.
Цаанаас нь нэг золбин гөлөг ирснээ 20 хувь гээд зүтгээд байгаа хүү рүү борголоо. Жинхэнэ монгол цусны банхар бас Уул уурхай хэмээн хуцаж байгаа нь энэ. Банхар ч хол явна даа...

Жич: РС-гээ ухаж байтал ийм нэгэн бичлэг гараад ирлээ. 2006 оны зун бичиж байж. Тэгтэл Уул уурхайн тухай хэл ам нь одоо хүртэл үргэлжилсээр л. Мөнхийн сэдэв гэж байх юм даа.

27 comments:

Pearle Deppsu said...

Ах бол эвгүй нэр өгсөн бйана шд хэхэ. Уншаад л сууж байсан гайхал нөгөө сэдэв байна

ZAYA said...

Газар сэндийчихээс өөр ажилгүй юм шиг л ярих юм. Яриад сайн болдог бол хамгийн сайн нь баймаар...

A.Амарсайхан said...

Дэрсүд:
"Сайхан дурлал гэж байдаг юм. Алдаж болохгүй" гэдэг шиг, "Гайхал сэдэв гэж байдаг юм. Алдаж болохгүй"

Заяад:
Ярьсаар байгаад өөр ажилгүй гээд итгэчихгүй юу.

3apaa said...

Болдогсон бол нөгөө Зөн билгийн тулаанчин оросуудыг авчирч байгаад нэр дэвшигчдийг сайхан юмыг нь дэлгэж байгаад сонгох юмсан. Нөгөөдүүл нь аягүй бол яг адилхан өлссөн хүмүүс байшт ялгаагүй гээд байвал яанаа?

peakfinder said...

Olon margaan sonssoor zarimdaa hen n' zov yariad baigaag oilgohoo baichihdag uye bas garah yumaa. Gehdee l ard tumend omchluulne gedgiig ezengui hayana gesen ug gej oilgood baigaa. Nogoo ovson deer hevtchiheed uneenees ovs haramlaad baidag nohoinii ulger shig bolchihgui yumsan geed bas hen taarsand n' taviad tuuchihgui yumsan tee?

artagnan- артаньян said...

Хэхэ яах аргагүй л мөнхийн сэдэв болцийн байна даа. Энэ толгой ч олон юм ургуулдаг толгой доо.

A.Амарсайхан said...

Зараад:
Заадуул чинь тэрбумаар тоологдох $ идчихсэн юм болохоор зөн билигчдийг худалдаад авчихна. Тэгээд л "энэ хүн шиг шударга ариун хүн үгүй" гээд л цаадуул нь донгодоод эхэлнэ гайгүй.

Пийкфиндерт:
Болж өгвөл өөрсдөө өмчилж авмаар. Тэгэхээр төр түүнд менежер тавина. Өнөөх менежер нь ёс юм шиг өлсчихсөн амьтан байж таарна. Тэгээд л нэг л мэдэхэд юу ч үгүй идээд дуусгана даа, харж л байгаарай. Тэгэхээр өөрсдийн юм гэдэг "өөрсдийн" л юм болж дуусна даа.

Артаньянд:
Таван толгой, Оюу толгой, Бор толгой, Шар толгой, Ногоон толгой гээд л олон толгой байна шүү дээ. Насаараа яриад ч дуусахгүй толгойнууд байна.

Anonymous said...

Ах дахиад л Гүндалайг явуулсан байхын. Би бол Гүндалай бас энэ иргэний хөдөлгөөнийхөн чимээгүй байсан бол өдийд аль нэг хужаа нь ч юм уу эсвэл аль нэг гадаад нь аваад ашиглаад завшаад эхэлцэн байгаа гэж бодож байна. Хүмүүс тэр их баялгийг гадныхан нэг шөнийн дотор ухаад авчихгүй л гэцгээхийн. Мөнгөө зориулаад юм бариад эхэлвэл шууд буцаагаад дээрэмдээд авчиж чадахгүй улс, ард түмэн л хохирно шдээ. Чимээгүй байснаараа монгол л хохирно шдээ. Чимээгүй байснаараа Тамсагбулагийн нефт, говийн чулуужсан мод, үлэг гүрвэлийн яс ер нь үнэтэй цайтай бүх л зүйлээ алдаад дуусч байна шд. Хамгийн гол нь тэмцэнэ дуугарна гэдэг бол хяналт байна гэсэн үг. За за уучлаарай Амараа ах, ойрд дандаа санал зөрдөг болчихлоо. Б.Б

A.Амарсайхан said...

Б.Б-д:
Чиний зөв. Иргэний нийгэм дуугарч байх ёстой. Гэхдээ манай иргэний нийгэм гэгч хэн билээ гэдэг дээр бодох ёстой. "Бид бол иргэний нийгэм, бохир улс төрд хэзээ ч оролцохгүй" гэж хэлж гарч ирсэн хүүхдүүд одоо яаж байна? Тэд өөрсдийн рейтингийг өсгөж, олны танил болох гэж орилсон. Гүндалай ч гэсэн, нэр хүндээ өсгөх гэж уул уурхай ярьсан. Гэхдээ эцсийн эцэст энэ бүхэн нь сайн үр дагаварыг авчирсан гэдэгтэй би санал нийлнэ.

gegeen said...

za yamar ch baisan terbum garan dollariin orduud ilersenees bolood bid chini yaduu ulsiin angilalaas garaad zeel, tuslamj, bayan ulsuudtai hariltsah hariltsaand hurtel oorchlolt orood suid baina gene dee.

yashiij ene bayalgaa oorsoddoo naaj surna daa. heden license ezemshigch, gadaadiin horongo oruulalttai companiudad l naaldah vii dee

Anonymous said...

Хэхэ тийм дээ. Эхэлж овоо юм ярьж гарч ирээд л бусад шигээ болчихдог нь л тэнэг юм даа. Үгүй бол өнөөдөртөө байг гэхэд маргааш баатар болохгүй юу тээ. :) Нээрээ нэг ийм онигоо байдаг шд. Нэгэн УИХ-ын гишүүн хөдөө сонгуулиар иргэдтэй уулзаж байгаад та нар тэр шинэ хүнийг сонговол дахиад л эхнээс нь ууж иднэ. Тэгснээс идэж уугаад цадаж байгаагаар нь намайг сонгочих гэж. Ингэхэд та нөгөө цагаан ямаанаас бусдыг нь зурж болно гэж надад амласан шүү. Тэгэхгүй бол манай ӨВ-ийнхэн гомдоно шүү. :) Б.Б

A.Амарсайхан said...

Гэгээнд:
Нээрээ бид төрд хэрэгтэй зайран болоод байгаа даг шүү. Буш ирээд л, мянганы сангаасаа хишиг хүртээгээд л. Буцаагаад хэд нугалж авах гэж байгаа бол доо?

Б.Б-д:
Улс төрчид "Энэ асуудлаар би юу гэж яривал очков авах вэ" гэдгээ л тооцно уу гэхээс, "Улс оронд ямар ашигтай вэ" гэж бодохоо мартсан цаг даа.

Arsun said...

Хамгийн их итгэсэн хvн найгvй новш болж хувирах нь миний муугийнхуу хvний муугийнхуу. Хэзээ нэг сонгож сурна даа.

ganga said...

Ашигт малтмалаа Кувейт зөв бодлогоор
монгол хүнд давамгай эрх эдлүүлэхээр ашиглаж чадвал цөөхөн хэдэн монгол бүгд хүний дайтай амьдрахсан.

A.Амарсайхан said...

Арсунд:
Новш гээд байгаа нөхөр маань маш сайн хүн байж ч мэдэх. Цаг хугацаа бүхнийг шүүнэ гэдэг дээ. 70 жил Чингис хааныг, 20-иод жил Чойном найрагчийг новш гэж дуудацгаасан. Гэтэл цаг хугацаа ирж тэдний хэн байсныг нь үнэнээр нь хэлдэг болоод байна. Магадгүй өнөөдрийн новшнуудын дунд гайгүй ганц нэг байж мэдэх л юм. Гэвч магадлал тун бүрхэг.

Гангад:
Кувейт зөв бодлогыг судлаад ир гээд эрхэм гишүүнийг явуулна. Цаадах нь семенар номондоо өдөржин унтаад шөнө нь хувийн наймаагаа хэлэлцэж байгаад хүрээд ирнэ дээ.

Anonymous said...

Amraa, oodrog baiyaa.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Манайхан хэтэрхий их мэдлэгтэй юм даа. Нэг сэдэв гарангуут л бүгд мэдэж байх. Талийгаач С. Зориг нэг хурал дээр " та нар боль доо. Банк гэхээр л бүгд банк мэддэг болчих юм" гэж сууж харагддаг. Одоо бүр нохой нь хүртэл мэддэг болжээ.

ZAYA said...

Харин тийн. Хүүхэд хүртэл улс төржчих гээд байхиймаа. Аягүй бол нүдээ нээгээгүй гөлөг ч цор цор гэх байх.

A.Амарсайхан said...

Өөдрөгт:
Би өөдрөг, гутаранги хоёрыг солбиулж бичээд байгаа ш дээ. 2007 оныг Цоо эрүүл он болж өнгөрлөө гэж бичихээс илүү өөдрөг байна гэж юу байх вэ? Ха ха

Бум-Эрдэнэд:
Монголчууд шиг мэдлэгтэй хүмүүсийг өөр хаана би олж харахгүй байгаа юм аа.

Заяад:
Наадах чинь хоцрогдсон. Эхийн гэдсэнд байхдаа хүүхэд, гөлөг хоёр улс төрждөг болсон. Манай ажлын хөл хүндтэй нэгэн бүсгүй: "Өчигдөр мэдээ үзсэн чинь уур хүрээд. Тэгсэн чинь хүүхэд маань гэдсэн дотроо байдгаараа зангирч уурлаад..." гэсэн ш дээ.

meesh said...

Улс орны байдал эдийн засаг, ард иргэдийн ахуй амьдрал болохгүй байгаа болохоор л бүгд улстөржөөд байгаан.Тэрнээс биш сайхан байсан бол улстөр сонирхох хүн тийм их биш.

A.Амарсайхан said...

Мийш-д:
Цэнддоо ахын фельетон дээр байдаг шүү дээ. "Хаана улстөрийн байдал муу байна, тэнд улстөрчийн тоо төдийчинээ ихэсдэг урвуу хамааралтай" гэж.

Anonymous said...

Таны хуучин бичлэгээс Малчин бол бурхан - ын уншлаа. Бүүр яах аргагүй бодох асуудал шүү тээ. Хэцүү үед махаа ядаж гайгүй үнэтэй /хямдхан гээгүй/ зарж болно оо доо тээ. Одоо харин зуд болбол тэр жилийнх шиг сургуулийн сурагчид албан байгууллагын ажилчид тусламж өгөх болов уу? Бараг л үгүй байхаа даа. Нээрээ та ингэхэд хужаа нартайгаа тэмцэхгүй байж хөдөөнөөс орж ирсэн Монгол хүмүүстэйгээ дайтаад байгаа энэ хотын соёлтонгуудын талаар нэг юм бичээч. Баабар гуай Нэгнийх нь эцэг нөгөөгийнх нь өвөө УБ-д ирсэн хориодхон жилийн ялгаагаар нэгнийгээ дээрэлхээд яахав дээ гэж бичсэн байсан. Б.Б

Билгээ said...

Японд байхад улс төрөөс хол ангид тайван сайхан байж дээ, одоо ч амьсгалах "агаар" нь хүртэл улс төржүүлчих гээд байхын...

A.Амарсайхан said...

Б.Б-д:
Хөдөөнийхөнтэй бус, соёлч бус байдалтай тэмцэх нь зүйтэй болов уу? Таксинаас л эхлэх юм байна шүү дээ. Салж унах шахсан тэрэг ирээд зогсох юм, суугаад "Сүхбаатарын талбай орно" гэхээр "Хаана байдгийм?" гэж нүдээ том болгох юм. Таксинд явж мөнгө хийх гээд байгаа бол ядахдаа хотоо судалчихдаг соёлд сургах гээд зүтгэж байгаа бус уу? Энэ нь хэрэг дээрээ хөдөөнийхөнтэй хийж байгаа тэмцэл болж харагдаад байгаа бололтой.

Билгээд:
Улс төрд чи дурлахгүй бол, улс төр чамд дурлана гэдэг тэр дээ.

sanakae said...

Авдарны ёроолыг ухвал атга гурил гарна савны ёроолыг ухвал шанага гурил гарна Харин pc-ны hard-ыг ухвал под гэсэн юм гарнаа гэж хэхэ

A.Амарсайхан said...

Sanakae-д:
Сий дийскээ ухвал
Сийрүүлэх юм мундахгүй

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Хэхэ, нээрээ утааны тухайд цээжээрээ бодчихсон тал байгаа л юм байна шүү :)

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates