Showing posts with label Бусад. Show all posts
Showing posts with label Бусад. Show all posts

Friday, March 28, 2014

БАЙЛДААГҮЙ ЭХ ОРОНЧ БАЙЖ БОЛОХ УУ?



Эх оронч гэх үгийг сонсмогц Манлайбаатар Дамдинсүрэн, Чин ван Ханддорж, Д.Бодоо, С.Данзан, Х.Чойбалсан, С.Зориг гээд л дандаа суутнуудын нэр санаанд буудаг. Газар нутагт минь цөмрөн орсон гамин, бароны цэрэгтэй тулалдсан журамт цэргүүдийг дүрслэн боддог. Халх голоор өнгөлзсөн квантуны армийг бут цохисон эрэлхэг дайчдаа санадаг. Ингэж бодох нь түмэн зөв. Эх оронч өвөг дээдэс минь Монгол нутгаа хамгаалах ариун дайнд халуун амь бүлээн цусаа золиогүй бол газар шороо минь өөр хэн нэгнийх болчихож мэдэх л байсан.
Гэхдээ өнөө цаг, хориннэгдүгээр зуунд эх оронч байх, эх оронч үзэлтэй байх гэдэг ойлголт өөр болжээ. Үүнийг өмнөд Солонгосын жишээ баталдаг. Энэ улс Азийн бар болтлоо хөгжсөний нууц юу вэ? гэдгийг олон мэргэд нэг зүйлээр тайлбарладаг. Хангүг хүн Солонгос улсад үйлдвэрлэсэн, солонгос бараагаа л хэрэглэдэг. Бусад бараанаас үнэтэй байсан ч хамаагүй солонгос хүнсээ хэрэглэж, солонгос хувцсаа өмсөж, солонгос машинаа унаж үндэсний үйлдвэрээ дэмждэг. Хэзээ ч бидэн шиг жаахан мөнгөтэй болмогцоо л гадаадын брэнд хувцас, эд зүйлээр өөрийнхөө зиндааг тодотгох гэж гүйлддэггүй. Үүнийг л тэдний хөгжлийн нууц гэдэг. Солонгос хүний эх оронч зан чанар тэдэнд бар улсын хэмжээнд хүрэх хөгжлийг авч иржээ.
Гэтэл бид яаж байна вэ? Дөч тавин жилийн туршид бүтээж босгосон арьс ширний үйлдвэрлэлийн цогцолбороо өөд татах байтал социализмын хог гээд устгачихсан. Одоо Дарханд шинээр байгуулах тухай яриад ичих ч үгүй сууж байна. Уул уурхайн бизнес эрхлэгчдээ муу муухай үгээр дайрч, нэр хүндийг нь унагааж, хашааг нь нурааж, эд хөрөнгө тоног төхөөрөмжид нь халддаг хүмүүсээ эх орончид гэж эндүүрдэг боллоо. Баялгаа гадныханд зарж мөнгөжиж, ядуу эдийн засгаа өөд татахын оронд хав дараад сууж байх нь эх оронч үйлдэл гэж элийрдэг хүмүүс оршсоор. Монгол улс мөнгөтэй, эдийн засгаар хараат бус байж гэмээ нь тусгаар тогтнол баталгаатай болно. Хэн Монголыг мөнгөжүүлэх вэ? Үндэсний үйлдвэрлэгчид л Монгол улсаа баян болгож чадна.
Монгол хүн бүр Монгол эх орондоо хайртай. “Элэг зүрхнээс уяатай Энхрий Монгол орон минь...” гэж дуулахдаа зүрх огшиж, самсаа шархиран догдолдог. Дуулж дуусмагцаа гадаад үйлдвэрийн сархад шимж, гадаад нэрийн зуушаар даруулдаг .“Санаа алдахад Эхийн сүү тагнайд амтагдаж Салхины үзүүр залгихад Агь хоолойд аргасан Боржигины бор тал минь...” хэмээн шүлэг найраг сонсоод зэрэглээ мяралзсан шаргал талаа санан санан догдолсон хэрнээ хажуугийн дэлгүүрээс Адидас шаахай авч, Армани хүрэм сонгодог. Бид зөвхөн дуу шүлэгтээ л Монгол орноо хайрлаад бусдаараа таг мартчихаад явах нь зөв үү? Эх орноо зөвхөн үг хэлээрээ хайрлах биш үйлдлээрээ хайрлаж гэмээ нь Монгол улс минь хөгжинө. 
Үйлдлээрээ эх орноо хайрлах гэдэг тийм ч хэцүү биш. Та хүнсний дэлгүүрт ороод үндэсний үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг сонго. Монгол хувцсаа өмсөж, Монголд угсарсан компьютер хэрэглэ. Үндэсний үйлдвэрлэл гэхээр эсгий углааш, тэмээний ноосон оймс, арвайн гурилхан мэтээр төсөөлөгддөг байсан цаг ард хоцорчихоод байна. Бид троллейбус, автобус бүтээчихлээ. Тоос сорогч, цахилгаан зуух, индүү, телевизор гээд гэр ахуйн олон хэрэгслийг угсарч байна. Мэдээллийн технологийн салбарын залуус дэлхийд өрсөлдөх программ хангамж бүтээж чаддаг боллоо. Мэдээлэл харилцааны салбарт Юнител, Itzone гээд үндэсний компаниуд гадаадын хөрөнгө оруулалттай компаниудтай өрсөлдөж байна. Оюуны үйлдвэрлэл сэргэж, боломжийн сайхан кино жүжиг бүтээдэг болчихлоо.
Монголчууд бид бүгдээрээ хичээж, зуун хувь үндэсний компани Юнителийн симкартыг утсандаа суулгаж, Өглөө сүүнд шимтэж, Дархан минжийн дээлээр дулаалж, Говийн ноолуураар гоёж, Янмал оймсоо эдэлж, Харанга хамтлагийн тоглолт руу хошуурч, Атар талхаа амтархдаг болцгооё. Ингэж байж л бид үндэсний үйлдвэрээ босгоно. Үндэсний үйлдвэр хөрөнгөтэй чадавхитай болж гэмээ нь Монгол улс минь хүчирхэгжинэ.
Өнөө цагт эх оронч байхын тулд буу сэлэм агсаж, атаат дайсантай байлдах хэрэггүй болжээ. Та товчлуур дарж сонголтоо хийхдээ Монгол эх орноо санагтун.

А.Амарсайхан

Monday, August 29, 2011

Шинэ блог нээжээ

Миний хоёр хүү блог нээчихжээ. Хоёр ихэр маань одоо есдүгээр ангид орж байгаа юм.
Та бүхэн зочлоорой.
РС тоглоом тоглодог бол хүчээ сориорой.
http://www.defender-clan.blogspot.com/

Monday, July 18, 2011

Сэрэмжлүүлэг!!!

Миний эзэмшдэг байсан amarhan_a@yahoo.com хаягийг хакердчихлаа. Ингээд энэ хаягаа ашиглан хүмүүс рүү мөнгө хүссэн захидал илгээж, залилан хийх оролдлого хийж эхэлснийг анхаарна уу? Би Испанид биш Монголдоо байгаа болно оо.

Англи болон бусад хэл дээр доорх агуулга бүхий захидал авбал бүү итгээрэй!!!


----- Forwarded Message -----
From: altangerel amarsaihan (amarhan_a@yahoo.com)
To:
Sent: Thursday, July 7, 2011 7:01 PM
Subject: Hi

Hope you get this on time, sorry I didn't inform you about my trip in Spain for a Program, I'm presently in Madrid and am having some difficulties here because i misplaced my wallet on my way to the hotel where my money and other valuable things were kept. presently i have limited access to internet, I will like you to assist me with a loan of 2,800 Euros to sort-out my hotel bills and to get myself back home.

I have spoken to the embassy here but they are not responding to the matter effectively, I will appreciate whatever you can afford to assist me with, I'll Refund the money back to you as soon as I return, let me know if you can be of any help. I don't have a phone where I can be reached. Please let me know immediately.

Best regards

Tuesday, February 22, 2011

Энтертайнментийн эрэлд GOGO

Г.Амартүвшин
Бурхан хүний ертөнцийг бүтээхдээ хэрэгцээ гэдэг дээр нь хязгааргүй гэх тодорхойлолт хийсэн гэдэг. Материаллагийг нь ч яах вэ, ингэсгээд орхичиход нэг өдөр болох л байлгүй гэж бодох юм. Харин оюуны хэрэгцээг тоочихоор ёстой л шуналын шулам нь мөрөн дээр суучихаад тархи амраахгүй нь сонин.



Гудамжаар алхахад хүн бүр л бодлого боловсруулж, эсвэл улстөржсөн байдалтай алхах болж. Би ч ялгаагүй дээ, ажил руугаа орж ирмэгц нөгөө уул уурхайн салбараар юу болж байна, шинэ мэдээлэл гарч уу гээд л. Үгүй бол Сангийн яам цоорхой төсвөө яаж нөхөх гэж байгаа бол, удахгүй хувьцаа эзэмшигч болно, яавал дээр вэ гэхчилэн бас л чухал царайлж эхэлдэг. Өглөөнөөс үдэш хүртэл шүү. Хэдийгээр хийх ёстой ажил ч гэсэн хааяа ч болов тархиа сэргээж, дуртай дуугаа сонсох юм уу, блогчдын нийтлэлийг уншдаг. Гэхдээ дунд сургуульд байхдаа англи хэл заалгаж байсан минь яамай даа. Хэрвээ бага зэрэг гадарладаггүй байсан бол гадаад сайтууд ухаад ч нэмэргүй. Гэтэл тархиа сэргээхээс гадна гоо сайхны таашаал авмаар байдаг. Тэр болгон ном худалдаж авах боломжгүй байтал юм уншмаар болоод. Байгаль дэлхий гэдэг хязгааргүй ертөнцийн сонин хачнаас судлах дуртай ч, үсрээд л Google-ийг ашиглахаас хэтрэхгүй. Хүний ганц дутагдал нь мэдээллээр цангахыг ёстой нэг тэвчихгүй дээ. Гэхдээ болоогүй ээ, аль болох нэг дороос өөрийгөө зовоолгүй, бүхнийг мэдээд, дуртай дуунуудаа дарааллаад нэг сүлжээнээс сонсчих санаатай, даврахыг нь яана. Өөрөөр хэлбэл манайд энтертайнментийг жинхэнэ утгаар нь харуулсан, ийм сонирхолтой хүмүүсийг нэгтгэчихээр зүйл дутагдаад байсан юм. Гэхдээ энэ нь шар мэдээлэл биш. Энтертайнмент гэдэг нь их өргөн агуулгатай, тайлбар хийе гэвэл багагүй цаг зарцуулах тул хамгийн энгийнээр хүмүүс чөлөөт цаг гарвал, эсвэл сөрөг энергиэс гарахын тулд таашаал авдаг ямар нэгэн зүйлээ хийх гэж ойлгож болно. Манайхан үүнийг ихэнхдээ хэн нэгэн одын хувийн амьдрал, сенсааци тарьсан үйлдэл мэтээр ойлгодог. Энэ нь энтертайнментийн нэг хэсэг хэдий ч, мэдлэг боловсрол, хүмүүжил ухамсар, сэтгэлзүйд нөлөөлдөг эерэг зүйлсийг нь тэр бүр нийтэд хүргэдэггүй аж.
3D киног яах вэ, үзэхээрээ л нэг болсон. Ёстой сонирхолтой эд дээ. Харин олон хэмжээст зургийг сонин сэтгүүл дээрээс үзэж байсан ч, хамгийн шилдгүүдийг нь нэг дороос харсан удаагүй. Харин саяхан waw.gogo.mn-ээс харлаа. Улаанбаатарын аль нэг томоохон гудамжинд ийм бүтээл байвал хэн ч байсан явах замаасаа хазайж, заавал дээгүүр нь алхах байсан даа. Зүгээр л цахим хуудаснаас харахад толгой эргэж, хөл алдмаар юм шиг санагдаж байгаа юм чинь, бодитоор нь үзвэл ёстой янзтай байх аа. Манайхан үүнийг сонирхох хэрэгтэй. Хэрвээ үүнийг зөв таниулж, урлаг гэдэг талаас нь ойлгуулж чадвал орон сууцны хана туурган дээр элдэв зүйл сараачин, хамаа замбараагүй будаг цацдаг залуус нийлж байгаад Энхтайваны талбайд маш гоё 3D бүтээл туурвиж ч магадгүй юм. Тэгээд баар, пабад суухаас өөр хийх юмгүй гэж адлуулдаг залуус тэнд очиж сонирхож байг.
Трапецан өмдөөр гангарч, гитар дарсан шигээ “Улаанбаатарын үдэш”-ийг аялдаг байсан 70-80-аад оны “орцны найзууд” алтан үеэ дурсахын тулд “River Sound”, “Эргэн дурсахуй”-д орохоос өөр цугларах газар манайд тэр бүр байхгүй. Тэр үеийн бэлгэ тэмдэг болж байсан “Smokie”, Эдит Пиаф, “Modern Talking” эсвэл Сан Ремогийн “ориг” бичлэгүүд одоо олдоно гэвэл, бараг бүтэхгүй дээ. Гэхдээ youtube.com-оос үзэж болох ч, хурд багатай интернеттэй бол хүлээхийн зовлон гэж нэг юм бий. Тэгээд ч чанартайг нь олох гэсээр байтал овоо ажил өрнөнө. Харин waw.gogo.mn-д үүнийг эцсийн бүтээгдэхүүн болгож оруулсан байна лээ. Дуу, дүрсний гаралт нь ч ярих юмгүй сайн.
Гэрэл зураг гэдгийг урлаг талаас нь аваад үзвэл маш нарийн мэдрэмж шаардсан, сонирхолтой зүйл. Аппарат бариад дахин давтагдахгүй агшныг буулгахаар хичээдэг сонирхогч олон бий. Зарим нь олон жил зураг дарсаар мэргэжилтнүүдээс дутахгүй болсон байдаг ч, дөнгөж сонирхож эхлээд, өчигдөрхөн аппарат хэргэслээ авсан нэгэн ч байна. Гэтэл объект сонгох мэдрэмжтэй хэрнээ техникийн туршлага дутуу бол хүндрэлтэй. Хэрэв тийм бол waw.gogo-ийн электрон номын санд ороод үзэхэд илүүдэхгүй.
Амьдрал жижигхэн ч сонирхолтой, хөгжилтэй, гэм хоргүй зүйлээр дүүрэн байвал илүү хялбар, стрессгүй үргэлжилнэ. Байрныхаа ханыг зочиндоо биш өөртөө зориулан чимэглэж, ядруухан орцтой ч саламгүй амттай хоол хийгээд л, эсвэл бүр базаад шидсэн цаас хүртэл хөлбөмбөг шиг харагдахаар байвал ямар вэ. Мөрөн дээрх бөндгөр дотор уг нь гайхалтай шийдлүүд байнга төрж, хөгжиж байдаг ч дэндүү давчуу нийгмээс биш хэтэрхий завгүй зуршлаас болж нээж гаргаагүй юм байна гэдгийг сая л ойлголоо. Гэхдээ нэг зүйлийг зөвлөхөд заавал өөрөө өөрийгөө нээх гэж бясалгаад байлгүй хааяа бас “будаа идэх” хэрэгтэй байх. Тэгээд ч шинийг сэдэж, бүтээж туурвих чинь үнэн чанартаа бусдын төлөө л байдаг юм.
Ингээд бодохоор энтертайнмент гэдэг зүйл даанч өргөн утгатай байгаа биз. Тэгвэл манайд анх удаа энтертайнментийн их дэлгүүр үүд хаалгаа нээж байна. Худалдан авагч, хэрэглэгчид энэхүү дэлгүүрээс хүссэн үйлчилгээгээ, тодруулбал мэдээллээ үнэгүй авах боломжтой. Ертөнцийг өөдрөгөөр харж, гоозүйн боловсрол эзэмшиж, таашаал аван, ертөнцийг таньж мэдэхийг хүссэн бүх насныхан waw.gogo.mn гэх энтертайнментийн их дэлгүүрт нэвтэрч болох нь ээ.

Thursday, February 17, 2011

Хайр аа, гэж

Валентин ламтны баярын өдөр ёс алдаж архины онигоо гаргасандаа хүлцэл өчөөд ийм нэг зүйлийг нийтэлж байна. Юнителийн дизайнер Ийдоо гэдэг залуугийн бүтээл шүү. Хөөрхөн санагдаад.

Monday, December 27, 2010

Найз уралдаанд ороорой


“НАЙЗ...” СЭДЭВТ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Залуусын iD брэнд, Монголын Блогчдын Холбоо, Монки.мн сайт, Монголын Компьютер Графикийн холбоо, хамтран 2010оны 12 сарын 23-аас 2011оны 01 сарын 23 хүртэл өдрүүдэд Найз сэдвээр
  • Блог бичлэг /нийтлэл, шүлэг, өгүүллэг/
  • Чөлөөт бүтээл /фото болон гар зураг, 2D ба 3Dкомпьютер графикийн ажлууд, дуу болон миксүүд, гар урлал, видео гэх мэт юу чаддаг тэр авъяасаараа оролцох/
төрлүүдээр шилдгийг шалгаруулах уралдаан зарлаж байна.
Тус уралдааны гол зорилго нь залуусын өөрийгөө үнэлэх, илэрхийлэх, бусадтай санал бодол, хүсэл тэмүүллээ хуваалцах боломжийг интернэт орчинд дэмжиж шилдэг санаа, бүтээлч сэтгэлгээ, өрсөлдөх чадвар, найруулга, илэрхийлэл бүхий бүтээлүүдийг шалгаруулж шагнахад оршино.
Найз”уралдааны журам
1. Уралдаанд бүтээл ирүүлэгч нь аль ч улсад амьдардаг хэн ч байж болох бөгөөд нас, хүйс үндэс угсаа ялгаварлахгүй.

2. Бүтээл нь утга уянгын, шог хошин, элэглэл, шүүмжлэл гэх мэт ямар ч хэлбэрээр байх боломжтой бөгөөд уралдаанд оролцогчийн зөвхөн өөрийн бүтээл байна.

3. Бүтээл нь Монгол Улсын хууль тогтоомжуудад санаатай болон санамсаргүй харшлахгүй, аллага хүчирхийллийг дэмжихгүй, садар самууныг сурталчилахгүй, бусдын нэр хүнд хувийн нууцад халдахгүй, хуурахгүй, ялгаварлан гадуурхахгүй, турхирахгүй, дайрч доромжлохгүй, хувийн болон албаны нууцыг олонд дэлгэхгүй, зохиогчийн эрхэнд харшлахгүй байж нийтлэлийн ёс зүйг сайтар хангасан байна.

4. Блог бичлэгийн бүтээлийг компьютер дээр Unicode ашиглан бичиж www.monkey.mn сайтын уралдааны бүтээл хүлээж авах хэсэгт оруулна. Бүтээлээ оруулахдаа, тус сайтын Мэдээ нийтлэх цэсээр орж Найзуралдаан ангилалыг сонгож нийтэлнэ.

5. Чөлөөт бүтээлүүд болох богино болон урт хэмжээний аудио дуу болон микс, ремикс, видео бичлэг зэрэг бүтээлүүдийг Youtube.com вэбсайтад оруулж, embedcode-г монки.мн сайтад зааврын дагуу оруулан нийтлэнэ.
1. Фото, графикийн ажлуудыг Flickr.com зэрэг вэбсайтуудад оруулж монки.мн сайтад зураг оруулах зааврын дагуу нийтэлнэ.
Мэйлээр ирүүлсэн бүтээлийг http://www.facebook.com/iDbyUnitel нийтлэж like / /-ийн тоогоор тодруулна.
6. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг чөлөөтэй сэтгэсэн байдал, найруулга, уран сэтгэмж, шинэлэг санаа, өвөрмөц шийдэл, нийт уншигчдын сэтгэгдэл, үнэлгээг / / харгалзан Юнител корпораци, Монголын Блогчдын Холбоо, Монголын Компьютер Графикийн холбооны хамтарсан шүүгчдийн баг шүүнэ.

7. Уралдаанд ирэх бүтээлүүдийг 2010 оны 12-р сарын 23-оос 2011 оны 1-р сарын 23 өдрийг дуустал хүлээж авна.
8. Уралдааны эцсийн дүнг 2011 оны 1 сарын 31-нд танилцуулж байрыг тодруулна.

9. Уралдаанд төрөл тус бүрээр 3 байр шалгаруулж шагнана.
I байр2- Blackberry Curve гар утас + Монгол / Англи зурагт толь бичиг
II байр2- Live modem + Монгол / Англи зурагт толь бичиг
III байр2- iD азын мөнгөн дугаар + Монгол / Англи зурагт толь бичиг
10. Уралдаанд ирсэн бүтээлүүд нь зохиогчдын оюуны өмч байх бөгөөд зохион байгуулагчид тэдгээрийг ашиглах, хэвлэн нийтэлж олон нийтийн хүртээл болгох эрхтэй.
iD брэнд
Монголын Блогчдын Холбоо
Монголын Компьютер Графикийн Холбоо
www.monkey.mn

Friday, August 13, 2010

Олгойгоо авахуулчихлаа

Хүмүүс эмчлүүлнэ гээд Хөх хот явдаг юм гэсэн. Би үндэсний үзэл гаргаад нутагтаа очиж мэс засалд ороод ирлээ. Говь-Алтай нутгийнхаа 70 жилийн ой, аавынхаа одонгийн найрт оролцоод Алтай хотдоо гурав дөрөв хоног жарган суутал гэнэт ходоодоор хатгав. Ношпа, ливомецин гээд уугаагүй юм байхгүй, дарагдах бүү хэл улам өвдлөө. Тэгтэл мэс заслын эмч Баатархүү ах маань ганц дарж үзээд л мухар олгой байна мэс засалд ор гэдэг юм байна. Ингээд эхний зураг дээр байгаа Д.Оюунбилэг эмч миний гэдсийг хагалж тэр олгой гэгч золигийг авлаа. Өмнө үрэвсэж байсныг нь би мэдээгүй юм санаж. Наалдацтай бас шүүрэлттэй хэцүү олгой таарч 2 цаг хагалгаа үргэлжиллээ. Дараа нь 10-аад хоног эмнэлэгт хэвтлээ. 10 кг турлаа. Их ядардаг юм байна.
Ингээд намайг халамжилж анхаарч, эмчилж сувилсан Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн хамт олон, их эмч Д.Оюунбилэг, Б.Ундрах, Л.Гантөмөр, сувилагч У.Цэрэндолгор, Ч.Мөнхтуул, Д.Жанар, Г.Эрдэнэхуяг, Ч.Туул, Х.Наранцэцэг, Ж.Буянжаргал, Э.Сарантуяа, Б.Нармандах, Д.Энхжил, асрагч Д.Алтан-Оргил, Д.Эрдэнэчимэг, Ц.Энхцолмон, Ж.Энхтайван, Ж.Мөнхцэцэг, Б.Бат-Эрдэнэ нартаа баярлалаа. Нэгдсэн эмнэлгийн дарга Ш.Мэндсайхан анддаа ч бас баярлалаа. Та нар минь байгаагүй бол би хэцүүдэх байлаа шүү.




Өмнө би хэзээ ч билээ найз нартайгаа хуучилж сууснаа би огт эмнэлэгт хэвтэж үзээгүй гэж томорч байсан юм. Тэгээд мод тогшсон ухаантай. Тэгтэл хүн үзээгүй юмаа үздэг л юм байна.

Monday, June 7, 2010

Манай хөрш шувууд

Манай байрны тагтан дээр зөндөө хог байдаг. Хуучин ширээ, Богд хааны үеийн угаалтуур зэргийг гаргаад хаячих гэхээр болдоггүй юм. Учир юу гэвэл энэ бүхний доогуур "улаан хошуут" хэмээн хөдөөгийнхөн нэрлэдэг нэгэн зүйл шувуу ирж өндөглөдөг. /Улаан хошуутын ШУ-ны нэрийг хэлж өгөх судлаач байвал сэтгэгдэл бичээрэй/ Ноднин яагаад ч юм алга болчихсон. Энэ жил хогоо гаргаж хаяхаас даа гэж бодож байсан чинь дахиад өндөглөжээ. Дөрвийн дөрвөн бяцхан шувуухай манай тагтан дээр төрж, өсч бойжоод цэлмэг тэнгэртээ дүүлэн ниссээр одлоо доо.
Ингээд хөрш шувуудын гэрэл зургаас толилуулъя. Энэ гэрэл зураг, бяцхан кино бол 12 настай мэргэжлийн шахуу гэрэл зурагчин, зураглаач А.Бямбажаргал, А.Бямбасайхан нарын уран бүтээл болой.


Шувууны гэр бүл хажуугийн байрны орой дээр очоод байгаа нь.


"Үүрнээс ниссэн шувуухай шиг" гээд дуулдаг даа. Түүн шиг манай хөрш шувуухайнууд үүрнээсээ нислээ дээ. Тэднийг хорвоогийн гэрэл гэгээтэй амьдрал хүлээж байгаа. Удахгүй гэр бүлтэй болоод, өөр хэн нэгний тагтан дээр үүрээ засаад өндөглөнө. Би нэг л зүйлд санаа зовоод байгаа. Дэгдээхэйнүүдэд бид ямар ч гэм хийгээгүй болохоор "Хүн гэдэг чинь бидний нөхөр" гээд итгэчихсэн явж байгаад сахилгагүй хүүхдэд баригдчих вий дээ.




Анхандаа нэг иймэрхүү л ангалзсан юмнууд байлаа шүү дээ. Хар үүрээд чарлалдаад л намайг сэрээнэ. "Амараа босоорой. Тусгай салаагаа бичээрэй" гээд байх шиг. Би юун сэрэх манатай өглөө 4 цагаас унтах гэж хэвтсэн хүн шүү дээ.




Эгдүүтэй хогнууд шүү. Нэг мэдсэн чинь л өсөж том болоод дэнхийсэн том юмнууд болчихсон. Ээжээсээ ч том.

Ээж их хөдөлмөрч. Хажуугийн байшингийн дээвэр дээрээс өт түүж ирээд байдаг юм. Бас "Кемпинский"-н өмнөх цэцэрлэгийн модны өтийг ч түүгээд байх шиг.


Бяруу шиг том дөрвөн дэгдээхэй, ээжийнхээ авчрах хоолыг хүлээгээд л суугаад байна шүү дээ. Хуулийн сургууль төгсчихөөд ТҮЦ-ийн худалдагч хийхгүй гэж гүрийгээд, 25 нас хүрчихсэн хэрнээ ээж, ааваараа тэжээлгээд, хэнэг ч үгүй суугаад буй "дээд боловсролтонгууд" шиг.


Их хэрэгт дуртай. Манай байшингийн үүдэнд тэврэлдэн суух хосуудыг их харна аа, бас.


Үүрнээсээ анх гарч ирсэн баатар эр. Надаас огт үргэхгүй байхаар нь ойртсон чинь, энэ угаалтуур доогуураа ороод нуугдмар аядсан. Тэгснээ доод айлын тагтан дээр буугаад. Дараа нь ээжийгээ дагаад хажуугийн байшин дээр гарчихаад буцаад ирсэн.


Ээж нь эвэр дүүрэн өвс, ам дүүрэн өттэй ирээд байгаа нь.


Энэ видео дээр хүү нь ээжээсээ "Хоол аваад ирээч. Надад яагаад хоол өгөхгүй байна аа. Би нисэхгүй ээ. Яагаад ч нисэхгүй" гээд залхуураад байх шигээ. Энэ дэгдээхэй нэг бол их залхуу үгүй бол их аймхай эр байгаа юм.

Бараг л хоосорчихсон үүр. Гурван ах айлын охин харах гээд, үдэшлэг цэнгүүн хэсээд, нисээд явчихсан


Ээж нь ч юм уу, аав нь ч юм уу ирээд байгаа нь. Ээж авгай нь миний хоёр хүүгээс их үргэнэ ээ. Маягтай гэдэг нь.

Хамгийн залхуу ганц чинь энэ шүү дээ. Хөөрхий дөө. Гурван ах нь /магадгүй дүү нар нь/ нисээд явчихсан болохоор их уйтгартай байгаа юм аа. За нэг иймэрхүү байдлаар миний РС-нд шинэ бүтээл "Тусгай салаа" минь төрж байх хооронд, манай тагтан дээр шинэ шувууд ертөнцөд төрж, өсөж бойжоод, үүрээ орхин алсын алсад нисэн одлоо доо. Их билэг дэмбэрэлтэй гэж баярлаж байна даа.

Monday, May 3, 2010

ТАВАН АТГА НООЛУУРЫН ТӨЛӨӨ ТАЛ НУТГАА ЦӨЛЖҮҮЛСЭЭР

2002 онд бичсэн асуудал хөндсөн өгүүллээ нийтэллээ. Арваад жилийн өмнөх асуудал одоо ч амь бөхтэй оршсоор л байх болой.

Замд тааралдаж хэсэг зуур хууч хөөрөлдсөн малчин өвгөнөөс “Морь номхон уу?” гэж асуулаа. “Номхоон хүү минь. Хонины морь байгаа юм. Хонины ч гэж дээ, ямааны морь” гээд ямаа дийлэнх сүрэг рүүгээ харан ёжтой мушийж билээ. Монгол хэлний “хонины хүүхэд”, “хонины хишиг өдөр” гэх хэвшмэл хэллэгүүд удахгүй “ямааны хүүхэд”, “ямааны хишиг өдөр” болж солигдох нээ. “Төрийн сүлдэнд морь байх нь буруу, ямааг оруулъя гэвэл овоо олон хүн гараа өргөнө” гэж нэг малчин үнэн санаанаасаа хэлсэн юм. Нуруун дээрх хагас килограмм ноолуур нь ямааг монгол хүний оройн дээд шүтээн болгон хувиргаад байна.

Гэрэл зургийг М.Д.Эрхэмчухал

Монголын ямаа 1989 онд 4.9 сая байснаа 2001 онд 9.5 сая болж, хоёр дахин өсчээ. 1989 онд 3 хонинд 1 ямаа оногдож байсан бол одоо 6 хонинд 5 ямаа оногддог болж, хонь ямааны тоо бараг л тэнцчихээд байна.
Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (ХААИС)-ийн Мал аж ахуйн тэнхимийн багш, доктор, дэд профессор Г.Самбуу “Ямаа хэт өсгөж байгаа нь буруу. Өнгөц харахад ашиг өндөртэй мал өсөж, мал аж ахуйд дэвшил гарч буй мэт боловч ямаа олширвол хэд хэдэн сөрөг үр дагавартай” гэж ярьж байна. Ямаа хэт өсөхөөрөө бэлчээрт нөхөж баршгүй хохирол учруулдаг ажээ. Эртний Грек ямааг дагнан үржүүлснээс ой модгүй болж байжээ. Сахарын цөл өргөжсөн нь ямааны тоог хэт өсгөсөнтэй холбоотой гэдгийг эрдэмтэд баталсан байдаг.
Ямаа ургамлыг сорчилж иддэг амьтан. Идэхдээ зүгээр ч нэг идэхгүй. Мөлжиж иднэ. Хөлөөрөө цавчиж үндсийг нь ухаж иднэ. Ислэгт дуртай амьтан тул хөрсний эвдрэлийг барьж байдаг харгана бутыг сүйтгэж иднэ. Мөлжөөд үндсээр нь ухаад идчихсэн ургамал нөхөн сэргэхгүй нь тодорхой. Харгана бутгүй болохоор хөрс салхи шуурганд хийсч идэгдэнэ. Дээрх жишээнээс цөлжилтийн бурууг ямаа үүрнэ гэдэг нь харагдана. Мөн Монголд ургадаг 545 төрлийн ургамлын 470 төрлийг нь ямаа иддэг гэнэ. Тэгэхэд хонь 422, үхэр 328, тэмээ түүнээс бүр цөөхөн төрлийн ургамал иддэг нь судлагджээ. Хонь, үхэр, тэмээ ургамлын навч нахиа зэрэг нөхөн сэргэдэг оройн хэсгийг л иддэг байна. 450 кг жинтэй тэмээ тавхай томтой учраас гишгэлтээрээ хөрсөн дээр 0.44 кг/см2 даралт учруулж байхад, 35 кг жинтэй ямаа 1.25 кг/см2 буюу тэмээнийхээс 2.8 дахин их даралт учруулж, энэ хэмжээгээрээ бэлчээрийг илүү талхалдаг. “Цаг нэг л цөвүүн болоод байна. Чамлахааргүй бороо орчихоод байхад л ногоо гарахаа байчихлаа” гэж Говь-Алтай аймгийн Тайшир сумын малчин, жаран настай буурал Б.Дагвадорж толгой сэгсрэн халаглаж сууна. Сүүлийн 20 жилд бэлчээрийн ургац 20-25 хувь буурсан гэсэн судалгаа байдаг.
Доктор Самбуу цааш “Сүргийн бүтэц 4 хонинд 1 ямаа оногдож байхад хамгийн оновчтой. Өнөөдрийн байдлаар энэ харьцаа 1.2:1 болчихлоо. Ямаа олонтой сүрэг зуд болоход хамгийн түрүүнд хиардаг” гэж ярьж байна. Ямаа шээмтгий амьтан. Хониноос 30-40 хувь илүү шээдэг. Хонины хорголын 80-90 хувь нь өтөг болдог байхад ямааны хорголын 40-50 хувь нь өтөг болж бусад нь хөлддөг байна. Ямаа хонины бөөрөнд наалдан илчинд нь амьдарч явдаг мал. Гурав дөрвөн хонь нэг ямааны гаргасан шээс хөлдүүсийг биеийн илчээрээ гэсгээн дулаацуулж чаддаг. Харин хонины хажууд тэнцүү тооны ямаа зэрэгцээд байх тохиолдолд хот дулаацдаггүй гэнэ. Ямаа олонтой сүрэг зудад тэсвэр муутай байдаг нь ийм учиртай ажээ. Хэнтий аймгийн Баянмөнх сумын малчин Т.Галсан “Манайх 500 шахам ямаа, 300 хоньтой. Ямаа дийлэнх сүрэг тогтвор муутай байх юм. Тогтоогоод хариулъя гэхээр ямаа ногоог үндсээр нь ухаж идэх гээд байдаг бэлчээртээ халгаатай мал. Өвөл хот хөлдөх нь их. Бүл сайтайдаа л энэ хэдэн ямаагаа агуулдаг” гэж ярьж байлаа.
Цаашдаа ямаа энэ хурдцаараа өсвөл байгаль орчинд хор уршигтай нь илэрхий. Иймээс ямааны тоог бууруулах шаардлага зүй ёсоор тавигдана.
“Ямаанд өндөр татвар оногдуулах замаар энэ байдлыг залруулж болно” гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Одоо мөрдөгдөж буй Хүн амын орлогын албан татварын хуулинд нэг ямааг 1.5 хонинд тооцож татвар ноогдуулахаар заасан. Харин Газрын төлбөрийн тухай хуулинд нэг ямааг 0.9 хонинд тооцож бэлчээрийн төлбөр ноогдуулах заалт бий. Тус хуулинд малчин өрхийн малын бэлчээрийн болон хадлангийн талбайн төлбөрийг чөлөөлөх тухай заалт ч байдаг. Хуулийн эдгээр заалтуудыг өөрчлөх шаардлагатай болжээ. Харин одоогоор Их хурлын ажлын хэсгээр хэлцэгдэж буй Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн төсөлд Хангай, Хэнтийн уулархаг бүсэд бэлчээрийн жилийн төлбөр нэг хонинд 154 төгрөг, нэг ямааг хоёр хонин толгойд тооцож 308 төгрөг, Говийн бүсэд нэг хонинд 80 төгрөг, нэг ямаанд 160 төгрөг байхаар тогтоох санал оруулжээ. Малчин өрх бэлчээрийн төлбөр төлдөггүй байсан заалтыг хасахаар тусгажээ. Гэвч бодлого тодорхойлогчид өөрсдөө энэ өөрчлөлтүүд сүргийн бүтцийн зохистой харьцааг сэргээн тогтооход үр нөлөө үзүүлж чадахгүйг хүлээн зөвшөөрч байна. УИХ-ын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны зөвлөх Д.Мягмарсүрэн “Энэ хуулийн төслийн заалт нь ямааны өсөлтийг хязгаарлаж чадахгүй. 500 ямаатай айл жилд ноолуураасаа ойролцоогоор 5 сая төгрөг олно. 500 ямааны бэлчээрийн төлбөр 154 мянган төгрөг нь тэдний хувьд 15 ямаанаасаа л авчих ноолуурын үнэ” гэсэн юм.
Төв аймгийн З.Болдбаяр, Баянхонгорын И.Буян, Сүхбаатарын Н.Чулуунбаатар, Г.Төмөртогоо, Булганы П.Батбаяр, Завханы Я.Доржготов нарын зэрэг олон малчинтай уулзлаа. Тэд “Нэг толгой нь л жилд арав хорин мянган төгрөгийн ашиг өгдөг ямаагаа бид өсгөхгүй гээд яах вэ” гэж байна. Нэгэнтээ УИХ-ын гишүүн Л.Цэвээнжав “Нам рейтингээ унагахаас айж малын татварыг нэмж чаддаггүй” хэмээн ам алдаж билээ. Ноён суудлаа бодно. Харц ноолуураа бодно. Ямаа мөлжиж, цавчилж, ухаж, талхалсаар. Монгол нутаг цөлжсөөр.

Wednesday, March 17, 2010

Гэрлээ унтраа


2010 оны З дугаар сарын 27. Хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн санаа, зорилготой байгаагаа илтгэн харуулах томоохон үйл явдал энэ өдөр тохиож байна. Олон зуун сая хүн өөрийн эв нэгдлээ илэрхийлэн энэ өдөр гэрлээ нэг цагийн туршид унтраахаар шийдээд байна. 2010 оны Эх дэлхийн цаг хэмээх энэхүү үйл явдал нь хүн болгон нэгдэн орж дэлхий нийтээр нэгэн санаатай буйгаа харуулах боломж юм. Энэхүү үйлсэд нэгдэн 2010 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн оройн 8.30- 9.30 хооронд гэрлээ нэг цагийн туршид унтраана уу.

Monday, February 8, 2010

Хүрээд ир, Асашёорюү-Дагваа минь

Хүрээд ир дээ Дагваа минь. Үүлэн зүмбэр Хангай чинь байна. Үзүүр хөх уулс чинь түшнэ. Зүлэг ногоон дэвжээ чинь угтана. Зөв хэлтэй түмэн чинь дэмжинэ. Ээтэн гутал илгэн зодгийг болгоох аваас чинь, Энх төрийн цэнгэлдэх хүрээлэн зайгүй дүүрнэ. Бөхийн дугираг өргөөний үүдээр баярласан олон сад тавин цуглана. Холын Францын тэргүүн хотол монгол наадмын их шөвөгт шимтэнэ шүү дээ. Хүрээд ир дээ Дагваа минь. Хүү минь!

Tuesday, August 26, 2008

Амралт дууслаа!

Амралтаараа хөдөө яваад, алтан медаль угаагаад, айраг эргүүлээд, айлчин гийчин хийгээд завгүй байсныг минь уучилж ажаамуу.
Амралт дууслаа. Удахгүй шинэ бичлэгүүд нийтэлж эхэлнэ.

Амралт дууслаа!

Tuesday, July 15, 2008

Блогийнхон нэгдэж нийгэмд зүтгэнэ

“Амараа чи блог бичээч” гэж надад нэг нөхөр хэлэхэд нь “блог гэж юу юм болоо?” гэж дотроо бодсон ч, чухам юу болохыг нь асуухаас нэрэлхээд өнгөрч байсан минь саяхан. Яг үнэнийг хэлэхэд “бичлэгийн нэг төрөл зүйл гарч ирсэн юм болов уу, фельетонорхуу юм болохоор нь надад найз минь санал болгож байгаа юм байх даа” гэж ч бодож үзэж билээ. Хэд хоногийн дараа учир мэдэх хүн дээр очоод сонин хачин солиу гажууг хүүрнэх зуураа аажим аажмаар энэ сэдэв рүү залсаар байгаад, блог гэдэг юмны тухай үг алдуулаад, “харин тийм, нөгөө юу” гэж цааш нь ахиулсаар байгаад, РС рүү нь очиж, блог гэж чухам юу болохыг биетээр нь харж билээ. Тэгээд яасан гээч? МТҮП-ийн 00-руу давхиж ороод өөрийгөө шоолон түсхийтэл инээж аваад буцаад өрөө рүү нь төв царайлан алхаж орж байж. Тэр учир мэдэх эрхэм маань Буянцогтоо.
Блог хэмээх энэ дэвшлийн ачаар би хоёрхон жилийн дотор маш олон хүнд уран бүтээлээ хүргэж дөнгөжээ. Олон сайн анд нөхөртэй болсон. Зуун төгрөгтэй бол микронд суугаад хоёрхон буудал л яваад, чарлаачид нь өшиглүүлээд буухаас өөр аргаүй болно. Зуун нөхөртэй бол дэлхийг зуун зургаа тойрох энүүхэнд.
Хүүе энэ чинь хадуураад давхичихжээ.
За энэ олон зуун анд нөхөд хүчээ нэгтгэж, нийгэмд хэрэгтэй үйл хэрэг бүтээхээр зорьж “Монголын блогийн холбоо”-г байгуулж байна. Энэ холбооны анхны хурал 7 дугаар сарын 18-ны билэгт сайн өдөр 19 цагт, Хууль зүйн үндэсний төв, Хэвлэлийн хүрээлэн хоёрын аль нэгнийх нь их танхимд болох гэж байна. Та бүхэн морилон ирмүй.

Яг хаана болохыг нь жич зарлая.

7 дугаар сарын 18-ны билэгт сайн өдрийн 18 цаг 30 минутад Хууль зүйн үндэсний төвийн 304 тоот танхимд хуралдахаар болжээ. Цааш нь дамжуулсугай.

Monday, May 7, 2007

Уучлалт хүсэхийн учир ину

Хоёр хүү маань эмнэлэгт хэвтээд, хань минь сахиад. Би ажил, эмнэлэг хоёрын хооронд давхиад завгүй байлаа. Дээр нь Хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүл зүйн дээд курсийн /миний бие энэ курсийг хариуцаж ажиллаж байна/ төгсөлт болоод... Блогоо хайхралгүй хаячихсан шүү, эрхмүүд ээ.
Өнөөдрөөс л жаахан ухаан орж байна. Хүмүүсийн блог руу орж шинэ сэргэг юу байна гэж үзэж, ганц хоёр сэтгэгдэл үлдээсэн шиг.

Удахгүй шинэ өгүүллэгээ нийтэлнэ ээ. Та бүхний минь хайрладаг урмын хүчинд миний толгой руу хоржоонтой үгс урсаж байдаг шүү. Уншигч танаа мэхийн уучлал гуйж байгааг минь хүлээн авна уу?

Алтайн хөх уулс, Хар Азаргын нурууны Цахирын овоондоо, Баатар вангийн хошууны алдарт Баян Богддоо мөргөмү.

Онгодын хур асгарах болтугай.
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates