Monday, October 28, 2013

ӨРГӨГЧ ЦАМХАГ



/цуврал өгүүллэгийн нэгдүгээр/

Хүдэрийн нойр хулжжээ. Цаг хугацааг зогсоочихсон мэт гүн харанхуй шөнө орчныг бүхэлд нь нөмөрсөөр л. Цээжин дотор тийм гэх аргагүй сонин мэдрэмж хургана. Уушиг зүрх амаар гарчих шахан хөөрч, орноосоо суга үсрээд, одтой тэнгэрт нисчихмээр.
Нэг мэдтэл, үүлс баганадсан өндөр өргөгч цамхагт суугаад, том тэвшээр дүүртэл өрсөн улаан тоосгыг, наранд шүргэтэл дээр өргөөд, салхи исгэртэл залуурдан байшингийн оройд буулгаж байх юм. Цайрдсан зузаан төмөр данх дөчтийн савтай харшин танхийх дуунаар Хүдэр сэрвэлзэн нүдээ нээлээ. Харамсмаар. Өргөгч цамхаг зүүднийх байжээ. Элдвийг бодон хөрвөөж байсан хүү нойрондоо цохиулан нам унтаад, ээжийнхээ ус уудлах чимээнээр сэрсэн нь энэ аж. Үүр цайчихжээ. Чухам үүрийн гэгээг л тэсэн ядан хүлээж байсан болохоор, хүү ухасхийн өндийлөө.
-Хүүе! Хүү минь унтахгүй яагаа вэ? гэж эхийгээ дуу алдахад,
-Барилгын ажил эрт эхэлдэг гээ биз дээ? гэж сандарлаа. Үрийнхээ яарч хөвсөлзсөн сэтгэлийг ойлгож, дотроо өхөөрдсөн эх инээмсэглэх зуураа ус дүүргэсэн данхаа цахилгаан зуухан дээр тавилаа.
-Цаг болоогүй ээ, хүү минь. Жаахан ч болов унтаад ав. Өдөржин ажиллах болохоор ядарна шүү хэмээн хошуу цорвойлгон гуйх ээжийнхээ үгийг Хүдэр сонсохыг ч хүссэнгүй. Ухасхийн хувцаслаж эхэллээ. Долоодугаар ангиа дүүргэж, зуны амралтаа эхлүүлж буй хүү барилгад ажилчнаар орох болсон учраас ингэтлээ догдолж хөөрсөн хэрэг. Арван хоёрхон настай, хар нялхаараа үрийгээ хар бор ажилд нухлуулах гэж байгаадаа эхийн санаа зовнино. Гэвч хөөрхий ядарсан бүсгүй Өнөрмаад өөр арга даанч үгүй. “Харийн оронд хар ажил хийж, байрны мөнгө босгоно” гээд долоон жилийн өмнө явсан нөхөр нь сураг тасраад гурван жил болж байна. Тэндээ өөр хүүхэнтэй амьдарч байгаа болохыг дам хүнээс сонсоод, харин ч айж цочиж, уйлж орилоогүй. Он жилээр хүлээж цөхөрсөн учраас базаахгүй мэдээ сонсоно гэдэгтэйгээ эвлэрчихсэн байсан нь тэр болов уу.
Хүдэрийн ажиллах барилга гэрээс нь хоёрхон буудлын зайтай тул хоромхон зуурт л гүйж хүрсэн байлаа. Өчигдөр түүнийг бүртгэж авсан бүсгүй гайхсан, бас баярласан царайтай угтлаа. Ээжийнх нь найз Гүнжлхамын үеэл дүү Чимгээ гэх энэ сайхан зантай эгч,
-Ийм эрт гүйгээд ирдэг, яасан сайн хүү вэ! гээд инээснээ, хоёр хуудас дүүрэн зүйлийг нэгд нэгэнгүй цээжил гээд суулгачихлаа. Анги дэвших шалгалтаа дуусгаад санаа амарсан байтал, дахиад шалгалт өгөх болчихдог нь хачирхалтай. Ажил хийх гэж ирлүү, дүрэм цээжлэх гэж ирлүү гэж бухимдмаар. “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам” гэгчийг дор нь цээжилж, нэмэлт зөндөө тайлбар сонссоны дараа сая л сайхан зантай аниа Хүдэрийг дагуулан хүслэнт барилга өөд нь хамтдаа өгслөө. “Подъёмник” хэмээн нэрлэдэг өргөгч шатаар таван давхар луу гарч ирсэн тоосгыг өрлөгчинд зөөж хүргэх ажил хийнэ гэдгээ сонсоод, өчигдрөөс хойшхи сэтгэлийн хөөрөл унтарчих нь тэр! “Ээж нь хүүгээ барилгад ажилд оруулахаар ярьсан” гэхийг сонсоод, өргөгч цамхагт суугаад, олон гишгүүр араа хөшүүргийг залж, том хавтан, өрөөстэй улаан тоосго өргөж байна гэж өчигдөржин, урьд шөнөжин төсөөлөн бодсоор байсан билээ. “Би долоодугаар ангийн хүүхэд. Намайг яалаа гэж өргөгч цамхагт ажиллуулах вэ?” гэж бодохоос хачин их уйтгар төрнө. “Яагаад би ийм гэнэн юм бодоод, түүндээ өөрөө итгэчихэв ээ?” гэж дотроо өөртөө гоморхлоо.
Өрлөгчин Алимаа гэх мариалаг бор эгчийн туслахаар Хүдэр ажиллаж эхэллээ. “Тоосгыг заавал ингэж үүрнэ” гээд яаж үүрэхийг үзүүлж, биеэр нь хэд дахин хийлгэж алдааг заслаа. Бас заавал таван ширхэгээр зөөх ёстой. Түүгээр ч зогсохгүй подъёмноос хана хүртэлх хорьхон метр зайг заавал нэг замаар туулах ёстой юм гэнэ. Алимаа эгч мах шөлтэй хүн гэхэд итгэмээргүй шалмаг аж. Яг л робот шиг нэгэн хэмээр хөдөлж, ханыг ирийтэл өрнө. Хүдэр тоосгыг тав таваар нь үүрэн ирж түүний дэргэд, заасан цэгт хураана.
-Тээр! Чи амьсгаадаад эхэлчихлээ. Битгий өөрийгөө албадаж хурдан алхаад бай. Амархан ядарчихдаг юм! гэж өрлөгчин эгчийг зандрахад цээж бачуурч, самсаа шархираад явчихлаа. Хэдэн муу тоосгыг яаж ч зөөсөн энэ хүмүүст ямар хамаа байна аа? гэж гоморхон бодсоор буцаж алхлаа. Одтой тэнгэрт цойлчих шахан хөвсөлзөж хөвхөлзөж байсан их баяр догдлолоо эргэн санахаар уйлчих гээд болохгүй. Дэмий л буруу харан хэсэг зогслоо.
Алимаа эгээгээс жаахан цаахна өрлөг хийж буй ахын туслах, дунд сургуулиа хэдийнэ төгсчихсөн бололтой эгчмэд шар охин Хүдэртэй зөрөхдөө доогтой нь аргагүй инээнэ. “Би тоосгоо буруу үүрээд байгаа юм болов уу?” гэж бодлоо. Эгчийн зааснаар үүрэх үйлдлийг яв цав хийнэ. Гэвч охин инээсээр л. “Би эр хүн шүү дээ. Тэгсэн хэрнээ нэг муу турьхан охинтой адил тооны тоосго үүрсэн болохоор намайг шоолоод байгаа бололтой” гэж бодогдлоо. Тоосгоо таваар биш, арваар нь зөөж эхэллээ. Бас алхах хурдаа ч нэмлээ. Алимаа эгч ажилдаа улайраад мөддөө анзаарсангүй. Харин өнөөх шар охин улам доогтой жуумайж байна шүү. “Гайгүй дээ. Чамд ямар эр хүн гэдгээ үзүүлнэ дээ” гэхээс дотор бугшина. Хоёр гуравхан явалтын дараа амьсгаа давхцаад, нуруу чилээд, хөл гуйвав. Гэсэн ч танихгүй охины өмнө ядарснаа мэдэгдэхээс ичээд, “гүрийгээд” л байлаа. Хүдэрийн байдгаараа ядарсан болохыг Алимаа эгч гэнэт анзаарлаа. Энэ удаа маш уурлаж, учрыг удаан тайлбарлалаа. “Биендээ аль болох ачаалал өгөлгүйгээр, цөөн тоосгыг жигд хурдаар зөөх ёстой” гэх дүрэм ингэж л орой руу орлоо.
Үдийн хоолондоо Хүдэр шалчийтлаа ядарсан хүн очлоо. Маш томоор хөшиглөсөн, зөндөө их махтай гурилтай шөлийг хараад, арааны шүлс асгарсан ч “Энэ гоё хоолноос хоёр дүүдээ аваачиж өгөх юмсан” гэх бодол толгойноос салахгүй. Цэцэрлэгт үйлчлэгч хийдэг ээжийнх нь цалинг өрөнд суутгасан тул өчүүхэн жаахан элэг бөөр төдийхнийг нийлүүлж боосон “жижиглэн” хэмээгчээр хоол хийж идвэл дээдийн дээд “махтай хоол” тэр болчихоод байгаа билээ. Ажилчдын нирхийтэл инээлдэх дуу бодлыг нь сарниав. Өнөөх танихгүй охины “дарга” өрлөгчин Чулуун гэгчийн дуу ихтэйг яана. Өмнүүрээ улаан хөлтөн гишгүүлэхгүй, нохой гахайгаар хочлон пар пар инээнэ. Хочных нь ончтой гэдэг гайхмаар. “Наруто” гэсэн хочоор дуудуулсандаа уурлах залууг хараад Хүдэр инээдээ арай ядан барилаа. Том мурий ам, жаатгар нүдтэй, хөдөлж аяглаж буй нь яг л япон гэж андуурам залуу байх аж.
-Миний дүүгийн нэр хэн билээ? гэж хоолоо амтархан идэж буй шинэ хүүгээс шооч эр асуулаа. Дуугүй байх хэцүү, дуугарах нь бас сайн юманд хүргэхгүй гэдгийг мэдэрч, хэсэг зуур түгдрээд,
-Хүдэр гэж нэрээ чанга хэлээд тавьчихлаа. Чулууны жаатгар нүд сэргээд, бүр босч ирлээ шүү.
-Өө хөөрхий! Манай муу халтар нохойг бас Хүдэр гэдэг юм. Та хоёр амьдаа болж таарах нь! гэдэг байгаа. Хооллохоор цугларсан барилгачид элгээ дарж, зарим нь шалан дээр ойчтолоо хөхрөлдөнө. Чулууныг харахаас өшөө хүрмээр. Бушуухан гараад гэр лүүгээ гүйчихмээр. Харин өнөөх танихгүй охины царай дахь доогтой инээмсэглэл алга болоод, “дарга” руугаа үзэн ядсан харцаар цоргиж байгааг хүү анзаарлаа. Чухам энэ л түүний гарч гүйх хүслийг зогсоов уу гэлтэй.   
Орой гэртээ ирэхэд хоёр дүү нь шулганан угтлаа. Ажилчдын нүд хариулж байгаад гялгар уутанд хийж авсан гурилтай хоолны том гэгч хөшиглөсөн махнуудаа гаргаж өгөхөд хөөрхий, магнай тэнийтэл баярлах нь өрөвдмөөр. Махыг амтархан зажилж буй ч нүд нь дараагийн идэх махнаасаа салахгүй ширтэхийг ээж хараад нүднээсээ нулимс унагалаа. Хүдэрийн уур буцалж, оройжин хүрлийж суув. “Нохойны нэрт” гэж дуудуулдаг болсноо санахаас уйлмаар. Тоосгыг заавал таван ширхгээр, заавал ингэж үүрээд, заавал энэ замаар яваад, заавал энд өрөх ёстой гэж буй Алимаа авгайн хорсолтой дүр нүдэнд харагдахад хөмхийгөө зууна. Хөөрхий ээж нь юу болсныг асуун наана цаана гүйнэ. Санаа их зовнисон нь илт.
-Би ядарч зүдэрсэн ээжийнхээ төлөө, хоёр хөөрхөн дүүгийнхээ төлөө энэ бүх доромжлолыг тэвчих ёстой! Би цалин авч ээждээ нэмэр болох ёстой! гэж Хүдэр өөртөө тушаасаар маргаашийн ажилдаа ирлээ.
Гайхалтай нь энэ өдөр бүх зүйл өөр тийшээ эргэжээ. Чулуун ах өрлөгөө түрүүлж дуусгасан учраас Хүдэртэй хамт тоосго зөөх ажил хийлээ. “Тоосго зөөнө гэдэг доромжлол биш байж. Олон жил ажилласан хашир хүний ч хийдэг ажил байж” гэж бодохоос ичмээр. Хашир өрлөгчин Хүдэрт тоосгыг үүрч буулгах маш эвтэйхэн аргыг өөриймсгөөр заана. Түүгээр ч зогссонгүй “Мэрси” шоколад гаргаж Хүдэрийн халаас руу сэм хийгээд,  
-Өчигдрийн явдалд ахыгаа уучлаарай. Дүүгээ арай л хэтрүүлчихсэн дэг ээ гэдэг байгаа. Хүдэрийн дотор уужраад явчихлаа. Уржигдар шөнийн, нисчих дөхсөн сайхан мэдрэмж эргээд ирчих шиг. Чулууны уучлалт гуйсанд биш, “Хоёр хөөрхөн дүүдээ, бүтэн хайрцаг шоколадтай очих нь байна шүү дээ!” гэж бодохоос уушиг зүрх нь цээжиндээ багтахгүй баярлаж догдолж байлаа.

6 comments:

ZAYA said...

Хүдэр хүү гэнэдэх вий дээ, нэг сайн халамжлан хүмүүжүүлэх бригад хэрэгтэй дээ. Олон дотроо л зөв хүн болдог юм шигээ.

ZAYA said...

аан, тий үргэлжлэлээ удаахгүй оруулах тал дээр хичээгээрэй ах минь...

Номинговь said...

Үргэлжлэлийг нь хүлээж байя

Console said...

юутай ч сайн хүүтэй ээж байна. ... ?

Frank said...

Бичлэгийн өнгө аяс, утга санаа, ахуй өнгө нь гайхалтай!

Амтархан хүлхэж, амандаа байлгаад л баймаар, ерөөс залгичихвал харамсам бурам шиг л...

Muggie Bat said...

urgeljleliig ni haraad bsan minii nas hurehguine shig bn doo

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates