/фельетон/
Орчлонгийн хамгийн азгүй амьтан гэвэл намайг л хэлдэг байх даа. Миний сонголт ёр юм шиг дандаа буруу байна.
Ядахад, сонгож суусан микротой заавал нэг гай тохиолдоно. Уржигдар учирсан жолооч долоон удаа зам хазайн шатахуун цэнэглэж, чарлаач нь мөн долоон удаа зогсож мөнгө задлуулснаар барахгүй дордохын долоо дахь буудал дээр дугуй нь хагарснаас би ажилдаа бүхэл бүтэн долоон цаг хожимдлоо. Өчигдөр тэгтэл, хэрээ шиг хахирган чарлаачтай хэрнээ буудлаас ховхрохоо мэддэггүй хоргодоо жолоочтой таарч, үд хэвийж байхад ажлынхаа хаалгыг арайхийж татлаа. Захирал цоргитол муухай хараад, “Эцсийн удаа санууллаа шүү, нөхөөр” гэсэн юм. Өнөөдөр яасан гээч? Зам огт түгжирсэнгүй, чарлаач аядуу дуугарч, жолооч ухас ухасхийлгэн хурдалж байна. Баярласан гэж жигтэйхэн. Ажлын газар луу овоо дөхөж явтал тасхийтэл шүгэл тачигнах нь тэр. Лайтай цагдаа яах гээд байгаа нь бүү мэд, жолоочийг шаналаан хагас өдөр зогсоолоо. Ингээд л би дараагийн ажлаа хайх болсон доо, хөөрхий.
Нарантуулаас гутал сонгох боллоо. Хятад, солонгос, орос гээд түмэн “хэлийн” гутал шинжиж, амралтын өдрөө тэр чигт нь энэхүү сонголтын нарийн чимхлүүр ажилд үрлээ. Орой нар жаргаж байхуйд нэг гутал нүдэнд тусаатахлаа. Үзэж байтал нэг авгай хажуугаас, “Манайхан аягүй сайн оёдог болсон ш дээ” гэж байна. Цөс минь хөөрч “Үндэсний үйлдвэрээ дэмжье” гэж дотроо хэлээд, мөнгөө тооллоо. Жинхэнэ үхрийн ширээр, гараа гаргаж оёсныг нь бодохоос хамрын самсаа шархирч байсныг яана. Гутлаа ганц хоног өмстөл хөх төмөр хадааснууд хөдөө тийшээ матийн гарч ирээд хөл хага хатгаж байна. Хоёр хонотол улавч нь хумигдаж, хатуу цаас цухуйв. Гурав дахь өдрийн үдийн хугархайд өнөөх цаас нь норж овойгоод өмсөхийн аргагүй боллоо. “Үндэсний үйлдвэр”-ээ хог руу шидэж байхдаа бахархлын бус гомдлын нулимс дусааж билээ.
Амьтай голтой эр хүн юм хойно авгай сонгов. Гайтай юм шиг хамгийн ардчилсан үзэлтэйг нь сонгосноо хуримын маргааш мэдлээ. Хоолны махыг яг тэнцүү хуваан хөшиглөнө. Угаалга хийх боллоо гэхэд оймсыг өрөөсөн өрөөснөөр нь тэнцүү хуваарилна. Үйлийн үртэй амьтан өрөөсөн оймс үрэн хөөсрүүлж, нусаа татан суухдаа найз нартаа атаархан, дэмий л санаа алддаг даа. Тэд бол авгайгаа зарчихаад, телевиз ширтэн, буйдан дээрээ налайж байдаг.
Сонгуулийн тухайд бол ярихын ч хэрэггүй. Ардчилсан үзэлт авгайтайгаа зөрсөөр байгаад Энхбаярыг ерөнхийлөгчөөр сонгосон. Тэгтэл хамгийн шуналтай, хамгийн бузар нь болж таарсан. Улсын Их Хуралд бүр долоон дор. Хамгийн сүүлд, 2004 онд сонгосон гишүүн маань хууль хэлэлцэхийн оронд бэлгэвч ярихыг илүүд үздэг хүн байж таарлаа. 2000 оных бол улсын нисдэг тэргийг хувийнх гэж андуураад үнэг хөөдөг нөхөр байсан. 1996 онд юу ч дуугардаггүй хэлгүй Короляг сонгож байлаа.
За даа нэг, иймэрхүү л аж төрж байна даа. Азгүйгээсээ болоод би их гутардаг байж. Харин, “Аливаа даалгаврыг биелүүлэх хоёр, эсвэл түүнээс дээш хувилбар байвал хүн хамгийн бүтэлгүйг нь сонгодог” гэх Морфигийн хуулийг нэг цэлмэг өдөр олж уншсанаасаа хойш гутрахаа больсон. Гутрахгүйгээр барахгүй, бүр инээд хүрдэг болсон гэж байгаа. Надад биш хуулинд буруу байгаа юм чинь яах вэ дээ.
Monday, November 19, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
29 comments:
Энэ фельетон төрөх санааг өгсөн Эрдэнэболорт талархал илэрхийлье.
he he he. mash goyo boljee. yaj ingej yojilj chaddag bna aa. PC-gee harj bgaad genet ineesen namaig manaihan shoolj bna. tessengui ee ineedee barij chadsangui.
Амарсайхан ах гоё бичжээ. Энэ зовлон надад ч бас байнга тохиолддог юм. За яахав, энэ насандаа зовсон хүн хойд насандаа жаргадаг юм гэнэ лээ :).
Minii tuhai bichchihsen baina gej bodson chin'... Gehdee nadaas busad n' aztai yum shig sanagdaad baidag n' yamar uchirtai ve?
Сараана-д:
Сурталчилгаа хийж өгсөнд баярлалаа. /Танайхан гүйлдэж ирээд миний блогийг харсан байх гэж бодлоо/
Эрдэнэболорт:
Хойд насаа хүлээхээс дээ, хоёулаа.
Пийкфиндерт:
Морфийн хууль үнэн л бол бүх хүний тухай бичсэн болж таарах юм.
Хоёр дахь өгүүлбэрийн тухайд бол:
Хүний авгай хөөрхөн харагддаг
Айлын хоол амттай
гэдэг гүн ухаан ард нь яваад байна аа даа?
Сайн уу? Амарсайхан ахаа! ...их хөгжилтэй бичжээ, бүтэлтэй бүтэлгүй ч аливаад тэр дундаа өөрт хэрэггүй ашиггүй зүйлд залуус бид өөрийн бурууг тохох нь бараг л үгүй болж байна даа! үнэн хэрэгтээ бусдын төлөө гэсэн сэтгэлийг өөрөөсөө биш бусдаас харж хайгаад л зовчих юмаа! :D
Za zaaval neg yum todorhoilj bichih geed ch yahav zugeer l taalagdlaa :-)
Өсөннэмэхэд:
Микро, УИХ, Ерөнхийлөгч, Үндэсний үйлдвэрийг өрт хэрэггүй ашиггүй зүйл гэх нь хэтэрхий хувиа хичээсэн хэрэг болов уу.
Микрод суудаг мянга мянган хүн бий, тэд микрогоо хэрээ шиг бархирдаг чарлаачтай, шугамаасаа гараад айл хэсэх нь холгүй жолоочтой байгаад бухимддаг л байж таарна.
"Үндэсний үйлдвэр"-ийг буюу гутлын оёдолчдыг хэрэглэгчээ хулхидалгүй сайн бүтээгдэхүүн хийчихдэг болоосой гэж хэн нэгэн шаналж болохгүй гэж үү?
Жагаад:
Ямар нэгэн санаагүй хоосон инээд наргиаг аль болох бичихгүйг хичээдэг дээ. Чиний асуултын тайлбар Өсөхөөд бичсэн зурваст бий. /яг чанх дээр байна/ Гэхдээ хошин зохиол гэдэг маань зүгээр л хүний стресс тайлах, хэт их ачаалал хурдаас болж ядарсан тархийг амраах гэж бичигдэх нь бий. Манай тайзны хошин урлаг энэ чиглэл рүүгээ түлхүү анхаарч байгаа.
Уучлаарай, дээр "өөрт" гэхийг "өрт" гэж ташаарчээ. Залруулж уншина уу?
энэ комментийг устгачихна биз. 2002, 1998 онд сонгууль болоогүй, 2000, 1996 байх, түрүүн уг нь энэ алдааг харсан боловч заавал би алдааг нь хэлж өгдөг нь юу вэ гэж бодоод чимээгүй байгаад байлаа
Чарлаач гэж сайхан таарсан нэр байштээ. Аль амбасын үед Бээжинд гишгэж явах үед хужаа чарлаачид лай болдог байсныг манайхан яг дуурайчих болтой юмаа. Дуурайхдаа хүртэл уруу доройг нь дуурайгаад байхдаа яахавдээ.
Сонгогчид хулигаануудыг сонгосноороо хэр их хожиж байгаа талаар бичээч хө.
Эрдэнэболорт: За яадийн үйлийн үрээ эдэлж ядаж буй маниуст тэнэглэсэн он сарыг нь санагалзуулж тавлаж яахнуу. Сонгууль гэхээр хамаг бие загатнаад аллергитчихдийн.
Эрдэнэболорт:
Уг би чинь аймгийн тооны олимпиадын ганц хоёр түрүүтэй байсан хүн шүү дээ. Эртүүд квадрат тэгшитгэл бодож үзэх гэсэн чинь юу билээ, томъёо нь санаанд орж ирэхгүй байна лээ. 2004-4=2002 гэж бодож байгаа хүн чинь квадрат тэгшитгэлийн тухай ярихын ч хэрэггүй болж дээ, хэ хэ.
Зараад:
Кондуктор гэж гадаад үг хэрэглэж байснаас чарлаач гэдэг нь оносон нэр юм болов уу гээд хэрэглэчихлээ.
Нээрээ л тэнэглэсэн он жилүүдээ санахаас хүрэл зүрх ч хайлах юм даа.
Тэгээд ард түмнтйг хохь чинь гэх нь дээ. Та нар сонгоо биздээ гэхийн байгаа биз...
Заяад:
"Яах гэж азгүй сонголт хийсэн юм? Хохь чинь" гээд л бэлгэвчээ яриад, нисдэг тэргээ унагаагаад байгаа улс даа цаадуул чинь.
Нээрээ Амарсайхан ахаа,компуутэрт л файлыг зидлэдэг гэж ташаа бодож болохгүй болсон байна лээ. Хүнийг зиплэж болдог гэнэ лээ шүү.
Хаана?
Мэдээж Монголд
Яаж?
Микронд чихээд л ...
Хэхэ, Тэгсэн Конфи "Юу ч биш, Африкт бол таксинд 11 хүн чихдэг" гэсэн. Тэгээд би бодлоо л доо, хэрэв цагдаа нар гэж гайтай юмнууд торгож моргоно гээд зогсоодоггүй бол 11 байтугайг чихэх байсан байх гэж
Дэрсү Узала
Дэрсүд:
Таксинд 11 гэдэг бол хэвийн үзэгдэл. Сумын эрчүүл трактороор айл хэсэж нэрмэл уудаг. Белорусь тракторын жижигхээн шилэн кабинаас 12 хүн бууж ирэхийг би өөрийн хоёр онигор нүдээрээ харж байлаа.
Шилээрээ ч харсан, шилгүй ч харсан. Нээрээ шүү.
neg l tanil mornuud baisan morfi ahyn maani huuli yavj baidag gej baina shd. sedev n orood irvel dor n setgeed urlachih yum, ih goy bichjee bayarlalaa.
ха ха ямар инээдтэй гэхдээ үнэн юм бэ , би бас их бүтэлгүйддэг юм ,бүр өөрийгөө заримдаа азгүй тахиа ( би ч тахиа , чи ч тахиа , бас загаснууд биз дээ ) гээд боддог байлаа . Харин наад хуулийг чинь мэддэггүй байсан , баярлалаа .
Нэмлэтэд:
Өө зө, танай авга уу, нагац уу? Танай ахын буянд ийм фельетон биччихээд сууж байх болой. Ахдаа мэнд дамжуулаарай.
Лакид:
Азгүй тахианууд бие биентэйгээ интернэтэд учирсан хэрэг үү? Би ч гэсэн мэдэхгүй яваад байж.
Хэхэ,микро нь нээрээ үнэн шүү. Хэцүү хэцүү... Бас тэр авгай нь...хих
Бүр энэ амьдрал авах юм алга. Өөртөө гутарчихлаа.
Муланкад:
Бичсэн юмаа ханьдаа эхлээд уншуулдаг байсан. Энэ удаа тэгээгүй. Манай хүн эрх тэгш байх шаардлага л их тавьдаг хүн болохоос амьдралд хэрэгжүүлээд байдаг хүн биш л дээ. Хэрэгжүүлэх боломж их муутай, би дандаа оройтдог. Аль болохоор түүндээ туслахсан л гэж боддог. Гэхдээ бодохоос цаашгүй л байгаа. /Сэтгэл сайхан бол боллоо доо/
Золоод:
Үзнэ ээ.
Хүмүүс ээ, энэ блог руу ороорой. /За дамжуулчихлаа/
Санакаед:
Гутраад яах вэ? Сайхан шоолж инээгээд л, өөдрөг явъя.
gutliin tuhai deer neg unshij bsn yum bnaa tee. ta neg hunii blog deer com bichihdee oruulsan bsn.
gehdee l onood helchhej dee, charlaachaa gej, jolooch nar bas ter charlaachiig chin unchnuun tuchnuu shalguuraar avdag gesen bh shuu. sain charladag, sain herelddeg, jijig bietei turanhai bh (buduun bol hunii too bugluud bdg gesen)geed l zunduu bdg gesen.
Бямбаад:
Туранхай хүнээс том дуу гарахгүй. Бүдүүн хүн зорчигчидтой чихэлдээд багтахгүй. Тэгэхээр микроны эзэнд их зовлон учирдаг юм шиг байгаа юм.
Bi ch bas neg ih jijighen hun bish dee. Mikrond orohoor zehelzeed baidgiinshd. Zorchigchdoo hurtel golj shileh geed baidag yum bishuu. Jijighen bietei olon hun suulgaj gants neg zuun tugrug iluu olchih geed l...
ГанааБЖ-д:
Хоноц хоноцдоо дургүй гэгчээр бас хажуугаас зорчигчид ч муухай харна гээч.
Улс тунхагласны 83-н жилийн ойн баярын мэнд хүргэе! :D
Өсөннэмэхэд:
Баярлалаа.
Бүгдэд:
Өнгөрсөн ч гэсэн, баярын мэнд хүргэе ээ.
Post a Comment