Wednesday, August 1, 2007

Лайтай амьтан

(шог өгүүллэг)
Том дарга нар манай хэлтсийнхнийг “архичид” гэж нүд үзүүрлэнэ. Дарга цэрэг нь ялгагдахгүй эвтэй найртай болохоороо бид тэдэнд тэгж харагддаг юм л даа. Даваа гаригийн өглөөний хурал эхлэхэд манай дарга:
-Нөхөөд! Өнөөдрөөс эхлэн ажлын цагаар шар тайлахыг таслан зогсооё. Цаана чинь, дүүрэг даяар манайхныг ярьж байна гэх боловч хурлын төгсгөл рүү толгойгоо даран ярвайж байснаа,
-Үхэх нээ, ёо ёо. Алив, Болд оо, хүү минь ухасхий! Ганц юм олоод ир. Жижүүрт мэдэгдчихэв ээ гэнэ.
Ингэж он жилийг өнгөрөөж байтал хамт олны маань дундаас ногоон Гонгор тасарч, цойлдог боллоо. Түүний ааш авир өдөр хоногоор хувирч, бидэн рүүгээ “хар, яр” гээд байх болсон төдийгүй охид бүсгүйчүүдийг үсдэж чарлуулан бөөн хэрэг тарина. Даваа гаригийн хурал дээр дарга ярьж бид сонсдог байсан бол одоо Гонгор хаван гүйсэн царайгаа мэнчийлгэн:
-Муусайн шаарнууд, та нар юу юм? Надаас бусад нь архи уудаггүй юм уу, аан! хэмээн агсарна. Бид юун шараа тайлах манатай. Түүнийг аргадах гэж үйлээ үзнэ. Тэр бидэнтэй уухаа байснаар барахгүй хуулийн хэлтсийн согтуу Лууяа, төрийн санд ажиллаж байгаад хусагдсан улаан хамар Дорж мэтийн хүнд гаруудыг өрөөндөө цуглуулах боллоо.
Хамт олноороо эвтэй найртай байхад анзаарагддаггүй байж дээ. Одоо Гонгорыг орж ирэхэд “хоносон архи”-ны бөөлжис хутгам үнэр, хямд янжуурын нялхийсэн заваан бохь холилдон хонгилоор нэг ханхална. Цоожны нүх арайхийн олж, салгалсаар өрөөгөө онгойлгоход нь шүлс цэр, тамхины үнс болсон шал хальт харагдсанаа хаалга тасхийнэ.
-Энэ лайг яана даа гэснээ дарга толгойгоо сэгсрэн бодол болно. Бид бүгд нэг л мэдэхэд нийтээрээ архинаас жигшчихсэн байлаа! Он солигдоход манай хэлтэс дүүргийн тэргүүний хамт олноор шалгарав. Засаг дарга индэр дээрээс:
-Дутагдалдаа дүгнэлт хийж, архидан согтууралтыг ерэн дөрвөн хувь бууруулсан үлгэр жишээ хэлтэс хэмээн биднийг магтаад, даргад өргөмжлөл гардууллаа.
Орой нь бид даргын өрөөнд өргөмжлөлөө угаахчаа болов. Сэрчим өргөсөн хэдэн дуслыг тооцохгүй бол ширээ дүүргэн өрсөн архи дарс дундарсангүй. Дэмий л дүлий дүмбэ оргин сууцгаав. Өнөөх нялхийсэн заваан үнэр ханхийн ногоон Гонгор орж ирж, согтуу нүдээ эргэлдүүлэн,
-Муусайн шаарнууд, та нар юу юм? Надаас бусад нь архи уудаггүй юм уу, аан! хэмээн агсарлаа. Бид Гонгорыг аргадаж, ганц шил юм тэврүүлэн өрөө рүү нь оруулаад тарцгаав.
Даваа гаригийн хурлыг Гонгор өнөө л хэдэн үгээрээ нээнэ. Түүнийг аргадан, шилний шавхруу өгч гаргаснаар санаа түр амсхийнэ. Дарга Гонгорын тас саваад гарсан хаалга руу хялам хялам хийнгээ:
-Бусдыг нь архинаас жигшүүлэх гэж бурхан ийм хүмүүсийг ертөнц рүү илгээдэг юм аа даа, хөөрхий хэмээн үгээ эхэлснээ хэнгэнэтэл санаа алдана. Хүн төрөлхтөний сайн сайхны төлөө лайгаа эдэлж яваа Гонгорыг бид өрөвдөн шүүрс алдана. Дарга цааш үргэлжлүүлэн:
-За Болд оо, чи залуу хүн, юу алзах вэ. Цаад лайтай амьтныхаа ажлыг өөрийнхтэйгээ давхар амжуулаад байна шүү дээ. Манайх энэ жил нийслэлийн тэргүүний хамт олонд горьдлоготой байгаа шүү гэдэг боллоо.

17 comments:

A.Амарсайхан said...

Бка хэмээх уншигч блогийн үсэг хэт жижиг нүд өвтгөөд байна гэжээ. Түүний блогийнхоо фонтыг томруулаач гэсэн хүсэлтийг ёсоор болголоо.
Та бүхэн энэ мэтчилэн санал хүсэлтээ бичээрэй.
Баярлалаа.

Төрөө said...

Нээрээ үсэг нь том болчихсон чинь давгүй юм байна. Анх удаа Амарсайхан ахын блог дээр хамгийн эхэнд сэтгэгдэл бичлээ гэсэн чинь Амарсайхан ах өөрөө юм биччихсэн байх юмаа хэхэ. Гонгорыг дэмжиж байнаа. Учир нь тэр хүн тийм байгаа учраас л ажилчид нь архи уухгүй байгаа юм байна шд. Гэхдээ л хайран хүн. Уул нь бүгд л уудаггүй байвал зүгээр юмдаа.

Uunee said...

Сайхан өгүүллэг болжээ. Гонгорыг бурхан өршөөг.
Адсенсе гэж би мэдэхгүй юм байнаа. Энэ андуурагдсан коммент байх.

Батсайхан said...

Дажгүй өгүүллэг байнаа

Э. Баярсайхан said...

Үүнийг би нэг, хоёр жилийн өмнө уншиж байсан юм шиг байна. Хэвлэгдэж байсан байх, тийм үү? Эхнэрүүд, нөхрөө архинаас гаргана гэгч шиг л юм болж.

byambaa said...

Gongor ch hoorhii. odoo gongoriigoo arhinaas gargachihval ch...

niigemd ene bj l bdg. ternii ter tegj arhi ugaad, ehner huuhdee tegeed geed l sonsogdoj bdg. ternees ni bid jigsheed, bid avragdaj bgaa gesen ug yum daa.

zaya said...

Гонгорыг архинаас гаргахгүй байсан нь дээр. Хэрэв архинаас гарчихвал жигших хүнгүй болчих байхдаа

Anonymous said...

hoshgiruuldag tuhai oguulleg uneheer sain bichigdsen bna. sanal: fontoo huuchin standart hemjeend ni bailgasan ni deer bna. haraa muutai humuus ni busad site-iig yaj unshdag shigee shilee zuugeed unshih heregtei l dee.

Зараа said...

Sain bainuu

Tanii Oohond huldsan eguu nomnii uguuleguud bna sh dee tee

Saihan bichsne shuu
Shireenii maani nom bolson
Tand amjilt husii shine uguulleg oirdoo harin bichihgui bga ayum uud aa
Shine nom garah bol hamgiin turuund blog deeree medegdeerei

Tand amjilt husii

Э. Баярсайхан said...

Ер нь үсгээ жижиг байлгасан ч болно шүү дээ. Өөрт нь жижиг санагдаж байгаа хүн харьцангуй цөөн байгаа байх гэж бодож байна.
Тэдгээр хүмүүс уншихдаа томруулчихгүй юу. Энэ үйлдлийг галтүнэг дээр бол Ctrl товчийг дарж байгаад л + товч дээр дарахад гүйцээ.

A.Амарсайхан said...

Төрөө, Эршүү хоёрт:
Би ч гэсэн хөөрхийг өрөвддөг, гэхдээ муухай үнэр, байгаа байдлыг нь харахаар өшөө хүрээд байдгийм аа. /Хэ хэ, бодит хүн шиг ярьдаг байна ш дээ/

Үүнээд:
Баярлалаа. Өө чи чинь, блоггеруудын уулзалт дээр ирсэн Үнэнбат биш байсан юм уу?

Батсайханд:
Гялайлаа.

Э.Баярсайханд:
Тийм, "Тоншуул" дээр гарсан. Бас "Өөхөнд хулдсан егөө" номд орсон. "Тоншуул"-аас "News paper MN" шууд копи пэйст хийдэг. Өөр сонинууд бас тавьж байсан.
Контроль + гэсэн зөвлөгөөнд чинь дахин баярлалаа.

Бямбаад:
Бурхан багш хорвоог илүү дутуу юмгүйгээр бүтээсэн гэдэг байх аа. /Энэ тухай нэг "Гүн ухааны өнгө аястай" фельетон хийнэ ээ/

Заяад:
Зөв хө, бидний төлөө Гонгор зовох ёстой. /хэ хэ/

Анонимд:
Баярлалаа. Фонтоо томруулах санал 2, жижиг болгох санал 2 болж тэнцлээ. Баярсайханы зөвлөгөөг дагасан нь дээр юм болов уу даа.

Зараад:
Урам хайрласанд баярлалаа. Удахгүй шинэ өгүүллэг тавина аа. Бэлэн болчихоод байна. 2-3 хоногийн дараа дахин нэг уншиж нягтлаад нийтэлнэ ээ.

A.Амарсайхан said...

Ойрын хэд хоног завгүй ажиллаад, интернэт рүү шагайсангүй. Комментод хожуу хариулж байгааг минь өршөөгөөрэй.

Senior said...

Их сайхан санааг гаргасан байна. Бусдад харагдахгүй хийсэн буян гэж энэ байх даа

Uunee said...

Үсгээ жижиг байлгасан нь зүгээр юм байна. Би блоггеруудын уулзалтанд очсон Үнэнбат биш ээ.
Дараа, дараачийн шинэ өгүүлэгүүдийг чинь хүлээж байна шүү.

A.Амарсайхан said...

Эршүүд:
Өнөөдрөөс ажилдаа орж байна. /Хувьсгалын ажилд, хэ хэ/ Амралтаараа нэг баримтат кино хийчихлээ. Саяхны тэр их халуунд чинь эвлүүлэг дээрээ өдөр шөнөгүй ажиллаад сууж байлаа шүү дээ.

Сениорт:
Харин тийм ээ. Өмнө нь согтуучуудыг харахаас зэвүү хүрдэг байсан. Энэ өгүүллэгээ бичсэнээсээ хойш "Хөөрхий, зовсон амьтан" гээд шүүрс алддаг болсон ш дээ.

Үүнээд:
Харин тийм ээ, ингээд л андуураад байгаа юм. Эртүүд Ганбааг андуурсан. Одоо дахиад хэнийг андуурч юу хийх бол оо, хэ хэ.

A.Амарсайхан said...

Баримтат кино л доо. Тосонцэнгэлийн УЦС-ын тухай.

A.Амарсайхан said...

Үндэсний ТВ-ээр цацах байх. Цацах болохоор нь хэлье.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates