М.Задорнов
ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
ХУДЛАА ДӨРВӨН САРЫН НЭГЭЭН
ҮНДЭСНИЙ ҮЗЭЛХУДЛАА ДӨРВӨН САРЫН НЭГЭЭН
Нэгд германчуудын ёсорхог зан, хоёрт тэдний машины үйлдвэрлэлээрээ үргэлж бардамнаад байгаа нь орос эрийн хор шарыг дэндүү хөдөлгөдөг байв. Эвий чааваас орос ах би "УАЗ-69"-өөрөө бахархдаг гэлтэй биш дээ. Тэгээд тэр тэссэнгүй.
-Та нар чинь юундаа Мерседесээ цаг үргэлж магтдаг байна аа? За яахав, надад “Бенц-600” бий л дээ. Тэгэхдээ би жишээлбэл, багажнаасаа автийрх аваад, тэр муу ямбийгаа цоо хатгасан ч чадна, ойлгов уу? гэв. Герман найз нь ч эгдүүцэж,
-Чи чадахгүй. Би л лав итгэхгүй. Мерседес чинь дэлхийн хамгийн нэртэй пүүс шүү дээ! гэж байна гэнэ. Тэгэхээр нь орос эр сэргэлэнтэхээр шийдэж,
-Мөрийцөх үү, тэгвэл? 1000 доллараар шүү! Зөвшөөрнө биз? гэлээ.
-Тэгье! Барьчих уу, тэгээд? гэж герман залуу баярлав. Германы машин үйлдвэрлэлийн бахархлыг ингэж доромжлоно гэдэгт тэр яагаад ч итгэхгүй учраас тэр шүү дээ. Түүний нүдэнд зүгээр л хийсээд ирж байгаа мянган доллар нь харагдаж байлаа. Гэвч хөөрхий орос ахын ухааныг мэдэхгүй учраас л тэр шүү дээ.
Орос эр “Бенз-600”-гийнхаа орой дээр дэвхэрч гараад, хамаг хүчээрээ бүлж гарлаа. Машины нь дээвэр өм цөм үсэрч, олон нүх гарах нь тэр! Герман залуу ч цонхийтлоо цайж, 1000 доллар сарвайлаа. Харин орос ах тэндээсээ холдмогц, авто засварын газар луу ухасхийж ороод, машиныхаа оройн цоорхойтой хэсгийг зүсүүлж аваад, ердөө л 300 доллар төлж, тэр хэсэгт нь люк тавиулчихаж байгаа юм даа!
ХҮҮХЭЭД, МАЙ ЭНЭ СТАКАН АВ!
Нэгэн эмгэн оршуулгын газраас цэцэг хулгайлдаг байв. Тэтгэврээр аж төрж болох биш дээ чааваас. Тэгээд л ийм "бизнес" бодож олсон хэрэг.
Нэгэн өдөр “бизнес"-тээ хэт улайраад ардаа байх, шарилын шинээр ухсан нүхийг анзааралгүй уначихжээ. Унасан нүх нь дэндүү гүнзгий байсан тул яаж зүтгээд ч гарч чаддаггүй гэнэ. Тэгээд яахав дээ, жаахан идэх юм авч гарсан минь яамай даа гэж бодож. Шарилын нүхний ёзоорт алчуураа дэлгээд, ганц шил тараг, тостой талхаа гаргаж тухаллаа. Ерөнхийдөө цэвэр агаараар гүнзгий амьсгалж, идэх уухаасаа таашаал авсан шиг ээ суув. Хэн нэгэн ойруур өнгөрөхийг хүлээж байгаа нь тэр.
Орой болтол хэн ч ирсэнгүй. Тэгтэл харанхуй болохын үест хоёр нөхөр хүрч ирэх нь дуулдав. Шарилын дэргэд ирж, тухлан суугаад ууж эхлэв. Хөөрхий эмгэн хоёр эрийг яаж эвтэйхэн гуйвал намайг татаж гаргах бол доо гэж бодов. Хоёр эр ярьж байна гэнэ.
-Чи ганц татчихаач.
-Уувал ч уучихмаар л байна. Даанч шилээр нь уухаар явахгүй юм аа. Хундагатай ч болоосой гэв. Тэгтэл яасан гэж санана. Гэнэт газар дороос хүн дуугарч, стакан барьсан эмгэн хүний хатингар гар гарч ирснээ,
-Хүүхээд!.. Май энэ стакан ав! гэлээ.
Хоёр эрийн нэг нь тэр дороо ухаан алдан унаж, нөгөө эр архи авсан хүнсний дэлгүүр хүртлээ гүйснийхээ дараа л нэг юм ухаан орсон гэдэг.
Хөрвүүлсэн А.Амарсайхан