Thursday, February 25, 2010

Үгүй гэхийн учир

НҮБ-ын Хүн амын сангийн захиалгаар ийм ном бичиж, зурж хэвлүүллээ. Өсвөр үеийнхэнд зориулсан гарын авлагыг комикс хэлбэрээр бүтээснээ хэсгээс нь нийтэлж байна.








Thursday, February 18, 2010

Гэхдээ эрхий хуруу өвдөөд л байна

Эмч бүсгүй гольф тоглохоор талбайд ирээд, далайж далайж цохив. Тэгтэл цаана нь зогсож байсан залуу "Ёо-оо" гэж орилоод уначихлаа гэнэ. Бүсгүй сандран гүйж очвол, залуу хоёр гараа салтаандаа хавчуулчихсан "Оо-оо-оо" хэмээн орь дуу болж, хоёр тийш хөлбөрч хөрвөөж байна.
-Уучлаарай би санамсаргүй ингэчихлээ.
-Оо-оо-оо... Оо-оо...
-Би эмч хүн байгаа юм аа. Танд иллэг хийж өгье гээд, бүсгүй залууг ууцаар нь хэвтүүлээд, өмд рүү нь гараа хийгээд иллэг хийв. Нилээд илсний дараа бүсгүй:
-За яаж байна? гэж асуув.
-Сайхан байна аа. Гэхдээ эрхий хуруу өвдөөд л байна. Бөмбөг наад нөхрийг чинь биш, эрхий хурууг минь оносон юм л даа.


Гал тогоонд хоёр эмээ цай шоржигнотол сорж суутал, цаад өрөөнд охин уйлчих шахан уурлаж, орь дуу болох нь сонсогдов. Хөрш эмээ хэрэгт дурлан чих тавилаа.
-Өмхий ногоон чиний төлөө би залуу насаа бүгдийг нь үрсэн. Чамайг би үзэн ядаж байна. Чиний төлөө зүтгэсээр би амьдралгүй хоцорсон.., гэхийг сонссон хөрш эмгэн нүд нь оройдоо гаран гайхав.
-Хүүе Долгор оо, танай охинд чинь нөхөр хэзээ ч байгаагүй биш билүү?
-Тийм ээ. Одоо болтол ганцаараа л яваа юм, чааваас.
-Тэгээд хэнтэйгээ ингэж хэрүүл хийгээд байна аа?
-Хэнтэй ч биш ээ. Анагаахын ногоон дипломтойгоо л ярьж суугаа нь энэ.

Tuesday, February 9, 2010

УУЦ БОЛООД ӨВЧҮҮНИЙ УЧИР

(шог өгүүллэг)
Эв хамт нийгмийн ялалт өөд дайчин цогтой давшиж байх үедээ бид энхрий хайрт удирдагч нараа “бух дарга”, “бяруу дарга”, “төлгөн дарга”, “хурган дарга” хэмээн ангилж зүйлчилдэг байлаа. Ийм ангилал гарсан нь учиртай. Тэрхүү галвын үеийн хурдаст нойрссон “бух дарга”-ын алтан шарилд малталт хийж үзэхүл, цагаан сараар бухын өвчүүний ард заларсан байдалтай жанч халсан дүр зураг тодорсон. Энэ баримт “бух дарга” бухын өвчүү, “бяруу дарга” бярууны өвчүү тавьж цагаалдаг байсныг баталдаг. Тэгэхээр монголчууд төлөгний ууц тавих эрхтэй даргыг “төлгөн дарга”, хурганы ууцаар цагаалдаг даргыг “хурган дарга” гэж байжээ.

Ерээд онд Монголд ялсан ардчилсан хувьсгал хүн бүрт эрх чөлөө өгснөөр зөвхөн дарга нар сэмхэн тэмдэглэдэг байсан цагаан сарыг ард нийтээрээ өргөнөөр тэмдэглэсэн. Ууц, өвчүүг дарга л тавих эрхтэй байсан хуучны бурангүй ёсыг халж, хэн хүссэн нь соёолон шарын өвчүү, шүд гүйцсэн ирэгний ууцтай цагаалах хууль ёсны эрхтэй болсон. Монгол улсын үндсэн хуулинд “иргэн бүр нийгмийн гарал үүсэл, шашин шүтлэг, яс угсаа ялгаваргүйгээр цагаан сараар ууц эсвэл өвчүү тавих эрх эдэлнэ” хэмээн заасан.
Гэвч иргэн бүр ууцтай цагаалах эрхийг амьдралд хэрэгжүүлэх зам шулуун дардан байсангүй. Улсын их хурлын эрхэм гишүүд улсын сангаас идэж уусан мөнгөөрөө ууц өвчүүг чөлөөтэй худалдаж авч дөнгөж байсан бол ууж идэх бололцоогүй угсаа энгийн ардууд ууц өвчүүний төлөө алтан амиа барьцаалах ч энүүхэнд болсон билээ. Хувиараа эрхлэх аж ахуй гэгч ерээд онд борооны дараах мөөг шиг олноороо төрснөө, гэнэт алга болсон. Үүний учир нь тэр аж ахуйн эзэд, захирлууд цагаан сарын шинийн нэгэнд хүн шиг ууцтай золгох гэж хамаг хөрөнгөө шавхаад, шинийн хоёронд дампуурч байснаас үүдэлтэй.

Энэ удаагийн их хуралд сонгогдсон гишүүд хэдий луйварчин ч гэсэн буянтай, нинжин сэтгэлтэй, ард түмнээ гэсэн бодолтой луйварчид болохоо батлан харуулаад байна. Учир юу гэвэл тэд цагаан сарын өмнө ард түмэндээ өвгөд өтгөс, балчир нялх гэж ялгалгүй далан мянган төгрөг олголоо. Дараа жил ч олгоно гэж ярьж байгаа. Далан мянган төгрөг гэдэг дажгүй томхон эр хурганы ууц авахад хүрэлцэнэ гэдгийг УИХ-ын ажлын алба судалж тогтоосон тухай албаны эх сурвалжууд өгүүлж байгаа юм. Тэгэхээр энэ жилээс эхлээд Монгол улсын хөгшид төдийгүй хүүхдүүд ууцтай шинэлэх эдийн засгийн чадамжтай боллоо. Шалгарсан манлай удирдагчдын буянаар “хүн бүр ууцтай шинэлж болно” гэсэн хуулийн заалт эдийн засгийн утгаа олох сайхан бололцоо бүрдлээ.
Цагаан сараар ууцтай шинэлэнэ гэдэг тал бүрийн ашигтай. Зуд турханд нэрвэгдээд буй үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа хэрэг юм. За тэгээд хэд хоног тавьж, хүнд үзүүлсэн ууцаа хаячихалтай биш идэхээс өөр аргагүй. Дан өөх идсэнээс болоод элэг цөс өвдөж, эмнэлэгт хэвтэнэ. Ингээд бодохоор ууц авснаар малчид төдийгүй эмч сувилагч нар болон үндэсний эмнэлгүүдийг ч бид дэмждэг болж таарч байна.
Цагаан сарын ширээнд ууц тавих нь эдийн засгийн асар хэмнэлттэй. Одооны хүүхдүүд өөх үмхэж огт чаддаггүй тул танай ширээн дэх ууц бүтнээрээ үлдэнэ. Мөн түүнчлэн ширээний хамаг зайг эзэлчихдэг тул идэж болдог хүнс ширээнд өчүүхэн орно. Тэгээд ч ирсэн гийчид цул өөх тосыг хараад огиудас нь хүрч, ширээн дэх хиам, зууш, бууз гээд бусад зүйлд хүрэхгүй байх магадлал өндөр. Ууц болоод өвчүүний нарийн учрыг өгүүлэхэд ийм болой.
Тэгэхээр цагаан сарын ширээнд ууц байна гэдэг таны бэл бэнчинг гайхуулж, эрх чөлөөг илэрхийлдэг төдийгүй, танай гэр бүлийн эдийн засагт асар хэмнэлт авчирдаг ажгуу.

Monday, February 8, 2010

Хүрээд ир, Асашёорюү-Дагваа минь

Хүрээд ир дээ Дагваа минь. Үүлэн зүмбэр Хангай чинь байна. Үзүүр хөх уулс чинь түшнэ. Зүлэг ногоон дэвжээ чинь угтана. Зөв хэлтэй түмэн чинь дэмжинэ. Ээтэн гутал илгэн зодгийг болгоох аваас чинь, Энх төрийн цэнгэлдэх хүрээлэн зайгүй дүүрнэ. Бөхийн дугираг өргөөний үүдээр баярласан олон сад тавин цуглана. Холын Францын тэргүүн хотол монгол наадмын их шөвөгт шимтэнэ шүү дээ. Хүрээд ир дээ Дагваа минь. Хүү минь!

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates