Friday, November 20, 2009

АМИН ЭРДЭНЭ

Хүүхдэдээ уншиж өгөөрэй.
НҮБ-ын Хүүхдийн сангийн захиалгаар ийм номын
зохиолыг зураг чимэглэлтэй нь хийлээ.
Бүх 28 хуудас зурагтай бүтээгдсэн болно.
Зургийг бүгдийг нь оруулах гэснээ бяцхан залхуурав.

/өгүүллэг/

Харзатын есдүгээр гудамжаар явж өнгөрөх хүмүүс зуун гурван тоот хашааг тэр бүр онцгойлж анзаарахгүй. Байдаг л улаан будагтай, банзан хашаа, хаа ч тааралдах таван ханатай гэр гэж харна. Харин гярхай заримынх нь нүдэнд орчноо цэмцийтэл тохижуулсан болох нь шууд тусна. Сайн ажигласан нэгэн “Муу усны цооногийн тагийг хүртэл угааж арчсан байна шүү!” хэмээн дотроо дуу алддаг. Энэ хашаанд Сугар гэх хүү, аав ээж, хоёр дүүтэйгээ ам бүл тавуул аж төрнө. Гэрийнхэн бүгдээрээ их нямбай. Арчиж зүлгэсэн тогоо шанага, сав суулга нь байнга гялалзана. Хашаанд нь ганц ширхэг чихрийн цаас ч бүртийж харагдсан удаагүй. Ийм байлгахын тулд Сугарын гэр бүл ихэд чармайж, угаалга цэвэрлэгээ байнга хийнэ. Гэхдээ Сугар болоод дүү нарт нь заримдаа энэ бүхнээс залхмаар санагдах үе ч гарна.
Намрын нар ээсэн нэгэн орой аав ээж нь ажлаасаа ирэх арай л болоогүй байлаа.
Сугарын найз, хажуу хашааны Ганбаа, дүү нартайгаа бөмбөг тоглож байгаа бололтой.
-Ес гурав! -Үгүй, ес дөрөв шүү! гэх дуу шуугиан тэдний хашааг даван цуурайтна. Харин Сугар ажилтай сууж байлаа. Тэр пүрэв гаригт усны саваа угаадаг. Долоо хоног бүр угааж, ариутгах ёстой гээд, ээж нь ийм хуваарь гаргасан билээ.
-Ха ха! Манайх хожлоо! гэж Ганбаагийн дүү Болороогийн бололтой чанга дуу дахин хадах нь сонсогдлоо. Сугарын дүү Нараа сэртхийн энэ чимээг чагнаснаа, санаа алдлаа. Өнөөдөр түүний жижүүртэй өдөр. Нараа аяга тавгаа угааж дуусгаад, чийгтэй цэвэрлэгээ хийх ёстой. Хөөстэй усанд таваг угааж суугаа дүүгийнхээ бяцхан гар луу Сугар харав. Тэр бодолд автлаа. Ганбаагийн аав Базар гуай “Усны саваа угаасан уу?” гэж хүүхдээсээ хэзээ ч асуудаггүй. Ээж Сүрэн нь бас л сайхан зантай. Тэр цэвэрлэгээ хийх хуваарь гаргаж хүүхдүүдээ зовоодоггүй. Базар гуай Сугарын аав Баатартай адил төсвийн байгууллагад ажилладаг. Хэдий тийм ч буруу талдаа хүрдтэй гоё машин өнгөрсөн зун авсан. “Манайх Ниссан тэрэгнийхээ зээлийг төлж байгаа учраас танайх шиг элдэв аахар шаахар юманд мөнгө үрэхгүй” гэж Ганбаа найз нь Сугарт бардсан юм. Нээрээ л Сугарын ээж Цэндмаа аахар шаахар юманд хамаг мөнгөө үрчихдэг. Зун хуучин бие засах газраа булуулж, шинийг барихад өчнөөн мөнгө зарсан. Тэр мөнгөөр Базар гуайн авсан шиг тэрэгний урьдчилгааг төлж бараг л хүрэх байсан биз. Айлууд хуучин муу сарампай хайрцагны модоор хааш яаш юм хийгээд болгочихдог байхад ээж нь шинэ банзаар бие засах газар бариулж, их гоё хуванцар доторлогоо хийлгэсэн юм. Орон сууцны айл шиг түүнийгээ долоо хоног бүр угааж, ариутгаж сүйд болно. Ээж цэцэрлэгийн багш болохоороо цэцэрлэгт тавьдаг ариун цэврийн шаардлагыг гэртээ хэрэгжүүлээд байна гэж Сугар заримдаа бодно. Аав ээж хоёр нь дэлгүүрээр хэсч, эрүүл мэндэд тустай гээд аль чанартай сав суулгыг цуглуулна. Ингэж байхаар бидэнд хувцас авчихад яадаг байна аа гэж Сугар бодно. Ганбаа, түүний дүү Болороо, Урнаа нар тэднийг бодвол хамаагүй гоё, шинэ загварын пүүз өмсөнө. Долоо хоногийн өмнө Ганбаа олон араатай унадаг дугуйтай болсон. Гэтэл яг тэр өдөр Сугарын аав ус цэвэршүүлэгч авч ирсэн билээ.
Сугар ийнхүү бодолд автан байтал, хашааны хаалга дуугарч, банхар нэрт халтар гөлөг нь баяртай хуцах дуулдлаа. Аав ээж хоёрыг нь ирэхэд банхар тийнхүү эрхэлж аягладаг зантай.
Сугарын ээж гэрт орж ирээд,
-Миний хүүхдүүд ажилсаг шүү. Бүх сав суулгаа гялалзуулчихаж гэлээ. Сугар дуугарсангүй. Ээж нь тортой юмаа тавиад, угаагуур луу эргэв.
-Гараа угаачихаад гурван хүүдээ сайхан цуйван хийж өгнө өө гэлээ. Энэ удаа Сугарт “Гараа угаачихаад...” гэх үг залхмаар сонсогдлоо. Гаднаас орж ирээд гараа угаах ёстой, тоглосны дараа гараа угаах ёстой. Хоолны өмнө бас заавал угаана. Удалгүй аав нь орж ирлээ. Түрүүн ажилдаа түүртээд дуу муутай байсан Нараа, бага дүү Тулгаа хоёр нь аавыгаа угтаж элдвийг шалгаагаад сүйд.
-Чи нэг юм мартчихлаа гэж ээжийг хэлэхэд, аав нь:
-Өө нээрээ тийм.., гэснээ угаагуур луу гүйж очин, бас л гараа угаалаа. Хоолоо идэж байхдаа ээж нь:
-Миний хүү яагаа вэ? Түрүүнээс хойш л дуугаа хураагаад хөмсгөө зангидаад байх чинь..? гэж асуухад Сугарын дотор бугшиж байсан уур зад тавилаа.
-Яахаараа бид өдөрт хоёрхон цаг тоглох ёстой гэж? Ганбаа дүү нартайгаа бүтэн өдөржин тоглож болоод л байна шүү дээ! Ганбаагийн ээж аав нь та хоёр шиг цаг үргэлж “Гараа угаа!” гэж үглэдэггүй. Гараа угаагаагүй гээд муу юм болсон юм лав л алга..! гэж хэлэхдээ Сугарын нүднээс нулимс цийлэгнэж байлаа.
Аав нь ч, ээж нь ч дуугарсангүй. Хоёр дүү нь бүлтийтлээ гайхан харж байлаа.
Орой унтахын өмнө аав нь Сугар луу удаан харж байснаа,
-Ноднин Базарын Болороо, Урнаа хоёр шарлаж, эмнэлэгт хэвтсэнийг санаж байна уу? гэж асуув. Сугарын нүдэнд Базар гуайн гэрт хөглөрч байдаг бохир аяга, тогоо шанага зурсхийн харагдлаа. Чухам ийм заваан аяганд хоол идсэнээс Ганбаагийн дүү нар шарласан байх гэж тэр үед бодож билээ.
-Саналгүй яах вэ! Урнаа нь зун дахиж шарласан шүү дээ! гэж Нараа дүү нь Сугарын өмнөөс аавдаа хариуллаа. Ээж нь хашаан дотроо муу усаа цацчихдаг, түүн дээр нь Урнаа тоглож байдаг нь Сугарт бас бодогдлоо. Тэднийх Сугарынх шиг бие засах газраа ариутгаж байсан удаагүй билээ.
-Тэдний хүүхдүүд шиг өдөржин тогло! Аягаа битгий угаа! Гараа ч угаагаад яах вэ..! гэж ээж хэллээ. Сугар түрүүнд уурлаж хэлсэн үгнээсээ үнэхээр ичлээ. Гэхдээ тэр дороо буруугаа хүлээж уучлал гуйж чадсангүй. Орондоо орохын өмнө,
-Аав аа, ээж ээ намайг уучлаарай гэж үнэн голоосоо хэлсэн юм.
Маргааш нь Сугар ус авахаар худаг руу очоод, Базар гуай, Ганбаа хоёртой тааралдлаа. Тэр хоёр машиндаа устай хуванцар савнуудыг ачиж байна. Ганбаа найз руугаа хүрч ирээд,

-Манайх хоёр долоо хоногийнхоо усыг ингээд ганц мөсөн зөөчихдөг. Амар байдаг юм шүү дээ гээд инээлээ.
“Усыг тасалгааны хэмд гурваас долоо хоног хадгалж болно. Түүнээс удвал савны доорх тунадаст нян үрждэг” гэж ээж нь хэлж байсныг Сугар бодлоо.
-Усыг ингэж удааж болохгүй ээ. Нян үржинэ! гэж Сугар хэллээ. Базар гуай:
-Юу гэлээ гэнээ? Ха ха ха гэж Сугарыг дооглоод, машинаа асаан хөдөллөө. Сугар тэрэгтэй усаа түрэн гэр лүүгээ алхав. Базар гуайнх зуун литрийн гуравхан сав усаар яаж хоёр долоо хонодог байна аа гэж тэр гайхлаа. Тавуулаа нийлээд хоногт хорьхон литр ус хэрэглэнэ гэдэг арай ч дээ. Угаалга цэвэрлэгээ бараг л хийдэггүй болохоор аргагүй гэж Сугар бодлоо. Сугар найз Ганбаагийнхаа болоод дүү нарынх нь төлөө санаа зовох боллоо. Өчигдөрхөн л Ганбаа, Урнаа хоёрын гэдэс өвдлөө гэсэн. Хоёр долоо хоног хадгалчихдаг уснаас шууд хутгаад уудаг юм чинь аргагүй. Хутгах хутгахдаа хоолныхоо халбагаар шүү. Хоолны үлдэгдэл усанд нь холилдож нян халдвар үржиж байгаа, эднийх усны саваа угаах биш гэж Сугар бодлоо. Ганбаад усаа буцалгаж ууж бай гэж хэлэхээр, чамаар заалгах юм уу гэж уурладаг билээ.
Бямба гаригт Сугарын гэр бүл их цэвэрлэгээ хийдэг хуваарьтай. Бусад айл шиг бүтэн өдөржин ажил болохгүй. Гэрээ тогтмол цэвэр байлгадаг учраас их цэвэрлэгээний ажил цагт л багтана. Хүн бүр хүчин зүтгэл нэмнэ. Цэцэрлэгт явдаг дүү Тулгаа нь хүртэл тоглоомуудаа угааж, ариутгана.
Их цэвэрлэгээ хийж байхдаа Сугар ээж аав хоёртоо хандан,
-Эрүүл ахуйг сахидаггүйгээс болоод хүүхдүүд нь шарлаад, өвдөөд байгааг Базар гуайд яаж ойлгуулах вэ гэлээ. Хүү нь үүнд маш их санаа зовж байгааг Баатар, Цэндмаа хоёр мэдэж байлаа.
-Би Базарт хэлбэл уурлах байх даа гээд аав нь бодол боллоо. Харин ээж нь:
-Сүрэнг би ятгаж, ярьж хэлээд байгаа. Овоо нааштай хүлээж авч байгаа шүү гээд аав руу нь, бас Сугар луу баяртай харлаа.
Харамсалтай нь тэр өдөр муу мэдээ ирсэн юм. Ганбаагийн бага дүү Урнаа гурав дахь удаагаа шарласан байв. Сугарын аав ээж хоёр эмнэлэг рүү яваад, царай маш баргар буцаж ирлээ. Урнаагийн өвчин энэ удаа маш хүндэрч, бүр сэхээнд орсон байлаа. Тэр намар бүтэн сарын турш эмч нар үхэлтэй нойр хоолгүй тэмцэж, Урнаад амьдрал бэлэглэж билээ.
Энэ аймшигт явдлаас хойш хажуу хашааныхны амьдрал эрс өөрчлөгдлөө. Ганбаагийн аав ээж хоёр байнга орж гарч, Сугарын ээжээс зөвлөгөө авна. Сав суулгаа тогтмол угаадаг, ундны усаа гурав хоног тутамд авдаг боллоо. Буцалсан ус ууж бай гэж хүүхдүүддээ үргэлж захина. Бие засах газраа ч мөн ариутгалаа.
Танайхтай адил шинийг барина гээд, Базар гуай бие засах газар луу нь орж үзэв. Ганбаагийн ээж муу усаа хаа сайгүй цацчихдагаа больж, цооног ухуулж, таглаатай болгосон байлаа. Тэр намраас хойш хэдэн жил өнгөрөв. Ганбаа болоод түүний дүү нар эрүүл саруул сайхан боллоо. Базар ах өөрийн гэртээ эрүүл ахуйг сахиад зогссонгүй, аавтай хамтран ойр хавийнхаа айлуудад яриа таниулга хийдэг болсон юм. Тэр:
-Ээ дээ, урьд нь би мөн ч хэнэггүй байж дээ гээд тэр толгой сэгсэрдэг. Базар ах айлуудаар орж ухуулга таниулга хийж явахдаа:
-Алтнаас илүү эрдэнэ чинь ус юм шүү таминь! гэж хэлэх дуртай болсон доо. Манай ойр хавь, гудамж, хороо цэвэр цэмцгэр сайхан болсон нь илт мэдрэгддэг болж билээ.
Хүмүүний амьдрал аа гэж. Бодлогогүй нэг нь сайн машин, сайхан хувцас, алт эрдэнийг шүтэж, амьдралыг тэтгэгч эрдэнэ болсон усны цэвэр ариун хэрэглээг умартсанаас ам бүлийнхээ эрүүл мэндийг хохироож байдаг ажээ. Түүгээр ч барахгүй үр хүүхэд хань ижлийнхээ амь насанд аюул занал ч учруулж болох нь. Харин ус болоод орчноо ариун байлгахын ачийг ухаарсан нэг нь хэдийгээр гартаа үнэт эрдэнийн бөгжгүй ч, хүмүүний хамгийн дээд эрдэнэ болсон эрүүл мэндээ хамгаалж чаддаг байх юм.

10 comments:

Ganchimeg said...

Соёлын довтолгоог ч нэг тууштай явуулах хэрэгтэй л байгаам даа

meesh said...

Шинэ бичлэг оруулсан тэрэн дээр аж үйлдвэрийн бохирдол байгаа манай урд хөршид.Зарим нь нүд хальтармаар юм байна лээ...Тийм л болохгүймсан.

Dreamer said...

Гэдсэн дэх маамуудаа уншаад өгяихлөө. Сургамжтай хэрэгтэй зохиомж байна баярлалаа Амраа ахаа

Chandmani said...

"Залхуурсан" чинь харин болж.... Бүгдийг нь оруулсны хэрэггүй байхаа. Бас л "амьдрал" явж байгаа шүү дээ... Хэрвээ захиалсан газраас "үнэгүй тарааж болно" гэсэн бол харин өөр хэрэг, бусад тохиолдолд бол гижгийг нь хүргээд л орхих хэрэгтэй. Оюуны болон биеийн хөдөлмөрийн үнэлж сурцгаая...

:)

(буруугаар бүү ойлгоорой)

peakfinder said...

Heregtei bas hoorhon nom boljee. Zuragnuud n' hoorhon yumaa. Neeree Chandmaiin helseneer bas bugdiig zugeer haruulj bolohgui ee.

Tsatsral said...

Amaraa ahaa, oron suutsniihanii us hamaagui ursgadagiig hiisen uu?

A.Амарсайхан said...

Ганчимэгт:
Тийм шүү

Мийшд:
За орж үзье ээ

Спонгед:
Хүүхэд нээрээ гэдсэн дотроосоо бүх зүйлийг сонсож мэдэрч байдаг гэдэг юм шүү. Би хоёр хүүгээ гэдсэнд байхад нь уртын дуу их дуулж өгдөг байсан. Их уян хүмүүс болсон

Чандманьд:
Өөрсдөө үнэгүй тараах гэж хийлгэсэн юм болохоор хүмүүст уншуулахад болох л байлгүй гэж санаад

Пийкфендерт:
Чандмань та хоёр эмэгтэй хүмүүсийн нарийн нягт зангаа гаргаад байна уу даа, хэ хэ

Цацралд:
Яваандаа юм хийнэ ээ

Дeстини said...

Сугарын ээж шиг хүн энд нэг байна. Хүүхдүүддээ уншиж өгвөл, ээж өөртэйгөө адил хүн олчихож гэх болно. Тэгэхлээр нь "Базарын хүүхдүүд яалаа?" гэж сануулах болно.

A.Амарсайхан said...

Анонимд:
Баярлалаа. Танд ч гэсэн аз жаргал хүсье

Дэстинид:
Сугарын ээж шиг байсан дээр ээ. Миний ханийн эхний мэргэжил бас л эмнэлэг. Мань хүн шаардлагуудыг тавина шүү дээ. Хүүхдүүд орой бүр шүдээ угаагаад, хоол идэхийн өмнө гараа угаадаг болчихно гэдэг хэрэгтэй

Unknown said...

ene huuhdin nom hewlegdeed gartsiiuu? huurhun zuragtai goe uguulleguud bn haanaas awch boloh be? bas hen gej zohiolchiin, yu gej nertei nom gej haih we

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates