Tuesday, April 1, 2008

УЛААН ГЭРЛЭХ ДӨХЛӨӨ

/фельетон/

Атрын III аянд зориулсан өргөн дэлгэцийн өнгөт роман

Эмтэршгүй зүрх буюу тэргүүн дэвтэр
Өглөөний наран нэн жавхлантайяа мишээхүйд их хотын өнцөг бүрээс том том хар тэрэг гагцхүү Сүхийн талбайг чиглэн давхилдах нь тун бахдалтай. Талбайн өмнөх цэцэрлэгийн дууч бялзуухайнууд босон суун жиргэх нь цугласан залуусын сэтгэлийг базлуулж, зүрхийг булиглуулна.
Гуулин хөгжим нэгэнтээ нирхийн, бялзуухай дэрхийхүйд нэгэн зүйл санаашралд автан байсан залуус цочин догдоллоо. Энэ залуус зүгээр ч хэн нэгэн бус атрын гуравдугаар аянд сэтгэл шулуудсан намын гал улаан батлахтнууд болой. Харин нэгэн зүйл санаашрал гэгч нь бас энгүүн нэгэн зовиноо бус “Атрын цалин их болов уу, хоол унд хэр бол?” гэх сочлийст ахуйн мөнхийн энэлэн байх ажгуу.
Ургахын улаан нартай уралдан боссон Улаан хүү энэхүү улаан батлахтнуудын дунд умрын салхийг уртаар уушиглан, урам зоригоор бялхан зогсож байлаа. Тэрээр Сангийн сайд, “Улаан гэрлэх дөхлөө” киноны гол баатар агаад энэ удаа атрыг зорьсноороо мөнгийг богцоор нь олно гэж санхүүгийн аргаар тооцоолсон юмсанж. Улаан хүүгээс цаахнатай сиймбаа хэмээгч Батаа хүү хүрлийн зогсоно. Түүний цог нь унтарсан харц Сүхийн талбайн хүйтэн чулуунаа унаад, дахиж хэзээ ч өндийхгүйгээр барьцалдан хөлдсөн гэлтэй. “Эзгүй атарт цөлж, элэг дэлүүг хатаахыг нь мэдсэн сэн бол энэ намд хаа гэж элсэв дээ” хэмээн тэр энэлэн шаналах авай.
Гуулин хөгжмийн хүчирхэг нүргээн гэнэт эхэлсэн шигээ гэнэт зогсохуйд атрын аяны Ерөнхий захирагч, Ерөнхий сайд Баяр “Энхрий хайрт залуус аа, бидний зүрх сэтгэл болбаас атрын зүгт эргэлт буцалтгүйгээр тэмүүлэн байх болой” хэмээн хэлэхүйд Хүнс хөдөө аж ахуйн сайд Ганхуяг хүүгийн хүрэн зүрх, нимгэн үнхэлцэгтээ багтаж ядан, булгин бумбалзлаа. Баярыг цогтой халуун үгээ хэлж дуусах агшинд Гадаад хэргийн сайд Оюун бүсгүй улаан халзтай индэр өөд Улаан сайдыг дайрчих нь халаг ухасхийн гарах нь харагдана. Тэрбээр “Бидэнд Ленин багш тусална, Мянганы хөгжлийн сан тусална! Буш ах дэмжинэ!” хэмээн хасын цагаан царайдаа баясал гялбуулан хэллээ. Энэ үгийн хүчинд залуусын санаашрал огт оргуй лугаа хийсэн арилж, Сүхийн талбайн чулуун шалыг цууртал “Ура” хашгиралдлаа. Үлээвэр хөгжим дахин нүргэлмэгц, Брежнев даргын үеийн бэлгийн цэнхэр зийл тэрэгнүүд, бэржээхэн бүхээгээ дэрвэлзтэл ухасхийн сүр жавхлантайяа хөдлөв.
Атрыг зорьсон залуусын зориг зүрх эмтэршгүй буюу.

Сүүн сэтгэл хэмээгч дэд дэвтэр
Гурав гэсэн дугаартай зэвэнд идэгдсэн зийл тэрэгний бэржээхэн бүхээгийг Улаан хүү долоовор хуруугаа шүлэмдэн, цоо хатгалаа. Уртаас урт хоёр салаа гэзэг, цэнхэр дээлтэй Сувдаа бүсгүйгээ аль тэргэнд суухыг харах гэж тэмүүлснээс чингэсэн аж. Түүний энэ байдлыг ажигласан Их хурлын дарга Лүндээжанцан хүү “Улаан гэрлэх дөхлөө” хэмээн дуу алдаад, цагаан хөөргөө гарган үнэрлэхчээ аядав.
Яг энэ мөчид Сувдаа бүсгүй дөрөв дугаартай тэрэгний араас мацаж байлаа. Түүний гараас бахим булчинтай нэгэн бүсгүй ховх татан тэвш өөд гаргав. Гуя цээж төгс хөгжсөн энэ бүсгүй бол Эрхэм гишүүн Арвин байх аж. Сувдаа бүсгүй чин зүрхнийхээ талархлын үгийг хэлээд, “Ам атга, суга ташаа бүх юмандаа тэнцүү бяртай, үнэнхүү хүчирхэг тэмцэгч охин ажгуу” хэмээн бишрэн бодлоо.
Долоо дугаартай тэвшний өмнөд этгээдэд шагай шүргэм урт шар савхин дээлэн дээр дэслэгчийн мөрдөс туяаруулсан өндөр махлаг эр цэх зогсчээ. Үл ялиг ягаан туяа бүхий зузаан шаргал царай тунаруулсан тэрбээр гүн бодолд автсан харагдана. Энэ эрхэм бол “Сэтгэлийн дуудлага” киноны сайхан сэтгэлт хүүхдийн байцаагч буюу Ерөнхийлөгч Энхбаяр байх аж. Амьдралдаа нэгэнтээ эндээд одоо атрын талбарт хүмүүжихээр одож буй халаасны хулгайч Ишхүү нарын залуусыг түшиж тулах явдал бол тангараг өргөсөн Энхбаяр байцаагчийн эрхэм үүрэг болой.
Тэвшний дунд хэсэгт явах залуу гишүүн Хүрэлсүхийн хархан нүдэнд “Хадгаламжийн банк” гэсэн тамгатай үнэт цаас байн байн өртөх нь үнэнхүү шаналантай. Арван дөрвөн тэрбум гэсэн тоотой энэ цаас түүний өмнө зогсох бүсгүйн бариу цэнхэр өмдний арын халааснаас цухуйж байв. Хүрэлсүх хүүгийн биеэр цахилгаан жирс жирсхийн гүйж, хуруу нь өөрийн мэдэлгүй тэр цаас руу тэмүүлэн татвалзана. Хуулийн хүний гярхай нүд энэ байдлыг хэдийнэ ажсан байлаа. Энхбаяр дэслэгч Хүрэлсүхийг энэрлийн бор нүдээрээ илбэн таалах мэт харсаар дөхөж ирээд, “Хүү минь, өөрийгөө хүчлэн барьж буй аугаа их тэвчээрийг чинь магтмуу” гэж шивнэхүйд, Хүрэлсүхийн хоолой зангиран, хархан нүдийг нь нулимс бүрхлээ. Урт шар дээлт дэслэгч машины тэвш дүүрэн алдаж эндсэн залуус руу инээмсэглэнгээ, “Би нэгэнтээ таван зуун саяын авилгыг хараад, хуруу гар өөрийн мэдэлгүй татвалзан зогсож байсан минь саяхан санагдана. Шуналын сэтгэлийг шулуун санаа давах тухай Богд Зонхов нэгэнтээ сургасан нь бий, хайрт хүүхдүүд минь” гэлээ. Залуус энхрий хайрт байцаагчийнхаа сайхан шар царайнаас цацран ирэх ер бусын нандин эрчмийг зүрхээрээ мэдэрч байлаа.
Чин сэтгэл гэдэг эхийн цагаан сүү адил ариун буюу.

Ухаарал хэмээгч гутгаар дэвтэр
Долоо дугаартай тэвшний дунд хэсэгт ийм явдал өрнөж байхуйд, тэрхүү тэвшний өмнөд этгээд дэх Шадар сайд Миеэгомбын Энхболд хүүгийн голд бөөн хар юм тээглээд, горойж үхэх нь холгүй явлаа. Ийм сайхан сэвгүй цагаан сэтгэлтнүүдийг хараад, уяран хайлж, ичих булчирхай гэнэт цочирсноос чингэсэн ажгуу. “Улаанбаатар хотынхоо ариун газар шороогоор бузар мөнгө хийсэн нүгэлт чи үхвэл таарна” гэж хүү дотроо өөрийгөө түмэнтээ зүхэж, бумантаа харааж байлаа.
Тэвшний хойд буланд гишүүн Бадамжунай, Занданшатар хоёр ч байдгаараа ичиж улайчихсан зогсож харагдав. Занданшатар хүүгийн аньсгыг ухаарлын нулимс бүрхээд ирэхүйд, “Бид хоёр даанч муухай юм хийж дээ. Улсынхаа сан руу бузар гараа дүрж, мөрийтэй тоглосон” гээд мэгшин уйлж эхэллээ. Бадамжунай санаа алдаад, “Бас ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэгчээр хөөрхий муу Хүрэлсүхийгээ торойтол орхичихоод, хар амиа хаацайлсан” гэж голт зүрхний угаас гэмшсэн аялгаар хэлж байна. Энэрэнгүй сэтгэлт хүүхдийн байцаагч Энхбаяр тэдний энэ үгийг хуулийн хүний сонор чихээрээ сонсчээ. “Миний хоёр хүү, атар газар очоод ариун цагаан хөлсөөрөө энэ хар нүгэлээ цайруул даа” гээд, Бурхан будда мэт ариун гарын алгаа хавсраад, Далай багшийн тарнитай арвайг тэдэн рүү шившин цацлаа.
Ухаарал гэдэг хожимддоггүй буюу.

Отолт хэмээгч дөтгөөр дэвтэр
Атрын аяны цуваа Зэлтэрийн гацаа руу дөхөж ирлээ. Цардмал зам дээр Пийлэн хийцийн хүйтэн төмөр хадаасыг хувингаар нь цацаж орхиод хоёр этгээд бутны цаад руу дал орлоо. Эдний нэг нь элгээрээ хэвтсэн байх бол нөгөөх нь босоо байх хэдий ч бут түүнийг элбэг далдалж байна. Энэ жижиг нөхөр ардчилсан хүчний үнэнч цэрэг, Эрхэм гишүүн Зандаахүүгийн Энхболд байх ажгуу. Хэвтэж буй саарал даалимбан тэрлэгтэй эрхэм нь өврөө уудлан, хайрцаг бэлгэвч гаргалаа. Бэлгэвчүүдээ элсээр дүүргэн, монгол үйлдвэрийн гар бөмбөгийг хоромхон зуурын дотор нижгээдийг хийж өмнөө өрлөө. Харваас энэ ажилдаа дадлагажсан нь илт. Энэ бол цогтой дайчин тэмцэгч, Эрхэм гишүүн Гүндалай байх бөлгөө. Тэрбээр нэрсний үнэрт цэлдэн хөх бэлгэвчийг сурмаг гэгч нь толгойдоо углаж өмсөөд, цаадахдаа нэгийг сарвайнгаа, “Барууны сайн эрс шилэн оймс углаж нүүрээ нууцалдаг юм. Харин энэ бол миний сэдсэн арга” гэж хэллээ. Энхболд ихэд эгдүүцэнгүй, “Надад царайгаа нуух шаардлага байхгүй” хэмээн хэгжүүн дүртэй хариулж байх нь дуулдана.
Пас, пис! Цувааны тэрэгнүүдийн олгой дугуй ээлж дараалан хагарч нам зогслоо. Эхний гар бөмбөг шуугин ирж тэрэгний хамар дээр дэлбэрэхүйд атрын залуус бажгадан сандарлаа. Гүндалайгийн бөмбөгөө шидлэх нь үхэр буунаас ч эрчтэй агаад, Энхболд хойно сурч байхдаа үнэ зодож авсан орос дурангаа нүдэндээ бариад галын солбилцлыг тохируулан, “Зүүн тийш арван хэмд! Галлаад!” хэмээн хамаандалж байлаа. Гэнэт ардчиллын үхэр буу нам гацлаа. Толгойдоо бэлгэвч угласнаас амьсгаа нь боогдсон Гүндалай үхэтхийн унаад, татвалзаж байснаа хөдөлгөөнгүй болов. Журмын нөхрөө алдсандаа хорссон Энхболд эцсийн ганц бөмбөгөө хараалж, хараалж, атрынхны Ерөнхий захирагч Баярын зүг шидлээ. Даанч харамсалтай юм болж, Сиймбаа Батаа үсрэн гарч ирээд хайрт даргаа ханхар том цээжээрээ хамгаалаад, үхэтхийн унав. Хачирхалтай нь Хүрэлсүх хүү самуурай цагаан алчуур толгойдоо зангидаж, оюутны салаагаа толгойлон зүрхний хайрт намаа хамгаалсангүй. “Хүрэлсүх минь, бидэнд гомдчихоо юм болов уу даа” хэмээн Баяр дарга дотроо нэгийг бодон нухацтай харцаар Энхбаяр байцаагч руу харлаа. Минчийтлээ улайсан Арвин гишүүн “Ардчиллын муу п..даануудыг алаад өг!” хэмээн хашгирсан боловч, отогчид хэдийнэ дарагджээ.
Дөрвөн цагийн дараа Батаа гишүүн түргэн тусламжийн цагаан тэргээр хот руу буцаж явлаа. “Азтай шүү! Эмнэлэгт нь очоод, аяныг нь дуустал ёолоод хэвтчихдэг хэрэг” гэж бодон мишээнэ. Цувааны жолооч нар дугуйгаа нөхсөөр байтал будаа тариалах цаг оройтов.
Тэнгэрийн муухай арилдаг, отолтын өмхий арилдаггүй гэдэг энэ буюу.

Хоролмаа буюу “татгаар” дэвтэр
Гурван зуун шанага шатахуун ордог цүдгэр сав ардаа дүүжилсэн гал улаан гинжит тэрэг утаа тортог олгойдуулан, улаан тугийг намируулан, урагш тэмүүлнэ. Залуурын ард суусан Улаан хүүгийн ухаан бодол хөвчирчээ. Түүний араас шил даран зүтгэх Хүрэлсүх хүү хар тостой гараараа хүрдээ чанга атгаж, хичээхийн дээдээр хичээх аж. Тэрээр одоо муу зуршлаа оргүй мартжээ. Улаан тэрэгний араас зүүсэн улаан соёот анжис урьхан хаврын турьхан хөрсийг урж сийчин, улаанаар эргүүлэхүйд ухаа хонгор тоос хуйларч, уужим сэтгэлийг, дуулим аялгуугаар хөглөлөө. Энэ бүхэн атрын гуравдугаар аян нэн эрчимжсэн болохыг илтгэх аж.
Улаан хүү атрыг хагалан завгүй явах мөчид Сувдаа бүсгүй дурлалт залуугаа санан бэтгэрснээс болж хөдөлмөрийн бүтээмж гурав дахин муудаж үтрэмийн дарга Идэвхтэн гишүүнд нүд үзүүрлэгдэх болоод байлаа.
Атрын аяны шуудан хүргэгч Нямдорж гишүүн зөнөгтөж мунгинаад, Улаан амрагийнх нь захидлыг Алимаад өгчихсөн болохыг хөөрхий бүсгүй яахан мэдэх билээ. Нямдорж гишүүний засдаг өвчин эдгээгүй, байнга гар нь загатнаж байгаа тул сарын өмнө ирсэн Улааны захидал дээрх “Уртаас урт гэзэг, цэнхэр дээлтэй Сувдаад” гэсэн хаягийг “Ахраас ахар гэзэгт, Алтан хүрэмт Алимаад” болгож зассан аж. Тэгээд дүрдээ итгээд, маргааш нь Сувдаад бус Алимаад захидлыг аваачаад өгчихсөн юмсанжээ. Цаад Алимаа нь бас болоогүй ээ, хоролмаатаад, захидлыг авчраад өгчихгүй Улаан сайдыг битүүхэндээ бодох болсон байлаа.
Хорвоо чи хүний зовлонгоор цадах болоогүй буюу?

Бялуу хэмээгч “зутгаар” дэвтэр
Намрын шар нар над дээр чам дээр тусав. Намиатан шаргалтах амуу тариа над руу ч, чам руу ч нахилзав. Атрынхан түүхэнд дуулдаагүй их ургац авчээ. Мянганы хөгжлийн сангийн мөнгөөр мянга наян үтрэм байгуулсан боловч будаа багтахгүй сандаргана. Хонхонгийн бирж дээр арвайн үнэ навс тогтворжсон тэр нэгэн нарлаг өдөр атрын аяныхны цалин буув.
Залуус цалингаа авахаар уртын урт дугаар үүсгэжээ. Орос хийцийн дөрвөлжин богц сугавчилсан хүдэр чийрэг залуу, дугаарласан олны дундуур зүсэн зүтгэж байна. Сайн ажвал манай гол баатар Улаан хүү байх аж.
Мөнгөний нярав Боловсрол соёлын сайд Болормаа бүсгүй залуус руу бадамлянхуа дэлгэрэх мэт сайхан инээмсэглэлээ харамгүй цацаж байснаа Улаан хүүгийн богц руу харц шилжүүллээ. Тэр аанай л инээмсэглэсэн хэвээр “Богцтой ирж цалингаа авдаг үе өнгөрсөөн. Чи өдий болтол Щвейцарын банканд нууц данс нээлгээгүй байгаа юм уу?” гэлээ.
Яг энэ яриа өрнөж байх торгон агшинд тэдэн рүү Баяр дарга ирэв. Тэрээр шилээ нэгэнтээ засангаа “Улаан хүү чиний зүтгэл атрын аянд жинтэй үүрэг гүйцэтгэв” хэмээн аядуу зөөлөн дуугаараа хэллээ. Баяр бахдалдаа автсан Улаан “Дарга аа намайг одоо Хөдөлмөрийн баатар болгох уу?” гэж зориг муутай асуучихлаа. Дарга инээмсэглээд, “Энэ аянд гавьяа байгуулсан хэн бүхэнд бид бялуу хүртээнэ. Хөдөлмөрийн баатар ч болгоно” хэмээн хэлэхэд нь атрын залуус дэрхийтэл “Ура” хашгирсан болой.
Ажил хийсний дараа талх бялуу мэт амттай болдог буюу.

Хөшөө хэмээх төгсгөлийн дэвтэр
Атрын аяныхан бялуугаа хуваан байхуйд Элбэгдорж журмын нөхдийн хамт хүрэлцэн ирлээ. Арвин гишүүн ширээгээ балбан, “Та нар атрын аяныг хорлон сүйтгэсэн атлаа бялуу хуваах болоход юунд хувь горьдном билээ?” хэмээв. Зандаахүүгийн Энхболд гишүүний нүдний хөх няц арилаагүй ч, атрынхан руу ёжтой харц чулуудангаа “Далан жил тариагаа эрт тариалж, ургац алддаг байснаа бидний ачаар та нар мэдсэн бус уу?” гэлээ. Гүндалай гишүүн барс мэт үсрэн гарч ирээд, “Хаврын тариалалтыг бүтэн сараар хойшлуулсан гавьяатан би бус уу?” гэж хашгирлаа.
Яг энэ мөчид олны дундаас нэгэн бүсгүй “Улаан аа! Улаан аа!” гэж орь дуу болсоор айсуй. Уртаас урт гэзэг, цэнхэр дээлээр нь Сувдаа болохыг Улаан таниад өмнөөс нь ухасхийлээ. Атрын бүтэн аяны турш нэгнээ хүсэмжлэн зүүдэлсэн хоёр амраг зуун шараар татаад ч салахгүйгээр тэврэлдэв. Лүндээ дарга “Улаан гэрлэх дөхлөө гэж, хэлээгүй юу!” гэж сийгүүлснээ, санаа алдлаа.
Энэ явдлаас гурван сарын дараа Хонгорт шинжилгээ хийсэн арвин баялаг туршлагатай НҮБ-ын шинжээчдийн шинжилгээний хариу гарч, Гүндалай гишүүний үг батлагдав.
Сүхийн талбайг “Атарчдын талбай” хэмээн нэрийдэв. Сүх жанжны хөшөөний оронд бэлгэвчин бөмбөгөө сэнс мэт эргүүлэн, морин дэл дээр хийсгэж яваа Гүндалай гишүүний хүрэл баримлыг босголоо. Засгийн газрын эрхэм гишүүдийг гинж амандаа зуусан арслан хэлбэртэй урлаж, гол хөшөөг тойруулан байрлуулсан болой.
Нэгэнт байгуулсан гавьяаг үнэлэхэд, хүрэл хөшөө ч багаднам буюу.

***

20 comments:

Unknown said...

Талархлаа.
Хямд талх идэж чадах байгаа?
Өөрсдөө бялуугаа харамгүй хувааж чаддаг юм болов уу?

Anonymous said...

Ёооё залхууран барин арай гэж уншлаа. Тэгээд сайхан инээчхээр хамаг лазан арилчхийн. Амраа ахаа мэнд хүргэе.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Үнэхээр атарчдын талбай болдог бол ч сайхан л байна. Энэ улс орныг замбараагүй байдлаас хэн гаргах бол? Уг нь бид л юмсан. Яаж ч болдоггүй энэ хачин аймшгийн сүлжээг яавал тасдах бол? Учиргүй гараад тэр нь тэгсэн, энэ нь ингэсэн гээд баталж чадахгүй ч энд ямар нэгэн болохгүй юм болоод байна гэдэг нь мэдэгдээд л байх даана ч . . . Сонгуулиа л зөв өгөхсөн. Зөв хүмүүс хаа нэгтээ байгаа даа. Энэ чинь бүхэл бүтэн ард түмэн шүү дээ. Эсвэл энэ үе хурдхан өнгөрч дуусаасай гээд хүлээх гэж үү?. . .

A.Амарсайхан said...

Э.Баярсайханд:
Хариу талархал илэрхийлье. Бялууг яаж хуваах нь бүү мэд дээ. Дээгүүрээ мэдээд л хуваачих биз дээ.

Сумъяад:
Лазан гэдэг зовлонтой эд шүү. Миний лазан хоёр гурван сар үргэлжлээд, шинэ юм бичиж чадахгүй яваад байсан, ойрд нам суугаад энэ "роман"-ыг биччихлээ. Хэ хэ

Бум-Эрдэнэд:
Атар гэдэг нь бас л сонгуулийн шоу буюу. Ард түмэн энэ жил арай өөр санал өгөх вий. Харж л байгаарай. Гэхдээ Баасан, Батзандантангуудад өгөхгүй л дээ.

Anonymous said...

Haha todorhoi.
Bumaad horyg horoor gej ug bii.

A.Амарсайхан said...

Арсунд:
Хорыг хороор бус сүүн цагаан сэтгэлээр дардаг болой, гэж амьд будда Энхбаяр ах сургасан буй.

ZAYA said...

Улаан нь гэрлэнэ үү? Хөхөө нь гэрлэнэ үү? хамаа алга, энэ жилийн сонгууль арай өөр үр дүнд хүрэх болов уу?

Anonymous said...

Уншаад үзэхээрУлааныг гэрэлүүлэх гээд зүтгээд гүрийгаад байга юм алга. Харинч дооглоод, эднарын үнэнг нь биччхэж байгаа юм аа ддаа.

Uunee said...

Атрын 3-р аян гэдэг бол яах аргагүй сонгуулийн шоу. Сүржин нэр.

A.Амарсайхан said...

Заяад:
Яг үнэн. Би энд гэрлэх тухай бичих гээгүй ээ. Атрын кинонуудаар дамжуулаад 76 ах нарыгаа жаахан егөөдөөд авъя л гэсэн юм. Бидний сонгосон хүмүүс, бидний хойморт хошин жүжигт тоглоцгоогоод хэнэг ч үгүй дүрдээ итгээд байцгааж байна шүү дээ.

Анонимд:
Улааныг гол баатар болгоод байгаа нь Хөх гэдэг шиг "өнгөтэй" нэртэй, бас санхүүгийн сайд болохоор нь л тэр л дээ. Эд ийм юм хийж мэдэх улс. Чиний хэлдгээр үнэн байдал нь л энэ юм даа.

A.Амарсайхан said...

Үүнээд:
Хариу бичих хооронд сэтгэгдэл ороод иржээ. Хэт сүржиндээд, шоу бус шороо болоод нүдэнд нь орчихож магадгүй харагдаад байгаа юм даа.

Аль ч үед улс төрчид юмыг сүржин нэрлэж ирсэн байдаг. Нэр нь зохиод түүхэнд үлдсэн нь ч бий, элэг доог болсон нь ч бий.
Мянганы зам, Мянганы хөгжлийн сан, Соёлын довтолгоо, Нэгдэлжих хөдөлгөөн, Хүн бүр бага балчраасаа эхлэн социалист өмчийн эс ширхэг бүрийг... гээд л.

meesh said...

Энэ ч бүтэхгүй ажил байх өө намайг сургуульд сурж байхад насаараа хөрс судалсан академич багш маань манай хөрс одоо ГТ-д олигтой ургац өгөх өнгөрсөн оргил үе нь өнгөрөөд тэрнээс хойш 90 ээд оны буруу үйл ажиллагаа орхигдуулсан байдал энэ тэрээс болоод хэцүү болсон гэж хэлж байсан гэхдээ усжуулах системийн шийдэж чадвал арвин ургац авж болох юм одоо дөнгөж 250 мянга хүрэхгүй га газар тариалж байгаа тэгсэн чинь замын газар нь 600 мянган га болчихсон хөдөө бол дуртай газраараа зам гаргаад давхидаг.. 70 оны сүүл 80 оны эхээр хамгийн их буюу 1 сая гаруй га тариалж байсан бөгөөд 1 га-с
8 цтнр авдаг байсан гэлүү дээ......

Anonymous said...

Ардчилалын 18 жил
----
Ардчилсан Монголын төрийг
АН, ХУ нам хоёр...
дагнан дарангуйлан,...
хамтран хуйвалдан,...
урван шарван,...
луйвардан дээрэмдэн...
удирдсаар 18 жилийг өнгөрөөв.....
----
Элбэгдорж тэргүүтэн ардчилал нэртэй панаалаараа....
Ард олноо хошгируулан баяжиж,....
Энхбаяр тэргүүтэн авилгалын системээ төгөлдөржүүлэн....
Арабын шейх мэт аашилж байх энэ үед ......
----
Төр засаг туйлдтлаа самуурч,....
Түмэн олон үгүйртлээ хоосорч,...
Том тушаалд луйварчид заларч,...
Тавхан компани тендер булааж,...
----
Олигтой нь гадаад улс руу дүрвэж,...
Онлайнаар орсон нь хараал урсгаж,...
Охид бүсгүйчүүдийн хормой бузартаж,...
Олонхи эрчүүд нь архинд умбаж,....
----
Аллага, дээрмийн дайн дэгдэж,...
Авилгалын сүлжээ бүгдийг багалзуурдаж,...
Амьсгалах агаар утаа болж,...
Аюулгүй хоол олдохоо байж,...
----
Хот газар холион бантангаар дүүрч...
Хашаа хороо нь хог баасанд хутгалдаж,...
Гадаа гэртгүй Хятадууд элбэгшиж,...
Гудамж траншейд нь дээрэмчид үржиж,...
----
Хөдөө нутаг нүх, сондуулаар дүүрч,...
Хад уул нь трактор машинд идүүлж,...
Гол горхи ховордон ширгэж,...
Газар шороо хордон бохирдож,...
----
Хүн ард өнгө, мөнгөнд дөрлүүлж,...
Хүнлэг сэтгэлээ уландаа гишгэцгээж,...
Бэлэнчлэх үзэлд гүнзгий автаж,....
Бэртэгчин хувалзууд хэт олширч,...
----
Хийрхэгчид нь Чингэсээр өвчилж,...
Хэр ээ мэдэхгүй том том баацгааж,..
Хээнцэрлэхийн тулд өрөнд баригдацгааж,...
Хоолоо дэндүүлж өвчинд нэрвэгдэж,...
----
Хүүхдүүд нь хөнгөн зугаацалд автацгааж,...
Хөгшид нь хүндлэл хайраар дутагдаж,...
Садан төрлийн холбоос суларч,...
Садар самуун гэр бүл олширч,...
----
Эрхэмлэх зүйлгүй,...
Ирээдүйн зорилгогүй,...
Үнэнч найзгүй,...
Итгэлт ханьгүй,...
----
Амьсгалах агааргүй,...
Амтлах хоолгүй,...
Амрах газаргүй,...
Ажиллах хүнгүй,...
----
боллоо, одоо яах вэ та минь ээ

Ухаантай нь удирдвал засахад амархан,...
Уршигтай нь үргэлжлүүлвэл сөнөөхөд ойрхон,...
Маш эгзэгтэй мөчид бид тулж иржээ,...
Маргааш эх орондоо сайхан амьдрахсан.

artagnan- артаньян said...

ёоооё татах уналаа....... Элгэээ авья ааааа!!! Яджаахад юун татгаар зутгаарсаг юм хахаха.

peakfinder said...

Songuuli dohohoor myanganii zam, atriin ayan bolood yavchih yumaa. Ugui gazar tarialangaa hogjuuleed gurilaa oorsdoo hiigeed baival saihan l daa, gehdee ariin ayan geed muihraar horsoo sendiileed baih n' yamar l bol.
Ene songuuliar gaigui uls garch irj chadah bolov uu? Sonin hevlelees unshihad ter n' ovoo yum geh hun oldohgui l baih yum. Gehdee mundag sain humuus bii gej itgenem.

Anonymous said...

Амраа ахын лазан нэг мөр хөдлөө шив дээ. Блог бол Улаан сайдыг гэрлэснээс хойш таг. Осолдохгүй ажлаа хийж байгаа л байлгүй дээ

A.Амарсайхан said...

Мийш-д:
Замын газар ч тоймоо алдсан шүү. Харахаас харуусмаар болдог юм. Газар тариаланг хөгжүүлэх нь засгийн газрын үүрэг. Тэдний хийх ёстой ажил. Зам тавих ч мөн л аль ч засгийн хийх ёстой ажил. Гэтэл манай гарууд сүржин нэр өгч байгаад л, хүний бодож санаагүйг хийчихсэн болж харагдах гэж улаан цайм зүтгэх юм даа.

Анонимд:
Бид хөгжиж байгаа. Урагшаа ганц нэг алхам хийж л байгаа. 4-хөн жилийн өмнөхийг дурсъя л даа. ММ-ийн мэдээ Энхбаярын 63 дугаар сургуульд очсон мэдээгээр эхэлж, 64 дүгээр сургуульд очиж байгаагаар өрнөж, 65 дугаар сургууль дээр маргааш очих тухай мэдээгээр өндөрлөдөг байсан. Одоо шал өөр болсон. Авилгалчдыг ганц нэгийг ч болов шийтгээд эхэллээ.

Артаньянд:
Элэгний нөхөн төлбөрийг УИХ-аас олгож байгаа. Иргэний үнэмлэх, гэрлэлтийн баталгаа, 4 хувь зураг, өргөдөл, 3 үеийн түүх, хороон даргын тодорхойлолт, гэмт хэрэгт холбогдоогүй тухай ЦЕГ-ын тодорхойлолт, ДОХ-ын шинжилгээний бичиг гэсэн бичиг цаасыг бүрдүүлээд УИХ-ын тамгын газрын "зутгаар" хэлтсийн Элэг бөөр, бөгс хагсны асуудал эрхэлсэн орлогч даргад хандана уу.

Пийкфиндерт:
Мундаг хүнийг тодруулахаар санал асуулгыг явуулж байгаа. Тодруулж ч байгаа. Гэхдээ тэр санал асуулгад нь санал өгсөн хүнийг хайгаад, ярилцлага авах гээд олдохгүй байгаа гэсэн. Монголын 2,5 сая дотор байхгүй гэсэн.

Д.Сумъяад:
Лазангийн хувьд гайгүй л байгаа л даа. Он сар харж болно шүү дээ. 3 сарын 31-нд зураг зураад, 4 сарын 1-ндээ томоос том роман нийтэлчихэж байгаа хүнийг лазан гэхээр чинь ажилсаг хүн олдохгүй болно оо доо. Ха ха

Anonymous said...

Би тэгвэл таниас арай их юм шаардаад байгаан байна л даа. Хэхэ

A.Амарсайхан said...

Сумъяад:
Их юм шаардах ч бас зүгээр шүү.

Unknown said...

Сайн уу, миний нэрийг Анита Женсен, би Орос улсад, Америкаас амьдардаг, энэ зээлийг бүх зээлдэгч нарт сэрэмжлүүлэхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун байсан бөгөөд цөхрөнгөө барж байсан болохоор би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчид шалгагдаж байсан. Найзынхаа найз маань Foxx Loan Firm нэртэй итгэмжит зээлдүүлэгч гэж нэрлэсний дараа надад 45,000 еврогийн зээл олгосон юм. Стрессгүй ажлын хоёр өдөр. Хэрэв танд ямар нэг төрлийн зээл хэрэгтэй бол foxx.loanfinancialaid@gmail.com дээрээс энэ боломжийг ашиглан энэ боломжийг ашиглахын тулд бодит зээл хайж хайж байсан хүнд анхааруулж, Foxx Loans Firm Зээлийг зөвхөн ажлын 2 хоногт авах боломжтой. Баярлалаа. Э-мэйл: (foxx.loanfinancialaid@gmail.com)
Анита Женсен

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates