Saturday, October 27, 2007

АРД ТҮМНИЙ УУРХАЙ

(шог өгүүллэг)
Сэд гуайгүй найр суманд байхгүй. Ямар л наадам зугаа, хурал ном болно бүгдийг ивээн тэтгэж,
-Дэлхийнхээ хишгийг нутгийн олон та нартайгаа хуваалцъя аа хэмээн буурьтай нь аргагүй үг хэлнэ.
-Уудаг архи нь Хар Чингис, унадаг унаа нь жийп... Өнөөх мээс гээчийг л авч зайдлах дутуу байна даа гэж сумын төвийн авгайчууд жиг жуг гэлцэнэ.
Хэдэн жилийн өмнө сумын тэргүүн баян Сэд гуай хайран сайхан мал сүргээ үрэн таран болгоод Хайрханы өвөрт алтны уурхайтай болоход, “Ээ дээ энэ Сэд нэг л биш, баяжихын дон шүглээд цагаан солио тусаж байна” гэж шуугицгааж билээ. Тун удалгүй түүний юуны төлөө зүтгэсэн нь түмэнд ил болсон доо. Хоёр жилийн дараагаас л сумын баячуудын бүгдийнх нь хөрөнгө зоорийг нийлүүлээд ч түүний хөлийн чигчий хуруунд нь дөхөж очихгүй боллоо гэсэн үг амнаас ам дамжсан санагдана.
Өнгөрсөн жил гай газар дороос гэгч болсон юм. Хаврын сэндроом гээч юмны халдвар суманд хугас өдрийн дотор газар авав. Чухам сэндроом нь байсан уу, дох нь байсан уу манай сумынхан ялгаж мэдэх биш сумын эрүүл мэндийн түшмэл Дунбулайд л хамгийн түрүүн халдлаа гэж дуулдсан юм даг. Дунбулайгаар удирдуулсан “Газар шорооны төлөө” хөдөлгөөнийхөн аравхан хормын дотор Сэд гуайн алтны уурхайг эзэлж авлаа.
Сумын засаг даргын тамгын газрын үүдэнд хуучин засаг дарга байгаад огцорсон Тогмид хөдөлгөөний жагсаалын өмнөх индэрт гарч,
-Нөхөд өө! Монголын газар шороо бол монголын нийт ард түмний өмч! Дан ганц луйварчин Сэдийн өмч биш ээ! гэх цог жавхаатай үгийг хэлэхүйд хөдөлгөөнд нэгдсэн олон түмэн:
-Зөв! Яг үнэн! хэмээн дуу дуугаа авалцан дэмжлээ. Тогмидын хадам ээж мэдрэл Баасан олны дундаас таягаа гозолзуулан,
-Нударган баян Сэдтэй хуйвалдан ард түмний алтаар гараа угаасан сумын даргыг огцруулъя! Нөхөд өө, хурай! гэнгүүт цөс нь хөөрсөн олон хурай хашгиран сумын тамгын газар луу дайрлаа.
Хөдөлгөөний дайралтууд энэ мэтчилэн өрнөх нь Гитлерийн Цахилгаан дайн л ийм гялс манас байсан байх даа гэмээр. Алтны уурхайн ерөнхий инженер цагаан толгойт эрийг, механик оператор хоёр бор залуугийн хамт баривчлан жагсаалынхны өмнө авчирч, индэр дээр гаргаж ирлээ. Жагсагчдын дундаас нэг нь:
-Наад муу зэвхий цагаан толгойт чинь аягүй бол эрлийз байгаа даа гэж чарлалаа.
-Яг үнэн. Нутгаасаа хөөж зайлуулъя! гэж Тогмид хүч нэмлээ. Мэдрэл Баасан мөн л таягаа гозолзуулан,
-Наад гурав чинь ганц ганц чумдаан л тэвэрч ирсэн цагаачид гэж чарласан бол түрүүчийн нөхөр:
-Зөв! Юутай ирсэн түүнтэйгээ л буцаг гэж чарлалаа.
Үдийн хугархайд эхэлсэн хөдөлгөөний дайралтууд нар шингэхийн алдад өмнөө байсан бүх саад тотгорыг зад цохисон байлаа. Мөлчигч Сэдийн бүх хөрөнгийг хураав. Сэд гуай шүрэн толгойтой халтар манан хөөргөө элгэндээ тэврэн, “Эцгээс минь үлдсэн юм. Энийг л үлдээчих таминь!” гэж сөгдөж байсан ч, мэдрэл Баасан гараас нь ховх татан авсан тухай сумын авгайчууд ярилцав. Хөдөлгөөний зохицуулах хорооны даргаар сонгогдсон сумын овгор балиус Гарам тэргүүтэй комисс зэвхий толгойт нарын гурван цагаачийг нэгд нэгэнгүй нэгжээд хэдэн хиртэй хувцсыг нь тэврүүлээд сумын нутаг дэвсгэрээс хөөн зайлуулсан байлаа. Цагаан толгойт инженер амандаа байсан алтан шүдээ “Танай сумд ирэхээс бүр өмнө хийлгэсэн” хэмээн зүтгэсэн боловч балиус Гарам түүнийг бялба зодсоноор барахгүй алтан шүдийг нь хадаасны бахиар чарлуулан байж булгалж аваад ард түмний алт хэмээн данслахыг харсан хүмүүс балиус Гарамын шударгыг гайхацгаана.
Удалгүй ард түмэн алтаа өөрсдөө ухаж авч чадахгүйгээ мэдлээ. Сумын бүх айл Хайрханы өвөрт жижиг гэрээ барьцгааж хонон өнжин шороо угааж үзээд гялайх ч юм ололгүй буцаж нүүцгээв. Шороог нь усаар угаах бус тусгай нарийн аргаар олборлодог орд байсан юмсанж.
Хөдөлгөөнийхний өдүүлсэн цахилгаан дайнаас хойш жил боллоо. Сумын шинэ дарга Тогмид хот хүрээ рүү дахин дахин явж Хайрханы өврөөс алт гаргаж чадах инженер хайх боловч, “Юу? Хайрханы өвөр өө? Өө больё, танай сумын балиус Гарам ална” гэцгээгээд сум руу зүглэх нохой ч олдохгүй.
Тэгж байтал ард түмний уурхайн хамаг байдаг машин тэрэг, тоног төхөөрөмжийг хэн нэг нь төмрийн хаягдалд урд хил рүү ачуулчихсан байлаа. Аргагүй шүү дээ. Манаачаар буулгасан айлдаа сумын дарга нар цалин өгч чадаагүйгээс хаяад нүүчихсэн юм чинь. Дунбулай түшмэл Сэд баяны жийпийг эмнэлэгт булаан авч өгсөн нь зэвэнд идэгдэн сул зогсоно. Гучин хэдийг цусалдаг их гарын жийпний идшийг төсвийн эмнэлэг яаж хүчрэх вэ дээ. “Уурхайд ажиллаж байхад мөн сайхан байж дээ” гэсэн ажилгүй залуус дэлгүүрийн үүдэнд чулуу нясалцгаана. “Уурхай байхад орлого мөн ч лут байж дээ. Лангуугаа хаахаас...” гэж Эрээний наймааны авгайчууд үглэнэ. Сум тас харанхуй. Аргагүй шүү дээ, ганц том цахилгааны мангасынхаа амыг барьчихсан юм хойно дизель станц түлшгүй мөнгөгүй таг.
...Сэд гуайгүй найр суманд байхгүй. Урьдын сайхан цагт хоймор заларч хүндлүүлдэг байсан бол тэр одоо аргалын дөрвөлжний өмнө сөхрөөд айлын авгайн гарыг дагуулан өлөн нүдээр харж шүлсээ залгин сөхөрч сууна. Зүүн талд зээглэн суух авгайчууд:
-Эвий, муу Сэд. Ингээд солиорчих гэж...
-Чухам аа, чухам. Хөөрхий минь баян тарган явахдаа айлын найран дээр мөн ч нүнжигтэй бэлэг барьдаг байсан юм шүү... Чааваас минь ийм болчих гэж... хэмээн шивэр авирхийнэ.

33 comments:

peakfinder said...

Negiig bodogduulsan tuuh baina. Yur n' uul uurhain margaanii hoyor tald hoyuland n' l uchir bii dee. Yaval ch zugeer yum be dee geed l sanaa aldaad suuhaas caashgui yumaa.

peakfinder said...

Neeree ard tumnii omch gedeg heniih ch bish gesentei duih yum uu daa?

A.Амарсайхан said...

Пийкфиндерт:
Тийм дээ, хоёр талд хоёуланд нь "но" бий. Энэ бүхэн түшмэдүүдээс л шалтгаална. Хэзээ нэг юм түшмэдүүдийг хянаж чаддаг болох бол доо?

"Ард түмний" гэх юм бүгд сүйтгэгдээд дуусч байгаа. Ард түмний Богд уулыг Зайсан, Яармагийн ард түмэн нүцгэлээд дуусч байна. Ард түмний Тужийн нарс хятад руу ачигдаад дууссан. Юм бүхэн эзэнтэй байх нь зөв, тэгсэн хэр нь орд газрыг худалдаад авчих бэнчинтэй хүү монголд байхгүй... Яадаг билээ дээ?

meesh said...

Ер нь төр бол газар болон баялагт хамгийн муу менежер байдаг л даа.
Хувийн юмыг аль болох том жижиггүй сайн хөгжүүлж өрсөлдөөнийг сайжруулснаар чанар ч сайн болж татвар ч арвин болох зүй тогтолыг капиталист орнууд хөгжүүлсээр өдий хүрсэн тиймээс зөв бодлого барих хэрэгтэй байна даа.Нэг жишээ хэлье АНУ-ын 50 цэргийн генералыг устгахад тус улс яах ч үгүй гэж байгаа харин ГЕНЕРАЛ гэсэн тодотголтой 50 том корпорацийг үгүй хийхэд АНУ сүйрнэ гэж.Генерал Моторс,Ойл,Тек гм.1980аад оны сүүлээр АНУ засгийн газар нийт улсын 10%ыг эзэмшдэг байсан юм байна л даа гэсэн орчин үеийн эдийн засгийн онолч Фридман: АНУ бол 10%ыг эзэмшдэг коммунист улс гэж буруушааж байжээ.Энэ юуг хэлж байгаа ойлгомжтой байхаа.Хамгийн хөгжилтэй гэгддэг АНУ-ыг ингэж хэлж
байна шт.Мөн түүнээс Оросын шилжилтийн хүнд хэцүү үед яаж эдийн
засгаа өөд татах вэ? гэсэн чинь 80 гарсан хөгшин Фридман эдний Ленин хэлсэн байхаа "Сур сур бас дахин сур" гэж тэгвэл би "Хувьчил хувьчил
бас дахин хувьчил" гэсэн гэдэг.
Өгүүллэгийн хувьд үнэхээр зөв сэдвээр сайхан бичжэээ.

Arsun said...

Манайхан ч эзэнгүй л бол диваажинг ч там болгох чадалтай улс даа.
Meesh-тэй санал нэг байна.
Хадан хясааг өмчлүүлчих тэгвэл шугуй болгон хувиргана /элгэн хадыг хувьчилчих, баян бүрд болно/ гэсэн санааг оросын эдийн засагчид хэлдэг. Манай мал яаж өслөө дөө.

A.Амарсайхан said...

Мийш-д:
Өгүүллэгтээ гаргах гэсэн санааг маань жишээ, баримтаар баяжуулж, дэлгэрүүлж тайлбарласанд баярлалаа.

Арсланд:
Эзэнгүй юм чинь аргагүй ш дээ. Хувийн юм гэдэг өөр шүү. Надад хясаа өгөх юм бол би тэр дор нь алимны талбай болгоно. Намар болохоор алимаа хурааж зараад нэг үзэг авна. Үзгээрээ зохиол бичнэ дээ.

3apaa said...

Аргаа олохгүй, чадваргүй, өөнтөгч, тамын тогоочин Монголчуудаа гэж. Боловсрол ухамсар ажилч хичээнгүй байдал хичнээн ихээр дутагдана вэ. Тамын тогоо гэж...

3apaa said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Монгол улс , Тогмид шиг толгойтой бол Сэд шиг гуйлгачин болно доо . Хүнээ зөв сонгоцгооё таминь ээ

Жаагий said...

Онгойлгох түлхүүргүй бол авдраар дүүрэн алт байгаад нэмэргүй л дээ. Бид өөрсдөө түлхүүр хийх гэж цаг алдаад л. Нэгэнт бид нар бүгдийг хийгээд авдраа онгойлгож чадахгүйгээс хойш "Эхий нь эцээж, тугалы нь тураачихгүй шиг л" баймаар санагддын.

A.Амарсайхан said...

Зараад:
Дээр доргүй л ухаалаг байхгүй бол бид хэцүүднэ. Халаасанд нь ганц хоёрхон ногоон цаас хийчихвэл улсаа худалдчихаж мэдэх түшмэдүүд дээр сууж байгааг "Бороо гоулд" хэмээгчийн жишээ харуулсан. "Бороо гоулд"-тай гэрээ байгуулсан хүн одоо өөрөө цагаан хэрээ болчихоод бусдынхаа харыг гайхаад сууж байна шүү дээ.

Лакид:
Гадаадад байгаа та бүхэнд сонгуулийн эрх өгөхгүй дээ, цаадуул чинь. Бушуухан улсдаа ирж, ядахдаа эмээ өвөө, авга нагацуудаа зөв сонголт хийхэд нь туслана байгаа.

Жаагий:
Түлхүүртэй улсад зүгээр өгөөд ч байж болохгүй. Хэт коммунист уриа бариад ард түмэнд бүгдийг олгох ёстой гээд чарлаад байвал бас л бүтэхгүй.

Anonymous said...

Ашигт малтмал олборлогчид бүгд Сэд гуай шиг байдаг бол сайхан л байна. Гэтэл үгүй юмаа. Хүний өөрийн гэлгүй бүгд л мөнгө цагаан нүд улаан улайран дайрч байна.
Хувьчилж болно, гэхдээ хариуцлагаа бас тооцох хэрэгтэй. Ард түмний эрх ашгийг үгүйсгэж болохгүй. Би хувьчлаад авчихсан юм чинь яасан ч миний дур гээд байгалийг маань хордуулчихаж болохгүй биз дээ. Ард түмний өмч гэхээр хэнийх ч биш болно гэж дээр бичсэн хүнтэй санал нийлэхгүй байна. Нийтийн өмч гэж байдаг, байх ч ёстой. Хамгийн гол нь ярьж байгаа сэдвээ бодох хэрэгтэй. За тэр уурхайгаас олох мөнгө ч яахав, уух усыг минь хордуулчихвал яах вэ. Америкийн эдийн засагтай зүйрлэх ч зохимжгүй. Манайх АНУ шиг хүчтэй төртэй, хэдэн зуун жилийн капитализмын түүхтэй бол хамаа алга. Гэтэл аль аль нь байхгүй. Тэгээд ч ер нь Фридманы хэлсэн болгон зөв байх албагүй. Олон эдийн засагчдын нэг нь л байгаа биз.

Хятадын тагнуул гээд хүн болгон руу дайраад байгаа нь буруу л даа. Гэхдээ 1990 оноос хойш Хятадын тагнуулууд Монголд маш ихэссэн гэдэг нь үнэн шд. Хаа сайгүй байгаа. Саарал ордны цагаан захтнууд дунд ч байгаа, Найман Шаргын ченжүүд, Нарантуулын наймаачдын дунд ч байгаа.

meesh said...

Харин тэрийг чинь л зөв бодлого барих хэрэгтэй гээд бичсэн байгаа биз дээ.
АНУтай зүйрлэсэн юм байхгүй зүгээр л төрийн өмч гэдэг бол төрийнх л байдаг байхгүй хүн хэзээ хувийн юмандаа тэгж хандахгүй.Фридман бол жирийн нэгэн эдийн засагч бишээ л дээ.Адам Смит тэрний дараа Кейнсийн чөлөөт эдийн засгийн онолыг үргэлжлүүлэгч 20 зуунд
амьдарсан сонгодог том төлөөлөгч.

A.Амарсайхан said...

Эрдэнэболорт:
Ард түмний өмч гэхээр "Ард түмнээс сонгогдсон" гэх түшмэдүүд түүнийг мэдэж захиран зарцуулах болдог. Тэгээд л яадгийг бид харж байгаа шүү дээ.
Хувийнханд бол төр /төр нь чадахгүй бол иргэний нийгэм/ хатуу хяналт тавих ёстой.

Мийш-д:
Төрийн юм гэдэг бол эзэнгүйтэй ижил гэдэг философийг бидний орос ах нартайгаа мөр зэрэгцэн туулаад ирсэн 70 жил харуулсан шүү дээ. Би энэ тал дээр чамайг бүрэн дэмжиж байна.

ZAYA said...

Тамын тогооны үлгэр гэж... Хэцүү юм даа.

Anonymous said...

Би аминдаа бас хэлээд л байна, ярьж байгаа сэдвээ бодох хэрэгтэй гэж. Өөр салбарт бол хамаа алга, бүгдийг нь хувьчилъя, тэндерт ялж л байвал хэнд ч хамаагүй өгье. Гол нь ашигт малтмал, мөн хөдөө аж ахуй ч бас, эдгээр салбаруудад май энэ чиний өмч гээд шууд өгчихөж болохгүйн учир нь ард түмний өмч болох байгаль цаана нь байгаад байна. Ашигт малтмалын хувьд бол маш их мөнгө яригдаж байгаа учир бас давхар болгоомжлол байна. Өрсөлдөөн сайжрахаар хувийн салбар хөгждөг нь үнэн. Гэтэл уул уурхайн салбарын хувьд ямар өрсөлдөөнийг яаж дэмжих гээд байгаа юм? Жишээ нь Оюутолгойг эзэмшсэн компанитай хэнийг өрсөлдүүлэх вэ? Энд ямар ч өрсөлдөөн байх боломжгүй. Гарцаагүй монополь үүснэ. Иргэний нийгэм нь хянаг гэж байна. Манайд иргэний нийгэм хэдэн миллиардын хөрөнгөтэй компанийг хянаж чадах хэмжээнд хүрээгүй байна. Тэгээд ч иргэний нийгэм хувийн компанийг хяналаа гээд ямар сонгуулиар захирлыг нь сольчих юм биш.
Тийм учраас төр өөрөө хянах, хянах ч гэж стратегийн ач холбогдолтой ордуудад шууд хувь эзэмших нь зөв гэж би бодож байна. Эрдэнэт улсын үйлдвэр байлаа гээд болоод л байгаа биз дээ. Төрийн түшмэдүүд идэж ууж байгаа нь бол авилга гэдэг бас нэг өөр асуудал юмуу гэж бодох юм.
Оросыг нэг харчихад гэмгүй юм шүү. Хөрөнгөтнүүд улсаа авч явдаг гэдэг онол Орост лав тохирохгүй байна. Хөрөнгөтнүүд нь хагартлаа баяжингуутаа хөрөнгөө гадаад руу гаргаад байдаг. Фридман гуайн үгэнд орсондоо оросууд одоо харамсаж, алдаагаа засахаар оролдож байна. Улсын корпорациуд байгуулж хэт даварсан олгиархиудыг хазаарлахаар боллоо. Хятадад ч гэсэн коммунист намын нэрийг барисан хөрөнгөтнүүд нь баяжаад байдаг, жирийн ард түмэн нь аргаа бараад Монголд барилга дээр ажиллаж байна. Ху Жин Тао өөрөө Хятадын эдийн засгийн өсөлт ядуучуудад хүртээлгүй байна гэдгийг сая намынхаа хурал дээр зөвшөөрчихлөө.
Ер нь хэт либераль үзэл Монголд тохирохгүй гэж боддог. Зэрлэг капитализмыг муйхраар дэмжвэл баян ядуугийн ялгаа улам ихсэх болно. Төр зохицуулахаа зохицуулаад, оролцохдоо оролцох л хэрэгтэй. Харин ард түмэн нь төрөө хянах хэрэгтэй. Зөв бодлого гэж яривал үргэлж зөв байдаг бодлого хаана ч байхгүй, тухайн нийгэм, цаг үедээ тохирсон бодлогыг л зөв гэх байх.

A.Амарсайхан said...

Эрдэнэболорт:
Би ард түмний өмч гэдгийг эсэргүүцээгүй. Сэд баян ч ард түмний нэг төлөөлөгч.
Харин "Ард түмэн" нэрээр төрийн томчууд халаасандаа юм хийчихнэ, харин ард түмэнд нь юу ч нялзахгүй гэдгийг л хэлсэн.
Цаадуул чинь зальтай хүмүүс. "Ард түмний" гэсэн хаягтай эзэнгүй том бялуу бий болгоод түүн рүүгээ амаа том гэгч ангайгаад дайрчихдаг л араатнууд шүү дээ.

Anonymous said...

Амарсайхан ахад: таны санааг би ч бас ойлгоод л байгаа юм. Ард түмний өмч гэдэг ойлголтоос болгоомжилж байгааг чинь дэмжихээс өөр аргагүй. Ер нь бол дэлхий нийтээрээ либеральчлагдаж байгаа үед бид эсэргүүцэх арга ч угаасаа байхгүй. Гэсэн хэдий ч бид Фридман, неолиберализм, капитализм, Laissez-faire гэсэн сүүлийн үед моодонд ороод байгаа ойлголтуудыг хэрэглэхдээ өөрийн гэсэн ухаантайгаар хандаж баймаар байна. Бид чинь хэн билээ, ямар нийгэмд юу хийж байгаад одоо юу болгочихоод байгаа билээ. Ер нь хаашаа яваад байгаа юм. Толгой нь нэг тийшээ, сүүл нь нэг тийшээ зүтгэх гээд байгаа юм биш биз. Хашир байхад илүүдэхгүй гэж боддог юм.

"Цаадуул чинь зальтай хүмүүс" гэдгийн тухайд үнэхээр л тийм юм даа. Луйварчдыг зайлуулж төрөө цэвэршүүлэх юмсан. Тэгвэл манайх хөгжихөд ядах юу байх вэ. Бидний монголчуудад барууныхнаас ялгарах нэг онцлог байна. Эд нар, эх орон надад туслах ёстой гэдэг бол бид харин эх орондоо туслах юмсан гэж боддог.

PS: сонирхолтой өгүүллэг блогтоо тависанд баярлалаа гэж хэлэхээ мартталаа улс төржсөн байна шүү.

meesh said...

Санаа бол энгийн хувийн өмчтэй Сэд өөрөө ч мөнгөжихийн хэрээр сумын олон хүнийг ажилтай амьдралтай байлгаж байгаа.Гол нь тэр хувийн өмчтөн.
Миний санаа бол төр баялаг дээрээ хий дэмий дээр дарж хэвтэж байснаас Сэд шиг олон хүнд өгч ашиглуулж татвараа арвин авахыг хэлээд байгаа.Гэтэл тэр мөнгийг хуваарилах хариуцлага тооцох энэ тэр дараагийн
шат руу ороод байна лдаа гэхдээ буруу юм биш л дээ зүгээр энэ өгүүллэгийн хувьд л ярьж байгаа юм.
Тэр өмчтөн өөрийн хувийн ашгаа бодож байгаль экологииг хордуулж, бохирдуулсан, нөхөн сэргээлт хийгээгүй бол хариуцлага тооцох зүйн хэрэг.Эрдэнэболор өгүүллэгийн хувьд шууд улстөржүүлж байна л гэж бодож байна.
Ер нь хэн нэг нь блог дээрээ энэ сэдвээр форум болгоод үзэл бодлоороо мэтгэлцэж маргаж ч болох юм.

A.Амарсайхан said...
This comment has been removed by the author.
A.Амарсайхан said...

Эрдэнэболор, Мийш нарт:
Блогт маань сэтгэгдэл үлдээж, санал бодол солилцож байдагт тань баярлаж явдаг шүү.
Блог бүхний сэтггэгдэл үлдээх талбайд форум явагдаж санал бодол солилцож байдаг гэж боддог. Миний блог ч форум-д нээлттэй байх болно.

ZAYA said...

Гүйх нохойнд гүйхгүй нохой гэдэг билүү. Хөөрхий Сэдийг бүр орвонгоор эргүүлжээ. Манайхны энэ олон хөдөлгөөн ер нь ямархуу юм бол? "Газар шорооны төлөө" хөдөлгөөнтэй төстэй юм биш биз дээ та минь ээ.

Anonymous said...

теором : Нийгэмийн өмч гэдэг бол түүнийг захиран зарцуулж байгаа хүний өмч мөн. Иргэны хөдөлгөөны хувьд ямар ч гэсэн Батзандан нарийн хүмүүс анхнаасаа худлаа хүмүүс одоо нам байгуулчихсан гэжийгаа. угаасаа л тэд ийм л зорилготой иргэны хөдөлгөөныг санаачилсы ш дээ.

A.Амарсайхан said...

Заяад:
Бүгдийг нь ийм гэхгүй ч, зарим хөдөлгөөн арай хэтрээд байгаа тал бий.

Анонимд:
Батзандан нарын тухайд бол их сонин. Анхнаасаа бид суудал сандал хөөцөлдөхгүй л гэцгээсэн. Одоо тэгтэл юу гээд, юу хийгээд явна даа?

A.Амарсайхан said...

Батзандан гэхээс бид хоёр энэ зун "Вакцин" нэвтрүүлэгт хамт зочноор орж таарсан. Их сүрхий яриа хөөрөөтэй, давгүй л залуу санагдсан. "Бид сонгуульд орохоос өөр арга алга даа" л гэж байна билээ.

Anonymous said...

he he, neg muulaad bgamuu gsn sailaad ch bh shig Batzandang, tsag hugatsaa haruulna doo hen ni tunaj uldehnuu,

бж said...

Ee dee, ter irgenii hudulguun ene ter bol hudlaa daa. Anh garch irehdee l neeh surjigneel hudlaa sanagdaad baisiin.
Huurhun uguulleg boljee, Amraa. Bas ih emgeneltei. Manaihan uursduu yu ch chadahgui hernee yum hiij baigaa negnee iluu uzej, untraaj baidgiin tod jishee. Hajuugaar ni ter luivarchid ch bas yuchiv...

A.Амарсайхан said...

Анонимд:
"Цаг хугацаа бүхнийг харуулна" гэдэг ч жинтэй үг шүү.

Ганаад:
Сэд гуайг би өрөвдөөд байдгийм. Хүний нийгэмд ийм харамсалтай түүх олон тохиолдсон. Бид өмнө ч нэгнээ адалж байсан, одоо ч адлагдсан хүн байж л байгаа.

Anonymous said...

Бид иргэний нийгэм, иргэний хөдөлгөөн хоёрыг салгаж ойлгомоор байна. Иргэний нийгэм гэдэг нь ганц Батзандангийн хөдөлгөөнөөр хязгаарлагддаг эд биш. Иргэд заавал нам байгуулалгүйгээр сайн дурын үндсэн дээр өөрсдийгөө зохион байгуулалж, үзэл бодлоо илэрхийлдэг, хэлэлцдэг, мөн төрийн шийдвэрт нөлөөлөх эрх мэдэл, хүч чадалтай болсон үед иргэний нийгэм төлөвшлөө гэж хэлдэг юмуу гэж би боддог.
Одоо энэ блогоороо дамжуулж үзэл бодлоо илэрхийлээд, хүмүүсийн сэтгэгдэл цуглуулаад байгаа зохиолч Амарсайхан мэтийн хүмүүс ч бас тодорхой хэмжээгээр Монголд иргэний нийгэм хөгжихэд хувь нэмрээ оруулж байх шиг санагдаж байна.

Anonymous said...

Бид иргэний нийгэм, иргэний хөдөлгөөн хоёрыг салгаж ойлгомоор байна. Иргэний нийгэм гэдэг нь ганц Батзандангийн хөдөлгөөнөөр хязгаарлагддаг эд биш. Иргэд заавал нам байгуулалгүйгээр сайн дурын үндсэн дээр өөрсдийгөө зохион байгуулалж, үзэл бодлоо илэрхийлдэг, хэлэлцдэг, мөн төрийн шийдвэрт нөлөөлөх эрх мэдэл, хүч чадалтай болсон үед иргэний нийгэм төлөвшлөө гэж хэлдэг юмуу гэж би боддог.
Одоо энэ блогоороо дамжуулж үзэл бодлоо илэрхийлээд, хүмүүсийн сэтгэгдэл цуглуулаад байгаа зохиолч Амарсайхан мэтийн хүмүүс ч бас тодорхой хэмжээгээр Монголд иргэний нийгэм хөгжихэд хувь нэмрээ оруулж байх шиг санагдаж байна.

A.Амарсайхан said...

Эрдэнэболорт:
Батзандан тэгэхэд надтай уулзахдаа "Бид нэг фронтын дайчид байна" гэсэн. Би ч зөвшөөрч "Тийм" гэсэн. Надад Чилаажив "Амараа, чиний зохиол яаж ийж байгаад л нийгэм рүү орчих юм. Хүний араншин, хүний явдлыг бичихэд анхаараач" гэж хэлж байсан. Шог зохиолыг нийгэмгүй болгох гэхээр хамаг амт шимт нь байхгүй болчих гээд байна гэдэг ч хүн бий. Чилааживын зөвлөгөөг анхаарч бичсэн зохиол "Болохгүй", "Цагаан өр" гээд олон юм бий. Нийгэмгүй бичээд байхад л хүмүүс "Наад зохиол чинь нийгмийг шүүмжилжээ" л гэдэг.

Kherlen Borjigon said...

Gazar yakhav Capital good bdag um baij tegvel Ashigt maltmal, baigali eejiin hairlasan ter bvkh gazar deerkhi bayalag maani Consumer goods shvv dee. Freedmanii zuv vrgeljid baikhgvi shvv de. ANU n ursulduunt niigem gesnees, bid ursulduud ursulduud haana hvrekh gej tegej yaarcgaagaad baina ve? Ukhaandaa teneg sanagdaj ch magadgvi um. Gesen ch anu n neg zaluu 300,400 kg boltloo targalj, baigaliin bayalgiig baas bolgoj gargaj bgaag /end ikh idekh g l heleegvig oilgono biz ee/ tgeed bidnii hvrekh orgil gej nerleed bna uu? Hvniig chi cagaan ungu har, chi har ungu esvel ulaanaar yurtunciig harj bai gesnees chi unuudur 3n talkh idne bi harin 4g. Gekhdee l bid tusdaa 2; 2 g olj bsnaas ene ni deer baina. Bi ulaanaaraa haray, chi sharaaraa yurtunciig har, nadtai cug yav gesen ni cus baga gargadag um. Bi huvidaa ANU n amjiltiig ter l gej bodoj baina. Hvn turulkhtun ulsuj bna ene vnen. Harin arai gej talhnii baraa haraad bird bolchikhvii. Ene nvglees ug ni ertnii merged, Mongol zanshil maani holuur yav gej ikh l surgadag daa. Ecest ni helekhed bvgd hicheej shinjlekh ukhaaniig tergvvleerei. Bvgd chin setgel barin hairla, hudulmurlu. Tegsen cagt Mongol maani delkhiin hvn turulkhtung Christ n toolloor 4 degch myangand ni amar amgalangaar hutlun oruulakh ch um bilv?

byambaa said...

ta hed ch end bur nom hayaltssan bh shiv.

byambaa ni ene udaad oroltsok amjaaguid sorry.

yumiig olon talaas ni harah heregtei gej neg ug bii. yamar ch yum sain muu 2 taltai. ali boloh sain tal ni davamgai bhaar l bodoltsoh heregtei yum.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates