Wednesday, September 26, 2007

ЦАГААН ӨР

(өгүүллэг)
Найрын ахлаач, “Одоо хоёр хүүхэддээ бэлэг хадгаа барьцгаая аа” хэмээн өндөр дуугаар хэлмэгц хуучин цагийн мах сүүний дараалал шиг юм хөвөрлөө. Сархдад халамцаж улаан зээрд болсон эрчүүд хацарт нь ягаа бутарсан аманцар авгайчуул бэлэн цэцэн үг урсган, соронзон хальсны жижиг хөгжим, орны бүтээлэг, хивс гэхчлэн зүйл зүйлийн эд бараа бэлэгт барьж байна. Хуримаа хийж буй “хүүхдүүд” болох Галаа Сараа хоёрын нүд эрээлжлэн, чих дүнгэнэж хэнээс юу аваад байгаагаа мэдэхээ больж, гагцхүү хацар дээрээс нь үнсэх сахалтай сахалгүй хошуунуудаас айраг сархдын эхүүн үнэр ханхлахыг л мэдэрнэ.
-Таван хошуу мал аваарай миний хоёр хүү хэмээн нагчгар хамартай шар царайтай эрийг хашгирахад тэр хоёрын нүдний эрээлжлээ арилж, гэрийн зүүнтээ зээглэн суусан авгайчууд дуу алдах нь уу гэлтэй амаа ангайснаа бие биенийхээ чихэнд хошуугаа наан шивэр авирхийлцэхийг анзаарав.
Хуримын маргаашаас нүнжигтэй бэлэгний тухай яриа айл айлаар дамжих нь шинэ гэр бүлийн хоёрын чихийг ч ирж дэлсэнэ. Галаагийн садангууд бүгд аймгийн төвийн “ча” гэх өнчин ишиггүй, хөдөөнийхөн муу хэлдгээр “хорооны гуйлгачин” тул бэрийн талынхны нүнжигтэйг шагшин магтаж, хэлэх үгээ олж ядна. “Улаан хацартай хүүхэн аваад, төсвийн хэдэн цаас харахгүй олон малтай болж гэнэ” хэмээн Галаагийн ажлын газрынхан хүртэл цуурцгаалаа.
-Сараагийн буянд, танайх адуу, тэмээ, гурван үхэр, арваад богтой болсон шүү. Эгч нь хуримын бэргэний албанд тохоогдсон байсан болохоор хүмүүсийн амласан малыг бүртгээд биччихсэн шүү гэж бэргэн нь Галаа, Сараа хоёрт хурим өнгөрөөд хэд хонож байтал хэллээ.
-Худлаа хэлээд, нээрээ биччихсэн юм уу та? гэж Галаа гаднаа эргэлзсэн дүр үзүүлэвч цээжин дотор нь баяр бялхлаа. Хүн болсоор өөрийн гэх нохойтой ч байж үзээгүй, хорооны хүүхэд болохоор тэр шүү дээ.
-Өсч үржээд мянга түм болохоо байг гэхэд, хэдэн жилийн өвлийн идэш гэдэг чинь их юм байхгүй юу хэмээн бэргэн нь сургаж байна.
Өвөл ирж, ажлын газрынхан “Энэ жил өвлийн идшээ хаанаас авна аа, махны үнэ тэнгэрт хаджээ яана даа” гэж нааш цааш гүйлдэн амьсгаадаж эхэллээ. Харин Галаа, “Бэлэгт амласан үхрээ явуул гээд Сараагийн авгад хэл өгчихсөн” гэж дотроо бодон дээгүүр харан монцойтол алхаж байв. Ажлаа тараад гэртээ иртэл ээж нь тэднийхээс их доогтой мушийсаар гарч ирж таараад,
-Танай өвлийн идэш иржээ гэж хэлээд цааш явлаа. Ороод, Сараагийн мөр чичрэн мэгшүүлж байхыг хараад Галаа эхлээд гайхсанаа, очиж аргадах гэж оролдлоо. Түүний авга ишигний чинээ бяруу алж явуулсан байх агаад арьсанд боож хөлдөөсөн махыг гурван настай охин хөдөлгөн тоглож, сүүлнээс нь чирч ход ход хөхөрнө. Сараа:
-Танайхан миний ах дүүсийг шоолж байгаа даа. Би хүний нүүр яаж харах вэ? хэмээн сэтгэлээр унана. Галаагийн ээж уул нь тийм муухай зантай хүн биш ч, энэ явдлаас хойш худууддаа нэг л ёозгүй хандах боллоо. Галаа дотроо Сараагаа өмөөрөвч, хүүгийнх нь өвлийн идшинд тохуурхаж байгаа мэт бяруу өгч явуулахаар арга байж уу, зуугаад үхэртэй хүн юм гэнэ лээ шүү дээ гэж бодохоос ээждээ бас буруу өгч эс чадна. Тэр өвлийн идэш сар бололгүй дууссан билээ.
Дараа жилийн лайт өвөл ирдгээрээ ирлээ. Сараагийн санаа маш зовж байгааг Галаа ханийн зөнгөөрөө мэдэрнэ. Энэ удаа таван хошуу мал амласан өнөөх нагчгар хамарт нагацынд нь явж хүрлээ. “Цагаан өр”-ийг нэхэж авдаг ёстой юм гэж хөгшчүүд загнасан учраас тэр л дээ. Галааг унааны хөлсөнд хагас цалингаа өгөөд, нагацаас нь “Малаа дараа жил ав” гэсэн хариу аваад ирснээс хойш Сараа бүр нүднээс гарлаа.
Энэ явдлаас хэдэн жил өнгөрч өнөөх цагаан өрүүд овоо мартагдах янзтай болоод байтал Галаа хүүгийнхээ даахийг үргээх ёс хийлээ. Садангууд нь Сараагийн нүүрийг улсхийлгэн халуун бүлээн хошуутай бод бог амлана. Харин ча гэх ямаагүй “хорооны гуйлгачин” авгайчуул амаа ангайн гайхадгаа больчихсон, бие биенээ нудран жиг жугхийлцэж, шоолон хөхрөлдөж байлаа.

47 comments:

ZAYA said...

Хүүе, нэг онигоо санаад орчихлоо.
Найран дээр нөхөр нь босоод "Хундан цагаан хонь аваарай" гэсэн чинь авгай нь муухай харах шиг болохоор нь "Гэж байвал алваа" гэсэн гэнэ лээ.

meesh said...

Хөдөөний найран дээр хүмүүс хоймор луу хөлсөө гоожуулан зүтгэсээр л очиж хосуудыг үнсээд л мал амладаг дүр зураг яг харагдаж байна шүү.Нээрээ бичиж авахгүй бол будлина шүү дараа нь.

A.Амарсайхан said...

Заяад:
Тэр дороо "Гэжийвал алваа" гээд хэлчихнэ гэдэг чинь "том соёл". Бөөн бинзен тос зараад, арай ядан очиж байхад өмнөөс "Гэжийвал алваа" гээд сууж байх ч хэцүү шүү.

Мийш-д:
Бичиж аваад ч нэмэргүй. Дараа нь бүгд л "Гэжийвал алваа" болчихно шүү дээ.

Arsun said...

Энэ бол зөвхөн Монголчуудад л байдаг "эд" байх. Дээр үедээ чухам яадаг байсан болоо. Их нарийн юм хөндсөн байна шүү.

A.Амарсайхан said...

Анунд:
Дээр үед за гэвэл ёогүй гэдэг шиг л байсан гэдэг. Амласнаа буцах тухай төсөөлөл ч байдаггүй, хүнд худлаа амладаггүй байсан тухай хөгшчүүд ярьдаг. "Цагаан өр"-өө заавал өгч байж санаа амардаг байсан юм билээ. Тэгтэл одоо хулхидах хамгийн сонгодог арга хэрэгсэл болж хувираад байна.

ZAYA said...

Тэгээд "Цагаан өр"-ийг чинь нэхээд байлтай биш хэцүү шүү. Нээрээ манай ажлын 2 хүний хурим саяхан болсон чинь Япончууд хуримын урилга авснаасаа хойш бэлэгээ урьдчилаад өгчихдөг юм билээ. Мөнгө дугтуйнд хийгээд өгчихсөн. Тэгээд хурим дээр нь сайхан ерөөл тавиад л... сайхан хурим болсон ш дээ. Нээрээ очих нь тодорхой юм чинь урьдчилаад бэлэгээ өгчихвөл "Цагаан өр" үүсэж дараа нь авлаг цуглуулах ажил гарахгүй юм биш үү?

A.Амарсайхан said...

Заяад:
Би зун болгон хөдөө очиж морь унах гэж зүтгэдэг хүүхэд байлаа. Намайг 6 настай байхад нэг айл алаг зүсмийн хөөрхөн даага бэлэглэж билээ. Миний баярласныг яана. Алаг даагаа би тэр айлд хонож өнжсөн тэр нэгэн сайхан нартай өдрөө л эхний бөгөөд эцсийн удаа харж, унаж, илж таалсан билээ. Дахиж барааг нь хараагүй. Миний аавд хүүгийнхээ даагыг авна гээд нэхээд очих "ширэн нүүр" байгаагүйгээс тэр шүү дээ. Наймдугаар ангид байх жил авга ахынх тэднийхтэй айл зусаад. Авга минь яаж ятгаад ч /бүр загнаж зандарч ч үзсэн/ надад тэр айлд ногт ганзагалаад, давхиж очих "ширэн нүүр" ургаагүй.

ZAYA said...

Бид нар хүнд юм бэлэглэж чаддаггүй харамч хүмүүс юм уу? эсвэл. Хөдөө бол энэ асуудал их гардаг. Намайг бага байхад, надад нэг айл хурга өгсөн гэсэн. Тэгээд ээж аав 2 тэр айлыг холдоод нүүх болохоор нь мотоциклиэр очиж авчээ. Тэгээд ээж хургаа тэврээд ард нь сундлаад суугаад явж байтал гэнэт хурга нь тонгочоод ээж мотоциклийн янданд зүүн хөлийнхөө өсгийг гэмтээчихсэн гэсэн. /Одоо аймар сорвитой/ Ээж маань харамлаж өгсөн юм байхдаа гэж ярьдаг юм. Тэр хурга сайхан эр хонь болсон чинь сүүлтэй боохой зооглочихсон гэсэн шүү дээ. Мал бэлэгэнд өгч авах бас түвэгтэй. Бэлэгэнд тооцохгүй байх нь дээр...Бас цагаан сарын бэлэг гэж нэг марзан юм бий. Зарим нь бүүр айлаас айл дамжаад л хэнд ч хэрэггүй болчихдог.

БЭ said...

neeren ene hurim nairan deer chin ingej hamaagui "tsagaan ur" lej boldoggui yum shig baina lee, manai huriman deer neg ah halchaad dugtuitai mongo ogsonoo za uugeer mashin avaarai geed helchihsen chin l yostoi neeren ene talaar odoo hurtel tsuu n duusaagui sonsogdoj l baih yum, bid 2-g belgendee mashin asvan l gene ter n tsaashlaad jeep avsan l gene ter n suuldee benz jeep l gene, ternee mongol achuultsan l gene, yooy aimar tsuurdag yum baina lee shuu, hehe sonsood bur tataj unah shahsan.

A.Амарсайхан said...

Заяад:
Хүнд юм бэлэглэчихээд. Тэгээд түүнийгээ өөрсдөө авчраад өгчихдөггүй сонин заншил шүү.
Цагаан сарын бэлэгний тухайд бол миний шог зураг байгаа үзээрэй. "Цагаан сарын бэлэг" гээд.

Тэлмэнд:
Хүмүүст болохоор мал өгдөг их баян хүн болж харагдаад л. Пий Аар хийгээд ч байгаа юм шиг. Цаг дээрээ тулахаар тэр Пий Аар нь шал худлаа. Нөгөө хар Пий Аар гээчийн л нэг хэлбэр юм уу даа.
Машин аваарай гэчихээд, маргааш нь сахлын машин аваачиж гардуулсан тухай шог яриа байдаг шүү дээ.

peakfinder said...

Ugui nogoo nerelhuu ulsuudiin zan yum uu daa. Olnii nudend neg ih surhii tom beleg ogson hun bolj haragdah geed. Zarim n' barag hen n' tom yum amlah ve gej uraldaad baigaa ch yum shig.
Bi ch gesen bas nerelhuu, hun ooroo avchraad ogohgui bol nehej avch chadahgui baihaa.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

авж өгөлцтөл хаа юм
атан тэмээ нэгийг аваарай...

ZAYA said...

БумЭрдэнэ: Хэрэг болж магад хэрэгтэй үг байна. Цээжилдэг юм билүү? Хэхэхэ

byambaa said...

bi bas hundan tsagaan honi avaarai gej zunduu sonsson sh dee. mgl yavj nehev avay baiz. Zayaagiin eej shig sorvitoi boloh yum bolov uu. gehdee er ni ulaan mahnii heruul ch gej yum uu, haramlaj ugsun yum demii gedeg yum bilee.
teer jil manai aav neg uvduj bilee. uvliin ideshnees bolj...

ZAYA said...

Бямбаа: Цагаан өрийг нэхэж авах хэрэггүй байхаа. Сэтгэлд, цаашилбал биенд сорвитой болж мэднэ.

Жаагий said...

Tsagaan uriig hen tavij baigaag ni anhaarah heregtei l dee. Ali ali talaaraa naidvargvi nuhdvvdees nehsnii hereggvi baih.

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Цагаан өр тавьчих уу :D, та нэг адсенс яриад л байгаа, ажил дээр нь очоод ч юмуу тавьж өгье ашгаасаа хуваалцаарай. :D

Холбоо барих бол таныг хаанаас олох, эсвэл утасны дугаараа өгөөч. Энэ олон хүн орж ирж байгаа, эмчлүүлж байгаа юм чинь сурталчилгаанаас орлого олоход дэмжлэг үзүүлж өгүүллэг уншин, зураг харан инээх бүртээ нэг товших байхаа гэж найдаж байна

Anonymous said...

Ам мал гэж авч ч болдоггүй байж ч болдоггүй, олддоггүй эдийн нэг дээ гэж сая зун манай авгууд ярьж байсан нь санаанд орчихлоо. Жил болгон л хөдөө гадаа явахаар тийм ийм мал аваарай гээд хүмүүс амлачихдаг, дараа нь тэгээд тэрийгээ өгдөггүй, хүмүүс ч очиж авахаасаа нэрлэхээд өнгөрдөг гэдэг юм билээ,хих.

Anonymous said...

Heden jiliin umnu gertee utas taviulah gej buun arin haalga boldog baih ued ( odoo bolison biz ), neg aimgiin holbooni darga , ailin nairan deer , utas tavij ugnu gej amlaad baahan idej uusan yum baih. Daraa ni ochood amlaltig ni sanuultal " sogtuu hunii ugend utgeed baihdaa yadag yum ' geed ungursun gedeg. Ene bol bolson yavdal shuu. Halamtsuu hun bayarhuu gej ...

Uunee said...

Яанаа, нээрээ цагаан өр ч нэхэж ч болдоггүй, бас хаячихъя гэхээр хайран хэцүү золиг шүү. Гэхдээ амласан малыг 2 жил болгож байж авдаг юм гэсэн. Цагаан өр тавьчихаад өгдөг хүмүүс бас зөндөө байдаг юм шүү. Арай ч зайлуул муу хөдөөнийхөнийгөө бүгдийг нь тэгж хэлж болохгүй ээ. Харин хотынхон маань цагаан өр тавихдаа гаршаад байгаа юм биш үү. Байгууллагын ой ч юм уу ямар нэг юм болоход нэг компанийн захирал тэдэн төгрөг өгнө гээд л хурал цуглаан дээр нь амалчихна. Өгсөн нь байхгүй. Одоо энэ улстөрчид бол цагаан өрийг сайн тавьж байна даа. Өрөө төлдөг нэг нь байдаг л байх. Төлдөггүй нэг нь ч бас байсаар л байна шүү.

Anonymous said...

bi end bga shuu amraa ahaa

http://blogmn.net/chariotebrooch/

chariote

Д.Цогбадрах said...

Таны блогийн энэ бичлэгийг ашиглахыг зөвшөөрнө үү... Мэдээллийн эх сурвалжийг дурьдах болно оо.

A.Амарсайхан said...

Пийкфиндерт:
Би ч бас нэрэлхүү хүн. Сүүлийн үед мах үнэд ороод байхыг нь яана. Тэгээд л нэхсээр байгаад авч идэж байх минь яав даа гэж харамсах юм. /Мах авах бүртээ, хэ хэ/

Бум-Эрдэнэд:
Маш их баярлалаа. Одоо би чинь барааг нь хараагүй, харах найдлагагүй ч гэсэн атан тэмээ гуравтай болж байна. /Чамаас өмнө хоёр ч баагийгаас таван хошуу мал аваарай гэсэн нохой үг сонссон хүн шүү/

Заяад:
Ээ дээ, ийм үгийг цээжилж олонд нэр нүүрээ барж байхаар яаж ийж байгаад газар дээр нь улаан халзан 5 мянгат ганцыг хүнээс зээлж байгаад ч хамаагүй өгчихсөн нь дээр дээ.

Бямбаад:
Нээрээ шүү, аваагүй нь дээр юм билээ. Сарын хоол болох бяруу авсан маань бод авсан гэдэг нэртэй үлдэнэ шүү дээ.

Заяад:
Сэтгэлийн сорви л хэцүү дээ.

Жаагийд:
Найдвартай хүмүүс нь бол нэхүүлэлгүй өөрсдөө авчраад өгчихдөг. Миний "найз", хуурай ах 70 дөхсөн сайхан хөгшин бий. Тийм хүнд чинь хариуд нь тус болохсон гээд л өөрийн эрхгүй гүйнэ.

Гантулгад:
Наадах чинь харин найдвартай ам гэдэгт итгэлтэй байна. Би чинь 100 айл, Хэвлэлийн хүрээлэнд сууж байдаг хүн. Утас гэвэл 99160246. Их баярлалаа.

Муланкад:
Кэцүү, кэцүү.

Лакид:
Согтуурч л байсан байхгүй юу, хог... гээд сууж байдаг сийхгүй гаруудын тухай онигоо их бий.

Үүнээд:
Өө нээрээ, эрхэм гишүүдийн цагаан өрийн тухай гоё юм бичиж болох юм байна ш дээ. Санаа өгсөнд баярлалаа.

Чариотед:
За, холбоосоо өөрчилчихлөө. Зочилж цай ууж байна аа.

Цогбадрахад:
Болно оо. Харин хаана ямар юман дээр тавина гэдгээ хэлээрэй. Ахдаа сонин сэтгүүлийн дугаараа илгээхийг бодоорой.

Jagaa said...

Eniig unshisan chin neg yum sanaand orchihloo xexe. manai huuchin ajliin zahiral shine jileer heden hun shagnana sain ajillasan geed l dugtui uguud baihaar za ene hed ch bayjij ugluu duu l geed avaagyi hed ni bodool suutsgaaj bailaa, Tegeed harin daraa ni nuguu hedeesee za yasan hedeer shagnuulsan gesen chin dugtui ni dotor ni greetings bsan gesen neg ch turgurggyi xexe unen alia xaxaxa

Jagaa said...

Hey ta ingehed haana ajildag ve? Bridge groupd mun uu? Say hoolondoo orood yavj bsan chin tanii ene zuragtai chin aimaar adilhan hun yavj bsiin xexe tegeed l mun baih gej bodloo

A.Амарсайхан said...

Жагаад:
Сэтгэлийн бэлэг гэдэг тэр дээ. Тэр ил захидалд даргын сэтгэл шингэсэн байна шүү дээ.
Ах нь Хэвлэлийн хүрээлэн, Тоншуул сэтгүүл хоёрт давхар данстай байгаа. Арслантай гүүрийн тэр хавиар хааяа л явдаг. Өнөөдөр бол тийшээ яваагүй. Тоншуул Бөхийн өргөөний дэргэд болохоор хааяа төв орохдоо "Гүүр"-ийн дэргэдүүр гардаг л юм.

Uunee said...

Би уул нь санаа өгөөд л бичихийг чинь хүлээгээд л байгаа шүү. Цаашид ч санаа өгөх болно оо. Баярлалаа.

Мика /美香/ said...

Амараа ахдаа амжилт хүсье. Гоё бичлэг байна. Таны блогыг Блог Рийдрээр байнга уншидаг шүү.

Хятадаас блогспотруу орсон дээр нь гялсхан коммент үлдээе гэж бодлоо. Магадгүй цагийн дараа эргээд хаачихаж магадгүй. хэ хэ

A.Амарсайхан said...

Үүнээд:
За би ингээд өөрөө "цагаан өр" тавьдаг болохоо мэдлээ. Мартчихсан тууж байна ш дээ. Ямар санаан дээр юм бичнэ /халзан цагаан хонь юу яана/ гээд туучихсан юм бол оо?

/Уучлаарай зун нэг хэсэг зав муутай, санаагаа сайн тэмдэглэлгүй яваад байсан. Тэгэхэд л гээгдүүлчихжээ дээ/

Микаритод:
Баярлалаа. Би ч чиний блог руу байнга орж байгаа. Дарсан ногоо үнэртүүлсэн хөршүүд маань блогийг бас өмхийртөл дараад байгаа сураг дуулддаг юм. Чиний блогийн тэр зурган дээрх саарал машиныг харчихаад, бичих гэж байсан чинь нэг зураглаач эрхэм орж ирээд кино яриад сатааруулж орхисон. Тэгтэл надаас урьтаад хүн биччихэж. Яг манай аав шиг, машинаа нэг газар тавьдаг хүн байна гэж бичих гэж байсан юм.

Мика /美香/ said...

Хэхэ, Миний блогоор зочилж байгаад баярлалаа. би бас тэр машиныг урьд нь анзаараагүй байж байгаад хүн хэлэхээр нь харсан чинь нээрээ л нэг газраа зогсоод байна лээ.. ккк

бж said...

Zarim humuus blogtoo onisogo monisogo taalgaad l shagnana ene ter geed goshgoruulj baigaad taachihaar uguhgui yum. Tsagaan ur munuus mun duu, tee?

peakfinder said...

Huuye namaig helj baina uu? Bi bolohoor ogoyo l gesen humuus hayagaa ogohgui yum baina sh dee?

peakfinder said...

Neeree omdgui baij ovdog coorhoig shoolov gegch bolson bainaa. Uuchlaarai.

A.Амарсайхан said...

Микад:
Фото хичээл дээр оюутнууддаа үзүүлье гэж бодож байгаа. Их тэвчээр, хөдөлмөрөөр сонирхолтой бүтээл төрдөг тухай жишээ юм даа.

Ганаа БЖ-д:
Цагаан өрийг нэхэж авдгийм, өдөр бүр утасдаад, шөнө бүр коммент үлдээгээд, өрийг нь сануулаад бай.

Пийкфиндерт:
Би л ганцаараа цагаан өртэй юм байна гэж гутраад байсан чинь хорвоо дээр хоёулаа юм байна. Дотор онгойлоо.

ZAYA said...

bi bas tsagaan urtei hun yum bainaa. Sayahan neg hun sait deer bichleg oruulj uguuch geed baihaar ny za tegye zavtai uyedee gej helchiheed oligtoi yum oruulj chadaagui l baigaa. Tsagaan ur u?

A.Амарсайхан said...

Заяад:
Өө за, овоо л доо. Гурвуулаа болчихлоо. Нээрээ дөрвүүлээ юм байна. Гантулга надад бас цагаан өртэй. /Хэ хэ тоглосон юм/

Гэхдээ дор нь өрөө дарчихаж байвал цагаан өрийг тавьж болно шүү дээ. Би удахгүй Үүнээгийн хэлсэн сэдвээр өгүүллэг биччихнэ. Гантулга ирээд миний юу буруу хийсний учрыг хэлээд өгчихнө. Пийкфиндер шагналаа илгээчихнэ. Заяа бичлэгээ оруулчихна. Харин "гэжийвал алав аа" гэвэл л тэр муу хүн.

Anonymous said...

Гоё өгүүллэг байна. "Хорооны гуйлгачин" гэдэг үгийг сайн ойлгосонгүй. Сумын төвийнхнийг малгүй гэдэг утгаар нь хэлж байгаа юм болов уу.
Манай хөдөөнийхөн халчихаараа юу ч амалж мэднэ шүү. Ер нь согтуу хүний үгийг үгэнд тооцох хэрэггүй юм билээ.

Миний блогийг холбоосууддаа оруулж өгөхийг хүсье.

http://erdenebolor.blogspot.com

tumee 33 said...

Бас баахан мушийлаа,баярлалаа.Коммент бичих гэхээр хэн нэг нь дандаа миний санааг түрүүлээд хэлчихсэн байхиймаа..*урвайв*

A.Амарсайхан said...

Эрдэнэболорт:
Холбоос хийнэ ээ. Хөдөө явж байхдаа ийм үгийг их сонсож байж. Аймгийн төвийн нэгэн нөхөрт хөдөөний малтай эр "Хорооны гуйлгачин чамд, ча гэх ганц өнчин ишиг байна уу?" гэж агсам тавьж байхыг ч харж байлаа.

Түмээд:
Эрт босч бай хэ хэ.

Unknown said...

Амарсайхан ах өглөө үүрээр юм бичдэг юм байна шүү дээ. :)

A.Амарсайхан said...

Баярсайханд:
Шөнө зүүдэнд орж ирсэн гоё санааг үүрээр чулуу болгох шиг сайхан юм байдаггүй юм ш дээ. Ха ха
Би тахиа жилтэй. Тахиа шиг хар үүрээр сэрчихдэг. Унтана гэж байхгүй. Бүтэн сайнд ч ялгаагүй. "Хүн унтуулахгүй юм аа" гээд л авгай үглэж гарна.

Anonymous said...

хэхэ, сая хуриман дээр бас тийм юм ярьж байсан шүү. Яг нөгөө зах зээл эхлээд хүмүүс хувийн өмч хөрөнгө, мал ахуй ярьж эхлээд л... Тэр үед бас хүмүүс цөөн малтай болоод түүгээрээ энэ "цагаан өр" тавиад, тараагаад дуусчихсан гэсэн хэхэ

A.Амарсайхан said...

Док-д:
Цагаан өрөө төлдөг гэнэн гарууд нь малаа аль 91-92 онд дуусгаад амжчихсан, гүрийдэг гарууд нь малтайгаа үлдчихсэн энд тэндхийн найран дээр худлаа амлаад давхиад байгаа юм аа даа. Хэ хэ

3apaa said...

Цагаан өрийн талаар сайхан ярилцжээ та хэд. Би блогтоо хоёр ч удаа цагаан өр тавьчий гэсэн бүтээгүй. Нэгэнд нь заазуур өөрөө болон найз залуугаараа нэхүүлсээр байгаад чихлаадаа авсан. Хоёр дахь удаагаа Юки-д нэг хил төмс аваачиж өгч өрөө дарсандаа. Тэр хоёртой хамт өдрийн цайнд оронгоо баяр ёслолын байдалтай гардуулсан шүү.

A.Амарсайхан said...

Зараад:
Ичих булчирхайтай бид мэт шиг хүн цагаан өр тавьчихаад хэнэг ч үгүй яваад байж чаддаггүй юм билээ. /Хоёр биенээ үгүй мөн магтваа/ Бодоод байтал надад цагаан өр их байдаг юм билээ. Галаарид андад Чойномыг зурж өгнө гэж 1989 онд амласан. Одоо болтол зураад л байгаа. Галаарид бид хоёр заримдаа хуучилж сууснаа гэнэт энэ өрийг санаад л "Үгүй мөн удаан зурж байгаа зураг даа, ёстой гоё зураг болно доо" гээд хи хи хөхөрөлддөг.

3apaa said...

Манай хамаатиы нэг ах байдгийн. Цагаан өр тавихдаа гаргууд байсан болхоор нь "Бэлэн Пүрвээ" гэж хочоор мялаасан байдгийн хаха.

A.Амарсайхан said...

Зараад:
Бэлэн Пүрвээнүүд олон байдаг юм шүү.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates