Thursday, August 30, 2007

НОГООН ТОЛГОЙ

(өгүүллэг)
Өглөө сэртэл нэг л биш. Уул нь толгой янгинаж, дагз минь лантуугаар балбачихсан мэт өвдөж байдагсан.
Гэтэл өвчин огт мэдрэгдэхгүйгээр барахгүй хоосон оргих нь эвгүй. Сурсан зангаараа гал тогоо руу очиж ус залгилах санаатай өндиймөгц толинд тусах өөрийн дүрсээ хараад зог туслаа.
Еэ базарваань! Толгой минь байдаггүй ээ. Тэгсэн хэрнээ би толгойгүй мухар биеэ харж байх нь аймшигтай. Тэмтэрч үзлээ нээрээ алга.

-Аа аа, аа аа! Муухай бархирсаар буцаж орон дээрээ уналаа.
-Яав чи чинь, галзуурав уу? Хүүхэд айлгачихлаа гээд авгай угаалгын өрөөнөөс гүйж ирлээ.
-Чи харахгүй байна уу? Миний толгой алга!
-Хн! Ногоорч яваад л хаячихаа биз. Малгайгаа хамт гээгээгүй нь л яамай.

Миний дотор харанхуйллаа. Ийм л хүнтэй би арван жил ханилсан байна шүү дээ. Байтлаа толгой минь нэг муу үрчинхий үнэгний арьснаас дор болж таарах нь. Шулмын цаад шулам байж дээ гэх бодол цээж урлаа.
-Чиний толгойг нохой ч тоож шиншлэхгүй. Өрөөнд чинь л архичдын шүлс цэртэй холилдоод хэвтэж байгаа биз гэж цааш үглэхийг нь муухан сонсож, “Муу шулам эмгэн, бүр шүүр унаад нисдэг эмгэнээс ч долоон дор, үзээрийн муухай эмгэн” хэмээн дотроо харааж байсан ч гадагш гаргаж хэлж чадахгүй хэвтлээ.
-Хөөш, босооч чи! Үйлчлэгч шүүрдээд, хогийн саванд хаячихаас нь өмнө тэр өмхий ногоон толгойгоо олж аваач! гээд муу шулам чинь ширүүлж байна. Арга буюу босч хувцаслаад гарлаа.

Ажил дээрээ ирээд, навсархай өрөө рүүгээ орж, хайлаа. Байдаггүй ээ. Дөрвөн хөллөж байгаад ширээн доогуур сайн гэгч харлаа. Өрөөний муу дэвсгэрийн тамтаг дээгүүр нээрээ л бөөн шүлс цэр, тамхины иш үнс, архины бөглөө хөглөрсөн байдгийг анх удаа л анзаарлаа. Толгой минь алга аа.
За байз, өчигдөр чинь яалаа. Хамгийн сүүлд улаан Бадарч, бөглөө Сүхээ хоёрын авчирсан юм дуусч, ганц юм нэмэхээр бодол болж байсан бүүр түүр санаанд орж байна.
Бадарч руу залгалаа.
-Байна уу? Ёо, ёо. Хэн бэ?
-Би байна аа. Хөгшний чинь толгой байдаггүй ээ. Өчигдөр би өрөөнөөс яаж гарсан бэ?
-Юу? Ямар өрөө?

-Үгүй ээ. Манай өрөө л байхгүй юу.

-Нээрээ тийм билүү? Ёо, ёо. Шар, юу яах юм байна уу, үхлээ.

-Чи бушуу хүрээд ир. Хурдал гэм!

Улаан Бадарч, бөглөө Сүхээ хоёртойгоо нийлж үдээс өмнийн турш муу толгойгоо хайлаа. Олдохоосоо өнгөрсөн бололтой. Өрөөндөө буцаж орж ирээд хоёр үлхийсэн найздаа ганц шил юм задаллаа. Бөглөө Сүхээгийн магнайд хөлс бурзайгаад,

-Тэр муу толгой хаачаа л гэж. Олдоно. Миний найз олон юм бодолгүй шараа тайл гэж байна.
-Амгүй юм чинь яаж уухым? Юүлүүр авчраад юүлчих л дээ! гэж би дүрсхийлээ.

Нээрээ бодоод байхнээ нь толгойгүй юм чинь юу өвдөж, юугаараа шартах вэ дээ. Шил юмаа дундруулж халж байгаа хоёр найзаа харж суухаас биш надад хазахын заяа байхгүй болсон байлаа.
Хэд хонолоо. “Ногоон Лууяа согтуу явж байгаад толгойгоо гээсэн гэнэ” гэж аймаг даяар шуугив. Зарим нь бүр “Цаад ногоон чинь лонх хятад спиртээр толгойгоо өгчихсөн байхыг сийхгүй” гэж хүртэл цуурсан нь эхнэрийн чих дэлссэн байлаа.
Манай өрөөгөөр архины найзууд хөлхөх нь цөөрсөөр. Бүр улаан Бадарч, бөглөө Сүхээ хоёр ч үзэгдэхээ болилоо. Аргагүй шүү дээ. Би хүнтэй адилхан толгойтой, уух амтай биш дээ. Дэмий л ажлаа халтарлаж, гутарч суух боллоо.
Өрөө нэг ч тамхины ишгүй, дэвсгэр дээрээ ганц ч толбогүй цэмцийсэн ч нэг л уйтгартай.
“Өнөөх Лууяаг чинь ногоон толгой нь л уруу татаад байж. Одоо бүр төрөл арилжсан гэнэ шүү” гэж цуурцгаах болов. Хурал болгон дээр миний архи уусан тухай авч хэлэлцдэг байсан бол одоо магтаж эхэллээ.
-Тэр муу ногоон толгойг март гэж авгайг хэлэхэд нь миний уур хүрдэг байснаа сүүлдээ “Үгүй, нээрээ ч юм уу” гэж бодогдох болов. Хөдөлмөрийн аваргын тууз зүүж, аймгийн онцлох есөн хүний тоонд орж монцойдог юм байна. Нэг их удалгүй Төрийн захиргааны тэргүүний ажилтан цол тэмдэг, дараа нь Алтан гадас одонгоор энгэр цоолов.
-Хөдөлмөрийн баатар ч ойртлоо шүү гэж эхнэр баярлана. Тэр муу ногоон толгой гай болж нэг газраас гараад ирэх вий дээ гэж би харин айна.
Өглөө сэрэх бүрт нэг л биш мэдрэмж төрөх нь арилж өгөхгүй ч бушуухан энэ муу ёрын мэдрэмжээ бодлоосоо үлдэн хөөгөөд, “Бурхан минь, тэр муу ногоон толгойг хаа нэгтээ хэвтэж байвал чононд идүүлж хайрла” гэж залбирдаг болов.

21 comments:

Unknown said...

Зиа Амараа ах сайн явж ирэв үү, сайхан найрлав уу? Сайхан намаржих гэж байна уу? Ногоортолоо уугаагүйм байгаа биз дээ?

A.Амарсайхан said...

Ногоортлоо уугаагүй ээ. Найран дээр сайхан халаад, уртын дуугаа дуулах гэсэн хууччуул нь бүгд хадан гэртээ харьжээ. Аав минь хоёр дуу бүтэн дууллаа.
Залуучууд бид бол худлаа орилохоос цаашгүй. Уртын дууг бүтэн дуулдаг хүн ховор болж. Над шиг л сэглээд л... Би болохоор "Номон дээрээ хоёр, гуравхан бадаг байдаг, би номноос л сурсан" гэж өөрийгөө өмөөрч байгаад ирлээ.

artagnan- артаньян said...

за сайн явж ирэв үү. таана айраг үнэртүүлсэн өгүллэгүүдийг чинь уншиж эхлэх нь дээ гэж. энэ ногоон толгой чинь хуучин өгүүллэг байна тээ.

Anonymous said...

Nogoon Luuya ch aztai zolig ve, tolgoigoo olson bol odoo udur bur nogoorood l , eruul mendeeree ch ediin zasgaaraa ch hohirood yavj baigaa daa. Bi ch gesen 1-2 udaa tolgoigoo alga bolgosoon , tegeed olmogts arhiig anh bodoj olj zohioson huniig alah uymsan gej bodson udaatai. Tegsen ter hun ni oldoogui , daraa nl olchihbol yana gej bodood amsahaa bolison. Gehdee tsol moltoi bolj chadaagui ee...

Anonymous said...

ug ni tolgoitoigoo baihdaa arhinaas garsan bol...zorig muutai l luuya baina daa

ZAYA said...

Ногоон Лууяад толгой нь олдоогүй нь яамай даа. Тэгээгүй бол зоосоороо зовлон худалдаж аваад л... юун хөдөлмөрийн баатартай манатай.

Unknown said...

Нээрэн уртын дуу гэснээс манай аав уртын дуу дажгүй дуулчихдаг юм. Тэгээд сая ахын хуримны дараа дүү бид 2т уртын дуу зааж өгнө гэж айлгаад... Яг үнэндээ бид 2 бага дүү рүүгээ л чихээд өнгөрсөн дөө. Нэг л мэдэхэд уртын дуу мэддэг хүнгүй болсон байх вий... гэж эмээх юм.

A.Амарсайхан said...

Артаньянд:
Тиймээ, 2 жилийн өмнө бичсэн өгүүллэг. Би энэ блогтоо "Өөхөнд хулдсан егөө" гэдэг номоо л цувуулж нийтлээд байгаа юм аа. /Номоор уран бүтээл минь түмэнд хүрсэнгүй гэсэн бодлоос болж/ "Тоншуул" уншдаг, миний тэр номыг уншсан хүнд бол хуучин санагдах нь мэдээж.
Бас дундуур нь зарим нэг шинэ өгүүллэгээ нийтэлж байгаа.

Лакид:
Нээрээ цаадах чинь азтай золиг шүү. Одоо Говь-Алтайд нэлээн сайн яваа бизнесмен залуу миний энэ өгүүллэгийг уншаад "Амраа яг миний тухай бичсэн байна" гэж үргэлж ярьж явдаг гэнэ лээ. Түүнтэй сая очихдоо уулзах гээд чадаагүй. Ногоон толгойгоо хаяна гэдэг чинь цаанаа нэг юм хэлээд байгаа ухаантай юм л даа.

Бум-Эрдэнэд:
Яаг миний санааг хэлчихжээ. Заавал толгойгоо хаяж байж архинаас гарна гэдэг чинь муу хүний л авир даа.

Заяад:
Энэ өгүүллэг цаагуураа хүн чанараа алдахыг "толгойгоо алдлаа" гэж хэлээд ч байгаа юм шиг. Архинаас гарах нэг хэрэг, хүн чанартайгаар гарах бас өөр зүйл. Хүн чанартай архинаас гарсан бол Лууяа дээр хэн ч ирэхээ байгаад, дэмий л ажлаа халтарлаж суухгүй байсан ч юм шиг. Байды ах маань энэ өгүүллэгийг их үнэлдэг юм. Шүүмжиндээ ч энэ тухай бүтэн хэдэн абзаз зориулсан.

Ганбаатарт:
Уртын дуу гэдэг их соёлыг бид нээрээ мартах ёсгүй. Гэтэл хэрэг дээрээ яалт ч үгүй мартагдаж байна даа. Хэдэн жилийн дараа айлын найран дээр хэдэн хөгшчүүд суучихсан "Одооны залуучууд зохиолын дуугаа мартаж дээ, дандаа Хип Хоп л үглэдэг болж" хэмээн найран дээр хип хоп үглэх залуус руугаа муухай харан суух үе ирэх болов уу.

A.Амарсайхан said...

Уучлаарай найран дээр гэдэг үгийг хоёр оруулж муухай алдаа гаргажээ. Өршөөнө үү. /Ганбаатарт хандсан үгэнд/

Дээр бас нэг эвгүй сэтгэгдэл төрүүлэх зүйл биччихжээ. Миний нутгийн тэр залуу архинаас их зөв гарсан хүн. Одоо түмэндээ нэртэй сайн яваа. Архи уухгүй ч гэсэн уусан юм шиг халсан хүмүүстэй яриа өрнүүлэн сууж, архины мөнгө гаргадаг гэж байгаа. Нэг ёсондоо Лууяа шиг муу санаалж зожигроогүй гэсэн үг.

Anonymous said...

kkk , oloh gej neleen uzsen bgaam shuu... nzuud ni henegguidee l bolj.. ug ni ingeed haychihdag bolch...

tatah

Chime said...

Миний дотор залхуу Чимээ, урдаа тавьсан зорилготой ухаантай Чимээ хоёр дандаа тэмцэлдэж байдаг юм. Залхууг нь ингээд гээчихдэг бол гоё л байна.

byambaa said...

sain uu Amaraa ah. uulzaagui udjee. ajil ihtei l blaa.

huuchin uguulleg bnaa. gehdee unshaagui hund bol saihan shuu.

urtiin duu gej... bi yamar ch duu duulj chadahgui, duuldag bsn bol urtiin duu tuuj surahgui yu gesen. he he.

tolgoinii huvid ch neeree tolgoi ni bhgui bol zarim neg humuus surhii amidraad bh bh shuu.

Anonymous said...

Сайн байна уу Амарсайхан ах аа. Сайн явж ирэв үү. Янз нь сайхан амарсан бололтой. Өгүүллэг чинь их хөөрхөн болж. Дараачийн бүтээлийг чинь хүлээж байна шүү.

Anonymous said...

Îðëîî.êîìûí Áèéðáýõ áóëàíä ÷èíèé çºí人 ºã¿¿ëëýã áàéõûã ¿çëýý. Òýãýõäýý óíøñàíã¿é ýý, ÷èíèé áëîãîîñ óíøèõ íü õàìààã¿é èë¿¿ ãî¸ .

A.Амарсайхан said...

Анонимд:
Харин тийм ээ, олчихсон бол гай болохгүй юу.

Чимээд:
Ээдээ андуураад ухаантай Чимээгээ хаячихавзай. Аливаа юм дандаа сайн муугийн тэмцэл байдаг шүү дээ. Тэмцээд байж байсан нь дээр байх өө, хэ хэ.

Бямбаад:
Нээрээ "уулзаагүй" удсан байна шүү.

Толгой байснаас байгаагүй нь дээр гэмээр этгээдүүд хааяа тааралддаг юм шүү.

Муланкад:
Дараачийн өгүүллэг удахгүй ээ. Удахгүй ном ч гарах байх хэлнэ ээ.

Лакид:
Тийм ээ, Бийрбэхтэй би хамтран ажиллаж байгаа. Баярлалаа.

sanakae said...

ногоон толгой нь олдох юм болов уу гэж уншаад байлаа шд. Их өвөрмөц сэтгэж бичсэн байн шүү.

meesh said...

Сайхан зохиол байна.Таны эмхэтгэж гаргасан олон нэртэй зохиолчидын дандаа хошин өгүүллэгтэй
ном байдаг юм байна лээ.Ёстой тасархай гэж хэлэхээс яахав ном байна лээ дээ.

Монголын шударга, эгэл ард түмэн said...

МОНГОЛ ЭХ ОРНЫХОО ИРГЭН НЬ БОЛЖ ТӨРСӨН ХҮН БҮХЭН ЭХ ОРНЫХОО ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ЦАГ АЛДАЛГҮЙ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. АВИЛГАЧИДТАЙ ХАМТРАН ТЭМЦЭЦГЭЭЕ!! ХЭН НЬ ДИЙЛЭХЭЭ ҮЗВЭЛ ЯАСАН ЮМ БЭ БЛОГИЙН АНДУУДАА. avilgachid.blogspot.com руу ЛИНКДЭЭРЭЙ.

A.Амарсайхан said...

Сайханжаргалд:
Хошин шог мэддэг улсууд яг чамтай адил өвөрмөц гэж магтаж байсан. Байды ах ч шүүмжиндээ ингэж "дуу алдсан". /Нээрээ Байды ахын бичсэн шүүмжийг нийтлэе байз/ /Онгирох нээ, хэ хэ/

Мийш-д:
Хүн хүний хамгийн шилдэг гэх зохиолыг оруулсан болохоор ёстой л тасархай гэхээс өөр аргагүй ном болсон. Тоншуулын 70 жилийн ойд зориулаад зохиолчдын бүтээлийг оруулаад байсан чинь огт санамсаргүй 70 зохиолчын эмхэтгэл болчихсон. Ёолк /МҮОНТВ/ ах зохиолоо хоцроогоод хамгийн сүүлд оруулсан, тэгтэл яг 70 болчихсон байдаг, тэгээд ойн хүлээн авалт дээр Ёолк ахад сүүл үмхүүлсэн гэж байгаа.

Эршүүд:
Нутаг энэ жил гантай. Авга ах хотын бид хэдэд амсуулах гээд хоёрхон хоног гүү саагаад жаахан айраг исгэсэн байсан. Найраа болохоор Алтан Хар Чингисээр эхлүүлээд Хараа Ерөөгөөр өндөрлөх шив дээ.

Эгэл ард түмэнд:
Яасан урт хайрхан бэ гэдэг шиг, яасан урт нэр вэ? Линкээр холбоё оо.

Uunee said...

"Ногоон толгой" гоё өгүүлэг болжээ. Үнэхээр ногоон толгой битгий олдоосой. Олдвол нуучихаарай хүмүүс ээ.

A.Амарсайхан said...

Үүнээд:
Олдвол бүр шараад идчихээрэй.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates