Friday, March 2, 2007

ХӨРӨНГӨ

(шог өгүүллэг)
Дэлгүүрт хулгай орчих вий гэхээс гозон Нанзаагийн нойр хүрсэнгүй. Үүрээр жаахан зуур дугхиймээр аядсан боловч дэлгүүрийнхээ хаалгыг түгжихээ мартчихаж гэж хар дараад муухай орилон өндийж эхнэрээ цочоон, эргүү маанагаараа дуудуулж аашлууллаа. Зүтгэсээр чүдэнз зурвал тав хагас болж байна.
-Юугаа гөлрөөд суучихав аа, унтаач гэх авгайнх нь уцаартай үг Нанзаагийн чихний хажуугаар өнгөрөхөд тэр ухасхийн хувцаслаад гарч харайлаа. Дэлгүүрийнхээ үүдэнд яаран ирээд хаалга цонх, цоож цуургаа гар чийдэн тусган нэгд нэгэнгүй шалгаж үзэв. Том хар цоожийг баруун тийш, жижиг цагаан цоожийг зүүн тийш ялимгүй хазайлгаж орхисон нь огт хөдлөөгүй, хаалганы даруулга зузаан төмрөөс ороож тогтоосон адууны хялгас яг янзандаа байна. Энэ бүхнийг харж сэтгэл тайвширсан Нанзаа сая л томоо гэгч амьсгаа авлаа.
Харин дэлгүүрийн үүд рүү чиглэн дурайх арзгар ултай хятад гутал, хадаас нь иржийсэн орос цэрэг гутлын мөрийг санаандгүй хараад тэр дуу алдлаа. Сайтар нягтлаад үзвэл довжоон дээр суусан бололтойгоор барахгүй ганц шил юм мултлаад бөглөөг нь үлдээсэн байна. Шалчийтал зажилсан хямд янжуурийн иш, сонинд палбийтал бүдүүн ороосон улаан тамхины үлдэгдэл довжоонд наасныг хараад ногоон Луузан, согтуу Бадарч хоёр ирж гэж таниад, дахин дотор уужирч томоо гэгч амьсгаа авлаа. Гэр лүүгээ пар пар алхлан буцахдаа Нанзаа зүрхээ даран, “Уух газраа олж ядсан хоёр ногоон чинь уушиг зүрх амаар гаргачих дөхлөө” гэж үглэж явлаа.
Нанзаагийнх дэлгүүр нээгээд байгаа нь энэ юм. Шинэ дэлгүүрийн нээлтээс хойш долоо хонож байтал хамаатны охин нь худалдагчийн ажлаа хаяад зугтаачихлаа. Нанзаа хичээлээ тармагц л дэлгүүртээ ирээд, охины хөдөлгөөн бүрийг дагуулан харж, “Шилэн лангуун дээр их юм овоолбол даахгүй. Цахилгаан жингийн товчин дээр аяар дар, элэгдчихнэ. Хариулт илүү өгчихвүүзэй” гэх мэтчилэн үглэж яншаад байсан болохоор аргагүй шүү дээ. Гозон Нанзаа уул нь насаараа хүүхдийн шуугиан чагнаж, чихээ хув болтол элээсэн газар зүйн багш хүн л дээ. Солонгос гэгчид ажиллаад хэдэн жил болж байгаа хоёр охин нь мөнгө явуулаад, “Дэлгүүр нээж аж амьдралаа өөд тат” гэснээс л ийм зовлонтой ажилд хутгалдаад байгаа юм.
Маргаашаас нь хамаатны бус хар элгийн хүн худалдагчаар ажиллуулах болсноор Нанзаа бүр дордлоо. Хичээлийн завсарлагаа бүрээр дэлгүүр лүүгээ дэгдэж ирэх бөгөөд буцахдаа: “Цахилгаан данхаа салгасан уу? САПУ худалдааны төв шиг юм болох вий дээ. Ээ дээ, утас маасалбал аюултай шүү” гэж сануулна.
Дэлгүүр ажиллаад сарын нүүр үзэв. Нанзаагийн нойр хүрэхгүй, шөнө бүр дөрөв таван удаа гүйн ирж дэлгүүрийнхээ лац ломбыг шалган, ойр орчны мөрийг шинжилсэн хэвээр. Нэг үүрээр тэр жаахан зуур дугхиймээр аядаад худалдагч бүсгүй орлогын мөнгөнөөс сэмхэн авч халаасандаа нууж байна гэж хар дараад чарлан босч ирлээ. Авгай нь уурлаж аашилдгаа больчихсон:
-Миний өвгөөн, дөнгөж зургаа болж байна. Амар даа гэсэн боловч энэ үг мөн л Нанзаагийн чихний хажуугаар өнгөрч, дэлгүүрээ эргэх гэж байгаа бололтой чимээгүй гарч явлаа.
Тэр бүтэн сарын турш нойргүй дап дупхийсээр бүр турж гүйцлээ. Өндөр нуруутайг хэлэх үү, шонд дээл өлгөчихсөн юм шиг л горзойтол алхалж явах болов. Дэлгүүр нээсний гучин хоёр дахь өглөөнөө Нанзаа багш сурагчдаар хяналтын ажил хийлгэж сууснаа хоромхон зуур зүүрмэглээд:
-Хүүе, үер! Дэлгүүр үерт явлаа! хэмээн муухай чарлан босч ирснээс “Хөрөнгөтэй хүн унтаж чаддаггүй гэж үнэн юм аа” хэмээн сум даяар ярилцав. Говийн суманд юуных нь үер болохов дээ. Үд өнгөрөхөд энэ яриа Солонгост суугаа охидынх нь чихэнд хүрч, маргааш нь гэхэд л Нанзаагийн эхнэр дэлгүүрээ зарлаа. Хэдийгээр гай зовлон авчирсан дэлгүүрийг далд оруулсан ч Нанзаа нойргүй хэвээр. Дэлгүүрээ зарж олсон хорин сая төгрөгөө дэрэн доогуураа хийн хэвтэх боловч хорьдугаар тогтоол гарлаа гэж зүүдлэн, муухай хашгиран босч ирсээр л байлаа.
Авгай нь Солонгост суух хоёр охинтойгоо хэдэн өдөр утсаар ярьж зөвлөлдөөд арга чаргаа барж, сумын хийдийн ловон Дандгай ламтныг залж, үзүүлж харууллаа. Ловон ламтны айлдсаны дагуу гай зовлон авчирсан хорин сая төгрөгөөр сумын хийдийн өмнө алтан суварга бариуллаа. Тэгсэн хэдий ч Нанзаагийн нойр хүрэхгүй хэвээр. Урьд нь дэлгүүрээ эргэж байсан шигээ шөнө бүр суваргыг эргэн, ойр орчинд нь мөр ажигладаг болов.
Гозон Нанзаа нойргүй хоёр сар болсноос бүр турж гүйцлээ. Одоо тэр уурганы бөгсөнд дээл гогдоод өлгөчихсөн юм шиг л туялзаж явах боллоо.

1 comment:

Nana said...

"huurhii duu, nanzaa mini"

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates