Monday, March 5, 2007

ӨТЛӨХ ЗАВГҮЙ ГАВЬЯАТ

(хөрөг)
БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮН
Сумын соёлын ордонд нийслэлийн нэгэн чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн тоглож байлаа. Үзэгч олон уртын дууны уран нугалаанд сэтгэл гэгэлзэж байснаа хошин яриа сонсон элгээ хөштөл инээнэ. Тэгснээ лимбийн цоглог аялгуунд суудлаасаа өндөлзөн догдолно. Ардын дууны донжтой айзамд залуус толгойгоо дохилзуулж байснаа дэргэдээ суух бүсгүй рүүгээ харна. Найраг шүлэгт уярсан настан буурай нар нулимсаа шударч байх нь үзэгдэнэ.
Тоглолтын дараа чуулгынхан дараагийн сум руу гарахаар машиндаа суув. Чуулгын бүх жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ машины ганцхан суудал дээр багтан шомбойтол сууж аваад хөдлөх нь хачин. Тэр бүү хэл тэрхүү ганц суудал нь дүүрээгүй, хотын микроныхон бол дахиад нэг хүн шахаад суулгачих зай элбэг үлдсэн харагдана.
Энэ бол лимбэчин, жүжигчин, дуучин, алиалагч, уран өгүүлэгч, элэглэгч, сийлбэрчин, барималч, тогооч, мужаан “Тогдгор” хэмээх Галсантогтох гавьяат аялан тоглолтоор яваа нь энэ.
-Нэг хүнд ийм олон авьяас яаж заяадаг байна аа? гэж дуу алдвал,
-Бурхан надад ийм их хишиг хайрласанд залбирдаг даа. Бурхандаа залбирч, түмэн олондоо инээд бэлэглэж буян бодож явдаг, ах нь гэж байсан юм.
ЭРХИЙН ТЭНЭГ
Түүний овоглож явдаг хойд эцэг Дашзэвэг нэгдүгээр ангид орох жил нь ээжтэй нь сууж байж. Харин нуудгай эцэг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын “Мурж” Шарав гэх хүнийг нутгийнхан андахгүй. Их ганган, дууч хуурч, жижигхэн биетэй хөх хүн хаа л найр байна тэнд явна. Эцгийн авьяас хүүд ирсэн хэрэг.
Галсантогтох эхийнхээ өвөрт эрхэлж өссөн том толгойтой хүүхэд. Сахилгагүйг нь зүйрлэх аргагүй. Хүүхдүүд “хөгшин” болсон хойноо сургуульд суудаг байсан тавиад оны үе. Манай тархигүй хөх арван настайдаа нэг юм Жанжин Чойрын сургууль бараадсанаа хагас жилээс нь ээждээ эрхэлсээр гарчихаж. Арван нэгтэйдээ дахиад нэгдүгээр ангид орж. Ангийнхнаа тоохгүй том ангийнхантай найзлаад, хичээлээ хийхгүй таваргаснаас муу сурч, бүр гурван жил дараалан улирч нүдний булай болж байж. Харин гурав дахь жилээ яасан ч юм онц дүнтэй суралцаж багшийнхаа нүдийг орой дээр нь гаргаж, 1953 онд арван гуравтайдаа нэгдүгээр ангиа төгсөж эхийнхээ санааг амраасан гэнэ. Багш нь:
-Энэ нэг юмыг чинь таг балай гэж санасан чинь зүгээр л эрхийн тэнэг байж гэж дуу алдаж байжээ.
Ингээд дөрвөн жил онц сурсныхаа дараа Дарханд шилжин иржээ. Сахилгагүй л болохоос биш урлагийн бүх төрлөөр цоорхой. Үйлдвэр албан байгууллага хаа л концерт олон нийтийн ажил болно тэнд Галсантогтох явж, дуулж хуурдана. Хичээлээ анхаарах завгүй болохоор тоогоо мэдэхгүй. Сургуулийн нэр үүрч явдаг сурагч хэмээн багш нар өргөсөөр тав, зургадугаар анги төгсгөлөө.
ЮУ Ч СУРААГҮЙ ТУЛ ЗАЙЛУУЛСУГАЙ...
Тэр үед найрамдлын хотыг дөнгөж л байгуулж эхэлж байв. Хуучин Дархан дахь том дүнзэн байшинд 10 жилийн цор ганц сургууль байх. Энд тэндээс шилжиж ирсэн долоон хэлийн хүмүүсийн хүүхдүүд сурна. Долдугаар ангид алгебр гээч юмны сураг дуулав. Юу ч мэдэхгүй. Дээрээс нь сахилгагүй.
...Урь унаж, мод нахиалсан хаврын өдөр сургууль дээр нэгэн аймшигтай цуглаан болов. Долдугаар ангийн таван бүлгийн 200 шахам хүүхэд эгнэн жагсаад юу болох гэж буйг тааж ядан зогсов. Галсантогтохыг олны өмнө дуудан гаргалаа. “Долоон жил улсын хоол идээд юу ч сураагүй учраас сургуулиас хөөн зайлуулсугай” гэсэн тушаалыг унших нь тэр. Багш нар захирлын тушаалын дагуу “Алгаа таш!” гэх хүнлэг бус тушаалыг сурагчдадаа өгснөөр юу болж байгааг сайн ухаагүй гэнэн томоогүй хүүхдүүд алгаа нижигнэтэл ташлаа. Муу эх нь “муу” хүүгээ хөтлөөд, дарвайтал уйлуулсаар сургуулиас гарч байхдаа юу бодож яваа бол.
Социализм гэгчийн хэнээрхэл чинээндээ тулаад байсан хэрэг. Тэр айхавтар хэнээрхэл л өөдөсхөн хүүг хайрт ээж Шарын Чоёмаатай нь цуг ийнхүү олны нүдэн дээр гутаан доромжилжээ.
ГАЛЧААС МАНААЧ, МАНААЧААС...
Нас нэлээд явчихсан, бие жижигтэй болохоор түүнийг хэрийн ажилд авахгүй зовоов. Ёстой л залуу насны аагаа үзүүлж сэтгэлээ барьж байв. Урлагийн хүн болох өөдрөг сэтгэлийг нь олны нүдэн дээрх доромжлол, ер нь юу ч хугалсангүй.
1963 онд Сэлэнгэ аймгийн Соёлын ордны жүжигчин шалгаруулах комиссынхон гайгүй авьяастай нэгэн залууг шалгав. Жижигхэн хөх залуугийн цээжин дотор “Би чадна” гэсэн итгэл буцалж буйг бүгд анзаарав. Бусад бүх зүйлээрээ тэнцсэн ч өнөөх гайт “Бие жижиг” гэсэн үг дахиад л сонстох нь тэр. Галсантогтох бараг л сөгдөж гуйх шахаж байж Соёлын ордонд галчаар орсон гэдэг.
Галсанжамц гуайгаас эхлээд томчууд тэр ордонд ажиллаж байсан үе. Соёлын ордны хөгжимчин Бадамханд гуайн шавь, хуурай хүү нь болж урлагийн бригадад явна. Хөгжим ноотыг нь зөөхөөс эхлэн номын дуу сонссоор л байв.
Удалгүй “тушаал дэвшиж” манаач болов. Тэсэн ядан хүлээсэн өдөр ч ирж нэг л мэдэхэд дагалдан жүжигчин дээр буучихлаа. Тэр мэдээг сонсоод Сэлэнгийн гудамжаар хөл газарт хүрэхгүй шахам дүүлж явсан гэдэг.
Сэлэнгийн Соёлын ордон хэмээх урлагийн тогоонд чанагдаж ардын дууг дуулж, хөгжимдөх дөртэй болов. Дарханд ирж Залуучууд театрт ажиллаж, шинэ театрын суурь тавилцлаа. 1967 онд цэрэгт татагдсанаар Цэргийн ансамблийн жүжигчин болов.
“УТГА ЗОХИОЛ”-ын СУРВАЛЖЛАГЧ
Галсантогтох гуайг зохиолч сэтгүүлч хүн гэхээр уншигчид гайхаж магад. 1980-аад онд Удвал даргын үед тэрээр Монголын зохиолчдын эвлэлийн хороо гэх том байгууллагын дэргэдэх Ардын үлгэрийн танхимын жүжигчний албыг залгуулж, “Утга зохиол урлаг” сонины сурвалжлагчийн албыг хашиж байжээ.
“Нэг тогооноос хоол идэж байсан ерөнхийлөгчөөс Гавьяат хэмээх энэ эрхэм хүндтэй алдрыг гардаж авах хувь тохиолтой байж” хэмээн тэр хэлдэг.
-Та шагнал өгсөн ерөнхийлөгчөө элэглэж, шоолсон л байгаа даа? гэж түүнээс асуувал,
-Ерөнхийлөгчийг элэглэж байгаагүй. Харин даргаа бол элэглэж байсан. Дээр үед “Тоншуул”-аас зохион байгуулж байсан Уран элэглэгчдийн уралдаанд эрдэмтэн, зохиолч Оюун гуайг элэглээд авсан шүү гээд инээнэ.
Зохиолчдын хорооны хоолыг хороож явсны хэрэг юу билээ, тоглолтынхоо хошин үзүүлбэрүүдийн зохиолыг өөрөө бичнэ. Хаана нь ямар үг шигтгэчихвэл үзэгчдээ инээлгэх бол хэмээн бодол болж явах. Амьдрал дээрээ ч байнга алиалж маазрах дуртай.
-Хүүе, цаана чинь америкчууд дөрвөн мянгатын доллар гаргачихаж гээд огт тоглосон шинжгүй хэлэх түүн рүү хүмүүс гайхан, “тийм ч юм болов уу” гэсэн байдалтай харна. Мань эр:
-Манай хүүхдүүд надад явуулаад аа гэснээ үзүүлэх нь хальт харвал нээрээ л доллар. Тэгтэл түүний нутагтаа хийсэн тоглолтын билет байна.
АМЬДРАЛЫН ИХ СУРГУУЛЬ
-Манай хүн хор шартай. Хүнтэй адилхан гар байна. Юугаар дутах вэ гээд л зүтгэчихдэг гэж түүний гэргий Тунгалагтамир нь хэлдэг. Ханийнх нь үг амьдрал дээр зуун хувь батлагдана. Хүн хийж чаддаг юм бүхнийг хийнэ. Бурхан бүтээнэ. Сийлбэр хийнэ. Нарийн мужааны ажилд гаргууд. Амьдралын их сургууль хэмээх агуу том зүйл намайг энэ бүхэнд сургасан даа гэж тэр хэлэх дуртай.
Галч, манаач хийж явахдаа амьдралдаа нэмэрлэх гэж бурхан болоочийн хөрөг их бүтээдэг байсан нь түүнийг монгол зураг руу хөтөлсөн байдаг. Эрхэм хүнийх нь хөргийг амьд юм шиг бүтээгээд ах дүү амраг саднаас нь урмын үг сонсох шиг сайхан юм хаа байхав.
Болгар бүсгүйтэй ханилж харийн оронд хоёр гурван жил амьдарч үзэв. Бурхан зурвал дээлээ толгой дээгүүрээ нөмрөх цаг үе байсан хэдий ч амьдрахын эрх энэ урлалаар талхны мөнгөө олдог болов. Түүний урласан бурхадыг жуулчид их сонирхож авна. Харьд зохиосон амьдрал нь бүтэлтэй болсонгүй, 1980 онд буцаж ирлээ. Тэгтэл дотоод яаманд дуудагдах нь тэр. Матаас орсон хэрэг.
-Та нар намайг хэнд хэдэн төгрөгөөр ямар бурхан зурж өгснийг батлах баримтаа л гаргаад ир. Би хэргээ хүлээхгүй! гээд тэс хөндлөн зүтгэсээр мултарч байв. Монголын түүхэнд урлагийн хоёр хүн бурхан зурж хэрэгт татагдаж байсны нэг нь болов. Цогт тайж киноны Улаан малгайт, Лувсанжамц гуай бас ийм “хэрэг” тарьсан байдаг.
ӨТЛӨХ ЗАВГҮЙ
Галсантогтох гуайн хадам аав, халхын нэртэй бариач Босоо гуай:
-Надад үхэх зав алга, миний хүргэнд өтлөх зав алга гэж хэлэх дуртай. Түүнд эх орны очоогүй өнцөг булан гэж байхгүй. Баг бүрт очсон гэж ярьсан ч хилсдэхгүй. Монголын хилийн шугамын дагуу армийн генерал Дорж, хошууч генерал Даш нартай хоёр удаа аялан, бүх анги, застав, харуул нэг бүрт нь бууж тоглолт хийж, “Хүндэт хилчин” цол тэмдгээр энгэр мялаасан хилчин. Одоо гурав дахиа тойрохоор гарах гэж байна.
Гавьяат Батсүхийн хамт хийсэн аялан тоглолт нь бас их урт болж байв. Хаваржин, зунжин, намаржин тоглосоор өвлийн эхэнд сард “онгож гандсан” хоёр хүн гэрийн бараа харж байсан байх жишээтэй. Тоглолтынхоо явцад гурван улирал үзээд ирсэн хэрэг. Нээрээ л Галсантогтох гавьяатад өтлөх зав алга.

3 comments:

Nana said...

tiim shuu, ulaan malgait guai burhan zurdag bsiim genelee.

Galsantogtoh guain amidral chin ter chigeeree amjiltiin pilsoop baisht,teen? How to... gejaagaal neg tiim bestseller nom bolgochmoor yum baisht,gsn.

Anonymous said...

uneheergaihaltai. tuunii limbenii ayalguu bol hosgui dahin davtagdashgui gaihamshig bilee.

togoruu said...

gaihaltai hunii tuhai gaihamshigtai bichjee. Togdgor galsantogtoh gedgees ooroor neeh sain meddegui bsan chin end unshij ovoo taniltslaa. 13taidaa 1r angia togsoj ehiinhee sanaag amraaj...gene shuu. hahaha,hoorhon ch yum daa. amraa ah bichne gej neeree uimruulaad hayahiimaa. tnx&good luck.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates