Цэрэгт "алба хаасан" гэрэл зургуудыг минь болгооно уу?
Миний бие “Тусгай салаа” 70 ангит шинэ киноны зохиолыг бичиж дуусгаад байна. 5 дугаар сарын 8-нд зураг авалт эхэлсэн, 29-нд Энхийг сахиулагчдын баярын өдрөөр Сүхийн талбайд киноны зураг авалтын нээлт боллоо. 2010 оны 9 дүгээр сарын сүүлчээс МҮОНТВ-ийн дэлгэцэнд гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын үед ээлжит олон ангит киног цэрэг эх орны сэдвээр хийнэ гэсэн шийдийг МҮОНТВ-ийн захирал, киноны ерөнхий продюссер Ц.Оюундарь гаргасан. Тэр үеэс шинэ зохиолын судалгаа эхэлсэн. Цэргийн хүмүүстэй уулзаж ярилцаж, цэрэг армитай холбоотой ном, гарын авлага, дүрэм журмыг уншаад унтахаа байсан даа.
013 дугаар ангийн цэргийн хуаранд байлдагч нарын дунд амьдарч, судалгаа хийж байж, зохиолын санаагаа олж авсан. Цэргүүдийн дунд нь амьдраад, энгийн яриа өрнүүлж их олон зүйлийг олж сонссон. Офицеруудаас ч их юм мэдэж авсан. Киноны олон үйл явдлыг бодит амьдралаас ургуулан бичсэн. Үйл явдал төдийгүй зарим дурлал нь хүртэл амьдрал дээр тохиолдсон дурлалын түүхээс сэдэвлэсэн. 013 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Төмөрбаатар, ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Ж.Даваарагчаа, дэд хурандаа Ч.Алтангэрэл болон ангийн нийт бие бүрэлдэхүүнд баярласнаа илэрхийлье.
Элитийн батальоны 30 километрийн маршид оролцсон. Дэд хурандаа Гантөмөр, ахмад Даваа-Очир нараас тусгайгийнхны тухай нарийн ширийн зүйл олныг тэмдэглэж авсан даа.
Эхэн үедээ “Хэцүү анги” киногоо үргэлжлүүлээд, Тэмүүн, Билгүүн, Дөлгөөн гурвыг цэрэгт явуулж, үйл явдлыг цааш өрнүүлье гэсэн санааг би гаргаж байсан. Гэвч найруулагч маань энэ жилдээ хэрэггүй байх, яваандаа л “Хэцүү анги-2”-ыг хийе гэсэн юм.
Зохиолоо бичихийн тулд “Монгол улсын цэргийн дүрмүүд”, “Цэргийн албыг зохион байгуулах заавар” гэсэн хоёр шар номыг бараг л цээжлэх дөхлөө. Цэрэгт явагддаг хичээлүүдтэй маш сайн танилцлаа. АК, СКС, СВД гэх мэтийн буунуудыг судаллаа, буу сонирхдог байсан минь их хэрэг боллоо. Бусад олон заавар дүрмүүдийг судаллаа.
Зэвсэгт хүчний Жанжин штабын Иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа Ц.Цэвээнсүрэн, БЗД-ийн цэргийн хэлтсийн дарга, Л.Раднаасэд, 013 ангийн нэгдүгээр ротын захирагч, ахлах дэслэгч З.Энхбаяр, жагсаалын дарга, дэд ахлагч Б.Ариундэлгэр нартай утсаа улайдтал ярьж зөвлөгөө авч байсан. Харин миний үед цэрэгжилтийн хичээлийг маш сайн ордог байж дээ гэж бодогдож байна шүү.
“Тусгай салаа” киноны ерөнхий найруулагчаар “Цэрэг эрс”, “Охидын салаа” зэрэг хэд хэдэн цэргийн реалити шоуг найруулсан МҮОНТВ-ийн найруулагч Ж.Батбаяр, зөвлөх найруулагчаар Соёлын гавьяат зүтгэлтэн найруулагч Будын Жаргал гуай ажиллаж байна. Жаргал гуай бол МҮОНТВ-ийн алтан фондод хадгалагдаж буй олон теле жүжиг, цувралуудыг хийсэн, бурхан найруулагч гэж хэлж болох хүн дээ. Ерөнхий редактороор “Хэцүү анги”-ийн ерөнхий редактор Д.Эрдэнэцэцэг, ерөнхий зураглаачаар мөн л өмнөх киноны ерөнхий зураглаач Ж.Нямсүх, хөгжмийн зохиолчоор Аранзаа /Б.Бат-Эрдэнэ/ нар ажиллаж байгаа. Ерөнхийдөө өмнөх кинонд туршлагажсан баг ажиллаж байгаа гэж хэлж болно.
Дүрүүдэд гавьяат жүжигчин Б.Тунгалаг, жүжигчин Г.Золбоот болоод залуу жүжигчид тоглож байгаа. Түрүүчийн кино маань олон залуу жүжигчдийг гаргаж ирсэн. Энэ кинонд ч бас энэ үйл явдал давтагдаж таарна. Үүнд итгэлтэй байгаа шүү. За ингээд маш олон гэрэл зургууд байгаа. Үргэлжлүүлээд та бүхэнд үзүүлнэ ээ.