Monday, May 11, 2009

ШУГАМ

"Хүмүүн цадиг" хэмээх нэртэй
цувралыг ийнхүү эхлүүлж байна.
Үүндээ өөрийн мэдэх эгэл болоод эгэл
биш хүмүүсийн тухай өгүүлэх юм.


“Солиотой амьтан”
Сургуульд “солиотой амьтан” буй болсон тухай шуугицгаав. Хэд хоноход долоо, найм, есдүгээр ангиуд туушдаа түгшүүрт автсан байлаа. Шугам зургийн хичээлд тахир гурав авбал дээдийн заяа боллоо хэмээн гутарцгаана. Шинэ багш, галзуу солиотой нөхөр ангийн гучин найман сурагчид хавтгайд нь “0” дүн тавьсан тухай хүүхдүүд нүдээ орой дээрээ гарган ярилцана. Зэргэлдээ болоод дээд ангиас хамгийн гоё зурдаг гэгддэг хэдхэн хүүхэд л “3” дүн авсан нь дээд үнэлгээ боллоо гэлцэв.
Манай ангид шугам зураг орох өдөр ойртсоор. Би өмнөх багшийн өгсөн даалгаврыг аль хэдийнэ хийчихсэн байсан ч ахиж шинээр зурахаар шийдлээ. Байдгаараа хичээж бүтэн гурван цаг суусан санагдана. Хатуу дүнтэй, шинэ багштай тулахаар биеэ хөвчилж, бэлтгэлээ базааж буй нь тэр.
Залуу зохион бүтээгчдийн дугуйланд явж, долдугаар ангийн хүүд ахадсан нарийн шугам зураг дээр ажиллаж байдаг болохоор энэ хичээлийг мэднэ гэдэгтээ зуу биш сая хувь итгэлтэй байлаа. Тэрхүү солиотод миний өөдөөс хэлэх үг олдохгүй гэж бодогдох боловч битүүхэндээ айдас гэхэд биш, нэг л хачин мэдрэмж төрнө.
Гурав хасах
Баасан гариг болж, шугам зургийн багш анги руу орж ирлээ. Үл ялиг долгиотсон халимгаа нямбай самнасан, шар царайтай, бас ч үгүй бүргэд гэж хэлж болохоор хамартай эр дэрхийтэл боссон сурагчид руу ширүүн гэгч харж билээ. Одоо ч түүний харц нүдэнд харагдах шиг болдог. Нэвт цоргисон харцтай хоёр нүдэнд нь багагүй эрч хүч мэдрэгдэж байж дээ.
Нэрсийн дарааллаар хамгийн түрүүнд Алтанцэцэг гэх онц сурлагатан, сүрхий гялалзуур охин ажлаа үзүүллээ. Түүний зураг руу намын хорооны нэгдүгээр дарга л ингэж харж чадна даа гэмээр хямсгар ихэмсэг харц чулуудаад, ярвайснаа өнөөх алдар суут дүнгээ дугуйруулав. Хүүхдүүд жиг жуг гэлцээд явчихлаа. Алтанцэцэг тоосон шинжгүй жуумайн, шилнийхээ цаанаас инээмсэглэсээр суудал руугаа чиглэхэд, багш нэрийг минь дуудлаа.
Харин миний зургийг хармагцаа зогтуслаа шүү. Толгой өндийн над руу харж байна. Улаан балаа эрээчих мэт хий эргэлдүүлэх зуураа бодолхийлж байснаа “3-” гэсэн дүн тавьчихлаа. Хамгийн дуртай энэ хичээлд таваас өөр дүн авч үзээгүй хүнд энэнээс илүү доромжлол гэж юу байх вэ? Би дэлбэрэхэд бэлэн болоод түүн рүү эгцэлж хараад зогсчихсон байв.
-Хэмжээний сумны урт хэдэн миллиметр байх ёстой билээ? Чинийх урт биш үү? Бас зарим үсэг чинь стандартын бус байна гэж тэр хэллээ. Суухаар эргэхэд нүднээс нулимс цийлэгнээд, цээжин дотор минь хүчил хүнцэл гээд орчлонгийн бүх хорт бодисыг холин буцалгаж буй мэт хор шар бургилж билээ.
“Хүйтэн дайн”
Энэ бол 1983 он байлаа. Дэлхий дахинд “хүйтэн дайн” гэгч өрнөж, Рейган, Андропов хоёр ид үзэлцэж байсан үе. Д.Цэдэн-Иш хэмээх тэр шинэ багш бид хоёрын хооронд ч хүйтэн дайн дэгдлээ. Андроповыг хөнөөхийн тулд Рейган цөмийн пуужин базааж байсан бол, Цэдэн-Иштэй дайтахын тулд би шугам зургийн номноос салахаа болилоо. Номоо үзэж суухдаа гэнэт хор шар дүрсхийгээд, шүдээ зууна.
Хэдэн зураг шалгуулсны эцэст дүн маань “5-” болж ахилаа. Хүүхдүүд онц дүн авчихлаа шүү дээ гэж бахархан дуу алдацгааж байхад би бас л өөлүүлэх алдаа хийсэндээ уйлчих шахсан амьтан суудалдаа дөхөж явсан юм.
Өөрийн ангийн төдийгүй зэргэлдээ ангийн ганц нэг онц сурлагатан шугам зургаа зуруулах гэж намайг тойлно. Арав хорин хүний зураг хийхээс өөр аргагүй болно. Зургуудыг шалаараа нэг тарааж цацчихаад тушьлэнэ. Зураасыг нь нэг нэгээр таталж, тойруулж шидлэн хатаасаар шөнө дунд хүргэнэ.
-Хүний хүүхдийн зураг зураад, хичээлээ хаялаа хэмээн аав ээж үглэнэ.
Удалгүй багш учиргүй хатуу дүнгээ зөөлрүүлж, наанатай цаанатай хандах болж, би өрөөлийн олон зурагтай ноцолдох ажлаасаа салж билээ. Мэдээж хэрэг багшийн ийм галзуу солиотой хатуу дүн захирал эрхлэгч нарт таалагдаагүйгээс зэмлэж, зандарч, дарамт шахалт үзүүлсэн байх гэж одоо бодогддог. Гэхдээ хүнийг бүрмөсөн хүмүүжүүлнэ гэж юу байхав, багшийн хатуу шаардлага хэвээр үлдсэнсэн.
Муруй зураас
Шугам харандаа зодолдуулсаар нэг жилийг үзэж, наймдугаар ангид дэвшлээ. Хатуу багшийн гарт орсных манай ангийнхан шугам зурагтаа эрс сайжирлаа. Би нэгэн хичээлд нэвт нүхтэй цилиндр хэлбэртэй эд анги зурснаа шалгуулав. Хажуугийн проекц дээр нэвт гарсан нүхний амсар муруйгаар дүрслэгдсэнийг багш улаан балаар эгц шугам болгон засчихлаа.
-Энэ яахаараа муруй болчихдог билээ? гэж сүртэй асууж байна. “Багш хүн эндүүрч болно гэж үү?” хэмээн би мэл гайхлаа. Бид хоёр маргаж эхлэв. Би зөвөө батлахаар шохой аван самбарт зурж эхэлтэл багшийн тэвчээр алдрах нь тэр!
-Балай юм уу, чи! Юу гэж муруй байх вэ! гэж тэр чарлалаа. Миний ч уур дүрсхийж,
-Үгүй муруй гарна! Та өөрөө балай юм уу? гэж шазуур заалаа.
Эрхлэгчийг дуудуулж, багшийг балайгаар дуудсан сурагчид арга хэмжээ авахуулах болов. Манай ангийн охидоос ганц нэг нь уйлж байна. Надад ч “Сургуулиас хөөчих болов уу...” гэсэн айдас төрөв.
Эрхлэгчийн албан тушаалыг хашдаг Г.Цэвэгсүрэн багшийг ирэхэд би шалдаа буугаад байлаа. Их нэр хүндтэй, энэ бурхан шиг хүний өмнөөс сургуулийн захирал ч үг хэлдэггүй байсан болов уу. Цэвэгсүрэн багш намайг өрөөндөө авч ороод, сурагч хүн багшийг хэрхэн хүндлэх ёстой болоод, их юм мэдчихсэн мэт санагдах нь бидний насны онцлог болох тухай удаан ярьж сэнхрүүлж билээ.
Хичээл тармагц яаран гэртээ ирээд, ном ухаж үзвэл яах аргагүй миний зөв байлаа. Сайн нягталж хараагүйгээс санамсаргүй гаргасан энэ алдаагаа багш ч бас мэдсэн байж таараа. Гэхдээ хэн нь ч дахиж энэ тухай ярилгүй чимээгүй өнгөрсөн дөө.
Хожмын эргэцүүлэл
Эхэндээ би багшийг буруугаа улаан цайм дараад өнгөрсөн жудаггүй хүн гэж бодох болсон. Гэвч түүний зөв байсныг амьдралын дэнс шүүн тунгаажээ. Багш хүнд өндөр шалгуур тавьж, хатуу хариуцлага тооцдог асан тэр цагт энэ санамсаргүй алдаа нь түүнийг ажлаас нь холдуулж мэдэх байсан. Тэгсэн юм гэхэд нэг сургуулийн бүхэл бүтэн хэдэн үеийнхэн шугам зургийн ер бусын сайн сургалтыг мэдэхгүй өнгөрсөн байхсан. Түүний хатуу шалгуурт зурах дөртэй болсон хүүхдүүдээс олон сайн инженер төрж гараад, зам, барилга, уул уурхай, үйлдвэр, их дээд сургууль, хаа сайгүй мэдлэгээ гайхуулж явна.
Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийн инженерийн бэлтгэл тэнхимд манай сургуулиас 1986 онд таван хүн очсон. Тэгтэл тавуул таван өөр ангид шугам зургаар толгой цохиж, оюутны шилдэг бүтээлийн үзэсгэлэнд зургаа тавиулж байлаа. “Выполнил: ” гэсний ар дахь танил нэрүүдийг хараад сургуулиараа, бас багшаараа бахархах сэтгэгдэл төрж билээ. Тэнхимийн шугам зургийн багш хижээл эмэгтэй “Монголд шугам зургийг үнэхээр зааж чадах юм аа” гэж хэлж байсан.
Шугам зураг хэмээх агуу ухаанд үнэн голоосоо хайртай, инженерийн эриний бүх хүн шугам зургийг ягштал мэддэг байх ёстой гэсэн үзэлтэй нэгэн багш тийнхүү гэнэт гарч ирэхэд, захирал, багш, сурагч, эцэг эх, хэн ч ойлгохгүй байж дээ гэж одоо бодогддог. Бүгд түүнийг галзуу солиотой, хэнхэг хэнээтэй, ер бусын амьтан хэмээн адалж байж.
Гэвч цаг хугацаа хэмээгч асар хүчирхэг шалгуур түүний хэн байсныг хэдийнэ тодотгосон байх юм. Цэдэн-Иш хэмээх энэ ер бусын сайн багш бидний зургийн дэвтэрт ер бусын тод шугам үлдээжээ.

36 comments:

Badman said...

Сайн багш нараар хичээл заалгаад тохирсон үнэлгээ авах нь тааруу багшаас онц авч, өөрийгөө улаан онц сурлагатай гэж хөөрцөглөхөөс зуун хувь илүү билээ.

Anonymous said...

Хэхэ, явдал нь хүртэл шугам зураг шиг байсан даа. Эв эгцээрээ явж байснаа гэнэт 90 градус эргээд алхчихдаг, тэрийг баахан шоолдог байж билээ.

A.Амарсайхан said...

Бэдмэнд:
Үнэн үг шүү

Анонимд:
Дотроо их юм бодож, тунгааж явдаг хүн байсан байх өө. Юм бодохоороо гадаад ертөнцөөс тасарчихдаг хүмүүс байдаг шүү дээ

Чепак said...

Балладаг байсын байна даа

Одооны зарим багш нар ч гурилддаг байх дооо

Би шугам зураг дээр лав олигтой дїн авдагїй байсан угаасаа єєрєє муу хїн чинь яах вэ дээ хэхэх

Arsun said...

Бас Бүдээхүү багш байна.

A.Амарсайхан said...

Чепакт:
Одооных гэхээр заавал гурилддаг байх албагүй байх аа. Сайн багш нар байдаг юм билээ.

Арсунд:
Тийм шүү. Олон мундаг багш байсан

Эрдэнэ said...

Дунд сургуульд хэтэрхий зарчимч багш ялангуяа ийм хичээлийн хувьд бол яалт ч үгүй чангадна. Цэвэрхэн зурахын хажуугаар зөв зурна гэдэг бол 100 хүүхдийн 5 нь л чадах зүйл гэж бодож байна.
Дээд сургуульд харин багш чанга байх үнэхээр хэрэгтэй байдаг юм билээ. Их нухуулаад ирэхээр өөрийн эрхгүй тооноос чанарт гэдэг шиг болно доо.

A.Амарсайхан said...

Эрдэнэд:
Чангалуулаад болдог л юм билээ. Хүүхдүүд шугам зурагтаа жигдхэн сайжирсан юм даа. Нүдээрээ харсан

Unknown said...

Та нар ямар багшийн тухай яриад байгаа юм бэ?
Би танихгүй. :)

peakfinder said...

Shaardlaga ondor bagsh nariin tarhind uldeesen yalt ch ugui iluu baidagaa. Tuhain uyedee durgui ch ergeed bodohod huuhduudiin amidrald zaaval tom bair suur' ezelj uldsen baidag.

A.Амарсайхан said...

Э.Баярсайханд:
Удахгүй бичихээр мэддэг болоорой. Гэхдээ би дандаа багш нараа бичээд байхгүй ээ. Янз бүрийн мэргэжлийн сонин содон хүмүүсийн тухай бичих санаатай байгаа.

Пийкфиндерт:
Тийм шүү. Гэхдээ хэрэгтэй юм шаарддаг нь. Огт хэрэггүй хэнхэг шаардлага тавьдаг багшийг бас би мэр сэр мэдэх юм байна

org said...

Амраа ахыг инженер гэж мэдсэнгүй. шооч, шинжээч л гэж бодож явлаа.

Би ч 1-р курсдээ дүрслэлийн геометерт багштайгаа зөрөлцөөд гэдэн хөдлөөд F, дараа нь амьдралаа бодоод инженерийн зураг зүй дээр А авч байлаа. гэвч диплом дээр эхнийх нь бичигддэг юм даа хаха. гэхдээ яахав ажил амьдралд диплом хэрэг болсонгүй, сурсан эрдэм л хэрэг болох юм даа

Anonymous said...

Би ч багаасаа загвар хийдэг, зурдаг байлаа. Ер нь монголын шугам зургийн багш нар жигдхэн сайн байх аа. ТИС-ийн начерийн багш нар бол мундаг шүүдээ.

ganga said...

Ер нь монголын шугам зургийн багш нар жигдхэн сайн. Ленинградад гадаад оюутны группт манай хэдэн оюутнууд шугам зургаар толгой цохьдог, та нар манайхан шиг сургалт сайтай гээд монголчуудад илүү чанга дүн тавьдаг байсан даа. Вьетнам, латин америк охидын шугам зураг зурж өгч чихэр шоколадаар шагнуулж явлаа, хэхэ.

A.Амарсайхан said...

Орг-д:
Унаган мэргэжил минь инженер. Сүүлд дахин сураад сэтгүүлч болсон хүн дээ. Багадаа нисэхийн зохион бүтээгч болно гээд нисэхээр өвчилчихсөн хүн явлаа. Энэ тухайгаа бичнэ ээ, удахгүй.

Начераа өгвөл найзалж болно гэж ярьдаг байж дээ. Тэгэхээр багш чинь найзлах эрх хассан байна.

Анонимд:
Би Оросын дээд сургуулиудыг гадарлана. Тэндхийн ямар ч дээд сургуульд монголчууд нэгдүгээр курсдээ бүх хичээлээрээ гайхуулдаг юм аа. Гэвч эцэг эхээсээ хол болохоор хоёрдугаар курсээсээ онгирцгоогоод хичээлээ хаяад, дурлах нь дурлаад, наймаа хийх нь наймаагаа хөөгөөд, архины сонгонд зарим нь бүртгүүлээд, бас зарим нь унтаад оросуудаасаа муу болоод "дунд" чирдэг болчихдог.

Гангад:
Монгол шугам зургийн маш сайн сургалттай. Ер нь цаад багш нь нар нь хатуу шаардлагатай сайн болохоор л ийш тийш тарж очсон шавь нар нь сургалтыг сайн болгох гэж үзэж тарж байсан болов уу.
Свердловскийн Уул уурхайн дээд сургуулийн Шугам зургийн кафедрийн үзэсгэлэнгийн самбарт бараг л тавин хувь нь монголчуудын зураг тавигдсан байж билээ. Ерөнхийлөгчийн шагналын хэлтсийн дарга агсан Төрийндээд, багадаа нисэх загвараар хичээллэж байсан Ургамал гээд залуу, Сурахбаяр гээд л монгол нэрүүдтэй зургууд нүд чимж байж дээ.

Badka said...

манай их сургуульд даян дэлхийн юм яриад явчдаг "юм" тай начерын багш байсан. Бал харандаагүй ирсэн бол Хиллари Клинтон дээр очиж балаа авчир энтэр гэж баахан дөвчигнөдөг байж билээ. Бас лам нарыг үзэхгүй. Муусайн тэмбүүтэй лам нар юм хийж бүтээдэггүй гээд үглэж өгнө. Гэхдээ оюутнуудыг чанга дүгнэнэ. Ер нь начерын багш нар чанга гарууд байдаг болтой.

алтаргана said...

манай шугам зургийн багш бас сайн байсан шүү, би буруу зурчихаараа өөр цаасан дээр хийхээсээ залхуураад халтар болтол нь баллуурдаж байгаад зурчихна. Багш цонхны гэрэлд гортигны нүх тоолоод ...зөв зурж чөтгөр чинь гэдэг байлаа.Олон хүүхдийн зураг зурдаг байсаан, хүүхдүүд яагаад ч юм энэ хичээлд дургүй байсан. Зүсэлт проекц нтр чинь сонирхолтой ш дээ. Дээд сургуульд начер дээр би лав зовоогүй, дээд дүн авдаг байлаа. Сайн багш нарын ач их ээ

A.Амарсайхан said...

Алтарганад:
Нээрээ сонирхолтой хичээл шүү. Би шугам зургаас их хол ажил хийдэг болчихож дээ. Тэгж байгаад, шугам гортиг хэрэглэж шог зураг зурж үзье гэсэн санаа гэнэт төрлөө.

Дeстини said...

Сайн уу Амарсайхан, манайд нэг лаг физикийн багш байж билээ. Тэр үедээ их шинэлэг аргаар хичээл зааж, бид ангиараа онц авдаг байлаа. Бид өөрсдөө ярилцаж, мэтгэлцэж, шийдэл гаргадаг зарчмаар заадаг байв.

A.Амарсайхан said...

Дестинид:
Сайн, сайн байна уу? Тарган тавтай хаваржиж байна уу?

Шавь төвтэй сургалтын аргыг түрүүлээд нэвтрүүлчихсэн багш байж шүү. Цаг үеэсээ түрүүлчихсэн сэхээтнүүд олон байж дээ.

Pearle Deppsu said...

Одоо би нэг ийм хүнээр л балбуулмаар байна

A.Амарсайхан said...

Дэрсүд:
Ямар чиглэлээр "балбуулах" вэ?

Anonymous said...

zurgiig n harval choibalsan shig hun bna, harin surgalt sanaa n saikhan hun baina daa.

A.Амарсайхан said...

Анонимд:
Чойбалсантай адилгүй ээ. Сургалт санаа зорилгын хувьд ярилтгүй сайн багш байгаа юм аа.

TaTaHHuCH said...

Anh ih surguuli NACHIR geed huihaldag hicheel orj bsn sanagdana. Nachir1-iig shonojin suuj zuraad ogloo 5t untaad 7 hicheeldee yvdag bsniig bodohod oortei chini adil galzuu hun shig hiideg bj. xaxa, Nachir1-iin bagsh kursiin 150 huuhdees tsoohon hund 100% tavisanda, Harin Daraa jil bi chadhiim chini geed Nachir2.iig toohkui davhijiij muu duu avch dahij bsn udaatai, Bagsh ih erhluudeg bsn ch Tom sanuulga ogson shu, unendee saihan surgamj boldiim bilee, Saihan bichleg bolj Amraa ah
:D

A.Амарсайхан said...

Татахд:
Сэтгэн бодохыг хөгжүүлдэг, бас уйгагүй нямбай болгодог хичээл гэж боддог шүү

Anonymous said...

Тиймээ, Цэдэн-Иш гэж энэ багшийг мэднэ. Говь-Алтайгаас манай Төв аймагт ирээд манай ангид нэг л жил шугам зургийн хичээл орсон. Гэхдээ энэ багш олон жил мартагдахааргүй сэтгэлд үлджээ. Мундаг багш шүү.

Alex.

A.Амарсайхан said...

Алексд:
Өө тийм үү. Багшийн тухай төв аймгийн хүнээс сайн үг сонсох сайхан байна. Мундаг хүн дээ.

serenade said...

гайхалтай сайн багш юм аа.

A.Амарсайхан said...

Серенадад:
Тийм шүү

Anonymous said...

Bi Tseden Ish bagshaar zaalgaj baisan huuhduudiin neg baina. Govi Altai aimgiin 1 dugeer 10 jiliin surguuli. Ih hatuu hun baisan shuu. Balchir huuhduudiig tegj muguidlan daramtlah ni yund heregtei baisan yum boldoo huurhii. Chi yostoi nudend haragdtal bichjee. Harin Tsevegsuren bagsh bol jinhene bagsh hun baisan. Mani hun bol huuhedtei yaj ajillahaa meddeg baisan. Huuhduudiig Tseden Ish shig dorimjilj uramiig ni hugalj heleh helehgui ugeer heldeggui ih dolgoon saihan hun baisan. Tseregjiltiin Sodbaatariin talaar bichvel bas ih sonin dursamj boloh baih daa. Mani hun herhen tsarailag ohiduudad doligonoj yum medehguid ni ch 5 tavidag. Mani metiin huuhdeeree ul anzaaragdam ohidiig bol shuusleh shig l boldog baij bilee. Bi odoo ch tsergiin tangarag automat kalashnikoviin ajillah processiig mani hunii achaar tseejeer meddeg. Onts avah gej tegtelee daramtlagdan tseejilj baisan yum. Hehehe

A.Амарсайхан said...

Анонимд:
Сод багш миний 10 дугаар ангийн багш даа. Дараагийн удаа бичих л хүний нэг дээ. Мань эрд авах сайн юм их бий шүү. Уран зохиолын маш мундаг мэдрэмжтэй. "Хошуу цагаан нутаг"-ийг маш сайн роман, хэд дахиж уншсан ч багадахгүй гэж хэлсний дагуу би уншиж байлаа.

Anonymous said...

Tseden Ish bagsh neeree odoo Tov aimagt baidag yum uu? Zurgaa zov ch zursan tseverhen bish baina geed 3aas oor dun avahaa baigaad suuldee Amaraa metiin sain zurdag huuhduudeer zuruulaad 5 avdag bolj sanaa amarsan. Ihenh huuhduud ingej argalsan baih gej boddog shuu.

Tulga said...

Хэн байх нь надад чухал биш. Зураг төсөл сурахыг хүсч байгаа хүндээ хэрэгтэй л биз. Шаал өөр мэргэжил эзэмшиж байгаа хүнд хэмжээндээ хийгээд явсан нь л зөв. Пизда 10 жилээ бодсон чинь уур хүргэчлээ. Нэг мундаг онолын физикч, химич, гүнзгий математикч, хэл шинжлэлийн эрдэмтэн, газар зүйч болгох гээд байгаа ч юм шиг.

Moralesyxja said...

Анонимд: Чойбалсантай адилгүй ээ. Сургалт санаа зорилгын хувьд ярилтгүй сайн багш байгаа юм аа.

A.Амарсайхан said...

Аноним, Тулга нарт:
Бараг гурван жилийн дараа хариу бичиж байгаадаа хүлцэл өчье.

Үргэлж хүнээр зуруулахгүй шүү дээ. Нэг хоёр удаа хүнээр зуруулаад аргална. Гурав дахь зургаа өөрөө зурахаас өөр аргагүй болно.

Тулгад:
Хэдий тэс өөр мэргэжилтэй болох байлаа ч онолын хатуу сургалт үзчихэд гэмгүй. Би "Тусгай салаа" кино зохиолын судалгаа хийж эхлэхэд Цэрэгжилтийн багшийн минь зааж байсан хичээлүүд нүдэнд харагдсан. Цэрэгжилтийн хичээл маш сайн ордог байж дээ гэж бодогдож бишрэх сэтгэгдэл төрсөн.

Мораль Сахъяад:
Дээрх аноним гадаад төрхөөрөө адилхан гэсэн бололтой.

Сонин дуулгахад би 2011 онд сургуулийнхаа ойн баримтат киног хандиваар хийж өгсөн. Тэгэхдээ их олон багш нартай уулзаж ярилцлага хийсэн. Цэдэн-Иш багштай ч бас уулзсан. Бүр өрөөнд нь баахан багш нарыг цуглуулсан гээд л бод. Мань эр миний энэ хөргийг уншаагүй байна лээ. Шог зураач А.Бат-Эрдэнэ л харин Амарсайхан таны шавь юм уу? Сонинд бичсэн байна лээ гэж ярьсан байсан.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates