/хөрөг/
Уншигч авхай та, Батзандан гэхээр иргэний хөдөлгөөний Батзандан гэж бодож, цухалдавзай. UBS телевизийн кинонд дуу оруулдаг жүжигчин Батзандангийн хөрөг юм шүү. Агуу их Лодойдамбын "Тунгалаг Тамир" романыг уншиж МР-3 CD болгон, олны хүртээл болгосон эл жүжигчнийг та бүхэн дуу хоолойгоор нь мэдэх биз ээ.
Өрөмний дуурь
Намарт тэднийх голдуу Хар-Ус нуурын хөвөө Лүнгийн хоолойн орчимд нутаглана. Ховд нутгийнхан Хар-Ус нуурыг далай гэнэ. Зун болохоор далайн хавь нөхцөлгүй хална. Ялаа шумуул нь хүн байж суухын аргагүй. Тиймээс малчид ийшээ намарт л орж ирнэ.
Намар хоолой руу орж ирээд байх нэг өглөө Батзандан нойроо харамлан босохгүй хэвтэв. Ээж нь “Хүүе гэм, хонь бэлчээд холдчихлоо. Боохой хонь сүйдэлчихнэ!” гэж үглэж дуулан татаж чангаасан боловч нэмэр болсонгүй. Ээж нь аргаа бараад бага дүүг нь босгож хонины араас явуулжээ. Гэрийнхэн нь өглөө босоогүй хүүг шийтгэхээр шийдэв. Тогоотой шинэ өрмөө саванд уудалж далд хийгээд, “Хонинд явдаг сайн дүүд чинь хамаг өрмөө өгчихөлгүй яах вэ?” гэцгээв. Уурандаа багтрах шахсан хүү гараад харайлгачихаж. Далайн хөвөөнд очиж уураа даран жаахан суув. Усны шувууд дээгүүр нь эргэлдэн ганганалдах нь онгоц шиг том харагдана. Лүнгийн хоолойн хөлгүй ус ногоороод л. Тэгтэл гэнэт зүггүйтэх санаа ороод ирэх нь тэр! Ус авахаар гаргасан зэгсний завсар луу хөлийн мөрөө гаргаж, шууд явсаар далай руу орчихсон мэт харагдахаар болголоо. Тэгээд усанд живсэн хүний толгой мэт харагдана гэж тооцон том довон баархай олоод усанд хаялаа. Зэгсэн дотроос эргэн харвал нөгөө баархай яг л хүний толгой мэт харлаж байлаа.
…Түүний мөрийг тэмээнд сав тохоод, ус авахаар ирж явсан эгч нь түрүүлж олж харав. Айсандаа ухаангүй шахам болсон эгч нь гэр лүүгээ гүйхээрээ очоод “Цаад Батзандан чинь усанд үйгээд үхчихэж!” гээд, орь дуу болов. Тэднийхэн сандралдаж, дэмий л эрэг рүү гүйн ирцгээж мөрийг үзэж, “Батзандаа-аан!” хэмээн дуудаж, сүйд болцгоож, ээж нь ухаан алдан унаж байв. Ийм шидийн юм сэдэж дөнгөдөг нь түүний хожим сэтгэлгээ сайтай жүжигчин найруулагч болж чадах юм аа гэдгийг харуулаад байсан хэрэг гэж түүний найзууд ярьдаг.
“Өвчин” авчирсан зуслангийн найз
Ховдын төвийн арван жилийн сургуулийн урлагийн үзлэгт “Хэрлэн”-г дуулж томров. Үзэгч хонь гуай нарын өмнө дуулж явснаа бодвол “шат ахиж тушаал” дэвшиж, аймгийн төвийн сургуулийн тайз руу нүүсэн нь энэ байлаа.
Удалгүй бас нэг уралдаанд өөр дуу дууллаа. Батзандангийн ангид боловсролтой сэхээтний хүүхэд олон. Ганболд, Төмөр-Очир, Батаа, Хүрэлбаатар гээд хүүхдүүд бусдыгаа удирдан шог гараа, жүжигчилсэн тоглолтууд хийнэ. Харин хонин сүргийн театрын дуучинд маань энэ бүхэн тэс өөр ертөнцөд ороод ирчихсэн мэт хачин чамин этгээд мэдрэмжийг буй болгоно. Жүжиг гэдэг чинь гоё юм аа гэж бодоод л тэдний тоглолтыг үзээд л явдаг байлаа.
1978 онд, аравдугаар ангид байхад нь “Зуслангийн найзууд” кино гарч их содон дурсамж үлдээсэн байдаг. Хүүхдүүд энэ киног хэд дахин үзэж, баатруудаар нь бахархав. Кино гарсан өдрөөс эхлээд Батзандан жүжигчний мэргэжлээр “өвдлөө”. Ямар азтай хүүхдүүд ингээд кинонд тоглочихдог байна аа хэмээн бодогдож, өөрийгөө тэр хүүхдүүдийн оронд кинонд тоглож байгаагаар төсөөлөн мөрөөдөж, нойр хоолоо умартав.
Тархин доторх кино
Уран зохиолыг Шоовдой багш нь сайхан заана. “Тэхийн зогсоол”, “Сэгс цагаан богд”-ийг цээжлүүлнэ. Зохиолын яруу тансгийг тэр үедээ нэг их сүрхий мэдээгүй ч, хожмоо уран зохиолыг унших мэдрэмж бий болох суурь дэвсгэр болсон гэж тэр хэлдэг.
Бямбажав гэгч багш цөөхөн хоног уран зохиолын хичээл орохдоо хүүхдүүдийг бишрүүлчихэв. Зохиол ярина гэж үнэхээр ургуулна. Тархин дотор “кино гарч”, дүрүүд нь нүдний өмнө тодрон гарч ирнэ. Хүүхдүүд амьсгаа даран чагнана. “Чеховын “Дугтуйтай хүн”-ийг ярьж байсан нь одоо ч нүдэнд илхэн” гэж Батзандангийн ангийн найз, одоо дуучин болсон Төмөр-Очир нь хэлдэг.
“Шүхэрч Буниа”, “Хоньчин Найдан”-г нулимс дуслуулан уншина. Малчны хүүхэд болохоор ахуй нь дэндүү ойр. Гэрээ санахаараа өнөө номоо бариад авна. “Хос тогоруу” зохиолоос нутгийнх нь дэрс шанд, сэмжин үүлтэй хөх тэнгэр, тогорууны үүр, өндөг гээд л бүх зүйл харагдана. Хөдөө байгальтай ойр өссөн болохоор ийм ном сэтгэлд дотно.
Жолоочтой, том дарга
Кинонд тоглодог хүн болох юмсан гэж нууцхан мөрөөдөөд явж байтал нь нэг азтай учрал тохиов. Зөвлөлтийн мэргэжилтэн Гончаров, театр судлаач Дашдондог нар Ховд аймагт буув. Кино драмын ангид хүүхэд шалгаруулж авах гэнэ гэх сураг аймгаар тарж, хүүхдүүд хоорондоо сонин болгон ярьж, дотроо битүүхэн догдолцгоов. Өнөөх жүжиг ший тоглодог хүүхдүүд бүгдээрээ шалгуулахаар дараалалд зогслоо. Баярлах найруулагч хүүхдүүдэд этюд судалбар гэж ийм юм байдаг, яаж хийдэг вэ гэхчлэн зааж, өөрсдөөр нь тоглуулж, чиг өгсний дагуу нь бэлдээд, шалгалтад орж явчихлаа. Хөдөөний хүүгийн бэлдсэн этюд хорооны хүүхдийнхээс тэс өөр болж багш нарын анхаарлыг татав. Жижигхэн бор хүүгийн дотор асах авьяасыг тэр том хүмүүсийн гярхай нүд хажуугаараа өнгөрөөчихөөгүй нь энэ байлаа.
Шалгалтад тэнцээд, Багшийн дээд сургуулийн кино драмын анги авчих нь тэр! Хичээл тарах яагаа ч үгүй, дөрвөн сарын 17-н байсан болохоор түүнээс хойш багш нар бараг л зөнгөөр нь дүн тавиад өгчихдөг болов. Шавь нь ийм хүндтэй сургуульд явах болчихоор, хэн хөлөөс нь чангаахыг бодох вэ дээ.
Батзандангийн амьдрал сайхнаар шийдэгдэх болсонд сургууль даяараа баярлана. Ангийн багш Бямбацэрэн нь мотоциклдоо сундалдан нааш цааш давхиж бичиг баримтыг нь бүрдүүлж байлаа. “Чи жолоочтой, том дарга болжээ, багшийн араар гэдийж суугаад явж байгаа чинь яг дарга аа, дарга!” гэж түүнийг найзууд нь цаашлуулна. Тэгж байтал уралдаант шалгалт ирчихлээ. Шалгалтын зохион байгуулагчид түүнтэй ижил кино драмын анги авсан Оюунчимэгтэй хамт суулгачихлаа. Ижил хуваарьтай болохоор шалгалтын комиссынхон өрсөлдөгчид гэж эндүүрсэн хэрэг. Сургуулиа авчихсан байсан хоёр найз найрамдалтай. Нэгнийхээ бичсэн рүү харж, зарим асуултыг нь нийлж хийсээр шалгалтаа давчих нь тэр.
Жич: Зураг дээр "Тэргүүний сургач" гэчихжээ, тэр үедээ тэгж бичдэг байсан юм уу, гэтэл "ариал мон" фонт ч харагдаад байх шиг. Юу ч гэсэн "Тэргүүний сурагч" гэж залруулж уншина уу?
/үргэлжлэл бий/
Баавгай болохсон
1 week ago
18 comments:
Энэ дээрх нөхөр юу гээд байна аа.
Хи хи. Сэтгэгдэл бичихэд код асуудаг болгочихгүй бол хачин юмнууд орж ирээд байх юм аа.
За тэр ч яах вэ. Үргэлжлэлийг нь хүлээж байя.
Дахин санхүүжүүлэгчид:
Их баярлалаа. Монголоор ганц ч болов хүн уншиж, ойлгож байгаад баярын нулимс унагав.
Э.Баярсайханд:
Зугаатай л юм биш үү? Би лав түсхийтэл инээд алдлаа.
Наадуул чинь компьютерийг нэг сайн цусыг нь хольдог нөхөд байгаамдаа. Линк дээр нь дарж балравдаа!
Зараад:
Аль хэдийнэ ороод, балардгаа баларчихаад сууж байна өө.
Ямар сайхан, нүдэнд харагдаж сэтгэлд ургатал бичээ вэ.Кинонд дургүй хүүхэд байдаггүй шиг жүжигчин болохыг мөрөөддөггүй хүүхэд ховор байх даа.Би бол авьяасгүйгээ мэддэг болохоор зүгээр л сайн талын баатарт нь дурладаг байлаа... хэ хэ нууцаа хэлчихлээ шүү.
Dursgui zolig we, ayultai ailgasan baina shuu.
Amraagiin hurugt durtai. Saihan naadaarai.
Amraa ene jiliin naadamd zodogloj baigaa biluu? Sain barildaarai, hu. Uyasan huleg chini bas hurdan baih boltugai. Saihan naadaarai.
Saihan bayarlaarai.
Сайхан наадаарай!
Saihan naadaarai.
Saihan naadaarai.
saixan naadaarai
Сайхан наадам боллоо.
Сэтгэгдэл үлдээсэн бүх хүмүүст баярлалаа. Та бүхэн сайхан наадсан гэдэгт итгэнэм.
Манай нутгийн морь бөхийг ээ! Таминь ээ!
Жич: Интернэтээс хол 5 хоноод ирлээ.
Ta saihan naadsan u? Manai nutgiin mori, buh ch heleh yumgui saihan naadlaa shuu.
Цолмонд:
Сайхөөн. Чи сайхан наадав уу? Хэлээд яах вэ?
Маш их сонирхолтой байлаа, би энэ хүнийг чинь сайн танина, даанч энэ хүн намайг танихгүй л дээ, дуу хоолойг нь сонссоор байгаад танил болсон юм хэ хэ хэ.
Дэггүй хүү байжээ, гэхдээ тэр их авьяас, тэмүүлэл ихтэй сэтгэлийг олоод харсан хүмүүс ямар их гавъяатай вэ, бүүр өмнөөс нь сэтгэл догдолоод хуучны тэр үед очоод ирэх шиг л боллоо. Баярлалаа
Post a Comment