/хөрөг/
Уншигч авхай та, Батзандан гэхээр иргэний хөдөлгөөний Батзандан гэж бодож, цухалдавзай. UBS телевизийн кинонд дуу оруулдаг жүжигчин Батзандангийн хөрөг юм шүү. Агуу их Лодойдамбын "Тунгалаг Тамир" романыг уншиж МР-3 CD болгон, олны хүртээл болгосон эл жүжигчнийг та бүхэн дуу хоолойгоор нь мэдэх биз ээ.
Мангастай учирсан ньХот руу сургуульд явна гэхээс сэтгэл догдлоно. Хотын тухай хүмүүсийн яриа аймшигтай. Тэр үед “Тоншуул” сэтгүүлд Рейган гэж мангас байдаг тухай бичдэг байсны адил юм ярина. Дээрэмчин, тонуулчинтай, тэд нар нь хөдөөний хүнийг анддаггүй, мөнгө татдаг, зодож нүддэг, айлгадаг чичрээдэг тухай л ярьцгаана. Очоод яаж амьд явна даа л гэж бодогдоно.
Харин хотод ирээд өнөөх дээрэмчидтэй азаар нэг их олон дайралдаагүй гэдэг. Нэг өдөр ангийн андууд Сосорбарам, Оюунбат нартай айлд очихоор явав. Чихэр, жигнэмэг идчихсэн шиг, их л додигор алхаж явж. Тэдэн дотроо Сосорбарам хамгийн ганган. Костюм өмсөж, зангиа зүүсэн, хүзүүндээ гинжтэй. Яриандаа халчихсан явтал, хэдэн нөхөр өмнөөс нь ирээд “Цагаан худгийнхныг таних уу?” гэж. Оюунбат руу му
ухай хараад “Чи нааш ир!” гэсэн тушаал буулгалаа. Цаадах нь зориг муутай дөхлөө. Батзандан айсандаа гартаа байсан жигнэмгээ идсээр дуусгаснаа ч мэдсэнгүй. Сосорбарам гинжээ таслуулж, гоё костюмаа ялигүй ханз татуулснаар энэ уулзалт өндөрлөжээ.
Энэ явдлаас хойш хотын овгорууд гэдэг чинь бидэнтэй адилхан хүүхэд байдаг юм байна гэж үзэв. Сумын цолтойг нь ч унагачихаж байсан юм чинь, бариад авахад учир бий вий гэж бодогдоно. Хотын хүүхэд намайг арай ч хүчрэхгүй дээ гэж бардам боддог боллоо.
“Амь дүйсэн шөнө”Жек Лондоны “Амь дүйсэн шөнө” зохиолоор оюутнууд жүжиг бэлдэж байв. Тэгтэл дүүрэг даяар тог унтарчихлаа. Байрандаа иртэл хийх юм олддоггүй. Жүжигтээ хэрэглэж байсан цэрэг хувцсаа өмсөөд, хаалганыхаа бариулыг сугалж бариад, харанхуй хонгилд гарав. Монгол хэлний ангийн оюутнуудын өрөө онгорхой байхаар нь орж явчихлаа. Цонхоор сарны гэрэл туссан байна. Зохиолынхоо баатрын хоолойгоор “Та нар яагаад гэрэл унтарсныг мэдэж байна уу?” гэж асуугаад, бариулаа буу мэт өмнөө барилаа. Нэг охин “Аа битгий маягла. Үүдний харуул л байна шүү дээ” гэж байна. “Гэрэл Улаанбаатар даяар унтарсан. Бид та нарыг бүгдийг чинь ална! Бид олуулаа” гэж бүр сүртэйгээр хэлээд, шугамын радионы утсыг суга татан унтраав. Тэгтэл нөгөө охид хоорондоо “Биш байна шүү дээ, биш байна…” хэмээн шивнэлдэж, цааш цонх руугаа хуйлраад л, биш болоод ирлээ. “Та нарын цус ханыг будна. Амьдралынхаа хамгийн сайхан юмыг бодоорой. Ээж аавтайгаа уулз. Хайртдаа баяртай гэж хэл!” гэхэд охид бүгд амьсгалах ч сөгөөгүй болов. “За бодсон уу? Одоо хамгийн наана байгаа хүнийг буудна!” гэсний дараа тэр охин “Ээ, ээ, ээ” гэж байснаа муужран унав. Дараагийн охин ч мөн адил уналаа. Тэгмэгц л хэргийн эзэн гараад зугтаачихлаа.
Байранд бөөн үймээн болох нь тэр. Түргэн тусламж, байрын зөвлөлийн дарга хоёр зэрэг ирлээ. Буутай хүн орж ирсэн гэхийг сонссон хүүхдүүд айдаст автав. Тэгтэл тэдний дундаас нэг оюутан “Хөөе, түрүүн Батзандан л хүн айлгаад яваад байсан шүү дээ” гэлээ.
Охид уйлалдаад тайвширдаггүй. Цэрэг хувцсаа буцааж өмсөөд, бариулаа барьж ирж байгаад, үгээ нэг бүрчлэн давтаж үзүүлсний дараа ч охид итгэхгүй л байлаа. “Худлаа, шал ондоо дуутай хүн байсан шүү дээ” гээд л уйлалдаад байх нь тэр!
Сүүлд нь асууж үзэхэд тэнд байсан бүх хүүхдэд “Цонхоор үсэрье. Хэмхрээд ч гэсэн амьд үлдье” гэсэн бодол нэгэн зэрэг орж ирсэн байдаг. Энэ явдал тоглоом биш болж мэдэх байсан нь тэр. Хаалганы бариул сарны гэрэлд гялалзаад яг бууны ам шиг харагдаж, шугамын радиогоор явж байсан Зангад гуайн дуу гэнэт тасрахад охидод бүх холбоо тэр аяараа тасарчих шиг санагдсан аж.
Дараа нь тэр охидын ээж аавыг нь иржээ гэж сонсохоороо нуугдаж зугтах хэцүү ажилтай болж, зүдрэв. “Амь дүйсэн шөнө”-ийг бусдад мэдрүүлснийхээ шанд өөрөө орон доогуур амь дүйн хэвтэх болов.
“Бригадын дарга”Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нэгэн айл хүндэт зочдыг дайлж байна. Яавч эвэртэн туурайтны шинжгүй жижигхэн бор залууг “Бригадын дарга та, дээшээ” хэмээн хүндэлж, зочдын магнайд суулгалаа. Хамгийн хүндтэй зочны идээ болох казыг гэрийн эзэн түүнд өргөн барив. Жинхэнэ бригадын дарга бус “Хөдөө нутгийн бэр” жүжгийн бригадын дарга Гомбод тоглосон хүү айлд дайлуулж байгаа нь энэ байлаа.
Ховд аймгийн хөгжимт драмын театрынхан шинэ хүнээ ихэд хүндэтгэж угтсан байдаг. Будаг нь ханхалсан шинэ жүжигчинг “Хөдөө нутгийн бэр” жүжгийн туслах найруулагчаар томилсон нь Батзанданг тийнхүү бригадын дарга болгосон аж. Ховдын театрынхан ид бүтээн туурвиж, “Далан худалч” жүжгээрээ улс даяар гайхагдаж байсан үе тул “бригадын дарга” энд ихийг сурч, ихийг мэдэрсэн байдаг.
1984 он ирж, цэрэгт татагдлаа. Карантин дээр байхад нь Эрдэнэтийн 110 дугаар ангийн офицер Сампилдондов ирж, Батзанданг авч явлаа. Урлагийн мэргэжилтэй хүн хайсаар байж олсон нь тэр байв. Эрдэнэтийн цэргийн ангийн улаан буланд “Хөдөө нутгийн бэр”, “Болор толь”-ийг найруулж тавилаа. Нөгөөх бригадын даргадаа өөрөө тоглосон хэвээр. Багш нараасаа хол, өөрийн мэдлээр ажиллана гэдэг сайхан ч юм шиг санагдаж байсан гэдэг. Эрдэнэтийн “Алтан цамхаг” театрын тоглолтыг анги бүрэлдэхүүн ирж үнэгүй үзнэ. Энэ театр нь Соёлын яамны “Ардын театр” гэрчилгээ автлаа мандаж байв.
Армид байхад нь золгүй учрал тохиож, “Тоосой хээр чинь үхлээ гэсэн захидал” ирэв. Тэрээр үнэхээр тэсч чадалгүй уйлсан гэдэг. Гай үүгээр дууссангүй савлуураас эвгүй бууж, астмалит өвчтэй болов. Ангийн найз Сосорбарам нь гэргий Нинжтэйгээ хамт Батзанданг асарч, гэртээ байлгаж, их тус болж байж. “Эмнэлгээс үүрч гаргаж байсныг нь хэзээ ч мартахгүй” гэж тэр ярьдаг.
/Үргэлжлэл бий/