Ес эхлэхээс өмнө цочир хүйтэрсэн боловч тэнгэр тогтуун сайхан байлаа. Сургуульд хотоос арга зүйч нар ирэх юм гэнэ гэсэн яриа сумын төвөөр хаврын түймэр адил түргэн тархлаа. Тэр оройдоо, шөнө дунд дөхөж байхад жээп гээч гялгар тэрэг хөлөглөсөн хоёр эрхэм залрах нь тэр. Сумын зочид буудлыг хувьчилж аваад, гурав дахь хоног дээрээ найрлаж байгаа улаан Дүүлээ ихэд мэрийж байж хөл дээрээ тогтон зочдыг угтав. Тэр буудлынхаа үүдэнд зогсоод
-Миний буудлын анхны зочид… хэмээн хамрынхаа самсаа түмбэлзүүлэн эхэр татуулж байснаа енгэнэтэл уйлан хоёр зочны нэгийг тэврэн авч нус, шүлсээ хацарт нь нааж эхэллээ. Яг энэ мөчид амжиж харайлгаж ирсэн сургуулийн захирал түүний бүснээс зулгаан
-Наад хүмүүс чинь хот газрын эрдэмтэн магаастарууд. Дүүлээ минь, соёлтой бай гэж чихэнд нь шивнэтэл хэрэг бишдэх нь тэр. Улаан Дүүлээ
-Хотын луйварчингуудад дойллуураар үйлчилнээ хэмээн цуурайтуулав. Сумын төвийн бүх ноход команд авсан мэт зэрэг зэрэг борголдож, Дүүлээгийн дуу газарт нэг, тэнгэрт нэг хадна. Аргаа барсан захирал айсандаа бүлтэгнэн зогсох хөөрхий хоёрт
-За, та хоёр манайд хонохоос гэлээ.
Маргааш өглөө нь нөгөө хоёр захирлын хамт сургуулийн гол хаалганы дэргэд зогсож байлаа. Урьд шөнө орох оронгүй бүлтэгнэж байснаа ор тас мартсан эрхмүүдийн харц дээгүүр, царай ихэмсэг байх аж. Сумын төвийнхөн өвлийн идшээ бэлтгэж, үхэр мал нядлан, нусаа арчих ч завгүй байдаг үе. “Дорж өчигдөр манайд ирж үхэр төхөөрч өгөөд явсан юмсан. Дээлээ сольж ирдэг л байгаа даа” хэмээн захирал санаа зовинож байлаа. Булан тойроод хоёр хүн айсуй. Сургуулийн үйлчлэгч Должин сэвс нялаад хатаачихсан хормойгоо өшигчин, багш Дорж цустай ханцуйгаа хаялан, хоёул гангар гунгар гэсээр ирж явснаа зог тусаад таг гөлөрлөө. Араас нь түрүүчийн хоёртой адил энд тэндээ цус сэвс наасан сурагчид цувах нь тэр! Захирал сургуулийн ёолкон дээр дурандуулж буй муу сурсан сурагч шиг улайж, нүүр хийх газраа олж ядна. Харин зочдын царай хувхай цайж, нүд нь орой дээрээ гарсан харагдана. Ерөнхийлөгч тэргүүн хатагтайтайгаа гэгээн дүрээрээ заларч байгаатай учирсан гэлтэй үл таних хүмүүсийг гайхан алмайрсан сурагчид өмнөх замаа харахгүй довжоонд бүдрэн улаан нүүрээрээ газар алгадан пис пас унана.
Төслийн ажлаар яваа гэх энэ хоёр эрхмийн эмэгтэйнх нь үнэгэн шүүбний огтор хормой дороос шилэн оймстой гуя гялалзаж, эрэгтэйнх нь задгай энгэрээр цасан цагаан цамц, хээнцэр зангиа харагдана. Үнэгэн лоовууз, үстэй дээл, нохой гуталтай багш нар хувцаснаасаа ичээд, захиралтай адил час улайчихсан зогсож байлаа. Панз Норовын авгай Нараа тэргүүтэй хэдэн бүсгүйн хор шар хөдлөөд буцаж гүйлээ. Удалгүй алт мөнгө, булга савхиараа гоёчихоод ирцгээв.
Хэдэн үеэрээ зүггүй гэж сум даяар зартай Доржийн удмын юм нь хөдөлж хими биологийн багш өндөр Гончигт
-Хотын хүүхнүүд чармай нүцгэн бие дээрээ шүүб өмсдөг моодтой болсон гэнэ гэж хэллээ. Гончигийн хоёр нүд хотын эмэгтэйн хөл дээр очоод наалдчихлаа.
Арга зүйч нар багш нарын хичээлд сууна гээд, Гончиг багшийн хичээлийг эхэлж сонгов. Гончиг багш хорин гурав дахь жилээ хүүхэд бужигнуулж байгаа хашир бурхи боловч, сүүлийн арван жил төвийн арга зүйчийн бараа хараагүй тул дадлага хийж байгаа оюутан шиг л сандарчихлаа. Тэр дэн дун гэсээр хичээлээ дуусгаад, завсарлах хонх дуугарахад сая сэхээ орлоо. Хартал нөгөө хоёр маань ихэмсэг дүртэй сууж л байв. Өндөр Гончигтой зөрөн, англи хэлний багш, энэ жил төгсөж ирсэн жаахан хүүхэн нөгөө ангид орж ирэв. Тэр самбартайгаа ч юм уу, сурагчидтайгаа ч юм уу, бүү мэд, ямар нэгэн юмтай яриад буруу хараад зогсчихлоо. Энэ ангид хичээлийн төгсгөл рүү орж ирсэн эрхлэгч, арга зүйчдийг суусан чигтээ тэс хөлдсөнийг мэдэж, илжгээ хулгайд алдсан хужаа шиг муухай чарлаж байснаа тас гэдрэгээ саван унажээ.
Дуудлага өгөөд дөрвөн цаг болсны дараа аймгаас эмч ирэхэд эрхлэгч хэдийнэ сэргэчихсэн, харин нөгөө эрхмүүд ихэмсэг дүртэй суусан чигтээ л байв. Сталин багшийн хөшөө мэт сүрлэг дунхайх тэднийг эмч хэд хэд нясалж үзээд
-Одоо эмч биш цагдаа хэрэгтэй болжээ гэлээ. Орой тийшээ цагдаагийнхан ирэхэд талийгаачдыг тойруулан өрсөн паяльникууд хүнгэнэлдэн угтав.
Тэр оройдоо мөрдөн байцаалт эхэллээ. Сургууль дотор хасах дөчин хэм хүйтэн байдгаа мэдсээр байж өрөөндөө зочдын гадуур хувцсыг өлгүүлсэн захирлыг баривчлав. Хичээл дээр нь хүн хөлдөж байхад анхны тусламж үзүүлээгүй химийн багш, хэлний багш хоёрыг хам хэрэгтнээр татлаа. Насныхаа талыг хүүхэдтэй хэрэлдэж, хэл ам нь үсний хутга шиг болчихсон өндөр Гончиг арга зүйчид хоёрдугаар цагийн хичээл дээр хөлдсөн болохыг хими биологийн шинжлэх ухаанаар батлаад, ачигдаж явснаасаа хойш хорь хоноод, аймгийн мөрдөнгөөс суллагдаж ирлээ. Заргалдах байтугай мэдүүлэг ч өгч чадахгүй бүтэн хорь хоног уйлж суугаа хэлнийн багш Чимгээ хэргийн гол буруутан нь юм гэнэ хэмээн сум даяар шуугилдав. Гурван сарын дараа сумын уурын зуухыг худалдаж авсан Догсом баяныг зуухны галчтай хамт гавлаад ачив. Захирлын бүл дүү улсдаа нэртэй өмгөөлөгч төвөөс ирж, энэ хэрэгт сургууль буруугүй, уурын зуух буруутай болохыг баримтаар нотолсон нь энэ байлаа. Бүтэн нэг жил өнгөрлөө. Сумын төвийнхний мөнгөтэй хүн алзахгүй биз гэсэн яриа ортой болохоо харуулав. Догсом баян холын хамаатан галч залуугаа дагуулан царай нь цонхийж чийг ханхлуулсан амьтан буцаж ирэв. Ингээд шатдаггүй нүүрс уурын зууханд нийлүүлсэн Хар хужирын уурхайн захирлыг зөрүүлэн ачаад явчихлаа.
Долоон жил өнгөрч, сумын төвийнхөн дотор өнөөх гайт хэргийг дурсдаг хүн байхгүй болоод байлаа. Хаврын сүүлч рүү анхны бороо орсон өдөр хэргийг золгүй учрал гэж үзээд хэрэгсэхгүй болгосон тухай радиогоор ярьж эхлэв. Яг энэ үеэр сумын сургуульд бас нэгэн арга зүйч ирлээ. Гончиг багш нээлттэй хичээлээ заахынхаа хажуугаар, хичээлд нь сууж буй төвөөс ирсэн гуалиг бүсгүй рүү очиж, мини юбкний хормойноос доош бүтнээрээ ил гарсан булбарай зөөлхөн гуян дээр нь гараа тавьж, амьд эсэхийг нь дахин дахин шалгаж байлаа.
2000 он