Friday, December 14, 2007

“МОБИ”-ТОЙ ЗАГАСНЫ ҮЛГЭР

(наргиа)
Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нь “Мобиком”-ын утсаа чагнангаа тор дэгээгээ шидлэн далайн эргийг өдөржин сахина. Эмгэн харин түүний утас руу нь амсхийх чөлөөгүй залгаж, “Олиггүй муу өвгөн чамайг.., оройн хоолны загасгүй ирвэл үү...” хэмээн дарамтална.
Нэгэн сайхан цэлмэг өдөр өвгөн аанай л далайн эрэгтээ очив. Давалгаа тогтуухан намилзаад маш дөлгөөхөн байна гэнэ. Анхан удаа шүүрдтэл ашиглагдсан карт гарав. Ахин нэг шүүрдтэл, “Таны шидсэн тор холбогдох боломжгүй байна. Та түр хүлээгээд дахин шиднэ үү?” гэж ялдамхан дуутай бүсгүй шивнэх шиг болжээ. Өвгөний дотор барайж, уушиг зүрх нь сагсайв. Гурав дахь удаагаа шидээд гутарч уурласандаа гуд гуд угзчив. Тэгтэл харин яасан гээч! Алтан загас баригдах нь тэр! Алтан тэр загас нь аль ч загаснаас анги гэнэ. Хүний хэлээр ярьдгаар барахгүй “Рremium gold” барьдаг лутаас лут амьтан байваа чи минь.
-Азай буурал ах минь! Алтан амийг минь өршөө. Ач буяны тань хариуг өгье. Амандаа багтах тоогоо хэлнэ үү? гэжээ. Өвгөн жаахан нэрэлхээд, өөвгөр дагзаа маажиж байснаа,
-Торчгор өвгөн ахад нь тоолдог ч бай, тоолдоггүй ч бай, юу ч хэрэггүй ээ. Алтан хөөрхөн загасхан минь Атлантын их далайдаа аалиараараа арвалз даа гээд арван зүг хорин зовхист атийтал нь шидэж орхив гэнэ ээ.
-Миний дугаар 9911 тэг тэг тэд шүү! Мессеж ч бичилгүй шууд дохиорой, би залгая гээд алтан хөөрхөн загас нь арилаад өгчээ, цаашаа.
Өвгөн жаахан мунхаг юм болохоороо өнөөх алтан загасны тухай, ач буяны хариуд амандаа багтах мөнгөө хэл гэснийг ч хүртэл ам хуурайгүй ярьж орхив.
-Мунхаг муу өвгөн чи! Миний утас нэгжгүй болоод, мэлийсэн гурав хоног өнгөрснийг мэдсээр байж, ядахдаа арав таван нэгж гуйдаг байгаа даа хэмээлээ гэнэ шүү. Хөөрхий өвгөн уймарч “тэг тэг хэд гэлээ байз” хэмээн мунгинасаар, эмгэн улам адган “эргүү гацаа”-гаар нь дуудав. Өвгөн удаж удаж арайхийн дугаарыг санав. Учирлаж хэлэх үгээ увайгүй эмгэнд сонсголтой биш, ухасхийн гэрээс гарав.
-Хүндэт өвгөн ах минь, явдал учир юунд вэ, ямар хэргээр залгаав? гэж мань загас асуув гэнэ. Өвгөн мунгинасан хэвээр, өөвгөр дагзаа маажиж,
-Ухаант алтан загас минь өршөө! Угийн шуналт эмгэн уршиг удлаа. Арав таван нэгжийг амины тань төлөөсөнд нэхсэнгүй гэнэ ээ... хэмээн түгдэчжээ.
Удаж төдөлгүй эмгэний утсанд тав ерэн зургаагаас мессеж нэг ирэв. Насаараа яриад ч барахгүй, найман тэг араас нь эгнэсэн бузгай их нэгжийг нэгмөсөн илгээсэн байлаа.
-Эргүү балай өвгөн чи иймхэн юм гуйгаа юу? Авсан утасны минь загвар хуучраад алсаас дуудлага ирэх бүрт ариун цэврийн өрөө рүү алцаганаж байгааг харахгүй байна уу? Амтай хэлтэй загас руугаа алгуурлаж мунгиналгүй залга! гэв.
Манай өвгөн мангуурав. Майжиг хөлөө солбиулж, матигар хавиргаа түнхэлзүүлэн махийтал зүтгэсээр гарав.
-Өнөөх шуналт эмгэн чинь өвгөн намайг зовоов. Саятан тэрбумтнууд барьдаг, санах ой нь агуу, алтан гадартай алмаз шигтгээтэй, “О-2” утсыг онцгойлж барьдаг болох гэнэ. Лайтай шуналтай яатуу биш ээ, эмгэн юм аа хэмээн амьсгаадав.
Таван цагийн дараа танхай эмгэн уурлав. Тогжгор өвгөнтэй утсаар толхилцох тоймгүй уйтгартай байна гэлээ. Топ модель Наомитай, толгой сайтай Билл Гейтстэй, том хөхтэй Самантатай, тоост хорвоогийн цуутан бүхэнтэй толгой өндийхгүй ярина яадгийм! гэж торчийсон өвгөнөө зандрав. Тогжигнох бүү хэл мөлхөх тэнхэлгүй, хөөрхий өвгөн арайхийн гарлаа.
-Буурай өвгөн ах минь будилалгүй хэл дээ гуйлтаа гэхэд нь хөөрхий мунхаг өвгөн хөлсөө шудран түгдэрлээ...
-Топ модель байтугай толгой улстөрч нэг бүртэй тохь таарсан цагтаа бүтэн өдрөөр биш бүр сараар ч ярьсан болно оо. Дугаарын жагсаалтыг явуулна. Дураараа залгаад чалчаарай хэмээгээд загас утсаа тасаллаа.
Таван өдрийн дараа танхай эмгэн уурлав.
-Бен Ладен дээрэмчинтэй би залгаж ярих уу? Билл Клинтон, Жорж Буш, Путин, Зя Минь бүгдээрээ цаг тутам над руу залгаж, мэнд ус мэдэх ёстой! Ёрын муу өвгөн чи ёолж дуулаад байлгүй ёдрын тэр загас руугаа яг одоо залга! хэмээн таахалзав.
Увайгүй эмгэн бас л уйдав. Ургах нарнаар чарлан сэрээв. Улаан сэлүүр нь сэрийсэн урагшгүй загасаа дууд. Манай гэрт ирээд маргад шилэн хоргонд маний дэргэд амьдраг. Магад их уурыг хүргэвэл Мадер дарсаар амтлаад шарж иднэ түүнийг чинь гэжээ. Мунхаг өвгөн мэлрэв. Мунгинаж чичирсээр гараад, алтан загас руу залгав.
-Энэ талаар чинь харин эгц шулуун хариулт алга аа. Эндэлгүй хэдхэн хормын дараа эргэж залгая даа, ах минь гээд мобитой алтан загас утсаа таслав гэнэ. Хэдэн хором бус бүтэн цаг өнгөрөхөд алтан хөөрхөн загас нь таг чиг. Мань өвгөн манарав, мойног салга хуруугаараа алтан загасны дугаар луу арай ядан залгав.
-Таны залгасан дугаар ашиглалтад байхгүй байна. Та дугаараа шалгаад дахин залгана уу? гэх ялдам хонгор бүсгүйн яруу дуу сонстлоо. Эвий өвгөн эргүүтээд, элийрч балайран салгалаад, эргээд гэртээ ортол эмгэн нь урвайн угтлаа. “О-2” утасны нь оронд оронцог болсон хуучин утас нь онгож гандан хэвтэж харагдлаа.

21 comments:

Pearle Deppsu said...

Ээе, ах зургаа сольчиж. Гоё харагдаж байх чинь хөө.

Аан тэр Мобигын хувьд бол би Ногоон алимаар дайлаад бйадаг операторыг хэрэглэдэг. хихи

ZAYA said...

Орчин цагийн Пушкины үлгэр байна шүү. Хүүхдүүдэд ярж өгвөл, "тэвш" мэвш тайлбарлахгүй амар амар...

A.Амарсайхан said...

Дэрсүд:
Юни-тай загасны үлгэр бичиж өгье өө тэгвэл.

Заяад:
Тэвш тайлбарлах хэрэгтэй шүү. Заавал.

Bayana said...

Сайхан бичжээ. Баяр хүргэе. Эндээс ямар нэг юм ухаарч аваасай даа. Андуудаа

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Чи өөрөө алтан загастай болчихсон юм биш биз. Үгүй гэх нь үү бас. Зураг чинь батлаад байна даа хө. Дахиад нэг их олон юм бүү гуйгаарай. Ихэдвэл яадгийг харж байгаа биз. Буцаад нөгөө судалт цэнхэртэйгээ үлдэнэ шүү...

Anonymous said...

Энэ алтан загаснууд дандаа л атаман эмгэнтэй нэг муу өвгөнтэй таарах юм . Жаахан гайгүй хүмүүстэй, ядаж надтай таардаггүй юм байх даа ( аягүй горьдов ).

A.Амарсайхан said...

Боорчид:
Ухаарахын хувьд, Пушкины хувилбарыг нь уншсан нь дээр байх аа, хэ хэ.

Бум-Эрдэнэд:
Одоохондоо костюм гуйж авчихаад л сууж байна. Давраад машин гуйх санаа бас байгаа.

Лакид:
Алтан загастай тааруулж болно шүү. Би чам руу явуулчих уу?

Arsun said...

Амарсайхан, Александр Сергеевич хоёр далд ухамсрыг сайн судалсан, ёгтлон гаргахдаа гаргуу улс юм аа, бvр зурчихсан байна шvv

Jagaa said...

Mobi-toi zagasnii ulger geheer arai uuruur setegsen baih gej bodood unshsan chin zugeer orluulaad l bichchihsen bna shde. Bodsonoo shuud helsend sorry shuu. Iluu goyiig setgej bicheerei . good luck ;-)

A.Амарсайхан said...

Арсунд:
Бид хоёр чинь садан болдог юм шүү дээ.

Жагаад:
Сануулгыг хүлээн авлаа.

Idea said...

Ёооё, нуль ур чадвар, хэлэх ч үг алга.

"Аргатай муу загас руугаа одоохон залга
Авьяасгүй Idea-g өөр шигээ болго
Арван хуруунд багтах уншигчтай блогийг нь
Алтан дэлхий даяар мэддэг болго...

Амарсайхан майжигнав, авьяастай төрсөндөө яйжигнав.

Дараа төлбөрт утас руу
Даруй дохиод салгав
"Миний блогоор зочилсон
Мэдрэл муутай нэг хүн
Татлах зурах авъяасгүй хэрнээ
Толгой дээр минь гарна гэнэ"

гээл явж өгөхгүй юу хэхэ. Авьяаслаг хүний юм уншихаар өөрийн эрхгүй хэдэн үг холбомоор, хэл амаа билүүдмээр, сайртай хуруугаа сарвагануулмаар, санааширч
өөрийгөө голмоор болох юмаа, гэж...

A.Амарсайхан said...

Айдиад:
Алтан загастай ярилаа. "Айлтгүй ээ, айлтгүй Амараа минь, ажил юуг чинь бүтээнэ, Айдиа хүүхний блогийг амны уншлага болгоно" гэнэ ээ.

Arsun said...

Õààà õàà ¸ñòîé ãî¸. Àéäèàã áàñ äààøèíç ãóéõ áàéõ ãýæ áîäñèéí, àðàé ººð þì ãóéæýý.

A.Амарсайхан said...

Арсунд:
Харин тийм ээ, палааж гуйдаг байгаа даа.

Anonymous said...

Аяаяа, орчин цагийн Алтан загасны үлгэр. Нээрээ хүмүүсийн хэлдгээр жоохон хүүхдүүдийн насаараа хараагүй тэвш ярьж байснаас О2 ярьж байвал хамаагүй дээр дээ.

Итгэл-Арвижих said...

uugeer duuren aviyastai humuus baidag yum baina. idea, arsun, bum-erdene geel bugiig ni hesch uzev.

A.Амарсайхан said...

Муланкад:
Сонгодог болон нэрд гарсан зохиолуудаар иймэрхүү наргиа бичдэг уламжлал "Тоншуул"-ынханд үе үед байсан. Барамсай гуай амьд сэрүүндээ "Орчин үеийн алтан загасны үлгэр"-ийг 2 хувилбараар бичсэн байдаг юм. Би хэд хэдэн зохиолоор наргиа хийж байсан, зураг ч зурсан байх юм, бодоод байхнээ.

Харин сонгодог зохиолыг унших тухайд бол ганц ч "тэвш" гээлгүйгээр унших хэрэгтэй. Тэвштэйгээ байж гэмээ нь тэд амьдардаг.

Үүлэн наадгайтад:
Биднийг омойтуулсанд баярлав. Танайд ч зочилж цай ууна аа.

gegeen said...

ziak unekheer amarsaikhan, aadia and nar arav horin ugiig ard urd ni oruulj sursan uls yum bainaa. eh helniihee bayalgiig bishirch, erguu gegeen setgegdel uldeev, ish tatchihaar ugnuud ni engeriin zuult, elegnii maani naalt bolov hoo. heeheehe

A.Амарсайхан said...

Гэгээнд:
Нээрээ тийм, цаад Айдаа чинь хэлэмгий нөхөр байгаа юм.

Anonymous said...

medehguie, neg l sonin. nadaas busad ni magtsan baihad bi yu helhev

A.Амарсайхан said...

Анонимд:
Үзэл бодлоо чөлөөтэй хэлэх нь зөв өө. Муу санагдалгүй яах вэ. Сараачсан юмнууд дотор минь муу юм байлгүй яахав ээ.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates