Tuesday, July 24, 2007

ҮНЭР

(шог өгүүллэг)
Би тушаал дэвшиж хэлтсийн ахлах мэргэжилтэн боллоо. Чухам энэ суудлын төлөө яаж гүрийсэн гээч. Таван жил даргын дэргэд нэг ч удаа архи амсаагүй. Ажилдаа ганц хором ч хожимдож үзээгүй. Хэлтэст тавын таван зэгзгэр амьтан байгаа хэр нь нэг ч удаа гэр бүлийн асуудалд орооцолдолгүй явж иржээ. Дэвшсэний маргааш бичээч Должингийн хүү гэрлэж, хамт олон цайллаганд уригдлаа. Орлогч дарга надад дэвшсэний төлөө урмын үг хайрлаад,
-Болд оо, хүү минь ахлах болсон юм байна, нэг татчих хэмээн догиов. Би дотроо “Даргын дэргэд хальт гишгүүлэх нь. Тэгдэг байх аа” гэж муу санааллаа.
Манайхан надаас илт эмээх болсон нь мэдрэгдэж, өөдрөг сайхан байсаар хэд хонолоо. Нэг өглөө миний хар багын найз Лутхүү шил “Чингис” тэвэрчихсэн халамцуу орж ирлээ. Манай ангиас баян цатгалан гайгүй яваа цорын ганцхан хүн. Энэ жил нутгаасаа Улсын их хуралд сонгогдсоныг нь зурагтаар харж баярлаж сууснаас биш ингээд ороод ирнэ чинээ санасангүй. Барьц алдав.
-Ма-анай а-а-ажил дээр юм ууж болохгүй журам… гэж би ээрлээ. Хэн нь очоод алтан хошуу өргөчихсөн юм, дарга ороод ирчихсэн ард зогсож байна. “Би ч ингээд өнгөрлөө. Албан тушаал будаа” гэж бодогдлоо.
-Хүүе Болд оо, чи юу гэх чинь энэ вэ? Зочноо дээш нь суулга гэж дарга ориллоо. Багын найз минь хойморт заларч тэр өдөр манай хэлтсийнхэн бид хоёрын унаган нутаг Баян-Уул сумаар амьсгалав. Би халамцаад, хамт хурдан морь унаж явснаа дурсвал, Лутхүү маань цангинатал гийнгоолж байна. Өдөржин уртын дуу хадааж, хундага тавилгүй сархад хүртэж, хутга тавилгүй мах зооглолоо. Дарга минь:
-Эрхэм гишүүн, манай Болдоо хоёрын буянд хамт олны магнай тэнийв. Хорин жилийн ганд хатсан говьд бороо зүсрэх мэт боллоо гээд нулимсаа арчлаа. Миний ч бас хамрын самсаа шархираад явчихлаа.
-Таван жил ажиллахдаа ийм хамт олонтойгоо мэдээгүй явж гэж хэлэх гэтэл нүдний нулимс бүрхэж, хоймор суух найз, дарга хоёр минь аадар борооноор цонхны цаана суух мэт мэлэлзэн харагдав.
Энэ явдлаас хойш би хорвоог улам өөдрөгөөр харах боллоо. Өглөө өрөө рүүгээ орж ирээд хамт олноо тойруулан харах дэндүү аз жаргалтай санагдаж, бүгдийг нь барьж аваад үнсчихмээр бодогдоно. Тийм нэгэн бал бурам амтагдсан өглөө өнгөрч байтал ахин нэг баяр тохиов. Миний багын бас нэг найз орж ирлээ. Уулзаагүй мөн ч удаж дээ. Хар багын найз Багахүү минь шил “Чингис” өврөөсөө зориг муутай цухуйлгаад,
-Дарга даамлууд чинь аашлахгүй байгаа?.. энд болох уу гэж байна.
-Хүүе, чи юу гэх чинь энэ вэ? гэж би эртүүд дарга яасан яг түүн шиг ориллоо.
-Манай дарга гэж гүндүүгүй сайхан хүн бий. Даанч хөдөө явчихсан байгаа л даа, маргааш ирнэ гэснээ орлогч санаанд орж, урьж ирүүлэхээр хүн явууллаа. Орлогч гадуур ажилтай байсан тул би хойморт Багахүүтэйгээ заларч найр эхлүүлэв. Багахүү минь нөгөө ангийн нусгай Долзодтой дэр нийлүүлж, гурван зуугаад богтой тов хийтэл амьдарч яваагаа ярьж нутгийн бууц үнэртүүлэхэд нь, хэд хоногийн өмнө манай ангийн Лутхүү ирж гийнгоолсон тухай сонин дуулгалаа. Багахүүгийн нүд нь сэргээд ирлээ. Тэгэлгүй яахав дээ, бид гурав үй зайгүй өссөн юм чинь.
-Лутхүү минь Ерөнхийлөгчийг дагаад гадаадад яваа. Хэрвээ байгаа бол утас цохиод дуудчихгүй юу гэвэл Багахүүгийн минь нүд бүр гэрэлтэж,
-Би мэдээд байдаг байсан юм аа. Лутаа минь удахгүй Ерөнхийлөгч болно харж л байгаарай гэж байна. Хэлтсийнхэн дахиад л Баян-Уул сумын тухай ярианд автаж, “пөөх ямар гоё вэ” хэмээн эртүүдийнх шигээ дуу алдацгааж эхэллээ. Хэдэн ч шил архи зөөлгөсөн юм, хэдэн ч уртын дуу дуулсан юм бүү мэд. Нэг ухаан орвол орлогч ирчихсэн орилж байх нь нэг ойртож нэг холдон сонстож байсан юм.
Маргааш өглөө нь үлхийтлээ шартчихсан амьтан сууж байтал хурал хийхээр болоод пижигнээд явчихлаа. Дарга босож, хоолойгоо сүр бадруулан засаад,
-Миний эзгүйд, ажлын байранд архидсан ахлах мэргэжилтэн нөхөр Болдын тухай өнөөдрийн хурлаар авч хэлэлцэнэ гэхэд нь би нугдгасхийтэл цочив. Орлогч архины шилээр дүүргэсэн сагсыг дээр өргөн олонд харуулснаа хамраа чимхээд,
-Ийм юм гэж байх уу? Албан тасалгаанаас ямар муухай үнэр гарч байна гээч? Энэ балиар үнэр сарын дараа ч арилахгүйдэг ээ гээд толгой сэгсрэн шогширч байна. Ингээд ажлын байранд архидалт зохион байгуулан, архины үнэрийг албан тасалгаагаар нэг тархааж, байгууллагын нэр төрийг гутаасан миний бие хатуу донгодуулж, ахлах мэргэжилтний суудал дээрээсээ арай л ховх шидүүлсэнгүй хоцорлоо. Ингэж л би Эрхэм гишүүний уусан архи үнэртдэггүй, энгүүн ардынх бол албан тасалгааг нэгширтэл үнэртдэг болохыг хэзээ ч мартахгүйгээр ойлгож авсан хүн дээ.

Monday, July 16, 2007

ТАРВАГА

(өгүүллэг)
Надаас өндөр хүн манай эмнэлэгт бүү хэл аймагт байхгүй. Хэн ч харсан намайг нүд дүүрэн ханхар эр гэж хэлмээр. Үгүй тэгтэл намайг тарвага гэж хочлоод байгаа юм даа. Тэмээ, анааш ч юм уу, бүр кинг конг гэсэн ч болох шүү дээ.
Өчигдрөөс хойш авгай санаа зовсон харцтай,
-Тарвага царайлчихаад, битгий хошгирчихоорой! Тас гүрийгээрэй, за юу! гэж надад гуйх загнах хоёрын дундуур захиж байсан юм.
Би даргын өрөө рүү орохдоо шүдээ тас зууж, биеэ хөвчиллөө. Дарга шал худлаагаасаа, найрсаг гэгч нь,

-Ийшээ суу, Даваа. Танай тасгийн ажил давгүй шив дээ гэснээ, аймгийн дарга нар ирэхээр үзүүлдэг тавагтай чихрээ гарган тавьж байна. Би дотроо “Тэгнэ байх аа чи” гэж яргаад,

-Доржийн эмнэлэг над хоёр зуун мянгын цалин амласан. Тэгэхээр, баяртай дарга минь! гээд цонхоор харагдах хөвсгөр үүлний дээд үзүүр өөд харцаа шидэн гэдийлээ. Дарга:

-Хүү минь чи сайн эмч. Бид чамайг эрүүл мэндийн тэргүүнд тодорхойлсон. Энэ жил тэргүүн биш юм гэхэд яамны жуух баталгаатай гэж байна.
Би түүн рүү “Наадах нь чинь хуучирсан мэх, өмнө гурав унасан, одоо гэнэдэх өнгөрсөөн!” гэсэн харцаар харлаа.
-Миний толгойны буурлыг хар! Хэдхэн жилийн дараа чи энэ суудалд суулаа ш дээ! гээд дарга өрөөгөө тойруулан харж байна.
“Цаадах чинь тийм мэх хийж магад. Дотрын тасгийн эрхлэгч Хүрэл, сэхээний Дунгармаа хоёрыг ч бас тэгж байгаад торгоосон юм гэнэ лээ шүү” гэж эхнэр захисан болохоор, дотроо түс хийтэл инээгээд, дарга руугаа доогтой харлаа. Хөөрхий минь санаа алдаад, харц нь шал руу унаж байна аа. “Ингээд далаараа нам даруулав уу чи. Муу хөгшин төгцөг” гэж би дотроо баяслаа.
-Ээ дээ хүү минь, хувийн эмнэлэгт очно гэдэг чинь баян хүний зарц болноо гэсэн үг гэж арга барагдсан өнгөөр хэлэхэд нь миний дотор нэг юм огшоод явчих нь тэр! “Очиж очиж муу Доокоогийн зарц болох гэж үү!” гэж бодогдлоо.
-Хиг-хого-хого, хиг-хого-хого! Өөрийн мэдэлгүй хошгирч эхэлвээ. Дарга минь, хайр хүрмээр нүдэнд дулаахан болсон харагдана.
-Чи мэс заслыг урлаг болтол эзэмшсэн хүн. Мэс заслын урлаг чамаар дутна! гэж тэр дайран дээр давс нэмлээ.
Яг л даарсан хүний зогьсоо зогсдоггүйтэй ижил золиг юм болохоор, орой гэртээ ирэхэд, хүч суларсан хэдий ч хошгироо маань “хиго-хого, хиго-хого-хого” үргэлжилсээр. Авгай хаалгаа нээж, намайг хармагц,

-Чи даанч яав даа. Ингэдэг л хүн шүү дээ, энэ чинь гээд, хоёр хүүг хүргэж ирсэн бололтой дэргэдээ зогсох ээж рүү минь харж байна. “Эвий миний муу мөндөл, хошгир хошгир” гэсэн харцаар ээж минь намайг энхрийлээд гарч явлаа.

-Шинэ гутал авах минь ингээд өнгөрлөө. Жаран мянган төгрөгөөр чинь цагаалж хүрэх үү? Амьтны нүүр яаж харъя гэж бодож байна? гэснээр эхнэрийн үглэж дуулах эхлэв.

-Чи бол алтан гартай мэс засалч. Хаа холоос өвчтэй зовлонтой ардууд чамайг л гэж ирдэг шүү гэж дарга хэлсэн гэвэл, авгай зог туссанаа,
-Нээрээ миний хөгшнөөр хагалуулах гээд зэргэлдээ аймгаас хүртэл хүмүүс ирж байгаа шүү дээ гээд нүд нь өөр болж байна.
-Тэр холоос зориод ирэхэд нь хувийн эмнэлэгт орчихсон өмнөөс нь мөнгө нэхээд зогсоно гэдэг... гээд санаа алдвал авгай минь бүр бодолд орчихож.
-Анагаахын дээдийн шилдэг онц сурлагатан нь явсан байтлаа, хэл амтай дунд төгссөн Доокоогийн зарц болох гэж зүтгэсэн байна шүү дээ би чинь! гэсний дараа авгай:
-Хиг-хого, хиг-хого-хого! гээд сулхан ч гэсэн хошгирч эхэллээ шүү! Заяаны хань нэгэндээ уусдаг гэдэг энэ юм даа, хөөрхий.
Оройн хоолны дараа хүү минь:
-Аав аа, ээж өчигдөр миний хүү удахгүй унадаг дугуйтай болно гэсэн. Одоо тэгээд өнгөрлөө гэсэн үг үү? гээд жулганаж байна.
-Аав нь, хажуу айлын Жамба өвөө, Дулам эмээ хоёр шиг нь зовсон хүмүүсийг эмчлэх л гэж цалин багатай ажилдаа үлдэж байгаа юм. Тийм хүмүүст чинь мөнгө байхгүй шүү дээ гэлээ. Тэгээд би хоёр хүүдээ өөрийнхөө зүрхийг сугалан хүмүүсийн замыг гэрэлтүүлж өгсөн Данкогийн үлгэрийг уншиж өгөөд, зурагтаа асааж мэдээ харахаар суулаа. Нэг анзаартал, -Хиг-хого, хиг-хого, гэх сулхан хошгироо чих дэлслээ. Эргэж харвал хоёр хүү минь зэрэгцээд суучихсан хошгирч байна.
-Удам гэдэг хэцүү юм аа. Том болоод, чам шиг бага цалинтай ажил хийх байх даа гэж эхнэр хэлээд санаа алдлаа.

Tuesday, July 10, 2007

ХЭРВЭЭ ТЭД КОМИСС БОЛБОЛ

(наадмын наргиа)

Нэг. БӨХИЙН КОМИСС
Эрийн гурван наадмын топ төрөл бол бөх. Тийм ч учраас Ерөнхийлөгч Энхбаяр бөхийн комиссыг толгойлох нь мэдээж. Урьд өмнөх наадмуудад бөхчүүдийн хэн нь ч хамаагүй түрүүлдэг байсан бол энэ жилийн наадамд Ерөнхийлөгчид хамгийн өндөр хувийн санал өгсөн нутаг Ховд аймгийн Дарви сумын заан Бааяа түрүүлж, Увс аймгийн Давст сумын залуу бөх Нааяа үзүүрлэнэ. Дараагийн байруудыг мэдээж энэхүү шударга шалгуурынхаа дагуу шийднэ. Энхбаярт хамгийн бага хувийн санал өгсөн Хөвсгөл аймгийн бөхчүүдийг бүгдийг нь нэгийн даваанд унасанд тооцох юм. Наадмын бөхийн барилдааны сүр жавхаа бөхийн комиссын даргын өмсөж зүүснээс зуун хувь шалтгаалах учир Жагарын орноос торго авчруулна. Баяр наадмын бөхийн барилдаан нь нэг их чухал зүйл биш, хамгийн гол нь бөхийн комиссын даргын алхаа гишгээ, сууж байгаа, хэн рүү инээмсэглэж, хэнтэй толгой дохисон нь анхаарал татах тул телевизээр үүнийг л хоёр өдрийн турш шууд дамжуулна. Бөхийн хорхойтнууд бөхийн комиссын даргын царайны хувирлаас хэн унаж хэн давж байгааг тааварлан үзэх юм.

Хоёр. ХУРДАН МОРИНЫ КОМИСС
Энэ комиссийг Улсын их хурлын экс дарга Нямдорж толгойлно гэж зүтгэх нь ойлгомжтой. Тэрээр юуны өмнө “Курдан морь” гэхийг “Хурдан морь” гэж алдаатай бичиж яриад байгаа явдлыг залруулна. Энэ жилээс эхлээд “Курдан морьнэй комисс”, “Курдан морьнэй күүкэд”, “Гараанэй зуркай” гэх мэтчилэн алдаагүй цэвэр сайхан бичсэн бланк танилцуулгууд хэвлүүлж, пайз хаяг захиалан хийлгэж ашиглаж эхэлнэ. Олон түмний өмнө гуя хасаа, тэр бүү хэл ичимдэг эрхтэнээ ил гаргасан морь уралдаж байгаа нь даанч дэндүү байна гэж тэр уурлах нь мэдээж. Садар самууны сурталчилгаа ийнхүү цагаандаа гарч, гаарч байгааг энэ жилийн баяр наадмаас эхлээд таслан зогсоож хурдан морьдыг дотоож, биен тамирын өмд цамцтай уралдуулна. Морь үзэж баясахаар ирсэн охид бүсгүйчүүд ч гуя хас, гэдсээ ил гаргасан хувцас өмссөн байвал хурдан морины барианы талбай руу нэвтрүүлэхгүй. Уяачдын айраг түрүүгээ угаах найранд Гүндалайгийн үйлдвэрийн “Атилла”, “Лорд Чингис”, “Эзэн Чингис” зэрэг архийг хэрэглэхгүй байх журам мөрдүүлэх болно.

Гурав. СУРЫН КОМИСС
Эрийн гурван наадмаас хамгийн шоовдор нь болох сурын комиссын даргын суудал л хөөрхий экс Ерөнхий сайд Элбэгдоржид маань үлдэж байгаа юм. Энэ жил өөрийн талбайгаа хүртэл булаалгаад байгаа энэ спортыг огт талбай хэрэглэлгүйгээр явуулж чадах хүн ганц Элбэгдорж л байгаа юм байх. Экс Ерөнхий сайд сурын харвааг шинэ эриний хөгжил рүү үсэргэх төсөл боловсруулсан гэнэ.
Өдрийн дулааны хэм, агаарын чийгшилт, даралт, салхины чиг зэргийг компьютерээр хэмжиж тооцоолон бодсоны эцэст сумаа тавьдаг болсноор харваач бүр дөч онодог болох юм. Энэ нь хэн түрүүлсэн бэ гэдгийг нь компьютерээр тооцоолон бодож гаргахаас өөр аргагүй байдалд хүргэх нь ойлгомжтой. Яваандаа сурыг улам хөгжүүлж сумаа нумаар татаж харваж байгаа бүдүүлэг хоцрогдлыг арилгаж, харвах бус интернэтээр илгээчихдэг болно. Бүр их хөгжөөд ирэхээрээ халуун наранд хөлсөө гарган зогсдог бүтээмж муутай гар хөдөлмөрийг оргүй устгаж, сурчдыг сэрүүхэн танхимд компьютерийн ард суулгаад сурын тэмцээнээ явуулчихдаг болно гэж экс Ерөнхий сайд ярьж байгаа юм. Харин одоо сур харваж байгаа асар том талбайгаа ашиглан дэлхийд нэрээ дуурсгах компьютерийн үйлдвэр барихаар энэ баяр наадмын үеэр шав тавина.

Tuesday, July 3, 2007

Баамаа орлогчтой Аамаа

(шог өгүүллэг)
Би тэнгэрийн умдаг атгалаа. Би ч гэж дээ, тэнгэрийн умдаг л намайг атгачихсан хэрэг. Монгол улсын Тээврийн сайдын охин Нарангуатай сууж, жаргасаар хоёр сар боллоо би. Өчигдөр орой эхнэр надад:
-Аав чамд их сайн амтай байгаа. Яамандаа газрын дарга болгоно гэнээ гэж хэлсэн юм. “Тэнэг мулгуу би, бүхэл бүтэн улсын том яамны хэргийг яаж удирдаж явуулна даа” гэж бодон хөрвөөж хэвтсээр үүр цайлгалаа.
Өглөө нүд гялбуулсан хар тэргээр ажилдаа очив. Газрын орлогч дарга, их танил царай, тонтгор бөгс, товойсон хөхтэй охин миний өрөө тасалгаа, суух сандлыг зааж танилцуулаад,
-За амжилт хүсье аамаа ах аа, гэснээ гарч одлоо. “Өө золиг, хадам ээжийн дүү Долгор жаажаагийн охин баамаа байсан байна шүү дээ” гэж би орлогчоо танилаа. Хурлын заал шиг том өрөөнийхөө чамин тавилгыг тойруулан алмайрч хэсэг сууснаа, шууд өмнөө байх бичиг цаасыг судлах ажил руу шунган оров. Монгол улсын Тээврийн яамны Далайн тээврийн хэрэг эрхлэх газрын дарга надад хийх ажил толгойтой үснээс их байгааг цаг минут өнгөрөх тусам улам гүнзгий ухамсарлав.
Гурван сар өнгөрч, би нэлээд дадлага суугаад, ажил хэрэг урагштай, урамтай сайхан байв. Нэг өдөр яамны газрын дарга нарын хурал боллоо. Хөлөг онгоцны бүртгэлийн газрын дарга, хадам ээжийн маань эгч Дулмаа аажаа:
-Газрын шинэхэн дарга нар яамныхаа нэр хүндийг бодох тал дээр хэнэггүй, даан ч хайхрамжгүй байна гэснээ над руу эргэн харж байгаад:
-Жишээлбэл энэ хүргэн, эртүүд намайг гадны хүний дэргэд Дулмаа аажаа гэж авгайлан нүүр хийх газаргүй болгосон гэлээ. Дараа нь дэд сайд Банзар баниа босч ирэн, сонины сурвалжлагчийн дэргэд орлогч даргаараа аамаа хэмээн авгайлуулан, өөрөө орлогчоо баамаа гэж өхөөрдөөд, хэнэг ч үгүй сууж байсныг минь бас хэлэв. Тээврийн сайд хадам аав маань:
-Аажаа, баниа хоёрын хэлдэг бол тун зөв. Бид яаман дотроо бие биенээ авгайлалгүй яах вэ, харин яамнаас гараад иймэрхүү асуудлыг хэрхэвч гаргаж болохгүйг хатуу анхааруулъя гэж байна. Орой нь харьж явахдаа Дулмаа аажаагийн нөхрийн ах, өөрийнхөө жолооч Дэлгэр ааниад уураа гаргалаа. Би түүнийг ааниа гэж авгайлаагүйгээр барахгүй,
-Хөөш нөхөөр! Яагаад донслуулаад байна? гэж загнан гөлөлзүүлж хонзонгоо авлаа. Маргааш нь надаас болж бас нэг хэрэг мандлаа. Өчигдрийн хурал дээр баниагийн яриад байсан нөгөө сурвалжлагч сониндоо “Дөрөвдүгээр ангийг дунд дүнтэй төгссөн хүргэнээ газрын дарга болгожээ” гэсэн гарчигтайгаар авч өгсөн байна. Аав их ууртай байх бөгөөд,
-Өнөөдөр багтаан хэвлэлийн бага хурал хийлгэж энэ замбараагүй явдлыг цэгцэнд нь оруулна гэж байлаа. Хэвлэлийн бага хурал эхлэхэд хадам аав босч,
-Сайд нь ахыгаа дэд сайд, авгайгаа төрийн нарийн бичгийн дарга, хүргэнээ газрын дарга болгосны ачаар Монгол улсын Тээврийн яам өдөр шөнө, өглөө үдэшгүй бүтэн хорин дөрвөн цагаар ажиллаж байгааг цохон тэмдэглэхийг хүсч байна гэж үгээ эхэллээ. Сайд авгайтайгаа хөнжил дотроо, ахтайгаа хундага тулгахдаа, хүргэнтэйгээ шатар нүүхдээ цаг үргэлжид, нэг секунд ч тасралгүйгээр төрийн хэргийг хэлэлцэж байгааг тэр мэдэгдэв. Ийм хүчирхэг ажиллагаатай яамыг дэлхийн өөр аль ч улс өнөөг хүртэл байгуулж чадаагүй байгааг хэлэхэд сэтгүүлчид алга ташин, хашгиралдлаа.
Өнөөх сониныхон хадам аав бид хоёроос уучлалт гуйгаад, миний хөрөг өгүүллийг “Баамаа орлогчтой Аамаа” гарчигтайгаар нэгдүгээр нүүрэндээ нийтэллээ. Өгүүлэлд намайг бүх хичээлдээ дунд авдаг ч “Арван таван наст ахмад” зохиолоос салдаггүй, далайн тээврээр өвчилсөн хүү байсан, энэ газрын даргад тохирох цорын ганц хүн болох тухай өгүүлсэн байв. Секундын ч зогсолтгүй ажилладаг яам байдаг тухай дэлхийн хэвлэл, мэдээлэл тэр аяараа шуугив. Хадам аавын туршлага дэлхийд нэвтэрч, инхэнх орон яамны төрийн нарийн бичгийн даргын суудалд сайдын авгайг автоматаар томилдог заншил тогтоолоо.
Аль Жазира телевизийн “Дөрөвдүгээр анги төгсөөд Далайн тээврийн хэрэг эрхлэх газрын даргаар” нэвтрүүлгийг дэлхий даяар таван тэрбум шахам хүн үзсэн гэсэн судалгаа гарч, намайг танихгүй хүн Антрактидаас ч олдохоо болив. Би тэнгэрийн умдагт атгуулах бус, өөрөө түүнийг атгадаг боллоо.
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates