/ёгт үлгэр/
Эрт урьд цагт Далайжаргалт хаан гэж байжээ. Далайжаргалт хаан Далангийн нурууны өвөрт нь өвөлжиж, хярд нь зусаж,
долоон живаа хар ямаа, долоон түмэн харлаг үхрийнхээ ашиг шимийг хүртэж, амраг садан, албат иргэдтэйгээ амар жимэр амьдран суудаг байв.
Далайжаргалт хаан насан хэвийх үедээ харийн муу санаатны хар хэл аманд өртсөнөөс шар сэмжилж гэнэ. Харагдсан гоо бүсгүй бүрийг хатнаа болгон авдаг зуршилтай болжээ.
Хатдын тоо өссөөр нэг л мэдэхэд далан зургаа болж, долоон тав гучин таван ханат далай цагаан өргөөнд нь арай ядан багтах болов. Далан зургаан хатан доод тал нь долоон дагавар хүүхэд хөтөлж, ахас ихэс, хөл толгой мэдэгдэхээ байж, авдар шүүгээн дээрээ адсага хөдөс, хөнжил гудас зулах боллоо. Долоон шарын махаар нэг хонож, долоон тэрэг гурилыг нэг үдшид зуураглав.
Далайжаргалт хаан шинэ он дөхөхүйд долоон живаа хар ямааныхаа ноолуурыг Да Хао наймаад зарж, овоо зоостой болов.
-Далай цагаан өргөөндөө давхарлах эсгий авъя, хатуу өвөл айсуу тул өвс тэжээл базаая, хар ямаа харлаг үхрийнхээ угсааг сайжруулъя, дэвшил хөгжлийг нэвтрүүлж ахуй юугаа өөд татъя гэхчилэн Далайжаргалт хаан шинэ оны төсвийн төслөө болгоолоо.
Оройн хоолны үеэр олон хатан нь шуугилдав. Олж ирсэн зоосы нь голж, олиггүй үгээр хараав. Отгон хатан хөнжлөө муулж,
-Ирвэсийн арьс нөмөрнө гэлээ. Их хатан түүнтэй барьцаад:
-Миний хоол хүнддээд, машид шаналж өвднөм. Үүнээс хойш, түүнээс цааш гадаад далайн сам хорхойгоор оройн зоог барина хэмээв. Гучин гурав дахь хатан гуншигнав:
-Тэр жил та намайг таалахдаа төрүүлсэн хүүхэд тутамд чинь, сар бүр арван алтан зоос өгнө гэж ам алдсанаа мартаа юу гэлээ. Далан нэг дэх хатан харин даруу намдуу дуугаар:
-Ээжид минь чингэлэгтэй үхэр тэрэг авч өгвөл яасан их баярлах бол оо, “Буянтай хүнээр хүргэнээ хийсэн” гэж өглөө үдэшгүй баярлаж байдаг юм, хөөрхий гэж байна.
Далан зургаан хатан, далан зургаан өнгөөр уйлан дуугарч гонгинов, уурлаж ундууцаж загнав. Далан зургаан хатан нэг бүрийн далан долоон ямбыг гүйцээх, далан зургаан хадамд зориулсан далан янзын гэнэтийн бэлэг, долоон зуун жаран нуган үрийн долоон түмэн хүслийг гүйцээхэд тэр жилийн төсвөө тэр чигт нь цувчууллаа…
Мичин жилийн зуд ирэв. Усан жавар цийлэгнэж, уул талгүй цас дарав. Далайжаргалт хааны далай цагаан өргөөний гадна долоон хормой аргал торойно. Дээвэр туурга юун дахь далан зургаан нүхээр хүйтэн жавар сийгэлээ.
-Даахгүй нохой булуу цуглуулна гэдэг даанч үнэн үг юм даа гэж Далайжаргалт хаан хэнгэнэтэл санаа алдаж гэнэ.
Дараа өглөөний улаан нарнаар Далангийн нурууны зоон дээр даамай хэрэг мандав. Далан зургаан хатны гарт далан тийшээ матийсан далий мурий савар атгаастай, данагар тэгшхэн ууцанд нь даргар дэргэр араг зүүлттэй.
Далан зургаан хатан, далан зургуулаа дангинатал чичрэн зогсов. Даамай ямба дарх нь Дарвуултайн салхинд дав дув хийссэн гэлтэй, оргүй арилсан байх юм гэнэ ээ.