Friday, May 25, 2007

Төсөв

/ёгт үлгэр/
Эрт урьд цагт Далайжаргалт хаан гэж байжээ. Далайжаргалт хаан Далангийн нурууны өвөрт нь өвөлжиж, хярд нь зусаж, долоон живаа хар ямаа, долоон түмэн харлаг үхрийнхээ ашиг шимийг хүртэж, амраг садан, албат иргэдтэйгээ амар жимэр амьдран суудаг байв.
Далайжаргалт хаан насан хэвийх үедээ харийн муу санаатны хар хэл аманд өртсөнөөс шар сэмжилж гэнэ. Харагдсан гоо бүсгүй бүрийг хатнаа болгон авдаг зуршилтай болжээ.
Хатдын тоо өссөөр нэг л мэдэхэд далан зургаа болж, долоон тав гучин таван ханат далай цагаан өргөөнд нь арай ядан багтах болов. Далан зургаан хатан доод тал нь долоон дагавар хүүхэд хөтөлж, ахас ихэс, хөл толгой мэдэгдэхээ байж, авдар шүүгээн дээрээ адсага хөдөс, хөнжил гудас зулах боллоо. Долоон шарын махаар нэг хонож, долоон тэрэг гурилыг нэг үдшид зуураглав.
Далайжаргалт хаан шинэ он дөхөхүйд долоон живаа хар ямааныхаа ноолуурыг Да Хао наймаад зарж, овоо зоостой болов.
-Далай цагаан өргөөндөө давхарлах эсгий авъя, хатуу өвөл айсуу тул өвс тэжээл базаая, хар ямаа харлаг үхрийнхээ угсааг сайжруулъя, дэвшил хөгжлийг нэвтрүүлж ахуй юугаа өөд татъя гэхчилэн Далайжаргалт хаан шинэ оны төсвийн төслөө болгоолоо.
Оройн хоолны үеэр олон хатан нь шуугилдав. Олж ирсэн зоосы нь голж, олиггүй үгээр хараав. Отгон хатан хөнжлөө муулж,
-Ирвэсийн арьс нөмөрнө гэлээ. Их хатан түүнтэй барьцаад:
-Миний хоол хүнддээд, машид шаналж өвднөм. Үүнээс хойш, түүнээс цааш гадаад далайн сам хорхойгоор оройн зоог барина хэмээв. Гучин гурав дахь хатан гуншигнав:
-Тэр жил та намайг таалахдаа төрүүлсэн хүүхэд тутамд чинь, сар бүр арван алтан зоос өгнө гэж ам алдсанаа мартаа юу гэлээ. Далан нэг дэх хатан харин даруу намдуу дуугаар:
-Ээжид минь чингэлэгтэй үхэр тэрэг авч өгвөл яасан их баярлах бол оо, “Буянтай хүнээр хүргэнээ хийсэн” гэж өглөө үдэшгүй баярлаж байдаг юм, хөөрхий гэж байна.
Далан зургаан хатан, далан зургаан өнгөөр уйлан дуугарч гонгинов, уурлаж ундууцаж загнав. Далан зургаан хатан нэг бүрийн далан долоон ямбыг гүйцээх, далан зургаан хадамд зориулсан далан янзын гэнэтийн бэлэг, долоон зуун жаран нуган үрийн долоон түмэн хүслийг гүйцээхэд тэр жилийн төсвөө тэр чигт нь цувчууллаа…
Мичин жилийн зуд ирэв. Усан жавар цийлэгнэж, уул талгүй цас дарав. Далайжаргалт хааны далай цагаан өргөөний гадна долоон хормой аргал торойно. Дээвэр туурга юун дахь далан зургаан нүхээр хүйтэн жавар сийгэлээ.
-Даахгүй нохой булуу цуглуулна гэдэг даанч үнэн үг юм даа гэж Далайжаргалт хаан хэнгэнэтэл санаа алдаж гэнэ.
Дараа өглөөний улаан нарнаар Далангийн нурууны зоон дээр даамай хэрэг мандав. Далан зургаан хатны гарт далан тийшээ матийсан далий мурий савар атгаастай, данагар тэгшхэн ууцанд нь даргар дэргэр араг зүүлттэй.
Далан зургаан хатан, далан зургуулаа дангинатал чичрэн зогсов. Даамай ямба дарх нь Дарвуултайн салхинд дав дув хийссэн гэлтэй, оргүй арилсан байх юм гэнэ ээ.

33 comments:

Тэлмэн said...

yasan surhii dalaijargalt haan be, hehe, dalan zurgaa n ch yuvdee, yooy, aihtar uvgun baina shuu, nas suuder heviih tusam shar semjileed baidag. hehe, unshihad hughjiltei bailaa, thx! ta shuu, tanii daraa bi shuu!

Өнөрбат.Х said...

Ха ха. Маш гоё бичжээ.
Ер нь сонгууль дөхөөд ирэхээр болон сонгуультай холбоотойгоор тойрогтоо 200 мянга, хүүхэд бүрт 10 мянга, шинэ гэр бүл 500 мянга, өөрийн тойрогтоо тийм ч юм, ийм ч юм гээд төсөв үрүү дайрна шүү дээ. Их л юм хийцгээсэн болж харагдаад дахин сонгогдож идэж уухаа бодохоос ядарсан маниусыгаа боддоггүй Их Хурлын 76, Ерөнхий сайд дарга нар уншдаг ч болоосой.

byambaa said...

goy ulger bainaa.

76 gedeg chin uchirtei too bhgui yu. Telmeen.

nar heviih tusam shar semjleed goo busgui urduuraa gargahgui bna gedeg chini bas l neg yum heleed bna daa.

amjilt husey. ta shuu, tanaa daraa bi shuu. minii daraa Telmen shuu. he he.
Telmen ohin uurlahgui biz dee. egch duugee ooriinhoo daraa oruulchihlaa.

A.Амарсайхан said...

Тэлмэнд:
Тийм ээ, 76 бол их учиртай тоо.

Өнөрбатад:
Ядарсан манийгаа гээд 10 төгрөг өгөөд ч байгаа юм шиг. Тэгтэл тэр нь яг манийгаа гээд байгаа биш бололтой...

Бямбаад: Ухаад төнхөөд байвал их юм гарч ирнэ, ухаад бай гэх үү дээ

Өнөрбат.Х said...

“Буянтай хүнээр хүргэнээ хийсэн” гээд л муу Хааныгаа хошгоруулаад, хатад дотроо тэр далан нэг дэх хатан бас зальтай хатан шүү. Харин царайлаг болов уу хэ хэ

Э. Баярсайхан said...

Энэ далан зургаагаас болж араг үүрэн, савар барих вий дээ!
Эд хөрөнгө гэж барагддаг л зүйл. Түүнийг тордож байхгүй бол...
Гадаадаас сам хорхой оруулж ирж байснаас, сайн үүлдрийн хэдэн бух, ухна авсан бол дээр байхгүй юу.
Да Хао (ёооё бичих гэсэн чинь товчлуур дээрх үсэг эвлэрч өгдөггүй хэцүү нэр вэ) -д юм аа зарж байхаар өөрөө яаж, ийж байгаад үйлдвэр босгочихгүй.
Тэр отгон хатан нь мань мэтэд олддоггүй үнэгний арьс нөмөрч байсан даг аа.

A.Амарсайхан said...

Өнөрбатад:
Тийм байж мэднэ шүү. Царайлгийн хувьд бол дэндүү. Би Өндөр хоршоо /Их дэлгүүр/-ноос гарч явахыг нь нэг удаа харсан. Нүд унагаж, ухаан балартуулмаар амьтан явна билээ.

Баярсайханд:
Яг тэгнэ, наадуул чинь. Араг бариулах гээд л зүтгээд байгаа улс шүү дээ.

tumee 33 said...

завгүй таваргаад шагайх завгүй явжийх хооронд гоё гоё бичлэгээс хоцорчих гээд байхиймаа...ээ бас сайхан ёгтолсон байнав:D

Тэлмэн said...

aaan 76 gedeg n tiim baisiin bii vii, joohon hojuu yum oilgodog boljiinoo har bagaasaa, hihihi! byambaa ania urduur oocher dairaad baihiin zugeer, za yahav taniig l gej bodood urdaa oruullaa!

Муланка said...

Хаха,элэг аваад хаячихлаа. Хөөрхийс хаанаа дарамталсаар байгаад юу ч үгүй болсон байна шд.

Төрболд said...

Энэ төсгөл нь гоё болж. Далан зургаан хатанд араг үүрүүлж савар бариулаад л.
Энэ гишүүд энэ мэтээр аашилсаар байх юм бол эцэст нь өөрсдөө араг үүрэх байхдаа гэж. Цаг цагаараа байдаггүй гэдгийг мэдмээр л юм даа тэээ

Төрболд said...

"төгсгөл" гэж бичих гэж байгаад "төсгөл" гээд биччихэж уучлаарай...

Anonymous said...

Сайн бичжээ. Цаадуул чинь маний юмыг манд өгнө гээд зүтгэчихнэ шүү дээ, сонгууль болохоор. Өгнө гэчихээд авчихдаг улс л даа

A.Амарсайхан said...

Гурав хоног компьютер, гар утас... зэрэг "гинж дөнгө"-нөөс хол газар амраад, сэтгэгдлүүдэд хариу бичиж чадсангүй. Уучлаарай.

Түмээд: Завгүй явж байж л Монгол орноо хөгжүүлнэ шүү дээ.

Тэлмэнд: Бямбаа аниа та хоёр яг зэрэг барианд орсон. Тийм учраас дахин барилдуулна.

Муланка, Төрболд нарт: Хаан ч бай, заан ч бай хөрөнгө буянд нь хязгаар бий шүү дээ хөөрхий. Манай далан зургаа чинь ёроолгүй юм руу орж байгаа юм шиг л дайрч байна шүү дээ.

Анонимд: Цаадуул чинь харснаа бүү хэл дуулснаа авна гэдэг, авна гэснээ авч л байж санаа нь амардаг улс.

Nana said...

hehe, aldgiim bna, neeree harsnaa buu hel duulsnaa avna gedeg ylc shuu dee gej ireel lag hoobotoi muulaltsav gsn.

A.Амарсайхан said...

Нанад: Дуулснаа бүү хэл, санаанд нь орсноо авна гэж дайрч байгаа. Зүүдэлснээ ч авч байгаа. Авсаар байгаад дуусгах улс даа.

Док said...

хэхэхэ, үнэн шүү нээрээ. Да -д ноолуураа зараад овоо зоостой болоход нь голдог айн.
Мичин жилийн зуд ч ойрхон байна даа ойрхон байна ;))

Док said...

Ямба нь хэзээ ч хийсэхгүй л дээ даанч, нэмэгдэнэ үү гэхээс хийсэхгүй нь лавтай

Док said...

Хальт харсан чинь бичлэгийн ангилал дотор чинь "Ёгт үлгэр" гэж харагддаггүй. Минийх бас ингээд байсан ш дээ.

A.Амарсайхан said...

Док-д:
Хийсэх өдөр ирнэ гайгүй. Харж л байгаарай.

Док said...

хэхэ
76-ийн дагуулууд нээрээ замбараагүй олон байх шүү хэхэ

sanakae said...

Хошигнол гэж нэлээд ухаантай хүний хийдэг ажил гэж үнэн юм аа. Ингэж цаад утгыг нь гаргаж үлгэр бичнэ гэдэг ч их бодол, их эрэгцүүлэл ур ухаан шаарддаг байх гэж бодож байна. Ийм нэг үлгэрээ хэдий хугацаанд туурвиж байнаа

A.Амарсайхан said...

Док-д: Дагуулуудынх нь тоонд боловсруулалт хийх гээд Үндэсний статистикийн газрын 250 000 000 GB багтаамжтай харданд оруулах гэсэн чинь багтахгүй, нэмэлт хард захиалж хийлгэж байгаа гэсэн ш дээ. /Баттай эх сурвалжаас авав/

Санакае-д: Хэт их магтахаар ичмээр юм аа. /Бүүр улайчихлаа/
Би ер нь магтаалд их дуртай болчихоод байна уу даа. /Муулахаар уурлаад л бөөн няцаалт хийгээ... л/

Өгүүллэгийг хэр удаан бичдэг тухайд бол янз янз.
Заримдаа гоё санаа ороод ирэхээр хорхой хүрээд, нэг өдөр суугаад л туушиндаад хаячих нь бий. Гэхдээ маргааш, нөгөөдөр, нөгөөдрийн маргааш нь дахин дахин уншиж хасаж танаж, давс хужир нэмдэг. /Туушиндсан юм заавал энд тэндээ дэгэн догонтой болчихоод байдаг/

Зарим өгүүллэгийг хэдэн сараар дахин засаж бичээд, санаанд хүрэхгүй, хаяж ч чадахгүй, хэвлэж ч чадахгүй яваад байх нь бий. Далхаагийн Норов ах нэгэнтээ хэлсэн байдаг: "Хэдэн жил бичээд ч дуусгаж чадахгүй байгаа өгүүллэг над бий" гэж.

Төсөв ёгт үлгэрийг би 2006 онд бичсэн. Сая төгсгөл дээр нь давс хужир жаахан нэмж, дахин засвар оруулаад нийтэллээ. /Тоншуулд хэвлэгдэж байсан/
Сезоныг ч гэсэн. 2004 онд бичсэн. Түүнээс хойш хэд засаж бичсэнээ тоогоо алджээ. Сая блогтоо тавихдаа ч засвар орууллаа.
"Оллоо"-гийнхон "Ардын эрх"-ээс авч нийтэлснийг нь олон хүн орж магтсан байсан. Ганц хүн л "Сайхан өгүүллэг байна, гэхдээ жаахан нуршуу юм уу" гэсэн байхаар нь хэд хэд уншлаа. Тэгээд "Нээрээ байна" гэж үзээд зарим газар нь бага зэрэг таналт хийсэн.

Гантулга Т.Т said...

Олон хүнийг эмчилж, улсын төсвийг хэмнэж байдагт тань баярлалаа.

Тэр хэмнэсэн мөнгөөр нь ганц ч болтугай оношилгооны багаж оруулж ирье гэтэл нь энэ олон "илжиг" шиг эхнэрүүд хөөрхий муу "хаан"-г өвдөг сөхрүүлж, гуйлга гуйлгаад, гадны гуйлгачидаас мөнгө авхуулж болоогүй ээ байдаг үнэтэй зүйлээ үнэгүй тарааж дууслаа. Хүндээ хөнгөнөөс гэж...

Хэрийн хүнд заяахгүй ховорхон авьасанд тань атаархдаг юм шүү :) Надад бас нэг дотны "чадалтай" архитектор найз байдаг юм, байнга л "атаархал" төрүүлнэ дээ :D

byambaa said...

Gantugad:zov ataarhah ch zugeer shuu.v bi ch bas minii chadahgui yumiig chadaad bdg humuust halit ataarhalttai.

Тэлмэн said...

hey gantulga ter naiztaigaa taniltsuulaach, mergejil neg yum geech!

A.Амарсайхан said...

Гантулгад:
Та нарт ч гэсэн атаархах юм бий шүү дээ. Гадаадад олон орны мундаг программистүүдтэй ажиллаж байна. Мань мэт нь та бүхний зохион бүтээсэн технологийн дэвшлийг гүйцэхгүй байна шүү дээ. Нэг программ дээр сайн ажиллаад сурчих санаатай ухнадаж суутал шинэтгэн сайжруулсан тэс өөр программ "моод"-нд орчих юм.
Би ч гэсэн та нарт атаархдаг. Миний 2 эрэгтэй дүү программист. Грэйп Сити-д ажиллаж гайгүй хангамжтай гайгүй нэр төртэй явж байна.
Надад "Яах гэж шог зохиол гэдэг юмны төлөө хамаг байдгаа золиосолж орхив оо?" гэж бодогдох үе ч байдаг.
Бямбаад:
Ингэж атаархах үедээ, "Надад тэрний чадахгүй юм бий бил үү" гээд бод. Тэгэхээр заавал нэг юм гарч ирнэ. Ингээд л дотор онгойчих нь тэр...
Тэлмэнд:
Пөөх, цэцэрлэгт бас архитекторууд сурдаг юм уу? Юм хөгжинө өө гэж...

Гантулга Т.Т said...

Цэцэрлэгийн архитекторч Тэлмэндээ: Туркэд одоо төгсч байгаа, Исшикир (ингэж бичдэг байхаа)хотод амьдардаг Золбоо гэж залуу бий. Миний мэдэхээр тэр хотынхоо захиргаа, шүүх, хэд хэдэн комплексийг "зурсан" юм. Одоо л шалгалтуудаа дуусгаад, хүн дагалдах эрхтэй болж байгаа(диплом), 2 жил дагалдаж байж өөрөө гарын үсэг зурах эрхтэй болно. Харин хэдэн жилдээ Монголд ирэхгүй байхаа, энд ч зэвэрч байхаар Европдоо үлдэн ажиллахаар 2-3 компанийн урилга, заллагатай байгаа. Сургуулийнхаа түүхэн амжилтыг тогтоож байгаа ;) Ер нь төгсгөж өгдөггүй сургууль юм гэсэн дээ. Дунджаар оюутнууд нь 8 жил зарцуулдаг бол мань хүн 6 жил л болж байгаа.
Мэйлийг нь авч болно, над уруу нэг request явуулчихаарай ;)
Амараа ахад: Тийм шүү, хүн бүрт бусдад бардамнах зүйлс байдаг. Бардамнал нь АРИУН хөдөлмөр, чадварын үр дүн байгаасай!

Тэлмэн said...

huuh mundag ah baina shuu, tegnee taniltsanaa, amraa ahyn sanal setgegdliin bulan mandtugai, ingeel hun amitan hoorond n taniltsuulaad l mundag ah shuu. manai tsetserlegiin huvid buh torliin hicheel zaadiimaa, ter ih gaihaltai tsetserleg baigaan. udahgui huuli erh zuin hicheel nemegdeh yum gesen ;-)

A.Амарсайхан said...

Гантулгад: Бардамнал ч арай биш юм аа. Бардах гэдэг чинь огт чихэргүй хүүхдийн хажууд 24-ийн чихрийг удаан гэгч тамшаалан байж, хүл хол хийтэл долоон идэхийг хэлнэ.
Бардамнал гэдгээс илүү бахархал гэдэг үг энэ тохиолдолд тохирох юм болов уу.
Бахархал гэдэг маань халаасандаа байх хорин дөрвийн чихрээ сэмхэн тэмтэрч үзээд, дотроо л "Надад байгаа юм чинь" гэж буй юм аа даа. Хүнд бардамнаад онгироод байгаа хэрэг биш, дотроо л өөрийнхөө ялалтаар бахархаж буй хэрэг. Хажуу дахь хүнийхээ сэтгэл санаанд элдэв дарамт учруулахгүй, хүнийг доош хийхгүй байгаа гэсэн үг.

Тэлмэнд: Удахгүй Ломоносов гарч ирэх нээ. Зохион бүтээгч, яруу найрагч, физикч, одон оронч, өөр юу ч билээ дээ.

Гантулга Т.Т said...

Уг нь монгол хэлээр 25 жил ярих аядаад л байгаа мөртөө төгс эзэмшээгүй л байх юм даа. Дээрх комментын бардамналыг бахархал гэдэг үгээр сольсугай

saika kamikaze said...

монголд бол Далайжаргалт хаан 76 хатантайгаа жилээс жилд өвлөөс өвөлд зуднаас зуданд жаргаж цэнгэж улам дулаацаал улам өөрсдийн том гэрээ томсгоол харин гадаа нь албат ард нь амь тавих шахан амь зуугаал.. Дао д өгөөд үлдсэн жоохн дээр нь хэрээ нохой мэт хэрэлдэж уралдаал... кэкэ

A.Амарсайхан said...

Гантулгад:
Бямбын Ринчен гуай ч хэлээ төгс эзэмшсэн гэж хэлдэггүй байсан юм гэнэ лээ. Хэн ч л алдана. Харин алдаагаа давтахгүй л байх хэрэгтэй.

Сайкад:
Тэд савар барьж араг үүрэх цаг ирнэ гайгүй.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates