Thursday, March 29, 2007

МОНГОЛ БҮСГҮЙН ҮЗЭСГЭЛЭН ГУАГИЙН УЧИР

/хошин өгүүллэг/
Хэрвээ монгол эрчүүд зальтай, залхуу, заваан, хэнэггүй байгаагүйсэн бол бүсгүйчүүд нь хэзээ ч хацар гоо, бялдар гуалиг, хөл тэгш болохгүй байхсан. Үүнийг би хэлээд байгаа юм биш. Манай суу билигт эрдэмтдийн хийсэн судалгаа нотлоод байгаа юм. Энэ тухай өгүүлье.
Нэг. Гуа сайхан биеийн учир
Монгол бүсгүйчүүдийн бие галбирын сайхныг яана! Уулын согоо мэт зэгзгэр бүсгүй улаан зам дээр нь хөндөлдөөд зогсож байгаагүй юм гэхэд Итгэлт баян “Аятайхан биетэй дамшиг шүү” хэмээх алдарт суут үгээ унагахгүй л байхсан.
Монгол эрчүүдэд нэг муу залины оронцог байгаагүйсэн бол бүсгүйчүүд яагаад ч ингэж гуалиг болохгүй байж. Тэрхүү залины оронцог нь их хөгийн. Ухаандаа, авгай руугаа шал худлаагаасаа хайр гэрэлтсэн харц чулуудаад, “Миний хайраа, өвгөнийхөө улавчийг дөхүүлээд өгөөч” гэнэ. Цаадах нь хошгироод л нисчихнэ! Бас өөр нэг нь “Миний хөгшний гарын хоол ч ёстой ясны хөлс гаргана шүү” гээд л, өдөр бүр хошгируулсаар насаар нь тогоо шанага бариулчихна. Орос ах нарын бадриун шар авгайчууд шиг мах мариа сууж, бүдүүрэх өчүүхэн ч атугай завдал өгөхгүй.
Хоёр. Цэвэр ичимтгийн учир
Монгол бүсгүйн цэвэр ичимтгий аалийг магтаагүй яруу найрагчийг дэлхийн бөмбөрцгийн аль ч мухраас олохгүй. Нутгийн замд хонь хариулж яваа бүсгүйг та харвал түүн рүү дөхөж очоод “Энэ зам хаа хүрэх вэ?” гээд асуугаад үзээрэй. “…Хн” гэчихээд л гутлынхаа хоншоор луу ширтэн, гэзэгнийхээ үзүүрээр оролдоод зогсчихно гайгүй.
Тэдний цэвэр ичимтгий болоод байгаагийн учир бас л өнөөх эрчүүдийн буруу болж таарч байгаа юм даа. Зээлийн гудамжаар залуу хос сугадалцан алхаж явна аа. Тэгтэл эрэгтэй нь яаж байна гээч! Яг Нацагдоржийн хуучин хүү шиг тонгойсноо нусаа хүрдхийтэл нийчихнээ, таминь. Бүсгүй нь яв ягаан болчихоод дэмий л цаадхыгаа нударна.
Согтчихоод өөрийгөө магтахад нь хэн ичих вэ, муу эхнэр нь л ичнэ. Анд яваад гурван чоно ташраар нь унагасан тухай хэнэг ч үгүй туугаад, “Тэгсэн тийм ээ, хө” гээд эхнэр лүүгээ харахад нь лооль шиг улаан болчихсон эхнэр нь аргагүйн эрхэнд толгойгоо дохихчоон аядна. Ингэж ичиж улайсаар байгаад цэвэр ичимтгий нь гэм биш бүүр зан болчихож байгаа юм.
Гурав. Алаг нүдний учир
“Миний алаг нүдэн сайн сууж байна уу?” гээд Мишигийн Цэдэндорж агсны нэгэн сайхан дуу байдаг даа. Бодоод байх нээ, монгол бүсгүйчүүдийн минь нүд ямар сайхан юм бэ? “Дүрлэгэр алаг нүд чинь ээ, хө”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” гээд л шүлэгч найрагчдын дуу алдаад байдаг нь аргагүй юм аа.
Гэтэл энэ дүрлэгэр алаг нүдний чинь хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь бас л өнөөх эрчүүд болж таарч байна. Хөөрхий бүсгүйчүүдийг тэнгэр шиг гэдэстэй болгож орхиод Солонгос, Япон, Энэтхэг, Америк гээд дөрвөн зүг найман зовхист тараад алга болчихно. Тэгээд л хаа нэг утсаар яримар аядахаараа шал худлаагаасаа “Миний алаг нүдэн сайн сууж байна уу” гэнэ. Эвий, бүсгүйчүүд нь гэрийнхээ хойд хамар дээрээ гараад, “Явсан зүгийг чинь ширтэн ширтээд, янагийн дуугаа аялна” хэмээн гиншингээ цэвэр Ази заяаны онигор нүдээ томоос том болгон алсын бараа ширтэнэ. Ингэж зогссоор нэг л мэдэхэд дүрлийсэн алаг нүдтэй болчихсон байна.
Дөрөв. Сайхан хувцасладгийн учир
Монгол бүсгүйчүүд хувцаслана гэж үзүүлээд өгнө. Урин дулаан цагийн Улаанбаатарын гудамж Парисийн загварын шоуг холоо орхино. Үзэсгэлэн гуа цогцолсон тэгш сайхан бие бялдартай бүсгүйчүүд нааш цааш гунхах нь бурхдын харааг ч булаана.
Чухам юуны учир тэд ингэж гангарах болов оо? Аргагүй шүү дээ. Цаад хэнэггүй монгол эрчүүд нь тэдэн рүү огт тоож хардаггүй юм чинь. Нэг хэсэг нь төр түмний хэргийг “улс төржүүлээд” завгүй. Нөгөө хагас нь программ зохионо гээд компьютер шагайгаад хөшчихнө. Ажлаа тараад харихаа мэдэхгүй, архи айраг шимж, уушийн мухлагт шигдэнэ. Тэд хайртыгаа бүүр түүрхэн зэрэглээтүүлж харахаар болсон үедээ л гэрийнхээ босгыг мөлхөж давна. Эрчүүдийнхээ харааг өөр дээрээ ядахдаа ганц хором ч болтугай тогтоохсон гэж байдгаараа мачийдаг учраас л монгол бүсгүйчүүд тийнхүү ганган дэгжин хувцаслана.
Тав. Биенээсээ гал гаргадгийн учир
Монголчууд бүсгүйчүүдээ галын бурхан хэмээн дээдлэн шүтдэг. Тэд хэт цахиур, чүдэнз, асаагуур гээд юунаас ч хамаагүй гал гарган өтгөн шаргал цайгаа чанадаг. Сүүлдээ Өнөрмаагаас эхлэн биенээсээ ч хүртэл гал гаргадаг болцгоосон билээ.
Аргагүй шүү дээ, чааваас. Мартамхай монгол нөхөртөө өглөө гарах бүрт нь чүдэнз захина. Цаад нэг балай юм нь орой гэртээ ирж, авгайнхаа барааг хармагцаа л нүдээ том болгон, “Ээ золиг оо, нөгөө чүдэнзийг чинь мартчихаж” гэснээ л, сүртэйяа үргэлжлүүлэн шогширдог. Монгол Өнөрмаанууд ам хамар, чих нүд гээд бүх нүхнээсээ гал гаргах нь луунуудыг ичээдэг.
Зургаа. Ерөнхийлөгч болдоггүйн учир

Монгол бүсгүйчүүд хэзээ ч засгийн эрх булаацалддаггүй. Баасан эгчийг хар л даа. Түүнд ерөнхийлөгч болчихъё гэсэн өчүүхэн ч санаа үгүй. Зүгээр л эх болсон зургаан зүйл хамаг хөгшдийн төлөө ногоон торгон тэрлэгээ цагаан болгон, гадаа гандаж хөдөө хөхөрч яваа нэгэн.
Цаад увайгүй монгол эрчүүд нь төрийн бүх өндөрлөгүүдийг эзэлж суучихаад түүн рүүгээ хөөрхий бүсгүйчүүдийг ойртуулах ч үгүй. Тиймийн учир тэд ерөнхийлөгч болохын оронд төрийн бус байгууллага үүсгээд түүнийхээ гүйцэтгэх захирал болоод төрийн эсрэг цогтой тэмцэхийг илүүд үздэг. Эмэгтэйчүүдээр овоглосон төрийн бус байгууллага зуу зуугаараа бий.
Дүгнэж хэлэх үг
Тэр жил манайд зочилсон нэгэн гадаад эрхэм “Монгол бүсгүйчүүд үнэхээр сайхан юм аа. Зочид буудлын цонхоор харахад загварын шоу үзэж байгаа мэт сэтгэгдэл төрөх юм” хэмээн дуу алдаж билээ. Зүгээр ч нэг эрхэм бус дэлхий даяар алдартай Америкийн Миссурийн их сургуулийн профессор хүнээс ийм үг унаж байгаа юм шүү дээ.
Гадаад ч бай, харь гариг ертөнцийн ч бай, хэнийг ч болов барьц алдуулагч хацар гоо, бялдар гуалиг, хөл тэгш монгол бүсгүйчүүдээрээ бахархнам зээ. Ийм бүсгүйчүүдийн шалгарлын цор ганц хөдөлгөгч хүчин болсон эрчүүдээ хайрлагтун, төр минь ээ.

Tuesday, March 27, 2007

ХҮҮХЭЛДЭЙН ЧИМЭДДОРЖ

Хүүхэлдэйтэй хувь заяагаа холбосон, хүүхэлдэйгээрээ овоглосон нэгэн эрхэм манай хойморт зочлов. Түүнийг хүмүүс Лхамсүрэнгийн Чимэддорж гэхээсээ Хүүхэлдэйн Чимэддорж гэж дуудах нь их. Монгол улсын Гавьяат жүжигчин энэ хүний бүтээсэн хүүхэлдэйн элэг хөшөөсөн инээдэмт дүрүүд үе үеийнхний сэтгэлд хоногшин үлдсэн билээ.

Чихний үнэтэй сүүдэр ший
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Шархайн хөндийд Чимэддоржийн эцэг Лхамсүрэн хэмээх эгэл малчных нутаглана. Хөдөөд хаа сайгүй харж болох хацартаа сайртай, хөл нүцгэн бор хүүхдүүдийн адил Чимэддорж хурга хариулж, тугал бяруутай ноцолдож өсөж. Нутгийн уяач Сөөсгий Цэрэнгийн хурдан морьдыг дөрөв таван жил унаж, нэг их магтуулам дээгүүр үгүй ч, адлуулам доогуур биш давхиулж байсан нь түүний их том гавьяа байлаа.
Харин дунд сургуульд хүүгийн авьяас цухалзаж эхэлж. Аав нь морин хуур их сайхан тоглодог, ээж нь нутаг усандаа цуутай уртын дууч. Ийм наргиантай найртай хөрсөнд соёолсон үр арга байж уу.
Хожмын гавьяат жүжигчин, сурагч Чимэддорж “Хэдэн гялаан хонь”-ийг дуулан мандаж, сургуулийн бүх тоглолтод уригдаж, бүр Төв аймгийн улаан буланд томчуудын өмнө хүртэл гарав. Үзэгчид нижигнэтэл алга ташиж хэд дахиулах энүүхэнд. “Даалимбан тэрлэгийг минь сольж тоглолтын хувцас гээд их гоё гялгар юм өмсүүлнэ. Одоогийн биеийн тамирын хувцас байсан юм билээ” гэж дурсаад, Чимэддорж гуай инээж суух.
1940, 50-иад он. Шинэ үсэг, нэгдэлжих хөдөлгөөний ухуулга сурталчилгаа ид явж байсан үе. Зун цагт Сэргэлэн сумын зуслан, сүүний тасгуудаар урлагийн бригадынхан явна. Хааяа нэг Төв аймгийн нүүдлийн киноны механикч Готов гуайг хайрцаг савтай юмаа ачаад ирэхэд бөөн баяр болно. “Чапаев”, “Берлиний уналт” зэрэг киног хүүхэд хөгшидгүй чихэр мэт хүлхэнэ.
“Хөхөө гэрлэх дөхлөө” кинонд мөнхөрсөн Дашдаваа, Чимэддоржтой нэг хотонд төрж, салахгүй тоглож өссөн андууд. Хоёр анд идэр есийн хүйтэнд аймгийн клубийн гаднаас цонхоор кино үзэж чихээ хөлдөөнө. Маргааш нь жалганд очиж киноны баатрууд болон байлдаж тоглоно. Байлдааны ерөнхий найруулагчаар хоёр анд ээлжилж ажиллана.
“Халуураад” ичсэн нь
Ингэж л алхам алхмаар урлагт татагдаж байсан хүү маань 1954 онд Театр урлагийн дунд сургуульд шалгуулан тэнцэж, Дашдаваа андынхаа араас ирж суралцжээ. Их хувь тохиож Л.Ванганы шавь болох нь тэр. Ингээд 1957 онд драмын жүжигчин болов.
Соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Балдандорж төгсөх ангийн шалгалт дээр ирж суугаад дөрвөн хүүхдийг Хүүхэлдэйн театрт авахаар сонгосны тоонд Чимэддорж орж л дээ. Хүүхэлдэйн театрт хуваарилагдсанаа дуулаад голж, “Багш аа, би драмын ч юм уу, том театрын тайзан дээр өөрийгөө соримоор байна” гэж хэлж. Ванган багш нь “За чи битгий халуур! Номын ширээнээс дөнгөж буусан хүн “номын халуун” гэж өвчин тусдаг юм” гээд зад загнаж.
Харин Хүүхэлдэйн театрт ирээд “Хүүхэлдэйг чи голох биш, хүүхэлдэй чамайг голно, хүү минь” гэж хэлсэн Ванган багшийнх нь үг орой руу нь орж их ичсэн гэдэг. Хүүхэлдэйтэй жүжиглэнэ гэдэг санасныг бодвол ярвигтай хоол байсан хэрэг. Жүжиглэхдээ хамаг анхаарлаа төвлөрүүлээд хүүхэлдэйгээ уруу нь харуулчихна. Шанд нь өдөрт тав зургаан цаг гараа өргөн зогсох шийтгэл хүлээнэ. Энэ нь хүүхэлдэйн жүжигчний заавал хийх дасгал байж л дээ.
Цэрэнхүү, Дамдинбазар, Чойсон гээд ах жүжигчиддээ “дэглүүлж”, их ч юм сурч. Хүүхэлдэй тоглуулна гэдэг сайн жүжиглэхийн зэрэгцээ, бүх үе мөчөө зэрэг ажиллуулах адармаатай урлаг болохыг ойлгов. Хүүхэлдэйгээ биеийнхээ нэг хэсэг болтол мэдэрч, хүүхэлдэйгээр дамжуулж хүнд юм хүргэнэ гэдэг том эрдэм юм гэж бишрэв.
Хүү минь галзуурчих юм биш байгаа...
Тэр сайхан хөдөлмөрч хүмүүсийн буянд 1958 онд Румын улсад гуч гаруй орны театр оролцсон Олон улсын хүүхэлдэйн театруудын анхны их наадамд явах хүртлээ томров. Яг энэ үед нь хөдөөд нэгдэлжих хөдөлгөөн ялж, аав ээж хоёр нь малаа өгөөд, хотын айл болохоор нүүж иржээ.
Чимэддорж ахмад жүжигчдээс “Чиний жүжиглэх яах вэ, хүүхэлдэй чинь огт хөдөлж өгөхгүй байна” гэх зэм байнга сонсоно. Ах нарын зааврын дагуу гэртээ толины өмнө сууж хүүхэлдэйтэйгээ ажиллаж байхаар шийдэв. Монгол гутлын үйлдвэрт ажилд орсон аав ээж хоёр нь ажлаа тараад иртэл хүү гэртээ хэн нэгэнтэй ярьж байгаа бололтой байв. Хэн ирсэн юм бол доо гэсээр ороод, хүүгээ ганцаараа ярьж суухыг харж зог тустлаа цочжээ.
Аав ээж нь хүүгээ мундаг жүжигчин болсон, их ухаалаг хэрсүү байх ёстой гэж үзнэ. Гэтэл мундаг хүү нь нэг чөтгөр шиг юмтай оройжин ярьж суух. Санаа нь зовнисон хоёр хөгшин “Иш муу хүү минь ингэж хий юмтай ярьж байгаад, үнэнээсээ хийтэй болчих юм биш байгаа даа” гэж хүртэл хоорондоо хэлэлцэж байж.
Румыны их наадмаас Чимиддорж гол дүрээр диплом хүртсэн “Адуучин хүү” хүүхэлдэйн жүжгийг аав ээж хоёр нь анх урилгаар үзэж, их үнэлж, “Ийм сайхан юм хийдэг байсан юм бий” гэж дуу алдсан гэдэг.
Томчуудын хүүхэлдэй буюу шинэчлэл
Хүүхэлдэйн жүжигчинд олон янзын хоолой гаргах чадвар төлөвшдөг нь мэдээж. 1965 онд эстрад урлагийн анхны концерт болоход Чимэддорж энэ чадвараа чулуу болгож, МУГЖ Доржпүрэвтэй хамтран Ардын жүжигчин Түмэндэмбэрэл, Хандсүрэн, Хайдав, Гавьяат Дорждагва, Ичинхорлоо нарыг элэглэн дуурайж дуулав. Монголд анх удаа хошин элэглэлийн төрлөөр уран бүтээл хийгдэх нь энэ. Түүнийг тоглолт бүрт хэд хэд дахиулж байсан нь их урам болж, томчуудад зориулсан хүүхэлдэйн хошин баатруудыг бий болгож, бие даасан үзүүлбэр бэлтгэх санаа өглөө.
Ингэж 1967 онд Нарийнжав “аавын гэдэснээс” уналаа. 1970 онд Тогосмааг гаргалаа. Энэ хоёр нь нэг их сүрхий уран сайханч хүмүүс. Нарийнжав “Баатарцогтын нагац”, “Дассан сэтгэл”-ийг дуулна. Дуулах ч гэж дээ зарим өнгөнд улих дөхөж үзэгчдийн элгийг хөшөөнө. Тэгсэн хэрнээ өөрийгөө их том амьтан гэж бодох. Гэхдээ хөөрхий цаанаа урлагт үнэн голоосоо дурлана. Дуундаа хэт их ууссанаас тайзан дээр унаж ч байх шиг. Тогосмаа нь болохоор ардын дууг гуйвуулж дуулах хандлагатай. Хайр сэтгэлийн тухай их дуулна. Ардын дуунаасаа дуурь хоолой руу хадуурч үзэгчдээ хөгжөөнө.
Жүжигчин маань хэдийгээр энэ хоёр хүүхдээ тайзан дээр олны доог болгодог ч, цаагуураа бадрангуй дэврүүн сайхан сэтгэлээр нь үзэгчдэд нэгийг хэлэхийг хичээдэг байж. “Хүрэхгүй, дуугарахгүй, чадахгүй өнгө надад байхгүй гэж бардаж хийсэн дүр минь Тогосмаа. Залуу ч байж дээ” хэмээн Чимэддорж гуай дурсаж сууна. Нээрээ л Тогосмаагийн хоолойг жүжигчин өөрөө гаргаж байгааг хараад “Худлаа байгаа даа, эр хүнээс ийм нарийн дуу гармааргүй юм” гэж 1980-аад онд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын улаан буланд авга хөгшин минь гайхаж, учрыг олж ядан байсан нь надад тодхон санагдаж байна.
Үнэндээ тэр үед фонограмм тавиад амаа хөдөлгөдөг байсан биш. Хөгжимчин Дарьхүү найрал баян хуураа татаж, Тогосмаа донжтой дуугаа эхлэхэд үзэгчдийн нүд сэргэн инээдээр цалгидаг байсан. Сум, бригад бүрт болох тоглолтод Тогосмааг хэд ч дахиулж мэддэг байж. Тэглээ гээд Тогосмаагийн хоолой цуцаагүй, одоо ч залуу хэвээр, цэнгүүнд уригдаж үзэгчдээ хөгжөөсөөр. Чимэддорж гуайн нөр хөдөлмөрөөр бий болсон энэ дүрүүд монголын инээдмийн урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэх нь дамжиггүй.
Ийнхүү Чимэддорж инээдмийн үзүүлбэрүүдийг шинээр санаачилсны зэрэгцээ халхавчнаас татгалзаж, ямар ч нууцлалгүйгээр үзэгчдийн өмнө хүүхэлдэйгээ ил тоглуулах туршилт хийсэн нь бас нэгэн шинэчлэл болсон байдаг.
Хал үзэж халуун чулуу долоов
“Шинэков” Чимэддорж бригадаар хөдөө явахдаа театрт тогтсон ёс жаягийн дагуу Дамдинбазар, Даваасүрэн, Чойсон гээд томчуулын авдар сав, пүүгээг зөөж байсан бол яваандаа пүүгээгээ зөөлгөх дүү нартай болов. 1972 онд Найруулагч болж ч томорлоо. “Алтан гургалдай” жүжгийг тавихаар бүх юм жин тан болоод байтал, яамныхан жүжгийг үзээд “хаант төрийг магтсан” хэмээн буруутгав. Төлбөр акт тавьж, жүжгийг хаахдаа тулж, Лувсанвандан сайд “Долоо хоногийн хугацаанд зас” гэж мундагдав. Залуухан найруулагч “Хэлэхэд амархан ч, хийхэд хэцүү ш дээ” гэж хэлээд, “Зүйр үг мэддэг нь ганц чи юм уу?” гэж Оюун багшдаа зэмлүүлэв. Оюун багш нь залуу найруулагчид тус дэм өгч хэд хоног нойргүй ажиллаж, зааж зөвлөж, гол баатраа хар гэрт хийлгэн хаантай зөрчилдүүлж, Андерсений сайхан үлгэрийг “хувьсгалжуулан” тавьснаар асуудал шийдэгдэж байжээ.
Хүний аль түргэн зан гаргахыг тэр гэхэв. Урлагийн бригад даргалж яваад Дундговийн айрганд халцгаан, жолоочтойгоо муудалцаж гар зөрүүлээд, дагалдан жүжигчин ч болж үзэв. “Залуу цагт юмыг ч тоодоггүй байж дээ. Нэг мэдсэн эргээд жүжигчин болгосон байсан. Хэдэн сар “дагалдсанаа” ч санахгүй юм” хэмээн Чимэддорж гуай ярьдаг.
Телевизэд “Бардам туулай”, “Эцсийн тушаал”, “Бяруун толгой вааранд” гээд олон жүжгүүд найруулж, тоглож, радиод “Цурхай загасны тушаалаар” жүжгээс эхлэн 20-иод жил тоглохдоо үргэлж сонсогчдын захидлаар мялаалгаж, “од”, “хит”-ийн хэмжээнд хүрч явж. Нийт 100 гаран жүжигт тоглосон байдаг.
1981 онд УГЗ Чойсонгийн найруулсан “Хүрэн морь” хүүхэлдэйн жүжгийг үзээд бүхэл бүтэн соёлын төв дүүрэн хүмүүс уйлж суухыг харж, өөрөө нулимс унагаж, 57 онд сургуулиа төгсөхдөө хэлсэн үгнээсээ бүр их ичсэн гэдэг. Ч.Лхамсүрэнгийн алдарт найраглалаар тавьсан энэ жүжиг Соёлын яамны оны шилдэг уран бүтээлийн шагнал хүртэж байв.
Дарга Чимэддорж
Гурван жил Хүүхэд залуучуудын театрт ажиллаж театраасаа хөндийрөөд байсан Чимэддоржийг 1996 онд Хүүхэлдэйн театрын даргаар томиллоо. Зах зээлийн шуурганд өртсөн, уран бүтээлчид нь хоёр хуваагдаж хагаралд орчихсон театрыг хүлээн авч элбэн тохинуулах ажилд ханцуй шамлан орж байж. Болдоггүй нэгнийг халж, болох нэгнийг нь ятгав. Солонгосын театр киноны төхөөрөмжийн компанитай холбоо тогтоож, тайз, хэрэгслээ шинэчилж, театраа аж ахуйн хувьд босголоо. “Нарангэрэлт дагина”, “Гэсэр” жүжгийг тавьж, Японы “Сүгинико” хүүхэлдэйн театртыг урьж, хамтарсан тоглолт хийсэн нь нэлээн шуугиан тарьж, уран бүтээл ч сэргэж, хамт олны уур амьсгал ч эрс өөрчлөгдсөн гэдэг.
1998 онд Хүүхэлдэйн театрын даргын ажлаа хүлээлгэж өгөөд өөрийн “Алтан унага” синтез театртаа зүтгэлээ. Хүүхэлдэй, драм хосолсон энэ театрт нь түүний гэр бүл Д.Удвал болон тав зургаан уран бүтээлч ажилладаг. 1995 оны хүүхдийн баяраар хүүхэлдэйн хошин концерт тоглон нээлтээ хийсэн энэ театр “Аминчхан ямаанууд”, “Бушуу туулай”, “Тэнэмэл торойнууд” хүүхэлдэйн жүжиг төдийгүй, “Зуны шөнийн зүүд” драмын жүжиг ч тавьж амжжээ. 15 аймагт аялан тоглож, хөдөө орон нутгийн үзэгчиддээ ч хүрч чадав.
“Тогосмаа, Нарийнжав гээд манай жүжигчид аль ч байгууллага хамт олны цэнгээнд инээд наргиа нэмэхэд бэлэн. Бидний уран бүтээл буцалж байна” хэмээн Чимэддорж гуай ярьж сууна. “Алтан унага” теарт удахгүй Дашдондогийн зохиолоор шинэ хүүхэлдэйн жүжиг тавихаар бэлтгэл ажилдаа ороод байна.
Ийнхүү улсын театрын дарга маань өөрөө өөртөө дарга болж уран бүтээлийн олз омогтой явна.

Thursday, March 22, 2007

ТЕНДЕР

(шог өгүүллэг)
Дугарын хадам эцэг улаан Дамдин шүрэн хамрынхаа хөлсийг бурзайлган, улаа бутарсан амьтан зүүн хоймортоо суух боллоо.
-Өчигдөр орой улаан Дүүлээ нэг шил юмтай ирсэн. Сүүлд нь Нордов панз хоёртой орж ирлүү, яалаа даа байз хэмээн түүнийг будилахад самган нь эгдүүцэн,
-Ногоорсон архичин, хар ус гударч байхаар ганц уут гурил ч болсон нэхдэг байгаа даа гэж намжирдаж байна.
“Дугарынх улаан ухнаа зарахаар тендер зарласан гэнэ ээ” гэх үг сумаар ханиад томуу мэт хурдан тархаж, юмны наана цааныг мэдэх хүмүүс “Дугар зүүн аймгаас чемодан тэвэрсэн залуу л ирсэн. Хадам нь тендерийг мэдэж таарна” гэж сэм хэлцсэнээс ийнхүү улаан Дамдин хаданд гараад буй нь энэ.
Улсын үзэсгэлэнгээс алтан медаль авч байсан сайхан амьтныг гартаа оруулъя гэж бодохгүй ямар монгол хүн байхав. Ноолуур дойлуур хоёр шиг ханштай юм үгүй болсон цагт сайн ухна үнэд орох нь түмэн зөв.
Ухныг Дугарын дунд хүүгийнх нь өмчний мал гэдгийг мэдэх хоёр хүн сэм хөдөлж байна. Мянгат малчин Галт гуай хүүд тетрис тоглоом авч ирэн өвөрт нь хийснээр санаа амарсан бол, гал Мядаг бэлэрхэж Галт гуайгаас нуун моторт дугуй авч өгөв.
Товлосон хугацаа дөхөх тусам, хаана л орно ухнын тендерийн тухай л ярьцгаасан хүмүүс сууж байх боллоо. Дугарын хадам мөнхийн согтуу байх болж “Өнөөдрөөс эхлэн хар “Чингис”-ээс дооших юмыг амсахгүй” гэж агсарч жижиг архитай ирсэн хүмүүсийг хөөж туусан сурагтай. Хүү нь моторт дугуйгаа унаж нисээд хэнд ч гүйцэгдэхгүй байгаа бол Дугар хүн танихаа байсан гэнэ…
Тендерийн товлосон өдөр ирж, сумын соёлын ордонд пиг дүүрэн хүн цугларлаа. Алдар суутай ухнаа зарах тендерийн комиссоо даргалж буй Дугар нэлээд сандарч тэвдсэн байх нь харагдана. Комиссын бүрэн эрхт гишүүн улаан Дамдин сүүлийн хэд хоног туж “Чингис”-дүүлсэн Нордовоор түшүүлэн танхимд морилж байна. Харин бас нэг бүрэн эрхт гишүүнийг Мядаг өчигдөр оройноос хойш хайсаар сумын төвөөс зүүн тийш жаран километр, Бүрдний голоос олж аргадсаар арайхийн авч иржээ.
-За, тендерийг задлах ажиллагаа эхэлснийг та бүхэнд мэдэгдье хэмээн сумын засаг даргын орлогч бөгөөд тендерийн зөвлөх мурий Пэрэнлэй олонд зарлаад ажилдаа орлоо. Зэргэлдээ сумын компанийн захирал Довдон гэгч сая төгрөгийн үнэ өгч бусдыгаа бут ниргэсэн байх аж. Галт гуай тетрис авсан гурван мянган төгрөгөө бодохоос нүд харанхуйлсан бол, Нордов панзын эхнэр бэлэгт өгсөн үйтэн хуараа Дамдингаас буцааж авна гэж нөхөртэйгөө хэрүүл хийж байх нь дуулдана. Энэ мөчид сумын засаг дарга бослоо.
-Улаан ухна бол энэ сумын ард түмний оюуны бүтээл. Тэгэхээр ухныг сумын нутгаас гаргах гэж буй дурак явдлыг би эрс эсэргүүцэж байна гэж тэр хэллээ. Ийнхүү хөрш сумын компанийн захирлыг сумын дарга бут ниргэв.
-Адил таван зуун мянган төгрөгийн үнэ бичсэн Нордов, Мядаг, засаг даргын хадам Бадам гурвыг тендерийн комисс хэлэлцэж шалгаруулна хэмээн Пэрэнлэй зарлаж байна. Улаан Дамдин хэсэгхэн зуур дугхийгээд сэргэн босож ирлээ.
-Нордов бол хэзээний сайн,.. малч удамтай хүн. Ухныг Нордовт өгвөл өсгөж, сумын шилмэл сүрэг түм хүрнэ гэж түүнийг хэлэхэд олон түмэн шуугиад явчлаа.
-Нордовын малч удмыг бид мэдэхгүй гэж нэг нь орилтол, нөгөө нь өлгөн авч,
-Панз удмы нь мэдэхийм байна. Наадах чинь маргааш л ухныг зарчихна гэхэд олон түмэн дэмжин ам амандаа чарлалдана. Сумын засаг дарга дүйвээнийг далимдуулан комиссын дарга руу ууртай дохиж амжлаа. Дугар, дарга руугаа хулмалзсаар босоод,
-За, би сумын мал аж ахуйн түшмэлийн хувьд үгээ хэлье гэснээ, толгойгоо нэг маажаад, Бадам эгчид шилмэл омгийн цагаан ямаа бий. Улаан ухна, цагаан ямаа хоёрын дундаас… гээд цааш ангайтал хүү нь:
-Мядаг эгчид ухнаа өгнө гэж часхийтэл чарлаад хошуугаа цорвойлгоод суучихлаа. Танхимд бөөн дуу шуу болж, хүү аавынхаа ч, өвөөгийнхөө ч, алиных нь ч үгэнд орох шинжгүй тас гэдийж байгаа үзэгдэнэ. Сумын дарга энэ удаа орлогч Пэрэнлэй рүү бүр илүү ууртай дохилоо. Орлогч цочин босож, үймсэн олныг аргадаж байж чимээгүй болгоод,
-Юу,.. Санал тэнцсэн учир хуулийн дагуу комиссын дарга эцсийн шийдвэр гаргана гэж хэлэхэд танхимд ялаа нисэхээс өөр чимээгүй боллоо. Дугар авгай, дарга хоёр руугаа ээлжлэн хулмалзаж байснаа,
-Ба… Ба… Бадам гуайд тендерээ өгөх саналтай байна гэх нь тэр ээ.
Энэ нүгэлт тендер гээч юм болсон орой сум даяар зодоон нүдээн, уйлаан майлаан болцгоолоо. Мянгат малчин Галт гуай даралт харваад эмнэлэгт хүргэгдсэн эхнэр хүүхдүүд нь тойрон уйлалдаж, гал Мядаг нөхөртэйгөө ана мана үзэлцэн шил толиороо шидэлцэж, Нордов панз согтоод улаан Дамдингийн тархийг хагална хэмээн “Чингис”-ийн хоосон авдар тэврэн орилж, Дугар хадамдаа нүдээ таглартал цохиулаад зогссонгүй авгайдаа нүүрээ уруулан чемоданаа тэврэн гудамжинд гарсан байлаа.
Харин тендерийн маргааш тэнгэр тогтуун сайхан орой болов. Гал Мядаг нөхөртэйгөө гар нийлэн лангуу сав, бараа таваараа эмхэлж, бөөн шалбархай хөх няц болсон хоёр нүүрээ харан мишээнэ. Дугарын авгай нөхөртөө хар шөл буцалгах зуураа нүдэн дээрх хүйтэн жингий нь сольж байна. Галт гуайг лам багш үзээд удахгүй босоод ирнэ хэмээн айлдсан бол сумын засаг даргын хадмын ухна угаах найран дээр панз Нордов улаан Дамдин хоёул магнайдаа улаа бутруулчихсан, хар “Чингис”-ийг мэлтэлзүүлэн хундага тулгаж байлаа.

Tuesday, March 20, 2007

ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙН УРИЛГА

УИХ-аас баталсан Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль хэрэгцээ нь дуусаж, хүмүүс хэзээ ч ХЗХ-нд мөнгөө хадгалуулахааргүй болсон тул өөр ижил төстэй байгууллагын тухай хуулийн төсөл шалгаруулах тендер зарлаж байна.
Төсөлд тавигдах шаардлага:
1. Хэрвээ байгууллага дампуурвал УИХ ямар ч хариуцлага хүлээхгүй гэж заавал тусгах.
2. Байгууллага дампуурсан үед гишүүдийн түр хороо байгуулахыг хориглох.
3. Иргэдийн мөнгөө хадгалуулах сонирхлыг маш сайн татсан, гозойтол нь хошгируулах гоё заалтуудтай байх.
Төслийг 24 цагаар хүлээн авна.

Хаяг: Саарал ордон

Tuesday, March 13, 2007

СУУТНУУД СУУТ ҮГ ХЭЛДЭГ

“Үг бол мөнгө. Дуугүй байвал алт”
Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ

“Сэтгэлд бэлгэвч байвал, хөнжилд гал асна”
Л.Гүндалай

“Ардчилсан засаг нэмэх нь компьютер, тэнцүү коммунизм”
В.И.Элбэгдорж

Friday, March 9, 2007

ОНИГОО

Хотын дарга Батбаяр ажлаа тараад гараад ирсэн чинь биеэ үнэлэгч бүсгүй хүрч иржээ.
-Та намайг ав л даа. Хорьхон мянга, тэгэх үү? гэтэл гилжийгээд инээгээд л байх юм гэнэ. Бүсгүй:
-Дахиж буухгүй шүү, хоёрхон мянга! гэсэн чинь Батбаяр дарга:
-Би асуучихаад ирье гээд засгийн газрын ордон руу гүйгээд явчихлаа гэнэ.

Барилга хот байгуулалтын сайд Наранцацралт ТИС-ийн барилгын ангийн дипломын хамгаалалтын үеэр зочлов. Нэгэн оготор даашинзтай охин хамгаалж байна гэнэ. Сайд:
-За, чи барилгын бүтцэд орц, шат, шатны талбайг ямар зорилгоор оруулдгийг тайлбарлаад орхи гэв. Охин нүүрээ даран час улайгаад,
-Сайд аа, та яасан секс асуулт асуудаг юм бэ гэж байх юм гэнэ.

УИХ-ын дарга Нямдоржийг ордны үүдэнд ирэх бүрт нэг гөлөг хуцаж боргоод байх юм гэнэ. Тэгсэн нэг өдөр жолооч нь:

-Үгүй мөн ядаргаатай гөлөг юм аа. Энийг одоо чадхийлгүүлчих үү? гэсэн чинь:
-Кэрэггүй кэрэггүй. Наадхыг чинь ингэхлээр чимээгүй болчихдог юм гээд, хармаанаасаа бялууны өөдөс гарган шовширч дуудаад:
-Күндалай, Күндалай май гэж байна гэнэ.

Хэнтийн нэгэн суманд гучин давхар байшин барьж эхэлжээ. Сумын засаг даргаас нь нэг өвгөн асуув.
-Хөөе, энэ том барилгаар яах нь вэ?
-Өвөө минь манай суманд Буш ирэх гээд байна.
-Пээ, Буш энэ байшинд хонох юм уу тэгээд?
-Үгүй ээ, үгүй, та яасан юм ойлгодоггүй хүн бэ? Орой дээр нь мэргэн буудагч суулгах гэж байгаа юм аа.

Ерөнхий сайд асан Элбэгдорж бизнес эрхлэгчдэд чөдөр тушаа болсон элдэв тушаал шийдвэрийг урж хогийн саванд чулуудсаныг харсан Дорноговь аймгийн нэг хүүхэд хичээл дээрээ ирж:
-Хүүхдийн толгой эргүүлсэн хүчдэлийн томъёо баяртай. Олны толгой эргүүлсэн Омын хууль баяртай гэж хэлээд дэвтрээ урж хогийн саванд хийсэн гэнэ.

Monday, March 5, 2007

ӨТЛӨХ ЗАВГҮЙ ГАВЬЯАТ

(хөрөг)
БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮН
Сумын соёлын ордонд нийслэлийн нэгэн чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн тоглож байлаа. Үзэгч олон уртын дууны уран нугалаанд сэтгэл гэгэлзэж байснаа хошин яриа сонсон элгээ хөштөл инээнэ. Тэгснээ лимбийн цоглог аялгуунд суудлаасаа өндөлзөн догдолно. Ардын дууны донжтой айзамд залуус толгойгоо дохилзуулж байснаа дэргэдээ суух бүсгүй рүүгээ харна. Найраг шүлэгт уярсан настан буурай нар нулимсаа шударч байх нь үзэгдэнэ.
Тоглолтын дараа чуулгынхан дараагийн сум руу гарахаар машиндаа суув. Чуулгын бүх жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ машины ганцхан суудал дээр багтан шомбойтол сууж аваад хөдлөх нь хачин. Тэр бүү хэл тэрхүү ганц суудал нь дүүрээгүй, хотын микроныхон бол дахиад нэг хүн шахаад суулгачих зай элбэг үлдсэн харагдана.
Энэ бол лимбэчин, жүжигчин, дуучин, алиалагч, уран өгүүлэгч, элэглэгч, сийлбэрчин, барималч, тогооч, мужаан “Тогдгор” хэмээх Галсантогтох гавьяат аялан тоглолтоор яваа нь энэ.
-Нэг хүнд ийм олон авьяас яаж заяадаг байна аа? гэж дуу алдвал,
-Бурхан надад ийм их хишиг хайрласанд залбирдаг даа. Бурхандаа залбирч, түмэн олондоо инээд бэлэглэж буян бодож явдаг, ах нь гэж байсан юм.
ЭРХИЙН ТЭНЭГ
Түүний овоглож явдаг хойд эцэг Дашзэвэг нэгдүгээр ангид орох жил нь ээжтэй нь сууж байж. Харин нуудгай эцэг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын “Мурж” Шарав гэх хүнийг нутгийнхан андахгүй. Их ганган, дууч хуурч, жижигхэн биетэй хөх хүн хаа л найр байна тэнд явна. Эцгийн авьяас хүүд ирсэн хэрэг.
Галсантогтох эхийнхээ өвөрт эрхэлж өссөн том толгойтой хүүхэд. Сахилгагүйг нь зүйрлэх аргагүй. Хүүхдүүд “хөгшин” болсон хойноо сургуульд суудаг байсан тавиад оны үе. Манай тархигүй хөх арван настайдаа нэг юм Жанжин Чойрын сургууль бараадсанаа хагас жилээс нь ээждээ эрхэлсээр гарчихаж. Арван нэгтэйдээ дахиад нэгдүгээр ангид орж. Ангийнхнаа тоохгүй том ангийнхантай найзлаад, хичээлээ хийхгүй таваргаснаас муу сурч, бүр гурван жил дараалан улирч нүдний булай болж байж. Харин гурав дахь жилээ яасан ч юм онц дүнтэй суралцаж багшийнхаа нүдийг орой дээр нь гаргаж, 1953 онд арван гуравтайдаа нэгдүгээр ангиа төгсөж эхийнхээ санааг амраасан гэнэ. Багш нь:
-Энэ нэг юмыг чинь таг балай гэж санасан чинь зүгээр л эрхийн тэнэг байж гэж дуу алдаж байжээ.
Ингээд дөрвөн жил онц сурсныхаа дараа Дарханд шилжин иржээ. Сахилгагүй л болохоос биш урлагийн бүх төрлөөр цоорхой. Үйлдвэр албан байгууллага хаа л концерт олон нийтийн ажил болно тэнд Галсантогтох явж, дуулж хуурдана. Хичээлээ анхаарах завгүй болохоор тоогоо мэдэхгүй. Сургуулийн нэр үүрч явдаг сурагч хэмээн багш нар өргөсөөр тав, зургадугаар анги төгсгөлөө.
ЮУ Ч СУРААГҮЙ ТУЛ ЗАЙЛУУЛСУГАЙ...
Тэр үед найрамдлын хотыг дөнгөж л байгуулж эхэлж байв. Хуучин Дархан дахь том дүнзэн байшинд 10 жилийн цор ганц сургууль байх. Энд тэндээс шилжиж ирсэн долоон хэлийн хүмүүсийн хүүхдүүд сурна. Долдугаар ангид алгебр гээч юмны сураг дуулав. Юу ч мэдэхгүй. Дээрээс нь сахилгагүй.
...Урь унаж, мод нахиалсан хаврын өдөр сургууль дээр нэгэн аймшигтай цуглаан болов. Долдугаар ангийн таван бүлгийн 200 шахам хүүхэд эгнэн жагсаад юу болох гэж буйг тааж ядан зогсов. Галсантогтохыг олны өмнө дуудан гаргалаа. “Долоон жил улсын хоол идээд юу ч сураагүй учраас сургуулиас хөөн зайлуулсугай” гэсэн тушаалыг унших нь тэр. Багш нар захирлын тушаалын дагуу “Алгаа таш!” гэх хүнлэг бус тушаалыг сурагчдадаа өгснөөр юу болж байгааг сайн ухаагүй гэнэн томоогүй хүүхдүүд алгаа нижигнэтэл ташлаа. Муу эх нь “муу” хүүгээ хөтлөөд, дарвайтал уйлуулсаар сургуулиас гарч байхдаа юу бодож яваа бол.
Социализм гэгчийн хэнээрхэл чинээндээ тулаад байсан хэрэг. Тэр айхавтар хэнээрхэл л өөдөсхөн хүүг хайрт ээж Шарын Чоёмаатай нь цуг ийнхүү олны нүдэн дээр гутаан доромжилжээ.
ГАЛЧААС МАНААЧ, МАНААЧААС...
Нас нэлээд явчихсан, бие жижигтэй болохоор түүнийг хэрийн ажилд авахгүй зовоов. Ёстой л залуу насны аагаа үзүүлж сэтгэлээ барьж байв. Урлагийн хүн болох өөдрөг сэтгэлийг нь олны нүдэн дээрх доромжлол, ер нь юу ч хугалсангүй.
1963 онд Сэлэнгэ аймгийн Соёлын ордны жүжигчин шалгаруулах комиссынхон гайгүй авьяастай нэгэн залууг шалгав. Жижигхэн хөх залуугийн цээжин дотор “Би чадна” гэсэн итгэл буцалж буйг бүгд анзаарав. Бусад бүх зүйлээрээ тэнцсэн ч өнөөх гайт “Бие жижиг” гэсэн үг дахиад л сонстох нь тэр. Галсантогтох бараг л сөгдөж гуйх шахаж байж Соёлын ордонд галчаар орсон гэдэг.
Галсанжамц гуайгаас эхлээд томчууд тэр ордонд ажиллаж байсан үе. Соёлын ордны хөгжимчин Бадамханд гуайн шавь, хуурай хүү нь болж урлагийн бригадад явна. Хөгжим ноотыг нь зөөхөөс эхлэн номын дуу сонссоор л байв.
Удалгүй “тушаал дэвшиж” манаач болов. Тэсэн ядан хүлээсэн өдөр ч ирж нэг л мэдэхэд дагалдан жүжигчин дээр буучихлаа. Тэр мэдээг сонсоод Сэлэнгийн гудамжаар хөл газарт хүрэхгүй шахам дүүлж явсан гэдэг.
Сэлэнгийн Соёлын ордон хэмээх урлагийн тогоонд чанагдаж ардын дууг дуулж, хөгжимдөх дөртэй болов. Дарханд ирж Залуучууд театрт ажиллаж, шинэ театрын суурь тавилцлаа. 1967 онд цэрэгт татагдсанаар Цэргийн ансамблийн жүжигчин болов.
“УТГА ЗОХИОЛ”-ын СУРВАЛЖЛАГЧ
Галсантогтох гуайг зохиолч сэтгүүлч хүн гэхээр уншигчид гайхаж магад. 1980-аад онд Удвал даргын үед тэрээр Монголын зохиолчдын эвлэлийн хороо гэх том байгууллагын дэргэдэх Ардын үлгэрийн танхимын жүжигчний албыг залгуулж, “Утга зохиол урлаг” сонины сурвалжлагчийн албыг хашиж байжээ.
“Нэг тогооноос хоол идэж байсан ерөнхийлөгчөөс Гавьяат хэмээх энэ эрхэм хүндтэй алдрыг гардаж авах хувь тохиолтой байж” хэмээн тэр хэлдэг.
-Та шагнал өгсөн ерөнхийлөгчөө элэглэж, шоолсон л байгаа даа? гэж түүнээс асуувал,
-Ерөнхийлөгчийг элэглэж байгаагүй. Харин даргаа бол элэглэж байсан. Дээр үед “Тоншуул”-аас зохион байгуулж байсан Уран элэглэгчдийн уралдаанд эрдэмтэн, зохиолч Оюун гуайг элэглээд авсан шүү гээд инээнэ.
Зохиолчдын хорооны хоолыг хороож явсны хэрэг юу билээ, тоглолтынхоо хошин үзүүлбэрүүдийн зохиолыг өөрөө бичнэ. Хаана нь ямар үг шигтгэчихвэл үзэгчдээ инээлгэх бол хэмээн бодол болж явах. Амьдрал дээрээ ч байнга алиалж маазрах дуртай.
-Хүүе, цаана чинь америкчууд дөрвөн мянгатын доллар гаргачихаж гээд огт тоглосон шинжгүй хэлэх түүн рүү хүмүүс гайхан, “тийм ч юм болов уу” гэсэн байдалтай харна. Мань эр:
-Манай хүүхдүүд надад явуулаад аа гэснээ үзүүлэх нь хальт харвал нээрээ л доллар. Тэгтэл түүний нутагтаа хийсэн тоглолтын билет байна.
АМЬДРАЛЫН ИХ СУРГУУЛЬ
-Манай хүн хор шартай. Хүнтэй адилхан гар байна. Юугаар дутах вэ гээд л зүтгэчихдэг гэж түүний гэргий Тунгалагтамир нь хэлдэг. Ханийнх нь үг амьдрал дээр зуун хувь батлагдана. Хүн хийж чаддаг юм бүхнийг хийнэ. Бурхан бүтээнэ. Сийлбэр хийнэ. Нарийн мужааны ажилд гаргууд. Амьдралын их сургууль хэмээх агуу том зүйл намайг энэ бүхэнд сургасан даа гэж тэр хэлэх дуртай.
Галч, манаач хийж явахдаа амьдралдаа нэмэрлэх гэж бурхан болоочийн хөрөг их бүтээдэг байсан нь түүнийг монгол зураг руу хөтөлсөн байдаг. Эрхэм хүнийх нь хөргийг амьд юм шиг бүтээгээд ах дүү амраг саднаас нь урмын үг сонсох шиг сайхан юм хаа байхав.
Болгар бүсгүйтэй ханилж харийн оронд хоёр гурван жил амьдарч үзэв. Бурхан зурвал дээлээ толгой дээгүүрээ нөмрөх цаг үе байсан хэдий ч амьдрахын эрх энэ урлалаар талхны мөнгөө олдог болов. Түүний урласан бурхадыг жуулчид их сонирхож авна. Харьд зохиосон амьдрал нь бүтэлтэй болсонгүй, 1980 онд буцаж ирлээ. Тэгтэл дотоод яаманд дуудагдах нь тэр. Матаас орсон хэрэг.
-Та нар намайг хэнд хэдэн төгрөгөөр ямар бурхан зурж өгснийг батлах баримтаа л гаргаад ир. Би хэргээ хүлээхгүй! гээд тэс хөндлөн зүтгэсээр мултарч байв. Монголын түүхэнд урлагийн хоёр хүн бурхан зурж хэрэгт татагдаж байсны нэг нь болов. Цогт тайж киноны Улаан малгайт, Лувсанжамц гуай бас ийм “хэрэг” тарьсан байдаг.
ӨТЛӨХ ЗАВГҮЙ
Галсантогтох гуайн хадам аав, халхын нэртэй бариач Босоо гуай:
-Надад үхэх зав алга, миний хүргэнд өтлөх зав алга гэж хэлэх дуртай. Түүнд эх орны очоогүй өнцөг булан гэж байхгүй. Баг бүрт очсон гэж ярьсан ч хилсдэхгүй. Монголын хилийн шугамын дагуу армийн генерал Дорж, хошууч генерал Даш нартай хоёр удаа аялан, бүх анги, застав, харуул нэг бүрт нь бууж тоглолт хийж, “Хүндэт хилчин” цол тэмдгээр энгэр мялаасан хилчин. Одоо гурав дахиа тойрохоор гарах гэж байна.
Гавьяат Батсүхийн хамт хийсэн аялан тоглолт нь бас их урт болж байв. Хаваржин, зунжин, намаржин тоглосоор өвлийн эхэнд сард “онгож гандсан” хоёр хүн гэрийн бараа харж байсан байх жишээтэй. Тоглолтынхоо явцад гурван улирал үзээд ирсэн хэрэг. Нээрээ л Галсантогтох гавьяатад өтлөх зав алга.

Friday, March 2, 2007

ХӨРӨНГӨ

(шог өгүүллэг)
Дэлгүүрт хулгай орчих вий гэхээс гозон Нанзаагийн нойр хүрсэнгүй. Үүрээр жаахан зуур дугхиймээр аядсан боловч дэлгүүрийнхээ хаалгыг түгжихээ мартчихаж гэж хар дараад муухай орилон өндийж эхнэрээ цочоон, эргүү маанагаараа дуудуулж аашлууллаа. Зүтгэсээр чүдэнз зурвал тав хагас болж байна.
-Юугаа гөлрөөд суучихав аа, унтаач гэх авгайнх нь уцаартай үг Нанзаагийн чихний хажуугаар өнгөрөхөд тэр ухасхийн хувцаслаад гарч харайлаа. Дэлгүүрийнхээ үүдэнд яаран ирээд хаалга цонх, цоож цуургаа гар чийдэн тусган нэгд нэгэнгүй шалгаж үзэв. Том хар цоожийг баруун тийш, жижиг цагаан цоожийг зүүн тийш ялимгүй хазайлгаж орхисон нь огт хөдлөөгүй, хаалганы даруулга зузаан төмрөөс ороож тогтоосон адууны хялгас яг янзандаа байна. Энэ бүхнийг харж сэтгэл тайвширсан Нанзаа сая л томоо гэгч амьсгаа авлаа.
Харин дэлгүүрийн үүд рүү чиглэн дурайх арзгар ултай хятад гутал, хадаас нь иржийсэн орос цэрэг гутлын мөрийг санаандгүй хараад тэр дуу алдлаа. Сайтар нягтлаад үзвэл довжоон дээр суусан бололтойгоор барахгүй ганц шил юм мултлаад бөглөөг нь үлдээсэн байна. Шалчийтал зажилсан хямд янжуурийн иш, сонинд палбийтал бүдүүн ороосон улаан тамхины үлдэгдэл довжоонд наасныг хараад ногоон Луузан, согтуу Бадарч хоёр ирж гэж таниад, дахин дотор уужирч томоо гэгч амьсгаа авлаа. Гэр лүүгээ пар пар алхлан буцахдаа Нанзаа зүрхээ даран, “Уух газраа олж ядсан хоёр ногоон чинь уушиг зүрх амаар гаргачих дөхлөө” гэж үглэж явлаа.
Нанзаагийнх дэлгүүр нээгээд байгаа нь энэ юм. Шинэ дэлгүүрийн нээлтээс хойш долоо хонож байтал хамаатны охин нь худалдагчийн ажлаа хаяад зугтаачихлаа. Нанзаа хичээлээ тармагц л дэлгүүртээ ирээд, охины хөдөлгөөн бүрийг дагуулан харж, “Шилэн лангуун дээр их юм овоолбол даахгүй. Цахилгаан жингийн товчин дээр аяар дар, элэгдчихнэ. Хариулт илүү өгчихвүүзэй” гэх мэтчилэн үглэж яншаад байсан болохоор аргагүй шүү дээ. Гозон Нанзаа уул нь насаараа хүүхдийн шуугиан чагнаж, чихээ хув болтол элээсэн газар зүйн багш хүн л дээ. Солонгос гэгчид ажиллаад хэдэн жил болж байгаа хоёр охин нь мөнгө явуулаад, “Дэлгүүр нээж аж амьдралаа өөд тат” гэснээс л ийм зовлонтой ажилд хутгалдаад байгаа юм.
Маргаашаас нь хамаатны бус хар элгийн хүн худалдагчаар ажиллуулах болсноор Нанзаа бүр дордлоо. Хичээлийн завсарлагаа бүрээр дэлгүүр лүүгээ дэгдэж ирэх бөгөөд буцахдаа: “Цахилгаан данхаа салгасан уу? САПУ худалдааны төв шиг юм болох вий дээ. Ээ дээ, утас маасалбал аюултай шүү” гэж сануулна.
Дэлгүүр ажиллаад сарын нүүр үзэв. Нанзаагийн нойр хүрэхгүй, шөнө бүр дөрөв таван удаа гүйн ирж дэлгүүрийнхээ лац ломбыг шалган, ойр орчны мөрийг шинжилсэн хэвээр. Нэг үүрээр тэр жаахан зуур дугхиймээр аядаад худалдагч бүсгүй орлогын мөнгөнөөс сэмхэн авч халаасандаа нууж байна гэж хар дараад чарлан босч ирлээ. Авгай нь уурлаж аашилдгаа больчихсон:
-Миний өвгөөн, дөнгөж зургаа болж байна. Амар даа гэсэн боловч энэ үг мөн л Нанзаагийн чихний хажуугаар өнгөрч, дэлгүүрээ эргэх гэж байгаа бололтой чимээгүй гарч явлаа.
Тэр бүтэн сарын турш нойргүй дап дупхийсээр бүр турж гүйцлээ. Өндөр нуруутайг хэлэх үү, шонд дээл өлгөчихсөн юм шиг л горзойтол алхалж явах болов. Дэлгүүр нээсний гучин хоёр дахь өглөөнөө Нанзаа багш сурагчдаар хяналтын ажил хийлгэж сууснаа хоромхон зуур зүүрмэглээд:
-Хүүе, үер! Дэлгүүр үерт явлаа! хэмээн муухай чарлан босч ирснээс “Хөрөнгөтэй хүн унтаж чаддаггүй гэж үнэн юм аа” хэмээн сум даяар ярилцав. Говийн суманд юуных нь үер болохов дээ. Үд өнгөрөхөд энэ яриа Солонгост суугаа охидынх нь чихэнд хүрч, маргааш нь гэхэд л Нанзаагийн эхнэр дэлгүүрээ зарлаа. Хэдийгээр гай зовлон авчирсан дэлгүүрийг далд оруулсан ч Нанзаа нойргүй хэвээр. Дэлгүүрээ зарж олсон хорин сая төгрөгөө дэрэн доогуураа хийн хэвтэх боловч хорьдугаар тогтоол гарлаа гэж зүүдлэн, муухай хашгиран босч ирсээр л байлаа.
Авгай нь Солонгост суух хоёр охинтойгоо хэдэн өдөр утсаар ярьж зөвлөлдөөд арга чаргаа барж, сумын хийдийн ловон Дандгай ламтныг залж, үзүүлж харууллаа. Ловон ламтны айлдсаны дагуу гай зовлон авчирсан хорин сая төгрөгөөр сумын хийдийн өмнө алтан суварга бариуллаа. Тэгсэн хэдий ч Нанзаагийн нойр хүрэхгүй хэвээр. Урьд нь дэлгүүрээ эргэж байсан шигээ шөнө бүр суваргыг эргэн, ойр орчинд нь мөр ажигладаг болов.
Гозон Нанзаа нойргүй хоёр сар болсноос бүр турж гүйцлээ. Одоо тэр уурганы бөгсөнд дээл гогдоод өлгөчихсөн юм шиг л туялзаж явах боллоо.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates