/өгүүллэг/
Юндэн панзыг хот айлын баруун захын том гэрээс гарч тарган хээр мориндоо мордон ухасхийхэд нь зэлэн дээрх охид бүсгүйчүүлээр тогтохгүй намбалаг авгай нар ч түүний зүг сэм сэмхэн харц хаялцгаав. Мядаг гэх аманцар шар хүүхэн:
-Ямар азтай нь энэ ойгүй баян хүний өрхийг татах бол оо гэж өөрийн мэдэлгүй шүүрс алдчихаад, хүн сонсчихов уу даа гэх шиг ичиж улайлаа.
Дөч дөхсөн хэр нь гон бие гозон толгой яваа, бэлтэй эрийг хүүхнүүд шохоорхохоос ч яахав. Панз Юндэнг нутгийнхан нь баян цатгалан гэдэг нь дэндсэн, жаргалдаа ташуурсан амьтан гэж бодно. Аргагүй шүү дээ. Үйтэн хуар дээлэн дээр авдрын нүүр шиг том мөнгөн тольтой итали ширэн бүс бүсэлж, жаран дөрвөн угалзтай луужин гутал өшиглөн, хурдан удамтай сайхан хүлгийг хэдээр нь хэлхэж хөтлөөд, айл хэсэж айраг архи эргүүлж явдаг юм чинь.
“Энэ Юндэн шиг зовлонгүй амьдрах юмсан” гэж зарим нэг нь мөрөөднө. Харин Юндэнд өөр шиг нь зовсон амьтан энэ орчлон дээр байхгүй гэж бодогдоно. Дал гарсан буурал эх Дэжид нь бол түүний өмнөөс шаналж гүйцэж байгаа амьтан.
-Хуучин цагт ч сайхан байж дээ гээд л тэр байн байн дуу алдана.
Эд бараа гэж нүдний гэм. Дэнжийн мянгын захаас орос хромон гутал хоёр зуугаар авсныгаа нутагтаа авчирч бага үхэр болгоод, буцаж хот орохдоо үхрээ найман зуугаар сүнгэнүүлчих бол энүүхэнд байж. Тэгтэл одоо яаж байна. Арьс нь язартлаа таргалсан хэдэн сайхан шар туугаад очиход авах хүн олдохгүй, махны ченжүүдийн аманд багтаж байхав дээ.
Хавар зүүн аймгаас хурдан удмын хэдэн сайхан үрээ хөтөлж ирснээ зарах гэж яаж тамаа цайлаа даа. Зуны гурван сарын турш морины нуруунаас эмээл авалгүй шахам явж, өөрийн сумынх дээр нэмээд зэргэлдээ хоёр сумын зургаа долоон зуун айлаар буугаад арилжиж дөнгөөгүй. Хаврын адаг сард гэрээс гарахдаа улаан хүрэн байсан үйтэн хуар дээл нь цайвар ягаан болчихоод орж ирсэн хүүгээ хараад, Дэжид самган:
-Дээл гандах яах вэ, айл бүрийд нэг лонх гээд бодохлоор чи нийтдээ таван зуун литр хулхи жинхэнэ, хятад орос нь бүү мэд архи гударсан байна хэмээн үглэж угтсан юм.
-Үгүй одоо, ийм бээзнэс эрхэлдэг хүнийг чинь хортой нөхцөлд ажилладаг гэхгүй өөр яах вэ хэмээн саахалт нутаглах авга ах Жуужаа хөгшин нь бас ташуур нэмснийг яана.
-За энэ хэдэн үрээ яахав, тордож байгаад дараа жил аймгийн ойд уячихлаа гэхэд авсан үнээ хэд нугална, харж л бай гэж Юндэн хоёр хөгшний амыг таглах гэсэн нь бүр дордов. Дэжид самган хүүгээ бүсээр нь ташаан дундуур нь ороолгож аваад,
-Хэ цэс, чиний морь уях гэж юу байхав дээ. Хаш хөөрөг авсан үлгэр чинь л болно доо гэж ундууцлаа. Хөөрхий минь бүсээр ороолгох ч гэж дээ, илээд авах шиг, уурлах ч гэж дээ, өхөөрдөж байх шиг л Юндэнд бодогдтол, баруун хоймроос Жуужаа:
-Гурван жилийн өмнө хоёр зуун сайхан хониор хаш хөөрөг авахдаа үнийг нь бардам гурав нугална гээ биз дээ чи? Хаа байна?! гэж зандарч байна.
Өвөр доторх чулуун хөөрөг нь элгэн дээрээс нь халуу оргиулах шиг болоход, “Нээрээ л хаш хөөргийг зарах гэж явахдаа энэ гурван жилд хэдэн сайхан морь элээгээ бол доо” гэж Юндэнд бодогдлоо.
Энэ мэт зовлонг хэлж барах биш. Арван жилийн өмнө Тэрхийн голоос Хандармаа бүсгүйг дагуулж ирээд хэдэн сум дамжин яригдтал цуутай хурим хийсэн ч, жилийн дараа хөөрхий төрхөмдөө буцчихсаныг нутгийнхан бараг мартжээ. “Аргагүй шүү дээ, наймаа хийдэг хүн гэрийн бараа харах биш. Бүтэн жил ханхай гэр сахисан, харин ч тэвчээртэй бүсгүй” гэж Юндэн дотроо Хандармааг өмөөрсөөр явдаг.
Ийн бодолд автаж суутал гадаа тэрэг ирж зогсох чимээ гарлаа. Хот бараадаад сураг тасарсан багын найз нь гэнэтхэн ороод ирэхэд баярласан Юндэн тэр оройжин хууч хөөрөөд ч шавай ханасангүй. Цагаан гэгээ тасрав уу л орондоо орох гэдэг Дэжид самган, Жуужаа хөгшин хоёр хүртэл үгэнд дурлан суугаа хоносныг яана.
-Гүй ээ, мөн сонин юм аа, нээрээ гэж үү? хэмээн хөгшчүүл зэрэг зэрэг дуу алдаж байлаа. “Интернэт гэгчээр адуу мал, хөөрөг бүү хэл машин тэрэг, байшин барилга, газрын тосыг ч арилжаалдаг” гэхийг сонсоод дал гарсан эх, авга хоёр нь бүү хэл Юндэн ч итгэж ядав. Нутагтаа ирээгүй удсан багын найзаа дагаж амьтан ах дүүгээр бууж явахдаа Юндэн “Ер нь тэр, хот хүрээнд очиж сууя. Интернэтийн худалдаа наймаа гэгчийг нь үзээд алддаг хэрэг” гэж эргэлт буцалтгүй шийдсэн байлаа.
...Юндэн панзыг хот айлын баруун захын том гэрээс гарч “Армада” жийпэндээ тэпхийтэл суун хөдлөхүйд зэлэн дээрх охид бүсгүйчүүдээр тогтохгүй нас намбатай авгай нар ч сэм сэмхэн харц хаялцгаав. Хот ороод гурван жил алга болсон цуутай эр гэнэт буцаж ирээд, нутгийн өвгөчүүлтэй золгож яваа нь энэ.
Юндэн нөөтбүүкээ дэлгэн тухлах гэхэд нь Хандармаа:
-Өвгөөн, тэрэгний сэгсчээнд хараа чинь муудчихна шүү дээ гээд түүнийг нь авч цааш тавилаа. Тэр нутгийн хөх уулс руу хараа бэлчээн эгшин зуур бодолд автсанаа,
-Гуравхан жилийн өмнө таван үрээ зарах гээд босоо хооллож, суугаа унтаж, зуны гурван сар дээлээ гандтал айл хэсэж явжээ гээд инээлээ.
-Сая тэгтэл Гачууртад байгаа эдлэнгээ зарахын тулд Алтайн ар хормойгоос хэдэн товчлуур л дарлаа.., гуравхан секунд.., гээд бодолд автлаа. Хандармаа нөхөр лүүгээ энхрий харж, нүдээрээ инээх нь залуу цагийн цог золбоо хэвээр.
-Одоо чамайг нутгийнхан панз Юндэн гэхээ болиод, интернэт Юндэн гэдэг болно доо гээд сайхан цагаан шүдээ ярайтал инээлээ.
Хүйсийн их говь номин цэнхэртэж, алсад зэрэглээ мяралзах нь ус нутаг энэ шинэ нэрийг таашаав уу гэлтэй байлаа.
Thursday, January 18, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment