(шог өгүүллэг)
Сумын засаг даргын чанга дуу цуурайтан, тас түс хийсэн ончтой үгс нь сонсогчдыг эзэмдэнэ. Түүний атгасан гар өмнөө байх индэр дээр пис пүс хийтэл буун, сүр жавхлантай харц нь танхимыг нэвт цоргиход хүмүүс далдичиж байх нь үзэгдэнэ.
-Наян жилийн ой угтсан наян бүтээлч ажлын хүрээнд сумын наян шилдэг улстөрчийг шалгаруулах ажлыг зохион байгуулахаар шийдлээ! хэмээн дарга цогтой мэдэгдлээ.
-Улс даяараа зуун найман улстөрчийг шалгаруулах гэхэд тоо хүрэхгүй бөхчүүдээр онгорхойгоо нөхөж байхад, манай сумаас ийм олон улстөрч олдох уу? гэж нэг бүдүүн дуутай нөхөр хэлтэл,
-Хэн бэ, тэр? паргиа Дампил уу? Зуун найм ная хоёрын хооронд бүхэл бүтэн хорин наймын зөрүү бий. Тоо мэдэхгүй ногоон дурак гэж дарга уурлаж, Дампил нугдайн олны дунд нуугдав.
-Нөхөд минь, наян шилдэг улстөрчийг анх шалгаруулсан сумын дарга гэж, улс даяар манай даргын нэр дуурсах болно. Дарга алдаршина гэдэг та бид бас алдаршина гэсэн үг ээ! гэсээр даргын орлогч, мурий Пэрэнлэй босч ирэхэд хүмүүс шуугиад явчихлаа. Сумынхан тэр аяараа мөрөөдлийн цэнхэр мананд автав. Шилдэг улстөрчийн алтан тэмдэг зүүчихсэн, телевизээр ярьж байгаа аав, нөхөр, хадам нь нүдэнд харагдана. Зарим нь өөрийгөө шилдэг улстөрч болж байгаагаар төсөөлөн мишээв.
Ингээд сумын PR ассоциацийг засаг даргын орлогчоор толгойлуулан байгуулав. Бусад сум өрсчихөж магадгүй тул ажлаа түргэвчлэхийг сумын дарга анхааруулснаар нэн даруй санал асуулга явуулах тушаал буулаа.
-Сумын сургуулийн шинэ захирал, улстөр судлалын “магаастар” Ганболд хүү лекц уншина хэмээн мурий Пэрэнлэй зарлав. Улстөрч гэдэг бол заавал дарга байх албагүй, бусдыгаа манлайлагч, олны дунд нэр хүндтэй багш, малчин, жолооч, уурын зуухны галч гээд хэн ч байж болохыг олон түмэн ойлгож авлаа. “Хамгийн гол нь олны танил байх ёстой” гэснээр захирлын лекц дуусав.
Наян улстөрчийг жагсаан бичих ажил эрч хүчээ авлаа. Гал Мядаг өмнө хойноо суух хүмүүст дэлгүүрийн эзэн нөхрийнхөө нэрийг хамгийн эхэнд бичихийг захиж, бичсэн хүнд гурил будаа зээлээр өгнө хэмээн өндөлзөж, хүмүүс шивэр авир хийхэд засаг дарга хоолой засан чимээгүй болгоно.
Хуралд ирсэн гурван зуун хүнээс шөвгийн арван зургаа тунаж үлдэхэд шөнийн хоёр цаг өнгөрлөө. Сумын дарга тэрхүү бичиг үсэггүй “дурак”-уудыг бүлтэгнүүлэн загнаад:
-Ядаж найман хүний нэрийг хэлсний нь дараа эднийг хөөж явуул гэж байгаа дуулдана.
Үүрийн таван жингээр PR ассоциацийнхан санал тоолох ажлаа дуусав. Санал асуулгын дүнгээр топ аравт хурлын дарга, засаг дарга гэхчлэн сумын бүх дарга орсон нь сайшаалтай боловч ноцтой нь Авдрантаас суллагдаж ирээд сар болж буй сумын атаман хулгар Нацагийн нэр бас бичигдэх боллоо. PR-ийн гишүүд тээнэгэлзэн дарга руугаа харан хулмалзана.
-Хулгар Нацагаас хүн бүр айдаг. Айна аа гэдэг чинь хүндэлж байна гэсэн үг. Монгол даяар хүндлэгдсэн хүнийг топ аравтаа оруулахгүй байна гэдэг дурак явдал гэж сумын дарга хэлснээр асуудал шийдэгдэв.
Харин шилдэг наянын жагсаалтын сүүлийн найман хүн сумын даргын санаанд таарсангүй. Тэр ширээгээ цохин бослоо.
-Энэ найман дуракаас өөр хүн манай сумд алга уу? … Аймаг, сумын аварга малчид бүгд орсон уу? гэж уурлахад орлогч толгойгоо маажин:
-Таван хүн тавуул орсон дарга аа. Багийн аваргуудаас хүртэл биччихээд байна гэж бувтнаж байна.
-Компани, хоршооны дарга нар яагаав?
-Бас гурвуулаа ороод, зарим ТҮЦ-ийн эзэн бичигдсэн, дарга минь.
-Багш нар, бас эмнэлгийнхнээс…?
-Түүхийн багш согтуу Балдан, эмнэлгийн галч бараашиг Галт мэтийн огт болдоггүй есөн хүнээс бусад нь бичигдчихээд байна, дарга аа гэсэн яриа дарга, орлогч хоёрын хооронд болж, нэг нь далдичин толгойгоо маажиж, нөгөө нь хүн хүн рүү муухай харан “дурак”-аа дуудна.
-Ядахдаа энэ хэлгүй, дүлий, оюуны хомсдолтой Нямаагаас өөр хүн олдохгүй байна уу? дуракууд аа! гэж даргыг ширээгээ дэлдэхэд Нямаагийн эгч, бичээч Дулам:
-Топ аравт бичигдсэн хулгар Нацагийг чинь бодвол хүн шиг хүн. Муу дүү минь, хүнд гэм хоргүй гэж хэлээд мэгшүүлэн уйллаа. PR ассоциацийн гишүүд удтал толгойгоо гашилгав. Сумын засаг дарга уурлан,
-Ингээд удаад, дурактсаар суутал өөр сумын дарга надаас өрсчихнө дөө, харж л байгаарай хэмээн бухимдана.
-Бусад сум өрсчихнө гэж айлтгүй. Интернэт Балжирыг хот хооронд битгий яриул гэж холбооны залгагчид өчигдөр анхааруулсан гэж орлогч хэллээ.
Яг тэр мөчид онгорхой цонхны цаана засаг даргын хадам эгчийн тулман хөхтэй цагаан ямаа майлсан нь орлогчийн толгойд мэргэн санаа зурсхийлгэлээ.
-Үндсэн хуулиар хамгаалуулсан буянт сүргээсээ наймхан толгойг энэ жагсаалтдаа яагаад оруулж болохгүй гэж? хэмээн орлогчийг хэлэхэд хөдөө аж ахуй хариуцсан түшмэл Дугар түүнийг тэвэрч аваад шовхийтэл үнсэж байна. Түрүүнээс хойш хурнийчихаад байсан бичээч Дулам хүртэл мишээн:
-Мал ямар, согтуу Балдан шиг амьтны хүүхдийг дүнгээр хясаж архи нэхэх биш. Ёстой зөв санаа байна гэлээ.
-Малаасаа олны танилыг нь сонгоно шүү та минь гэж орлогч хэлж байна.
Ингээд бүсийн даншигт айрагдсан Дүүлээгийн зээрд азарга, шигшмэл малын улсын үзэсгэлэнгийн алтан медальт Дугарын улаан ухна, даргын хадмын цагаан ямаа гэх зэрэг долоон сайхан амьтныг жагсаалтад бичин, харин өнөөх найман “дурак”-аас хэлгүй Нямаа шилдэг наядаа үлдлээ.
Хоёр хоногийн дараа сумын шилдэг наян улстөрчид шагнал гардуулах ёслолыг зохион байгууллаа. Орлогчийн хэлж, сумынхны мөрөөдөж байсанчлан, нийслэл, аймгийн хоёр гурван телевиз радио, нэжгээд сонины сурвалжлагч нар хүрэлцэн ирээд, эндээс ч нэг, тэндээс ч нэг зураг дарж, энд ч нэг, тэнд ч нэг ярилцлага авч байна. Сумын даргаас эхлээд, Дугарын улаан ухна хүртэлх наян шилдэг улстөрч ээлж дараагаар хүндэтгэлийн тавцанд гарч, баярын марш нижигнэн, алтан тэмдэг, цар сэлтээс ойсон нарны гэрэл нүд гялбуулна.
Дугарын улаан ухна шилдэг улстөрчийн алтан тэмдгийнхээ хээнцэр туузыг амтархан идэж дуусгаад, засаг даргын хадмын цагаан ямаан дээр байн байн харайж гараад байсан өчүүхэн зүйлийг эс тооцвол шагнал гардуулах ёслол сүр жавхлантай сайхан болж өнгөрлөө.
Өөрчлөлт бол амьдралын утга учир ём?
6 days ago
2 comments:
Ene oguulgiin chin tsuvral zondoo baidag baikh aa. Omno hi unshij ineej bailaa. Dakhij unshaad dakhia l ineelee. Amjilt erooe ee
unen lag
Post a Comment