(өгүүллэг)
Хоёрдугаар ангид байсан жил. Би ангийнхаа Болд, нөгөө ангийн Энхээ хоёр найзтайгаа орцны довжоог эрээчин модны нүүрсээр байлдаан зурж байгаад, хажуу орцонд байдаг Дагдан захиралд толгойгоо эргэтэл загнуулж билээ.
-Газар эрээчиж болохгүй! Бурхан болоочийг хөдөөлүүлэх газрыг л зурдаг юм! гэж тэр зандарч байсан нь түүнээс хойш үргэлж нүдэнд харагдах болсон юм. Тэр шөнөө зүүдлээд орилж босч ирсэн юмдаг.
Удалгүй хүүхдийн баяр болж бид сургуулийн өмнөх цардмал талбай дээр өнгийн шохойгоор зурж уралдлаа. Би Болдыгоо нудраад,
-Захирал газар эрээчиж болдоггүй гээ биз дээ? гэвэл, тэр маань тээр тэнд зургийн багш хичээлийн эрхлэгч хоёрыг дагуулан явж байгаа захирал руу хараад чимээгүй ангайн бодол болсон юм. Дагдан захирал газар эрээчиж байгаа хүүхдүүдийг сайшаан толгойг нь илж явснаар барахгүй Самдан даргын Чимэгийн өмнө очиж тонгойж байснаа цэцэг зурж өгч байх нь харагдлаа.
Хүүхдүүд тоглохдоо газар эрээчиж болдоггүй, харин хичээл уралдаан дээр бол болдог юм байна гэж би бодоод өнгөрч билээ.
Би тэр жилээ нагацындаа амрахаар очлоо. Хонины дэргэд алсын бараа ширтээд хэвтэж байсан чинь,
-Чулуу бүү дэрлэ! Бурхан болоочийг л чулуу дэрлүүлдэг юм гэж айлын өвөө Дандгай ирж загналаа. Ингэж чулуу дэрлээд байх юм бол ёр нь биелээд би бурхан болооч шиг нүцгэрч үгүйрэх юм байхаа. Тэр оройноо би Дандгай гуай өөрөө шүрэн толгойтой халтар манан хөөргөө дэрэн доогуураа шургуулсан хэвтэхийг харав.
-Дандгай! Та өөрөө чулуу дэрлэчихсэн байна ш дээ гэж хэлээд тавьчихлаа.
-Ёрын юм ярьдаг тархи вэ? гээд босч ирээд цохиод авах нь холгүй байна. Самган нь тэндээс,
-Хош. Ах зах хүний өөдөөс битгий "цор цор" гэж бай! тэгдэггүй юм гэж зандарлаа.
Үдэш нагацынд цугласан томчуул лааны гэрэлд борцтой гурилтай хоол шоржигнотол сорох зуур, “Аймгийн хүүхдүүд ёс мэдэхгүй. Энэ нэг юмны байж байгааг. Онц сурдаг л юм гэсэн… Юугаа сурсан хүн бол оо…” гэх зэргээр намайг гоочилцгоов. Харин би: “Хоолоо шоржигнуулан сорох чинь соёлгүй” гэж хэлмээр байсан боловч ахиад “болохгүй” гэж загнуулахаасаа жийрхээд дотроо бодоод л чимээгүй суулаа.
Хөдөө угаалгын өрөөний цорго гэж байх биш. Сэнжтэй төмөр аяганаас нэг гар дээрээ ус тосоод нүүрээ угаах гэхээр угаасан болохгүй. Дандгайн зээ охин Нараагаар гар дээрээ ус хийлгээд угаахаар л ёстой нар гарах шиг болно. Нэг өглөө тэгтэл нагац харчихлаа.
-Боль! Бурхан болоочийг хөдөөлүүлээд ирсэн хүмүүс хүнээр ус хийлгэж гар нүүрээ угаадаг юм хэмээн зандарлаа.
Хөдөө гурав хонолгүй л гэрээ саначихав. Бүр уймарч гүйцлээ. Энгэр задгай, ханцуйгаа шамлаад айлд орж болохгүй. Малгайгаа буруу харуулж бас болохгүй. Гутлын түрий эргүүлж бүр ч болохгүй, яагаад гэвэл ялтан хүний гутлын түрийг эргүүлээд пайз зүүдэг байсан юм гэнэ. Тостой мах зулгаачихаад амаа цаасаар арчиж болохгүй. Бурхан болоочийг хөдөөлүүлж ирсэн хүмүүс гар нүүрээ цаасаар арчдаг учраас тэр гэх.
“Хэдэн зуун хүн дамжсан бохироос бохир самбай алчуураар амаа арчих юм уу, тэгээд... Зөв харуулж өмссөн саравчтай малгай морин дээрээс амархан хийснэ. Морь үргээж булгиулаад хүн алмаар байна уу, та нар…” гэхчлэн дэмий л дотроо яргана уу гэхээс тэдэнд хэлж чадахгүй.
Тэр жил аав минь удаж удаж нэг юм ирж, намайг авч явж билээ. Илжиг модон хударгандаа гэгчээр зун болгон л морь унамаар санагдаад хөдөө очиж, гэрээ санан санан тэр олон “болохгүй”-г сонсоно. Хөдөөгийн “болохгүй” арай дэндүү их санагддаг байж. Аймагт бол аав ээж минь тэгж алхам тутамд болохгүй гээд байдаггүйсэн.
Энхээ маань захирлын “болохгүй”-г тоолгүй довжоо, шат, талбай тааралдсан газар бүртээ байлдаан эрээчсээр л байсан. Одоо нэртэй зураач болсон. Түүгээр минь зураг зуруулах гэсэн хүмүүс ертөнцийн нөгөө өнцгөөс ч л ирж байдаг гэлцдэг юм.
Болд бол бүр задгай өссөн хүн. Түүний зохион бүтээсэн ханцуй шамлаастай цамц, түрий нь эргэсэн гутлууд, энгэр задгай дээлүүд нь олон улсын загварын тэмцээнээс тав дахь цомоо хүртсэнийг би мэдээгээр сонссон л доо. Тэр хоёр минь үнэхээр алтан аяганаас ус ууж яваа дуулддаг юм.
Гурван жилийн өмнө Болдоос надад илгээсэн гэрэл зургууд дотор ногоолингоор өнгөлсөн усан сангийнхаа хөвөөг дэрлэн усан дотор тарвалзан нүцгэн хэвтэж буй зураг нь байхыг хараад “Муу найз минь чулуу дэрлэж байж буян хишгээ арчих вий” гэж бодохоос бушуухан мод тогшин домнож билээ.
Би ч яахав нагацын мал хараад, өөрөө шөлний хэдэн хоньтой болчихсон, хоосон хонохгүй л явна. Нараатайгаа суучихсан, хэдэн хөөрхөн нусгай бор хүүхэдтэй…
Ийн бодол болж хэвтсээр нагац хоолойгоо засан манайд ороод ирснийг анзаарсангүй. Тэр над руу ширүүн харц чулуудан,
-Гараа салаавчилж хэвтдэггүй юм гэж хэд хэлүүлдгийм! гээд, хүүхдүүд рүү эргэлээ. Хөөрхийсүүд минь бүлтэлзэн чичрээд нагац руу харах нь цочсон бүжин шиг.
-Хэн аягаа хөмөрсөн? Аяга хөмөрвөл хишиг буянаа хөмөрч байгаа юм! хэмээн нагац хүүхдүүдийг минь загнаж гарлаа.
Өөрчлөлт бол амьдралын утга учир ём?
6 days ago
6 comments:
Manaihan huuhdee bolohguigeer humuujuuleh geedbaidgaa boliosoi huuhdiinhee orond ooriigoo tavj uzeesei
Amidraltai goyo uguulleg baina. Stress tailah shig l bollooo. Neeree l baga baihad huduu ochood "tegj bolohgui, ingej bolohgui" gesen ugstei ih dairalddag baij dee.
ih saihan oguulleg baina. za tegeed ter bolohgui ene bolohgui gej heluuleed muudsan l um baidaggui l um bilee. amjilt huseye. ih saihan oguuleg unshlaa
Анонимд:
Болохгүйгээр хүмүүжсэн хүн амьдрал дээр гараад бие даан, зоримог шийдвэр гарган өөрийгөө авч явах тал дээр халирган байх мэдээж гэж би боддог. Бас хүүхдийг бүр дураар нь тавьчихаж болохгүй л байх. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг.
хамаг болохгүйг гүйцээнэ гэвэл нас хүрэхгүй юм шиг байгаа юм, гэхдээ л ардын минь ухаан байх даа, 200 жил манжид уусаагүй шалтгаан нь галаа манаж чадсаных л гэдэг юм. харин одоо бол даяаршиж байгаа нь энэ гээд 20-д жилд л дуусах юм шиг байна.
Анонимд:
"Болохгүй" гэдэг чинь бүгдээрээ манай ардын юм биш ээ. Манж хятадууд манайд шашин оруулж ирж "болохгүй"-гийн тоог нь арав дахин өсгөж биднийгээ хүлцэнгүй болгон хүмүүжүүлж байсан.
Оросын зах дээр монголыг дээрэмдвэл нутгийнхан нь хаячихаад зугтаадаг. Вьетнам хятадууд бол бүгдээрээ нийлээд дайрчихдаг. Нэгнийгээ хамгаалаад амиа алдахаас ч буцахгүй.
Тэгтэл монгол хүн гэж, ичмээр муухай аймхай хулчгар зан гаргана. "Болохгүй"-гийн буруу үүнд их бий.
Post a Comment