Monday, March 9, 2009

НАЙРАГЧИЙН ХАЙР

/егөөдөл/
Би судлаач хүн л дээ. Наян жилийн турш шүлэгч найрагчдын хайрын хандлагыг дагнан судалж байна.
Уншаад байтал, “Халиун согоо шиг хөөрхөн чамдаа Хангайн буга шиг би чинь ирлээ... Марал буга шиг чамайгаа...” гэхчлэн бүсгүй хүнийг эм хүйсийн бугатай зүйрлүүлсэн шүлэг найраг тун олон юм. Сайхан бүсгүйг согоо хэмээн магтлаа гээд бод доо. Бүсгүйн сайхныг магтах гээ юу, эсвэл согоог сайхан гэх гээд байна уу? Захын нэг муу согоо хамгийн гоо амрагаас нь илүү царайлаг санагдаад байгаа учраас, амраг минь согоо ч байсан болоосой гэж найрагч харууссан байна. Найрагчид эмэгчин бугыг гуа сайхны дээд хэмээн шүтдэг, түүнд бүсгүй хүнээс илүү хайртай байх нь.
“Моторын дуу” киноны Даржааг санацгаая. Ханан дээр хадсан галбир гуа эмэгтэйн зургийг хараад “Намрын шаргачин шиг сайхан амьтан аа!” хэмээн дуу алддаг. Яг үүн шиг бүсгүй хүний гоо сайхныг намрын шаргачингаар зүйрлэн илэрхийлсэн шүлэг зохиол бас л цөөнгүй. Тэд намрын тарган шаргачингийн гуя хасыг хараад гижиг нь хүрч, тэсч ядан тэчъяаддаг гэсэн үг. Зохиолчдын жин дарах хэсэг нь эмэгчин зээрэнд унаж тусдаг болж таарах нь.
Чононгоо хэмээх дууг цэцэрлэгийн мөлхөө ангийн багачуудаас эхлээд, тэтгэврийн суугаа дамжааны өтгөс уяран сонсож байна. Энэ дууг зохиогч нь хатагтай чонод яалт ч үгүй ухаан алдан дурлажээ. Хамгийн ялдам энхрий эмэгтэй түүнд гичий чонын үзэсгэлэн гоог санагдуулж байна шүү дээ.
Амьдралд тар түрхийх явдал байлгүй яахав. Амрагаа матартай зүйрлэн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх яруу найрагч мэр сэр байдаг. Хэрэг дээрээ тэд матрыг боддог гэдгээ өөрийн мэдэлгүй илчилжээ. Манай яруу найрагчдаас хар тивд очиж матарт бариулж нас нөгчсөн дуулдвал, хөөрхий, хайр сэтгэлдээ шатаад гүйж очсоныг цаад тэнэг эм матар нь ойлгосонгүй гэж бодоорой. Харь улсын матар монгол хэл мэдэхгүй шүү дээ, чааваас.
“Хун цэн шиг бүсгүйтэй Хуртай зунаар учирлаа” хэмээн нэгэн яруу найрагч дуу алджээ. Яасан овсгоотой, цог зальтай эр вэ? Тэнгэрийн жигүүртнийг газарт унатал нь хошгируулсан байна! Энэ баримт яруу найрагчид хурмастад цойлж, жигүүртэнд хайраа илчилдэг болохыг нотолж байна. Гэтэл энэ юу ч биш аж.
Бас нэгэн шүлэгт “Дэнгийн эрвээхэй шиг тогтворгүй Дэндүү хөнгөмсөг бүсгүй чи...” гэсэн нь бий. Энэ баримт судлаачдын толгойг олон жилийн турш эргүүлж байгаа. Найрагч эрвээхэй хоёр хэрхэн яаж биенээ таалах вэ? Найрагчдын бие эрхтэн хэт жижгэрч байна уу, эсвэл эсрэгээрээ эрвээхэйн бие хаа аварга том болоод байна уу? Учрыг олох тун ярвигтай. Ийнхүү найрагч эрвээхэйд хайртай болохыг баталсан нь шинжлэх ухаанд томоохон нээлт болсон юм.
“Учиг сүвлэх сүмбэн хуруу Уянга өргөх лимбэн хуруу” гэх найргийн мөрүүд юуг өгүүлнэ вэ? Амьтай голтой хүний хурууг хөх төмөр, хөндий модоор орлуулна гэсэн үг. Энгийн эрчүүд энхрий ялдам хуруугаар илбүүлж таалуулан хайраа илчилдэг байхад, найрагч эрчүүд хурдан бууны сүмбэ, хулсаар цоргисон лимбэ хоёроор маажуулан уярдаг болж таарах нь, ээ бүү үзэгд! Араатан жигүүртэн яая гэх вэ, эд хогшилд хайр сэтгэлтэй болох гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Тэднийг харсан сайхан бүсгүй болгондоо дурладаг, хүүхэмсэг гэлцдэг. Энэ бүх яриа шинжлэх ухааны үүднээс няцаагдаж байна. Найрагчид хүүхэмсэг биш, согоосог, шаргачинсаг, гичийсэг, матарсаг, хунсаг, эрвээхэйсэг, түүгээр ч барахгүй сүмбэсэг, лимбэсэг хүмүүс ажээ.

Tuesday, March 3, 2009

Онигоо

Багш Тулгааг дуудаж, самбарт гаргав.
-Тулгаа, өдрийн дэглэмээ ярьж өг!
-Би өглөө босоод, ухныг арчаад, ундаа уугаад, хичээлдээ явдаг. Хичээлээ тарж ирээд, ухныг бушуухан арчаад, ундаа уугаад, тоглодог. Дараа нь дахиж ухныг арчаад, хичээлээ хийдэг. Орой хоолоо идээд, ухныг арчаад унтдаг.
-Пөөх, танайх ухнатай юм уу?
-Үгүй хаалга арчдаг юм аа. Аав Их хурлын гишүүн болсноос хойш хүүхдүүд хаалган дээр ухна зурчихдаг болсон.

Эдийн засагч Дашзэвэг гуай дээр нэг эр ирээд “Хямралын хэцүү үед хэрхэн жижиг дунд үйлдвэртэй болох вэ?” гэж асуув. Дашзэвэг, “Тэр их амархан. Том үйлдвэр худалдаж аваад, төрийн өмчийн хороонд өгчих. Удахгүй жижиг болно гайгүй” гэжээ.

Ядуухан нөхөртэй сууж, насан туршид нь зовоосон, ааш муутай баян хижээл авгай бөө дээр очоод залуу болох арга зааж өгөөч гэв. Бөө “Төв шуудангийн оройд байдаг цагийн зүүг эсрэг эргүүл. Хэдий их эргүүлж чадна, төдий чинээ залуужна” гэжээ. Авгай муу нөхрөө аашилж загнан, дээш нь авируулав. Нөхөр нь гараад л эргүүлээд байж, эргүүлээд байж. Нэг хартал тээр дороос авгай нь жаахан охин болчихсон “Арай хэтэрчихлээ! Жаахан буцаа!” гэж чарлаж байна гэнэ. Нөхөр улам цааш нь заналтай эргүүлж, “Хадам ээжийн гэдсэнд буцаад ортол нь эргүүлээд, үр хөндүүлчихнэ дээ, чамайг муу шулмыг” гэж дотроо үглэж байна гэнэ.

Saturday, February 28, 2009

Онигоо "Ерөнхийлөгч тусална"

Цагаан сараар Гүндалайгийн охин нөхөр болох гэж буй залуугаа дагуулж иржээ. Гүндалай шинэ хүргэнээсээ хэдэн зүйл асуув гэнэ.
-За, хүргэнд нэр дэвшигч минь! Манай охин долоо хоног бүр Париж нисч үсээ засуулдаг. Чи зардлыг нь дийлэх үү?
-Ерөнхийлөгч тусална.
-Манай охин сар бүр шинэ машин сольдог. Хүргэнд нэр дэвшигч чамд ийм бэл бий юү?
-Ерөнхийлөгч тусална.
-Сайн байна. Ингэхэд чи ерөнхийлөгчийн ач нь уу, зээ нь үү?
-Үгүй ээ, хүргэн нь болох гэж байна. Та ерөнхийлөгч болно гэдэгтээ 100 хувь итгэлтэй байгаа. Би ч бас хүргэн болно гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна л даа!

Monday, February 16, 2009

Суутнууд суут үг хэлдэг /2/

Мориноосоо буулгүйгээр ертөнцийн талыг эзлэх амархан
Мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү


С.Баяр

Monday, February 9, 2009

Хонгорыг хөгжүүлэх төлөвлөгөө

Хонгорыг цаашид хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг талаар УИХ хэлэлцжээ. Эрхэм гишүүд удаан маргалдаад, тамхи тариалах болов. Тэндээс хураасан түүхий эдээр үйлдвэрлэсэн янжуурын хайрцган дээр “Эцсийн удаа анхааруулъя! Тамхи хортой!” гэж бичээд, “Эс Эс” клубээр дамжуулан борлуулж байхаар шийдэж гэнэ.

76 ухнын хууль

37 ухна + 39 ухна = 76 ухна
39 ухна + 37 ухна = 76 ухна

Ухнуудын байрлалыг солиход ухнуудын нийлбэрт өөрчлөлт гарахгүй
/Хий Хаа гоорын теорем/

Wednesday, February 4, 2009

Од болохын учир

/шог өгүүллэг/

Ард түмэн тэднийг мартчих гээд байгаа учраас хөөрхий улстөрчид байнга хэрэг төвөгт орж, сонин хэвлэлийн од болохоос өөр аргагүйд хүрдэг байх юм. Мартагдана гэдэг улстөрчийн хувьд үхэл учраас тэр.
Олны нүд хаашаа чиглэнэ, тэнд дэвхэрч цовхорч өөрийгөө сануулж байдаг мэдрэмжтэй улстөрч бол Гүндалай. Хэд улирсан хашир гишүүнд гадаад руу сэмхэн гарчих нүх сүв, танил тал байж л таараа. Гэтэл гэгээн цагаан өдрөөр онгоцны буудал дээр баригдаж цамцаа уруулж, хацраа маажуулж, бөөн шуугиан болно. Цууд гарч од болж байгаа нь энэ. Ард түмэн “Хөөрхий, гишүүн минь” хэмээн шогширч, бүтэн намаржингаа ганцхан Гүндалайг л яриастай. Яриа татрах үест аргаа өөрчилж, Ард түмний нам байгуулан гудамжинд гуагална. Тэгснээ гэнэт больж, хуучин нам руугаа нутаг гүйсэн адуу шиг таварган ирж сэтгүүлчдийг уйлуулна. Арга ядахад бэлгэвчний аян зарладаг давхар мэхтэй. Сүүлийн сар түүнд шуугиан тарих аян шалтаг олдохгүй толгой ихэд гашилсан юм. Дахиад завьтай алга болъё гэтэл Хөвсгөл далай тэс хөлдүү. Аргаа барахын алдад сэрхийтэл мэргэн санаа ирж, “Ерөнхийлөгчид дэвшинэ!” гэж чарлалаа. Зүүдэнд ч ерөнхийлөгч болж үзэгдэмгүй хүн ингэж том донгодохоор өнөөх ард түмний чих байдгаараа дэлдийж, бүгдийн анхаарал түүн рүү чиглэлээ. Гүндалай гэх нэрийг үргэлж цуурайтуулж, торомгортоо давхраа зүсүүлж, сортгортоо бэлгэвч тохож явдгийн хүчинд тэр Их хурлын гишүүний сэнтийд мөнхөд залаастай байна.
Улстөрчдийн үр хүүхэд хүртэл сануулах үйл хэрэгт татагдан орж байна. Нарантуул захын эзний хүүхдүүд эцгийнхээ нэрийг дуурсгахын тулд хар тамхи угзарч үзэв. Өмнө зөвхөн алаан хядаантай дэлгэцнээс л олж хардаг байсан тэр зүйлийг ард түмэн сортойтлоо гайхах нь гарцаагүй хэрэг. Энэ хэргийн шүүх хурлын тов хойшилсныг зарлах тоолонд Сайхансамбуу гэдэг нэр улс орон даяар цуурайтаж байсан юм. Ийм далайцтай сурталчилгааны ачаар тэр Их хуралд гарсан. “Эс эс” хэмээх уушын газартаа ах дүү амраг садангуудыг хороо хориноор нь хоморголон хордуулж нэрээ дуурсгасан нь эрхэм гишүүн сануулах ажилдаа мэргэшиж буйг гэрчилсэн билээ.
Цахиур Төмөр шиг арван дөрөвхөн адууны хэрэгт орооцолдож од болдог үе өнгөрсөн болохыг мэдэрч чадсан ухаантай хүү бол Хүрэлсүх. Тэр хэдэн аймгийн адууг сууриар нь хуу хамаад авчих мөнгө болох арван дөрвөн тэрбумын хэрэгт холбогдон нэр хүндээ суга өсгөж, намын чухал албанд суга дэвшсэнийг түмэн олон бүлтийтэл харсан билээ.
Ерөнхий сайдыг хар л даа. Мартагдахгүйн тулд эрүүл мэндийн дэд сайд, царайлаг бүсгүйтэй холбоотойтой ч юм шиг, холбоогүй ч юм шиг баахан бичүүллээ. Хүмүүс уйдаад, жиг жуг яриа татрах аятай болмогц загвар өмсөгч охинтой учир ургасан гэгдэж шуугиулахыг оролдов. Энэ ажиллагаа нь бас л нэг их шальтай болсонгүй. Ард түмэн түүнийг ахиад л мартагнах шинжтэй. Эцэст нь хөөрхий, аргаа бараад мориноос унаж од боллоо шүү дээ!
Арвин гишүүн ширээгээ ахин дахин балбаж, тэр тоолонгоор нь ард олон цочин сэрж түүний нэрийг эргэн санаж байсан. Нямдорж дарга хашир хүн болохоор сонгуулийн жил хууль засч од болон гялалзсан. Ийм ухаалаг алхмынхаа хүчинд тэд дахин сонгогдсоноор барахгүй, нэг нь сайд, нөгөө нь дэд хорооны даргын суудалд авираад, аж амьдралаа улам ахиулан дэвжүүлж сууна. Гантөмөр тун гайхамшигтай санаа олсон байдаг. Том хар тэрэгний эсрэг аян зарласнаар тэр ард түмэнд өөрийгөө таниулсан. Эрхэм гишүүд одоо хотынхны нүдэнд харагдахын тулд намхан хар тэрэг нэмж нэг нэгийг авцгаалаа. Энэ аянаараа Гантөмөр нэг сумаар хоёр туулай буудаж, гишүүн ч болсон, хос тэрэгтэй ч болсон.
Үнэг Батаа гэгч улстөрч сануулах үйлсэд тулгуур дохио гэх сурганы шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлснээрээ түүхэнд үлдсэн. Үнэг гэж хэлэх, үнэгний зураг харагдах, үнэгтэй үлгэр унших тоолонд л Батаа гэдэг нэр сэртхийтэл толгойд орж ирнэ. Даанч өнгөрсөн сонгуульд тойрог олдоогүй болохоос нэр дэвшсэн юм гэхэд тэр заалттай сонгогдох байлаа. Үнэг бүх үлгэрт гардаг тул Батаа гэх нэрийг ард түмэн хэдэн зуун улирсан ч мартахгүй. Цагаан толгойн номын “Ү” үсэгний дэргэд үнэгний зураг хаддаг байснаа больж, Батаагийн зургийг нийтэлдэг болох оновчтой санааг зураач нар олоод байна.
Ийнхүү эрхэм улстөрчид маань ой тогтоол муутай, мартамхай биднээс болж элдэв муугаар хэлүүлж, онигоонд орж, зовж шаналж явна. Улс төрийн товчоо, Төв хорооны гишүүдийн нэр овог, албан тушаалыг нэг ч үсэг гээлгүй цээжлүүлж, шалгалт авдаг асан хуучин сайхан цагийн туршлагаа эргэн сэргээе. Далан зургаахан хүнийг цээжилж ядах юу байх вэ. Эрхэм гишүүдээ зовоохоо больцгооё, ард түмэн минь ээ.
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates