Г.Амартүвшин
Бурхан хүний ертөнцийг бүтээхдээ хэрэгцээ гэдэг дээр нь хязгааргүй гэх тодорхойлолт хийсэн гэдэг. Материаллагийг нь ч яах вэ, ингэсгээд орхичиход нэг өдөр болох л байлгүй гэж бодох юм. Харин оюуны хэрэгцээг тоочихоор ёстой л шуналын шулам нь мөрөн дээр суучихаад тархи амраахгүй нь сонин.
Гудамжаар алхахад хүн бүр л бодлого боловсруулж, эсвэл улстөржсөн байдалтай алхах болж. Би ч ялгаагүй дээ, ажил руугаа орж ирмэгц нөгөө уул уурхайн салбараар юу болж байна, шинэ мэдээлэл гарч уу гээд л. Үгүй бол Сангийн яам цоорхой төсвөө яаж нөхөх гэж байгаа бол, удахгүй хувьцаа эзэмшигч болно, яавал дээр вэ гэхчилэн бас л чухал царайлж эхэлдэг. Өглөөнөөс үдэш хүртэл шүү. Хэдийгээр хийх ёстой ажил ч гэсэн хааяа ч болов тархиа сэргээж, дуртай дуугаа сонсох юм уу, блогчдын нийтлэлийг уншдаг. Гэхдээ дунд сургуульд байхдаа англи хэл заалгаж байсан минь яамай даа. Хэрвээ бага зэрэг гадарладаггүй байсан бол гадаад сайтууд ухаад ч нэмэргүй. Гэтэл тархиа сэргээхээс гадна гоо сайхны таашаал авмаар байдаг. Тэр болгон ном худалдаж авах боломжгүй байтал юм уншмаар болоод. Байгаль дэлхий гэдэг хязгааргүй ертөнцийн сонин хачнаас судлах дуртай ч, үсрээд л Google-ийг ашиглахаас хэтрэхгүй. Хүний ганц дутагдал нь мэдээллээр цангахыг ёстой нэг тэвчихгүй дээ. Гэхдээ болоогүй ээ, аль болох нэг дороос өөрийгөө зовоолгүй, бүхнийг мэдээд, дуртай дуунуудаа дарааллаад нэг сүлжээнээс сонсчих санаатай, даврахыг нь яана. Өөрөөр хэлбэл манайд энтертайнментийг жинхэнэ утгаар нь харуулсан, ийм сонирхолтой хүмүүсийг нэгтгэчихээр зүйл дутагдаад байсан юм. Гэхдээ энэ нь шар мэдээлэл биш. Энтертайнмент гэдэг нь их өргөн агуулгатай, тайлбар хийе гэвэл багагүй цаг зарцуулах тул хамгийн энгийнээр хүмүүс чөлөөт цаг гарвал, эсвэл сөрөг энергиэс гарахын тулд таашаал авдаг ямар нэгэн зүйлээ хийх гэж ойлгож болно. Манайхан үүнийг ихэнхдээ хэн нэгэн одын хувийн амьдрал, сенсааци тарьсан үйлдэл мэтээр ойлгодог. Энэ нь энтертайнментийн нэг хэсэг хэдий ч, мэдлэг боловсрол, хүмүүжил ухамсар, сэтгэлзүйд нөлөөлдөг эерэг зүйлсийг нь тэр бүр нийтэд хүргэдэггүй аж.
3D киног яах вэ, үзэхээрээ л нэг болсон. Ёстой сонирхолтой эд дээ. Харин олон хэмжээст зургийг сонин сэтгүүл дээрээс үзэж байсан ч, хамгийн шилдгүүдийг нь нэг дороос харсан удаагүй. Харин саяхан waw.gogo.mn-ээс харлаа. Улаанбаатарын аль нэг томоохон гудамжинд ийм бүтээл байвал хэн ч байсан явах замаасаа хазайж, заавал дээгүүр нь алхах байсан даа. Зүгээр л цахим хуудаснаас харахад толгой эргэж, хөл алдмаар юм шиг санагдаж байгаа юм чинь, бодитоор нь үзвэл ёстой янзтай байх аа. Манайхан үүнийг сонирхох хэрэгтэй. Хэрвээ үүнийг зөв таниулж, урлаг гэдэг талаас нь ойлгуулж чадвал орон сууцны хана туурган дээр элдэв зүйл сараачин, хамаа замбараагүй будаг цацдаг залуус нийлж байгаад Энхтайваны талбайд маш гоё 3D бүтээл туурвиж ч магадгүй юм. Тэгээд баар, пабад суухаас өөр хийх юмгүй гэж адлуулдаг залуус тэнд очиж сонирхож байг.
Трапецан өмдөөр гангарч, гитар дарсан шигээ “Улаанбаатарын үдэш”-ийг аялдаг байсан 70-80-аад оны “орцны найзууд” алтан үеэ дурсахын тулд “River Sound”, “Эргэн дурсахуй”-д орохоос өөр цугларах газар манайд тэр бүр байхгүй. Тэр үеийн бэлгэ тэмдэг болж байсан “Smokie”, Эдит Пиаф, “Modern Talking” эсвэл Сан Ремогийн “ориг” бичлэгүүд одоо олдоно гэвэл, бараг бүтэхгүй дээ. Гэхдээ youtube.com-оос үзэж болох ч, хурд багатай интернеттэй бол хүлээхийн зовлон гэж нэг юм бий. Тэгээд ч чанартайг нь олох гэсээр байтал овоо ажил өрнөнө. Харин waw.gogo.mn-д үүнийг эцсийн бүтээгдэхүүн болгож оруулсан байна лээ. Дуу, дүрсний гаралт нь ч ярих юмгүй сайн.
Гэрэл зураг гэдгийг урлаг талаас нь аваад үзвэл маш нарийн мэдрэмж шаардсан, сонирхолтой зүйл. Аппарат бариад дахин давтагдахгүй агшныг буулгахаар хичээдэг сонирхогч олон бий. Зарим нь олон жил зураг дарсаар мэргэжилтнүүдээс дутахгүй болсон байдаг ч, дөнгөж сонирхож эхлээд, өчигдөрхөн аппарат хэргэслээ авсан нэгэн ч байна. Гэтэл объект сонгох мэдрэмжтэй хэрнээ техникийн туршлага дутуу бол хүндрэлтэй. Хэрэв тийм бол waw.gogo-ийн электрон номын санд ороод үзэхэд илүүдэхгүй.
Амьдрал жижигхэн ч сонирхолтой, хөгжилтэй, гэм хоргүй зүйлээр дүүрэн байвал илүү хялбар, стрессгүй үргэлжилнэ. Байрныхаа ханыг зочиндоо биш өөртөө зориулан чимэглэж, ядруухан орцтой ч саламгүй амттай хоол хийгээд л, эсвэл бүр базаад шидсэн цаас хүртэл хөлбөмбөг шиг харагдахаар байвал ямар вэ. Мөрөн дээрх бөндгөр дотор уг нь гайхалтай шийдлүүд байнга төрж, хөгжиж байдаг ч дэндүү давчуу нийгмээс биш хэтэрхий завгүй зуршлаас болж нээж гаргаагүй юм байна гэдгийг сая л ойлголоо. Гэхдээ нэг зүйлийг зөвлөхөд заавал өөрөө өөрийгөө нээх гэж бясалгаад байлгүй хааяа бас “будаа идэх” хэрэгтэй байх. Тэгээд ч шинийг сэдэж, бүтээж туурвих чинь үнэн чанартаа бусдын төлөө л байдаг юм.
Ингээд бодохоор энтертайнмент гэдэг зүйл даанч өргөн утгатай байгаа биз. Тэгвэл манайд анх удаа энтертайнментийн их дэлгүүр үүд хаалгаа нээж байна. Худалдан авагч, хэрэглэгчид энэхүү дэлгүүрээс хүссэн үйлчилгээгээ, тодруулбал мэдээллээ үнэгүй авах боломжтой. Ертөнцийг өөдрөгөөр харж, гоозүйн боловсрол эзэмшиж, таашаал аван, ертөнцийг таньж мэдэхийг хүссэн бүх насныхан waw.gogo.mn гэх энтертайнментийн их дэлгүүрт нэвтэрч болох нь ээ.