Monday, November 8, 2010

ТУСГАЙ САЛАА ҮЗЭГЧДЭДЭЭ БАЯРЛАЛАА

Уран бүтээлчид бидний бүтэн жилийн турш хөлсөө урсгаж, нойр хоолоо хасч байж хийсэн бүтээлийг шимтэн үзсэн эрхэмсэг үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүгдийн хэлсэн халуун дулаан үгнээс “Тусгай салаа”-ныхан бид асар их эерэг эрчмийг авлаа.

Орон нутагт аялдаг тээврийн тэрэгнүүд Тусгай салаагаа үзэхийг хүссэн зорчигчдын шаардлагаар замын буудалд цаг мөчийг тааруулан зогсолт хийдэг болсон гэж нэг хүн надад хуучилж билээ. Аль ч албан газар, байгууллага руу яваад ороход “Дэндэв өчигдөр мөн холиолоо шүү”, “Тэр Тамираа гэж балай хартай золиг юм аа” гэх яриа болж байх нь чих дэлсдэг байлаа. 1150 бээрийн алс, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаас Улсын тэргүүний уран сайханч, морь цоллооч Д.Атарбаян анд минь утасдлаа. “Тусгай салаа минь дуусчихлаа. Оройд хүлээх зүйлгүй, сэтгэл гансраад...” гэж хэлж байх юм. Бидний уран бүтээлийг орой бүр тэсэн ядан хүлээж, анхааран үзэж, шүүн хэлэлцэж байсан тань дараа дараагийн бүтээлээ хийх цэнэг болдог билээ.

ТУСГАЙ САЛААНЫ ДАЛД ФРОНТЫН ДАЙЧИД

Өөрсдийнхөө уран бүтээлийг дөвийлгөж, онгироо зан гаргалаа гэж уншигч та намайг бүү зэмлээрэй. Энд би Тусгай салааны далд фронтын дайчид болох уран бүтээлийн багийн тухай өгүүльюү гэсэн юм.

ИТГЭЛ ТӨРҮҮЛЭХ ЭРЧ ХҮЧ

Долоон настай хүү “Ерөнхий продюссер гэж хэн юм бэ?” гэж буурал ааваасаа асуухад, “Киноны удирдагч” хэмээн хариулахыг би нэгэн айлд сонссон юм. Өөр яаж оновчтой илэрхийлэх вэ гэж би хэсэг зуур бодоод ардынхаа ухааныг биширч билээ. Нээрээ л ерөнхий продюссер хийнэ гэдэг хэн хүний барж идэх ажил биш. Хамгийн чухал шалгуур бол ивээн тэтгэгчдэд итгэл төрүүлэхүйц хүн байх ёстой. МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь гэх нэрийг сонсоод хэнд ч итгэл төрдөг. Энэ хүн Монголын улс төр, бизнес, соёл урлагийн ертөнцөд өөрийн нэр хүндийг бий болгож чадсан. Түүний өөртөө итгэлтэй, эрч хүч дүүрэн төрх, цэгцтэй логиктой яриа нь аль ч том банкны захирал, ямар ч том компанийн эзэн, хэн бүхэнд бишрэх сэтгэгдэл төрүүлдэг. Зохиолыг хэнээр бичүүлэх, киног хэнээр найруулах гэдгээс эхлээд бүх багаа энэ хүн мэдэж сонгоно. Ивээн тэтгэгчээр ямар байгууллагыг оруулахаа шийднэ. Нийгэмд ямар мессеж хүргэх вэ, монголын үзэгчид юуг хүлээж байна вэ гэдгийг мэдрэх хэрэгтэй болно. Ингээд бодохоор эхэнд өгүүлсэн настан буурлын хоёр үгтэй тодорхойлолт яалт ч үгүй бодит байдалтай нийцнэ.

МҮОНТ-ийн захирал, Тусгай салааны Ерөнхий продюссер Ц.Оюундарь гэх эрхэм хүн байгаагүй бол “Хэцүү анги” ч, “Тусгай салаа” ч цаасан дээрээ л үлдэх байсан.

НҮДТЭЙ НАЙРУУЛАГЧ

Тусгай салааны Ерөнхий найруулагчаар Ж.Батбаяр ажиллаагүй бол Дэндэвт минь хэн тоглосон байх бол гэхээс би айдаг. Магадгүй хэт хошин тал руу хэтийлгээд холион бантан хутгачихаж ч мэдэх байсан. Найруулагч жүжигчднийхээ царай төрх, үг хэллэг бүх зүйлийг яв цав тохируулж сонгож чадсаны ачаар дүрүүд үзэгчдийн сэтгэлд хоногшлоо. Батбаяр маань үнэхээр нүдтэй найруулагч гэж магтъя даа. Бид хоёрын хооронд болсон нэг яриа санаанаас гардаггүй. Би Сүлдийн ээж Жавзмаагийн дүрийг зөөлөн ааштай, үрээ гэх эхийн сэтгэлээр Сүлдийг эрхлүүлж, дотроо уйлан нөхрөөсөө аядуу нам дуугаар гуйдаг байхаар тодорхойлсон байсан. Тэгтэл Батбаяр “Жавзмаа шөвөлзөх ёстой. Тэгж байж л Жавзмаа, Даваа хоёрын хооронд контраст гарч ирнэ” гээд өөрчилж билээ. Энэ шийдвэр зөв байснаа харуулсан. Энэ мэт маш олон зүйл дээр ерөнхий найруулагч маань бүтээлчээр хандаж, оновчтой санаануудыг гаргаж ирж байсан.

АЛТАЙ ШИГ ТҮШИГ

Мань мэтийн будааны хүүхэд нэрийг нь сонсоод биширдэг Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОНТ-ийн бурхан найруулагч Будын Жаргал гуайтай хамтарч ажиллах болсондоо би их баярлаж билээ. Киноны зөвлөх найруулагч Алтай шиг түшигтэй энэ хүн бидэнтэй хамт суугаад дүрийн сонголт хийж байхдаа “Дэндэвийг хэр баргийн хүн гаргаж чадахгүй шүү. Хэдүүлээ Дэндэвээ л зөв сонгоно шүү” гэж ахин дахин хэлж байсан. Өдөрт 10 сценийн зураг авалт хийнэ гэдэг хэр баргийн чадалтай залуу давахгүй хүнд ачаалал. Зураг авалтын үеэр Жаргал ах маань залуучуудаа дайрч унагахаар эрчтэй жавхаатай гүйж явдаг байж билээ.

ХОЁР ЭРКА

Тусгай салааны ерөнхий редактор Д.Эрдэнэцэцэг, гүйцэтгэх продюссер Л.Эрдэнэтуяа гэх хоёр бүсгүйг хоёуланг нь Эрка гэж дуудацгаадаг. Хоёр Эрка маань киноны туршид хэдэн пүүгийн жин хаясан бол доо. Эрдэнэцэцэг эгч маань 013 дугаар анги дээр очиж киногоо хянах, МҮОНТ дээр ирж Хүүхдийн нэвтрүүлгийн албаа залгуулах гээд хоёр тийшээ гүйнэ. Бас өөр гүйх ажил өчнөөн. Түвшингийн нүдний шил, Тамираагийн нүүрний будаг, Хурцын атгаж хагалах зүрх гээд бүх зүйлд хоёр Эрка маань гүйнэ. Эцэж цуцашгүй энэ хоёр бүсгүйн буянаар кино маань санхүүжиж, ажил маань урагшаа ахидаг байсан.

ДАЛД ФРОНТЫН ДАЙЧИД

Тусгай салааны уран бүтээлийн багийнхан өглөө зургаагаас шөнийн гурван цаг хүртэл ажиллахыг хараад жинхэнэ тусгай ангийн дайчид нүдээ орой дээрээ гарган гайхдаг байсан. “Хүн ингэж ажиллаж болох уу? Та нар эсвэл робот уу?” гэж асуудаг байлаа. Ажилдаа сэтгэлээ өгсөн бүтээлч хамт олон 60 гаруй хүний нөр их хөдөлмөрийн үр дүнд Тусгай салаа амилсан.

Олон ангит киноны зураг авалт гэдэг цагт хавчигдсан ажил. Хэдхэн мөчид камериа бэлтгээд, өндөр чанартай дүрс авах чадвартай, мэдрэмжтэй байх ёстой. Зураглаач Ж.Нямсүх, Б.Чинбат хоёр маань ийм байж чадсан.

Бүтэн долоо хоногоор өрөөнөөс гаралгүй ажиллаж байгааг нь хараад эвлүүлгийн найруулагч Ш.Мөнхбатыг би биширч билээ. Ажилдаа сэтгэлээ өгнө гэж үүнийг л хэлнэ. Шөнөжин сууж орой гарах хоёр ангиа бэлэн болгоод, суугаа чигтээ сандал дээрээ гуч дөчин минут нүдний хор гаргаад, дараагийн ангийн эвлүүлэгтээ орж байхыг нь би өөрийн нүдээр харсан. Эвлүүлгийн найруулагч Ж.Амартүвшин ч мөн ийм темпээр ажиллаж байсан.

Хошууч генерал М.Борбаатар, хурандаа Ц.Цэвээнсүрэн, хурандаа Л.Раднаасэд, хурандаа Д.Төмөрбаатар, хурандаа Ш.Эрдэнэбаяр, дэд хурандаа Л.Гантөмөр, ахмад Ц.Дашдаваа нар шиг сайн зөвлөхүүд байгаагүй бол ажил маань гацах байсан гэдгийг юуны түрүүнд хэлье.

Хөгжмийн зохиолч Б.Бат-Эрдэнэ буюу Аранзайтай бид энэ уран бүтээл дээр хамтарч ажилласандаа их баяртай байгаа. Аранзай маань киног чимсэн олон хөгжмийг бичиж, “Тусгай салаа”, “Хайрын зарлан” хоёр дуунд мөн жигүүр хайрласан. Бүтээлдээ үнэнчээр ханддаг энэ залуу хөгжмөө хүлээлгэж өгөөд л ажлаа дуусгачихаагүй, киноны эвлүүлэгт ирж, хөгжмүүдийг сонгох, хэрхэн тавих тал дээр зааж зөвлөж байсан. Зураач А.Баяраа ах минь их түшигтэй байсан. Зураач хүний мэргэжлийн ажиглалт харьцуулалт дүр сонголтод ямар үнэ цэнэтэйг би энэ хүнээс л олж харлаа.

“Монголчууд хоёр сар үзэх юмтай байлаа” хэмээн цахим хуудсуудад үзэгчид сэтгэгдэл бичиж үлдээжээ. Ард түмнийг үзэх юмтай байлгахын төлөө туслах найруулагч А.Амарбаясгалан, Б.Даваасүрэн, дууны найруулагч Б.Цогзолмаа, Д.Оргилбаяр, нүүр хувиргагч Б.Дагирмаа, гэрэлтүүлэгч Д.Отгонбаяр, тайз чимэглэлч Ч.Гантулга, жолооч Ч.Наранбат нар минь цаг наргүй хөдөлмөрлөсөн. Амь бие хайргүй зүтгэсэн гэж би хэлнэ. Тэдэнд маань БХЯ, ЗХЖШ-аас Иракт амь дүйж гавьяа байгуулсан дайчдад олгодог “Энхийн төлөө III” медаль шагнасан нь амь бие хайргүй гэдэг үгийн баталгаа болно.

Ингээд бидний “Тусгай салаа”-тай хоёр сарын турш хамт догдолсон үзэгч та бүхэндээ дахин баярлалаа.

Жич: Жүжигчдийнхээ тухай дараа дахин бичих болно оо.

54 comments:

Anonymous said...

Bayar hurgie, Amjilt husie

Rhea said...

Bonjee танд үзэхгүй байх сонголт бий. бас үзэгчдээ сегмент болгон хуваавал та зөвхөн сонгодог дуурь, хөгжим, кино зохиол үздэг төрлийн хүн байх магадтай. тэгэхээр бүх сегментийн төлөөлөл болох гээд дэмий хэрэг шигээ.



Надад бол энэ киногоор гэр бүлийн зөв харилцаа, эрэгтэй хүний мөн чанарыг харуулж өгсөн, батлан хамгаалах салбарын үйл ажиллагаанд хандах иргэдийн хандлагыг өөрчилж өгсөн цагаа олсон кино гэж санагдсан.
Оросын цэргийн сургууль, цэрэг эрс, америкийн лост эн тэр гээд өөр юу байдын тийм кинонууд үзлээ гэхэд Монгол ахуй, Монгол хүний сэтгэлд юм бодуулах уу? үгүй шд.

Амарсайхан ах болон киноны багийнханд баярлалаа. кино урлагийн салбарт зөндөө амжилт гаргаарай. бас дараагийнхаа хийх кинонуудад эвлүүлгийн зарим нэг алдаагаа давтахгүй байхыг хичээгээрэй.

Мундаг том ажил амжуулжээ.

Болорхон said...

Та бүгдэд нь баяр хүргээд цаашдынх нь уран бүтээлд өшөө их амжилт хүсъе.
Амраа ах, миний охин "Тусгай салаа"-ны хүчээр "л" гэж хэлдэг байснаа "р" үсгийг хэлж чаддаг болсон шүү. Шилүүстэйн цэргийг "манай сумын цэлэг" гээд л бас "елөнхий" гэж дахин дахин хэлж байснаа нэг л өдөр "ерөнхий" гэж хэлснээ өөрөө баярлаад сүйд болсон гэсэн.
Таныг дараагийн зохиолын аль хэдийнээ бичигдэж байгаа гэдэгт итгэнэ. Амжилт шүү.

Unknown said...

Бүгдэд нь баярлалаа Амжилт Со киног моодноос гаргаад аль ккк

A.Амарсайхан said...

Анонимд:
Баярлалаа. Ерөөл бат орших болтугай

Риад:
Бонжээд бухимдаад хэрэггүй ээ. Бонжээ гэгч бол аль ч сигментэд хамаарахгүй хүн.
Амьдрал дээр өөрөө юу ч хийж чаддагүй, юуг ч бүтээх чадваргүй хүмүүс хийсэн бусдыгаа муулж, харааж зүхэж таашаал авч байдаг юм.
Ийм хүмүүсийн балаг их мөр хар байдаг учраас ах нь сэтгэгдлийг нь устгачихлаа. Энэ блог бол миний гэр.

Риадаа их баярлалаа. Их урам, эрч хүч авлаа

Болорхонд:
Баярлалаа. Шилүүстэй сумын засаг дарга манай Дэндэвийг хүндэт иргэнээрээ бүртгэх байх өө

A.Амарсайхан said...

Үлэмжид:
Баярлалаа

Өнөрбат.Х said...

Амараа ахаа,
Өөр олон олон сайхан кино хийгээрэй. Амжилт хүсье!

Оогий said...

Телевиз, дэлгэцийн уран бүтээл хийнэ гэдэг бол үнэхээр нүсэр ажил. Олон ангит кино байтугай 10 минутын нэвтрүүлэг хийнэ гэдэг ямар хэцүү вэ гэдгийг бага сага гадарлана. Тэгэхээр олон ангит кино гээд бодохоор л ямар их хүч хөдөлмөр вэ гэдэг нь харагдаж байна лээ.
Киноны хувьд нийтэд хүргэх гэсэн мессежүүд нь маш их таалагдсан бас цаг үеэ олсон санаатай. Олон нийтийн телевиз гэдэг утгаараа эдгээр мессежүүдийг хүргэх зорилгоор хөрөнгө мөнгө хайрлахгүй ийм сайхан ажлыг хийж эхлүүлж байгаад талархаад баршгүй ээ.
Дэндэвээр төлөөлүүлэн гаргаж байгаа тэр монгол хүний уужим хүлээцтэй чанар, бүдүүн бариг юм шиг хэрнээ мэдрэмжтэй соргог авьяслаг байдал, чиг шудрага юмны голыг алдахгүй хэлдэг үгс, аливаад дасан зохицох тэвчээр гээд Монгол хүний угийн зан чанарыг үнэхээр сайхан гарган товойлгож өгсөн дүр. Яагаад ч юм харийн нутагт байгаа болохоор Дэндэвийг хараад нутгаа маш их санаж байлаа орой болгон дэндэвийн яриаг сонсоод уйлчих шахаад л суудаг байлаа. дэндэвийн яриа аав минь дэргэд байгаа юм шиг ойрхон бууж байсан болохоор үнэхээр сайхан байсааан.

Ингээд эцэст нь зогсолтгүй Урагшаа гэж хэлмээр байнаа. Энэ эрчээрээ энэ эерэг сайхан мессеж түгээх сэтгэлээ өвөртлөөд УРАГШАА. Ажилд нь улам их амжилт бас танд болон гэр бүлд нь эрүүл энхийг хүсье

Дэндэв said...

Хааяа микрофоны дүрс дэлгэцний дээд захаар орж гараад байсан шүү. энэ бол жижиг зүйл ч гэсэн хойшдоо анхаармаар санагдсан.
Муулж буруутгаж байгаа юм биш шүү уучлаарай
Гэхдээ хэлэх гэсэн санаа зүрхэнд хүрсээн. Ер нь үгийг зүрхэнд зориулдаг хойно доо.

Дэндэв said...

Киног хоёр сар үзсэн гэхэд итгэмээргүй. Их лхурдан дуусчих шиг санагдсан

Badman said...

Амраа ахдаа цаашдынх нь уран бүтээлд амжилт хүсье. Ажлаа тараад киногоо үзэхээр яаран яарсаар харьдаг байлаа.

mmmgany said...

Юуны өмнө танд болон танай уран бүтээлийн хамт олонд ажил амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Тусгай салаа киноны анги бүрийг шимтэн үзлээ. Ийм сайхан бүтээлийг цаашид бүр ихийг хийхийг хүсэн ерөөе. Боломжтой бол Тусгай салааг цаашид үргэлжлүүлбэл сайн шүү.

A.Амарсайхан said...

Өнөрбатад:
Баярлалаа. Ерөөл шингэх болтугай

Оогийд:
Их баярлалаа. Бид, манайхан чиний хэлснээр үргэлж урагшаа тэмүүлэх болно

Дэндэвт:
Бүх шүүмжлэлийг бид хүлээж авч байгаа. Алдаандаа дүгнэлт хийж байгаа. Урам өгч байсанд баярлалаа. Блогтоо бичлэг бичсэнийг чинь харсан. Баярлалаа

Бадмаа хүүд:
Би ч гэсэн энд тэнд явж байхаар авгай яаруулж утасддаг байлаа ш дээ. Намайг дэргэдээ суулгаад үзэхээр их кайфтай байдаг юм шиг. Би болохоор өөрөө нэг ч анги алгасаагүй. Алгаслаа гэхэд давталт заавал үзэж байсан. Эргээд заавал хийснээ үзэж алдаа оноогоо дэнслэх ёстой

Мммгэнид:
Баярлалаа. Яваандаа үргэлжилж ч мэднэ, одоогоор хэлж мэдэхгүй байна

Anonymous said...

тэр бонжээ гэдэг товорашд тохирсон жавтийг нь хүртээжээ. болж. ийм хүмүүс мэр сэр бий, манай ажил нэг тийм юмтай. өөрөө юм хийхгүү хурал дээр бидний хийснийг шүүмжилж амьдардгийн

хэрүүл хийх гээд ухаангүү болчиж. баяр хүргэе Оюундарь мундаг хүн шүү. та ч бас, энгийн. хүн бүрт хариу бичдэг сайн хү

3apaa said...

За ах минь баяр хүргэе. Олон хүн үзэх дуртай мундаг кино хийжээ. Одоо дараагийн киног залгуулаад пижигнүүлэх хэрэгтэйшт тэ? Би жүжигчин болъё тэхүү :D

vlmedeh said...

Энэ сайхан киног бидэнд хүргэсэнд баярлалаа. Цаашдын ажил амьдралд нь амжилт хүсье.

Anonymous said...

Bayar hurgej amjilt husehiin hajuugaar helehgyi bol bolohgyi neg zuil baina aa. 'Heterhii, ulaam tsaim REKLAM ih ywuullaa, teheer suuldee kino ch yum shig zohiomj ch yum shig bolchood bas uzegchid reklamtai heseg garanguut uzehee bolichihood baisan shuu!'

Unknown said...

Хэцүү анги энэ хоёр яг адилхан загвартай. Тэмүүн, Сүлд, тэдгээрийн аав, ээжийн дүрүүд, ангиудынх нь эхлэл төгсгөл, хот хөдөөгийн ялгаа гээд л. Бодвол санаагаа хүргэхийн тулд л тэгсэн байх. Дараагийн киногоо энэ бүгдийг бодолцвол яах вэ?
Тэгэхдээ солонгосынхоос хамаагүй илүү, үзүүштэй, хүнд наалдацтай шүү.
Солонгосын цувралыг бут авахын төлөө! Амжилт!

Дэндэв said...

Хурцын ах дүү хоёр яасан адилхан юм бэ? Бас тэр Туяагийн найз залуу ч гэсэн Түвшинтэй янзын адилхан байсан шүү. Яаж тэгж адилхан хүмүүсийг олж чаддаг байнаа?

A.Амарсайхан said...

Анонимд:
Баярлалаа. Юм бичдэг хүн байна даа. Уншдаг хүмүүстэйгээ эргэх холбоотой байя гэж боддог юм. Тэгээд л блог хөтөлсөн. 2006 оноос хойш блогтоо үнэнч л явна даа

Зараад:
Өндөр доёгор пиаванд дуртай хүний дүр бичье байз

Үлмэдэхд:
Баярлалаа. Ерөөлөөр болог

Анонимд:
Энэ тал дээр шүүмжлэл их байгаа. Реклам олгогчид ч бодож байгаа байхаа гэж санаж байна

Э.Баярсайханд:
Чи зөв ажиглажээ. Гэхдээ чиний мэргэжлийн зүйлийг ярих уу? HP компьютер аваад үзье хард, рам, сепү, майнбордтой. Тошиба ч бас хард, рам, сепү, майнбордтой. Монголын Могул бас л ялгаагүй. Хэ хэ ах нь тоглосон шүү.

Дараагийн киног яаж өөр болгох вэ гээд унтаж чадахгүй байна ах нь

Дэндэвт:
Хэ хэ. Тийм байлгах л гэж дүрүүдээ сонгоход бүтэн сарын хугацаа зарцуулдаг юм шүү дээ

Дэндэв said...

Асар их хөдөлмөр зарцуулжээ.
Ийм их хөдөлмөрийг урмын үгээр мялаахаас аргагүй.
Харин дараагийн кинондоо надархуу хүн нэгийг бий болгоорой гэвэл яахуу хэхэ. Тоглосым шүү

Anonymous said...

Mongoliin soyol urlagt chuhal nemer handiv bolson buteel boljee bayar hurgey tsaash bas 100 angitai 200 angitai buteeluud urgeljiluulj gargahiig yurooy!!

Barimalch

Anonymous said...

Unuu oroi ih uitgartai bna. Tusgai salaa duuschihsan. Topmongol-Site 40 angi hurgelgui mungu neheed gargahaa baisan. ALimhan-Site deer oroi bolgon suulgaad orhij baisand ih bayarlaj baigaa. Ih saihan, jinhene mongol kino bolson. Huuhnuud ni dandaa goyo busguichuul bainaa. HArin ar talyn erchuud ni ihenh tom gedestei jumaa. 7 zagiin zuruutei Berlinees bichlee. Uran buteeliin ulam ih amjilt husye.

ЗОРИГТ8 said...

бас л шинэ өнгө төрх шүү... амжилт хүсье Амараа ах

A.Амарсайхан said...

Дэндэвт:
Бүх хэмжээнүүдээ явуулчих. Чамархуу хүн хийе

Барималчид:
Арван хэдүүлэхнээ хийж байгаа болохоор 60 маань ахдаад байх юм аа. Хүнээ нэмчихвэл болж л таарна.
Урам өгсөнд их баярлалаа.

Анонимд:
Их баярлалаа. Дараа гуалиг эрэгтэй жүжигчин сонгоход анхаарна аа

Зоригтод:
Баярлалаа

erkhembayar said...

Амараа ахаа юуны өмнө дараагийн уран бүтээлээ амжилттай хийсэнд баяр хүргье_ Гэхдээ санааны хувьд урьдны кинотойгоо төстэй жаахан уйтгартай болсон шиг санагдаад байгаа юм. Дараа дараачийн уран бүтээлдээ арай өөр сэдэв орчин арай өөр түвшиний үзэгчдэд хандсан уран бүтээл гаргавал баярлах болно. Массын дуртай уран бүтээлч байх сайхан байж магад гэхдээ л мэдэхгүй урлаг уран бүтээл гэдэг талдаа бол хөгжихгүй болчиж магад гэж би боддог. Шүүмжлэлийг зөвөөр ойлгоорой шүүмжлэх гэж биш зүгээр л өөрийн бодлоо л бичлээ.

Arsun said...
This comment has been removed by the author.
Arsun said...

Жаахан хүүхдүүд 1,2 гээд хөл тавиад алхаж байгаатай хэд хэдэн удаа таарлаа.
Амжилт хүсье.

A.Амарсайхан said...

Эрхэмбаярт:
Э.Баярсайханд хариулсан шиг дараагийн киногоо өөр байлгах хувилбарууд олныг бодож байгаа.

Огт дурлалгүй, үерхэл нөхөрлөлгүй, баян ядуугүй, ерөөсөө хүнгүй гээд л олон хувилбараас сонгоно доо хэ хэ. За за энэ тоглоом.

Хэлэхэд амар, хийхэд хэцүү. Саяын кино бол бодит амьдрал дээр болж байсан үйл явдал, баатруудаас л сэдэвлэсэн. Эргээд хартал ийм болчихож. Гэхдээ дараагийн зохиолыг өөр байлгахын тулд янз бүрээр хувилбар боловсруулж, янз бүрийн хүмүүстэй уулзаж байгаа. Гэхдээ дараагийн зохиолоо бичих эсэх маань ч одоогоор тодорхойгүй л байна шүү дээ. Жаахан юм уншиж өөрийгөө хөгжүүлэх зэргээр л явж байна.

Арсунд:
Баярлалаа. Ерөөлөөр болог. Эрдэнэбаттай хоёр удаа уулзсан. Багын найзтайгаа уулзаж хууч хөөрч суух юм сан л гээд байна лээ

sanakae said...

Гоё кино болсоон. Үзлээ. Харлаа. Comment бичлээ гарлаа хэхэ.

Гилийн хатан said...

oroitoj orj irjee. Humuus minii heleh gej baisan ugsiig bugdiig helchihej, odoo davharduulaad yah ve dee. Umnuh bichlegiin commentoo urgeljluuliyee. Chi Duulj baigaa bas Uran nugarch baigaa bichlegee blog deeree tavij bolno shd, hehe.

Anonymous said...

za zorig bna. saikhan kino bolson bna. jujigchid ehleed taaruu baisnaa yavan changaraad dajgui bolson shuu. Zarim uyed heterhii ikh zuir tsetsen ugeer hariltsan yaria hiisen baih shig baisan. Gehdee odoonii huuhduuded iim ug baidag gedgiig oilguulsan baih. tsergiin amidraliig arai l amarhan met gargasan baih shig baisan, ug ni yanz buriin daramt shahalt ikh shuu dee. buheldee bol mash dajgui kino gej oilgoj bgaa. Ene olon magtaaliin ugend orood haaya neg iim yum harahad joohon hetsuu baidgiig medeh ch heleh heregtei gej bodood uuriin bodloo bichlee.
Daraa daraagiin buteeld chini undur amjilt husye

A.Амарсайхан said...

Санахайд:
Нээлээ. Уншлаа. Баярлалаа

Гилийн хатанд:
Өчигдөр Аранзайгийн студид очоод Ар хөвчийн унагын хоолойны бичлэгээ хийлгэчихсэн. Удахгүй клип нь гарна тэгэхээрээ нийтэлнэ ээ, ха ха

Зоригт:
Санаа оноогоо хэлсэнд баярлалаа. Захиа даалгаврыг биелүүлнэ ээ

Unknown said...

Энэ кино MNB-ээр гарч байхад монголчуудын олонх нь UBSTV-ийн сувгаар гарч байгаа Солонгос киноноос татгалзсан гэж би боддог юм. Кино их таалагдсан.

ZAYA said...

Олон сайхан ГЭГЭЭЛЭГ уран бүтээл төрүүлэхийг хүсье.

www.gegeen.com said...

uigagui hodolmorch hun shw. ard tumend buteeleeree aihtar tanigdaj bnaa. amtai bolgon l yarij bn.

www.tseg.mn said...

Дараа дараачийн бүтээлүүдийг тань сэтгэл догдлон хүлээж байна.

A.Амарсайхан said...

Мэндээд:
Баярлалаа. Судалгаагаар тоо нь нарийн гарах байх

Заяад:
Баярлалаа. Ерөөл бат орших болтугай

Гэгээнд:
Уйгагүй хөдөлмөрч гэж зарим хүн үзэхгүй байна аа. "Цай уучихаад аягаа ч хураасангүй. Сандал дээрээсээ ховхордоггүй залхуу" гэх зэргээр цоллуулаад л РС-ний ард амар амгалан сууж байдаг хүн шүү дээ би чинь

Цэг.мн-д:
Зүтгээд л байна даа. Номоо орхигдуулаад байсан, удахгүй дараалуулаад хоёр ном гаргачих санаатай сууж байна

Jenni said...

Amaraa akhaa ikh saihan buteel bolson bn le. Dahin dahin bayar hurgie

peakfinder said...

Uzej amjaagui ch humuusiin setgeld hursen mundag buteel bolj gej dugneed baigaa. Udahgui uzeh bolomj garah baih gej naidaya. Uran buteeliin ondor amjilt huseye.

Anonymous said...

Эхний 40-н хэдэн анги нь үнэхээр таалагдсан шүү. Би гэдэг хүн Солонгос киноны алергитэйг хэлэх үү. Урд нь Монгол телевизийн хийсэн Сарны нулимс, Хэцүү анги гээд кинонуудыг хэдийгээр шүүмжилмээр зүйл олон байсан ч Монголчууд хийсэн гэдэг утгаар нь дэмжиж байсан юм.

Энэ киноны талаар хэлэхэд заавал 60 хүргэх гэж улайралгүй тэр 40-н хэд дээр нь дуусгачихсан бол дээр байж дээ гэж бодогдсон.
Ингэхэд сүүлийн ангиудын зохиолыг нь та биш Дэндэв, Сүлд Түвшин 3 бичсэн гэж үнэн үү?
Хүнээс сонссон юм.
Тэгж сонссон болоод ч тэр юм уу эхний 40-н хэдэн ангийн зохиолч нь яаж ч бодсон сүүлчийн ангиудыг тэгж гурилдахгүй байсан юм шиг санагдаад байгаа юм.
Мэргэжлийн хүн биш ч утга зохиол ч бай, ший жүжиг ч бай, кино ч бай эхлэл-өрнөл-тайлал гэсэн хэлхээсээр явагддаг гэж ойлгодог.
Гэтэл гол баатруудын шоронд ордог хэсэг, цаашлаад марш тактикийн тэмцээнд ордог хэсэгт эхлэл нь нэг их сүртэй сунжруу эхэлж байснаа гэнэтхэн ямар ч өрнөлгүй пад гээд дуусцчихаад нэг л урамгүй.
Тэр шооронд ордог хэсэг дээр нээх сүртэй эхэлж байснаа цааш нь маш нарийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаад нөгөө хүний худлаа хэлсэн баримт нотолгоог яаж олж тогтоож байгаагаар сонирхолтой өрнөх болов уу гэтэл тэгдэггүй.

Бас тэр марш тактикийн тэмцээн дээр маш их өрсөлдөөнтэй секундын зөрөөгөөр түрүүлэх юм уу, эсвэл хоцорч орсон бол үзэгчдэд илүү сонирхолтой болох байсан болов уу.
Гэтэл хэддүгээр байранд ороод яагаад байгаа нь ч ойлгогдохооргүй болсон байсан.
Бас төгсгөлийн ангийг хийх үедээ бүр киноноосоо залхаад дуусгахын түүс болсон юм шиг хүчээр дуусгачихсан байналээ.

Үнэн үг гашуун ч явдалд тустай гэгчээр миний нөхөрсөг шүүмжлэлүүдийг ухаантай хүний ёсоор хүлээж авна гэж найдаж байна.

Цаашдын уран бүтээлд чинь улам өндөр амжилт хүсье.

A.Амарсайхан said...

Женнид:
Баярлалаа

Пийкфендерт:
Заавал үзээрэй. Хэ хэ

A.Амарсайхан said...

Анонимд:
Сүүлийн ангиудыг би бичсээн. Яалаа гэж жүжигчид бичих вэ, хэ хэ.
Марш тактикийн тэмцээний дундуур их олон текст байсныг хялбарчилсан байна лээ. Энэ яасан гэхээр жинхэнэ марш тактикийн тэмцээнтэй зэрэг зураг авалт явагдчихсан болохоор амжаагүй байх.
Саналаа хэлсэнд баярлалаа

Jagaa said...

Үнэхээр сайхан кино болсон шүү. Манай хүү одоо байлдагч Түвшин гэхээр л онгироод мундаг үгэнд ордог болсон шдээ, Түвшинтэй амьдаа юм байгаан хэхэ.
Дагаагийн кино хэзээ гарах вэ?
За Амжилт.

Anonymous said...

Найруулагчтайгаа авахуулсан зургийг зэрвэс хараад Ааяа багшийгаа байна гэж харлаа шүү. Их адилхан юмаа. Кино гарч байх үеэр нэг их танил юм шиг л "Манай ангийн багшийн хүүхэд зохиолыг нь бичсэн юм" гээд баахан онгирлоо хэхэ. Сайн явахад садан олон гэж.... Би Ааяа багшийн ангийг төгссөн бас Баян-Уулын хүн байна.

A.Амарсайхан said...

Жагаад:
Хэ хэ. Байлдагч Түвшин орондоо. Лүүк хаа. гээд л унтуулчих нь байна ш дээ

Аавын ангийн хүүхдэд:
Би аавтайгаа адилхан шүү. Яриад сууж байгаа, хөл гараа хөдөлгөж байгаа нь яг аав гэж аавын найз Агаа Доржсүрэн ах минь хэлдэг хэ хэ

Unknown said...

Одоо дараагийн кино зохиолоо бичих эхэлсэн үү?

Д.Нямдорж said...

Эгчийн хэлд орж өгөхгүй байсан 3 хүрч яваа жаал Дэндэв, Дэндэв гэж хэлд орсон байна лээ. Дуу нь явахаар алхаад хөөрөөд бараг дагаж дуулсан эхэлсэн гэсэн.
Амараа ахдаа баяр хүргэе. 3 настай жаалаас 80 гарсан хөгшид бүгд 2 сарын турш МҮОНТ-ийн өмнө зоолттой, тийм л уран бүтээл хийжээ.

Admin said...

Танд болон кино багийханд Томоос том баяр хүргэе. тэр Уулын буга бол амнаас салахгүй нээ. ккк

A.Амарсайхан said...

Мэндээд:
Ярьж эхлэх болоогүй байна даа хэ хэ

Нямдоржид:
Жаахан хүүхдүүд унтахаа болиод, нэлээн их дайн гарсан юм шигээ хэ хэ

Эрдэнэбаатарт:
Хэ хэ. Авгайг дагаж хорооллоор жаал явсан. Худалдагч нар аялаад л байна лээ

hawks said...

bi ene kinond durgui ee

ulmedeh said...

Таны блог хаягийг санамсаргүй олж аваад маш баяртайгаар сэтгэгдэл бичиж байна. Би энэ киног ноднин интернэтээс үзэж байсан. Дэндэвээс суралцах, бахархах юм их байсан шүү. Жинхэнэ монгол ухаанаар хийсэн сайхан кино. Гэтэл энэ жил дахиад яг эхнээс нь дахиад үзэхэд ихэнхи ангиудынх нь үйл явдлыг цээжээр санаж байгаа мөртлөө сэтгэл догдлуулсан, ямар сайн найруулаа вэ, ямар хиймэл биш сайн жүжиглэж байна вэ, үйл явдал нь яг л цаанаасаа яасан сайн өрнөж байна вэ гэх яг адил сэтгэгдэл төрж байналээ. Блогоос тань энэ киноны баг яаж ажилласныг уншаад улам их бахархлаа. Та бүхний хүч хөдөлмөрөөр бүтэх дараа дараагийн сэтгэл догдлуулсан уран бүтээлд тань өндөр амжилд хүсье! Бас бүгдэд нь эрүүл энх, аз жаргал бүхнийг хүсье! Бүгдэнгээр тань бахархсан шүү.

Anonymous said...

Их гоё цуврал болсон байна лээ. Одоо цагийн монголын хамгийн шилдэг нь гэсэн ч болно. 58-р ангийн төгсгөлд Түвшинг гаргаж өгдөг хэсэг дээр би уйлсан даа. Тэр хамгийн гоё хэсэг нь байсан. Хэд дахин үзсэн ч уйдахгүй.

Amber said...

Unuu oroi ih uitgartai bna. Tusgai salaa duuschihsan. Topmongol-Site 40 angi hurgelgui mungu neheed gargahaa baisan. ALimhan-Site deer oroi bolgon suulgaad orhij baisand ih bayarlaj baigaa. Ih saihan, jinhene mongol kino bolson. Huuhnuud ni dandaa goyo busguichuul bainaa. HArin ar talyn erchuud ni ihenh tom gedestei jumaa. 7 zagiin zuruutei Berlinees bichlee. Uran buteeliin ulam ih amjilt husye.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates